Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 183/ШШ2024/02461

 

 

 

 

 

 

 

 

2024 оны 06 сарын 04 өдөр Дугаар 183/ШШ2024/02461 Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг,  дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө , Залуу Монгол оффис  тоот хаягт байрлах, ******* ХХК /РД:/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүрэг,  дугаар хороо, Ривер гарден дугаар байр,  тоот хаягт байрлах, ******* ХХК /РД:/-д холбогдох,

 

Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 3 371 600 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Шинэжаргал нар оролцов. Хариуцагч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бөгөөд нэхэмжлэгчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Манай компани хариуцагч ******* ХХК-д 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдөр 6 089 500 төгрөгийн үнэ бүхий тос, тосолгооны материалыг нэг сарын хугацаатай зээлээр худалдсан юм. Хариуцагч тос, тосолгооны материал хүлээн авсан өдрөө төлбөрийн 20 хувь буюу 1 217 900 төгрөг, 2023 оны 04 дүгээр сарын 1 500 000 төгрөг нийт 2 717 900 төгрөг төлсөн байсан бөгөөд манай компани шүүхэд үлдэгдэл төлбөр 3 371 600 төгрөгийг гаргуулах шаардлага гаргасан. Хариуцагч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2 000 000 төгрөгийг төлсөн тул үлдэгдэл 1 371 600 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв.

 

2. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, зарлагын баримт болон нэхэмжлэх, хариуцагч хуулийн этгээдэд мэдэгдэл хүргүүлсэн албан бичиг, итгэмжлэл, дансны хуулга эдгээр баримтыг шүүхэд нотлох баримтаар гаргасан. Хариуцагчаас хариу тайлбар болон нотлох баримт шүүхэд гаргаж өгөөгүй болно.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч ******* ХХК-д холбоогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 3 371 600 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч 2 000 000 төгрөгийг төлсөн үндэслэлээр 2 000 000 төгрөгийн шаардлагаас татгалзсаныг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

3. Хэргийн баримтаар зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэрээ хүчин төгөлдөр гэж дүгнэв.

 

4. Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг.

 

5. Хэрэгт авагдсан зарлагын баримтаар худалдагч буюу нэхэмжлэгч нь 6 089 500 төгрөгийг үнэ бүхий тос, тосолгооны материалыг худалдан авагч ******* ХХК-д шилжүүлсэн өгсөн болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэгчийг гэрээний үүргээ биелүүлсэн гэж үзнэ.

 

6. Нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт нотлох баримтаар авагдсан дансны хуулгаар худалдан авагч буюу хариуцагч ******* ХХК нь хэлэлцэн тохирсон үнэ төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, үлдэгдэл төлбөр 1 371 600 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй байна.

 

7. Иймд дээрх үндэслэлээр хариуцагч ******* ХХК-иас худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 1 371 600 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч ******* ХХК-д олгох нь зүйтэй.

 

8. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилав.

 

9. Шүүх, хариуцагчид иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмын дагуу нэхэмжлэлийн хувийг гардуулж, зохигчийн эдлэх эрх хүлээх үүргийг тайлбарласан боловч хариуцагч шүүхэд бичгээр хариу тайлбар ирүүлээгүй. Мөн өдрийн шүүх хуралдааны товыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2-т заасныг үндэслэн 2024.05.30-ны өдөр хариуцагчийн төлөөлөгч П.Ө 95 дугаарын утсаар мэдэгдэж, шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүйгээс гарах үр дагаврыг тайлбарласан хэдий ч тэрээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй, хүндэтгэн үзэх шалтгаан дурдсан баримт, хүсэлт ирүүлээгүй учир шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар хэрэгт авагдсан баримтын хүрээнд хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ******* ХХК-иас 1 371 600 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч 2 000 000 төгрөгийг шаардлагаас татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 106 дугаар зүйлийн 106.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамж 68 896 улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ХХК-иас 37 469 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХЦЭЦЭГ