Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 128/ШШ2016/0406

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Оюунгэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны Б танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Ж.Э*******,

Хариуцагч: Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга,

Нэхэмжлэлийн шаардлага: Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Ш.Э*******ын сонгон шалгаруулалт явуулах тухай тушаалыг танилцуулахгүй, хуулбарлан өгөхгүй байгаа эс үйлдэхүйг тогтоож, тушаал шийдвэрээ танилцуулах, хуулбарлан өгөхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.А*******, харуицагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.О******* нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ж.Э******* миний бие нь анх нийслэлийн эрүүл мэндийн газрын даргын 1996 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 27 тоот тушаалаар ажилд орж уг байгууллагад тасралтгүй 15 жил ажиллаж байгаад 2014 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн нийслэлийн эрүүл тэндийн газрын даргын б/50 тоот тушаал гарч миний бие ажилгүй болсон. Миний бие нь нийслэлийн эрүүл тэндийн газрын дээд шатны байгууллага болох нийслэлийн засаг дарга бөгөөд улаанбаатар хотын захирагч Б*******, нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхэд, захиргааны хэргийн давж заалдах шүүхэд, монгол улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүхэд тус тус хандаж гурван шатны шүүх миний нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж ажилд эгүүлэн тогтоож ажилгүй байсан хугацааны цалинг олгох нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийх шийдвэр гарсан. Уг дээд шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 21-ны өдрийн 285 тоот тогтоол албан ёсоор баталгаажиж гардан авсанаас хойш ажилд авах тухай нийслэлийн эрүүл тэндийн газраас ярихгүй болохоор өөрөө 2015 оны 01 дүгээр сарын 16-нд ажилдаа орох тухай хүсэлтийг нийслэлийн эрүүл тэндийн газарт өгсөн. Нийслэлийн эрүүл тэндийн газраас 2015 оны 12 дугаар сарын 01-нд шүүхийн шийдвэрийн дагуу ажилгүй байсан хугацаанд нөхөн олговор, нийгмийн даатгалд бичилт хийх болсон, нээлттэй сонгон шалгаруулалт явуулах болсон талаар мэдэгдсэн. Мөн 2015 оны 12 дугаар сарын 24-нд сонгон шалгаруулалтын товыг мэдэгдсэн албан бичиг ирсэн. Миний бие надад холбогдон гарсан нээлттэй сонгон шалгаруулалт явуулах тухай тогтоол шийдвэрийг гардаж авах хүсэлтийг нийслэлийн эрүүл тэндийн газарт явуулсан. 2016 оны 01 дүгээр сарын 07-нд сонгон шалгаруулалт явуулах шийдвэр гарсан гэсэн хариу өгсөн. Ингээд миний бие нийслэлийн засаг дарга Б*******, нийслэлийн эрүүл тэндийн газрын дарга Э******* надад холбогдож гарсан тушаал шийдвэрийг надад гардуулж өгөхгүй эс үйлдэл хийж байгаа бөгөөд энэ нь миний уг тушаал шийдвэртэй танилцах улмаар гомдол гаргах эрхийг минь зөрчиж байна гэсэн гомдол гаргасан. Гэтэл нийслэлийн засаг дарга Бат-үүл нь нийслэлийн эрүүл тэндийн газарлуу миний гомдлыг шилжүүлсэн байна.2016 оны 02 дугаар сарын 17-ны өдөр нийслэлийн эрүүл мэндийн газраас сонгон шалгаруулалттай холбоотой нийслэлийн эрүүл тэндийн газрын даргын тушаалыг хуулбарлан өгөх боломжгүй гэсэн хариуг өглөө. Нийслэлийн эрүүл тэндийн газрын дарга Ш.Э******* нь ямарч хууль зүйн үндэслэлгүй, гарсан эсэх нь үл мэдэгдэх тушаалаар сонгон шалгаруулалт явуулах гээд байгааг би ойлгохгүй байгаа бөгөөд нээлттэй сонгон шалгаруулалт юм бол олон нийтийн мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлэх, холбогдох тушаалыг хавсаргаж танилцуулах ёстой шүү дээ. Гэтэл миний хувьд энэ талаар ямар нэгэн зүйл олж хараагүй. Иймд нийслэлийн эрүүл тэндийн газрын дарга Ш.Э*******ын сонгон шалгаруулалт явуулах тухай тушаалыг танилцуулахгүй, хуулбарлан өгөхгүй байгаа энэ эс үйлдлийг тогтоож тушаал шийдвэрээ танилцуулах хуулбарлан өгөхийг даалгаж өгнө үү.

Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн хяналтын шатны шүүхийн 2015 оны 285 дугаар тогтоолоор анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалын холбогдох эсэхэд өөрчлөлт оруулж шийдвэрлэсэний дагуу Ж.Э*******т ажилгүй байсан 2014 оны 09 дүгээр сарын 11-ний өдрөөс 2015 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр хүртэлх хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний нөхөн олговор олгож нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийсэн. Харин нийслэлийн эрүүл мэндийн газрын даргын 2014 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн Үйл ажиллагааны чиглэлийг шинэчлэн батлах тухай А/81 дүгээр тушаалаар Эм, эмнэлэгийн хэрэгслийн хангаж, эмийн сангуудын үйл ажиллагаа хариуцсан мэрэгжилтний албан тушаал 1 болж цөөрсөн тул төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3, улсын дээд шүүхийн захиргааны хэргийн хяналтын шатны шүүхийн тогтоолын дагуу Эм, эмнэлгийн хэрэгслийн чанар, хяналт, төлөвлөлт эмийн сангийн асуудал хариуцсан мэргэжилтэн Д.Б*******, Ж.Э******* хоёрын хэн нь үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар зэргээрээ тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хангаж байгаа талаар сонгон шалгаруулалт явуулах болсон. Нийслэлийн эрүүл мэндийн даргын тушаалаар сонгон шалгаруулалт явуулах ажлын хэсэг томилогдож сонгон шалгаруулалтад ирж бүртгүүлэх талаар Ж.Э*******т 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 1/1372 дугаар албан бичгээр мэдэгдсэн. Улмаар Ж.Э******* нь сонгон шалгаруулалтад ирээгүй тул ажлын хэсгийн саналыг үндэслэн нийслэлийн эрүүл мэндийн газрын удирдлагын зөвлөлийн хурлаар Д.Б*******ыг цаашид үргэлжлүүлэн ажиллуулахаар шийдвэрлэсэн болно. Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч нь Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Ш.Э*******ын сонгон шалгаруулалт явуулах тухай тушаалыг танилцуулахгүй, хуулбарлан өгөхгүй байгаа эс үйлдэхүйг тогтоож, тушаал шийдвэрээ танилцуулах, хуулбарлан өгөхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг шүүх хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримт зэргийг үнэлээд, дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Ж.Э******* нь Нийслэлийн эрүүл мэндийн газарт Эм эмнэлгийн хэрэгслийн хангамж, эмийн сангуудын үйл ажиллагаа хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байхад нь Нийслэлийн эрүүл мэндийн газрын даргын 2014 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн Б/50 дугаар Ажлаас чөлөөлөх тухай тушаалаар ажлаас нь чөлөөлсөн байна.

Улмаар Ж.Э******* нь шүүхэд нэхэмжлэл гаргасныг Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 221 дүгээр шийдвэрээр нэхэмжлэгч Ж.Э*******ын нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Нийслэлийн эрүүл мэндийн газрын даргын 2014 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн Б/50 дугаар Ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгож, Ж.Э*******ыг урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоож, түүний ажилгүй байсан 2014 оны 9 дүгээр сарын 11-ний өдрөөс 2015 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэлх хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг олгон, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг Нийслэлийн эрүүл мэндийн газарт даалгаж, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 308 дугаар магадлалаар шийдвэрийг хэвээр үлдээж, Монгол Улсын Дээд шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 285 дугаар тогтоолоор Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 221 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 308 дугаар магадлалын Тогтоох хэсгийн 1 дэх заалтын ...Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1, 35.1.2 гэснийг хасч өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж тус тус шийдвэрлэсэн байна.

Хариуцагчаас дээрх шүүхийн шийдвэрийг биелүүлэх зорилгоор Нийслэлийн эрүүл мэндийн газрын даргын 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн Б/81 дугаар Ажлын хэсэг байгуулах тухай тушаалаар Д.Б*******, Ж.Э******* нарын үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг харгалзан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг сонгон шалгаруулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг хавсралтаар баталсан гэж тайлбарлаж байгаа боловч бодит нөхцөл байдал дээр биелэгдээгүй байна.

Тухайлбал шүүхийн шийдвэрээр нэхэмжлэгч Ж.Э*******ыг өмнө нь эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоосон байхад, ажилд нь эгүүлэн тогтоолгүй сонгон шалгаруулалт явуулж байгаа нь хууль бус болжээ.

Сонгон шалгаруулалт 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр болох талаар нэхэмжлэгчид 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 1/1372 дугаар албан бичгээр мэдэгдсэн байх бөгөөд нэхэмжлэгч нь 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдөр ...сонгон шалгаруулалтыг ямар хууль эрхийг үндэслэж ямар тушаал заавар гаргаж явуулах болсон тухай албан бичгээр ирүүлэхийг хүсье. Миний бие танай шийдвэрийг судлаж үзээд сонгон шалгаруулалтанд орох эсэх тухай хариу өгмөөр байна гэх утга бүхий өргөдөл гаргасан болох нь өргөдөл, гомдлын бүртгэлийн дэвтрийн 139 дугаарт бүртгэгдсэн байдал, өргөдлийн хуулбар, хэргийн оролцогчдын тайлбараар тогтоогдож байна.

Гэтэл хариуцагч нь сонгон шалгаруулалт явуулах тухай 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн Б/81 дугаар Ажлын хэсэг байгуулах тухай тушаалыг нэхэмжлэгчид танилцуулаагүй болох нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд нэхэмжлэгч талаас удаа дараа хүсэлт гаргаж байсан ба уг хүсэлтийн дагуу боломжгүй гэдэг хариуг өгсөн, гардуулах шаардлага байхгүй гэж үзсэн гэх тайлбараар нотлогдож байна.

Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйл. Өргөдөл, гомдлын талаар төрийн байгууллага, албан тушаалтны хүлээх нийтлэг  үүрэг, 1. Өргөдөл, гомдлын талаар төрийн байгууллага, албан тушаалтан дараахь нийтлэг үүрэг хүлээнэ: 1/ иргэдээс өргөдөл, гомдол гаргах эрхээ хэрэгжүүлэх нөхцөлийг бүрэн хангах,  15 дугаар зүйл. Өргөдөл, гомдлыг шийдвэрлэх, хариу өгөх 1.Өргөдөлд дурдсан асуудлыг шууд шийдвэрлэх боломжтой бол зохих шийдвэрийг гаргана гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгчийн ажлын байрны сонгон шалгаруулалттай холбоотой тушаалыг өргөдлийн дагуу танилцуулах үүргээ хэрэгжүүлээгүй, улмаар дээрх тушаалд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д Хуульд өөрөөр заагаагүй бол иргэн, хуулийн этгээд захиргааны байгууллага, албан тушаалтны захиргааны хууль бус акт нь түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзвэл холбогдох захиргааны актыг хүлээн авснаас, эсхүл мэдсэнээс хойш 30 хоногийн дотор тухайн байгууллага, албан тушаалтныг шууд харьяалах дээд шатны захиргааны байгууллага, албан тушаалтанд гомдлоо гаргана гэж заасан гомдол гаргах эрхийг хангаагүй нь хууль бус үйлдэл болжээ.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Ш.Э*******ын сонгон шалгаруулалт явуулах тухай тушаалыг танилцуулахгүй, хуулбарлан өгөхгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус байх тул Нийслэлийн эрүүл мэндийн газрын даргын 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн Б/81 дугаар Ажлын хэсэг байгуулах тухай тушаалыг нэхэмжлэгчид танилцуулах, хуулбарлан өгөхийг даалгах нь зүйтэй гэж үзлээ.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 70.2.4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1.1, 15 дугаар зүйлийн 1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Ш.Э*******ын сонгон шалгаруулалт явуулах тухай тушаалыг танилцуулахгүй, хуулбарлан өгөхгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус байх тул тушаалыг нэхэмжлэгчид танилцуулах, хуулбарлан өгөхийг Нийслэлийн эрүүл мэндийн газрын даргад даалгасугай.

2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ОЮУНГЭРЭЛ