Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 28 өдөр

Дугаар 201/МА2020/00012

 

Ц.Мийн нэхэмжлэлтэй, Б.Бд холбогдох хэргийн талаар

Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Наранбаяр даргалж, шүүгч Ж.Долгормаа, З.Энхцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны "В" танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 сарын 13-ны өдрийн 138/ШШ2020/00207 дугаар шийдвэртэй, Ц.Мийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Бд холбогдох гэм хорын хохиролд 7 650 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгч Д.Г-ын гаргасан давж заалдах гомдлоор 2020 оны 03 сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч З.Энхцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Энхнаран нар оролцов.

Нэхэмжлэгч Ц.М шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие 2018 оны 12 дугаар сарын 30-ны орой Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар багт байрлах “.............” рестораны гадна Б.Бтэй маргалдан зодуулж баруун доод 1, 2, 3-р шүд гэмтсэн. Дорнод аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 95 дугаар тогтоолоор Б.Б-г шийтгэж, хохирлоо иргэний журмаар шийдүүл гэсэн. Миний нэг шүд 10 дугаар сард унасан бөгөөд дараагийн шүд унахад тун ойрхон болоод байгаа. Буцааж бэхлэх ямар ч боломжгүй гэсэн. Би аль болох хямд зардлаар эмчлүүлэхийг зорьсон. Б нь анх надад танил эмчийнхээ эмнэлгээр эмчлүүлж өгнө гэж хэлсэн. Тэгээд намайг шүдний зургаа авахуулчих гэхээр нь шүдний зургаа авахуулаад CD-нд буулгаад Бд өгсөн боловч 2 сар гаруй хугацаанд сураггүй болсон. Б нь дандаа худлаа хэлдэг байсан бөгөөд сүүлдээ над руу заналхийлдэг болсон. Бтэй холбогдоход одоохондоо мөнгөний бололцоогүй байна гэдэг. Миний бие 2019 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод “Хашталст” гэх шүдний эмнэлэгт төлбөртэй үзлэг шинжилгээнд ороход гэмтлээс үүдэлтэй 3 шүдний сулралт үүссэн байна гэсэн. Иймээс имплант суулгах шаардлагатай гэсэн бөгөөд нэг шүдний имплант нь 1 800 000 - 2 000 000 төгрөгийн үнэтэй байдаг юм байна. Мөн имплант суулгахад олон удаагийн эмчилгээ хийлгэх шаардлагатай гэсэн. Би Улаанбаатар руу ирж, очих болон эмчилгээний бусад зардлыг огт нэхэмжлээгүй. Зөвхөн дээрх 3 шүдээ эмчлүүлж имплант суулгах зардал, эмнэлгийн үзлэгийн төлбөр нийт 7 650 000 төгрөгийг нэхэмжилсэн. Надад өөрөөсөө мөнгө гаргаад эмчлүүлэх боломж байхгүй байна. Иймд Б.Бэс 7 650 000 төгрөг гаргуулж өгнө үү.” гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч Д.Г шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  “Нэхэмжлэгч Ц.М нь өөрт учирсан бодит хохирлыг нэхэмжлээгүй байна. Хэдэн төгрөгөөр хэрхэн эмчлүүлсэн талаарх нотлох баримтыг гаргаж өгөөгүй. Ц.М нь эмчилгээ хийлгээгүй байж, нэхэмжлэх авчран хохирол нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөн нэхэмжилж байгаа мөнгөн дүн нь зэх зээлийн үнэлгээнээс хэт их байна. Имплантыг олон эмнэлгүүд өөр өөр үнэлгээтэйгээр хийдэг юм билээ. Нэхэмжлэгч нь имплантыг 2 сая төгрөгөөр хийлгэнэ гэж нэхэмжилж байгаа ч хариуцагч Б нь имплантыг өөр эмнэлэгт 1 000 000 - 1 200 000 төгрөгөөр хийлгэх боломжтой гэдэг. Иймд үнийн дүнгийн хувьд 3-4 сая төгрөгийн зөрүү гарч байна. Нэхэмжлэгч нь өөрөөсөө эмчилгээний зардлыг гаргаж эмчлүүлээд, гарсан зардлаа баримттайгаар нэхэмжилбэл хариуцагч төлбөрийг нь барагдуулахад татгалзахгүй.” гэжээ.

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 сарын 13-ны өдрийн 138/ШШ2020/00207 дугаар шийдвэрээр: Монгол Улсын Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.4, 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Бэс эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд 4 000 000 /дөрвөн сая/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.Мд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 3 650 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгч Ц.М нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч Б.Бэс улсын тэмдэгтийн хураамжид 78 950 төгрөг гаргуулж төсвийн орлого болгож, ... шийдвэрлэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч Д.Г 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдөр гаргасан давж заалдах гомдолдоо: “...Нэхэмжлэгч Ц.М нь тус шүүхэд хандаж Б.Бэс гэм хорын хохиролд 7 650 000 төгрөг нэхэмжилсэн. Тэрээр өөрийн шүдийг бодитоор эмчлүүлж, эмчилгээний хөлс, төлбөр төлөөгүй бөгөөд “Хашталст” шүдний эмнэлгийн нэхэмжлэхээр тогтоогдсон 7 601 000 төгрөгийг нэхэмжилсэн. Анхан шатны шүүх ямар нотлох баримтыг үндэслэн “Ц.Мийн эрүүл мэндэд учирсан гэм хор, гэмтлийг эмчлүүлэхэд шаардагдах зайлшгүй зардлын зарим хэсэг болох 4 000 000 төгрөгийг урьдчилан төлүүлэх нь зүйтэй” хэмээн дүгнэсэн нь ойлгомжгүй байна. Төлөөлүүлэгч Б.Б нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ “булгарч унаагүй, хөдөлгөөн орсон шүдийг заавал авч имплант хийх шаардлагагүй, хөдөлгөөнтэй шүдэнд зохих эмчилгээг хийж батжуулах боломжтой учир эмчилгээний зардал харьцангуй бага гардаг. Нөгөөтэйгүүр шүдний эмнэлгүүдэд имплант болон эмчилгээний төлбөр харилцан адилгүй үнэ өртөгтэй байдаг. Хариуцагчаас гаргаж өгсөн нотлох баримтанд 1 ширхэг имплант 2 000 000 төгрөгийн өртөгтэй болохыг тогтоосон бол өөр шүдний эмнэлэгт 1 ширхэг имплант 1 200 000 төгрөгийн өртөгтэй байдаг” гэж тайлбарладаг. Хариуцагчийн дээрх тайлбарын дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч талаас нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч татгалзлалаа нотлох зорилгоор Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн шүдний тасгаас мэргэжлийн эмчийг шинжээчээр томилуулж холбогдох асуудлуудыг тодруулахаар хүсэлт гаргасан боловч анхан шатны шүүх хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан нь хариуцагчийн өөрийн татгалзлалаа нотлох эрхийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

                                                      ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Ц.М нь хариуцагч Б.Бд холбогдуулан эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд 7 650 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргасан байна.

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаас үзэхэд хариуцагч Б.Б нь 2018 оны 12 сарын 30-наас 31-нд шилжих шөнө Хэрлэн сумын 7 дугаар баг, “............” рестораны гадна нэхэмжлэгч Ц.Мтэй маргалдан улмаар зодож, биед нь ... баруун доод 1,2,3  дугаар шүднүүдийн сулрал, ... эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь 2019/ШТ/95 дугаар шийтгэх тогтоолоор нотлогдсон байна.

Анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролтой холбоотой маргааныг хянан шийдэрлэхдээ Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.4,  497 дугаар зүйлийн 497.1-д заасан зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-д заасан “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.” гэсэн хуулийн шаардлагад нийцсэн байна.

Хариуцагчийн төлөөлөгч Д.Г нь “... нэхэмжлэгчээс гаргаж өгсөн нотлох баримтанд 1ш имплант нь 2,0 сая төгрөгний өртөгтэй болохыг тогтоосон бол өөр шүдний эмнэлэгт 1ш имплантыг 1 200 000 төгрөгийн өртөгтэй байдаг” гэж давж заалдах гомдолдоо дурдсан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.3-д зааснаар нэхэмжлэлийн шаардлага, маргааны үйл баримтыг татгалзаж буй үндэслэлээ нотолж, нотлох баримтаа гаргаж чадаагүй байна.  

Мөн анхан шатны шүүх хариуцагчийн төлөөлөгчийн “ ... мэргэжлийн эмчийг шинжээчээр томилуулах ...” хүсэлт гаргасныг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй байна.

Иймд хариуцагчийн төлөөлөгч Д.Г-ын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж дүгнэв.

Хариуцагчийн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 78 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 сарын 13-ны өдрийн 138/ШШ2020/00207 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгч Д.Г-ын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 57.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагчийн төлөөлөгч Д.Г-с давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 78 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэсэн үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.лээгү хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаан журам зөрчсөн гэсэн үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэ 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ           Л.НАРАНБАЯР

ШҮҮГЧИД                              Ж.ДОЛГОРМАА

                                              З.ЭНХЦЭЦЭГ