Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 183/ШШ2024/02432

 

 

 

 

 

 

 

 

2024 оны 06 сарын 03 өдөр Дугаар 183/ШШ2024/02432 Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүргийн  дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө,  тоот хаягт байрлах ******* ХХК /РД:/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүргийн  дугаар хороо, ривер вилла- тоот хаягт байрлах, ******* ХХК /РД:/-д холбогдох,

 

Ажил гүйцэтгэх гэрээнээс татгалзаж, гэрээний дагуу төлсөн 4 000 000 төгрөг, алданги 3 988 000 төгрөг, нийт 7 988 000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Шинэжаргал нар оролцов. Хариуцагч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бөгөөд нэхэмжлэгчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Манай компани хариуцагч ******* ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээгээр miniibrand.mn нэртэй 16 000 000 төгрөгийн үнэ бүхий вэб сайтыг 50 хувийн хөнгөлөлтэй 8 000 000 төгрөгөөр хийлгэхээр 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдөр гэрээ байгуулсан. Гэрээний урьдчилгаа төлбөрт 4 000 000 төгрөгийг ******* ХХК-ийн Хаан банк дахь 5 тоот дансанд шилжүүлсэн. Гэвч хариуцагч нь гэрээнд заасан хугацаанд ажлаа гүйцэтгэж өгөөгүйгээс манай компани цаг хугацаа болон бүтээгдэхүүн байршуулан худалдахаар тохирсон нэр бүхий 29 харилцагчаа алдаж, сэтгэл санаа болон орлогын боломжийг алдагдуулж үлэмж хэмжээний хохирол учруулсан. Иймд гэрээг цуцлан урьдчилгаа болгон өгсөн 4 000 000 төгрөг болон тус гэрээнд заасан алданги 3 988 000 төгрөг, нийт 7 988 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү... гэв.

 

2. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, төлөөлөгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, дансны хуулга, 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 106 дугаартай Ажил гүйцэтгэх гэрээ, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ болон компанийн дүрэм эдгээр баримтыг шүүхэд гаргаж өгсөн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ ... Хариуцагч ажил гүйцэтгэх гэрээний үүргээ биелүүлээгүй тул гэрээг цуцлан гэрээний дагуу ажлын хөлсний урьдчилгаанд шилжүүлсэн 4 000 000 төгрөг, алданги 3 988 000 төгрөг, нийт 7 988 000 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхтэй... гэж тайлбарлаж байна.

 

3. Хариуцагч ******* ХХК нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн эсхүл татгалзсан тухай ямар нэг тайлбарыг шүүхэд ирүүлээгүй болно.

 

4. Хэргийн баримтаар талуудын хооронд 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдөр 106 дугаартай ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр ажил гүйцэтгэгч ******* ХХК нь захиалагч ******* ХХК-ийн хэрэгцээнд зориулж вэб динамик вэб хуудсыг 31 хоногт хийж гүйцэтгэх, захиалагч нь ажлын хөлс 8 000 000 төгрөгийг төлөх үүргийг тус тус хүлээхээр тохиролцсон байна.

 

5. Дээрх гэрээ нь эрх зүйн харилцааны хувьд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаанд хамаарна. Гэрээ хүчин төгөлдөр байна. Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээдэг.

 

6. Нэхэмжлэгч ******* ХХК-ийн итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд болох Б.Ганзоригийн Хаан банк дахь 5750470135 тоот дансны хуулгаар 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 1 000 000 төгрөг, 03 дугаар сарын 31-ний өдөр 1 000 000 төгрөг, 2022 оны 04 дүгээр сарын 25-ний өдөр тус тус хариуцагч ******* ХХК-ийн Хаан банк дахь 50 тоот дансанд вэб урьдчилгаа гэх утгаар шилжүүлсэн болох нь тогтоогдож байна.

 

7. Иргэний хуулийн 210 дугаар зүйлийн 210.1-д зааснаар хууль буюу гэрээнд үүрэг гүйцэтгэгч үүргээ заавал биечлэн гүйцэтгэхээр заагаагүй буюу үүргийн шинж чанарт харшлахгүй бол үүргийг гуравдагч этгээдээр гүйцэтгүүлж болно. Мөн хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1-д зааснаар үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид, эсхүл хууль, гэрээ буюу шүүх, арбитрын шийдвэрт заасан эрх бүхий этгээдэд хүлээлгэж өгнө гэж зааснаар нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч ******* ХХК-д гэрээний дагуу ажлын хөлсний урьдчилгаа 4 000 000 төгрөгийг төлсөн нь баримтаар тогтоогдов.

 

8. Ажил гүйцэтгэгч нь гэрээнд заасан ажлыг тогтоосон хугацаанд гүйцэтгэх үүрэгтэй ба талууд гэрээндээ 31 хоногийн хугацаанд вэб сайтыг хийж хүлээлгэн өгөхөөр тохирсон боловч хариуцагч үүргээ биелүүлээгүй гэж нэхэмжлэгч тайлбарласныг үгүйсгэсэн тайлбар хариуцагч шүүхэд гаргаагүй тул нэхэмжлэгчийн тайлбарыг шүүх үнэн зөв гэж дүгнэв.

 

9. Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.2-т ажил гүйцэтгэгч ажлыг бүрэн гүйцэтгэж дуусахаас өмнө захиалагч хэдийд ч гэрээг цуцлах эрхтэй гэж заасан тул нэхэмжлэгч нь хариуцагчтай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээнээс татгалзах эрхтэй байна.

 

10. Гэрээнээс татгалзсанаар Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-т заасны дагуу өгсөн, авсан зүйлээ харилцан буцаах үр дагавар үүсэх бөгөөд нэхэмжлэгчээс гэрээний дагуу хариуцагчид төлсөн 4 000 0000 төгрөгийг хариуцагч ******* ХХК-иас буцаан гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д олгох нь зүйтэй.

 

11. Харин гэрээнээс татгалзах, гэрээг цуцлахад үүргийн харилцаа буюу гэрээний үүргээс үүдсэн шаардах эрх дуусгавар болдог тул нэхэмжлэгч гэрээний үүрэг болох алданги шаардах эрхгүй болно.

 

12. Иймд хариуцагч ******* ХХК-иас 4 000 000 төгрөгийг буцаан гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д олгон, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3 988 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

13. Шүүх, хариуцагчид иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмын дагуу нэхэмжлэлийн хувийг гардуулж, зохигчийн эдлэх эрх хүлээх үүргийг тайлбарласан боловч хариуцагч шүүхэд бичгээр хариу тайлбар ирүүлээгүй. Мөн өдрийн шүүх хуралдааны товыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2-т заасныг үндэслэн 2024.05.17-ны өдөр хариуцагчийн төлөөлөгч Ж.Ш 99 дугаарын утсаар мэдэгдэж, шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүйгээс гарах үр дагаврыг тайлбарласан хэдий ч тэрээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй, хүндэтгэн үзэх шалтгаан дурдсан баримт, хүсэлт ирүүлээгүй учир шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар хэрэгт авагдсан баримтын хүрээнд хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

14. Тус шүүх хуралдаанд 09 цаг 30 минутад товлогдсон бөгөөд шүүх хуралдаан эхэлснээс хойш буюу 10 цагт хариуцагчийн төлөөлөгч шүүхийн мэйл рүү хурал хойшлуулах хүсэлт ирүүлсэн байсныг шийдвэрлэх боломжгүйг дурдах нь зүйтэй.

 

15. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ******* ХХК-иас 4 000 000 төгрөгийг буцаан гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3 988 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 142 758 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ХХК-аас улсын тэмдгийн хураамжид 78 950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******* ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХЦЭЦЭГ