Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 06 өдөр

Дугаар 311

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Л.Содномдорж хөтөлж,

улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.Жаргалсайхан,

шүүгдэгч Б.О- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б овогт Б-ийн О-д холбогдох эрүүгийн 1710000000145 дугаартай хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол улсын иргэн, 1986 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Төв аймгийн Баянхангай суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, хамтран амьдрагч Д.С-гийн хамт амьдардаг, Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо **** тоотод бүртгэлтэй боловч Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо 4-21 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй,

- Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2009 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 445 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 5 сарын баривчлах ялаар шийтгүүлж, 2010 оны 03 дугаар сарын 26-ны өдөр хугацаа дуусч суллагдсан,

- Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 652 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр, 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Сум дундын 14 дүгээр шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 65 дугаартай Ерөнхий шүүгчийн захирамжаар Эрүүгийн хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.3,.1, 74.5-д зааснаар Б.О-ын эдлээгүй үлдсэн 1 жил 2 сар 13 хоногийн ялаас хугацаанаас нь өмнө тэнсэн сулласан,

- Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 785 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлж, Эрүүгийн хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-т зааснаар Б.О-д оногдуулсан 2 жил 1 сарын хорих ял дээр Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 652 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жил 6 сарын хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 2 сар 3 хоногийн зарим болох 7 сарын хорих ялыг нэмж нэгтгэн Б.О-ын нийт биечлэн эдлэх хорих ялыг 2 жил 8 сарын хугацаагаар тогтоож, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 277 дугаартай шүүгчийн захирамжаар Эрүүгийн хуулийн 77 дугаар зүйлийн 77.1, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар Б.О-ын эдлээгүй үлдсэн эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 2 сар 27 хоногийн хорих ялаас өршөөн хэлтрүүлсэн, Б овогт Б-ийн О

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдснээр/

Шүүгдэгч Б.О- нь 2017 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Хан-Уул дүүргийн 6 дугаар хороо ***** тоотод оршин суух иргэн Д.И-ын гэрээс бэлэн 600.000 төгрөгийг хууль бусаар авч, бусдад 600.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

 ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан хохирогч, гэрчийн гаргасан мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.О- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй гэв.

 

Мөн хавтаст хэргээс:

1. Шүүгдэгч Б.О- 2017.10.03-ны өдөр яллагдагчаар мэдүүлэхдээ: ...Би Д.И-ын малыг малладаг юм. Хан-Уул дүүргийн 6 дугаар хороонд байрлах Д.И-ын гэрт гар утсаа цэнэглэх гээд ороход тэрээр ганцаараа байсан. Д.И-ыг бие засах гээд нойл руу явсан хойгуур нь хувцасны шүүгээний цоожийг хөшиж онгойлгоход түрийвчинд байсан бэлэн мөнгийг нь авсан. Мөнгийг аваад шүүгээнээс холдох гэж байхад Д.И- гаднаас ороод ирсэн. Би цэнэглэж байсан гар утсаа авч гараад дэлгүүрээс ойр зуурын юм аваад буцаад явах замдаа мөнгөө хээр газар нуусан. Тухайн үед согтуу байсан тул хаана нуусанаа мэдэхгүй байна. Дараа нь хайгаад олоогүй. Д.И-ынх 600.000 орчим төгрөг алга болсон гэхээр нь би хохирлыг барагдуулсан. Би хулгай хийсэндээ гэмшиж байна...гэх мэдүүлэг 22-23-р хуудас/,

 

   2. Хохирогч Д.И- мэдүүлэхдээ: ...2017 оны 09 дүгээр сард миний малчин Б.О- эхнэрийн хамт манайд утсаа цэнэглэх гэж ирсэн. Б.О- нь Яармагийн урд талын Шанаган модны өвөрт манай малыг маллаж байгаа юм. Орой 17-18 цагийн үед манайд утсаа цэнэглэнэ гэж дахиад ганцаараа ирсэн. Миний гэдэс өвдөөд бие засах гээд нойл орж бие засаад ирэхэд Б.О- түрийвч тавьсан шүүгээний хажууд зогсож байсан ба намайг орж ирэхэд орон дээр ирж суусан. Би Б.О-ыг “яв яв” гээд явуулсан. Манайд өөр хүн байгаагүй, би ганцаараа байсан. Маргааш нь би юм янзалж байгаад хувцасны шүүгээний цоожийг харсан. 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр манай хүү, эхнэр хоёр ирж хувцасны шүүгээг үзээд бэлэн мөнгө алга болсныг мэдсэн. Түрийвчинд ойролцоогоор 600.000 орчим төгрөг байсан нь алга болсон. Б.О- шүүгээний хажууд зогсож байсан тул түүнийг сэжиглэж байна. 2017 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр цэцэрлэгийн хойд талын дэлгүүрийн Б.Н- “Б.О- 400.000 төгрөгийг надад хадгалуулаад бүтэн сайн өдөр буцаагаад авсан” гэж хэлсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 5-р хуудас/,

            2017.09.22-ны өдөр мэдүүлэхдээ: Цагдаагийн байгууллагад өргөдөл өгсний маргааш нь Б.О- ирээд “би согтуу байхдаа боодолтой мөнгө авсан байна, намайг уучлаарай, би таны мөнгийг төлнө” гэж уучлалт гуйж ирсэн. Б.О- өөрөө 600.000 гаруй төгрөг хулгайлж авсан гэдгээ хэлсэн. Одоогоор миний мөнгийг төлөөгүй байгаа...гэх мэдүүлэг /хх-ийн 6-р хуудас/,

            2017.10.06-ны өдөр мэдүүлэхдээ: Миний хохирол бүрэн төлөгдсөн. Надад нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 7-р хуудас/,

           

   3. Гэрч Б.Н- 2017.09.20-ны өдөр мэдүүлэхдээ: ...Хан-Уул дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт, хүүхдийн цэцэрлэгийн хойд талд байрлах “ННЭ номгон” дэлгүүрт манай охин Г худалдагчаар ажилладаг юм. Г завгүй үед би хааяа дэлгүүрт зогсдог. 2017.09.16-ны орой Г-ийн оронд түр зогсож байхад 19.00 цагийн үед халамцуу залуу орж ирээд “би Д.И-ын малчин, Д.И-ын эхнэр Жалбуугийн дүүгийнх нь охинтой суусан” гэсэн. Манайхаас бохь, шоколад худалдаж аваад “эгчээ би ажил хийгээд цалингаа авсан, би согтуу байна, мөнгөө хаячихаж магадгүй тул мөнгөө хадгалуулъя” гээд надад хорин мянгатын дэвсгэртээр 400.000 төгрөг хадгалуулахаар өгсөн. Тэгээд утсаар нэг эмэгтэйтэй ярьчихаад “манай эхнэр ирж байна, мөнгөө буцаагаад авъя” гэхээр нь буцаагаад өгсөн. Д.И-ын эхнэр Ж ирээд “манай малчин залуу мөнгө хадгалуулсан юм уу” гэхээр нь “хадгалуулсан” гэж хэлсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 8-9-р хуудас/,

 

   4. Гэрч И.Д 2017.09.22-ны өдөр мэдүүлэхдээ: ...2017.09.16-ны өдөр манай аав Д.И- “гэрт хувцасны шүүгээ дотор байсан түрийвчтэй бэлэн мөнгө алга болсон, тэр өдөр манай малчин Б.О- гэрт ирсэн” талаар хэлсэн. Би энэ тухай Б.О-д хэлээгүй ба аав цагдаа дээр очиж гомдол гаргасны дараа Б.О-д энэ тухай хэлэхэд “би согтуудаа мөнгө авсан байна, би мөнгийг нэг газар нуусан чинь олохгүй байна, би мөнгийг чинь төлнө” гэсэн. Манай ээж надад хэлэхдээ “600.000 орчим төгрөг алга болсон. Б.О- энэ мөнгийг аваад ганц, хоёр шил архи авч уугаад согтуудаа нэг газар нуусан. Хаана нуусанаа мэдэхгүй байна” гэсэн. Б.О- 600.000 орчим төгрөг авсан гэж хэлсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 10-р хуудас/,

2017.09.25-ны өдөр мэдүүлэхдээ: Б.О- нь 600.000 төгрөгийг төлж барагдуулсан. Манай аав Д.И- нь одоо ямар нэгэн гомдолгүй, нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 11-р хуудас/,

5. Сонгинохайрхан дүүргийн 2009.12.16-ны өдрийн 445 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 38-39-р хуудас/,

6. Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014.05.19-ний өдрийн 652 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 41-67-р хуудас/,

7. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015.07.31-ний өдрийн 785 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 70-72-р хуудас/,

8. Сум дундын 14 дүгээр шүүхийн 2014.11.07-ний өдрийн 65 дугаартай  хорих ял эдлэхээс хугацаанаас нь өмнө тэнсэн суллах тухай шүүгчийн захирамжийн хуулбар /хх-ийн 68-р хуудас/,

9. Шүүгдэгч Б.О-ын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 37-р хуудас/ зэрэг болно.

 

Шүүхээс шүүгдэгч Б.О-ыг гэм буруутайд тооцсон үндэслэлийн талаар:

 

Шүүгдэгч Б.О- нь 2017 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Хан-Уул дүүргийн 6 дугаар хороо ****** тоотод оршин суух хохирогч Д.И-ын гэрээс бэлэн 600.000 төгрөгийг нууцаар авч, бусдад 600.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

 

   Хохирогч Д.И-ын ...Б.О- нь тухайн орой 17-18 цагийн үед манайд утсаа цэнэглэнэ гэж дахиад ганцаараа ирсэн. Миний гэдэс өвдөөд бие засах гээд нойл ороод ирэхэд Б.О- түрийвч тавьсан шүүгээний хажууд зогсож байсан ба намайг орж ирэхэд орон дээр ирж суусан. Би Б.О-ыг “яв яв” гээд явуулсан. 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр манай хүү, эхнэр хоёр ирж хувцасны шүүгээг үзээд бэлэн мөнгө алга болсныг мэдсэн. Түрийвчинд ойролцоогоор 600.000 орчим төгрөг байсан нь алга болсон. 2017 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр хойд талын дэлгүүрийн Б.Н- “Б.О- 400.000 төгрөгийг надад хадгалуулаад бүтэн сайн өдөр буцаагаад авсан” гэж хэлсэн. Б.О- нь манай малыг малладаг байсан учраас мөнгөний хэрэг гарахад бид нараас асууж авдаг байсан. Тэр үед Б.О- ямар ч мөнгөгүй байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 5-р хуудас/,

            2017.09.22-ны өдөр: Б.О- ирээд “би согтуу байхдаа боодолтой мөнгө авсан байна, намайг уучлаарай, би таны мөнгийг төлнө” гэж уучлалт гуйж ирсэн. Б.О- өөрөө 600.000 гаруй төгрөг хулгайлж авсан гэдгээ хэлсэн. Одоогоор миний мөнгийг төлөөгүй байгаа...гэх мэдүүлэг /хх-ийн 6-р хуудас/,

            2017.10.06-ны өдөр: Миний хохирол бүрэн төлөгдсөн. Надад нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 7-р хуудас/,

           

   Гэрч Б.Н-гийн ...Би 2017.09.16-ны орой Гийн оронд түр зогсож байхад 19.00 цагийн үед халамцуу залуу орж ирээд “би Д.И-ын малчин, Д.И-ын эхнэр Ж-гийн дүүгийнх нь охинтой суусан” гэсэн. Манайхаас бохь, шоколад худалдаж аваад “эгчээ би ажил хийгээд цалингаа авсан, би согтуу байна, мөнгөө хаячихаж магадгүй тул мөнгөө хадгалуулъя” гээд надад хорин мянгатын дэвсгэртээр 400.000 төгрөг хадгалуулахаар өгсөн. Тэгээд утсаар нэг эмэгтэйтэй ярьчихаад “манай эхнэр ирж байна, мөнгөө буцаагаад авъя” гэхээр нь буцаагаад өгсөн. Д.И-ын эхнэр Жалбуу ирээд “манай малчин залуу мөнгө хадгалуулсан юм уу” гэхээр нь “хадгалуулсан” гэж хэлсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 8-9-р хуудас/,

 

   Гэрч И.Д-ийн ...Б.О-тай уулзахад “би согтуудаа мөнгө авсан байна, би мөнгийг нэг газар нуусан чинь олохгүй байна, би мөнгийг чинь төлнө” гэсэн. Манай ээж надад хэлэхдээ “600.000 орчим төгрөг алга болсон. Б.О- энэ мөнгийг аваад ганц, хоёр шил архи авч уугаад согтуудаа нэг газар нуусан. Хаана нуусанаа мэдэхгүй байна” гэсэн. Б.О- 600.000 орчим төгрөг авсан гэж хэлсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 10-р хуудас/,

 

Шүүгдэгч Б.О-ын “...Д.И-ыг бие засах гээд нойл руу явсан хойгуур нь би хувцасны шүүгээний цоожийг татаад хөшиж онгойлгоход түрийвч байсан ба дотор нь байсан бэлэн мөнгийг нь авсан. Би хулгай хийсэндээ гэмшиж байна...” гэж үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 22-23-р хуудас/ зэрэг шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байна.

Шүүгдэгч Б.О- нь бусдын эд хөрөнгийг нууцаар хулгайлсан гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрсөн, өөрийн гэм буруу болоод хэргийн үйл баримтын талаар маргаагүй, гэмт хэргийн хохирогч Д.И- нь хохирол төлбөр бүрэн төлөгдсөн, нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй тухайгаа илэрхийлсэн, шүүгдэгчид холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх талаарх хүсэлтээ шүүгдэгч, хохирогч нар нь тус тус илэрхийлснээр /хх-ийн 76, 83-84-р хуудас/ 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 216 дугаартай прокурорын тогтоолоор Б.О-д холбогдох эрүүгийн 1710000000145 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр тогтож, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд ирүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, зохицуулалтад нийцсэн байна.

 

Шүүгдэгч Б.О- нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарах ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна. 

 

   Шүүхээс шүүгдэгч Б.О- холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар гаргасан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 245 /хоёр зуун дөчин тав/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг шүүгдэгч нь хүлээн зөвшөөрч байгаагаа шүүх, прокурор, мөрдөн байцаалтын шатанд илэрхийлсэн тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.

            Хохирол төлбөрийн талаар:

Хохирогч Д.И- нь шүүгдэгч Б.О-аас учирсан хохирол болох 600.000 төгрөгийг авсан ба хохирол бүрэн төлөгдсөн, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүх хуралд оролцохгүй /хх-ийн 7-р хуудас/ гэж мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

            Шүүгдэгч Б.О- нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, иргэний бичиг баримт ирээгүй  болохыг тус тус дурдав.

 

             Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 17.5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

                                                      ТОГТООХ нь:

            1. Б овогт Б-ийн О-ыг бусдын эд хөрөнгийг нууцаар хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О-ыг 245 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүхээс оногдуулсан 245 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Б.О-д мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Б.О- нь хохирогч Д.И-т 600.000 төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

 

5. Шүүгдэгч Б.О- нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.О-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Х.ОДБАЯР