Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2016 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 001/ХТ2016/00868

 

Эм Эм Ай Ди ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай                            

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч   П.Золзаяа, Б.Ундрах,  Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 101/ШШ2016/01676 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2016 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 969 дүгээр магадлалтай,

Нэхэмжлэгч Эм Эм Ай Ди ХХК-ийн нэхэмжлэлтэй, 

Хариуцагч Монголиан Юниверсал Дриллинг ХХК-д холбогдох,

44.926.635 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан хяналтын гомдлоор

Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Рэгзэндорж, нарийн бичгийн даргад Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Монголиан Юниверсал Дриллинг ХХК нь 2015.7.28-ны өдөр манай компаниас 59.939.878 төгрөгийн өрмийн тоног төхөөрөмж авсан. Талууд зээлээр бараа худалдах-худалдан авах гэрээг 2015.7.30-ны өдөр байгуулсан. Гэрээний дагуу урьдчилгаанд 15.000.000 төгрөг төлөөд үлдэгдэл төлбөрийг 2015.9.30-ны өдөр төлөхөөр тохиролцсон. Урьдчилгаа 15.000.000 төгрөгийг 2015.7.29-ний өдөр төлсөн. Дараа нь 2015.9.10-ны өдөр 10.000.000 төгрөг 9.29-ний өдөр 5.000.000 төгрөг тус тус төлсөн. 2015.9.30-ны өдөр гэрээний хугацаа дуусахад 29.951.090 төгрөг үлдсэн байдаг. Энэ төлбөрийг өнөөг хүртэл төлөөгүй байна. Зээлээр бараа худалдах-худалдан авах гэрээний 8.2-т худалдан авагч төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөөгүй төлбөрийн 0.5 хувьтай тэнцэх алдангийг төлнө гэж заасан.Иймд  2015.9.30-ны өдрөөс хойш 2016.01.26-ны өдөр хүртэлх алдангийг тооцоход нийт 17.521.387 төгрөг гарч байгааг 50 хувиас хэтрэхгүй гэж заасны дагуу 29.951.090 төгрөгөөс алданги тооцоход 14.975.545 төгрөг болж байна. Иймд 44.926.635 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийг эс зөвшөөрч байна. Манай компани нь Эм Эм Ай Ди ХХК-иас 2015.7.28-ны өдөр 59.939.870 төгрөгийн үнэ бүхий өрмийн төрөл бүрийн тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл зээлээр худалдаж авах гэрээг 2015.7.30-ны өдөр байгуулсан. 2015.7.29-ний өдөр 15.000.000 төгрөг бэлнээр, 2015.9.10-ны өдөр 10.000.000 төгрөг, 2015.9.29-ний өдөр 5.355.170 төгрөг, 2015.10.20-ны өдөр 5.000.000 төгрөг төлсөн.Нийт 35.355.170 төгрөг тушаасан юм.2015.9.29-ний өдөр төлсөн 355.170 төгрөг, 2015.10.20-ны өдөр төлсөн 5.000.000 төгрөг нь Эм Эм Ай Ди ХХК-иас худалдаж авсан өөр тоног төхөөрөмжийн төлбөр юм. Энэ бүтээгдэхүүнийг 2010 оны 09 дүгээр сард тус компанитай гэрээ байгуулан авч 2015.10.20-ны өдөр төлбөрийг нь тушаасан. Нийт 29.951.090 төгрөгийн, нэг ширхэг нь 406.392 төгрөгийн үнэтэй, 67 ширхэг өрмийн сумыг 2015.8.02-ны өдөр Хөвсгөл аймгийн Бүрэн тогтох суманд авч очин өрмийн ажилд ашигласан. 90 метр өрөмдөхөд өрмийн сум тасарч цооногт аваар үүссэн. Гаргаж аваад үзэхэд өрмийн сумнууд нь резба-р тасарсан байсан.Энэ нь өрмийн сумны чанартай холбоотой.Өрмийн сум 2-3 жил ашиглагддаг. Бид хоёр талаасаа комисс байгуулж юунаас шалтгаалж өрмийн сум тасарсныг тогтооё гэхэд нэхэмжлэгч тал дарга нартайгаа уулзчихаад хариу хэлье гэж хэлсэн. Өрмийн сум тасарсан шалтгааныг тогтоолгоогүй. Аль газраар тогтоолгохыг мэдээгүй. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 101/ШШ2016/01676 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан Монголиан Юниверсал Дриллинг ХХК-иас худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлтэд 44.926.635 төгрөг гаргуулан  Эм Эм Ай Ди ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн 382.600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж,  Монголиан Юниверсал Дриллинг ХХК-иас 382.600 төгрөг гаргуулж  Эм Эм Ай Ди ХХК-д олгожээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 969 дүгээр магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй олгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр хэргийн анхан шатны шүүхэд буцаасан байна.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Шүүх хуралдааныг даргалагчийг томилсон Ерөнхий шүүгчийн захирамж байхгүй гэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчил гэж үзэхгүй байна. Учир нь Эм Эм Ай Ди ХХК-иас гаргасан нэхэмжлэлийг давж заалдах шатны шүүхийн магадлалд дурьдсан хуулийн үндэслэл буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.4-д зааснаар анхан шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөс тогтоосон хуваарийн дагуу шүүгч И.Сарангүн хүлээн авч шийдвэрлэсэн нь хуулийн шаардлагыг хангасан үзэж байна. Хурал даргалагчийг томилсон захирамжийг хавсаргаагүй нь нэхэмжлэгчийн бус шүүгч, шүүхийн туслахын алдаа. Нэхэмжлэгч 2016.01.26-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргахдаа шаардлагатай нотлох баримтуудыг хавсаргаж өгсөн бөгөөд энэ хугацаанаас хойш ямар нэгэн нотлох баримт нэмж гаргаж өгөөгүй. Шүүх нэхэмжлэлийн хувийг хариуцагчид гардуулж өгөхдөө буюу 2016.01.29-ний өдөр хэргийн материалтай танилцуулсан. Энэ хугацаанаас хойш буюу 24 хоногийн хугацаанд хуулиар олгогдсон эрхээ хэрэгжүүлэх бүрэн боломжтой байсан гэж үзэж байна. Хэдийгээр 22-ны өдөр шинээр томилогдсон төлөөлөгч хэргийн материалтай танилцуулсан ч өмнө танилцаж байсан учир эрхийн зөрчөөгүй байна. Иймд магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ :

Эм Эм Ай Ди ХХК нь Монголиан Юниверсал Дриллинг ХХК-иас худалдсан хөрөнгийн үнэ 29.951.090 төгрөг, гэрээний дагуу төлөх алданги 14.975.545 төгрөг нийт  44.926.635 төгрөг гаргуулахыг хүссэн бөгөөд хариуцагч зөвшөөрөхгүй маргасан байна. 

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүрэн хангасныг давж заалдах шатны шүүх хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаажээ.

Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эм Эм Ай Ди ХХК нь хариуцагчтай 2015 оны 7 дугаар сарын 30-ны өдөр байгуулсан 15/07/30 дугаартай гэрээг шаардлагынхаа үндэслэл болгосон хэдий ч уг гэрээний зүйл   тодорхойгүй байхад анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлд нийцээгүй байна.    

Нэхэмжлэлийн үндэслэл болсон гэрээнээс үзвэл талууд “...гэрээний хавсралт №1-д заасан хайгуулын багаж хэрэгсэл...” худалдах, худалдан авахаар тохирсон боловч хэрэгт уг хавсралт байхгүй байна. Нэхэмжлэгч нь “тоног төхөөрөмж” худалдсан гэж, харин  хариуцагч “...өрмийн сум бусад сэлбэг хэрэгсэл...” худалдан авсан гэж маргасан байхад шүүх энэ талаар дүгнэлт хийгээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-г зөрчжээ.   

Түүнчлэн, шүүх хэргийн материалыг талуудад танилцуулаагүй, хэрэг хянан шийдвэрлэх шүүгчийг хэрхэн томилсон нь тодорхой бус байгаа талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй.

Дээр дурдсан үндэслэлээр магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхив. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1  дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 969 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Нэхэмжлэгч байгууллага хяналтын шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2016 оны 6 дугаар сарын 08-ны өдөр төлсөн 382.600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                                 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                     ШҮҮГЧ                                                  Б.УНДРАХ