Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 201/МА2020/00011

 

Ж.Сгийн нэхэмжлэлтэй, “А” ХК-д холбогдох хэргийн талаар

Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Наранбаяр даргалж, шүүгч Ж.Долгормаа, З.Энхцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны "В" танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 сарын 27-ны өдрийн 138/ШШ2020/00138 дугаар шийдвэртэй, Ж.Сгийн нэхэмжлэлтэй, хариуцагч “А” ХК-д холбогдох 568 572 ширхэг хувьцааг эргүүлэн худалдаж авахыг даалгах тухай иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгч О.Г-ийн гаргасан давж заалдах гомдлоор 2020 оны 02 сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч З.Энхцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Г, хариуцагчийн төлөөлөгч О.Гангамөрөн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Энхнаран нар оролцов.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Г шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Ж.С нь хариуцагч “А” ХК-ийн хувьцаа эзэмшигч бөгөөд нийт хувьцааны 18 хувь буюу 568 572 ширхэг энгийн хувьцааг эзэмшдэг. Гэтэл тус компанийн нийт хувьцааны 51 хувийг эзэмшдэг Б.Ш, түүний хүү гүйцэтгэх захирал Ш.Б нар нь Монгол Улсын хууль тогтоомжийг удаа дараа зөрчин хууль бус үйлдлүүдийг хийсээр ирсэн бөгөөд энэ шалтгааны улмаас компанийн нэгж хувьцааны үнэлгээ 2 дахин унах, хувьцаа эзэмшигчдийн өмч хөрөнгийг үнэгүйдүүлэн олон хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хохироож байгаа тул хувьцаа эзэмшигч Ж.С нь тус компанийн 2019 оны 4 сарын 22-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаар өөрийн эзэмшдэг хувьцааны хувь хэмжээгээр компанийг хуваах санал шаардлагыг оруулсан боловч уг хурлаар компанийн 51 хувийг эзэмшигчийн зүгээс татгалзаж, татгалзсан тухай тогтоол гаргасан. Энэ тогтоолыг Ж.С эс зөвшөөрч эсрэг саналтай байсан учир өөрийн эзэмшдэг 568 572 ширхэг хувьцааг хуульд заасан үндэслэлээр буюу Компанийн тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1-т заасны дагуу эргүүлэн худалдаж авах тухай шаардлагыг тус компанид гаргасан. Гэвч компанийн захирал Ш.Б 2019.07.03-ны өдрийн 19/180 тоот албан бичгээр Компанийн тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.6-г үндэслэн татгалзсан тухай хариуг өгсөн. Өөрөөр хэлбэл биднийг Компанийн тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.3-т зааснаар 30 хоногийн дотор шаардлагаа гаргаагүй тул шаардах эрхээ алдсан гэж тайлбарлаад байгаа. Гэтэл тус компани 2019.04.22-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаар шийдвэрлэсэн Компанийг хуваах боломжгүй гэж үзсэн тухай №07 тоот тогтоолыг Санхүүгийн зохицуулах хорооноос 2019 оны 5 сарын 15-ны өдрийн 9/2084 тоот албан бичиг тус компанид ирэх хүртэл бичгээр гаргаж албажуулаагүй байсан. 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр хурал хийсэн боловч хурлын шийдвэрийг албажуулж хуралд оролцогч нарт хүргүүлээгүй. Энэ тайлбар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байгаа. Тооллогын комиссын нэгтгэсэн мэдээ нь 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр гарсан. Ээлжит хурлын тогтоолыг удаа дараа шаардсан боловч гаргаж өгөөгүй. Ингээд манай талаас Санхүүгийн зохицуулах хороонд хандсан. Үүнд: “А” ХК нь хуульд заасан хугацаанд баримтаа ирүүлсэн эсэх, хэрэв ирүүлсэн тохиолдолд нотлох баримтыг хувилж өгөхийг хүссэн. “А” ХК-ийн хувьд материалаа хугацаандаа явуулсан боловч дутуу баримт хүргүүлсэн байсан. 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдөр дутуу материалыг хүргүүлсэн. Санхүүгийн зохицуулах хороо өөрөө шаардаж авсан гэдгийг дурдах нь зүйтэй байх. Ингээд уг тогтоолын хуулбарыг “А” ХК дээрээс очиж авсан. Үүний дагуу 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдөр шаардлагаа хүргүүлсэн.Энэ нь Компанийн тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.3-т заасан ажлын 30 хоногийн хугацааг хэтрүүлээгүй гэж үзэж байна. ...Нэхэмжлэгч Ж.С нь өөрийн эзэмшдэг 568 572 ширхэг хувьцааг үнэлж тэдэн төгрөгөөр худалдаж ав гэж шаардлага гаргаагүй, харин тус компани нь хувьцаа эзэмшигч Ж.Сгийн өөрийн эзэмшдэг хувьцааг эргүүлэн худалдаж авахыг компаниас шаардах эрхийг хаасан учраас даалгаж өгнө үү гэсэн нэхэмжлэл гаргасан. Компани эхлээд хувьцаа эзэмшигчийнхээ шаардлагыг хүлээн авсаны эцэст дараа нь хувьцаагаа шаардах эрх үүсэх үеийн ханшаар нь худалдаж авах тухай асуудлыг Компанийн тухай хуулийн 53 дугаар зүйлд заасан. Тиймээс улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөг төлсөн. ...Мөн А ХК нь зөвхөн энгийн хувьцаа гаргасан компани бөгөөд энэ компанид давуу эрхийн болон алтан хувьцаа огт байдаггүй... Иймд хувьцаа эзэмшигчийн эрх ашгийг хохироож байгаа тул нэхэмжлэгч Ж.Сгийн тус компанид эзэмшдэг 568 572 ширхэг энгийн хувьцааг эргүүлэн худалдаж авахыг тус компанид даалгаж өгнө үү” гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч О.Г, өмгөөлөгч Ч.Эрдэнэбат нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Ж.С нь манай компанийн 18 хувийн буюу 568 572 ширхэг хувьцааг эзэмшдэг хувьцаа эзэмшигч мөн. Ж.С нь 2019 оны хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаар өөрийн эзэмшдэг хувьцааны хувь хэмжээгээр компанийг хуваах саналыг гаргасныг уг хурлаар хэлэлцэж 2019 оны 4 сарын 22-ны өдрийн №07 тоот тогтоолоор Компанийг хуваах боломжгүй гэж шийдвэрлэсэн. Учир нь хувьцаа эзэмшигчдийн ээлжит хуралд оруулсан санал нь Компанийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн заалтуудыг хангаагүй байсан. Хувьцаа эзэмшигч Ж.С нь өөрийн өмчлөлийн 568 572 ширхэг энгийн хувьцааг Компанийн тухай хуулийн 53 дугаар зүйлд заасан үндэслэлээр “А” ХК-ийг эргүүлэн худалдаж авахыг шаардсан шаардлага гаргасныг танилцаад Компанийн тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.6-д заасан эрхийн дагуу хувьцааг худалдан авахаас татгалзаж байгааг мэдэгдсэн албан хариуг тухай бүрт нь хуулийн хугацаанд хүргүүлсэн. Нэхэмжлэгчийн шаардлагын үндэслэл нь тус компанийн 2019.04.22-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын №07 тоот тогтоолд заасан Компанийг хуваах боломжгүй гэсэн шийдвэр гэж ойлгогдохоор байгаа бөгөөд Компанийн тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.3-т заасан хугацааг хэтрүүлсэн нь түүний хариуцагч талд хүргүүлсэн 2019.06.07-ны өдрийн шаардлагаар нотлогддог. Нэхэмжлэгч нь уг хугацааг 7 хоногоор хэтрүүлсэн нь хариуцагчаас хувьцааг эргүүлэн худалдан авах тухай шаардлагатай холбогдуулж аливаа шийдвэр гаргах, эс гаргах нь компанийн хуулиар олгогдсон эрх болж үлдсэн байна. 2019.04.22-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын №07 тоот тогтоолыг тооллогын комиссын нэгдсэн дүнтэй холбогдуулан хугацаа хожимдуулж гаргасан нь үнэн.

Компанийн тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1-т заасан нөхцөл байдал нь хувьцаа эзэмшигчийн шаардах эрхийг зохицуулсан зохицуулалт болохоос хувьцаа эзэмшигчийн зүгээс гаргасан саналыг заавал хангах хууль зүйн хөшүүрэг биш юм. ...Нэхэмжлэлийн шаардлагад компанийн нэгж хувьцааны үнийг 1900 төгрөг байгаа гэж тодорхойлсон нь нэхэмжлэгч нэгж хувьцааны үнийг зах зээлийн бодит үнэлгээнээс хэт өндрөөр, хэт ялгаатайгаар үнэлсэн байна. ...Мөн 1-т Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.8-т үнэт цаастай холбогдох нэхэмжлэлд Хөрөнгийн биржийн тухайн үеийн ханшаар нэхэмжлэлийн үнийг тодорхойлно гэж заасан, мөн дээрх хувьцааг хэдэн төгрөгөөр худалдаж ав гээд байгаа нь тодорхойгүй, хувьцааг худалдан авахад хариу төлбөрийн шинжтэй гэрээ байгуулагдах тул гэрээний үнэ тодорхойгүй, нэгж хувьцааны үнээр улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй зэрэг нэхэмжлэлийн бүрдүүлбэр дутуу байхад шүүх уг нэхэмжлэлийг хүлээн авч иргэний хэрэг үүсгэсэн нь буруу, 2-т Компанийн тухай хуулийн 49 дүгээр зүйл, 50 дугаар зүйлд тус тус заасан үндэслэлээр компани хувьцаагаа эргүүлэн худалдаж авах боломжгүй гэж үзэж байна. Түүнчлэн Компанийн тухай хуулийн 34 дүгээр зүйлд зааснаар нэхэмжлэгч өөрийн эзэмшлийн 568 572 ширхэг хувьцааг санхүүгийн хоёрдогч зах зээлд чөлөөтэй худалдан борлуулах бүх талын хуулийн боломж нээлттэй байгааг зориуд дурдаж байна. ...иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 сарын 27-ны өдрийн 138/ШШ2020/00138 дугаар шийдвэрээр: Монгол Улсын Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.1, Компанийн тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1, 53.5-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Ж.Сгийн А ХК-д эзэмшдэг 568 572 ширхэг энгийн хувьцааг эргүүлэн худалдаж авахыг хариуцагч А ХК-д даалгаж, Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг Дорнод аймгийн Хэрлэн сумын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч А ХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ж.Сд олгож, ... шийдвэрлэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч О.Г 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдөр гаргасан давж заалдах гомдолдоо:

 “... 1. Анхан шатны шүүхээс Компанийн тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.3-т заасан хугацааг хэтрүүлсэн талаарх дүгнэлт хийхдээ “хариуцагчийн төлөөлөгч №07 тоот тогтоолыг тооллогын нэгдсэн дүнтэй холбоотой хугацаа хожимдуулсан нь үнэн” гэсэн тайлбараар няцаагдана гэж дүгнэсэн нь хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэр гаргах үйл явц олон хоногоор үргэлжилсэн мэт, тооллогын ажил сунжирсан мэтээр хэт хийсвэр нотлоогүй дүгнэлтийг хийсэн. Гэтэл тооллогын нэгдсэн дүн хуралдаан дуусмагц гарч компанийг хуваахгүй гэсэн шийдвэр гарсныг нэхэмжлэгч тэр даруй мэдсэн нь шүүхээс Компанийн тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.3-т заасан хугацааг буруу тайлбарлаж, хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэхээр байна.

2. Компанийн тухай хуульд “энгийн хувьцаа эзэмшигчийн эрхийг” хуульчилсан байхад анхан шатны шүүхээс тус зүйлд зааснаар “хувьцаа эзэмшигчийн эрх үүрэгт” гэж буруу тайлбарлахдаа “хувьцаа эзэмшигч нь компаний зөвшөөрөлгүйгээр өөрийн эзэмшдэг хувьцаагаа санхүүгийн хоёрдогч зах зээлд чөлөөтэй худалдан борлуулах эрхтэй талаар заагаагүй” гэж тайлбарласан атлаа хувьцаагаа бэлэглэх, өв залгамжлуулах, эргүүлэн худалдах эрхийг хуулиар хориглоогүй гэж агуулгын зөрүүтэй дүгнэлтийг хийсэн нь ойлгомжгүй ба хариуцагчаас энгийн хувьцаа эзэмшигчийн хуулиар олгосон эрхтэй маргаагүй атал анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагаасаа ангид үр дагавартай дүгнэлт хийсэн нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх зарчмыг алдагдуулж байна.

3. Компанийн тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.5-д “Компани нь хувьцаа эзэмшигчийн шаардлагаар эргүүлэн худалдаж авах хувьцааг энэ эрх үүсэх үеийн зах зээлийн үнээр худалдан авна” гэж заасан байх тул дээрх үндэслэлээр Ж.Сгийн эзэмшдэг 568.572 ширхэг энгийн хувьцааг эргүүлэн худалдан авахыг “А” ХК-д даалгах үндэслэлтэй гэж дүгнэсэн. Хариуцагчийн зүгээс эргүүлэн худалдан авахыг даалгаж буй хувьцааны нэгж үнийг тогтоож байж нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангагдах ёстой. Үүнтэй холбоотойгоор нэхэмжлэлийн үнэ тодорхойлогдоно гэсэн тайлбар гаргасныг анхан шатны шүүх хүлээж аваагүй атлаа шийдвэртээ Компанийн тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.5-д заасныг үндэслэн нь нэхэмжлэгч ИХШХШТХ-ийн 62 дугаар зүйлийн 62.1.5-д заасан нэхэмжлэлийн үнийг зайлшгүй тогтоох ёстой байсныг хүлээн зөвшөөрсөн байгаагаас анхан шатны шүүх хууль ёсны байх хуулийн шаардлагыг хангаагүй байна. Шүүхээс нэхэмжлэгч мөнгөөр илэрхийлэгдэх нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй зөвхөн “даалгах” гэсэн шаардлага байгаа тул нэхэмжлэлийн үнийн асуудал хөндөгдөхгүй гэсэн атлаа шийдвэртээ “компани нь хувьцаа эзэмшигчдийн шаардлагаар эргүүлэн худалдаж авах хувьцааг энэ эрх үүссэн үеийн зах зээлийн үнээр худалдан авах” хуулийг хэрэглэсэн нь нэхэмжлэлийн шаардлагыг зөв тодорхойлоогүй, Компанийн тухай хуулийг буруу тайлбарласан, хэрэглэвэл зохих хууль болох ИХШХШТХ-ийн 62 дугаар зүйлийн 62.1.5, 63 дугаар зүйлийн 63.1.8 дахь хэсгийг хэрэглээгүй. Хувьцаа нь үнэт цаасны хувьд, мөн тухайн компанид өмчлөх эрхийг тодорхойлогдох эрхийн хувьд ч зайлшгүй үнэлэгдэх нэхэмжлэлийн шаардлага мөн байхад анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэт нэг талыг баримтлан өрөөсгөл тайлбарласан.

4. ИХШХШТХ-ийн 63 дугаар зүйлийн 63.1.8-ийг хэрэглээгүй үндэслэлээ 63.1.8-ийн үнэт цаастай холбогдох нэхэмжлэл гэдгийг үнэт цаасны эзэмшлийн талаар мөн үнэт цаасны арилжсан гэрээнээс үүсэх маргаанд хэрэглэдэг гэж хуулийг тайлбарласан. Гэвч Ж.С нь өөрийн эзэмшлийн хувьцааг эргүүлэн худалдан авахыг хариуцагчид даалгах тухай шаардлагыг гаргасан бөгөөд Компанийн тухай хуулийн 53 дугаар зүйлд зааснаар компани хувьцаа эзэмшигчийн шаардлагыг хүлээн авах асуудлыг шийдвэрлэсний эцэст хувьцааг эргүүлэн авах эрх үүсэх үеийн зах зээлийн үнээр худалдан авах асуудлыг зохицуулсан байх тул нэхэмжлэлийн шаардлага хамааралгүй гэжээ. Гэтэл ИХШХШТХ-ийн 63.1.8 үнэт цаастай холбогдох нэхэмжлэлд хөрөнгийн биржийн тухайн үеийн ханшаар нэхэмжлэлийн үнийг тодорхойлохыг зохицуулсан болохоос шүүхийн тайлбарласан шиг үнэт цаасны эзэмшил, мөн үнэт цаасыг арилжсан гэрээний үүрэгтэй зөвхөн холбоотой процетур ажиллагаатай холбоотой зохицуулалт огт биш учраас анхан шатны шүүхээс хуулийг илтэд буруу хэрэглэсэн, тайлбарласан байна. Энэ нь нэхэмжлэгчийн эрх ашигт хэт үйлчилж давуу байдлыг бий болгосон төдийгүй хуулиар хүлээсэн нэхэмжлэлийн бүрдүүлбэрийг хангах, нэхэмжлэлийн үнийг тодорхойлж улсын тэмдэгтийн хураамж төлүүлэх үүргээс чөлөөлсөн байна. Мөн ИХШХШТХ-ийн 63.1.8-ийг хэрэглэхгүй байх үндэслэлээ Компанийн тухай хуулийн 53 дугаар зүйлд заасан шаардлага гаргах зохицуулалттай холбож тайлбарласан нь үндэслэлгүй байна.

Компанийн тухай хуулийн 49 дүгээр зүйлд заасан нөхцөл байдлыг шүүхээс тогтоох ажиллагааг хийгээгүй атлаа нэхэмжлэлийн шаардлагатай дээрх хууль хамааралгүй мэтээр тайлбарласан нь шүүхээс хариуцагчийн эрх ашигт хамаарал бүхий хуулиудыг хэрэглэхээс зайлсхийсэн гэж үзэхээр байгаа ба компаний санхүүгийн нөхцөл байдлаас хамаарч хувьцааг эргүүлэн худалдан авах нөхцөл байдал үүсэх эсэхийг зохицуулсан хууль яагаад энгийн хувьцааг тодорхой үнээр худалдан авах үйл явцтай хамааралгүй талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий тайлбарыг хийж чадаагүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, нотлох баримтыг бүх талаас нь бодитой үнэлж чадаагүй, нэхэмжлэлийн шаардлагаар тодорхойлогдоогүй үйл баримтыг дур зоргын байдлаар гаргаж дүгнэсэн зэрэг үндэслэлээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

                                                   ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Ж.С нь хариуцагч “А” ХК-д холбогдуулан   568 572 ширхэг хувьцааг эргүүлэн худалдаж авахыг даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч тал эс зөвшөөрч маргажээ. /хх-ийн 1 дэх тал/

Нэхэмжлэгч Ж.Сгийн нэхэмжлэл гаргах болсон үндэслэл нь  хариуцагч “А” ХК нь нэхэмжлэгчийн эзэмшдэг хувьцааг худалдаж авах эрхээ хэрэгжүүлэх шаардлагаас татгалзсанаар үүссэн. Хариуцагчийн татгалзсан үндэслэлийн нэг нь хувьцааны үнийг хэдэн төгрөгөөр худалдах тухайд санал нийлээгүйтэй холбоотой байна.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээ зөвхөн “568572 ширхэг хувьцааг худалдаж авахыг даалгах” гэж тодорхойлсноор нэхэмжлэлийн шаардлага хангагдах боломжгүйд хүрнэ. Худалдах худалдан авах харилцаа нь ерөнхий зарчмын хувьд сайн дураар үнээ тохирдог ба Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар үнэ нь гэрээний гол нөхцөл юм.  Гэвч энэ тохиолдол нь Компанийн тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1-д зааснаар нэг талын шаардлагаар нөгөө тал буюу компани худалдаж авах үүрэгтэй байх шинжтэй. Энэ тохиолдолд нэхэмжлэгч тал хэдэн төгрөгөөр хувьцаагаа худалдахаар шаардаж байгаагаа тодорхойлохгүйгээр гаргасан нэхэмжлэлийг шүүх хангах боломжгүйгээс гадна шүүхийн шийдвэр биелэгдэх боломжгүйд хүргэж байна. Шүүхийн шийдвэр нь хариуцагчид ямар үүрэг хүлээлгэх нь тодорхой, ойлгомжтой байх шаардлагатай.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг нэхэмжлэгч зөвхөн өөрөө тодорхойлох эрхтэй тул шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилж шийдвэрлэх боломжгүй юм.

Иймд хариуцагчийн давж заалдах гомдлыг хүлээн авч, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Нэхэмжлэгч хувьцааныхаа үнийг тодорхойлж нэхэмжлэл гаргахад энэхүү магадлал саад болохгүй.

Хариуцагч “А” ХК-иас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгох, нэхэмжлэгчээс нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хариуцагч “А” ХК-ийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хүлээн авч, Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 сарын 27-ны өдрийн 138/ШШ2020/00138 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, хариуцагч “А” ХК-д холбогдох “568 572 ширхэг хувьцааг худалдаж авахыг даалгах” тухай нэхэмжлэгч Ж.Сгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Ж.Сгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, мөн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-д зааснаар хариуцагч “А” ХК-иас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэсэн үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ           Л.НАРАНБАЯР

ШҮҮГЧИД                             Ж.ДОЛГОРМАА

                                              З.ЭНХЦЭЦЭГ