Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 96

 

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Оюунбат даргалж, тус шүүхийн танхимд хаалттай явуулж, Д.Э-д холбогдох эрүүгийн 1704001370051 дугаартай хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд:

 Нарийн бичгийн дарга                             Б.Одгэрэл

 Улсын яллагч                                           Б.Буяндэлгэр

 Насанд хүрээгүй хохирогч                      Д.И-

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч        Д.Бурмаа

Шүүгдэгч                                                    Д.Э- нар оролцов.

 Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1985 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа өөрийн малыг маллаж амьдардаг, ам бүл 4, эхнэр болон 0-3 насны 2 хүүхэд нарын хамт .. аймгийн …. сумын 1 дүгээр баг …. тосгоны …. гацаа гэх газар оршин суух /намаржих/, ял шийтгэлгүй Г- овгийн Д-гийн Э- /РД:Ф/

    Нийслэлийн Багануур дүүргийн прокурорын газраас

          “Д.Э-г “2017 оны 10 дугаар сарын 31-ний шөнийн 22 цагийн үед Багануур дүүргийн 1 дүгээр хороо 4 дүгээр байрны 61  тоотод төрсөн дүү Д.И-гийн зүй бус харьцаанд дургүйцэж түүний зүүн гарын бугалга, зүүн болон баруун гуя, нуруун тус газарт утасны цэнэглэгчээр ороолгох, нүүрэн тус газарт нь нэг удаа алгадах зэргээр зодож “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт үйлдэлд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.

Д.Э-д холбогдох хэргийн талаар шүүх хуралдааныг  явуулаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Д.Э- нь 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 22 цагийн үед Багануур дүүргийн 1-р хороо 4 дүгээр байрны 61 тоотод буюу өөрийн гэртээ төрсөн дүү насанд хүрээгүй Д.И-тай маргалдсаны улмаас түүнийг утас цэнэглэгчээр ороолгон зүүн гарын бугалга, баруун мөр, ар нуруу, зүүн болон баруун гуянд олон тооны шарх зулгаралт гэмтэл учруулсан нь хохирогч Д.И-гийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн шалгах ажиллагааны үед  өгсөн “ах Э-г цэнэглэгч эвдчихлээ, засаж өг, би өөрийнхөөрөө баймаар байна, зайл гэх мэтээр хэлэхэд тэр уурлаж нуруу луу цэнэглэгчээр 2-3 удаа ороолгосон, цааш явахаар нь зайлаач, тэнэг юм уу гэхэд эргэж эргээд нүүр лүү алгадахад хамраас цус гарсан тул хараал идсэн новшоо гэж орилоход ах цэнэглэгчээр зүүн хөл рүү ороолгосон” гэсэн мэдүүлэг /хх-18/, шүүгдэгч Д.Э-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “дүү И- утасны цэнэглэгч битгий эвдчих, ор эвдэлсэн шүү төлөөрэй гэснээс болж бид хоёр маргалдаж, би гартаа барьж явсан утасны цэнэглэгчээр нуруу луу нь нэг удаа ороолгоход зайл, би ганцаараа баймаар байна гэхээр нь хэд ороолгосон, нүүр лүү нь нэг удаа алгадсан” гэсэн мэдүүлэг /хх-52/, гэрч З.Эрдэнэ-Очирын “миний үеэл Э- дүү И-гаа гар утасны цэнэглэгчээс болж  цэнэглэгчээр ороолгосон байсан, тэд хажуугийн өрөөнд байсан ба И-гийн дуу өндөрсөхөөр нь ороход хамраас нь цус гарчихсан, уйлчихсан байсан” гэсэн мэдүүлэг /хх 20 хуудас/, шинжээчийн 09шэ/292 дугаартай “И-гийн зүүн гарын бугалганы гадна доод хэсэгт 6х0.5см, 8х0.3см, баруун талын мөрний гадна дээд хэсэгт 10х0.5см, ар нурууны зүүн доод хэсэгт 10х0.3см,  8х0.3см, зүүн гуяны өмнөд дээд хэсэгт 6х0.5см, 7x0,3см, баруун талын гуянд 7x4см, зүүн талын гуяны ар гадна дээд хэсэгт 10x0.3 см, ар нурууны зүүн доод хэсэгт 4x0.3 см олон тооны тогтоогдлоо. Уг гэмтэл нь хагас зөөлөн эдийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой” гэсэн дүгнэлт /хх-ийн 24 хуудас/, эд мөрийн баримтаар хураагдсан гар утасны цагаан өнгийн цэнэглэгч, түүнийг хэрэглэж хохирогчийг зодсон тухай хохирогч шүүгдэгч нарын мэдүүлэг зэрэг баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдож байна.

Энэ үйлдлийн улмаас хохирогчид эрүүл мэндийг нь түр хугацаагаар сарниулах, хөдөлмөрийн чадварт цаашид нөлөөлөхөөргүй хохирол учирсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон ба хор уршиг учраагүй болох нь хохирогчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “гэмтлийн улмаас эмчилгээ хийлгээгүй, шарх зулгаралт аяндаа эдгэсэн, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн мэдүүлгээр нотлогдлоо. Д.Э- нь насанд хүрээгүй дүүгээ ахмад хүний буюу ахынхаа өөдөөс загнаж харьцлаа  гэж уурласны улмаас хүч хэрэглэжээ.    

Хэргийн бодит байдлыг тогтоосон нотлох баримтуудыг дүгнэхэд: 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч болон гэрчийн мэдүүлгийг хуульд заасан үүргийг сануулж журмын дагуу бэхжүүлж авсан, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байна. Шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагааны үед гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогчийн мэдүүлэг болон түүнд учирсан гэмтлийн талаарх шинжээчийн дүгнэлт, эд мөрийн баримт зэргээр давхар батлагдсан төдийгүй, эх сурвалж нь тодорхой байна. Иймд хэргийн бодит байдлыг нотолж байгаа баримтууд нь тухайн үйлдэлд хамааралтай, ач холбогдолтой төдийгүй хэргийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд мөн.

Насанд хүрээгүй хохирогч Д.И-гийн нас тоолсон тэмдэглэлд 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар 16 нас 5 сар 8 хоногтой гэжээ. /хх-16/

 

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн бодит байдалд  хийсэн хууль зүйн дүгнэлт:

Шүүгдэгч хохирогчийн биед хүч хэрэглэсэн болон  бие махбодид нь хөнгөн зэргийн шарх, зулгаралт гэмтэл учруулсан хохиролд санаатай хандсан нь хохирогчид уурласан байдал,  утас цэнэглэгчийн нарийн кабелаар ороолгосон үйлдлийн шинжээр нь нотлогджээ. Шүүгдэгч Д.Э- нь иргэн Д.И-гийн Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд тус тус заасан “хүний халдашгүй дархан байх эрх”-ийг зөрчсөн байна. Мөн түүний биед учруулсан гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарч байгаа нь шинжээч эмчийн дүгнэлтээр тодорхойлогджээ. Иймд Д.Э-г Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Прокуророос яллагдагч Д.Э-д хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар санал гаргасныг харгалзан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэвэл зохино.

Энэ хэргийн улмаас хохирогчид хор уршиг учраагүй нь хохирогчийн “надад учирсан зулгаралт нь аяндаа эдгэрсэн тул эмчилгээ хийлгээгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн мэдүүлгээр тогтоогджээ.  

Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй ба эд мөрийн баримтаар хураагдсан утасны цэнэглэгчийг хохирогч Д.И-д буцаан олговол зохино.

            Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, энэ хэрэгт гарсан байцаан шийтгэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй болно.

     Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1; 8; 9 дэх хэсгүүд,  36.2 дугаар зүйлийн  2; 4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Г- овгийн Д-гийн Э-г Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г- овгийн Д-гийн Э-г дөрвөн зуун тавин /450/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган /450.000/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
  3. Торгох ялыг 2018 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн дотор төлүүлэхээр тогтоосугай.
  4.  Ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялыг хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
  5. Тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Э-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  6. Хохирогч Д.И- нэхэмжлэх хохирол, хор уршиг байхгүй гэснийг дурдсугай.
  7.  Д.Э-д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, энэ хэрэгт гарсан байцаан шийтгэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй зэргийг тус тус мэдэгдсүгэй.
  8. Эд мөрийн баримтаар хураагдан ирсэн гар утас цэнэглэгчийг хохирогч Д.И-д буцаан олгосугай.
  9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй.

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                     Д.ОЮУНБАТ