Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 309

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч И.Ганбат даргалж, шүүгч Б.Батболор, П.Туяат нарын бүрэлдэхүүнтэй,

           шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Сайнзаяа,

            иргэдийн төлөөлөгч С.Үржхорол,

           улсын яллагч Г.Мөнхбаяр,

хохирогч О.Н-, түүний өмгөөлөгч С.Эрдэнэбат /ҮД:0-074/, Ц.Батбэх /ҮД:1-582/,

хохирогч О.Ж-, түүний өмгөөлөгч Н.Цэцэгмаа /ҮД:1-584/,

хохирогч Б.Б-, түүний өмгөөлөгч О.Батсүх /ҮД:1-970/,

шүүгдэгч М.У-, түүний өмгөөлөгч Ц.А- /ҮД:0-988/, Г.Баттогтох /ҮД:2-132/

гэрч Л.А-, Ж.Ц- нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, Хан-Уул дүүргийн прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар Ж овогт М-ын   У-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201526030580 дугаартай хэргийг 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол Улсын иргэн, 1975 оны 6 дугаар сарын 04-нд Говь-Алтай аймагт төрсөн, 42 настай, эрэгтэй, дээд боловсролтой, радио техникийн инженер мэргэжилтэй, “Халиун хустын эх” ХХК-д захирал ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт, Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо,******* тоотод оршин суух, 2002 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн Хан-Уул дүүргийн шүүхийн 140 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 124 дүгээр зүйлийн 124.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял шийтгүүлж, уг ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, Ж овогт М-ын У

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч М.У- нь давтан үйлдлээр Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн О.Н-аас 2014 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр “тендерт орох гээд дансандаа мөнгө байршуулах хэрэгтэй байна” гэж 10.500.000 төгрөг, 2014 оны 10 дугаар сарын 23-ны өдөр “тендерт ороод ялчихсан тендерийн комиссынхон ирж шалгахад үйлдвэр түүхий эдтэй, эргэлтийн хөрөнгө сайтай байгааг харуулах шаардлагатай байна, мөнгийг чинь нэг сарын дараа тендерийнх нь мөнгө орж ирэхээр буцааж өгнө” гэж тендерт ороогүй атлаа зохиомол байдлыг зориудаар бий болгон, мөнгө тендерээс орж ирнэ гэсэн итгэл үнэмшил төрүүлэн хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар 60.000.000 төгрөгийг, 2014 оны 10 дугаар сарын 28-ны өдөр “гаалийн татвар, замын зардалд мөнгө дутаад байна” гэж 1.500.000 төгрөг итгэл эвдэх аргаар залилан авч нийт 72.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

Мөн 2015 оны 3 дугаар сард иргэн О.Ж-аас “Гялгар уутны үйлдвэр ажиллуулж байгаа Монгол улсын бүх захуудыг гялгар уутаар хангаж байна, мөнгийг чинь удахгүй өгнө” гэж хуурч мэхлэж, түүний борлуулахаар авч явсан тамхийг бусад бараагаар солиулан авч зарж борлуулж өгнө гэж 10.303.400 төгрөгийн хохирол учруулсан,

2015 оны 03 дугаар сард иргэн О.Ж-аас “Toyota RAV-4” маркийн ******* улсын дугаартай автомашин, “Benz500-Sel” маркийн ******* улсын дугаартай автомашинуудыг зарж өгнө гэж авч мөнгийг төлөхгүй хуурч мэхэлж 6.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

2016 оны 05 дугаар сарын орчим “Манай гялгар уутны үйлдвэр “Номин” их дэлгүүр, “Хүчит шонхор” зах, Миний дэлгүүртэй гэрээ хийж байгаа, Монголын бүх захуудыг гялгар уутаар хангадаг” гэж иргэн Б.Б-аас 42.500.000 төгрөгийн өртөг бүхий 10 тонн гялгар уутны түүхий эд авч итгэл эвдэх аргаар залилан мэхэлж бусдад онц их хэмжээний хохирол учруулж энэ гэмт хэргийн улмаас бусдад нийт 130.803.400 төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд: Шүүгдэгч М.У- нь 2014 оны 9 дүгээр сарын 23, 2014 оны 10 дугаар сарын 23, 2014 оны 10 дугаар сарын 28-ны өдрүүдэд тендерт ороогүй атлаа хохирогч О.Н-д “тендерт орох гээд дансандаа мөнгө байршуулах хэрэгтэй байна” гэж хэлэн 10.500.000 төгрөгийг, “тендерт ороод ялчихсан тендерийн комиссынхон ирж шалгахад үйлдвэр түүхий эдтэй, эргэлтийн хөрөнгө сайтай байгааг харуулах шаардлагатай байна, мөнгийг чинь нэг сарын дараа тендерийнх нь мөнгө орж ирэхээр буцааж өгнө” гэж хэлэн 60.000.000 төгрөгийг, мөн “гаалийн татвар, замын зардалд мөнгө дутаад байна” гэж хэлэн 1.500.000 төгрөгийг тус тус авч 72.000.000 төгрөгийг хохирол,

2015 оны 3 дугаар сард хохирогч О.Ж-ад “Гялгар уутны үйлдвэр ажиллуулж байгаа Монгол улсын бүх захуудыг гялгар уутаар хангаж байна, мөнгийг чинь удахгүй өгнө” гэж хэлэн 10.303.400 төгрөгийг, мөн “зарж өгнө” гэж хэлэн хохирогчийн эзэмшлийн 6.000.000 төгрөгийн үнэ бүхий 2 тээврийн хэрэгслийг тус тус авч 16.303.400 төгрөгийн хохирол,

2016 оны 05 дугаар сарын орчим хохирогч Б.Б-д “Манай гялгар уутны үйлдвэр “Номин” их дэлгүүр, “Хүчит шонхор” зах, Миний дэлгүүртэй гэрээ хийж байгаа, Монголын бүх захуудыг гялгар уутаар хангадаг” гэж хэлэн 42.500.000 төгрөгийн үнэ бүхий 10 тонн гялгар уутны түүхий эдийг авч 42.500.000 төгрөгийн хохирол буюу нийт бусдад 130.803.400 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

1. Шүүгдэгч М.У-ын шүүхийн хэлэлцүүлэгт хэргийн талаар мэдүүлсэн: ”....Би О.Н-ыг залилсан зүйл байхгүй. Би О.Н-тай тендерийн тухай ярилцсан. Тухайн үед тендер зарлагдаж урилга авч бичиг баримт гүйцээгүй. Би О.Н-тай хамтран ажиллах гэрээ хийсэн. Би хамтран ажиллах гэрээ хийснээс хойш 6 хоногийн дараа Эрээн явсан. Би О.Н-тай банкнаас зээл авна, 60.000.000 төгрөг зээлье гэсэн зүйл яриагүй. Би О.Н-тай  2014 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хамтран ажиллах гэрээ хийсэн байгаа. Би 2014 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Эрээн явж 2014 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Монголд ирсэн. Би түүхий эдийг Эрээн хотоос авсан нь үнэн. Гэхдээ би гааль хяналтын байгууллагаар түүхий эдийг өөрөө оруулж ирээгүй. Эрээн хотод байдаг Гэрэлт гэх гялгар уутны компани оруулж ирсэн. Би анхнаасаа О.Н-ыг залилах бодол байгаагүй. Би тендерт орно гэж О.Н-д хэлж байсан, бичиг баримтаа алдсан байсан, бичиг баримт бүрдүүлэх асар их хугацаа орсон ч тендерт орж чадаагүй. Би О.Н-тай хамтран ажиллах гэрээний үүргийг биелүүлэх гэж маш их хичээсэн. Эрсдэл гарвал тавь тавин хувиар, ашиг олвол тавь тавин хувиар авна гэж гэрээ хийж нотариатаар батлуулсан. О.Ж-ын хувьд манай дэлгүүрт альпен голд шоколад авчирсан. Тамхи зардаг Анхбаяр гэх хүнтэй танилцуулсан. Альпен голд шоколадыг манай найз Орос улсаас оруулж ирсэн гэж байсан. Тухайн үед цагаан сар болох гэж байсан. Тэгээд манай дэлгүүрт тавиулж, би бөөндөж зарахаар ярьсан. Тэгээд тухайн үед О.Ж- альпен голд шоколадыг өөрөө авчирч тавьсан, би очиж авсан нь үнэн. О.Ж- эхлээд альпен голд шоколадыг манай дэлгүүрт авчирч өгсөн, дараа нь би очиж авсан. Тухайн үед альпен голд шоколадыг надад хямдхан хэлж байсан. О.Ж-ыг залилах бодол байгаагүй. О.Ж-ын авчирсан шоколадыг би бөөндөж зарж чадаагүй, зарагдсан шоколадын мөнгийг бага багаар нь өгсөн. “Toyota RAV-4” маркийн ******* улсын дугаартай автомашин, “Benz500-Sel” маркийн ******* улсын дугаартай автомашины тухайд О.Ж- нэг машиныг нь өөрөө авчирч өгсөн. Нөгөө машиныг нь би очиж авсан. Тухайн хоёр машиныг 7 хоногийн дараа буцааж өгье гэхэд аваагүй. Би Б.Б-аас 10 тонн гялгар уутны түүхий эд л авсан. Б.Б-гийн Эрээн хот руу явсан зардал ямар ч хамаа байхгүй, 10 тонн гялгар уутны түүхий эд авсан. 10 тонн гялгар уутны түүхий эдийг 1 тонн нь 9100 гээд 91.000 юань болсон. Тухайн үед цувуулаад дансаар мөнгийг нь төлсөн. О.Н-д би тендерийн тухай ярьсан,  О.Ж-, Б.Б- нарт тендерийн тухай, гялгар уутаар хангадаг гэх зүйл яриагүй...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/           

2. Хохирогч О.Н-ыг шүүхийн хэлэлцүүлэгт хэргийн талаар мэдүүлсэн: ”... Би 72.000.000 төгрөгийг М.У-д өгөөд авч чадаагүй. Тендерт ялж гүйцэтгэлийн баталгааны мөнгө байршуулах шаардлагатай гэж анх надад хэлсэн. М.У- 10.500.000 төгрөгийг зээлээч гэж хэлээгүй, тендерийн гүйцэтгэлийн баталгааны мөнгө 10.500.000 төгрөг байршуулах ёстойгоос надад 4.500.000 төгрөг байна, надад 4 хоногийн хугацаатай 6.000.000 төгрөг зээлээч гэж анх авсан. Тухайн үед би М.У-д мөнгө өгнө ч гэж хэлээгүй, өгөхгүй ч гэж хэлээгүй сонсоод өнгөрсөн. Тухайн үед намайг Туул голын нөхөн сэргээлтээр 6.250 ширхэг чацарганы суулгацыг тариад явж байсан завгүй үеэр надад 6.000.000 төгрөг зээлээч гэж дуулгачихаад манай эхнэрээс 10.500.000 төгрөгийг О.Ж- зээлнэ гэсэн гэж авахаар очсон байсан. Тэгээд би эхнэртээ М.У- 6.000.000 төгрөг зээлээч гэж хэлж байсан. 10.500.000 төгрөг яаралтай хэрэгтэй болсон бол орлого хүрч байвал өгөөд явуулчихгүй юу гэсэн. Тухайн үед М.У-дай ярихад 10.500.000 төгрөггүй бол тендер нь цуцлагдах гээд байгаа зүйл ярьсан. Тэгээд манай эхнэрээс 10.500.000 төгрөг М.У- авч явсан. 60.000.000 төгрөгийг М.У-д өгөхдөө чамд зээл байгаа юу, үйлдвэр чинь ажилладаг юм уу гэж асууж байсан. М.У- үйлдвэртэйгээ танилцуулж байсан, үйлдвэр нь тачигнаад машинууд нь бүгд ажиллаж, хүмүүс байсан. Гэтэл одоо бодоход ажилладаггүй машиныхаа моторыг асаасан байсан байна лээ. Тухайн үед би тендертээ ялсан юм байна гэж итгэсэн. М.У-д 60.000.000 төгрөг зээлэхдээ банкны зээл 35.000.000 төгрөгийн өртэй гэж хэлж байсан. тэгээд 60.000.000 төгрөг өгөхдөө гэрээ хийх гэсэн боловч М.У-ын эхнэр нь манайд ирээд М.У- Эрээн хот руу ямар ч мөнгөгүй явчихсан, яаралтай нөгөө мөнгөө шилжүүлээд өгөөч гэж яаруулж, гадаадад байгаа өөрийнх нь нэртэй данс руу шилжүүлээд өгөөч гэсэн. Тухайн үед нь өөрийнх нь нэр дээр гадаадын данс руу шилжүүлж байгаа юм чинь гэж итгээд шилжүүлсэн. М.У- зээлээр бараа өгөөч гэхээр нь за тэг тэг гэхэд манай дэлгүүрээс 18.000.000 төгрөгийн бараа авсан байсан...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

            3. Хохирогч О.Ж-ын шүүхийн хэлэлцүүлэгт хэргийн талаар мэдүүлсэн: ”...Би 8-9 жил борлуулалтын ажил хийсэн. Би Нисэх Яармагийн чиглэлд борлуулалтын ажлаар явж байгаад М.У-ын дэлгүүрт орсон. Тэгээд би М.У-д манайх тамхи оруулж ирж зардаг, танайх тамхи авах уу гэхэд манай дэлгүүр сургуультай ойрхон учраас тамхи зардаггүй гэж хэлсэн. М.У- чи манайд хэрэгцээтэй бараа оруулаад өгчих гэхээр нь би манай таньдаг хүн Бөмбөгөр худалдааны төвд альпен голд шоколад, орос шүдэнз, дриол бохь зардаг гэхэд тэгье гэсэн. М.У  3-4 удаа өөрөө очиж барааг авч байсан. М.У- нь миний борлуулахаар авч явсан тамхийг альпен голд шоколад, орос шүдэнз, дриол бохь, жижиг, том сникерс шоколад зэрэг бараагаар солиулж авч зарж борлуулж өгнө гэж 10.303.400 төгрөгийн хохирол учруулсан. Манай эхнэр зах дээр хуучин машин зардаг байж байгаад төрөх болоод зах дээр гарахаа больсон. Тэгээд би машинаа унаад явж байтал байтал М.У- наад машин чинь хэний машин юм бэ гэхээр нь манай эхнэрийн машин гэхэд зарах уу гэхээр нь зарна гэсэн. Гэтэл М.У- ахдаа өгчих, би 7 хоногийн дотор мөнгийг нь өгье гээд авсан. Тэгээд нөгөө машиныг 2015 оны 03 дугаар сард авсан. Надад 1.480.000 төгрөгийн хохирол төлсөн. Би дэлгүүрээс нь 300.000-350.000 төгрөгийн хоол хүнс зээлж авсан. 14.473.400 төгрөг нэхэмжилж байгаа. Надаас авсан нэг машинаа одоо болтол унаад явж байгаа. Нэг машины мотор цохьсон гэж яриад байсан...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

4. Хохирогч Б.Б-гийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргийн талаар мэдүүлсэн: ”...2016 дугаар сарын 02 дугаар сард зүс мэдэх М.У-ын эхнэр Ц- надтай утсаар ярьж уулзаад “М.У- бид хоёр Нисэхэд гялгар уутны үйлдвэр ажиллуулдаг, та очиж үзээч, хашаа байшингаа барьцаанд тавъя цагаан сар болох гээд хэдэн төгрөгийн зээл хэрэгтэй байна, үйлдвэрийн түүхий эд авах хэрэгтэй байна” гэсэн. Тэгээд би М.У-ын үйлдвэр дээр очиж, гэрт нь очсон. М.У- надад “дүү нь үйлдвэр ажиллуулдаг, том том захыг гялгар уутаар хангадаг, өдөрт 1 тонн гялгар уут үйлдвэрлэх хүчин чадалтай, 100.000.000 гаруй төгрөг сард хийдэг” гэж ярьсан. Би үйлдвэр лүү нь орж үзэхэд үйлдвэрийн машин дуугарч, хүмүүс ажиллаж байсан. М.У-ын эхнэр нь 7.000.000-8.000.000 төгрөг хэрэгтэй байна гэж байсан. Гэтэл М.У- “10.000.000 төгрөг өгөөч” гэхээр нь “тийм их мөнгө юу гэж байхав дээ” гэхэд М.У- “та нэг мөр 15.000.000 төгрөг өгөөч, хашаа байшин дээрээ нэмээд үйлдвэрээ барьцаанд тавъя, та туслаач” гэсэн. Надад 15.000.000 төгрөг байхгүй, 7.000.000 гаруй төгрөг байгаа гэж хэлсэн. М.У- “цагаан сар болох гээд байна, үйлдвэрээ ажиллуулж хөл дээр нь босгох хэрэгтэй байна” гэсэн. М.У- “би танд цагаан сар өнгөрөөд л 5.000.000 төгрөгийг чинь буцаагаад өгье, та дүүгээсээ ч гэсэн зээлээд өгч, туслаач” гэж гуйсан. Би дүүгээсээ 5.000.000 төгрөг авч М.У-д нийт 15.000.000 төгрөгийг 2016 оны 02 дугаар сар хүртэл хугацаагаар зээлсэн. Тэгээд М.У- эхний 2, 3 сар хүүгээ хугацаанд төлж байсан. Тэгээд би М.У-аас  “5.000.000 төгрөгөө яасан юм бэ, би дүүгээсээ түр зээлсэн юм” гэхэд “Б.Б- ахаа түр байж бай, хүнээс мөнгө орж ирнэ” гэсэн. Тэгээд М.У- надтай нэг, хоёр удаа уулзсан хэдий ч мөнгөө өгөхгүй, үйлдвэрээ магтаад яриад байсан. Тэгээд М.У- надаас “та 40.000.000-50.000.000 төгрөг зээлээд олоод өгөөч, би Миний дэлгүүртэй гэрээ хийхээр болсон, одоо ганцхан захирлын гарын үсэг дутуу байгаа. Миний дэлгүүртэй гэрээ хийхэд 70.000.000-100.000.000 төгрөгийн урьдчилгаа орж ирдэг” гэж ойлгуулсан. Тэгэхээр нь би Миний дэлгүүртэй гэрээ хийхэд үйлдвэрт нь 70.000.000-100.000.000 хүртэл мөнгө өгчихдөг юм байна. Тэгээд М.У- гялгар уутаар жилийн хэрэгцээг нь хангадаг юм байна гэж ойлгосон. Тухайн үед би мөнгө өгч чадахгүй гэж хэлсэн. Гэтэл М.У- надад 10 тонн түүхий эдийн мөнгө олоод өгөөч, хэрвээ та мөнгө олчихвол хоёулаа Хятад руу явъя, Хятад улсаас түүхий эд авч, ирж очих зардал 40.000.000 гаруй төгрөг болдог гэж нарийвчилсан тооцоо гаргаж надад хэлээд байсан. 10 тонн түүхий эдээс 4.500.000 төгрөгийн ашиг гарна. Та сард гурван удаа явна, таны авчирсан 10 тонн түүхий эдийг 7 хоногийн дотор хийчихнэ. Та сард гурван удаа Хятад улс руу явахаар сард 10.000.000 гаруй төгрөгийн цалинтай болох юм байна гэж надад итгэл төрүүлж ярьсан. Би гялгар уутны түүхий эдийг ойлгодог хүнийг үйлдвэр дээр нь очиж үзүүлсэн. М.У-дай хугацаа тохироод үйлдвэр дээр нь очиход ажиллаж байсан. Тухайн хүн ч гэсэн надад гялгар уутны үйлдвэр нь ашигтай гэж хэлсэн. М.У- надад “та сард гурван удаа түүхий эд авахаар Хятад улс руу явж байна, та манай компанийн хувьцаа эзэмшигч болоорой, би таныг ажилласан ажилаагүй, түүхий эдийн материалд явсан яваагүй хувьцаа өгнө” гэж хэлсэн. М.У- надад Миний дэлгүүртэй гэрээ  хийхэд заавал түүхий эд харж байж гэрээ хийдэг юм, таны мөнгийг төлж чадна гэж гуйсан. Тэгээд би ах дүү, найз нөхдөөсөө мөнгө хайж зарим хүнээс 10 хувийн хүүтэй мөнгө зээлж байгаад М.У-д өгсөн. Тэгээд М.У- надтай хамт Хятад улсаас бараа авахаар явна гэж байсан чинь эхнэр, компанийхаа инженер хоёроо аваад ирсэн. Би Миний дэлгүүрээс гадна Хүчит шонхор, Алтантариа зэрэг дэлгүүрүүдтэй яаралтай гэрээ хийх хэрэгтэй болчихлоо, манай эхнэр, манай инженер хоёрыг аваад явчих, эхнэр, инженер хоёр түүхий эдийг мэднэ, хаанаас авахыг ч мэднэ гэсэн. Тэгээд М.У-ын эхнэр, инженер хоёртой Хятад улс руу явсан. Тэгээд би М.У-д “цагаан сарын дараа өгнө гэсэн 5.000.000 төгрөгөө яасан юм бэ” гэхэд “5.000.000 төгрөг асуудалгүй Замын-Үүд рүү явж байхад чинь араас чинь банкиар шилжүүлчихнэ” гэсэн. Тэгээд би Замын-Үүд дээр очоод М.У- луу ярихад 5.000.000 төгрөгөө яасан юм бэ, эхнэр, инженер хоёр чинь мөнгөгүй байна гэхэд Эрээн дээр очих үед чинь шилжүүлнэ гэсэн. Тэгээд Эрээн хотод очоод М.У- луу ярихад “та түүхий эд зардаг хүн дээр яваад оч би данс руу шилжүүлчихнэ, зардлын мөнгө явуулна” гэсэн. М.У- надад орчуулагч аваарай, хамаагүй би орчуулагчийн мөнгийг ч гэсэн өгнө гэсэн. Тэгээд би эхнэр, инженер хоёртой нь Хятадын Хэбэй муж руу очиж таньдаг Хятад хүнтэй очиж уулзахад бид нарыг угтаж авсан. Би авах түүхий эдийнх нь зургийг утсан дээрээ авсан байсан. Тэгээд эхнэр инженер хоёр нь түүхий эдийг нь үзүүлэхэд  үг үсэггүй тааруулж, ямар ч алдаагүй түүхий эд нь мөн байна гэсэн. Тэгээд түүхий эдийг авсан. Тэгээд М.У- луу яриад “түүхий эдийг авлаа, эхнэр, инженерийнхээ зардлыг яасан юм бэ, 5.000.000 төгрөгөө яасан юм бэ” гэхэд “хүмүүс мөнгө өгнө гэсэн чинь өгөхгүй байна, та Монгол руу явах гаалын мөнгөнөөсөө хэрэглэчих, би таныг Эрээн хотод ирэх үед чинь шууд шилжүүлчихнэ, харин та манай эхнэрт мөнгө өгчих, үйлдвэрийн сэлбэг авна” гэхээр нь М.У-ын эхнэрт 3.000  юань өгсөн. Тэгээд бүх зардлаа надаар даалгасан. Тэгээд Эрээн хотод ирээд М.У-дай хоёр, гурван удаа ярихад “за мөнгийг нь өгнө” гэж байгаад утсаа тасдаад утсаа авахаа больсон. Тэгээд М.У-ын эхнэр, компанийн инженер гэх залуу бид гурав яасан юм бол гээд гайхсан. Гаалийн татварын судлахад 1 тонн түүхий эдийг 3.000 юань оруулна гэж байсан. Ойролцоогоор 33.0000 юань болно гэсэн. Тэгээд инженер, М.У-ын эхнэр хоёрт нь хэлэхэд “бид хоёр энд байж яах вэ, та ачаагаа хүлээгээд байж бай, М.У-дай очиж уулзаад тань руу Монголоос яаралтай мөнгө явуулъя” гээд явсан. Тэгээд Эрээн хотод ганцаараа үлдсэн. Гэтэл М.У- мөнгө ч явуулаагүй, холбоо бариагүй, байхгүй болсон. Тэгээд би найзаасаа хүүтэй мөнгө зээлж 10 тонн түүхий эдээ аваад Монголд ирсэн. Монголд ирэхэд М.У-ын утсаа авахгүй байсан. Тэгээд би 10 тонн түүхий эдээ Амгалан руу зөөсөн, тээврийн үнэ 350.000 төгрөг, ачиж буулгах хөлс 150.000 төгрөг болсон. Тэгээд хоёр хоногийн дараа М.У- юу ч болоогүй юм шиг инээсэн хүн ирсэн “чи яасан  бэ” гэхэд амжилттай яваа хүнд ийм эрсдэл байдаг юм гэх зүйл ярьсан. Тэгээд М.У- 2 тонн түүхий эд авъя танд мөнгийг чинь найдвартай өгье гээд 2 тонн түүхий эд, будаг, сэлбэг зэргийг аваад ачаад явсан. Тэгээд 6,7 хоногийн дараа мөнгө ч байдаггүй, түүхий эд ч байхгүй болсон. Тэгээд хэд хоногийн дараа М.У- залгаад “та чинь буруу түүхий эд аваад ирсэн байна, та 40.000.000 гаруй төгрөгөөр шатчихлаа” гэсэн. Тэгэхээр нь би “юу гэсэн үг бэ” би гар утсан дээр дарсан зурагтай тулгаж, эхнэр, инженер хоёрт чинь харуулж байж авсан гэхэд “та будагаа ч буруу авсан байна” гэсэн. Тэгээд М.У- луу хэд хоногийн дараа ярихад “та буруу түүхий эд аваад ирсэн байна, би таныг явуулж мөнгө төгрөгийг чинь үрчихээд би л аргалъя” гэсэн. Тэгээд би тухайн үедээ би яах аргагүй тулгаж үзэж авсан даа яагаад буруу түүхий эд авчихсан юм бол гэж гэмшсэн. Тэгээд түүхий эд мэддэг мэргэжлийн хүн рүү ярьсан чинь зөв түүхий эд авчирсан байна гэж хэлсэн. Тэгээд М.У- дахиад 2 тонн өгчих гэж гуйсан. Тэгээд 2 тонн түүхий эд өгсөн. М.У- 2 тонн түүхий эд авахын тулд надад 100.000, 500.000 төгрөг өгсөн. Сүүлд нь М.У- та надад бүх түүхий эдээ өгчих гэж хэлсэн. Тэгэхээр нь чи мөнгөө өгөөд түүхий эд ав гэхэд М.У- би бага багаар мөнгөө өгөөд байгаа шүү дээ гэсэн. Би М.У-ын үйлдвэр дээр олон удаа очсон...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

            5. Хохирогч О.Н-ын мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар мэдүүлсэн: “…Би М.У- гэх залууг 8 жилийн өмнөөс манай арын хашаанд байдаг гэдгээр нь таньдаг, гялгар уут зараад явдаг байсан...2014 оны 9 дүгээр сарын үеэр...М.У- нь би гялгар уутны тендер авчихлаа, “Об Капитал” ХХК-тай 400.000.000 төгрөгийн хогны ногоон уутны тендер хуваагаад авчихлаа, тендер чинь 10.000.000 төгрөг дансанд нь байршуулах ёстой юм байна, надад 4.000.000 төгрөг байна, чи надад 7 хоногийн хугацаатай 10.000.000 төгрөг зээлчих гэхээр нь би бодож үзье гээд явуулсан...хэд хоногийн дараа...над руу залгаад нөгөө 10.000.000 төгрөгийг маргааш байршуулах болчихлоо хугацаа нь тулчихлаа, би дэлгүүр дээр чинь ирчихсэн байна, чи надад 7 хоногийн хугацаатай 10.000.000 төгрөг зээлчих гэхээр нь би гадуур явж байна наана чинь манай эхнэр байгаа эхнэрт мөнгө байгаа байхгүйг мэдэхгүй байна, чи наагуураа яриад учраа олоо гэж хэлээд утсаа тасалсан, би гэртээ хариад маргааш өглөө нь эхнэрээсээ асуутал 10.000.000 төгрөг аваад явчихсан байсан. 7 хоног нь өнгөрөөд би мөнгөө нэхтэл нөгөө тендер чинь бүтэхгүй байна, хойшлогдоод байна гэж хэлээд яваад байсан, тэгж ярьж байснаа нөгөө тендерийнхэн манай үйлдвэрийг ирж үзэх юм байна, эргэлтийн хөрөнгө, машин тоног төхөөрөмж харна, үйлдвэр ажиллаж байгааг харна гэнээ чи надад 60.000.000 төгрөг зээлчих, үйлдвэрээс гарсан ашгийг хоёулаа хувааж авъя гэсэн, би 10.000.000 төгрөгөө хурдан авахыг тулд М.У-дай яриад чи надаас 60.000.000 төгрөг авлаа гэхэд ямар баталгаа гаргаж өгөхийн, барьцаа байгаа юм уу гэтэл М.У- би банкинд 65.000.000 төгрөгийн өртэй, миний хамаг юм барьцаанд байгаа гэсэн би тэгтэл одоо яахын бэ гэхэд хоёулаа хамтран ажиллаж гэрээ байгуулаад нотариатаар батлуулъя, тэгээд би чамаас мөнгө авсан нь баримт болно гэж хэлсэн. Би М.У-д чи тэгвэл гэрээнийхээ төслийг бичээд аваад ир гэж хэлсэн чинь маргааш нь гэрээ бичээд ирсэн, би гэрээг нь хараад хамтран ажиллах хугацаа нь яагаад 1 жил байгаа юм бэ гэж асуухад М.У- угаасаа наадах чинь гэрээ юм чинь хугацаа байх ёстой гэхээр нь би тоолгүй өнгөрсөн, тэгээд бид хоёр нотариатаар орж хийсэн. Би бол хамтран ажиллах гэрээг албан ёсоор хийгээгүй, зүгээр 60.000.000 төгрөгийн баталгаа авъя гэхэд өөрөө гэрээ хийвэл болно гэж хэлсэн юм...би чамд өгөх 60.000.000 төгрөгийг банкнаас зээлээр авч өгнө... гэж хэлсэн...Зээлийн шийдвэр гараагүй байхад М.У- урагшаа Эрээн руу яваад өгчихсөн байсан, Эрээнд очоод надруу яриад миний ажил жин тан болчихсон, хүмүүстэйгээ уулзчихсан одоо мөнгөө шилжүүлээ, түүний эд материалаа аваад ачсан, одоо мөнгө чинь байна уу би хүлээгээд байна гэсэн, би зээл гарангуут 2014 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 60.000.000 төгрөгийг аваад юаниар М.У- руу шилжүүлсэн...би утсаар яриад юу болж байна гэтэл Хятадаас түүхий эдээ татваргүй гаальтай машинаар оруулна барина гээд юм яриад байхад...наашаа том машинд ачаад гаргачихсан замдаа явж байгаа гэж хэлсэн...нэг өдөр нөгөө машин чинь Багахангайд бөгс нь эвдрээд зогсож байна гэнээ гэж хэлэхэд...тэр машин гэрээтэй учраас өөрөө авчирна гэж хэлсэн...хэсэг хугацааны дараа М.У- ашгүй нэг юм түүхий эд ирлээ...гэж хэлсэн, тэгээд гялгар уутаа хийхэд 11.000 юаний цалинтай Хятад ажилтан ирж ажиллуулна гэж хэлээд гялгар уутаа хийхгүй байсан...чи өөрөө ажиллуулдаг гээ биз дэээ өөрөө хийгээчээ гэтэл машинууд нь эвдэрхий байна, ажилдаг машин 1 л байна...гэж байсан...Ингэж явсаар 2015 оны 01 дүгээр сар болсон...түүхий эдээрээ гялгар уут үйлдвэрлэж зарсан, тэгээд түүхий эд дууссан гэхээр нь би мөнгөтэй болчихлоо гэж бодоод өөрийнхөө мөнгийг нэхтэл найз нь сая 45.000.000 төгрөг өгөөд Эрээн рүү түүхий эд захичихлаа гэж хэлсэн...Би өөрөө банкнаас зээлж өгч байгаа гэдгээ анхнаасаа хэлсэн...70.500.000 төгрөг зээлсэн...10.500.000 төгрөгийг нь буцаан авсан....М.У- нь бүүр анхнаасаа ажилладаггүй үйлдвэрээ ажилладаг гэж яриад тендерт оролцоно гэж намайг итгүүлээд тендерээ авахын тулд үйлдвэрийн эргэлтийн хөрөнгөтэй гэдгээ харуулах зорилгоор надаас мөнгө зээлж авсан...надаас зээлсэн мөнгөө 2014 оны 12 дугаар сард өгнө гэж хэлж байсан,...миний мөнгийг дор нь төлчихнө, 1 сар ашиглаад өгнө гэж хэлж авсан...намайг залилан мэхэлж надаас мөнгө авсан...Би М.У-д итгэж байсан учраас гэрээг уншиж үзэлгүй шууд л гарын үсгээ зурсан...М.У- тендерт ороод ялчихсан тендерийн комиссынхон ирж шалгахад үйлдвэр түүхий эдтэй эргэлтийн хөрөнгө сайтай байгааг харуулах шаардлагатай байна, миний 60.000.000 төгрөгийг 1 сарын дараа тендерийнх нь мөнгө орж ирэхээр буцааж өгнө гэж хэлээд надаас авсан...М.У- тендерийн урьдчилгаа мөнгө орж ирэнгүүт миний 70.500.000 төгрөгийг шууд өгнө гэж их үнэмшилтэй ярьж байсан...М.У- надад гялгар уутны үйлдвэрээ өөрөө танилцуулаад харуулсан учраас тендер үнэхээр авчихсан юм байна гэж бодоод 10.500.000 төгрөг өгсөн юм. Дараа нь 60.000.000 төгрөгөө бол 10.500.000 төгрөгөө хурдан буцааж авахын тулд өгсөн...Хохирлоо хурдан төлүүлмээр байна, төлнө гэсээр байгаад 2 жил гаран болж байна...би 1.500.000 төгрөгтэй тэнцэх юанийг 2014 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Хас банкин дахь өөрийн дансаараа мөнгийг Хятад улсад байгаа М.У- луу шилжүүлсэн. М.У- өөрөө над руу яриад түүхий эдийн гаалийн татвар, замын зардалд мөнгө дутаад байна чи 1.500.000 төгрөг шилжүүлээч гэсэн учраас би шилжүүлсэн юм...М.У- надаас эхлээд 10.500.000 төгрөг, дараа нь 60.000.000 төгрөг, дараа нь 1.500.000 төгрөг нийт 72.000.000 төгрөг авсан...Надад 10.500.000 төгрөгийг 2015 онд цагдаад өргөдөл гаргасан байхад өгсөн, харин эрүүгийн хэрэг үүссэнээс хойш 2.000.000 төгрөг, дараа нь 1.000.000 төгрөг, дараа нь шүүхийн шатанд 1.000.000 төгрөг өгсөн. Нийт 14.500.000 төгрөгийг өгсөн байна...Гомдолтой байна...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 28-31, 199-200, 3хх-ийн 119-120, 4хх-ийн 19-20, 119-120/

            6. Хохирогч О.Ж-ын мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар мэдүүлсэн: “…2015 оны 02 дугаар сарын 20 доор шиг санаж байна, би НРМ ХХК-д борлуулагчийн ажил хийж байх үедээ Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутагт байрлах “Халиун-хустай” гэх дэлгүүр байхаар нь бараагаа танилцуулахаар тэр дэлгүүрт орсон. Тэгээд дэлгүүрийн эзэн М.У- гэх хүнтэй уулзахад тэр хүн тамхиа зээлээр өгвөл би борлуулаад өгч болно, манай сургуультай ойрхон болохоор тамхи зарж болдоггүй юм. Манай найз Багануурт дэлгүүртэй түүн рүү нийлүүлээд 7 хоногт мөнгийг нь гаргаад өгч болж байна, эсвэл тамхиа хэрэгцээтэй бараагаар солиод өгчихвөл би эндээ зараад мөнгийг нь гаргаад өгч болно, чи зээлээр бараагаа өгчих гэсэн юм. Тэгээд би түүнтэй ярьж тохироод тамхиа өөр бараагаар сольж өгөхөөр болсон...Тэгээд би М.У-дай Бөмбөгөр худалдааны бөөний төвөөр борлуулалт хийдэг Н гэдэг таньдаг ах байдаг түүнээс би тамхиа хүнсний бараагаар солиод өгч болно гээд...2015 оны 02 дугаар сарын 24-ний өдөр М.У-....1.190.000 төгрөгийн бараа авлаа гэж хэлсэн...би...Н гэдэг хүний ажлын байранд нь очиж...1.184.000 төгрөгийн тамхи өгсөн...2015 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 3.535.000 төгрөгийн бараа аваад явлаа гэсэн...би...Н гэдэг хүний ажлын байранд нь очиж...3.520.000 төгрөгийн тамхи өгсөн...2015 оны 02 дугаар сарын 28-нд бас М.У- гэдэг залуу надтай яриад Н ахаас...2.373.600 төгрөгийн бараа аваад явсанд нь...2.368.000 төгрөгийн үнэтэй тамхийг Н ахад өгсөн...2015 оны 3 дугаар сард өдрийг нь санахгүй байна...2.448.800 төгрөгийн бараа аваад явсан байсан. Үүний үнэнд...2.432.000 төгрөгийн үнэтэй тамхи Н ахад өгсөн...2015 оны 3 дугаар сарын эхээр өдрийг нь санахгүй байна...756.000 төгрөгийг барааг...756.000 төгрөг...Ингээд Н ахаас 10.303.400 төгрөгийн бараа авсанаас тухайн үед тамхиар солиод 43.400 төгрөгий зөрүү гарахаар нь тооцоо нийлж байгаад...тамхи нэмж өгөөд Н ахтай тооцоо дуусгасан. М.У- надаас нийт 10.303.400 төгрөгийн тооцоо хийхээр болсон юм...Үүний дараа...******* улсын дугаартай Мерседес Бенз маркийн...машинаа бариад явж байхад М.У- миний машиныг хараад сонирхоод зарчих гээд байхаар нь би түүнд 4.500.000 төгрөгөөр зарахаар тохиролцсон. Тэгээд 2015 оны 3 дугаар сарын эхээр миний...автомашиныг маргааш урьчилгаа 2.000.000 төгрөг өгнө гэж хэлээд миний машиныг аваад явсан. Тэгээд урьдчилгаа мөнгөө авах гэтэл манай гялгар уут хийдэг компани, өнөө маргаашгүй мөнгө орж ирэх ёстой орж ирэхгүй байна, орж ирэнгүүт нь өгчихнө гээд өгөхгүй байсан...Үүний дараа 2015 оны 3 дугаар сарын 14-нд эхнэр Б-ийг төрөх гээд төрөхийн эмнэлэгт хэвтэж байхад эхнэрийн Рап-4 маркийн ******* улсын дугаартай автомашиныг намайг унаад явж байхад тааралдаад наад машинаа зарах юм уу гээд байсан. Тэр үед эхнэр төрөөд машины хэрэгцээ бага байсан учраас зарчихсан ч болно гэж хэлж байсан...тэгэхээр нь би чиний машины мөнгөтэй хамт шууд бэлнээр нь өгчихнө гээд гуйгаад байхаар нь 4.500.000 төгрөгөөр нийт 2 автомашинаа 9.000.000 төгрөгөөр түүнд зарахаар болсон....М.У- нь урьдчилгаа мөнгө өгөхгүй 2 долоо хоног орчим болохоор нь гэрт нь очоод уулзахаар мөнгө орж ирэхгүй байна өгнө гээд байсан. Түүнээс хойш нэг ч төгрөг өгөөгүй, гэрт нь очихоор гэртээ байхгүй, утсаа авдаггүй байсан юм....М.У-аас зээлүүлсэн барааныхаа төлбөрийг авч чадаагүй учраас байгууллагыг хохиролгүй болгохын тулд хашаа байшинг байгууллагадаа зарж төлбөрийг барагдуулахаар болсон байгаа...өөрөө гялгар уутны үйлдвэртэй гээд гэртээ оруулаад үйлдвэрээ үзүүлээд байсан юм, тухайн үед гялгар уутных нь үйлдвэрт үйлдвэрлэл явагдаж байсан, тэгээд би бололцоотой юм байна гэж итгээд тэдний дэлгүүрт борлуулах ёстой тамхи хүнсний бараагаа сольж өгдөг байсан юм...Гомдолтой байна. М.У- гэдэг хүн нь надад гялгар уутны үйлдвэртэй, удахгүй орлого орж ирнэ гээд итгэл үнэмшил төрүүлж байгаад зээлээр 10.303.400 төгрөгийн бараа, мөн дээрээс нь миний болон эхнэр Б-гийн Бенз, Рап-4 маркийн автомашиныг залилж авсан юм...Түүнд бүрэн итгэсэн байсан учраас түүнтэй гэрээ хийж байгаагүй...Мөнгөө өгөхгүй болохоор нь би цагдаа шүүхээр явъя гээд 2015 оны 12 дугаар сараас шүүхэд хандсан тэр үед М.У- шүүх дээр ирээгүй...би уг нь машинаа буцаагаад авъя гэсэн боловч машиныг мөргөлдүүлээд эд ангийг нь маш их сэвтэй болгочихсон, мөн радиатор нь цоорчихсон,...хүн унахын аргагүй болгосон байна лээ...Над руу дансаар 100.000 төгрөг өгсөн, би дэлгүүрээс нь ажилгүй үедээ 200.000-300.000 төгрөгийн хоол ундны зүйлс болох гурил будаа мах зэрэг хүнсний зүйлүүдийг авсан, өөр мөнгө аваагүй...сүүлд прокурор дээр надад 380.000 төгрөг бэлнээр өгсөн...М.У- анх надтай танилцах үедээ дэлгүүрээ надад үзүүлээд миний өөрийн дэлгүүр, мөн гялгар уутны үйлдвэр лүүгээ дагуулж ороод 1, 2 давхараа үзүүлсэн, намайг орж харах үед үйлдвэрт нь 2 хүн уут хийж байсан. Би тэрэнд нь итгээд мөнгөө өгсөн, өөрөө хэлэхдээ их ашигтай ажилладаг, ах нь найдвартай, тогтмол орлоготой гэж хэлээд миний 2 машиныг авсан...итгэл үнэмшилтэй худлаа ярьдагт нь итгэсэн...одоогийн байдлаар нийт 1.380.000 төгрөг өгсөн байна....Хохирлоо төлүүлмээр байна. Гомдолтой байна...” гэсэн мэдүүлэг /2хх-ийн 64-66, 67, 119, 3хх-ийн 59-61, 121-122, 4хх-ийн 15-16, 17-18, 121/

            7. Хохирогч Б.Б-гийн мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар мэдүүлсэн: “…2016 оны 01 дүгээр сард /өдрөө сайн санахгүй байна/ Ц- гэх эмэгтэй над руу утсаар яриад аавынхаа хашаа байшинг барьцаанд тавья та хэдэн төгрөг зээлүүлээч, манайх гялгар уутны үйлдвэртэй үйлдвэр ажиллаж байгаа ажилчдын цалин, гялгар уут үйлдвэрлэх түүхий эд авах мөнгө хэрэгтэй болчихоод байна гэж хэлсэн. Тэгээд Ц- надтай уулзахаар миний ажил дээр ганцаараа ирээд 8.000.000 төгрөг зээлүүлээч гэхээр нь чи яаж намайг мэдэж ирвээ гэтэл та намайг таниж байна уу, би өмнө таниас хэдэн төгрөг хүүтэй аваад өгч байсан шдээ, би Нисэхэд дэлгүүр ажиллуулдаг хүн байна гэсэн. Би Ц-аас 8.000.000 төгрөгөөр чи яах гэж байгаа юм бэ, юу хийх гэж байгаа юм бэ гэтэл би нөхөртэйгөө гялгар уутны үйлдвэр ажиллуулдаг юм, одоо цагаан сар болох гээд ажил ихтэй, түүхий эд хямд үнэтэй байгаа дээр нь авах гэсэн юм, манайх цагаан сарын амралтын өдрүүдэд ажлаа тасалдуулахгүй явуулмаар байна, би танд аав, ээжийнхээ хашаа байшинг барьцаанд тавьмаар байна, хүү нь хэд ч байсан хамаагүй, бид нар хүүг нь төлөөд 1 сарын хугацаатай аваад мөнгийг чинь гаргаад өгчихнө гэж хэлэхээр нь би аав, ээжийнх нь хашаа байшинг үзэх гээд такси бариад явсан...Ц- энүүхэнд ойрхон байгаа та манай үйлдвэрийг үзээдэх гээд намайг дагуулаад гэрлүүгээ орсон. Гэрт нь ортол Ц-ын нөхөр М.У- надтай мэндлээд хэзээний ах дүү юм шиг сүйд болоод Баясаа ахаа дүү нь ийм үйлдвэр ажиллуулдаг та ороод үз, та 10.000.000 төгрөг зээлчих гээд М.У- намайг дагуулаад үйлдвэрлүүгээ орсон...Тэгээд үйлдвэрээ харуулаад манай үйлдвэр Монголын зах зээлд бүх гялгар уутыг нь хангадаг юм, маш том үйлдвэр гэж хэлсэн, тэгээд 10.000.000 төгрөгөө та нэгмөсөн 15.000.000 төгрөг болгоод өгөөч, тэгвэл би танд нэмээд үйлдвэрийн бүр тоног төхөөрөмжөө барьцаанд тавъя гэж хэлсэн. Тэгээд 2016 оны 02 дугаар сард хадам аав, ээжийнх нь хашаа байшинг барьцаанд аваад Ц-тай гэрээ байгуулж 15.000.000 төгрөгийн зээл өгсөн...2016 оны 5 дугаар сард М.У- надтай уулзаад та нэмж мөнгө олоод өгөөч үйлдвэрт түүхий эд дутаад байна...эхний ээлжинд 10 тонн түүхий эд хэрэгтэй байна, та өөрөө яваад түүхий эд аваад өг танд ашигтай ажил та дүүдээ туслаач гэж 5-6 удаа надад хэлж ярьсан. Манай үйлдвэр маш ашигтай, таны мөнгийг маш богино хугацаанд гаргаж өгнө...7 хоногийн дотор гаргаж өгнө гээд байсан...100 хувь надад итгэ гээд гуйгаад байсан болохоор би хэлсэн үгэнд нь итгээд 2016 оны 5 дугаар сарын дундуур М.У-ын эхнэр Ц-, гялгар уутных нь үйлдвэрт инженер хийдэг гэх Х нарыг дагуулан хамт Хятад улсын Хэбэй муж руу очоод 10 тонн түүхий эд, гялгар уутны будагнууд аваад Улаанбаатар хотод ирсэн...Би мөнгөө нэхтэл өөдөөс та чанаргүй буруу юм авчирснаас болоод ажил явахгүй байна гялгар уут гарахгүй байна гэж хэлсэн...Одоо дахиад таниас 2 тонн түүхий эд нэмж авъя гэхээр нь чи эхэлж авсан түүхий эдийнхээ мөнгийг өг гэсэн шаардлага тавьтал эхний хийсэн уутнууд хүн голоод авахгүй байна, мөнгө нь гарахгүй байна хугацаа алдаад яах вэ дараагийнхаа түүхий эдийг аваад гялгар уутаа хийж байя, Миний дэлгүүрт гялгар уут нийлүүлэх гэрээ бүтэж байгаа гэрээнийхээ мөнгийг авангуутаа таны мөнгийг бөөнөөр нь өгчихье та санаа зоволтгүй гэж хэлэхээр нь би итгээд 2 тонн түүхий эдийг дахиж өгсөн...Ингээд нийт 4 тонн түүхий эд авсан боловч надад мөнгө өгөхгүй болохоор нь би цагдаа шүүхэд М.У-ыг өгнө гэтэл 100.000 төгрөгөөр болон бага багаар өгч эхэлсэн бөгөөд Номин их дэлгүүр, Хүчит шонхор захад гялгар уут өгөхөөр гэрээ хийх гэж байна, манай үйлдвэрээ үзүүлэх гэж байна, түүхий эдтэй юм шиг харагдуулахгүй бол болохгүй байна, гэрээ бүтэхгүй байна, гэрээ бүтчихвэл өнөө маргаашгүй гэрээнийхээ мөнгийг авах гээд байна, мөнгөө авангуутаа мөнгийг чинь бөөнөөр нь өгнө, та нэгэнт буруу түүхий эд аваад ирсэн юм чинь бүгдийг нь өгчих, танд өөр зам байхгүй, та сүүлд нь хохирно шүү, Миний дэлгүүр бүтэхээ больчихсон, дахиад түүхий эд өгчих гээд гуйсаар байгаад үлдэгдэл 6 тонн түүхий эдийг авсан...10 тонн түүхий эдийг 1 тонныг нь 9100 юаниар буюу 2.912.000 төгрөгөөр нийт 10 тонныг 29.120.000 төгрөгөөр, 14 шуудай будаг, 1 лаазтай будаг авч өгсөн, энэ будагнууд 4820 юань буюу 1.543.000 төгрөг болсон. Энэ зүйлүүдийг Эрээн хот хүртэлх тээврийн зардалд 4400 юань буюу 1.408.000 төгрөг болсон, Эрээнээс Улаанбаатар хот руу ачилтыг хувийн Хятад компаниар 28.000 юань буюу 8.960.000 төгрөгийг тээврийн зардалд төлж ачаагаа Улаанбаатар хотод хүлээн авсан. Орчуулагчийн хөлсөнд 2100 юань буюу 672.000 төгрөг өгсөн, Н.Г-, Ц- хоёрын замын зардал хоол, буудлын мөнгөнд 6080 юань буюу 1.945.000 төгрөг зарцуулсан. Ингээд нийт 136.400 юань буюу 43.648.000 төгрөг болсон, энэ мөнгөн дээр надад байсан 879.000 төгрөг нэмэгдэнэ. Тэгээд би энэ байдлыг М.У-д хэлээд би чамаас болж ингэж хохирлоо гэхэд М.У- 42.500.000 төгрөгөөр тохиръё гэж хэлсэн юм...Надад нийт 42.500.000 төгрөгийн хохирол учирсан, энэ мөнгөнөөс 6.882.500 төгрөгийг буцаан өгсөн. Өөр мөнгө өгөөгүй байна. Харин эхнэр нь 15.000.000 төгрөгийнхөө хүүг манай эхнэрийн данс руу хийж байсан. Би 42.500.000 төгрөгийг М.У-д зээлэхдээ гэрээ байгуулаагүй. М.У- надад анх хэлэхдээ миний авчирсан түүхий эдийг Монголд зарагддаг үнээр надаас худалдаж авна гэж хэлсэн юм...М.У- нь Номин их дэлгүүр, Хүчит шонхор зах, Миний дэлгүүртэй гэрээ хийж байгаа Монголын бүр зах зээлийг гялгар уутаар хангадаг гэж надад итгүүлсэн энэ үгэнд нь итгээд 42.500.000 төгрөгөөр түүхий эд худалдаж авч өгсөн юм...” гэсэн мэдүүлэг /4хх-ийн 201-205, 206-207/

            8. Гэрч Ж.Ц-ын мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар мэдүүлсэн: “…Би М.У-ын гялгар уутны үйлдвэрт нөхөртэйгөө хамт ажиллаж байсан...Гялгар уутны түүхий эд нь дуусаад хотын төвөөс ганц хоёр шуудайгаар нь түүхий эд зөөж авчирдаг байсан, урдаас түүхий эд удахгүй ирнэ гээд л хүлээгээд байдаг байсан. Тэгээд ажилчидынхаа цалинг тавьж чадахаа болиод бид нар ажлаасаа гарсан...Нэг л машин ажилладаг байсан...М.У- хэлэхдээ Хятад хүн ирж машинуудыг засна гэдэг байсан, бас урдаас түүхий эд ирнэ гэж хэлээд тэр нь ирэхгүй байсан...гялгар уут нь наалт муутай байснаас болж ёроол нь цоорхой, бариулгүй, юм хийхээр тасарч унадаг байсан...М.У- нь бид нарыг ажилд орохд та нар цалин мөнгөн дээр айлгүй, “Маргад” хүнсний дэлгүүрийг ажиллуулдаг О.Н- надад хөрөнгө оруулалт хийсэн, цалин дээр санаа зоволтгүй гэсэн боловч 2014 оны 12 дугаар сараас эхлээд О.Н- гэдэг хүн нь ажил дээр ирээд бид нар хичнээн ширхэг гялгар уут гарч байна, зарагдаж байна уу, борлуулалт хэр байна гэж асуудаг байсан...Би үйлдвэрт ажил багатай байвал дэлгүүрт нь орж ажилладаг байсан тэр үед О.Н-аас өөр хүмүүс ирж М.У-аас байнга мөнгө нэхэж ирдэг байсан...Хятадаас ирсэн 2 портер түүхий эдтэй хамт бэлэн гялгар уутнууд ирж байсан...бэлэн гялгар уутнуудыг харахад 50 орчим шуудайтай...байсан байх...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 32-34, 3хх-ийн 65-66/

            9. Гэрч Б.Э-ийн мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар мэдүүлсэн: “…Би М.У-ын гялгар уутны үйлдвэрт эхнэртэйгээ хамт ажиллаж байсан...Ер нь ихэнх ажилчид нь гарчихсан, үйл ажиллагаа явуулахгүй цалингаа өгч чадахгүй, мөн ажлын ачаалал нь ихсээд аргагүйн эрхэнд гарсан...ажилдаг гэвэл тасалдаг машин 1 ширхэг, үлээдэг машин 2 ширхэг байдаг байсан...2014 оны 11 дүгээр сард өвчтэй гээд 1 өдрийн чөлөө авсан хойгуур шөнө 00 цагийн үед портер машинтай түүхий эд 1 удаа буулгасан гэсэн, тэрнээс хойш 2014 оны 12 дугаар сард 2 удаа портер машинаар түүхий эд ирж буусан, нийт 25 кг-ын шуудайгаар 150 ширхэг ирсэн байх...О.Н- бид нарыг үйлдвэрт ажиллаж байхад орж ирээд хичнээн гялгар уут гаргасан бэ, өдөрт хэдэн шуудай гялгар уут үйлдвэрлэж байна вэ, хэдээр хаана зардаг вэ надад яагаад М.У- ашиг өгөхгүй байгаа юм болоо гэж ярьдаг байсан. М.У- болохоор одоо удахгүй Хятадууд ирнэ, машин засна, бас түүхий эд цуг ирнэ мөнгийг нь би шилжүүлчихсэн байгаа гэдэг байсан, тэгж хэлсээр байгаад цагаан сар өнгөрсөн...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 35-37/

            10. Гэрч Л.А-ын мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар мэдүүлсэн: “…Би 10.500.000 төгрөгийг М.У-д өөрөө биеэрээ өгсөн, манай нөхрийг байхгүй байхад дэлгүүр дээр орж ирээд О.Н- надад 10.500.000 төгрөг зээлнэ гэсэн юм би авах гэсийн гэхээр нь би нөхөр лүүгээ залгаад чи М.У-д мөнгө өгнө гэсэн юм уу гэж асуутал манай нөхөр наана чинь бэлэн мөнгө байвал өгчих өгчих гэхээр нь би 10.500.000 төгрөг тоолоод М.У-д өгсөн юм. 10.500.000 төгрөгийг 7 хоногийн дотор өгнө, нээх удахгүй гэж хэлээд аваад явсан. Дараа нь тендерт ялчихлаа, үйлдвэрээ ажиллуулах хэрэгтэй байна гээд манай нөхрөөс 60.000.000 төгрөг зээлж авсан, би банкин дээр очиж гарын үсэг зурж өгсөн. Манай нөхөр мөнгөө авъя гэж их олон сар хөөцөлдөөд гэрт нь хүртэл байнга очдог тэгтэл мөнгөө өгнө өгнө гэж худлаа яриад өдийг хүрч байна...Бид 10.500.000 төгрөгөө авах гэтэл одоохон тендерээс мөнгө гарахын өмнө манай үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцана гэж байна, үйлдвэрээ ажиллуулахад мөнгө хэрэгтэй байна гээд авсан, бид хоёр бол хурдан 10.500.000 төгрөгөө буцааж авахын тулд 60.000.000 төгрөгөө өгсөн юм...60.000.000 төгрөгийг 2014 оны 10 дугаар сарын 23-ны өдөр зээлж авсан, тендерээс удахгүй мөнгө авна, удаахгүй гэж авсан, хугацаа хэлээгүй, бид нар ч удахгүй авна гэж бодоод зээлсэн...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 42-43/

            11. Гэрч Ж.Н-ын мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар мэдүүлсэн: “…Би М.У- ахын үйлдвэрт нь 2014 оны 10 дугаар сараас 2015 оны 01 дүгээр сар хүртэл туслах ажилтнаар ажиллаж байсан...Намайг ажиллаж байх хугацаанд 2 удаа портероор түүхий эд ирж байсан, нийлээд 400-450 ширхэг 25кг-ын шуудайтай ирсэн...гялгар уут үйлдвэрлэх хугацаанд хаягдал их гардаг байсан...нэг бол бариул нь тасраал эсвэл ёроол нь цоорхой гараад байсан...Үйлдвэр дотор нийт гялгар уут үйлдвэрлэх 5 машинтай, тэр 5 машинаас  2 нь л ажиллагаатай байсан...О.Н- гэдэг хүн ирж мөнгө нэхдэг байсан...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 44-46/

            12. Гэрч Б.У-ийн мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар мэдүүлсэн: “…Энэ миний гарын үсэг мөн байна. Би орчуулгыг хийсэн байна...М.У- гэж бичигдээгүй байгаа, манай компани уг нь гар бичмэл орчуулдаггүй юмаа, энэ баримтыг орчуулуулсан ах орой ажил тарахын өмнөхөн ирчихээд орчуулга хийлгэе гэсэн би орчуулахгүй гэтэл амархан ах нь хэлээд өгье гэсэн болохоор би бичгийг харчихаад тэр ахыг өөрөө мэдэж байгаа юм байна Хятад хэлтэй ах юм байна гэж итгээд өөрөөр нь хэлүүлээд орчуулгыг бичсэн юм...Тэр баримтыг яг юуных яах гэж байгаагаа хэлээгүй, энийг орчуулуулах гэсэн юм л гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /3хх-ийн 62-64/

            13. Гэрч М.Т-ын мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар мэдүүлсэн: “…Миний орчуулсан 4 хуудас материалын 1 хуудас дээр нь бараа хүлээн авагч байгууллага хэсэгт М.У- гэж бичигдсэн байдаг, бусад 3 хуудас баримт дээр М.У- гэж байхгүй байдаг, харин надаас өмнө орчуулсан хүн 4 баримтан дээр бараа хүлээн авагч байгууллага хэсэгт М.У- гэж буруу бичсэн байна...Мөн 2014 оны 11 дүгээр сарын 03-ны гэж бичигдсэн баримтын санамж хэсгийг огт орчуулж бичээгүй байна, би орчуулгын материал дээр бүх зүйлийг орчуулж хийсэн байгаа, мөн 95009393 гэсэн утсыг баримтууд дээр нэмж бичсэн байна, бараа хүлээн авагч байгууллага М.У- гэсэн нэртэй баримт дээр зөвхөн 95009393 гэсэн дугаар байсан...” гэсэн мэдүүлэг /3хх-ийн 127-128/

            14. Гэрч Д.О-ын мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар мэдүүлсэн: “…2015 оны 02 дугаар сарын 24-нд О.Ж- нь миний 91043999 дугаар руу яриад Н ахтай ярьчихсан байгаа, одоо нэг залуу очно, та түүнд авах бараагийн нь өгөөд явуулаарай. Би ажилтай байгаа учир очиж амжихгүй байна, орой очоод тооцоо хийгээд тамхи өгнө гэсэн...нийлээд 1.190.000 төгрөгийн бараа авсан...Тэгээд орой нь О.Ж- ирээд...1.184.000 төгрөгийн тамхи авчирч өгч тооцоо хийж байсан...Үүний дараа 2015.02.25-нд...нийт 3.535.000 төгрөгийн бараа...дараа нь 2015.02.28-нд мөн дээрх залуу ирээд...нийт 2.373.600 төгрөгийн бараа...Үүний дараа 2015.03.02-нд мөн дээрх залуу...нийт 2.448.000 төгрөгийн бараа ирж авсан...Нийт 10.246.600 төгрөгийн барааг 5 удаа авч оронд нь тамхи өгч тооцоогоо дуусгасан юм...Тухайн үед тэр залууг ирээд бараа авна гэхэд нь би О.Ж-тай холбоо барьж өөрийг нь яриулж байгаад бараагаа өгдөг, бараа аваад явсны дараа нь О.Ж- өөрөө ирж тооцоо хийгээд оронд нь тамхи өгдөг байсан юм. Тэр залуу өөрийгөө Нисэхэд хүнсний дэлгүүртэй гэж байсан. Тухайн үед нь би ийм их хэмжээгээр аваад зарагддаг юм уу гэхэд Багануурт таньдаг хүний дэлгүүрт аваачаад борлуулчихдаг юм гэж байсан...” гэсэн мэдүүлэг /2хх-ийн 68-69/

            15. Гэрч Ц.Г-ийн мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар мэдүүлсэн: “…Манай байгууллагын борлуулагч О.Ж-тай 2015 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн тооцоо нийлсэн актад “Хустын эх”, “Нисэх” бөөний төвд өгсөн бараа материалаа нягтлан бодох бүртгэлийн баримтаар нэг бүрчлэн нийлж үзэхэд нийт 17.100.000 төгрөгийн төлөх үлдэгдэлтэй гэжээ...Тэгээд тооцоогоо хийж авлага барагдуулахыг байгууллагын зүгээс О.Ж-ад шаардлага тавиад тодорхой хугацаа зааж өгсөн боловч заагдсан хугацаанд авлага төлөгдөөгүй учраас О.Ж-аас компанийн удирдлагаас барьцаа хөрөнгө авч ажлаас халах шийдвэр гаргасан юм...тухайн 2 дэлгүүрийн эзэнтэй нь уулзахад М.У- гэдэг хүн нь тиймээ би ийм төгрөгийн өртэй байгаа нь үнэн гээд тооцоо нийлсэн актанд гарын үсгээ зурж байсан юм...та хоёрын хооронд дахин өр авлагын асуудал байгаа юм уу гэхэд М.У- манай компаниас өөр бараа материал аваагүй, харин надаас миний өөрийн 2 автомашиныг худалдаж авна гээд авсан, одоо хүртэл мөнгөө өгөөгүй байгаа...гээд байсан юм...” гэсэн мэдүүлэг /2хх-ийн 72-73/

            16. Гэрч Д.Х-ын мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар мэдүүлсэн: “…Бид хоёр хамт “НРМ”-нд би менежерээр, О.Ж- борлуулагчаар ажилладаг байсан юм. О.Ж- 2007 оноос хойш борлуулагчаар ажиллаж байхдаа өөрийн хариуцаж ажилладаг дэлгүүрүүддээ бараагаа зээлээр өгөөд дараа нь зээлээр өгсөн авлагаа авч чадахгүй байж байгаад байгууллагад 17.100.000 төгрөгийн авлагатай гэж тооцоо нийлсэн байсан. Тэгээд авлагынхаа мөнгийг авч чадахгүй байж байгаад 2015 оны 8 дугаар сард ажлаас халагдсан юм. Байгууллага авлагаа төлүүлэхийн тулд О.Ж-аас барьцаа хөрөнгө авна гээд түүний аав, ээжийнх нь хашаа байшинг барьцаанд авсан юм. Тэгээд О.Ж- мөнгөө төлж чадахгүй өдийг хүртэл компани авлагаа авахын тулд барьцаанд авсан хашаа байшинг зарах гээд байсан юм. Тэгээд би дүүгийнхээ аав, ээжийн гал голомтыг нь заруулахгүй байхын тулд компанид учирсан хохирлыг барагдуулахын тулд О.Ж-тай 2016 оны 3 дугаар сарын 21-нд 17.100.000 төгрөг зээлийн гэрээ хийгээд “НРМ” ХХК-ийн авлагын асуудлыг шийдсэн юм...Би О.Ж-аас яагаад өр төлбөрт орсон талаар нь асуухад Нисэхэд байдаг хоёр хүнсний дэлгүүртэй, гялгар уутны үйлдвэртэй гээд өөрийгөө таницуулаад байсан М.У- гэгч хүнд өөрийн борлуулдаг тамхиа өөр хүнд өгч хүнсний бараагаар солиод...10.303.400 төгрөгийн бараагаа заруулахаар өгөөд, дээрээс нь өөрийнхөө болон эхнэрийнхээ машиныг мөн зээлээр өгчихсөн гэж байсан юм. Тэгээд тэр хүн нь зээлээр авсан бараа болон автомашиных нь мөнгийг өгөхгүй өдий хүрсэн гэж надад ярьдаг юм...” гэсэн мэдүүлэг /2хх-ийн 71/

            17. Гэрч Н.Г-ийн мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар мэдүүлсэн: “…М.У- бид нарыг явахад өөрөө авчрах түүхий эдний дугаар марк буюу BL3 түүхий эд мөн 688 гэсэн марктай түүхий эдийг авчраарай гэж хэлснийх нь дагуу эхнэр нь болон Б.Б- орчуулагч бид 4 хамт явж авчирсан. Авчирсан түүхий эдээр би өөрөө үйлдвэрт гялгар уут үйлдвэрлэсэн...Номин их дэлгүүр, Хүчит шонхор зах гэх газруудтай гялгар уут нийлүүлэх гэрээний талаар огт ярьж байгаагүй. Тэглээ ч Номин их дэлгүүр гялгар уутны үйлдвэртэй. Мөн Хүчит шонхор зах Об пластик компаниас гялгар уутаа авдаг юм чинь М.У-аас юу гэж авах вэ...Ер нь О.Н- гэдэг хүнд мөнгөний өртэй гэдгийг ажиллах хугацаандааа мэдсэн. Нарийн зүйлүүдийг бол мэдэхгүй байна... 2016 оны 5 дугаар сарын 03-ны өдөр...М.У-ын эхнэр Ц- болон Б.Б- гэх хүнтэй Хятад улс руу түүхий эд авахаар явсан, М.У- хэлэхдээ манай хамаатны хүн байгаа юмаа энэнээс мөнгө авч түүхий эд авахуулах гэж байгаа юм гэхээр нь би М.У-ыг чи өөрөө эхнэртэйгээ хамт яваад түүхий эд аваад ирээч гэж хэлтэл М.У- би цагдаа дээр байцаагдаж байгаа, миний паспортыг хаачихсан байгаа гэж хэлсэн. Би М.У-д тухайн үедээ чи ахиад хүн амьтнаас мөнгө авч луйвар хийх гэж байгаа юм биш биз дээ гэж асуухад үгүй наад хүн чинь манай хамаатны хүн байгаа юмаа та мөнгө төгрөгний болон миний талаар янз бүрийн зүйл битгий хэлээрэй гэж хэлсэн...түүхий эд болон...орчуулгын тээврийн зардал, 4 хүний буудлын зардал, хоолны мөнгө, унааны мөнгө зэрэг бүх л зардлыг Б.Б- гэх хүн гаргаж байсан...Намайг анх ажилд орох үед ажилтан байхгүй байсан. Би ажилд ороод гялгар уут үйлдвэрлэх бүх ажлыг хариуцаж хийдэг байсан, надад М.У- өөрөө тусалдаг байсан...Намайг анх ажилд орох үед гялгар уут үйлдвэрлээгүй, үйл ажиллагаа зогссон байсан...Б.Б-гийн авчирсан түүхий эдэнд ямар ч асуудал байхгүй байсан. Би өөрөө олон жил гялгар уут үйлдвэрлэж байсан хүн сайн мэднэ...Б.Б-гийн авчирч өгсөн 10 тонн түүхий эдийг 75*25 харьцаатай хоёрдогч түүхий эдтэй хольж хийхэд 40 тонн түүхий эдээг гялгар уут үйлдвэрлэнэ гэсэн үг. 1 тонн түүхий эдээс дунджаар 4.500.000 төгрөгийн үнэтэй гялгар уут гардаг. Тэгэж бодохоор 180.000.000 төгрөг болж байна. Мөнгөө юунд зарцуулаад байдгыг нь мэдэхгүй байна. Намайг ажиллах хугацаанд олон ажилтан солигдсон, цалинг нь ер нь өгнө гэж байхгүй...” гэсэн мэдүүлэг /4хх-ийн 216-220, 221-223/     

            18. Хохирогч О.Н-, шүүгдэгч М.У- нарын 2014.10.05-ны өдрийн “Хамтран ажиллах гэрээ”-ний хуулбар /1хх-ийн 89-92, 155-158/

            19. Хохирогч О.Н-, О.Ж- нарын Хан-Уул дүүргийн Цагдаагийн хэлтэст гаргасан гомдлууд /1хх-ийн 5-7, 2хх-ийн 4-6/

            20. Гаалийн ерөнхий газрын 2-06/3792, 2-06/3793 дугаартай албан тоотууд: “...М-ын У-ын нэр дээр 2014 оны 01 дүгээр сарын 01-нээс 2015 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн хооронд гаалийн мэдүүлгээр бүрдүүлэлт хийсэн мэдээлэл гаалийн мэдүүлгийн болон зорчигчийн барааны гаалийн бүрдүүлэлтийн санд бүртгэгдээгүй болохыг уламжилъя...БНХАУ-ын “Шэн Лү гялгар уутны үйлдвэр” нэртэй аж ахуйн нэгжээс 2014 оны 01 дүгээр сарын 01-нээс 2015 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн хооронд гаалийн мэдүүлгээр бүрдүүлэлт хийж бараа импортлосон тухай мэдээлэл гаалийн мэдүүлгийн санд бүртгэгдээгүй болохыг уламжилъя...” /1хх-ийн 144, 145/

            21. Гааль, татварын ерөнхий газрын 01-42/3119 дугаартай албан тоот: “...********* регистрийн дугаартай М-ын У регистрийн дугаартай Ж-ийн Ц- нарын нэр дээр 2014 оны 01 дүгээр сарын 01-нээс хойшхи хугацаанд гаалийн мэдүүлгээр бүрдүүлэлт хийсэн мэдээлэл гаалийн мэдүүлгийн санд бүртгэгдээгүй байна...” /3хх-ийн 76/

            22. Гааль татварын ерөнхий газраас ирүүлсэн файлд үзлэг хийсэн тэмдэглэл: “...яллагдагч М-ын У-, түүний эхнэр Ж-ийн Ц-, М.У-ын компани болох “Халиун хустай эх” гэсэн нэр дээр гаалийн бүрдүүлэлт хийж гялгар уутны түүхий эд буюу Полимер Монгол Улсын Замын-Үүд дэх гаалийн газраар орж ирсэн мэдээлэл байхгүй байна...12.500 кг түүхий эд Монгол Улсын Замын-Үүд дэх гаалийн газраар орж ирсэн мэдээлэл байхгүй байна...Уг 647 аж ахуй нэгж хувь хүн дотор яллагдагч  М-ын У-, түүний эхнэр Ж-ийн Ц-, М.У-ын компани болох “Халиун хустай эх” гэсэн нэр дээр гаалийн бүрдүүлэлт хийж боодлын гялгар материал, гялгар уутны бэлэн бэлдэцийг Монгол Улсын Замын-Үүд дэх гаалийн газраар орж ирсэн мэдээлэл байхгүй байна...Уг 346 аж ахуй нэгж хувь хүн дотор яллагдагч  М-ын У-, түүний эхнэр Ж-ийн Ц-, М.У-ын компани болох “Халиун хустай эх” гэсэн нэр дээр гаалийн бүрдүүлэлт хийж бэлэн хуйлаатай гялгар уут Монгол Улсын Замын-Үүд дэх гаалийн газраар орж ирсэн мэдээлэл байхгүй байна...” /3хх-ийн 88-89/

            23. Эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол: “...ANGTE гэсэн цэнхэр өнгийн бичиглэлтэй, цагаан өнгийн CD 1 ширхэгийг эд мөрийн баримтаар хавсаргасугай...” /3хх-ийн 58/

            24. Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2хх-ийн 51-57, 58-63, 109-112/

            25. Эд хөрөнгө битүүмжилсэн тогтоол /2хх-ийн 113, 3хх-ийн 45, 4хх-ийн 8/

            26. Хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2хх-ийн 114-115, 3хх-ийн 46-50, 4хх-ийн 9-12/

            27. Эд зүйлийн үнэлгээ: “... Benz S-500 маркийн автомашин 3.500.000 төгрөг, Raw-4 маркийн автомашин 2.500.000 төгрөг...

          ...Шүдэнз 15 блок буюу 15.000 ширхэг 525.000 төгрөг, Алпен Гольд шоколад 287 хайрцаг буюу 5760 ширхэг 806.400 төгрөг, Дироль 2 хайрцаг буюу 1440 ширхэг 648.800 төгрөг, Том сникерс 3 хайрцаг буюу 384 ширхэг 460.800 төгрөг, Жижиг сникерс 3 хайрцаг буюу 756 ширхэг 604.800 төгрөг, нийт 10.303.400 төгрөг...

          ...Hyundai Porter 4.500.000 төгрөг...” /2хх-ийн 116-118, 3хх-ийн 90, 4хх-ийн 13/

            28. Шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт №679:

                        -М.У- нь сэтгэцийн хувьд эрүүл байна.

                        -М.У- нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна.

                        -М.У- нь болсон үйл явдлыг зөв тусган авч үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна.

                        -М.У- нь асуултанд үнэн зөв хариулах чадвартай байна.

                        -М.У-д эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна. /3хх-ийн 170-172/

            29. Банкны хуулганд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /5хх-ийн 19-24/

            30. Яллагдагч М.У-ын мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар мэдүүлсэн: “…Би О.Ж-аас дээрх шоколад болон хоёр автомашиныг залилан авсан үйлдлээ зөвшөөрч байгаа. Би түүний хохирлыг барагдуулах арга хэмжээ чадахаараа авч байгаа. Одоо бол би Рав-4 маркийн автомашиных нь моторыг нь засуулж байгаа. Ер нь дуусах шатандаа орж байгаа...Мөнгөнийх нь хувьд О.Ж-ад эргүүлэн олж өгнө...Тэрээр надаас нэг сая зургаан зуун мянга орчим төгрөг авсан байдаг...Дэлгүүрээс О.Ж- хүнсний бүтээгдэхүүнд зээлж авч байсан...О.Н-д холбогдох асуудлын хувьд би түүнтэй хамтран ажиллаж байсан. Хамтран ажиллаж байсан хүнд нь саад гарч ирэхэд эрсдлээ харилцан хүлээлгүй ийм байдалд хүргэсэн тул би иргэний хэргийн шүүхэд гомдол гаргана гэсэн бодолтой байгаа...Би О.Ж-аас 2 машиныг залилж аваагүй, 7 хоногийн дараа 2 машиныг нь буцааж өгье авахгүй гэтэл О.Ж- та юу яриад байгаан бэ тийм юм байхгүй машиныг буцааж авахгүй гээд надаас аваагүй. О.Н-аас 70.500.000 төгрөгийг авсанаа хүлээн зөвшөөрч байна тэгэхдээ 60.000.000 төгрөгийг нь хамтын ажиллах гэрээ хийж авсан. Хамтран ажиллах гэрээг хийхээс өмнө О.Н- бид хоёр гялгар уутны үйлдвэр ажиллуулаад гарсан ашгаа хоёулаа хувааж авъя гэж тохирсон, гялгар уутны үйлдвэрт ямар нэгэн эрсдэл гарвал хоёулаа эрсдлийг 50 хувиар нь хариуцаж ажиллъя...О.Н- намайг 60.000.000 төгрөгөндөө гялгар уут үйлдвэрлэх түүхий эд авчраагүй гэж үзээд байгаа би Хятад улсын Хэбэй мужаас авсан тэнд миний түүхий эд худалдаж авсан хүн нь байгаа...О.Ж- өөрөө 2015 оны 3 дугаар сарын эхээр Бенз-500 машин зармаар байна гэхээр нь би хэдэд зарах юм гэж асуухад 4.500.000 төгрөг гэсэн маргааш нь би очоод машиныг үзээд 4.500.000 төгрөгөөр авахаар болсон...Бенз машин авснаас хойш хэд хоногийн дараа буюу 2015 оны 3 дугаар сарын 15-ны өдөр О.Ж- над дээр ирээд ахаа надад Рав-4 маркийн машин байна зарна та авах уу гэхээр нь би авахгүй би хүнээс авах уу гэж асуугаад өгье хэдэд зарах юм бэ гэж асуутал 4.000.000 төгрөгөөр зарна гэж хэлсэн...О.Ж- та наад машинаа яаж ийж байгаад зараад өгөөч манай эхнэрийн машин байгаа юм манай эхнэр удахгүй төрөх гэж байгаа машины ченж хийдэг юм гэж хэлсэн...Бенз-500 маркийн машиныг унаад 7 хоноод Яармагийн зам дээр эвдэрчихсэн...Рав-4 машиныг нь 4 сар унасан тэгээд 4 сарын дараа эвдэрчихсэн...Би О.Ж-аас Альпен голд шоколад, сникерс, дирол бохь, шүдэнз авсан...Би 4 удаа очиж авсан....Үрлэн ПЛ-3 хатуу полемороос 6 тонн 250 кг-ыг авсан, Үрлэн 6888 зөөлөн полемороос 6 тонн 250 кг-ыг авсан. Энэ 2 төрлийн полеморыг аваад 60.000.000 төгрөг дууссан...Гэрээг би Google-ээс хайж байгаад татаж аваад хэвлээд О.Н- дээр очоод гарын үсэг зуруулсан. Гэрээг хийхээс өмнө  О.Н-д энэ загвар болж байна уу гэж 2 хоног танилцуулсан. О.Н- болж байна гээд 3 дахь хоног дээрээ гарын үсгээ зураад бид хоёр нотариатаар орсон...Би О.Н-ыг банкнаас 60.000.000 төгрөг зээлж надад өгч байгааг би мэдээгүй, өөрт нь мөнгө байгаа гэж надад хэлсэн...Би О.Ж-ад гялгар уутны үйлдвэр ажиллуулдаг, би захуудыг уутаараа хангадаг гэж хэлж байгаагүй...Би Голомт банкинд зээлтэй байсан...Би Б.Б- гэдэг хүнд Миний дэлгүүр, Номин их дэлгүүр, Хүчит шонхор захтай гэрээ хийж байгаа гялгар уутаар Монголын захуудыг манай үйлдвэр хангадаг гэж яриагүй...би Б.Б- гэдэг хүнийг залилан мэхэлж хуурч мэхэлсэн асуудал байхгүй...манай үйлдвэр дээр 2 хүнтэй хамт 3-уулаа..ирсэн...Б.Б- ганцаараа үйлдвэр дээр ирээд ах нь танай компанид хөрөнгө оруулаад хувь эзэмшье гэж хэлсэн, би бодъё гээд явуулсан...Ингээд Б.Б- манай үйлдвэрт түүхий эд нийлүүлэхээр болоод манай эхнэр Ц-, манай үйлдвэрийн ажилтан Н.Г- хоёртой 2016 оны 5 дугаар сарын орчимд Хятад улс руу түүхий эд авахаа явсан...Мөн 42.500.000 төгрөгийн түүхий эд аваагүй, 10 тонн түүхий эдийн мөнгө 28.000.000 төгргөг орчим болж байгаа байх бусад зардлыг нь би мэдэхгүй байна...Би Хятад улсаас Монгол руу буцаж ирэх зардалгүй болчихсон байсан тул О.Н- руу яриад 1.500.000 төгрөг аваад Улаанбаатар хотод ирээд буцаагаад О.Н-д өөрт нь өгсөн...” гэсэн мэдүүлэг /2хх-ийн 127-128, 3хх-ийн 72-74, 176-178, 4хх-ийн 25-27, 133-137/ гэх зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.

            Шүүгдэгч М.У- нь 2002 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн Хан-Уул дүүргийн шүүхийн 140 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 124 дүгээр зүйлийн 124.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял шийтгүүлж, уг ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар /1хх-ийн 62, 66, 2хх-ийн 75/-аар тус тус тогтоогдож байна.

            2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.3-т “хүндэвтэр гэмт хэрэгт ял шийтгүүлсэн этгээд үндсэн ба нэмэгдэл ялаа эдэлж дууссанаас хойш таван жилийн дотор гэмт хэрэг шинээр үйлдээгүй бол ялгүй болно” гэж зааснаар түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1, 25.1 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал хангалттай хийгдсэн байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Прокуророос 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч М.У- нь бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар олж авсны улмаас онц их хэмжээний хохирол учруулсан болох нь хавтаст хэрэг авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байх тул прокуророос 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй болжээ.

Шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх үед Шинэчлэн найруулсан Эрүүгийн хууль 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр болж хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор тус хэргийн шүүгдэгчид оногдуулах ялыг хөнгөрүүлж, эрх зүйн байдлыг дээрдүүлсэн байх тул Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2015 оны Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх эрх зүйн үндэслэл үүссэн байна.

Тиймээс прокуророос шүүгдэгч М.У-д холбогдуулан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 болгон өөрчлөн зүйлчлэх нь зүйтэй.

Тодруулбал шүүгдэгч М.У- нь 2014 оны 9 дүгээр сарын 23, 2014 оны 10 дугаар сарын 23, 2014 оны 10 дугаар сарын 28-ны өдрүүдэд тендерт ороогүй атлаа хохирогч О.Н-д “тендерт орох гээд дансандаа мөнгө байршуулах хэрэгтэй байна” гэж хэлэн 10.500.000 төгрөгийг, “тендерт ороод ялчихсан тендерийн комиссынхон ирж шалгахад үйлдвэр түүхий эдтэй, эргэлтийн хөрөнгө сайтай байгааг харуулах шаардлагатай байна, мөнгийг чинь нэг сарын дараа тендерийнх нь мөнгө орж ирэхээр буцааж өгнө” гэж хэлэн 60.000.000 төгрөгийг, мөн “гаалийн татвар, замын зардалд мөнгө дутаад байна” гэж хэлэн 1.500.000 төгрөгийг тус тус авч 72.000.000 төгрөгийг хохирол,

2015 оны 3 дугаар сард хохирогч О.Ж-ад “Гялгар уутны үйлдвэр ажиллуулж байгаа Монгол улсын бүх захуудыг гялгар уутаар хангаж байна, мөнгийг чинь удахгүй өгнө” гэж хэлэн 10.303.400 төгрөгийг, мөн “зарж өгнө” гэж хэлэн хохирогчийн эзэмшлийн 6.000.000 төгрөгийн үнэ бүхий 2 тээврийн хэрэгслийг тус тус авч 16.303.400 төгрөгийн хохирол,

2016 оны 05 дугаар сарын орчим хохирогч Б.Б-д “Манай гялгар уутны үйлдвэр “Номин” их дэлгүүр, “Хүчит шонхор” зах, Миний дэлгүүртэй гэрээ хийж байгаа, Монголын бүх захуудыг гялгар уутаар хангадаг” гэж хэлэн 42.500.000 төгрөгийн үнэ бүхий 10 тонн гялгар уутны түүхий эдийг авч 42.500.000 төгрөгийн хохирол буюу нийт бусдад 130.803.400 төгрөгийн хохирол учруулсныг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэргийг их хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй байна.

Учир нь шүүгдэгчийн бусдад учруулсан 130.803.400 төгрөгийн хохирол нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т “их хэмжээний хохирол” гэж тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс дээш хэмжээг” гэж зааснаар 50.000.000 төгрөгөөс дээш буюу их хэмжээний хохиролд хамаарч байгаа, шүүгдэгчийн хувьд бодит байдалтай нийцээгүй буюу огт тендерт оролцоогүй, бусдын тээврийн хэрэгслийг зарж борлуулах санаа зорилго байгаагүй атлаа санаатай хохирогч нарт “тендерт орох гээд дансандаа мөнгө байршуулах хэрэгтэй байна”, “тендерт ороод ялчихсан тендерийн комиссынхон ирж шалгахад үйлдвэр түүхий эдтэй, эргэлтийн хөрөнгө сайтай байгааг харуулах шаардлагатай байна, мөнгийг чинь нэг сарын дараа тендерийнх нь мөнгө орж ирэхээр буцааж өгнө”, “гаалийн татвар, замын зардалд мөнгө дутаад байна”, “гялгар уутны үйлдвэр ажиллуулж байгаа Монгол улсын бүх захуудыг гялгар уутаар хангаж байна, мөнгийг чинь удахгүй өгнө”, “зарж өгнө”, “манай гялгар уутны үйлдвэр “Номин” их дэлгүүр, “Хүчит шонхор” зах, Миний дэлгүүртэй гэрээ хийж байгаа, Монголын бүх захуудыг гялгар уутаар хангадаг” гэх мэтчилэн хохирогч О.Н-ыг удаа дараа хуурч, итгэлийг нь ашиглаж 10.500.000 төгрөг, 60.000.000 төгрөг, 1.500.000 төгрөгийг тус тус авсныг,

хохирогч О.Ж-ыг хуурч, итгэлийг нь ашиглаж 10.303.400 төгрөгийг, 6.000.000 төгрөгийн үнэ бүхий 2 тээврийн хэрэгслийг тус тус авсныг,

хохирогч Б.Б-г хуурч, итгэлийг нь ашиглаж 42.500.000 төгрөгийн үнэ бүхий 10 тонн гялгар уутны түүхий эдийг авсныг бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэж шүүх бүрэлдэхүүн үзсэн болно.

Иймд шүүгдэгч М.У-ыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэргийг их хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт заасан ял оногдуулах үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэв.

Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгчийн анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлж барагдуулахаа илэрхийлсэн, хохирогч О.Н-д 14.000.000 төгрөгийг, хохирогч О.Ж-ад 13.155.930 төгрөгийг, хохирогч Б.Б-д 14.918.100 төгрөгийг тус тус нөхөн төлсөн, түүний хувийн байдал /...42 настай, дээд боловсролтой, эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг.../ зэргийг харгалзан М.У-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 5 жилийн хорих ял оногдуулах нь зохимжтой гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн хүнийг зургаан сараас хорин жил хүртэл хугацаагаар нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад тусгаарлаж хугацаатай хорих ялыг эдлүүлнэ...” гэж, 4 дэх хэсэгт “...Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан хугацаатай хорих ялыг нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтооно...” гэж зааснаар шүүгдэгч М.У-ын эдлэх 5 жилийн хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй. 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд  хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж заасны дагуу шүүгдэгч М.У-аас 58.000.000 /тавин найман сая/ төгрөгийг гаргуулж хохирогч О.Н-д, 14.473.400 /арван дөрвөн сая дөрвөн зуун далан гурван мянга дөрвөн зуу/ төгрөгийг гаргуулж хохирогч О.Ж-ад, 19.831.900 /арван есөн сая найман зуун гучин нэгэн мянга есөн зуу/ төгрөгийг гаргуулж хохирогч Б.Б-д тус тус олгох нь зүйтэйг дурдаж байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангий 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна...” гэж, 3 дахь хэсэгт “...Хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ...” гэж зааснаар энэ хэрэгт битүүмжлэгдсэн 2.500.000 төгрөгийн үнэлгээтэй “Toyota Rav-4” маркийн ******* улсын дугаартай автомашин, 3.500.000 төгрөгийн үнэлгээтэй “Benz-500 Sel” маркийн ******* улсын дугаартай автомашин, М.У-ын эзэмшлийн 4.500.000 төгрөгийн үнэлгээтэй “Hyundai Porter” маркийн ****** улсын дугаартай автомашин зэрэг эд хөрөнгүүдийг шүүгдэгч М.У-аас албадан гаргуулж, түүний бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэхээр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлж шийдвэрлэв.

Шүүгдэгч М.У- нь хохирогч О.Н-д 14.000.000 төгрөгийг, хохирогч О.Ж-ад 13.155.930 төгрөгийг, хохирогч Б.Б-д 14.918.100 төгрөгийг тус тус нөхөн төлсөн, шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчийн энэ хэрэгтээ 2017.04.14-ний өдрөөс 2017.04.21-ний өдөр хүртэл цагдан хоригдсон нийт 7 хоногийг түүний хорих ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцлоо.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт битүүмжлэгдсэн М.У-, Ж.Ц- нарын өмчлөлтэй ********* дугаарт бүртгэлтэй Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо ***** тоот үйлчилгээний зориулалттай 120 м.кв талбайтай, 2 давхар барилга,

*********** дугаарт бүртгэлтэй Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо ***** тоот 120 м.кв талбайтай, 60 хувийн гүйцэтгэлтэй үйлчилгээний барилга,

М.У-ын өмчлөлтэй *********** дугаарт бүртгэлтэй Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо ***** тоот 90 м.кв талбайтай хувийн сууц,

*********** дугаарт бүртгэлтэй Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо ***** тоот газар, 120 м.кв талбайтай гаражийн барилга,

*********** дугаарт бүртгэлтэй Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо ***** тоот гэр бүлийн хэрэгцээний 438 м.кв газар зэрэг үл хөдлөх эд хөрөнгүүд нь Голомт банкны барьцаанд байгаа болох нь зээлийн гэрээ /1хх-ийн 72-75/-ээр тогтоогдож байх тул эд хөрөнгө битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан бичлэг бүхий 2 ширхэг дискийг уг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж тус тус шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Ж овогт М-ын У-д холбогдуулан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг 2015 оны Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 болгон өөрчлөн зүйлчилсүгэй.

            2.  Шүүгдэгч Ж овогт М-ын У-ыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэргийг их хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар Ж овогт М-ын У-ыг 5 /тав/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар М.У-ын эдлэх 5 /тав/ жилийн хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.У-ын энэ хэрэгтээ цагдан хоригдсон 7 /долоо/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.У-аас 58.000.000 /тавин найман сая/ төгрөгийг гаргуулж хохирогч О.Н-д, 14.473.400 /арван дөрвөн сая дөрвөн зуун далан гурван мянга дөрвөн зуу/ төгрөгийг гаргуулж хохирогч О.Ж-ад, 19.831.900 /арван есөн сая найман зуун гучин нэгэн мянга есөн зуу/ төгрөгийг гаргуулж хохирогч Б.Б-д тус тус олгосугай.

7. М.У-д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3, 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт битүүмжлэгдсэн “Toyota Rav-4” маркийн ******* улсын дугаартай автомашин 2.500.000 төгрөгийн үнэлгээтэй, “Benz-500 Sel” маркийн ******* улсын дугаартай автомашин 3.500.000 төгрөгийн үнэлгээтэй, М.У-ын эзэмшлийн “Hyundai Porter” маркийн ****** улсын дугаартай автомашин 4.500.000 төгрөгийн үнэлгээтэй зэрэг эд хөрөнгүүдийг шүүгдэгч М.У-аас албадан гаргуулж, түүний бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэхээр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт битүүмжлэгдсэн Голомт банкны барьцаанд байгаа,

-М.У-, Ж.Ц- нарын өмчлөлтэй ********* дугаарт бүртгэлтэй Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо ***** тоот үйлчилгээний зориулалттай 120 м.кв талбайтай, 2 давхар барилга, үнэлгээ 145.0 сая төгрөг,

-*********** дугаарт бүртгэлтэй Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо ***** тоот 120 м.кв талбайтай, 60 хувийн гүйцэтгэлтэй үйлчилгээний барилга үнэлгээ 48.6 сая төгрөг,

-Б.М.У-ын өмчлөлтэй *********** дугаарт бүртгэлтэй Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо ***** тоот 90 м.кв талбайтай хувийн сууц, үнэлгээ 33.2 сая төгрөг,

-*********** дугаарт бүртгэлтэй Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо ***** тоот газар, 120 м.кв талбайтай гаражийн барилга, үнэлгээ 119.1 сая төгрөг,

-*********** дугаарт бүртгэлтэй Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо ***** тоот гэр бүлийн хэрэгцээний 438 м.кв газар, үнэлгээ 12.0 сая төгрөг /3хх-ийн 45-50, 133, 142, 148, 155, 161/ зэрэг үл хөдлөх эд хөрөнгүүдийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан бичлэг бүхий 2 ширхэг дискийг уг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

10. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд М.У-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрөөс эхлэн тоолсугай.

11.  Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

12. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд М.У-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

                                                          ДАРГАЛАГЧ,

                                                          ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      И.ГАНБАТ                         

                                                          ШҮҮГЧИД                                                    Б.БАТБОЛОР

                                                                                                                               П.ТУЯАТ