Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 2022/ДШМ/524

 

 

 

Ж.Э холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус  шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Д.Ундармаа,

хохирогч Ч.О,

шүүгдэгч Ж.Эийн өмгөөлөгч Т.Анхцэцэг,

нарийн бичгийн дарга Т.Цэрэнсоном нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батжаргал даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 2022/ШЦТ/281 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Анхцэцэгийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Ж.Э холбогдох эрүүгийн 2111 0012 дугаартай хэргийг 2022 оны 5 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Боржигон овгийн Ж.Э, 

Шүүгдэгч Ж.Э нь Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Б" центрт 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр “Т” ХХК-ны зээлийн гэрээгээр итгэмжлэн хариуцуулсан хөрөнгө болох “тоёота приус-35” маркийн тээврийн хэрэгслийг завшиж 8.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: Ж.Эийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Боржигон овогт Ж.Эийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан ” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Эийг 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Эийг зорчих эрхийг хязгаарлах ялыг түүний оршин суух газар болох Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэр болон Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрээс гадагш явахыг тус тус хориглож, шүүгдэгч Ж.Э нь шүүхээс тогтоосон чиглэлээр зорчиж, шаардлагатай тохиолдолд эрх бүхий байгууллагын зөвшөөрлөөр оршин суух газраа өөрчлөх, зорчихыг анхааруулж, зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг түүний оршин суугаа газрын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Э нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Эээс 4.000.000 төгрөгийг гаргуулж хохирогч Ч.От олгож, шүүгдэгч Ж.Э нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, эд зүйл хурааж битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Ж.Эийн өмгөөлөгч Т.Анхцэцэг давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 2022/ШЦТ/281 дугаартай шийтгэх тогтоолыг шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэх үндэслэлээр эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгуулж, шүүгдэгч Ж.Э холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгуулахаар давж заалдах гомдол гаргаж байна.

Хэргийн бодит нөхцөл байдал нь иргэд хоорондын эдийн болон эдийн бус баялагтай холбоотой буюу зээлийн гэрээ, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах арга болох фидуцын гэрээний харилцаа байхад Иргэний эрх зүйн маргааныг эрүүжүүлэн, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж, шүүгдэгч Ж.Эийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь үндэслэлгүй байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д заасан хөрөнгө завших гэмт хэрэг нь бусдын өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг байдаг. Гэтэл Ж.Эийн хувьд завшсан гэх автомашины бодит өмчлөгч анхнаасаа өөрөө байсан бөгөөд зээлийн гэрээний барьцаанд өөрийн өмчлөлийн автомашиныг түр хугацаанд барьцаалж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах арга болох өмчлөх эрхийг түр хугацаанд буюу зээлийн гэрээний хугацаагаар “Т” ХХК-ийн өмчлөлд шилжүүлсэн явдал байсан. “Т” ХХК нь Ж.Ээй байгуулсан зээлийн гэрээний хугацаа дуусаагүй байсан бөгөөд зээлийн гэрээний 6.2.5-д барьцаа хөрөнгө болон үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар өмчлөлд шилжүүлсэн эд хөрөнгийн чанар үнэлгээ доройтсон, зээлдүүлэгчид үл мэдэгдэн тус хөрөнгийг өөрчилсөн, захиран зарцуулсан, устгасан, үрэгдүүлсэн тохиолдолд зээлийн гэрээний үүрэг дуусгавар болохоор талууд тохиролцжээ. Үүнээс үзэхэд барьцаа хөрөнгийг устгаснаар буюу 2020 оны 3 дугаар сар орчимд энэхүү зээлийн гэрээний харилцаа дуусгавар болсон тул тус гэрээний хавсралт болох үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээ дуусгавар болсон гэсэн үг юм. Өөрөөр хэлбэл, “Т” ХХК-ийн өмчлөлөөр бүртгүүлсэн бүртгэлийн эрх дуусгавар болсон тул Ж.Э нь өөрийнхөө өмчийн хөдлөх эд хөрөнгийг “Т” ХХК-иас завшсан байх боломжгүй юм. Ж.Эийн үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй, “Т” ХХК нь барьцаа хөрөнгийг устгасан, үрэгдүүлсэн тохиолдолд хохирлоо иргэний журмаар нэхэмжлэх, зээлийн гэрээний үүргээ нэхэмжлээд явах ёстой байсан. Гэтэл фидуцийн гэрээгээр өмчлөх эрх үүсдэг мэт ойлгож, уг автомашиныг “Т” ХХК-ийн өмч мэтээр буруу дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна.

Мөн “Т” ХХК нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 8.000.000 төгрөг нэхэмжилсэнийг гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг гэж үзэх боломжгүй юм. Хавтаст хэргийн 5 дугаар хуудсанд авагдсан 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн мөрдөгчийн тогтоолоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.5 дугаар зүйлийн 1.2-т заасан нөхцөл байдал тогтоогдож байна гэж үзэн “Т” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгчөөр Ч.Отомилсон байдаг. Хавтаст хэргийн 22 дугаар хуудсанд авагдсан 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн “Т” ХХК-иас Ч.Оөд олгосон итгэмжлэлээр Иргэний хэрэгт компанийг төлөөлөх эрх олгосон бөгөөд энэхүү итгэмжлэлээр “Т” ХХК-ийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөөлөх боломжгүй юм. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар хуулийн этгээдийг төлөөлөх эрхтэй албан тушаалтан, эсхүл итгэмжлэгдсэн төлөөлөгчийг хууль ёсны төлөөлөгчөөр тогтоож болохоор заасан. Хавтаст хэрэгт авагдсан итгэмжлэл нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөөлөх эрх олгогдоогүй, Ч.О нь “Т” ХХК-ийг төлөөлөх эрхтэй этгээд мөн эсэх нь өөрөөр хэлбэл компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд буюу гүйцэтгэх захирал мөн эсэхийг тогтоосон баримтгүй байна. /гүйцэтгэх захирлаар томилсон тушаал, шийдвэр авагдаагүй/. “Т” ХХК болон Ж.Э нарын байгуулсан зээлийн гэрээнд Ч.Оэдийн засагч гэж тодорхойлж, зээлийн гэрээнд гарын үсэг зурсан байдаг нь түүнийг компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй албан тушаалтан гэж үзэх боломжгүй байгаа юм. Цаашлаад Ч.О нь “Т” ХХК-ийг төлөөлж фидуцийн гэрээ байгуулах эрхтэй этгээд мөн эсэх баримтыг шалган тогтоох ажиллагаа хийгдэх ёстой бөгөөд гэрээ байгуулах эрхгүй этгээдтэй байгуулсан гэрээ хүчин төгөлдөр бус байдаг тул эрх зүйн үр дагавар үүсэх ёсгүй. Энэ тухай баримтыг шалгах нь хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой байсан. Эдгээрээс үзэхэд Ч.О нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогч биш байх тул түүний оролцсон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа бүхэлдээ журам зөрчиж явагдсан хуульд нийцээгүй гэж үзэж байна. Иргэний маргааныг эрүүжүүлэн гэмт хэргийн шинжгүй үйлдэлд шүүгдэгч Ж.Эийг гэм буруутайд тооцсон нь Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцэхгүй байгааг шүүхээс анхаарч үзэхийг хүсье. Шүүгдэгч Ж.Э холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 2022/ШЦТ/281 дугаартай шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү.” гэв.

Хохирогч Ч.О тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Ж.Эийн эзэмшилд байсан машин зээлийн гэрээний барьцаанд “Т” ХХК-ийн нэр дээр шилжиж ирсэн болохоор машиныг “Т” ХХК-ийн өмч гэж үзэж байна. Мөн төлөөлөх эрхгүй этгээд төлөөлсөн гэж үзэж байвал төлөөлөхтэй холбоотой баримтуудыг авчирсан байгаа.” гэв.

Прокурор Д.Ундармаа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Ж.Энхжаргал нь “Т” ХХК-тай гэрээ хийж, автомашин нь “Т” ХХК-ийн  өмчлөлд шилжсэн байдаг. “Т” ХХК-иас шүүгдэгчид автомашиныг унаж явах нөхцөлтэйгөөр итгэмжлэн хариуцуулсан. Шүүгдэгч итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг “Т” ХХК-нд мэдэгдэлгүйгээр завшиж, худалдан борлуулсан учир Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсон. Мөн шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс хохирогчоор тогтоох ёсгүй хүнийг хохирогчоор татсан гэж дурдсан байна. Энэхүү зээлийн гэрээг Ч.О өөрөө хийсэн, хэрэг гарах үед салбар хариуцсан захирал байсан зэргээ мөрдөн шалгах ажиллагааны шатнаас мэдүүлсээр ирсэн. Хуулийг буруу хэрэглэсэн гэх үндэслэлгүй юм. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Анхцэцэгийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Прокуророос шүүгдэгч Ж.Эийг Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Бэст” центрт 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр “Т” ХХК-ны зээлийн гэрээгээр итгэмжлэн хариуцуулсан хөрөнгө болох “тоёота приус-35” маркийн тээврийн хэрэгслийг завшиж 8.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “... бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завшсан бол ...” гэж заасан.

Шүүгдэгч Ж.Э холбогдох хэргийг хэлэлцэж шийдвэрлэсэн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 2022/ШЦТ/281 дугаартай шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй”, мөн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж заажээ.  

            Тодруулбал, шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т “гэмт хэрэг гарсан байдал”, мөн зүйлийн 1.3-т “гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр”, 1.5 “гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ”, 1.6 “гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл” зэрэг нотолбол зохих байдлыг шалган тогтоогоогүй, хэргийн үйл баримтад бодитой үнэлэлт дүгнэлт өгөөгүй нь хэргийн зүйлчлэлд нөлөөлөхүйц нөхцөл байдал үүссэн гэж үзэхээр байна.  

            Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Ж.Э нь “Т” ХХК-ийн ажилтан биш, харин 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр “Т” ХХК болон Ж.Э нарын хооронд зээлийн гэрээ байгуулагдаж, дээрхи гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээнд 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдөр орж ирсэн гэх өөрийн эзэмшлийн 96-45 УНР улсын дугаартай “тоёота приус 30” маркийн автомашиныг “Т” ХХК-ний өмчлөлд шилжүүлсэн байх ба өмчлөлд шилжүүлэх үед Монголд орж ирсэн гэх тухайн автомашины арлын дугаартай таарч байсан эсэх, мөн тухайн автомашиныг хэн оруулж ирсэн болон Ж.Эийн “...би 96-45 УНР улсын дугаартай авто машинтайгаа явж байгаад цасан дээр хальтраад шонгийн мод мөргөсөн” гэх мэдүүлгийг шалгаж тогтоосон эсэх болон шүүгдэгчийн хувийн байдал зэрэг холбогдох баримт хавтаст хэрэгт авагдаагүй байх тул эдгээр баримтыг хэрэгт хавсарган, хэргийн бодит байдлыг тодруулсны дараа Ж.Эийн сэдэлт, санаа зорилгыг нарийвчлан тогтоож хэргийг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.   

Мөн хохирогч “Т” ХХК нь итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Ж.Ог томилохдоо /хх 22/ иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөөлөгчөөр оролцуулахаар итгэмжлэлийг ерөнхий захирал П.Гансүх гэх хүн гаргасан албан бичигт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хохирогч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Ж.Отгонтөгс оролцох эсэх нь тодорхойгүй байгааг анхаарвал зохино. 

Хэдийгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдах боловч анхан шатны шүүх хэрэгт эргэлзээ бүхий нөхцөл байдал тогтоогдвол түүнийг нэг мөр болгосны эцэст хэргийг шүүхээр эцэслэн шийдвэрлэх учиртай.

Шүүхийн шийдвэрт нөлөөлж болохуйц уг ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй байх тул Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 2022/ШЦТ/281 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Ж.Э холбогдох хэргийг прокурорт буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.  

Хэргийг прокурорт буцаасантай холбогдуулан Ж.Э авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Анхцэцэгийн гаргасан давж заалдах гомдолд хууль зүйн дүгнэлт хийгээгүй болохыг дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 2022/ШЦТ/281 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Ж.Э холбогдох хэргийг тус шүүхээр дамжуулан Чингэлтэй дүүргийн прокурорын газарт буцаасугай.

2. Хэрэг прокурорт очтол Ж.Э авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжүүлсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

 

 

ШҮҮГЧ                                                              Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

 

            ШҮҮГЧ                                                              Б.АРИУНХИШИГ