Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 28 өдөр

Дугаар 201/МА2020/00013

 

                “С” ХК-ийн нэхэмжлэлтэй, “А” ХХК-д холбогдох хэргийн талаар

Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Наранбаяр даргалж, шүүгч Ж.Долгормаа, З.Энхцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны "В" танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 сарын 17-ны өдрийн 138/ШШ2020/00215 дугаар шийдвэртэй, “С” ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч “А” ХХК-д холбогдох 11 628 159 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгч Д.Хын гаргасан давж заалдах гомдлоор 2020 оны 03 сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч З.Энхцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Ш /онлайнаар/, хариуцагчийн төлөөлөгч Д.Х, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Энхнаран нар оролцов.

 Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Ш шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:”А” ХХК нь “С” ХК-ийн гэрээт борлуулагч болохоор 2015 оны 05 дугаар сарын 14-ний өдөр хүсэлт гаргасан. “С” ХК нь “А” ХХК-ийн захирал Д-тэй 2015 оны 01 сарын 20-ны өдөр гэрээ байгуулсан. Гэрээт борлуулагч болохын тулд 2015 оны 05 дугаар сарын 19-ний өдөр 5 сая төгрөгийн барьцааг компаний дансанд байршуулах байсан. 2015 оны 05 сарын 20-ны өдөр 5 сая төгрөгийн барьцааны мөнгийг шилжүүлсэн. Ингээд 2015 оны 05 сарын 22-ны өдрөөс “С” ХК нь “А” ХХК-д бараа нийлүүлж эхэлсэн. “А” ХХК нь 2015 онд 5 225 407 төгрөгийн үлдэгдэлтэй байсан. 2016 оны тооцооны үлдэгдэл нь 5 970 578 төгрөг болсон. 2015, 2016 оны нийт үлдэгдлээс барьцааны 5 сая төгрөгөө хасаад үлдэгдэл 6 920 097 төгрөг байгаа. Гэрээний 6.1-т зааснаар худалдагч нь бүтээгдэхүүний үнийг тогтоосон хугацаанд бүрэн болон хэсэгчлэн төлөөгүй, эсхүл төлөхөөс зайлсхийж татгалзсан тохиолдолд нийлүүлэгч тал гэрээний 4.4-т заасны дагуу алданги тооцох, гэрээг дангаар цуцлах, өөрт учирсан хохирлоо барьцааны гэрээний дагуу барьцаалсан барьцаа хөрөнгөнөөс үл маргах журмаар суутган авах эрхтэй бөгөөд худалдан авагч талаас нийлүүлэгч тал учруулсан хохирлын хэмжээ барьцаа хөрөнгөөс хэтэрсэн тохиолдолд хуулийн байгууллагад хандаж асуудлыг шийдвэрлүүлэх эрхтэй гэж заасан байдаг. “А” ХХК нь 2016 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар 11 954 597 төгрөгийн үлдэгдэлтэй байснаас 2017 оны 12 дугаар сарын сарын 26-ны өдөр барьцаа хөрөнгийг хасаж 6 920 097 төгрөг үлдсэн. Хариуцагчийн маргаж байгаа баримтаар тооцоо нийлсэн бөгөөд “А” ХХК нь өнөөдрийг хүртэл төлбөрөө төлөөгүй байна. Иймд бид гэрээнд заасны дагуу хоногийн 0.5 хувийн алданги тооцсон. Хавтаст хэрэгт өгсөн алдангийн тооцооллоор 24 531 743 төгрөгийн алданги гарсан боловч Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т заасны дагуу анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэсний дагуу нийт үлдэгдэл болох 6 920 097 төгрөгийн 50 хувиар тооцож 3 460 048 төгрөгийн алданги тооцсон. Ингээд алданги дээр үлдэгдэл мөнгөө нэмэхээр 10 380 145 төгрөг гарч байна. Үүн дээр өмгөөлөгчийн хөлс, замын зардал болох 1 170 000 төгрөгийг нэмж 11 550 145 төгрөгийн хариуцагчаас нэхэмжилж байна. Замын зардлыг тооцоон дээр бага зэрэг өөрчлөлт гарсан.” гэжээ.

 Хариуцагчийн төлөөлөгч Д.Х шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “А” ХХК нь 2015 оноос эхэлж “С” ХК-тай гэрээ байгуулж сүү, зайрмагийг нь борлуулдаг байсан нь үнэн. 2016 оны 6 дугаар сард хүү маань осолд орж нөхөр маань хүүгээ эмчлүүлэхээр Улаанбаатар хот явж би 3 дахь хүүхдээ төрүүлэх гээд жирэмсэн байсан. Ингээд манай компанийг тооцооны үлдэгдэлтэй байна бэлэн мөнгөөр бараа татан ав гэж хэлсэн тул би 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдөр 4 500 000 төгрөг шилжүүлээд 6 сая гаруй төгрөгийн бараа татан авч 2015 оны үлдэгдэлтэйгээ нийлүүлж мөнгөө төлж дуусгасан. Ингээд манай компанийг төлбөрийн үлдэгдэл байхгүй юм чинь дахин гэрээ байгуулахаар болж 2016 оны 10 сарын 20-ны өдөр дахин гэрээ байгуулсан байдаг. Хэргийн материалд хавсаргасан баримтууд нь 2015 оны баримтууд байгаа бөгөөд ямар ч гарын үсэггүй байгааг гайхаж байна. Хэрэв манай компани үлдэгдэлтэй байсан юм бол 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөр яагаад гэрээг дахин байгуулсан бэ гэдэг нь эргэлзээтэй байна. “С” ХК бол том компани тул санхүүгийн хувьд тооцоо барьдаг байх. Гэтэл манай компанийг 11 сая төгрөгийн үлдэгдэлтэй байлгасан гэдэг нь эргэлзээтэй байна. Бид “С” ХК-д хандан цахилгааны төлбөр болон хөргүүр эвдэрснээс бүтээгдэхүүн муудсан байгаа зэргийг үлдэгдлээсээ хасуулах талаар хэлэхэд бид цаашид хамтран ажиллах юм чинь болох байлгүй дээ гэж хэлж байсан. Хүү минь эмнэлэгт эмчлүүлж би нялх хүүхэдтэй байсан тул бид дахин бараа татан авалт хийгээгүй. Ингээд биднийг үлдэгдэлтэй байна гэж хэлэхээр нь үнэхээр манайх үлдэгдэлтэй байгаа юм бол шаардах яагаад явуулахгүй байгаа юм гэхэд бидэнтэй эргэж холбогдоно гэж хэлээд холбоогүй болсон. Ингээд гэнэт биднийг шүүхэд өгсөн байсан. Өмгөөлөгч сүүлд нөхрийн минь шатрын клуб дээр очоод энэ баримт дээр гарын үсэг зурчих, бид заавал шүүхээр явах шаардлагагүй гэж хэлсэн байсан. Тэгэхээр нь Д-нь үгүй гээд явуулсан гэсэн. 2016 оны 7 сарын 5-ны өдөр авсан бараанаас хойш дахин бараа таталт хийгээгүй. “С” ХК-ний гаргасан төлбөр төлсөн тооцоонд маргах зүйл байхгүй байна. Миний төлж байсан төлбөрүүд байна. Харин 7 сарын 25-ны өдөр 6 сая гаруйн төгрөгийн бараа аваад маргааш нь буюу 26-ны өдөр 601 мянган төгрөгийн бараа авсан байгаад гайхаж байна. Мөн 8 сарын 25-ны өдөр дахин 6 сая гаруй төгрөгийн бараа авсаныг зөвшөөрөхгүй байна. Баримт дээр зурсан гарын үсэг Д-ын гарын үсэг мөн байна. Гэхдээ бид 7 сарын 5-ны өдөр бараа авснаас өөр бараа аваагүй. Төлбөрийг төлөхийг зөвшөөрөхгүй байна.” гэжээ.

 Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 сарын 17-ны өдрийн 138/ШШ2020/00215 дугаар шийдвэрээр: Монгол Улсын Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 262 дугаар зүйлийн 262.1-д зааснаар “А” ХХКомпаниас 10 380 145 төгрөг гаргуулан “С” ХКомпанид олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 201 001 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “А” ХХКомпаниас 181 032 төгрөг гаргуулан “С” ХКомпанид олгож, ... шийдвэрлэжээ.

 Хариуцагчийн төлөөлөгч Д.Х 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдөр давж заалдах гомдолдоо: “...1. Хариуцагч “А” ХХК нь 2015 оны 5 сарын 20-ны өдөр “С” ХК-тай харилцан тохиролцож 1 жилийн хугацаатай гэрээ байгуулан зайрмагийг нь борлуулахаар гэрээний үүргийн дагуу бараа татан авч борлуулалт хийж эхэлсэн. 2016 оны 6 сарын байдлаар бараа татан авалт хийхдээ “С” ХК-тай 2015 оны тооцооны үлдэгдэлтэй байсан тул 2016.07.05-ны өдөр 4 500 000 төгрөг шилжүүлэн 6 сая гаруй төгрөгийн бараа татан авсан. 2016 оны 8, 9 сардаа “С” ХК-д тооцоогоо бүрэн төлж барагдуулсан болно. Цаашид төлбөр тооцооны үлдэгдэлгүй болсон тул “С” ХК-тай дахин гэрээ хийх эрх үүсч 2016.10.20-ны өдөр шинээр гэрээ байгуулсан боловч дахин татан авалт хийгээгүй болно. “С” ХК-д ямар нэгэн өр төлбөр байхгүй. Гэтэл “С” ХК-ийн менежер Б.А нь 2016 оны 12 сарын 31-ний өдөр үйлдэгдсэн “тооцооны үлдэгдлийг баталгаа” гэх хуурамч баримт бүрдүүлэн зохиомол өр үүсгэн нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй болно. Хэргийн материалд байгаа баримтууд нь 2015 оны баримтууд байх бөгөөд ямар ч гарын үсэг байхгүй байхад шүүх уг баримтуудыг үнэлсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан “шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэсэн хуулийн заалтыг хангаагүй гэж үзэж байна. Учир нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ. Мөн хуулийн 40.2-д нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ хэмээн хуульчилсан хууль зүйн заалтуудыг шүүх хэрэглэж нотлох баримтуудыг ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь харьцуулж үзээгүй, тооцоо үлдэгдлийн баталгааг хариуцагч тал үйлдээгүй, нотариат засвартай байна хэмээн үйлдэл хийхээс татгалзсан. 2016 оны 12 сарын 31-ний өдрийн “тооцооны үлдэгдлийг баталгаа” гэх баримт байхгүй үйлдээгүй, гарын үсэг, тамгатай баримтыг ашиглаж хуурамч баримт үйлдсэн байж болзошгүй тул шинжээч томилуулах хүсэлт гаргасан боловч шүүх танай байгууллагын тамга гарын үсэг мөн хэмээн шийдвэрлэсэнд гомдолтой байгаа бөгөөд шүүх нэг талыг барьсан гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл 2015 оны үлдэгдэл төлбөрийг бүрэн төлж барагдуулсан, 2016 оны 7 сарын 05-ны өдрөөс хойш бараа татан авалт хийгээгүй байхад бараа авсан үлдэгдэлтэй мэтээр шийдвэрлэж байна.

Нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу нотлох баримтаа өөрөө цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд хуулийн шаардлага хангасан бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхээр нь өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгч нотлохоор хуульчилсан. Хариуцагч байгууллагын гарын үсэг зураагүй, хариуцагчид мэдэгдээгүй, зөвшөөрөлгүй үйлдсэн баримтаар нотлож болохыг зохицуулаагүйг шүүх анхаарч үзэхийг хүсэж байна. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байхаар зохицуулсан. Мөн нэхэмжлэгч нь хариуцагч байгууллага үлдэгдэл төлбөртэй талаар шүүхэд хандах хүртлээ нэг ч удаа шаардаагүй, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй маргасан тул 2015, 2016 оны гэрээтэй холбоотой маргааны хөөн хэлэлцэх хугацаа дууссан байхаас гадна мөн хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрх үүссэн байна.

2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн талаар:

Хариуцагч болон хариуцагчийн төлөөлөгч нар “С” ХК-иас гаргаж өгсөн “тооцооны үлдэгдлийн баталгаа” гэх баримт хуурамчаар үйлдэгдсэн байна. Бид ийм баримтанд гарын үсэг зураагүй. Гарын үсэг тамгатай баримт ашиглан он сар болон мөнгөн дүнг өөрчилсөн байна. Иймд нотлох баримтаас хасуулъя, шүүх шинжилгээ хийлгүүлье гэж хүсэлт гаргасан боловч шүүгч уг хүсэлтийг хангаагүй. “А” ХХК-ийг 2015 оны 3 сард Д.Д үүсгэн байгуулж, 2015 оны 10 сард Д.Хд шилжүүлж, 2018 оны 12 сард Г.М руу шилжиж одоогийн байдлаар уг хуулийн этгээдтэй холбоотой асуудлаар Д.Дөлгөөнжаргал болон Д.Х нар төлөөлөх эрхгүй болох нь хавтаст хэрэгт авагдсан улсын бүртгэлийн дэлгэрэнгүй лавлагаагаар тогтоогдож байна. Гэтэл анхан шатны шүүх “А” ХХК-ийг төлөөлөх эрхгүй Д.Д-д нэхэмжлэлийг гардуулж, төлөөлөх эрхгүй Д.Хыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэж байна.

... Иймд “С” ХК-д “А” ХХК нь ямар нэгэн өр төлбөргүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

Нэхэмжлэгчий төлөөлөгч Б.Ш 2020 оны 3 дугаар сарын 24-ний өдөр гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх хуулийг буруу хэрэглээгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Хариуцагч нар нь хууль зүйн үндэслэлгүй гомдол гаргаж байна гэж үзэж байна. “А” ХХК нь “С” ХК-тай 2015 оны 01 дүгээр сард гэрээ байгуулсан бөгөөд дахин 2016 оны 10 сарын 20-ны өдрийн №421 тоот “Орон нутгийн гэрээт борлуулагчтай хамтран ажиллах гэрээ” –г байгуулан хамтран ажилласан байдаг. “А” ХХК нь “С” ХК-тай гэрээний дагуу хамтран ажиллах хугацаандаа тооцоо нийлсэн актаар 2016 оны 12 сарын 31-ний өдрийн байдлаар 11 920 097 төгрөгийн өр төлбөр үүсгэж улмаар энэхүү өр төлбөрөө талууд тооцооны үлдэгдлийн баталгаагаар баталгаажуулсан. Үүссэн өр төлбөрөөс “С” ХК-ийн зүгээс барьцаа 5 000 000 төгрөгийн 2017 оны 12 сарын 31-ний өдөр суутгаж үлдэх 6 920 097 төгрөг, алданги 3 640 048 төгрөг, нийт 10 380 145 төгрөг төлж барагдуулахаар тохиролцсон. Үүнээс хойш ямар нэгэн төлбөр төлөөгүй компанийг хохироож байна. Анхан шатны шүүх хуралдаан дээр “А” ХХК-ийн төлөөлөгч “тооцооны үлдэгдлийн баталгаа” гэсэн баримтыг хүлээн зөвшөөрөхгүй гэж байгаа боловч дээрх тооцоог тус компаний захирал Дөлгөөнжаргалтай нийлж гарын үсэг зуруулсан талаар гэрч А-н мэдүүлгээр нотлогдсон. “А” ХХК-д 2016 оны 7 сарын 6-ны өдөр, 7 сарын 25, 26-ны өдөр, 8 сарын 25-ны өдрүүдэд манай компаниас бараа нийлүүлсэн. Энэ хугацааны төлбөрөө бүрэн төлөөгүй болохыг тогтоосон. Хэрэгт авагдсан бичгийн баримт болон гэрчийн мэдүүлгийг хариуцагч тал татгалзаж буй үндэслэлээ нотлох баримтаар няцааж чадаагүй. Мөн хариуцагчийн төлөөлөгч нэхэмжлэгчийн гаргаж ирүүлсэн “өглөг, авлагын дэлгэрэнгүй тайлан”-аар гаргасан төлбөрт, өөрийн төлсөн төлбөрийн жагсаалттай тохирч байгаа учир хүлээн зөвшөөрсөн. Шүүх хуралдаанаар талуудын хооронд байгуулагдсан гэрээний дагуу хариуцагч “А” ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь биелүүлээгүй тул нэхэмжлэгч гэрээний үүргээ биелүүлэхийг шаардаж, хугацаа хэтрүүлсэн учир гэрээний дагуу алданги тооцсон нь хууль зөрчөөгүй байна гэж үзсэн.

 “А” ХХК төлбөрөө төлөхгүй байсан тул “С” ХК-ийн менежер Б.А нь 2017 оны 4 дүгээр сар, 2017 оны 10 дугаар сар, 2018 оны 5 дугаар сар, 2018 оны 9 дүгээр сард тус тус авлага барагдуулахаар Дорнод аймагт ажилласан боловч гүйцэтгэх захирал Д.Д нь зайлсхийж өр төлбөр барагдуулаагүй болно.

 Анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хуулийг буруу хэрэглээгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, хууль зүйн үндэслэлтэй тул хэвээр үлдээхийг хүсэж байна. Харин хариуцагчийн зүгээс хууль зүйн үндэслэлгүй гомдол гаргаж чирэгдэл учруулж байгаатай холбогдуулан анхан шатны шүүх хуралдаанд нэхэмжилж байсан өмгөөлөгчийн хөлс болон замын зардал болох 1 173 600 төгрөгийг нэмж гаргуулахыг хүсэж байна.” гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч “С” ХК нь хариуцагч “А” ХХК-д холбогдуулан “гэрээний үүргийн биелэлт 6 920 097 төгрөг, алданги 3 460 048 төгрөг, өмгөөллийн хөлс болон замын зардал 1 173 600 төгрөг, нийт 11 553 745 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 1 173 600 төгрөгийг гаргуулахаас татгалзаж, үлдэх 10 380 145 төгрөг гаргуулахаар нэхэмжилжээ.

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаас үзэхэд хариуцагч “А” ХХК нь 2015 оны 03 сарын 02-ны өдөр үүсгэн байгуулагдаж, 2015 оны 03 сарын 03-ны өдөр №000063047 дугаар бүхий Улсын бүртгэлийн гэрчилгээ авсан байна. Уг гэрчилгээнд тус компани нь 1 гишүүнтэй байгуулагдсан ба компанийн захирлаар Д.Д-ыг томилсныг 2015 оны 03 сарын 03-ны өдөр бүртгэсэн, дараа нь 2015 оны 10 сарын 30-ны өдөр Д.Хыг компанийн захирлаар, 2018 оны 12 сарын 14-ний өдөр хувь нийлүүлэгчээс 1 нэмэгдэж, 1 хасагдаж, үүсгэн байгуулагчийн тоо нийт 1 болж өөрчлөгдсөн, мөн компанийн захирлаар Г.М-ыг томилсныг улсын бүртгэлд тус тус бүртгэсэн байна. /хх-ийн 31 дэх тал/

 Мөн Дорнод аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн архивын лавлагаагаар Д.Д-ыг ямар нэгэн аж ахуйн нэгж, байгууллагад гишүүнчлэлгүй болохыг тодорхойлсон байна. /хх-ийн 30 дахь тал/

 Иймд анхан шатны шүүх хариуцагч “А” ХХК-ийг төлөөлөх эрхгүй Д.Д-ыг хэргийн оролцогчийн нэг тал болох хариуцагчаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1, 35.2-д заасныг зөрчсөн байна. Шүүх хэргийн оролцогчийг төлөөлөх этгээдийг зөв тодорхойлж хэргийг шийдвэрлэх нь зүйтэй юм.

Иймээс энэ талаар гаргасан хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хариуцагчийн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 201 001 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгох нь зүйтэй гэж үзэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авч, Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 сарын 17-ны өдрийн 138/ШШ2020/00215 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-д зааснаар хариуцагчийн төлөөлөгч Д.Хаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 201 001 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэсэн үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.  

 

                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Л.НАРАНБАЯР

                 ШҮҮГЧИД                                            Ж.ДОЛГОРМАА

                                                           З.ЭНХЦЭЦЭГ