Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 2022/ДШМ/16

 

Д.*******, С.******* нарт холбогдох хэргийн талаар

          Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Ариунбаяр даргалж, Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Энхтөр, Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж. нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Пүрэвдорж,

          Прокурор   Б.*******

          Шүүгдэгч   Д.*******

                               С.*******

          Шүүгдэгчийн өмгөөлөгч  Б.*******

          Улаанбаатар хотоос /ZOOM/-р   Б.*******

                                                              Ш.*******        нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 2022/ШЦТ/57 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгч Д.*******, С.Баянмөнх нарын өмгөөлөгч Б.*******, Б.*******, Ш.******* нарын давж заалдах гомдлоор Д.*******, С.******* нарт холбогдох 2223000010034 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч Ерөнхий шүүгч Ж.ын илтгэснээр хянан хэлэлцэв. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1980 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Завхан аймгийн Идэр суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, халх, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт амьдардаг, Завхан аймгийн Улиастай сумын Жаргалант баг ******* тоотод  оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай гэх Мандар овогт Сандаг-Очирын *******, /регистрийн дугаар: *******/

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1975 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Завхан аймгийн Улиастай суманд төрсөн, 47 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, эхнэр 5 хүүхдийн хамт амьдардаг, Завхан аймгийн Улиастай сум Жинст баг тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай гэх Наран овогт Дамдингийн *******, /регистрийн дугаар: /

          Шүүгдэгч С.*******, Д.******* нар нь бүлэглэн 2021 оны 12 дугаар сарын 04-нөөс 10-ны өдрийн хооронд улсын тусгай хамгаалалттай газар нутаг болох Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын Алтан багийн нутаг дэвсгэрт байрлах “Улаагчны хар нуур” гэх газраас зөвшөөрөлгүйгээр тор тавин 3003 ширхэг Зарам гэх загас агнасан гэмт хэрэгт холбогджээ.

Анхан шатны шүүх:

1. Шүүгдэгч Мандар овогт Сандагдоржийн *******, Наран овогт Дамдингийн ******* нарыг Эрүүгийн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бүлэглэн улсын тусгай хамгаалалттай газар нутагт зөвшөөрөлгүйгээр амьтан агнасан гэмт  хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.*******, Д.******* нарыг тус бүр 1 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж,

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.*******ийг Завхан аймгийн Улиастай сумаас гадагш зорчихыг 1 жил 6 сарын хугацаагаар, шүүгдэгч Д.*******ыг Завхан аймгийн Улиастай сумаас гадагш зорчихыг 1 жил 6 сарын хугацаагаар тус тус хориглож шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх зорчих үүргийг тус бүр 1 жил 6 сарын хугацаагаар хүлээлгэж,

4. Шүүгдэгч С.*******, Д.******* нарт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж,

5. Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар гэмт үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийн үнийг хувь тэнцүүлэн шүүгдэгч Д.*******аас 4.000.000 төгрөгийг, шүүгдэгч С.*******өөс 4.000.000 төгрөгийг гаргуулж тус тус улсын орлого болгож,

6. Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан загасыг худалдан борлуулсан орлого 4.143.240 төгрөгийг /төрийн сан дахь 100090005350 дугаартай дансанд байршуулсан/ улсын орлого болгож,

7. Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 2-т зааснаар шүүгдэгч С.*******өөс 37.542.000 гучин долоон сая таван зуун дөчин хоёр мянган/ төгрөгийг, Д.*******аас 37.542.000 гучин долоон сая таван зуун дөчин хоёр мянган/ төгрөгийг тус тус гаргуулж Байгаль орчин уур амьсгалын санд оруулж,

8. Эрдэнэхайрхан сумын татварын бус орлогын Төрийн сангийн 100092200952 тоот дансанд байршуулсан 9.000.000 төгрөгийг Байгаль орчин Уур амьсгалын санд шилжүүлэхийг Завхан аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

 9. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан төмөр чарга 1 ширхэг, лоом 2 ширхэг, модон иштэй хүрз 2 ширхэг, чулуу 2 ширхэг, саарал өнгийн товчлууртай марк тодорхойгүй удирдлага 1 ширхэг 2 ширхэг, саарал өнгийн товчлууртай марк тодорхойгүй удирдлага 1 ширхгийг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж,

10. Мөрдөн байцаалтын шатанд ЗАА улсын дугаартай цагаан саарал ”УАЗ-220692-033” маркийн, ЗАВ улсын дугаартай цагаан саарал өнгийн портер маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 35 дугаартай тогтоолыг хүчингүй болгож,

11. Шүүгдэгч нар нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдаж,

         12. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж,

13. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.*******ын давж заалдах шүүхэд гаргасан гомдлын агуулга:

“... Шийтгэх тогтоолд "...хөрөнгө хураах албадлагын арга хэмжээ нь Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын хэлбэр бөгөөд ...гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгын хүрээнд дээрх 4.134.240 төгрөгийг гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөхөд зарцуулах үндэслэлгүй байх тул Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар улсын орлого болгож шийдвэрлэсэн болно. ....тээврийн хэрэгслийн үнэ 8.000.000 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулж улсын орлого болгож" гэсэн хэсгийн хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь С.*******, Д.******* нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу Улсын тусгай хамгаалалттай газар нутагт зөвшөөрөлгүйгээр амьтан агнасан, тээвэрлэсэн болохоос биш ховор, нэн ховор амьтны аймагт хохирол учруулаагүй бөгөөд Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт гэрт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийн үнийг гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна гэж заасан тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны болон шударга ёсны зарчим зөрчсөн байна. Мөн С.*******, Д.******* нар нь гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, өмнө нь гэмт хэрэгт ял шийтгүүлж байгаагүй, хохирлоос нийтдээ 9.000.000 төгрөг төлж үлдэгдэл хохирлыг төлөхөө илэрхийлсэн болон хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн 6.7, 7.1 дүгээр зүйлд зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх боломжтой байсан. Иймд хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд урьдчилан сэргийлэх зорилгын хүрээнд загасыг зарсан үнэ болох 4.134.240 төгрөг, 2 тээврийн хэрэгслийн үнэ болох 8.000.000 төгрөг нийт 12.134.240 төгрөгийг хохирлоос хасаж тооцон, С.*******, Д.******* нарт Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.2, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авахаар Завхан аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03-р сарын 24-ний өдрийн 2022/ШЦТ/57 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Ш.*******, Б.******* нарын давж заалдах шүүхэд гаргасан гомдлын агуулга:

“...С.*******, Д.******* нарын өмгөөлөгч Ш.*******, Б.******* бид Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны 2022 оны 03 дугаар сарын 24-ны өдрийн 2022/ШЦТ/57 тоот дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж дүгнэн, дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

Үүнд: 1. Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт нь тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн тухайд: Анхан шатны шүүхийн дүгнэлт хуулийн дараах заалттай нийцэхгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх 1 дэх хэсэгт зааснаар " Шуух, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина", Эрүүгийн 1.3 дугаар зүйлийн зүйлийн 1-д " Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна" 1.4 дүгээр зүйлийн 3-д "Гэмт хэрэг үйлдсэн этгээд өөрийн үйлдэл, нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаагүй, хэрэг нөхцөл байдлын улмаас ухамсарлах боломжгүй байсан, учирч болох нийгмийн аюултай хор уршгийг урьдчилан мэдэх боломжгүй байсан бол хор уршиг гэм буруугүйгээр учруулсан гэж үзнэ" гэж тус тус заасан. Анхан шатны шүүх С.*******, Д.******* нарыг анх удаа гэмт хэрэг үйлдсэн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д "тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, эрхзүйн байдлыг дээрдүүлсэн эрүүгийн хуулийг хэрэглэхгүй, шүүгдэгч нарын эрх зүйн байдалд ноцтой нөлөөлөх шинж чанарыг харгалзан үзэхгүйгээр дутуу үнэлэлт өгч хууль зүйн үндэслэлээ буруу тайлбарлаж хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэж хүндрүүлэн шийдвэрлэсэн. С.*******, Д.******* нар нь гэмт хэрэг үйлдсэнээ мөрдөн шалгах шатнаас үнэн зөвөөр тогтвортой мэдүүлж, Ковидын онцгой хүнд нөхцөл байдал, тэжээн тэтгэх бага насны болон сургуулийн насны олон хүүхдүүдтэй, ар гэрийн амьжиргаагаа залгуулж буй амьдралын хүнд нөхцөл байдлуудыг харгалзан үзэлгүй шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн зүйлийн 2-д " Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх..... нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ" гэснийг зөрчиж гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн нөхцөл байдал, шүүгдэгч С.*******, Д.******* "гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн" байдал зэргийг үл харгалзан эрүүгийн хариуцлага оногдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй байна. Шүүгдэгч С.*******, Д.******* нарын хувьд анхнаасаа гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогчид учруулсан хохирлыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад төлж байсан, хувийн байдлын тухайд урьд өмнө ямар нэгэн гэмт хэрэгт холбогдож байгаагүй,улс орны Kовидын онцгой хүнд нөхцөлийн үед ар гэрээ тэжээн тэтгэх, амьжиргаагаа залгуулах, хөдөө орон нутагт ажлын байр хангалтгүй, хууль эрхзүйн мэдлэггүйн улмаас гэмт хэрэгт холбогдсон, тодорхой хэмжээний хохирол төлсөн, шүүх хуралдаанд "хохирлыг төлөхөө илэрхийлсэн" боловч анхан шатны шүүх энэхүү нөхцөл байдлыг үл харгалзан Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.1,1.2-д заасан "гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн"...хувийн байдлуудыг харгалзах... мөн хуулийн 1.6 дахь хэсэгт заасан эрх хэмжээнийхээ хүрээнд хуульд заасан хөнгөрүүлэх, Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.2-д заасныг баримтлан ялыг хөнгөрүүлэх эрх зүйн үндэслэл, боломжийг үл харгалзан хариуцлага оногдуулсанд гомдолтой байна.

2. Хохирлын тухайд: Анхан шатны шүүx нь С.*******өөс 37.542.000 төгрөг, Д.*******аас 37.542.000 төгрөгийг тус тус гаргуулж байгаль орчин уур амьсгалын санд оруулахаар шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Зарам загас нь Монгол Улсын амьтны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасан нэн ховор амьтны жагсаалт, Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 07 дугаар тогтоолоор батлагдсан ховор амьтны жагсаалтын аль алинд нь багтаагүй бөгөөд ховор амьтны жагсаалтад ороогүй. Зарам загасны хохирлыг хуульд заасан үндэслэл журмын дагуу бодитоор үнэлж, тооцоог үнэн зөв гаргаагүй дутуу үнэлэлт дүгнэлт өгсөн. Дүгнэлтдээ "3001 ширхэг загасны түргэн муудах шинжийг харгалзан... худалдан борлуулсан 4.134.240 төгрөгөөр борлуулсан" орлогыг шүүгдэгч нарын хохирлоос хасаж тооцолгүй, С.*******өөс 37.542.000 төгрөг, Д.*******аас 37.542.000 төгрөгийг тус тус гаргуулж шийдвэрлэсэн нь шүүхийн дүгнэлтэд нөлөөлөх онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлээ заагаагүй, шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан нь нотлох баримтын хүрээнд хэргийг үнэн зөвөөр шударгаар шийдвэрлэх зарчмыг зөрчиж, хэргийн бодит байдалтай нийцээгүй. Зах зээл дээр 3001 ш зарам загасыг 4.134.240 төгрөгөөр худалдан борлуулсан байхад "Загасны - экологи эдийн засгийн үнэлгээ"-гээр 1ширхэг зарам загас 14000 төгрөгөөр үнэлэгдэж байгаа нь харилцан зөрүүтэй үндэслэлгүй байна. Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаагаар худалдан борлуулсан зарам загасны 4.134.240 төгрөг нь хохирлын нийт дүнгээс хасагдаж тооцогдох ба дээрх ажиллагааг явуулахдаа мөрдөн шалгах шатанд хэрэг болсноос хойш 2 сарын дараа шүүгчийн захирамж гаргасан нь дээрх загасны "муудах шинж чанар"-ыг анхаарч харгалзахгүй, зах зээлийн үнээс доогуур худалдан борлуулж, муудсан шинж чанарт нь мэргэжлийн шинжээч томилж дахин үнэлгээ гаргахгүйгээр хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь хохирлын хэр хэмжээг үнэн зөвөөр бодит хохирлын тооцоог гаргаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн.

Иймд Шүүгдэгч С.*******, Д.******* нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлсөн, ар гэрийн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, хохирлыг зөвтгөн тооцож өөрчлөлт оруулан, Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.2-д заалтыг хэрэглэж, оногдуулсан хариуцлагыг хөнгөрүүлж өгнө үү гэжээ.

Шүүгдэгч С.******* давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа:

Миний хувьд өөрийн хийсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байгаа тул надад оногдуулсан ялыг тэнсэн харгалзах ялаар сольж шийдвэрлэж өгнө  үү гэв.

Шүүгдэгч Д.******* давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа:

Надад оногдуулсан ялыг тэнсэн харгалзах ялаар сольж шийдвэрлэж өгнө  үү гэв.

          Прокурор Б.******* дүгнэлтдээ:

          Шүүгдэгч нар нь бүлэглэж, машин механизм ашиглаж улсын тусгай хамгаалалттай газраас олон тооны загас барьсан нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байгаа. Гэм буруутай үйлдэл дээр хэн аль нь ч маргадаггүй. Өмгөөлөгч нарын гаргаад байгаа санал дээр хэлэхэд ковид-19 өвчний үед гэмт хэрэг үйлдсэнээ зөвтгөөд байгаа юм шиг агуулгатай зүйл тайлбарлаад байгаа нь байж боломжгүй зүйл юм. Эрүүгийн хуулийн 24 дүгээр бүлэгт заасан гэмт хэрэг нь яагаад хүрээлэн байгаа орчны эсрэг гэж үзсэн юм бэ? гэхээр аливаа зүйлийн агуулга харагдана. Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар аливаа хүн, эрүүл аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцвэр алдагдахаас хамгаалуулах эрхтэй байдаг. Шүүгдэгч нарын тухайд дан ганц байгаль экологи гэлтгүй хүрээлэн байгаа орчин, нийт ард иргэдийн өмнө гэм буруутай үйлдэл харагдаж байгаа. Монгол Улсын Үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн нийтийн өмч байна гэж заасан байгаа. 2 шүүгдэгчийн тухайд Монгол Улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан ард иргэдийн өмнө гэм буруутай. Тэдгээрийн олж авсан эд зүйлс нь төр нийтийн өмч байсан. Түүнийгээ Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлд зааснаар өөрсдийнхөө учруулсан хохиролд оруулж тооцно гэдэг нь шударга ёсны зарчимд нийцэхгүй зүйл юм. Хөрөнгө хураах албадлагын арга хэмжээ гэж Эрүүгийн хуульд тусгайлан заасан заалт байгаа. Энэ нь эрүүгийн хариуцлагын нэг төрөл юм. Энэ ч агуулгаараа Завхан аймгийн сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 57 дугаартай шийтгэх тогтоол үнэн зөв гарсан байгаа. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино гэсэн эрүүгийн хариуцлагын зорилго байдаг. Тухайн 3001 ширхэг загасыг авч ирэхэд хөлдүү загас байсан нь үнэн. Үүнийг Завхан аймагт хэрэг хянан шийдвэрлэгдэх ажиллагаа дуусах хүртэл хадгалах, хамгаалъя гэдэг байдлаар цагдаа, прокурор, шүүхийн байгууллагууд анхаарч үзсэн байгаа. Харин тухайн загасыг Завхан аймгийн хэмжээнд хадгалж, хамгаалах зорилгоор хэд хэдэн албан газруудад хандахад агуулах газар олдохгүй байсан. Зарим загас нь өнөөдрийн нөхцөл байдлаар муудах гээд байсан тул боломжит үнэ хөлс хэлсэн хүн, байгууллагад өгч худалдан борлуулсан асуудал нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр болсон байгаа. Анхан шатны шүүхээс шүүгдэгч нарын хувийн байдлыг харгалзан үзэж ял шийтгэлийг оногдуулсан байгаа. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэж байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

          Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлыг үндэслэн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хяналаа.  

          Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тогтоосон, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй болжээ.

        Анхан шатны шүүхээс шүүгдэгч С.*******, Д.******* нар нь бүлэглэн 2021 оны 12 дугаар сарын 04-ний өдрөөс 12 дугаар сарын 10-ны өдрийн хооронд Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын Алтан багийн нутаг дэвсгэрт байрлах “Улаагчны хар нуур” гэх газраас 3003 ширхэг загас агнасан хэргийн үйл баримт нь хэрэгт авагдсан

          шүүгдэгч Д.*******ын ...2021 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Завхан аймгийн Улиастай сумаас танил С.*******ийн хамт өөрийн ЗАА улсын дугаартай цагаан өнгийн фургон маркийн авто машинаар Эрдэнэхайрхан сумын Улаагчны хар нуурт 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл загас барьж байгаад 10-ны өглөө нь хөдөлсөн. Миний фургонд хөнжил гудас, хоол хүнсний зүйлүүдээ ачсан байсан ба С.******* Яруу сумаас найз гэх хүнээс цагаан өнгийн ЗАВ улсын дугаартай портер машиныг гуйж аваад загасаа ачсан... гэсэн мэдүүлэг,

          шүүгдэгч  С.*******ийн ...2021 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Завхан аймгийн Улиастай сумаас танил *******ын хамт түүний 72—11 ЗАА улсын дугаартай фургон маркийн авто машинтай Эрдэнэхайрхан сумын нутагт байрлах Улаагчны Хар нуур руу загас барихаар хоёулхнаа явсан. Бид хоёр Улаагчны Хар нуур дээр 4-5 хоног загас барьж байгаад буцахаар болоод Яруу сумаас найз оос машинаа өгч байгаач өвлийн хүнсэндээ яваад ирье гэж хэлээд түүний ЗАВ улсын дугаартай цагаан өнгийн портер машиныг аваад Улаагчны хар нуураас ачсан загаснуудаа ачаад 2021 оны 12 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө Улиастай сум, Жаргалант баг нефтийн шинэ хэсэг 17-17 тоот хашаа руу орж байхад араас цагдаа нар ирээд шалгаад зөвшөөрөлгүй загас ачиж ирсэн гээд миний унаж явсан ЗАВ улсын дугаартай Д.*******ын унаж явсан ЗАА улсын дугаартай авто машиныг цагдаагийн газрын тээврийн хэрэгсэл түр саатуулах байранд хийсэн гэсэн мэдүүлэг,

          гэрч Ч.ийн “...21 цагийн орчимд аймаг явах унаа байна уу гээд хүмүүсээс асуухад миний таньдаг С.******* аймаг руу явна гэхээр нь цагаан портертой ачаа ачсан байдалтай байхаар нь түүнд дайгдаж аймаг руу явсан. Замдаа түүнтэй юм ярьж байхад “Улаагчны хар нуураас загас бариад явж байна гэж ярьж байсан... гэсэн мэдүүлэг болон гэрч М.гийн мэдүүлэг, 3003 ширхэг загас болон тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар хангалттай тогтоогджээ.  

          Шүүх шүүгдэгчийн үйлдлийг прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн хүрээнд гэм буруугийн асуудалд хууль зүйн оновчтой дүгнэлт хийж, хэргийг зөв зүйлчилж шийдвэрлэсэн, шүүгдэгч нар нь  анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирлоос зарим хэсэг болох 9000.000 төгрөгийг  нөхөн төлсөн зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарт тус бүр 1 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болжээ.

          Өөрөөр хэлбэл, шүүхээс шүүгдэгч нарт оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял нь шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдалд тохирсон байна.

          Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлд ойн санд учирсан хохирлыг ойн экологи-эдийн засгийн үнэлгээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тогтоож, нөхөн төлбөр  42.042.000 төгрөгийг хоёр дахин нэмэгдүүлж гэмт хэргийн улмаас учруулсан хохирол , хор уршиг нийт 84.084.000 төгрөгний хохирлоос шүүгдэгч нар нь 9.000.000 төгрөг төлсөн болохыг хохирлоос хасаж 75.084.000 төгрөгийг хувь тэнцүүлэн шүүгдэгч нараас   гаргуулахаар шийдвэрлэсэн нь хуульд нийцжээ.

          Мөн шүүх шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан портер маркийн ЗАВ улсын дугаартай автомашин, фургон маркийн ЗАА улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь  бусдын өмчлөлийнх  болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон тул тээврийн хэрэгслийн үнийг хурааж, нийт 8000.000 төгрөгийг шүүгдэгч нараас тэнцүү хэмжээгээр гаргуулахаар, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн загасыг худалдан борлуулсан орлого 4.143.240 төгрөгийг улсын орлого болгохоор шийдвэрлэсэн нь  Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт нийцжээ.

       Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “” гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлогыг хураана эсхүл “бусдад учирсан хохирлыг нөхөн төлөх зорилгоор ... учирсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө орлогоос хураана” гэжээ.

       Тодруулбал,  гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлогыг хураана эсхүл гэмт хэрэг үйлдсэн хүн хуулийн этгээдээс өөр хөрөнгө орлогыг хохирол нөхөн төлүүлэх зорилгоор хураахаар заажээ.

        Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэг хураан авсан хөрөнгө орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөхөд зарцуулна гэж заасан байгаа боловч энэ зүйл хэсэгт заасан хураан авсан хөрөнгө орлого  гэдэг нь Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасан гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого биш бөгөөд харин Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдад учирсан хохирлыг нөхөн төлөх зорилгоор гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө орлогыг хураасан хөрөнгө орлого гэж ойлгохоор байна.

          Шүүх хэргийн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанарыг харгалзан гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийг хурааж улсын орлого болгохоор тогтоосон нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх эрүүгийн хариуцлагын зорилгыг  хангасан байна.

          Анхан шатны шүүх хөрөнгө орлого хураах хуулийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байна. 

        Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч нарын  өмгөөлөгч нарын шүүгдэгч нарт оногдуулсан ял тохироогүй, шүүх Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэсэн  давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.      

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн  1 дэх хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь.

1. Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 2022/ШЦТ/57 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

   2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3-т зааснаар “анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн”, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” гэсэн үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг тайлбарласугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Б.АРИУНБАЯР

ШҮҮГЧИД  Ч.ЭНХТӨР

                    Ж.БАТТОГТОХ