Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 17 өдөр

Дугаар  2022/ДШМ/523

 

Б.Б-дхолбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Н.Уранбайгаль,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Б,

шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Д.Очирваань,

нарийн бичгийн дарга Т.Цэрэнсоном нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 2022/ШЦТ/209 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Д.Очирваань нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн Б.Б-дхолбогдох эрүүгийн 2103 00323 дугаартай хэргийг 2022 оны 5 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Б.Б, 

Шүүгдэгч Б.Б нь 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 17 цаг 27 минутын орчимд Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Яармагийн нэгдүээр буудлын замд өөрийн эзэмшлийн “Тоёота Приус” маркийн 01-00 У улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.18-д заасан “гэрэл буюу зохицуулагчийн хориглосон дохиогоор жолооч <3огс-шугам> (1.11 тэмдэглэл буюу 5.32 тэмдэг)-ийн өмнө зогсох бөгөөд хэрэв тийм тэмдэг, тэмдэглэл байхгүй бол тухайн уулзвар, явган хүний гарцын өмнө, бусад газарт тээврийн хэрэгсэл, явган зорчигчийн хөдөлгөөнд саад болохгүйгээр гэрлэн дохио, зохицуулагчийн наана, эсвэл энэ дүрмийн 17.5-д заасны дагуу төмөр замын гарамын өмнө зогсоно”, мөн дүрмийн 8.9-д заасан “гэрэл дохио нь дараах утгатай байна: г/ улаан гэрэл дохио хөдөлгөөнийг хориглоно. /анивчихгүй/” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас зохицуулдаг явган хүний гарцаар зам хөндлөн гарч явсан 63 настай, эрэгтэй Г.Гмөргөж, амь нас нь хохирсон гэмт хэрэгт холбогджээ.   

 

Тээврийн прокурорын газраас: Б.Бн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч З овогт Б.Бг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Бн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Б-доногдуулсан 3 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-т заасныг баримтлан шүүгдэгч Б.Б-доногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг түүнд оногдуулсан хорих ялыг эдэлж дууссан үеэс тоолж, шүүгдэгч Б.Б-давсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, эдлэх ялыг 2022 оны 3 дугаар сарын 25-ны өдрөөс тоолж, шүүгдэгч Б.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлд зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, Б.Б “В, С” ангиллын 807583 дугаартай жолоочийн үнэмлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлж, Тоёота Приус маркийн 01-00 УБВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн Тээврийн Прокурорын газрын 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 04 дугаартай прокурорын тогтоолыг хүчингүй болгож, Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Б амь хохирогчийн оршуулахтай холбоотой зардалд нийт 27.000.000 төгрөг нөхөн төлснийг дурдаж, нэхэмжлэлээс 7.320.384 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.Б давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Б.Б миний бие 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр Яармагийн нэгдүгээр буудлын замд хохирогч Г.Гмөргөж амь насыг хохироосон үйлдэлдээ маш их гэмшиж, өөрийн гэм буруугаа ухамсарлан ойлгож, яаралтай эмнэлэгийн тусламж дуудаж хохирогчийн амь насыг аврах талаар өөрийн чадах зүйлээ хийсэн боловч хохирогчийн амь насыг аварч чадаагүй болно. Миний бие мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд гарсан шинжээчийн дүгнэлтийг зөвшөөрсөн. Миний хувьд энэ нь зориудаар биш тохиолдлын шинжтэй бөгөөд хохирогчийн ар гэрт шаардагдах оршуулгын зардалд 45.000.000 төгрөгийг төлж барагдуулсан. Миний бие 2 хүүхэдтэй, төрсөн аав минь зүрхний хүнд өвчтэй, ах минь ходоодны хорт хавдартай ажил хийх боломжгүй гээд 6 ам бүл тэжээдэг байсан. Энэхүү нөхцөл байдал болон өөрийн гаргасан үйлдэлдээ миний бие туйлаас их харамсаж, гэмшиж ойлгож байгаа бөгөөд санамсар болгоомжгүйгээс болоод асар их зүйлийг ойлгож ухаарч байна. Цаашид дахин алдаа хийлгүй, анхаарал болгоомжтой хууль зөрчихгүй явна гэж ухаарч ойлгож байна. Намайг элэг бүтэн амьдралтай минь үлдээж, гэрэл гэгээтэй замд оруулж өгнө үү гэж та бүхнээс маш ихээр чин сэтгэлээсээ хүсч байна.  Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, хорих ялыг хөнгөрүүлж тэнсэж үүрэг хүлээлгэх арга хэмжээ хэрэглэж өгнө үү.” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Очирваань давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Б.Б нь 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр Яармагийн нэгдүгээр буудлын замд амь хохирогч Г.Гмөргөж амь насыг хохироосон үйлдэлд өөрийн буруугаа ухамсарлан ойлгож, амь хохирогчид эмнэлэгийн тусламж үзүүлэх, мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд гарсан шинжээчийн дүгнэлтийг бүрэн хүлээн зөвшөөрч, гэм буруугаа бүрэн хүлээн зөвшөөрсөн нь хэрэгт авагдсан баримтаар нотлогддог. Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн туслалцаа үзүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа бүрэн хүлээн зөвшөөрсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин сэтгэлээсээ гэмшиж байгаа, учруулсан хохиролд 45.000.000 төгрөг төлсөн, төрсөн аав нь зүрхний хүнд өвчтэй, ах нь ходоодны хорт хавдартай бага насны 2 хүүхэдтэй зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасны дагуу түүнд оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж тэнсэж үүрэг хүлээлгэх арга хэмжээ хэрэглэж өгнө үү. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дугаар зүйлийн 1.4-т заасны дагуу Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 209 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж хорих ялыг хөнгөрүүлж тэнсэж үүрэг хүлээлгэх арга хэмжээ хэрэглэж өгнө үү.” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Б давж заалдах шатны шүүхэд гаргасан тодорхойлолт болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие Б.Бн ар гэрээс хохирлын төлбөрт нийт 45.000.000 төгрөгийг хүлээж авлаа. Хууль ёсны төлөөлөгчийн хувьд шүүгдэгч Б.Бгаас нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй учир анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор Бд оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж өөр төрлийн ял шийтгэл албадлагын арга хэмжээ авч өгнө үү. Хэдийгээр манай аав босоод ирэхгүй ч гэлээ Б нь биднээс, ар гэрээс уучлал гуйсан. Б.Бн ар гэрээс манай гэр бүлийнхэнтэй хэд хэдэн удаа ирж уулзсан. Хохиролд төлсөн төлбөр дээрээ дахиж мөнгө нэмж өгье, залуу хүнийг бодолцож үзээд, гэр бүлийг нь элэг бүтэн үлдээж өгөөч гэж уучлалт гуйсан. Нэмж 15.000.000 төгрөг өгөөд гомдолгүй гээд хэлээд өгөөч гэхэд нь би ээжтэйгээ ярилцаад зөвшөөрсөн. Миний ээж хөл муутай ганц бие хөгшин үлдэж байгаа учир энэ 15.000.000 төгрөгийг байрны урьдчилгаанд өгөөд ээжийгээ байртай болгоё гэж бодож байгаа.” Гэв.

Прокурор Н.Уранбайгаль тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхээс шүүгдэгчид ял оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг тал бүрээс харгалзан үзсэн. Иймд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй байх тул хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Д.Очирваань нарын гаргасан давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Хавтаст хэрэгт цугларсан, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад:

Шүүгдэгч Б.Б нь 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 17 цаг 27 минутын орчимд Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Яармагийн нэгдүгээр буудлын замд өөрийн эзэмшлийн “Тоёота Приус” маркийн 01-00 УБВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.18-д заасан “гэрэл буюу зохицуулагчийн хориглосон дохиогоор жолооч <3огс-шугам> (1.11 тэмдэглэл буюу 5.32 тэмдэг)-ийн өмнө зогсох бөгөөд хэрэв тийм тэмдэг, тэмдэглэл байхгүй бол тухайн уулзвар, явган хүний гарцын өмнө, бусад газарт тээврийн хэрэгсэл, явган зорчигчийн хөдөлгөөнд саад болохгүйгээр гэрлэн дохио, зохицуулагчийн наана, эсвэл энэ дүрмийн 17.5-д заасны дагуу төмөр замын гарамын өмнө зогсоно”, мөн дүрмийн 8.9-д заасан “гэрэл дохио нь дараах утгатай байна: г/ улаан гэрэл дохио хөдөлгөөнийг хориглоно. /анивчихгүй/” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас зохицуулдаг явган хүний гарцаар зам хөндлөн гарч явсан 63 настай, эрэгтэй Г.Гмөргөж, амь нас нь хохирсон гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Б “...Би 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдөр осол болох үед хамт байгаагүй. Хүргэн ах Сугарбадрах руу цагдаагийн газраас залгаад замын цагдаагийн газарт ирж уулзаарай гэж хэлсэн. Намайг гэртээ ээжтэйгээ хамт байхад манай ээж рүү эгч залгаад “аав осолд орсон юм шиг байна, Цагдаагийн газарт хүрээд ир” гэж хэлж байна гэсэн. Би ээжийг үлдээгээд цагдаагийн газар руу яваад очсон. ...Би одоо маш их гомдолтой байна. Манай аав эм тариа хэрэглэдэггүй цоо эрүүл хүн байсан. Миний ээж хөл муутай учир аав бүх юманд нь явдаг байсан. Аав Г.Гы буяны ажилд болон 21,49 хоногийн буяны үйлд 34.320.384 төгрөгийн зардал гарсан. Манай аав олуулаа болохоор хөдөөнөөс олон хүн ирсэн. Мөн ламаар ном уншуулсан зардал орсон. Шүүгдэгчээс 21.000.000 төгрөг төлсөн, 13.320.384 төгрөг төлөгдөөгүй үлдсэн нэхэмжилж байна. Гомдолтой байна...” /1 хх 34/,

гэрч А.С: “... Би 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 17 цаг өнгөрч байхад ажлын газрын Б.Бн машинд суугаад Тайны амнаас Зайсан орох гээд явж байсан. Тэгтэл ажлын газраас юм нэмж авах гээд буцаж эргээд Яармагийн замаар ертөнцийн зүгээр зүүнээс баруун чиглэлд зорчих хэсгийн нэгдүгээр эгнээгээр явж байсан. Би жолоочийн хажуу талд суугаад явж байсан. Тэгтэл гэнэт машины урд хэсгээр нэг хар зүйл мөргөсөн. Би яг тухайн зүйлийг мөргөх үед нь урагшаа харж таарсан. Тэгээд машинаас бууж ирээд хартал нэг эрэгтэй хүн доошоо харчихсан зүүн чихнээс нь цус гарсан байдалтай хэвтэж байсан. Б.Б ах эмнэлэг болон цагдаад дуудлага өгсөн. Удалгүй эмнэлгийн машин ирээд машинд мөргүүлсэн хүнийг аваад явсан...” /1 хх 117/,

яллагдагч Б.Б “...би хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Б буяны ажлын зардлын хохиролд одоогийн байдлаар нийт 11.500.000 төгрөгийн хохирол барагдуулж өгсөн байгаа. Цаашид баримтаар гарсан үлдэгдэл хохирлыг барагдуулж өгнө. Тухайн үед санамсар болгоомжгүй үйлдэгдсэн хэрэгт маш их харамсаж байна...” /1 хх 170/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн Шүүх эмнэлгийн цогцост задлан шинжилгээ хийсэн 2237 дугаартай: “Талийгаачийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр гавал тархины битүү гэмтэл: Гавлын дух, дагз, суурь ясны хугарал, их тархины баруун, зүүн тал бөмбөлгийн дух, чамархайн дэлбэнгийн тархины эдийн няцрал, аалзан хальсан доорхи цус харвалт, баруун чамархайн булчин, хуйхны цус хуралт, дух, хамрын нуруу, баруун хацар, цээж, баруун өвдөгт зулгаралт, баруун зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр буюу авто ослын үед хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтэл байна. Гавал тархины гэмтэл нь үхэлд шууд нөлөөлсөн байна. Талийгаачид үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Талийгаач нь гавал дух, дагз, суурь ясны хугарал, их тархины баруун, зүүн тал бөмбөлгийн дух, чамархайн дэлбэнгийн тархины эдийн няцрал, аалзан хальсан доорхи цус харвалт, баруун чамархайн булчин, хуйхны цус хуралт гэмтлүүдийн улмаас төвийн гаралтай амьсгал, зүрх судасны хурц дутагдалд орж нас баржээ. Талийгаач нь 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 23 цаг 00 минутад хийгдсэн цогцсын гадна үзлэгээр нас бараад 2 цаг болсон байжээ. Талийгаач нь нас барах үедээ дунд зэргийн согтолттой байжээ.” гэх шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хх 130-136/,

2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 315 дугаартай: “...Тоёота приус” маркийн 01-30 УБВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Батмөнх овогтой Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.18 “Гэрэл буюу зохицуулагчийн хориглосон дохиогоор жолооч «Зогс-шугам» (1.11 тэмдэглэл буюу 5.32 тэмдэг)-ийн өмнө зогсох бөгөөд хэрэв тийм тэмдэг, тэмдэглэл байхгүй бол тухайн уулзвар, явган хүний гарцын өмнө, бусад газарт тээврийн хэрэгсэл, явган зорчигчийн хөдөлгөөнд саад болохгүйгээр гэрлэн дохио, зохицуулагчийн наана эсвэл энэ дүрмийн 17.5-д заасны дагуу төмөр замын гармын өмнө зогсоно” мөн дүрмийн 8.9 “Гэрэл дохио нь дараах утгатай байна: г/ улаан гэрэл дохио хөдөлгөөнийг хориглоно. 3.4. Жолооч дараахь үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах; Тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем, жолооны механизм ажиллахгүй болсон, чиргүүлийн холбоос (чиргүүлтэй үед) эвдэрсэн, харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд хол, ойрын буюу ар талын оврын гэрэл асахгүй болсон, цас жолооч талын шил арчуур ажиллахгүй бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно.” гэсэн заалтуудыг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдож байна. Явган зорчигч Гааяа овогтой Г.Г нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна...” гэх тээврийн цагдаагийн албаны мөрдөгчийн магадлагаа /1 хх 151/,

 Автотээврийн Үндэсний төв” ТӨҮГ-ын Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн “...Тоёота маркийн приус-30 загварын 01-30 УББ улсын дугаартай автотээврийн хэрэгсэл стандартын шаардлага болон техникийн бүрэн бүтэн байдлыг хангахгүй байна. Уг автомашины урд салхины шил хагарч цуурсан, баруун талын их гэрэл асахгүй, баруун талын буфер түгжээ эвдэрсэн, зүүн гар талын их гэрлийн тусгалын чадал ойр дээрээ 0сd хол дээрээ 0сd, баруун гар талын их гэрлийн тусгалын чадал ойр дээрээ Осd хол дээрээ 20000сd (стандарт 10000-225000сd) байгаа нь стандартын шаардлагыг хангахгүй байна. Тээврийн хэрэгсэл нь шингэн дамжуулгын АВS бүхий тоормосны системтэй байна. Урд, хойд дугуйн тоормос хэвийн ажиллагаатай байна. Харин АВS тоормосны системтэй автомашины хувьд тоормос гишгэх үед замын гадаргуугийн байдал, автомашины хурд, тоормосны дөрөө дээр гишгэх хүч, ачаа ачсан зэргээс шалтгаалж тасалдсан мөр зам дээр үүсдэг. 01-30 УББ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж техникийн хяналтын үзлэгт орж дүгнэлт гаргуулсны дараа замын хөдөлгөөнд оролцох боломжтой...” гэх шинжээчийн дүгнэлт /1 хх  157-160/,

хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтын бүдүүвч зураглал, үзлэгийн явцад бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлт /1 хх 4-11/, Зам тээврийн ослын дуудлагын лавлагааны хуудас /1 хх 19/, хяналтын камерийн бичлэг, сиди бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1 хх 29/, “Вендо” ХХК-ийн гаргасан 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн В22/02 дугаартай автомашин, техникийн үйлчилгээний тайлан, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх 202-203/, 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 01 дугаартай эд хөрөнгө битүүмжилсэн прокурорын тогтоол /1 хх 199-200/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба уг нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Б.Бг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.  

Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг тогтооход хангалттай байх ба анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийжээ.

Шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Д.Очирваань нар нь “...тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн туслалцаа үзүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа бүрэн хүлээн зөвшөөрсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин сэтгэлээсээ гэмшиж байгаа, учруулсан хохиролд 45.000.000 төгрөг төлсөн, төрсөн аав минь зүрхний хүнд өвчтэй, ах нь ходоодны хорт хавдартай бага насны 2 хүүхэдтэй зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасны дагуу түүнд оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж тэнсэж үүрэг хүлээлгэх арга хэмжээ хэрэглэж өгнө үү...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлуудыг гаргажээ.

Шүүгдэгчид оногдуулах ял шийтгэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцэхээс гадна Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан байх ёстой.

Анхан шатны шүүх Б.Б-д ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, өндөр настай эцгээ асран халамжилдаг хувийн байдлыг харгалзан үзэхийн зэрэгцээ тэрээр замын хөдөлгөөнд оролцохдоо хэт хайхрамжгүй хандан гарцан дээр явган зорчигчийг мөргөж амь насыг нь хохироосон нөхцөл байдлыг харгалзан түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж шийдвэрлэжээ.

Давж заалдах шатны шүүх Б.Б нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжилсэн төлбөр дээр нэмж 18.000.000 төгрөгийг төлсөн зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялын хугацааг тус зүйл хэсэгт заасан доод хэмжээ болох 1 жилийн хугацаагаар хорих ял болгон хөнгөрүүлэхээр шийдвэрлэлээ.   

Иймд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 2022/ШЦТ/209 дугаартай шийтгэх тогтоолыг тогтоох хэсгийн зохих заалтуудад ял хөнгөрүүлсэн өөрчлөлтийг оруулан, бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Д.Очирваань нарын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Б.Б нь Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 2022/ШЦТ/209 дугаартай шийтгэх тогтоол гарснаас хойш буюу давж заалдах шатны шүүхээр хэргийг хянан хэлэлцсэн 2022 оны 5 дугаар сарын 17-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 53 хоног цагдан хоригдсоныг түүний эдлэх ялын хугацаанд оруулж тооцох нь зүйтэй байна. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 2022/ШЦТ/209 дугаартай шийтгэх тогтоолын:

тогтоох хэсгийн 2 дахь заалтад “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Б.Бн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй. ...” гэснийг, “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Б.Бн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй. ...” гэж,

тогтоох хэсгийн 3 дахь заалтад “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Б-доногдуулсан 3 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Б-доногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.” гэж тус тус өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.  

2. Шүүгдэгч нь Б.Б нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Б 18.000.000 төгрөгийг төлсөн болохыг дурдаж, шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Д.Очирваань нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай. 

3. Шүүгдэгч Б.Б нь 2022 оны 3 дугаар сарын 25-ны өдрөөс 2022 оны 5 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл нийт 53 хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

4. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

                                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

 

                                   ШҮҮГЧ                                                    Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

 

                        ШҮҮГЧ                                                   Б.АРИУНХИШИГ