Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 128/ШШ2016/0407

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Насандэлгэр даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Б*******, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.М*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё.Э******* нарыг оролцуулан иргэн М.Н*******гийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/829 дүгээр захирамжийн М.Н*******д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрүүлэх, А/829 дүгээр захирамжийн М.Н*******д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, М.Н*******д 9094 м.кв газар эзэмших эрхийг сэргээж, шинээр захирамж гаргахыг даалгах шаардлага бүхий захиргааны хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.

Нэхэмжлэгч: М******* Н******* /РД: *******/.

Хаяг: ,,,

Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга.

 Хаяг: Чингэлтэй дүүрэг,, Хангарьд ордон.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М.Н******* шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлдээ: 2015 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн тэнхимийн ******* тогтоолоор иргэн М.Н******* миний Хан-Уул дүүргийн 3-р хороо, Ажилчны гудамж хаягт байрлах 9094 мкв талбай бүхий үйлчилгээний зориулалттай газар эзэмших эрхийг бүхэлд нь сэргээж, Нийслэлийн Засаг даргын 2011 оны 730 тоот захирамжийн М.Н******* надад холбогдох хэсгийг хүчингүй болгохыг Нийслэлийн Засаг дарга болон Нийслэлийн Өмчийн харилцааны газарт даалгасан байдаг.

Тус шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй учир 2015 оны 05 дугаар сарын 21-ний өдөр шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай 353 тоот шүүгчийн захирамж, 57 тоот шүүхийн гүйцэтгэх хуудас гарсан боловч 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн Нийслэлийн засаг даргын А/829 тоот захирамжаар, Дээд шүүхийн хүчин төгөлдөр тогтоол байсаар байтал 8207 мкв болгон үндэслэлгүйгээр эзэмшиж буй газраас хасч шийдвэрлэжээ. Надад захирамж гарсныг өнөөдрийг хүртэл албан ёсоор танилцуулаагүй. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албатай 2016 оны 02 дугаар сарын 11-ний өдөр хийсэн уулзалтаар энэхүү захирамж гарсныг мэдсэн.

Нийслэлийн Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн А/829 дүгээр захирамж нь миний газар эзэмших хууль ёсны эрхийг дахин зөрчиж байна.

1. Нийслэлийн Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн А/829 дүгээр захирамжийн үндэслэх хэсэгт байгаа Монгол Улсын Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйл, 21.2.3, 21.2.4 дэх заалт нь Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний дагуу газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг зохион байгуулахад хамаарах бөгөөд хууль ёсоор эзэмшиж буй, дээд шүүхээр хууль ёсны эзэмшигч болох нь тогтоогдсон газрыг хүчээр өөрчлөх давуу эрх олгоогүй юм.

2. А/829 тоот захирамжийн хавсралтын М.Н*******д холбогдох хэсэгт Монгол Улсын Дээд шүүхийн 2015 оны ******* тогтоолыг өмнөх шийдвэр гэж тусгажээ. Гэтэл Дээд шүүхийн ******* тогтоолын дагуу өмнө  нь ямар нэг шийдвэр гараагүй ба  энэ  нь  тус хавсралтын М.Н*******гийн эзэмшил газрыг Дээд шүүхийн тогтоолоор хүчингүй болгосон 7784 мкв талбай гэж зааснаас тодорхой нотлогдож байна.

3.  А/829 тоот тогтоолын 3 дугаарт Нийслэлийн засаг даргын 2011 оны 730 тоот захирамжийг Иргэн Н*******д танилцуулахыг даалгажээ. Дээд шүүхийн ******* тогтоолд зааснаар Нийслэлийн засаг даргын А/730 тоот захирамжийн М.Н*******д холбогдох хэсгийг   хүчингүй   болгохыг Нийслэлийн засаг дарга болон Нийслэлийн Өмчийн харилцааны газарт даалгажээ.

4. А/829 тоот захирамжийн нэгдүгээр хэсэгт Нийслэлийн засаг даргын 2015 оны А/684 тоот захирамжаар байгуулагдсан зөвлөлийн хуралдааны Дүгнэлтийн дагуу А/829 дүгээр захирамжийн хавсралтыг баталжээ. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлд шүүхээс гарсан хүчин төгөлдөр акт буюу тогтоолыг Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа бүх иргэн аж ахуйн нэгж заавал биелүүлэх үүрэгтэй. Гэтэл А/684 тоот захирамжаар байгуулагдсан зөвлөл нь хүчин төгөлдөр шүүхийн тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн нь Монгол Улсын Үндсэн Хууль, Төрийн албаны тухай хууль, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн тухай хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль, Газрын тухай хуулийг зөрчин эрх хэмжээгээ хэтрүүлэн илт хууль бусаар шийдвэрлэжээ.

М.Н******* би Төрийн захиргааны байгууллагын хууль бус, буруутай үйлдлээс шалтгаалж, 2012 оноос хойш газар эзэмших эрхээ хэрэгжүүлж чадахгүй өнөөг хүрлээ. Түүнчлэн Шүүхийн хүчин төгөлдөр тогтоол гарсаар байтал шүүхийн шийдвэрийг гүйцэтгэхээс зайлсхийж, миний хууль ёсны эрхийг дахин зөрчиж, газар эзэмших эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болгон хохироож байна. Төрийн захиргааны байгууллага нь ямар ч үед энгийн иргэний эрх ашгийг зөрчсөн үйлдэл хийх, хохироох ёсгүй бөгөөд алдаатай үйлдлээ нэн даруй залруулах үйлдэл хийж, иргэнийг хохиролгүй болгох ёстой гэж ойлгодог. 

Иймд Нийслэлийн засаг даргын А/829 тоот захирамжийн М.Н*******д холбогдох хэсгийг хүчингүй болгож, Улсын дээд шүүхийн 2015 оны 46 дугаар тогтоолын дагуу М.Н******* миний 9094 мкв газар эзэмших эрхийг сэргээж, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлд заасныг хэрэгжүүлж шийдвэрлэж өгнө үү  гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: М.Н*******гийн нэхэмжлэлтэй Нийслэлийн Засаг даргад холбогдох Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/829 дугаар захирамжийн М.Н*******д холбогдох хэсгийг хууль бус болохыг хүлээн зөвшөөрүүлэх, уг хэсгийг хүчингүй болгуулах, М.Н*******гийн 9094 м.кв газар эзэмших эрхийг сэргээж, шинээр захирамж гаргахыг даалгах шаардлага бүхий хэрэгт дараахь тайлбарыг гаргаж байна.

1. Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/829 дүгээр захирамжийн М.Н*******д холбогдох хэсгийг хууль бус болохыг хүлээн зөвшөөрүүлэх" шаардлагын тухай: Нийслэлийн Өмчийн харилцааны газраас Улсын Дээд шүүхийн 2015 оны 46 дугаар тогтоолыг хэрэгжүүлж М.Н*******гийн газар эзэмших эрхийг сэргээсэн захирамж гаргуулах хүсэлтийг Газар барилгажилтын зөвлөлийн 2015 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн хуралд танилцуулж, хэлэлцүүлсэн бөгөөд уг хурлаас "Инженерийн шугам сүлжээ, түүний хамгаалалтын зурвасыг гаргаж газар зохион байгуулалт хийх" нөхцөлтэйгөөр газар эзэмших эрхийг сэргээхийг зөвшөөрсөн дүгнэлт гаргасан байдаг.

Шүүхийн шийдвэрийг биелүүлэхдээ Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуульд заасанд нийцүүлэн нэхэмжлэгчид эзэмшүүлэх газрын хил хязгаараас бохир усны түгээх шугам, түүний хамгаалалтын зурвасыг гаргаж зөвлөлийн хурлын 8207 м.кв газар эзэмшүүлэхээр шйдвэрлэсэн захиргааны актыг хууль бус шийдвэр гэж хүлээн зөвшөөрөх боломжгүй.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.5.2-т зааснаар нэхэмжлэгч захиргааны хэргийн шүүхээс ямар шийдвэр гаргуулж зөрчигдсөн эрхээ хэрхэн сэргээлгэхийг хүсэж байгаа, түүний үндэслэлийг заах үүрэгтэй бөгөөд хариуцагчаар "хууль бус шийдвэр гаргасныг нь хүлээн зөвшөөрүүлснээр" нэхэмжлэгчийн ямар нэг эрх, хууль ёсны ашиг сонирхол нь сэргэх хууль зүйн үр дагавар гарахгүй юм.

Түүнчлэн Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2 дахь хэсэгт заасан шүүхээс гаргах шийдвэрт хариуцагчаар хууль бус шийдвэр гаргасан болохыг нь хүлээн зөвшөөрүүлэх заалт байхгүй юм.

Иймд нэхэмжлэлийн Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/829 дугаар захирамжийн М.Н*******д холбогдох хэсгийг хууль бус болохыг хүлээн зөвшөөрүүлэх" шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй.

2. Улсын Дээд шүүхийн 2015 оны 46 дугаар тогтоолоор "Нийслэлийн Засаг даргын 2011 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 730 дугаар захирамжийн М.Н*******гийн 9094 м.кв газар эзэмших эрхийг сэргээж, гэрээ гэрчилгээ олгохыг даалгаж, шийдвэрлэсэн тул нэхэмжлэлийн "А/829 дүгээр захирамжийн М.Н*******д холбогдох хэсгийг хүчингүй болгох", "М.Н*******гийн 9094 м.кв газар эзэмших эрхийг сэргээж, шинээр захирамж гаргахыг даалгах" шаардлагыг хүлээн зөвшөөрөх үндэслэлтэй гэж үзэж байна. гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ

Иргэн М.Н******* нь Нийслэлийн Засаг даргад холбогдуулан Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/829 дүгээр захирамжийн М.Н*******д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрүүлэх, А/829 дүгээр захирамжийн М.Н*******д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, М.Н*******д 9094 м.кв газар эзэмших эрхийг сэргээж, шинээр захирамж гаргахыг даалгах шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

Нэхэмжлэгч М.Н******* нь Нийслэлийн Засаг даргын 2008 оны 297 дугаар захирамжаар Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Ажилчны гудамжид байрлах 9094 м.кв газрыг үйлчилгээний зориулалттай 15 жилийн хугацаатай эзэмшиж байсан бөгөөд Нийслэлийн Засаг даргын 2011 оны 730 дугаар захирамжаар уг газрын хэмжээг 7784 мкв болгож өөрчилснийг Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 460 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 01 дүгээр магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шалтын захиргааны хэргийн танхимын 2015 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 46 дугаар тогтоолоор Нийслэлийн Засаг даргын 2011 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 730 дугаар захирамжийн М.Н*******д холбогдох хэсгийг хүчингүй болгож, түүний газар эзэмших эрхийг сэргээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч М.Н******* нь Улсын дээд шүүхийн хяналтын шалтын захиргааны хэргийн танхимын 2015 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 46 дугаар тогтоол байсаар байтал Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/829 дүгээр захирамжаар М.Н******* миний эзэмшиж буй газраас үндэслэлгүйгээр хасч 8207 м.кв болгон шийдвэрлэсэн нь миний газар эзэмших хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж маргажээ.

Маргаан бүхий газрыг Нийслэлийн Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн А/829 дүгээр захирамжаар М.Н*******гийн эзэмшиж буй газрын хэмжээг 7784 м.кв болгон өөрчилсөн бөгөөд ингэхдээ Газар барилгажилтын зөвлөлийн 2015 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн хурлаас 8207 м.кв газар эзэмшүүлэхээр шийдвэрлэснийг үндэслэсэн гэж тайлбарлажээ.

Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбартаа шүүхээс гарах шийдвэрт хариуцагчаар хууль бус шийдвэр гаргасан болохыг хүлээн зөвшөөрүүлэх заалт байхгүй тул Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/829 дүгээр захирамжийн М.Н*******д холбогдох хэсгийг хууль бус болохыг хүлээн зөвшөөрүүлэх шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж тайлбарласан хэдий ч Улсын дээд шүүхийн хяналтын шалтын захиргааны хэргийн танхимын 2015 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 46 дугаар тогтоол гарсан тул ... Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/829 дүгээр захирамжийн М.Н*******д холбогдох хэсгийг хүчингүй болгох, М.Н*******гийн 9094 м.кв газар эзэмших эрхийг сэргээж шинээр захирамж гаргахыг даалгах шаардлагыг хүлээн зөвшөөрөх үндэслэлтэй байна гэж тайлбарлажээ.

Хариуцагчаас М.Н*******гийн эзэмшиж байсан 9094 м.кв газрын хэмжээг багасгаж эзэмшүүлсэн Нийслэлийн засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн А/829 дүгээр захирамжийн үндэслэлдээ инженерийн шугам сүлжээ, хамгаалалтын зурвасыг гаргаж зохион байгуулалт хийх гэж тайлбарласанчлан Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас ирүүлсэн 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 11/1861 тоот албан бичиг, түүнд хавсаргасан зурагаар маргаан бүхий газар нь инженерийн шугам сүлжээ, хамгаалалтын зурвас-т багтаж байгаа болох нь тогтоогдож байгаа хэдий ч Нийслэлийн Засаг даргын 2011 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 730 дугаар захирамжийн М.Н*******д холбогдох хэсгийг хүчингүй болгож, түүний 9094 м.кв газар эзэмших эрхийг сэргээсэн Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 460 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 01 дүгээр магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шалтын захиргааны хэргийн танхимын 2015 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 46 дугаар тогтоол гарсан, хүчин төгөлдөр байна.

Иргэн М.Н*******гийн эзэмшиж буй газрын хэмжээг 7784 м.кв болгон багасгаж эзэмшүүлсэн Нийслэлийн Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн А/829 дүгээр захирамж нь Улсын дээд шүүхийн хяналтын шатын захиргааны хэргийн танхимын 2015 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 46 дугаар тогтоолыг зөрчсөн, хууль бус захирамж байна.

Тодруулбал хариуцагч Нийслэлийн засаг дарга 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн А/829 дүгээр захирамж гаргаж М.Н*******гийн эзэмшлийн газрын хэмжээг багасгаж олгосон гэж тайлбарлаж байгаа хэдий ч  2008 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 297 дугаар захирамжийг үндэслэн олгосон Газар эзэмших эрхийн гэрчилгээ-г үйлчилгээний зориулалтаар олгож, 2008 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 15 жилийн хугацаатай байгуулсан, одоо хүчин төгөлдөр байгаа ...газар эзэмшүүлэх гэрээ-ний 2 дахь хэсгийн 2.1-т газар эзэмших зориулалтыг мөн дээрх нөхцөлөөр тодорхойлж, энэхүү гэрээний 3 дахь хэсгийн 3.2-т заасан газрын хэмжээ, зориулалтыг өөрчлөхгүй байх гэсэн газар эзэмшүүлэгчийн үүргээ зөрчсөн хууль бус шийдвэр болсон байна.

Нөгөө талаар хариуцагч А/829 дүгээр захирамжийн хавсралтын 4-т зааснаар иргэн М.Н*******гийн эзэмшиж байгаа газрын хэмжээг өөрчилсөн тухай мэдэгдээгүй нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байх тул Газрын харилцаа геодези зураг зүйн газрын даргын 2008 оны 83 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журам-ын 8 дахь хэсгийн 3-т Засаг даргын шийдвэрээр өргөдөлд дурдсан нөхцөлүүд өөрчлөгдсөнийг өргөдөл гаргагч зөвшөөрөхгүй тохиолдолд шийдвэрийг хүчингүй болгож, газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас батлагдсан загвар Хариу өгөх мэдэгдэл-ээр мэдэгдэж өргөдлийг хаана. гэж зохицуулсныг шүүх шийдвэрий******* нэг гол үндэслэл болгож шийдвэрлэв.

Иймд Нийслэлийн Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн А/829 дүгээр захирамж захирамжийн иргэн М.Н*******д холбогдох хэсэг нь хууль бус байх тул 9094 м.кв хэмжээгээр газар эзэмшихийг хүссэн нэхэмжлэгчийн нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэв.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 70.2.1, 70.2.4-т заасныг баримтлан ТОГТООХ нь:

Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 21.2.4, 27 дугаар зүйлийн 27.1, 34 дүгээр зүйлийн 34.1, 34.8 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Нийслэлийн Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн Газар эзэмших эрхийн талбайн хэмжээ, зориулалт байршил өөрчлөх тухай А/829 дүгээр захирамжийн 1 дүгээр заалтаар баталсан хавсралтын 4-т М.Н*******д холбогдох заалт, уг захирамжийн 3 дугаар заалтын ..Нийслэлийн Засаг даргын 2011 оны 730 дугаар захирамжийн иргэн М.Н*******д хамаарах заалтыг хүчингүй болсонд тооцсугай гэснийг тус тус хүчингүй болгож, иргэн М.Н*******гийн эзэмшиж буй газрын хэмжээг 9094 м.кв болгон шинээр акт гаргахыг Нийслэлийн Засаг даргад даалгасугай.

2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 70200 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  А.НАСАНДЭЛГЭР