Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 183/ШШ2024/02546

 

 

 

 

 

 

 

 

2024 оны 06 сарын 10 өдөр Дугаар 183/ШШ2024/02546 Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг,  дугаар хороо, бага тойруу гудамж, байр, тоот хаягт оршин суух, Б овогт М.Д-ний нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүрэг,  дүгээр хороо, Зайсан вилла  байр,  тоот хаягт оршин суух, Б овогт, Э. А-т холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 60 000 000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай, 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн төлбөр барагдуулах хэлцлийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Ж, хариуцагч Э.А, хариуцагчийн өмгөөлөгч Ч.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Шинэжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбарт, сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: ...Зээлийн гэрээний үүрэгт 40 000 000 төгрөг, алдангид 20 000 000 төгрөг нийтдээ 60 000 000 төгрөгийг хариуцагч Э.А гаргуулахаар шаардаж байгаа. Э.А нь 2020 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр аман хэлцэл байгуулаад, 40 000 000 төгрөгийг М.Д зээлсэн. Зээлэхдээ 5 хувийн хүүтэйгээр тохиролцсон. Зээлэх болсон үндэслэл нь М.Д өөрийнхөө тээврийн хэрэгсэл, техникийг банканд тавиад зээл авахаар болсон. Гэтэл Э.А гэдэг хүн надад мөнгөний хэрэгцээ байна, таны барьцаа хөрөнгө хангалттай хүрэхүйц байгаа учраас та өөрийнхөө зээлж авч байгаа мөнгөн дээрээ ахиад 40 000 000 төгрөгийг нэмээд, надад зээл авч өгөөч гэдэг хүсэлтийг ******* гаргасан байдаг. Түүнийг нь зөвшөөрөөд ******* өөрийнхөө авч байсан зээл дээрээ нэмээд, 40 000 000 төгрөгийг Э.А 5 хувийн хүүтэй зээлж авч өгсөн. Ингээд зээл авсан өдрөөс хойш ******* зээлээ төлөхгүй, ямар нэгэн байдлаар шалтаг шалтгаан хэлээд удааширсан байдаг. Тухайн гэрээний амаар тохиролцсон хүүгээ төлж байна гэж 2 удаагийн гүйлгээгээр 4 000 000 төгрөгийг хүүд төлсөн. *******, ******* 2 нь хамтран өвс хадах зорилготой очсон хүмүүс. Гэвч тэр нь бүтэлгүйтсэн. Ингээд өөрсдөө техникээ аваад, өвс хадахаар болсон тохироонуудыг хийж байсан байдаг. Үүнтэй холбоотойгоор ******* бензин тосны зардал зэрэг юмнуудыг өмнө нь гаргаж *******т өгч байсан үйл баримтууд тогтоогдоно. Өөрөөр хэлбэл, 4 000 000 төгрөгөөс бусад гүйлгээ нь өөр зориулалттай шилжүүлэг байдаг. 2022 оны 12 сарын 16-ны өдөр мөнгөө өгөхгүй байсан учраас Э.А*-тай М.Д нөхөж зээлийн гэрээгээ байгуулсан байдаг. Энэ зээлийн гэрээний үүргийн дагуу 40 000 000 төгрөг, түүний алданги 20 000 000 төгрөг, нийтдээ 60 000 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү... гэв.

 

2. Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Нэхэмжлэгч Б.Д өөрийн найз Жаамаагаар дамжуулан танилцсан. 2020 оны намар бид хадлан хадаж, өвс зарах ажилд хамтрахаар тохирч Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутагт хадланд гарсан. Ашиг хуваар хувь дээрээ тохирч чадаагүйгээс болсон. 40 000 000 төгрөгийг зээлж авсан нь үнэн. Зээлийн хүүд нийт 7 500 000 төгрөгийг төлсөн. Мөн 1560 боодол өвс өгсөн. Энэ нь ойролцоогоор 8 000 000 орчим сая төгрөг болсон. Мөнгө болон өвсөөр төлсөн төлбөрийг хасаад үлдэх дүнг төлөх саналтай байгаа... гэв.

3. Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ: ...Б.Д нь 2022 оны 12 сард Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтэст намайг залилан мэхэлсэн гэж өргөдөл гаргасан. Тухайн үед хэргийг шалгаж байсан мөрдөн байцаагч Д гэрээ байгуулчих, тэгвэл хэргийг чинь хэрэгсэхгүй болгоод шийдээд өгье. Гэрээ байгуулахгүй бол шоронд орно шүү гэж дарамт шахалт үзүүлж байсан тул аргагүйн эрхэнд 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр нотариатын газар орж, Төлбөр барагдуулах хэлцлийг байгуулсан. Төлбөр барагдуулах хэлцлийг миний бие сайн дураараа байгуулаагүй бөгөөд мөрдөн байцаагчийн дарамт, шахалтын дагуу аргагүй байдалд орж байгуулсан явдал нь Иргэний хуулийн 60 дугаар зүйлийн 60.2-т уг хэлцийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож өгнө үү... гэв.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч сөрөг нэхэмжлэл хууль зүйн үндэслэлгүй гэж эс зөвшөөрөв.

 

5. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл, 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн төлбөр барагдуулах хэлцэл, Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн хаяг тогтоосон талаарх албан бичиг, М.Д Хаан банк дахь 556 тоот дансны хуулга, эдгээр баримтыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн.

Хариуцагчаас иргэний үнэмлэхийн лавлагаа, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газрын 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 154 дүгээр Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай прокурорын тогтоол, Э.А Хаан банк дахь 513 тоот дансны хуулга, М.Д 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Баянгол дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст гаргасан өргөдөл, *******, ******* нарын цагдаагийн газарт өгсөн мэдүүлэг, прокурорын газрын хариу мэдэгдэх хуудас эдгээр баримтыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн болно.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Үндсэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгон, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ ...талуудын хооронд 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр байгуулагдсан төлбөр барагдуулах хэлцлийн дагуу үндсэн зээл 40 000 000 төгрөг, алданги 20 000 000 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхтэй. Өмнө бичгээр зээлийн гэрээг байгуулаагүй үед зээлийн хүүд төлсөн 4 000 000 төгрөгийг хасч тооцоход татгалзах зүйлгүй... гэж тайлбарлав.

 

3. Хариуцагч 2020 оны 11 сарын 04-ны өдөр нэхэмжлэгч М.Д 40 000 000 төгрөг хүлээн авсан үйл баримтын талаар маргаагүй. Уг мөнгийг хүлээн авснаас хойш зээлийн хүүд 7 500 000 төгрөг шилжүүлсэн. 1560 боодол өвс буюу 8 000 000 орчим төгрөгийн өвс өгсөн тул 40 000 000 төгрөгөөс эдгээр төлөлтүүдийг хасч үлдэгдэл төлбөрийг төлөхөд татгалзахгүй. Харин 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр байгуулагдсан төлбөр барагдуулах хэлцэл хүч хэрэглэж хийсэн хэлцэл тул уг хэлцлийн дагуу нэхэмжлэгч шаардах эрхгүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг эс зөвшөөрч, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа тайлбарлаж байна.

 

4. Хэргийн баримтаар, 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр нэхэмжлэгч М.Д хариуцагч Э.А 40 000 000 төгрөгийг зээл олгов гэх утгаар шилжүүлсэн болох нь зохигчдын дансны хуулга, тайлбараар тогтоогдсон.

 

5. Хариуцагчаас 2020 оны 12 дугаар сарын 11-ны өдөр нэхэмжлэгчид 2 000 000 төгрөгийг, 2021 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр 1 000 000 төгрөгийн шилжүүлгийг тус тус 40 саяын хүүгийн төлбөр гэх утгаар шилжүүлж байснаас дүгнэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн. Гэрээ хүчин төгөлдөр гэж дүгнэв.

 

6. Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээдэг.

 

7. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1, 282.3-т ...зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно. Хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана... гэж заасан.

 

8. Нэхэмжлэгч нь 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хариуцагч Э.А 40 000 000 төгрөгийн зээлийг олгохдоо гэрээг бичгээр байгуулаагүй учир хүү авах эрхгүй. Иймд хариуцагчаас 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн хооронд 8 удаагийн шилжүүлгээр нэхэмжлэгчид төлсөн нийт 7 500 000 төгрөгийг зээлийн төлбөрөөс хасч тооцох нь зүйтэй.

 

9. Харин зээлийн төлбөрт тооцон 1560 боодол өвсийг нэхэмжлэгчид өгсөн гэх хариуцагчийн тайлбар баримтаар тогтоогдохгүй, тэрээр энэ талаарх баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт зааснаар өөрийн татгалзлын үндэслэлээ баримтаар нотлоогүй гэж үзнэ.

 

10. Түүнчлэн, нэхэмжлэгчийн ...хариуцагч нь 4 000 000 төгрөгийг хүүд төлсөн бусад шилжүүлэн нь өөр зориулалттай... гэх тайлбар баримтаар тогтоогдоогүй болно.

 

11. Улмаар талууд 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр төлбөр барагдуулах хэлцэл байгуулсан. Уг хэлцэлд ...Э.А нь 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр аман хэлцэл байгуулан 40 000 000 төгрөгийг зээлж авсан ба уг төлбөрийг одоог хүртэл төлөөгүй байна. төлбөр төлөгч нь 40 000 000 төгрөгийг 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн дотор төлбөр авагчийн Хаан банкны 556 тоот дансанд шилжүүлэхээр харилцан тохиролцов. Гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги төлнө... гэжээ.

 

12. Хариуцагч нь дээрх хэлцлийг өөрийн сайн дураараа байгуулаагүй, мөрдөн байцаагчийн дарамт, шахалтын дагуу аргагүй байдалд орж байгуулсан гэх үндэслэлээр хүч хэрэглэж хийсэн хэлцэл тул хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах сөрөг нэхэмжлэл гаргасан.

 

13. Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу сонирхогч этгээдийн нэхэмжлэлээр хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулж болно гэж зохицуулж, хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаар Иргэний хуулийн 58, 59, 60 дугаар зүйлүүдэд заасан үндэслэлээр шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийг хуульчилсан байдаг.

 

14. Иргэний хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 60.2-т нөгөө тал, эсхүл гуравдагч этгээдийн зүгээс хүч хэрэглэн буюу хүч хэрэглэхээр заналхийлэн хэлцэл хийсэн бол хэлцэл хийгч этгээд уг хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаар шаардах эрхтэй. Хэлцэл хийгч этгээд өөрт нь буюу түүний гэр бүлийн гишүүд, садан төрөл, ойр дотны бусад этгээдэд, эсхүл тэдний эд хөрөнгөд аюул учирна гэж итгүүлж үнэмшүүлснийг хүч хэрэглэсэн гэж үзнэ гэж заасан. Маргааны эрх зүйн баримт бичиг болох 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр төлбөр барагдуулах хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцох үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.

 

15. Харин уг хэлцэлд хариуцагчийн гүйцэтгэвэл зохих үүргийг 40 000 000 гэж тодорхойлсон нь үндэслэлгүй. Хариуцагчаас зээлийн хүүд төлсөн 7 500 000 төгрөгийг дээр дүгнэсэнчлэн хасч тооцвол хариуцагчийн гүйцэтгэвэл зохих үүрэг нь 32 500 000 төгрөг байна.

 

16. Талууд 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр төлбөр барагдуулах хэлцлээр үүрэг гүйцэтгэх хугацааг тогтоосон гэж үзэх үндэслэлтэй бөгөөд хариуцагчийн төлбөрийн үүргийг гүйцэтгэх хугацааг 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр гэж тогтоосон боловч хариуцагч Э.А нь Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1-т үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ, 222 дугаар зүйлийн 222.1-т үүргээ хугацаанд нь биелүүлээгүй бол үүрэг гүйцэтгэгч хугацаа хэтрүүлсэн гэж үзнэ гэж заасанчлан хугацааг хэтрүүлж, гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байна.

 

17. Талууд 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр төлбөр барагдуулах хэлцлийн 3-т хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги төлнө гэж тохирсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасан алдангийн тодорхойлолтод нийцсэн, гэрээг бичгээр байгуулсан тул нэхэмжлэгч М.Д нь хариуцагч Э.А алданги шаардах эрхтэй. Хариуцагчийн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиар алданги тооцон гаргуулах нь мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т заасантай нийцнэ.

 

18. Иймд хариуцагч Э.А зээлийн үлдэгдэл төлбөр 32 500 000 төгрөг, алданги 16 250 000 төгрөг, нийт 48 750 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М.Дд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 11 250 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

19. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Э.А-аас 48 750 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М.Дд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 11 250 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 60.2-т заасныг баримтлан 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн төлбөр барагдуулах хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцох тухай хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 457 950 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 357 950 төгрөгийг тус тус улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Э.А улсын тэмдэгтийн хураамжид 401 700 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М.Д олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХЦЭЦЭГ