Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 458

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Адъяасүрэн даргалж тус шүүхийн хуралдааны “Б” танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар 

Нэхэмжлэгч Н******* ХХК-ийн нэхэмжлэлтэй 

Хариуцагч: Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагчид холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: “Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагчийн 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 0000011 дугаар шийтгэврийг илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрүүлэх” тухай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н*******, хариуцагчийн Ц.Т*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ж******* нарыг оролцуулав.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл: “...Н******* ХХК нь олон улс, орон нутгийн нислэгийн тийз бичих үйл ажиллагааг эрхлэн явуулдаг бөгөөд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч К.Ж******* 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 0000011 дүгээр шийтгэврээр манай компанийг Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.10 дахь заалтыг зөрчиж байна гэсэн үндэслэлээр 8.000.000 төгрөгөөр торгох захиргааны шийтгэл ногдуулсан. 

Манай компанийн зүгээс олон улсын нислэгийн тийз борлуулах үйл ажилагаа эрхэлснээсээ хойш хэн нэгнийг хохироосон байдал үүсгэж байгаагүй бөгөөд М******* ТӨХК-ийг ч хохироож байсан удаагүй. Гэтэл манай компанийг Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.10-д “хууль ёсны ашиг сонирхолд харшлах болон хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх” гэсэн заалтыг зөрчсөн гэсэн нь үндэслэлгүй юм. Бидний үйл ажиллагаа хэний хууль ёсны ашиг сонирхолыг зөрчсөн болон бид ямар хууль бус худалдааны арга хэрэглэж, ямар хэрэглэгчийг хууль бусаар хохироож байгааг нотлох баримт байхгүй юм. 

Энэхүү Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас явуулсан хяналт, шалгалтын удирдамжид Өрсөлдөөний тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.3-т заасны дагуу гэж бичсэнээс харахад хяналт, шалгалт явуулах болсон үндэслэл нь Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын өөрийн санаачлагаар энэхүү хянан, шалгах ажиллагааг явуулсан болох нь харагдаж байна. 

Бидний хувьд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагчийн дүгнэлт, албан шаардлагад дурдсан зөрчлийг зогсоосон байхад ийм өндөр үнийн дүнтэй торгууль ногдуулсаныг илт хууль бус гэж үзэж байна.

Иймд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн газрын улсын байцаагч К.Ж*******ийн 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдринй 0000011 дүгээр шийтгэврийг илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрсөн шийдвэр гаргаж өгнө үү” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хариу тайлбар, түүний үндэслэл: “...Тус газрын улсын байцаагч Ж.О*******, К.Ж******* нар агентлагийн даргын 2015 оны 1/10 дугаартай удирдамжийн дагуу “М*******” ХК-ийн зорчигч тээврийн үйлчилгээний тасалбар, тийз борлуулах үйл ажиллагаа болон зорчигчийн тасалбар, тийзийг борлуулж буй аж ахуй эрхлэгчдийн үйл ажиллагаанд холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг шалгасан.

Хяналт шалгалтад “С*******” ХХК, “Э” ХХК, “С” ХХК-иас гадна “М*******” ХК, “Н*******” ХХК, “М” ХХК, “В” ХХК, “Э” ХХК, “А” ХХК, “Э” ХХК, “М” ХХК, “Н” ХХК, “Э” ХХК-иуд хамрагдсан байдаг.

Хяналт шалгалтын явцад “Э” ХХК, “А” ХХК, “Э” ХХК, “М” ХХК, “Н” ХХК, “Э” ХХК-иуд тодорхой шалгуурыг ханган гэрээ байгуулж, улмаар барьцаа хөрөнгө байршуулан баталгаа гаргасны үндсэн дээр “М*******” ХК-ын онгоцны тийз, тасалбар худалдан борлуулах эрхийг авч үйл ажиллагаа явуулдаг байхад “Э” ХХК, “Н*******” ХХК,  “М” ХХК, “В” ХХК, “С*******” ХХК, “С” ХХК-иуд нь зохих зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа явуулж байгаа нь Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.10-т “хууль ёсны ашиг сонирхолд харшлах болон хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх”-ийг хориглоно гэж заасныг зөрчсөн гэж үзсэн байдаг.

Улмаар улсын байцаагчийн 2015 оны 6/34 дугаартай дүгнэлт, мөн өдрийн 6/118 дугаартай албан шаардлага хүргүүлж, тус бүрийг 8 сая төгрөгөөр торгосон.

“Н*******” ХХК-ийн нэхэмжлэлд дурдсан зүйлд дараах тайлбарыг хүргүүлж байна. Үүнд:

 “Н*******” ХХК нь тус газарт хандан улсын байцаагчийн актыг эс зөвшөөрч, давж заалдах журмаар 2015 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр хандаж, хариуг агентлагийн даргын 2015 оны 12 дугаар сарын 2-ны өдрийн 1/1235 дугаартай албан бичгээр өгсөн байна. Гэтэл “Н*******” ХХК нь шүүхэд 2016 оны 3 дугаар сарын 4-ний өдөр нэхэмжлэл гаргасан байгаа нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 12.1, 12.2-т тус тус заасан хөөн хэлэлцэх хугацааны журам зөрчиж хандсан байх тул мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.8-д заасан нэхэмжлэлээс татгалзах үндэслэл бүрдсэн байгааг хянан үзэж шийдвэрлэж өгөхийг хүсье.

Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 16.1.1-д Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар нь “Хэрэглэгчийн эрхийг хамгаалахтай холбогдсон төрийн бодлого болон хууль тогтоомжийн хэрэгжилтийг улсын хэмжээнд зохион байгуулж, биелэлтийг шалгах”, 16.1.2-д “Хэрэглэгч зах зээлээс эрэлт хэрэгцээндээ нийцүүлэн хямд, аюулгүй, зохих чанарын бараа сонгож авах өргөн боломжийг хангахад чиглэгдсэн шударга өрсөлдөөнийг хөхүүлэн дэмжих арга хэмжээ авах” эрх үүрэгтэй болохыг зааж өгсөн. Тэгвэл “Нандинвэй” ХХК нь агаарын зорчигч тээврийн “М*******” ХК-ийн үйлчилгээний тасалбар, тийз борлуулах хууль ёсны эрх /гэрээгүй/-гүй атал бусдаас дам байдлаар авч, борлуулж байгаа нь хэрэглэгч болон өрсөлдөгчийн хууль ёсны ашиг сонирхолд харшлах, цаашлаад найдвартай, баталгаат онгоцний тийз, тасалбар, захиалгат үйлчилгээгээр хангагдах эрхийг зөрчиж байгаа бөгөөд энэхүү үйлдэл нь Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.10-д зааснаар “хууль ёсны ашиг сонирхолд харшлах болон хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэхийг хориглоно” гэж заасныг зөрчиж байгаа тул хуулиар олгогдсон эрх үүргийнхээ хүрээнд зөрчлийг арилгах, таслан зогсооход чиглэсэн арга хэмжээг авсан болно.

Хуулийн хэрэгжилтэд хяналт тавих, хууль сахиулах чиг үүрэг нь зөвхөн хэн нэгний эрх ашиг сонирхол зөрчигдөж, хохирсон хойно нь бус харин хуулийн хэрэгжилтийг нэг мөр хэрэгжүүлэхийг шаардах, сахин хамгаалах эрх үүрэгтэй. Тодруулбал, эрхийн зөрчилтэй үйлчилгээ буюу эрх бүхий бус этгээдийн борлуулж буй үйлчилгээ нь хэрэглэгчид шууд хор хохирол учруулаагүй байж болох ч хэрэглэгчийн эрхийг тухайлбал, хэрэглэгч хууль ёсны эрх бүхий этгээдээс тасалбар, тийз худалдан авч байгаа гэж үзэхэд бодит байдалд хэрэглэгчийг төөрөгдүүлэх байдал үүснэ, болзошгүй эрсдэл учирсан үед хариуцлага хүлээх чадамжгүй байх,  тухайн зах зээлд үйл ажиллагаа эрхэлж буй бусад этгээдийн үйл ажиллагаанд буруу хандлага бий болгох, өрсөлдөөнд харш үр дагавар үзүүлэх, өрсөлдөгч аж ахуйн нэгж, байгууллагуудад гарааны ижил, тэгш бус орчин нөхцөл үүгсэх, шаардлагагүй олон шат дамжлага бий болсоноор зардал өсөх зэрэг цөөнгүй хууль зүйн үр дагаваруудыг үүсэх юм. 

Энэхүү зөрчил нэгэнт байсан, зөрчлийг арилгасан талаар нэхэмжлэлийн агуулгад дурдсан хэдий боловч зөрчлийг тогтоосон, зөрчлийг арилгуулахаар хүргүүлсэн улсын байцаагчийн дүгнэлт, албан шаардлагыг “илт хүчин төгөлдөр бус” актад тооцуулахаар нэхэмжлэл гаргасан нь бодит байдлаас зөрүүтэй байх бөгөөд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн агуулга, нэхэмжлэлийн шаардлага өөр хоорондоо зөрүүтэй байна гэж үзэхээр байгаа юм.

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагчийн 2015 оны 6/34 дугаартай дүгнэлт, мөн өдрийн 6/118 дугаартай албан шаардлага, 0000011 дугаартай шийтгэврийг илт хууль бусад тооцуулах /”нэхэмжлэлд илт хүчин төгөлдөрт тооцуулах” гэсэн/ нэхэмжлэлийн шаардлага нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д заасан нөхцөл байдлуудын аль нь ч байхгүй, энэ талаар нэхэмжлэлд тодорхой дурдсан зүйл байхгүй байна.

Иймд Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.10-д заасан зөрчил гаргасныг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрч байгаа, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д заасан “илт хууль бус актад тооцуулах” нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгөхийг хүсье” гэжээ.

                        ҮНДЭСЛЭХ нь:

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч Ж.О*******, О.Ж******* нар тус газрын даргын 2015 оны 1/10 дугаар бүхий хяналт шалгалт хийх удирдамжийн дагуу М******* ХХК, Эйр Нэтворк ХХК, Монголиан Аэр эжинси ХХК, В ХХК, Сити эйр майлс, С ХХК,  Н******* ХХК-иудад М******* ХК-ийн зорчигч тээврийн үйлчилгээний тасалбар, тийз борлуулах үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж, дээрх компаниуд зохих зөвшөөрөлгүйгээр М******* ХК-ийн онгоцны тийз, тасалбаруудыг худалдан борлуулах үйл ажиллагааг явуулж байгаа нь Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.10-т “хууль ёсны ашиг сонирхолд харшлах болон хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх” гэж заасныг зөрчсөн гэх үндэслэлээр улсын байцаагчийн 2015 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 6/34 тоот дүгнэлт , 6/118 дугаар улсын байцаагчийн албан шаардлагаар  зөрчлийг зогсоохыг үүрэг болгож, уг дүгнэлт, албан шаардлагын дагуу 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 0000011 дугаар шийтгэвэрээр  8.000.000 сая (найман сая) төгрөгийн захиргааны шийтгэл ногдуулжээ.

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагчийн 2015 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 6/34 тоот дүгнэлт , 6/118 дугаар улсын байцаагчийн албан шаардлагаар  Н******* ХХК-ийн гаргасан зөрчлийг тогтоож, уг зөрчлийг зогсоохыг шаардсан бөгөөд нэхэмжлэгч гаргасан  зөрчлөө хүлээн зөвшөөрч, 2015 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс зөрчлөө зогсоосон талаар Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт мэдэгдсэн байдаг . 

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагчийн 2015 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 6/34 тоот дүгнэлт, 6/118 дугаар улсын байцаагчийн албан шаардлагад Н******* ХХК-ийн дүгнэлтээр тогтоогдсон зөрчлийг 2015 оны 7 дугаар сарын 01-ний дотор зогсоохыг мэдэгдэж, зогсоогоогүй тохиолдолд захиргааны хариуцлага хүлээлгэхээр заажээ. Гэтэл Н******* ХХК нь уг зөрчлийг зогсоосон талаар 2015 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт мэдэгджээ .

Хэрэгт авагдсан дээрх баримтуудаар Н******* ХХК нь дүгнэлт албан шаардлагад тогтоосон хугацаанд зөрчлөө арилгасан талаар мэдэгдээгүй, түүнчлэн зөрчлөө хүлээн зөвшөөрсөн зэрэг байдлууд тогтоогдож байх тул  улсын байцаагчийн 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 0000011 дугаар шийтгэвэрээр шийтгэврээр Өрсөлдөөний тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.3-т заасныг үндэслэн 8.000.000 /найман сая/ төгрөгөөр торгох захиргааны шийтгэл ногдуулсан нь үндэслэлтэй байна.

Харин “Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хууль”-ийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг эрүүгийн хариуцлагаас, ялтныг ял эдлэхээс, зарим этгээдийг захиргааны шийтгэлээс чөлөөлөхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино”, 4 дүгээр зүйлийн 4.3-т “Хууль тогтоомж зөрчиж захиргааны зөрчил гаргасан болон шийтгэл хүлээсэн этгээдийг өршөөн хэлтрүүлнэ”, 10 дугаар зүйлийн 10.2-т “Энэ хуулийн 4 дүгээр зүйлд заасан өршөөлд хамааруулах үндэслэл нь 2015 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө шүүхийн хүчин төгөлдөр болсон шийтгэх тогтоол, шийдвэр, төрийн эрх бүхий байгууллагын захиргааны шийтгэл ногдуулах шийдвэр зэргээр тогтоогдсон байна” гэж тус тус заажээ. 

Н******* ХХК-ийн зөрчлийг тогтоосон Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагчийн 2015 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 6/34 тоот дүгнэлт, 6/118 дугаар албан шаардлагын дагуу ногдуулсан захиргааны шийтгэл нь дээрх хуулийн зохицуулалтад хамаарахаар байх тул Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагчийн 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 0000011 дүгээр шийтгэврээр ногдуулсан 8.000.000 /найман сая/ төгрөгийн торгуулийг Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар өршөөлд хамруулан хасч, дээрх шийтгэврийг хүчингүй болгуулахаар гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 70.2.9 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.2, 12.1.10, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 7 дугаар зүйлийн 7.1, 7.2, 12 дугаар зүйлийн 12.9, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 4 дүгээр зүйлийн 4.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагчийн 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 0000011 дугаар шийтгэврээр ногдуулсан  8.000.000 (найман сая) төгрөгийн торгуулийг өршөөн хэлтрүүлж, нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2-т зааснаар шүүхийн энэ шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1-д заасны дагуу хэргийн оролцогчид тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Б.АДЪЯАСҮРЭН