Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 110/ШШ2024/0014

 

             Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч З.Гүлбарша даргалж,  тус шүүхийн танхимд  нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

              Нэхэмжлэгч: Т.Ө

              Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргын тамгын газрын дарга,

              Гуравдагч этгээд: М.Д нарын хоорондын төрийн албаны маргааныг хянан  хэлэлцэв.

              Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Базар /цахимаар/, хариуцагч Өлгий сумын Засаг даргын тамгын газрын дарга С.Ж, гуравдагч этгээд М.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Айгерим нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь :

      1. Нэхэмжлэгч Т.Ө нь Өлгий сумын Засаг даргын тамгын газрын даргад холбогдуулан, “Өлгий сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2023 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн Б/59 дугаар тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажил албан тушаал болох Өлгий сумын 8 дугаар багийн нийгмийн ажилтны албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн төлөлт хийхийг ажил олгогчид даалгах” нэхэмжлэлийн шаардлага гаргаж  маргасан байна.

       2. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

       2.1. Монгол улсын иргэн Т.Ө би Өлгий сумын Засаг даргын тамгын газрын даргын тушаалаар 2014 оноос эхлэн багийн нарийн бичгийн даргын албан тушаалд томилогдон ажиллаж байсан. Сүүлд 2018 оны 8 дугаар сарын 16-ны  өдрийн Б/51 дугаартай тушаалаар ажлаас хууль бусаар чөлөөлөгдсөн. Монгол Улсын дээд шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 00616 дугаартай тогтоол, тус шүүхийн шийдвэрийн дагуу гарсан2019 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн Өлгий сумын Засаг даргын Тамгын газрын даргын Б/45 дугаар тушаалаар Өлгий сумын 8 дугаар багийн нийгмийн ажилтнаар томилогдон ажиллаж байна. Гэвч Өлгий сумын Засаг даргын тамгын газрын даргын 2023 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн Б/59 дугаар тушаалаар намайг багийн нийгмийн ажилтны орон тоо төрийн үйлчилгээний салбараас төрийн захиргааны албанд хамаарч ТЗ-10 болсонтой холбогдуулан “Т.Ө нь төрийн албаны тусгай шалгалтад тэнцээгүй” хэмээн үзэж ажлаас  чөлөөлсөн. Энэхүү ажлаас чөлөөлсөн тушаал нь дараах байдлаар үндэслэлгүй болсон гэж үзэж байна. 

       2.2. Миний бие ажлаас чөлөөлөх тухай тушаалд заагдсан төрийн  албаны тусгай шалгалтад ороогүй, мөн хуулиар тусгай шалгалт зайлшгүй өгөх шаардлага бүхий этгээд биш юм. Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт зааснаар төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд 1-рт “тухайн байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагчдаас болон холбогдох  бусад төрийн байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагчдаас нөхөх”, 2-рт “тийнхүү нөхөх боломжгүй төрийн албан хаагчийн нөөцөд байгаа иргэдээс нөхөх”, 3-рт “томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтан  сонгон шалгаруулалт явуулах  захиалгыг төрийн албаны холбогдох шатны байгууллагад хүргүүлж,  сонгон шалгаруулалт явуулах” тухай заасан.

       2.3. Ийнхүү сул орон тоог нөхөх алхмуудыг  хуульчилсан байх бөгөөд хамгийн сүүлийн алхам нь сонгон шалгаруулалт буюу  шалгалт авч шалгарсан хүмүүсээс сул орон тоог нөхөхөөр байна. Харин миний ажиллаж байсан багийн нийгмийн ажилтны албан  тушаал нь төрийн  захиргааны албанд хамаарах болсон нь сул орон тоо гарсан гэж үзэж сонгон шалгаруулалт зарлах, шалгалт зохион байгуулах үндэслэл биш юм. Учир нь, би тухайн орон тоонд шинээр томилогдох гэж байгаа хүн биш харин ажиллаж байсан хүн билээ. Иймд намайг шалгалтад тэнцээгүй гэж буруутгаж байгаа нь үндэслэлгүй юм. 

      2.4. Мөн хуулийн 33 дугаар зүйлийн 33.3-т “Ерөнхий шалгалтыг төрийн жинхэнэ алба хаах хүсэлтэй, энэ хуулийн 22.1-д заасан шаардлагыг хангасан иргэн, төрийн үйлчилгээний болон улс төрийн албан хаагчаас, тусгай шалгалтыг энэ хуулийн 18.1-д заасан төрийн захиргааны албан тушаалын ангилал хооронд шилжих тохиолдолд болон энэ хуулийн 27.1.3, 33.8-д заасан нөөцөд байгаа иргэдээс тус тус авна” гэж заасан байна.

      2.5. Т.Ө миний хувьд төрийн захиргааны албан тушаалын  ангилал хооронд шилжээгүй билээ. Харин миний хашиж байсан төрийн үйлчилгээний алба Засгийн газрын 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 487 дугаар тогтоолын  хавсралт Төрийн захиргааны албан тушаалын ангилал, зэрэглэл, түүнд хамаарах албан тушаалын жагсаалтаар төрийн захиргааны албан тушаалын ангилалд  хамаарах болсон байна. Энэхүү миний албан тушаал төрийн үйлчилгээний албанаас төрийн захиргааны алба болж өөрчлөгдсөн нь би төрийн албаны тусгай шалгалт  өгөх, миний ажил үүрэг өөрчлөгдөх, миний ажилдаа тэнцэхгүй байх үндэслэл болохгүй юм.

      2.6. Өөрөөр хэлбэл, миний 2019 оноос хойш хийж байгаа багийн нийгмийн ажилтны ажил үүрэг өөрчлөгдөөгүй, тусгай мэдлэг, ур чадвар шаардагдах ажил үүрэг нэмэгдээгүй төдийгүй өнөөг хүртэл ажилдаа нэг ч удаа хариуцлага алдалгүй, үр бүтээлтэй сайн ажиллаж ирсэн .Ийнхүү надад хуулиар төрийн албаны тусгай шалгалтад орох шаардлага үүсээгүй бөгөөд ямар ч төрийн албаны шалгалтад ороогүй байхад тусгай шалгалтад тэнцээгүй гэсэн үндэслэлээр намайг ажлаас чөлөөлсөнд гомдолтой байна.

      2.7. Дээрх ажлаас чөлөөлсөн тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.4-т заасан эрх бүхий байгууллага шаардсан гэсэн заалтыг үндэслэл болгожээ. Хуулийн энэхүү хэм хэмжээ нь хөдөлмөрийн гэрээний талуудын санаачилгаар бус, тодорхой нөхцөл үүссэн үед хөндлөнгийн этгээд буюу Монгол Улсын хууль тогтоомжид заасан эрх бүхий байгууллагын шаардсанаар хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай ойлголт билээ.

      Өөрөөр хэлбэл, хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгохоос өөр аргагүй үндэслэлгүй, нөхцөлийг эрх бүхий байгууллага ажил олгогчид тавьж уг үйл баримтыг үндэслэн ажил олгогч хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгохыг хэлдэг. Гэтэл надад хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгохоос өөр аргагүй нөхцөл байдал үндэслэл үүсээгүй, эрх бүхий байгууллага энэ талаар шаардаагүй байсан.

       2.8. Засгийн газрын 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 487 дугаар тогтоолын хавсралт төрийн захиргааны албан тушаалын ангилал, зэрэглэл, түүнд хамаарах албан тушаалын жагсаалтаар миний хашиж байсан багийн нийгмийн ажилтны албан тушаал нь төрийн үйлчилгээний албаас төрийн захиргааны албанд хамаарах болсон байна. Энэхүү төрийн захиргааны албан хаагчийг албан тушаалаас нь чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хууль бус  Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйл эсхүл 47 дугаар зүйлд заасан үндэслэлээр чөлөөлөх, халах ёстой билээ. Гэтэл намайг Төрийн албаны тухай хууль бус Хөдөлмөрийн тухай хуульд заасан үндэслэлээр  ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй байна. Мөн намайг ажлаас чөлөөлөх тухай Төрийн албаны тухай хуулийн 46, 47 дугаар зүйлд заасан үндэслэлүүд бүрдээгүй юм. 

      2.9. Ийнхүү надад хуулиар төрийн албаны тусгай шалгалтад орох шаардлага үүсээгүй бөгөөд ямар ч төрийн албаны шалгалтад ороогүй байхад тусгай шалгалтад тэнцээгүй гэсэн үндэслэлээр намайг ажлаас чөлөөлсөн байх тул Өлгий сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2023 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн Б/59 дугаар тушаалыг хүчингүй олгож, урьд эрхэлж байсан ажил албан тушаал болох Өлгий сумын 8 дугаар багийн нийгмийн ажилтын ажил албан тушаалд эгүүлэн тогтоож ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор гаргуулж нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн төлөлт хийхийг ажил олгогчид даалгаж өгнө үү.

       2.10.  Миний ажиллаж буй ажлын байр нь Засгийн газрын 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 487 дугаар тогтоолын хавсралтаар төрийн захиргааны албан тушаалын ангилалд хамаарах болсон.

       Иймд миний хашиж байсан албан тушаал нь төрийн үйлчилгээний алба бус төрийн захиргааны албанд хамаарч байгаа тул маргааныг захиргааны хэргийн шүүхээр шийдвэрлүүлэх үндэслэлтэй гэж үзэж байна.

       2.11. Би маргаан бүхий тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн томилуулах талаар Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Шүүх нэхэмжлэлийг хүлээн авч иргэний хэрэг үүсгэсэн. Яагаад энэхүү хоёр шүүхэд зэрэг хандаад байгаа бэ гэхээр  энэхүү маргаан нь иргэн эсвэл захиргааны хэргийн шүүхэд  хандах эсэх нь ойлгомжгүй байсан.

       Тухайлбал, аль нэг шүүхэд хандах нөхцөлд хожим шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах би шүүхэд нэхэмжлэл гаргах хугацаагаа алдах эрсдэлтэй байсан болно.

       Иймд шүүхэд нэхэмжлэл гаргах хугацаагаа алдахгүй байх үүднээс иргэн болон захиргааны хэргийн шүүхэд зэрэг хандсан юм гэжээ. 

       3. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

       3.1. Сул орон нөхөх шалгалт зарласан гэж байна. Т.Өыг ажлаас халсан тушаалд шалгалтад ороогүй, тэнцээгүй гэх байдлаар бичсэн. Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргын тамгын газрын даргын 2023 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн Б/59 дугаартай тушаалын 1 дэх хэсэгт “ тус аймгийн Өлгий сумын 8 дугаар багийн нийгмийн ажилтнаар ажиллаж байсан Т.Ө нь Төрийн албаны тусгай шалгалтад тэнцээгүй тул үүрэгт ажлаас нь чөлөөлсүгэй” гэж дурдсан. Т.Ө нь шалгалтад тэнцээгүй асуудал болоогүй. Нэхэмжлэгч нь шалгалтад ороогүй, үүнд  түүний буруутай үйл ажиллагаа байхгүй. Яагаад гэвэл,  нэхэмжлэгчид ямар нэгэн байдлаар “... Төрийн албаны тусгай шалгалт зарласан, та энэхүү шалгалтад ороорой, хэрэв шалгалтад орохгүй бол таныг ажлаас чөлөөлнө” гэж хэлээгүй.

       3.2. Нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсний дараа шалгалт зарласан байна. Нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөхөөс өмнө шалгалт аваагдаагүй. Хариуцагчийн тайлбарлаж байгаагаар “өмнө нь төрийн үйлчилгээний алба байсан. Т.Ө нь гэрээний үндсэн дээр ажиллаж байсан. Хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажиллаж байх явцдаа төрийн захиргааны албанд хамаарсан” гэж байна. Төрийн үйлчилгээний албанд нэхэмжлэгч ажиллаж байсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт “эрх бүхий байгууллага шаардсан”, мөн хуулийн 82 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Хөдөлмөрийн дотоод журмын 5.1.4 дэх хэсгийн үндэслэл болгож хөдөлмөрийн эрх зүйн харилцааг дуусгавар болгосон байна. Маргаан бүхий тушаал нь захиргааны акт биш, нийтийн эрх зүйн асуудлыг зохицуулаагүй. Хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгож байгаа хувийн эрх зүйн харилцааг дуусгавар болгосон тушаал. Тийм учраас энэхүү маргааныг захиргааны шүүх харьяалан шийдвэрлэх үндэслэлгүй гэж үзэж байгаа.

       3.3. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхээс харьяаллын бус гэж нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан. Хэрэв нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэсэн тохиолдолд нэхэмжлэгч төрийн захиргааны албан тушаалтанд хамаарах болно гэх агуулгаар үндэслэлээ тайлбарласан. Тушаал нь хөдөлмөрийн эрх зүйн харилцааг буюу хувийн эрх зүйн харилцааг дуусгавар болгосныг үгүйсгээгүй. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийн зарим нэхэмжлэлийн шаардлагыг захиргааны хэргийн шүүхийн харьяаллын маргаан, нэхэмжлэлийн зарим хэсэг нь иргэний шүүхийн харьяаллын маргаан гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Өөрөөр хэлбэл, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргын тамгын газрын даргын 2023 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн Б/59 дугаар тушаалыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг иргэний шүүхийн харьяаллын маргаан гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Ажилд нь эгүүлэн томилно гэдэг нь маргаан бүхий тушаалыг хууль бус гэж үзэж хүчингүй болгосон нөхцөлд гарах эрх зүйн үр дагавар байгаа. Гэхдээ бие даасан шаардлага биш юм. Процессын тухай хуулийн 106 дугаар зүйлд ажилд нь эгүүлэн томилох тухай шүүхийн шийдвэрийн төрөл байхгүй. Гагцхүү ажлаас чөлөөлсөн тушаалыг хүчингүй болгосон нөхцөлд нэхэмжлэгчийн хөдөлмөрийн эрх зүйн харилцаа сэргээгдэнэ.

      3.4. Нэхэмжлэгчийн ажлаас чөлөөлсөн тушаал хуульд нийцэж байна уу,  үгүй юу гэдгийг асуудлыг хэлэлцэнэ. Гэхдээ Хөдөлмөрийн тухай хууль, хөдөлмөрийн дотоод журмыг хэрэглэж шийдсэн тул захиргааны хэргийн шүүх хувийн эрх зүйн актыг хянах үндэслэлгүй. Өмнө нь уг асуудлыг шийдвэрлэсэн шүүгчийн захирамж нь процессын хувьд алдаатай гарсан гэж үзэж байна. Учир нь, тухайн өдрийн шүүх хуралдаанд “хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Я.С” оролцсон. Гэхдээ Я.С олгогдсон итгэмжлэл нь хүчин төгөлдөр бус гэдгийг тодруулж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг шүүх хуралдаанд оролцуулахгүйгээр хариуцагч С.Ж оролцуулсан.

       Иймд Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 130/ШЗ2023/02898 дугаартай захирамж алдаатай гарсан учраас энэхүү асуудлыг дахин хэлэлцэх боломжтой.

       3.5. Нэхэмжлэгч өмнө нь Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргын тамгын газарт багийн нарийн бичгийн даргын албан тушаалд томилогдон ажиллаж байсан. Ажлаас нь хууль бусаар чөлөөлсөн тул Т.Ө нь нэхэмжлэл гаргаж энэхүү хэрэг Улсын дээд шүүхээр шийдвэрлэгдсэн.

      3.6. Монгол Улсын Дээд Шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 00616 дугаартай тогтоолоор “нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Өлгий сумын 1 дүгээр багийн нарийн бичгийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох”-оор шийдвэрлэсэн. Хариуцагч энэхүү шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй нэхэмжлэгчид “Багийн нарийн бичгийн албан тушаал нь багийн нийгмийн ажилтны албан тушаал болсон” гэх агуулгаар тайлбарлан багийн нийгмийн ажилтнаар томилсон байна.

     3.7. Нэхэмжлэгч нь Улсын дээд шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүйгээр хариуцагч өөрийг нь багийн нийгмийн ажилтнаар томилсон гэж ойлгосон. Нэхэмжлэгч хохирогч байгаа гэж үзэж байна. Анхнаасаа багийн нийгмийн ажилтны албан тушаал нь өөр албан тушаал гэдгийг нэхэмжлэгч мэдсэн бол шүүхийн шийдвэрийн дагуу багийн нарийн бичгийн даргын албан тушаалд ажиллах байсан.  

      3.8. Захиргааны хэргийн шүүхийн харьяаллын маргаан биш учраас нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж хэргийг хэрэгсэхгүй болгуулах хүсэлттэй. Хэрэв захиргааны хэргийн шүүхийн харьяаллын маргаан мөн гэж үзвэл дахин захиргааны акт гарах хүртэл маргаан бүхий захиргааны актыг 6 сарын хугацаанд түдгэлзүүлэх нь зүйтэй. Шалгалт зарласан талаар нэхэмжлэгчид мэдэгдээгүй. Нэхэмжлэгч шалгалтад ороогүй нь шалгалтад тэнцээгүй гэсэн үг биш. Нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсний дараа шалгалт зарласан нөхцөл байдал тогтоогдсон.

      3.9. Иймд дээрх асуудлыг тодруулсны үндсэн дээр хөдөлмөрийн эрх зүйн харилцааг дуусгавар болгосон эсэх, нэхэмжлэгч захиргааны албан тушаалтан мөн үү? Үгүй юу, үргэлжлүүлээд төрийн захиргааны албан тушаалд ажиллах уу, үгүй юу гэдгийг тодруулах шаардлагатай гэв.

      4. Хариуцагч Өлгий сумын Засаг даргын тамгын газрын даргаас шүүхэд ирүүлсэн тайлбартаа болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа:

      4.1. Өлгий сумын Засаг даргын тамгын газарт 12 баг хариуцсан багийн Засаг даргын туслах гэх орон тоо 2008 оноос бий болж төрийн үйлчилгээний салбарт хамаарч ирсэн юм.

      4.2. Нэхэмжлэгч нь  тухайн орон тоо төрийн үйлчилгээний салбарт хамаарч байх хугацаанд Өлгий сумын 8 дугаар багийн Засаг даргын туслахаар ажиллаж байсан ба ТҮ-4-өөр цалинжиж байсан. Засгийн газрын 2022 оны 487 дугаар тогтоолын дагуу тус орон тоог ТЗ-10 ангилал, зэрэглэлд хамааруулж туслах түшмэл болж ажлын байрны тодорхойлолт батлагдсан болно. Энэхүү ангилал, зэрэглэл нь төрийн захиргааны албанд хамаарагдсантай холбогдуулан 2022 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлд Өлгий сумын 12 багийн нийгмийн ажилтны орон тоонд захиалга хүргүүлж, улмаар тус орон тоог олон нийтэд ил тод зарлаж сонгон шалгаруулалт явуулж 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 105 дугаар бүхий нэр дэвшүүлсэн тогтоол хүргүүлсэн. Тогтоолын хүрээнд Өлгий сумын 8 дугаар багт Х.Т нэр дэвшиж ирсэн боловч тухайн орон тоонд ажиллаагүй тул өмнө нь ажиллаж  байсан хүний хувьд Т.Өыг үргэлжлүүлэн ажиллуулж байсан юм.

      4.3. Харин тухайн орон тоо нэгэнт төрийн захиргааны албан тушаалд хамаарсан тул холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангаж ажиллах үүднээс 2023 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 3/245 дугаар бүхий албан тоотоор Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий  аймаг дахь салбар зөвлөлд дахин захиалга хүргүүлсэн. Энэхүү захиалгын хүрээнд орон тоог олон нийтэд зарлах явцад Сагсай сумын Засаг даргын Тамгын газарт ажиллаж байсан иргэн М.Д байгууллага хоорондын шилжүүлэн томилгоогоор томилогдож улмаар тус орон тоо нөхөгдсөн юм.

       4.4. Нэхэмжлэгч Т.Ө нь багийн нийгмийн ажилтны орон тоог Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөл олон нийтэд нээлттэй зарлаж байх хугацаанд маргаагүй бөгөөд хэрэв тухайн орон тоонд хууль ёсны томилгоотой гэж үзсэн бол орон тоог нийтэд зарлаж байх явцад маргах байсан гэдгийг дурдах нь зүйтэй байна.

        Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

       5. Гуравдагч этгээдээс шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

       5.1. Миний бие М.Д нь 1988 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий суманд төрсөн. Хүмүүнлэгийн Ухааны Их сургуулийн харьяа “Билиг” дээд сургуулийг эрх зүйн бакалаврын зэрэгтэй суралцсан төгссөн. 2009 оны 9 дүгээр сараас 2014 он хүртэл “Ж” ХХК-д оператор, 2014, 2017 онуудад аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний  газраас явуулсан Хүн ам, амьжиргааны түвшин тогтоох судалгааны тоологч, 2017-2018 онд Мянганы сорилтын сангийн судалгааны тоологч, 2018 онд аймгийн Цагдаагийн  газрын нийтийн хэв журам хамгаалах тасагт Олон нийтийн цагдаа, 2019 оноос аймгийн Хөдөлмөр, халамжийн  үйлчилгээний газрын дэргэдэх Залуучуудын оролцоог дэмжих Загвар төвийн захиргааны туслах ажилтан, 2022 онд Өлгий сумын Засаг даргын Тамгын газарт “Шинэ айл” 13 дугаар баг хариуцсан нийгмийн ажилтан, 2023 оны 5 дугаар сарын 16-ны өдөр аймгийн Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлөөс төрийн гүйцэтгэх албан тушаалын сул орон тоог нийтэд зарлаж сонгон шалгаруулалтаар өндөр оноогоор тэнцэж Сагсай сумын Засаг даргын Тамгын газрын хууль эрх зүйн мэргэжилтнээр ажиллаж байгаад Өлгий сумын Засаг даргын Тамгын газарт 8 дугаар багийн нийгмийн ажилтны сул орон тоонд хүндэтгэн үзэх шалтгааны улмаас өөрийн хүсэлтээрээ болон 2 талын байгууллагын удирдлагын харилцан тохиролцсоноор төрийн байгууллага дотор төрийн албан хаагч шилжин ирэх  журмын дагуу шилжин ирсэн.

       5.2. Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн  25.1, 27.1.3, 33.3 дахь заалт, Төрийн албаны зөвлөлийн  2023 оны 25 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн албаны шалгалт өгөх болзол болон шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулах журмын 12.1, Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 59 дүгээр тогтоолоор батлагдсан Төрийн албаны салбар зөвлөлийн ажиллах журмын 3.1.5, 3.5.4, 5.7 дахь заалтыг үндэслэн Төрийн албаны салбар зөвлөлийн 2023 оны 20 дугаар тогтоолоор байгуулагдсан сонгон шалгаруулах комиссын тайлангаар намайг салбар зөвлөлөөс нэр дэвшүүлж, улмаар миний бие Сагсай сумын Засаг даргын тамгын газрын даргын 2023 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн Б/11 тоот тушаалаар хууль эрх зүйн мэргэжилтнээр томилогдсон.

       5.3. Өлгий сумын Засаг даргын тамгын газрын даргын 8 дугаар багийн нийгмийн ажилтны сул орон тоог нөхөх сонгон шалгаруулалтын зарыг нийтэд мэдээлэх, Төрийн албаны салбар зөвлөлд  захиалга хүргүүлсний агуу Төрийн жинхэнэ албан хаагчийг өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах журмын 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэг, Төрийн албаны зөвлөлийн 2022 оны Шилжүүлэх, сэлгэн ажиллуулах тухай 01 дүгээр зөвлөмжийн 2.3 дахь хэсэг, Өлгий сумын Засаг даргын тамгын газрын даргын 2023 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн Б/75 дугаар тушаалаар томилогдон Төрийн албаны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар төрийн жинхэнэ албан хаагчийн тангаргаа өргөн ажиллаж байна.

       5.4. Төрийн албаны тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.3-т “Ерөнхий шалгалтыг төрийн жинхэнэ алба хаах хүсэлтэй, энэ хуулийн 22.1-д заасан шаардлагыг хангасан иргэн, төрийн үйлчилгээний болон улс төрийн албан хаагчдаас, тусгай шалгалтыг энэ хуулийн 18.1-д зааснаар төрийн захиргааны албан тушаал  хооронд шилжих тохиолдолд болон энэ хуулийн  27.1, 33.8-д заасан нөөцөд байгаа иргэдээс тус тус авна” гэсний дагуу нэхэмжлэгч нь Засгийн газрын 487 дугаар тогтоолын хавсралтаар Төрийн захиргааны албан тушаалын ангилал, зэрэглэл түүнд хамаарах албан тушаалын  төрийн үйлчилгээний  ангиллаас төрийн захиргааны ангилал болж өөрчлөгдсөн нь би төрийн албаны тусгай шалгалт өгөх, миний ажилдаа тэнцэхгүй байх үндэслэл болохгүй гэсэн нь төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэгдэл баталгааг үгүйсгэж болох сэтгэгдэл төрүүлж байгаад гомдолтой байна.

      5.5. Нэхэмжлэгч нь 2019 оноос хойш ажиллаж байх хугацаандаа нийгмийн ажилтны орон тоо төрийн захиргааны ангилалд хамаарах болсныг мэдсээр байж Өлгий сумын Засаг даргын тамгын газрын даргын 2022 оны 9 дүгээр сарын 6-ны өдрийн 3/456 дугаар албан бичгээр ирүүлсэн захиалгын дагуу 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Өлгий сумын Засаг даргын тамгын газрын  даргын 12 багийн нийгмийн ажилтны сонгон шалгаруулалт явуулахад, төрийн албаны салбар зөвлөлд нийт 60 иргэн цахимаар хүсэлт ирүүлэхэд, Т.Ө нь хүсэлт ирүүлээгүй байсан байна.

       5.6. 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Өлгий сумын Засаг даргын Тамгын газрын 12 багийн нийгмийн ажилтны сул орон тоон дээр сонгон шалгаруулалт явуулахад нийт 60 иргэн бүртгүүлснээс 54 иргэн шалгаруулалтад орж миний бие 12 дугаар багийн нийгмийн ажилтын сул орон тоонд  54 иргэнээс 2 дугаар байр 73 оноогоор тэнцэж, 74 оноогоор 1 оноогийн зөрүүгээр Е.Р тэнцсэн боловч Төрийн захиргааны албаны гүйцэтгэх албан тушаалын төрөлд дахин орж тэнцэж тухайн албан тушаал дахин сул орон тоо болсон.

      2016, 2020 онуудад төрийн албаны ерөнхий шалгалтад тэнцэж төрийн албаны нөөцөд байсан. Төрийн алба хаах хугацаандаа хариуцлага алдаж, зөрчил дутагдал гаргаж байгаагүй.

      Миний бие уг албан тушаалд хуулийн дагуу томилогдсон тул хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэв.                                                                                      

                                                                

                                                             ҮНДЭСЛЭХ нь:

       1. Нэхэмжлэгч Т.Өы Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргын тамгын газрын даргад холбогдуулан гаргасан “Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргын тамгын газрын даргын 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн Б/59 дүгээр тушаалыг[1] хүчингүй болгох, урьд эрхэлж байсан ажил, албан тушаал болох Өлгий сумын 8 дугаар багийн нийгмийн ажилтны ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн төлөлт хийхийг ажил олгогчид даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг хангах хууль зүйн үндэслэлгүй байна.

       2. Нэхэмжлэгч нь Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргын 2016 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн Б/31 дүгээр тушаалаар[2] Өлгий сумын 1 дүгээр баг хариуцсан нарийн бичгийн даргаар томилогдон ажиллаж байгаад 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн Б/51 дүгээр тушаалаар[3] “... орон тоо хасагдсан” үндэслэлээр чөлөөлөгдсөн, улмаар нэхэмжлэгч  Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд “Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргын тамгын газрын даргын 2018 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” Б/51 дүгээр тушаалыг хүчингүй болгож,  Өлгий сумын 1 дүгээр багийн нарийн бичгийн даргын ажилд эгүүлэн тогтоолгох тухай “ нэхэмжлэл гаргаснаар анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 130/ШШ2018/00696 дугаартай шийдвэрээр[4] нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон, нэхэмжлэгчээс уг шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаснаар Баян-Өлгий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 212/МА2019/00001 дугаартай магадлалаар[5] анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг ханган урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоосон, Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 001/ХТ2019/00616 дугаартай тогтоолоор[6] магадлалыг хэвээр үлдээснээр магадлал хуулийн хүчин төгөлдөр болжээ.

      3. Хариуцагч нь 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн Б/23 дугаар тушаалаар[7] нэхэмжлэгчийг төрийн үйлчилгээний албан тушаалын ангилалд хамаарах Өлгий сумын 8 дугаар багийн нийгмийн ажилтнаар томилсноор шүүхийн шийдвэр биелэгдсэн бөгөөд   уг албан тушаалд нэхэмжлэгч  ажиллаж байх үед буюу 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Монгол Улсын Засгийн газрын 487 дугаар “Төрийн захиргааны албан тушаалын ангилал, зэрэглэл, албан тушаалын жагсалтыг шинэчлэн батлах тухай” тогтоол батлагдан гарч, уг тогтоолын хавсралтын   “Төрийн захиргааны албан тушаалын ангилал, зэрэглэл, түүнд хамаарах албан тушаалын жагсаалт”-д “багийн нийгмийн ажилтан”-ын албан тушаалыг төрийн захиргааны албан тушаалд хамааруулан, төрийн захиргааны албан тушаалын ангиллыг “Туслах түшмэл”, зэрэглэлийг ТЗ-10 болгон тогтоожээ. 

      4. Маргаан бүхий албан тушаал нь төрийн захиргааны албан тушаал болж өөрчлөгдсөнтэй холбогдуулан томилох эрх бүхий этгээдээс сул орон тооны захиалгыг Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлд 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр 3/456 дугаартай албан бичгээр[8] албан тушаалын тодорхойлолттой[9] хамт хүргүүлсэн,  салбар зөвлөл нь  2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 183 дугаар албан бичгээр[10] Төрийн албаны төв зөвлөлд уламжилсан, улмаар  2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Өлгий сумын 12 багийн нийгмийн ажилтны төрийн албаны тусгай шалгалтыг салбар зөвлөл зохион байгуулж,  тусгай шалгалт явуулах тухай тайланг[11] үйлдсэн, 1 дүгээр багийн нийгмийн ажилтны албан тушаалд хамгийн өндөр үнэлгээ авсан Х.Т 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 105 дугаар “Нэр дэвшүүлж, санал болгох тухай” тогтоолын[12] холбогдох хэсгээр  томилох эрх бүхий этгээдэд  нэр дэвшүүлж санал болгосон, Х.Тилейхан нь тухайн орон тоонд ажиллаагүй тул Сагсай сумын Засаг даргын тамгын газрын хууль, эрх зүйн мэргэжилтнээр ажиллаж байсан М.Д Өлгий сумын Засаг даргын тамгын газрын даргын 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн Б/75 дугаартай[13] тушаалаар шилжүүлэн томилжээ. 

       5. Дээрх үйл баримтууд нь хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байх бөгөөд энэ үйл баримтын талаар хэргийн оролцогчид маргаагүй байна.

       6. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс энэ маргааныг “...захиргааны шүүхийн харьяаллын маргаан бус, маргаан бүхий тушаал нь төрийн үйлчилгээний албан тушаалтныг ажлаас чөлөөлсөн тушаал, хувийн эрх зүйн маргаан” гэж маргасан байх ба өмнө нь уг асуудлыг шүүгчийн 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 110/ШЗ2024/0001 дугаартай захирамжаар шийдвэрлэсэн тул шүүх уг асуудлаар дахин дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзлээ.

       7. Төрийн жинхэнэ албаны “сул орон тоо” гэдгийг Төрийн албаны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т ”"сул орон тоо" гэж төрийн жинхэнэ албан хаагчийг албан тушаалаас нь бууруулсан, төрийн албанаас чөлөөлсөн, халсан, өөр албан тушаалд сонгогдсон, томилогдсон, эсхүл төрийн жинхэнэ албан хаагч нас барсны улмаас тухайн албан тушаалын орон тоо суларсан байхыг”, Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 25 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан “Төрийн албаны шалгалт өгөх болзол болон шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулах журам”-ын 1.1-т “Төрийн захиргаа, төрийн үйлчилгээний байгууллагын төсвийн шууд захирагчийг сонгон шалгаруулж нэр дэвшүүлэх, төрийн жинхэнэ албаны сул орон1 тоог нөхөх шалгалт зохион байгуулах, төрийн жинхэнэ албаны ерөнхий болон тусгай шалгалт өгөх болзол, шатлан дэвшихтэй холбогдсон харилцааг хуульд өөрөөр заагаагүй бол энэхүү журмаар зохицуулна” /1 Шинээр бий болсон орон тоог сул орон тоонд тооцно/ гэж   тодорхойлжээ.   

        8. Төрийн үйлчилгээний албан тушаал нь төрийн захиргааны албан тушаал болон өөрчлөгдсөн энэ тохиолдлыг  төрийн жинхэнэ албаны гүйцэтгэх албан тушаалын шинэ сул орон тоо бий болсон гэж үзэх бөгөөд сул орон тоог нөхөх асуудлыг Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-т “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд томилох эрх бүхий этгээд доор дурдсан журмын дагуу уг орон тоог нөхнө”, 27.1.2-т “төрийн жинхэнэ албаны гүйцэтгэх болон туслах албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд тухайн байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагчдаас болон холбогдох бусад төрийн байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагчдаас”, 27.1.3-т “төрийн жинхэнэ албаны гүйцэтгэх болон туслах албан тушаалын сул орон тоог энэ хуулийн 27.1.2-т заасны дагуу нөхөх боломжгүй бол төрийн албан хаагчийн нөөцөд байгаа иргэдээс”, 33 дугаар зүйлийн 33.12-т “... Төрийн албаны ерөнхий болон тусгай шалгалт өгөх болзол, журам, төрийн жинхэнэ албаны нөөц бүрдүүлэх журмыг Засгийн газартай зөвшилцөн төрийн албаны төв байгууллага батална”,  Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн “Төрийн албаны шалгалт өгөх болзол болон шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулах журам,загвар батлах тухай” 25 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтын Наймын 8.2-т “Төрийн жинхэнэ албаны гүйцэтгэх, туслах албан тушаалын сул орон тоог дараах дарааллаар сонгон шалгаруулж нөхнө”, 8.2.1-т “тухайн байгууллага болон холбогдох бусад төрийн байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчдаас”, 8.2.2-т “энэ журмын 8.2.1-т заасны дагуу нөхөх боломжгүй бол төрийн жинхэнэ албаны нөөцөд байгаа иргэдээс” гэж нарийвчлан зохицуулжээ.

      9. Тодруулбал, хуулийн 27.1.2-т заасан “... тухайн байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагчдаас...” гэснийг дээрх тогтоолын 8.2.1-т “... тухайн байгууллага болон холбогдох бусад төрийн байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчдаас” гэж тодруулан заасан байх тул  уг албан тушаалын сул орон тоог эхлээд тухайн байгууллагад болон бусад төрийн байгууллагад ажиллаж байсан төрийн жинхэнэ албан хаагчдаас нөхөх  ба харин энэ заалтыг тухайн байгууллагад болон бусад холбогдох байгууллагад   төрийн үйлчилгээний албан тушаалд ажиллаж байсан хүнд хамааруулан  хэрэглэх, уг албан тушаалд үргэлжлүүлэн ажиллуулах хууль зүйн  үндэслэлгүй байна.

           

      10. Төрийн албаны тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-т “Төрийн жинхэнэ албаны нөөц бүрдүүлэх, төрийн жинхэнэ албан хаагчийг сонгон шалгаруулах зорилгоор төрийн албаны мэргэшлийн шалгалтыг авна”, 33.2-т “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албаны шалгалт доор дурдсан төрөлтэй байна”, 33.2.1-т “ерөнхий шалгалт”, 33.2.2-т “тусгай шалгалт”, 33.3-т “Ерөнхий шалгалтыг төрийн жинхэнэ алба хаах хүсэлтэй, энэ хуулийн 22.1-д заасан шаардлагыг хангасан иргэн, төрийн үйлчилгээний болон улс төрийн албан хаагчаас, тусгай шалгалтыг энэ хуулийн 18.1-д заасан төрийн захиргааны албан тушаалын ангилал хооронд шилжих тохиолдолд болон энэ хуулийн 27.1.3, 33.8-д заасан нөөцөд байгаа иргэдээс тус тус авна” гэж заасан.

      11. Хуулийн дээрх заалтуудын агуулгаас үзэхэд, төрийн жинхэнэ албаны  шалгалт нь “ерөнхий” болон “тусгай” гэсэн 2 төрөлтэй  байх  ба  төрийн жинхэнэ алба хаах хүсэлтэй иргэн,  төрийн үйлчилгээний болон улс төрийн албан хаагчаас  төрийн жинхэнэ албан хаагчийн нөөцийг бүрдүүлэх зорилгоор  “ерөнхий” шалгалтыг,  харин  төрийн захиргааны албан тушаалын ангилал хооронд шилжихэд болон ерөнхий шалгалтад тэнцсэн, нөөцөд байгаа иргэдээс төрийн жинхэнэ албан хаагчийг сонгон шалгаруулах зорилгоор  “тусгай” шалгалтыг авах  асуудлуудыг тус тус  зохицуулжээ.

       12. Нэхэмжлэгч нь төрийн жинхэнэ албад томилогдоход тавигдах  хуульд заасан дээрх гол шалгуур болох “ерөнхий” болон  “тусгай” шалгалтуудыг  өгөөгүй болох нь нэхэмжлэлийн агуулгаар, мөн хэрэгт авагдсан сонгон шалгаруулалтай холбоотой нотлох баримтуудаар тогтоогдож байх тул  маргаан бүхий захиргааны актын улмаас түүний төрийн жинхэнэ албан тушаалд ажиллах эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн  гэж үзэх боломжгүй тул  нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.     

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.2, 27.1.3, 33 дугаар зүйлийн 33.1, 33.12-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Т.Өы Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргын тамгын газрын даргад холбогдуулан гаргасан “Өлгий сумын Засаг даргын тамгын газрын даргын  2023 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн Б/59 дүгээр тушаалыг хүчингүй болгох, урьд эрхэлж байсан ажил, албан тушаал болох Өлгий сумын 8 дугаар багийн нийгмийн ажилтны ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн төлөлт хийхийг ажил олгогчид даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг  бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-т тус тус  зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлого болгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар  хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч  шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

                      

 

 

                     ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               З.ГҮЛБАРША

 

[1] Хэргийн 35 дугаар тал

[2] Хэргийн 168 дугаар тал

[3] Хэргийн 33 дугаар тал

[4] Хэргийн 148-156 дугаар тал

[5] Хэргийн 157-162 дугаар тал

[6] Хэргийн 163-167 дугаар тал

[7] Хэргийн 34 дүгээр тал

[8] Хэргийн 79 дүгээр тал

[9] Хэргийн 81-86 дугаар тал

[10] Хэргийн 89 дүгээр тал

[11] Хэргийн 92-108 дугаар тал

[12] Хэргийн 88 дугаар тал

[13] Хэргийн 131 дүгээр тал