Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 06 өдөр

Дугаар 312

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Тээврийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Я овогт Г-ын Т-д холбогдох эрүүгийн 1703000010043 дугаартай хэргийг 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Улсын яллагч Ц.Оюун-Эрдэнэ, хохирогч Г.З-, түүний өмгөөлөгч Н.Цэрэндулам, шүүгдэгч Г.Т-, түүний өмгөөлөгч Д.Нарангоо нарыг оролцуулан, нарийн бичгийн дарга Ч.Сайнзаяа шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1994 оны 07 дугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 23 настай, эрэгтэй, дээд боловсролтой, уул уурхайн ашиглалтын инженер мэргэжилтэй, “Буян” ХХК-нд дуудлагын жолооч ажилтай, ам бүл 2, ээжийн хамт амьдрах, Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, ****** тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Я овогт Г-ын Т,

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/

Шүүгдэгч Г.Т- нь 2017 оны 08 дугаар сарын 05-ны өдөр 21 цаг 30 минутын үед Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр, Буянт-Ухаа цогцолборын зүүн урд талын замд Samsung SM-5 маркийн ***** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.1-т заасан заалтыг зөрчсөнөөс явган зорчигч Г.З-ыг мөргөн эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулан Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлаад

                                                    

                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Т-ын өгсөн: 

“...Би 2017 оны 08 сарын 05-ны өдрийн 21 цагийн үед Буянт-Ухаа цогцолборын тэнд найзындаа очиж уулзчихаад гэр лүүгээ явж байсан. Тухайн үед үзэгдэх орчин харанхуй, эсрэг урсгалд машины гялбаа ихтэй байсан. Хохирогч Г.З-, Б.Э- нар явж байсан. Тэгээд зам гарах гээд болиод байхаар нь би хурдаа хасаад ажигласан. Тэгээд зам гарахаа болихоор нь хажуугаар нь зөрөх үед хажуунаас ороод ирсэн. Б.Э- ах нь намайг хараад зайлсхийгээд хойшоо зогссон. Г.З- ах дайруулсан. Би эмнэлгийн тусламж, цагдаа дуудсан. Тэгээд гэмтлийн эмнэлэг дээр ирсэн. Би 2014 онд жолооч болсон, машин бариад 4 жил гаран болж байна. Хохирогч Г.З-, Б.Э- нарыг ойролцоогоор 40-50 м зайнаас харсан. Тэдгээр хүмүүс согтуу зам гарах гээд, буцаж болиод, найгасан, бие биенийгээ түшсэн байдалтай явж байсан. Замын зорчих хэсэг рүү Г.З- нь нэг алхаж ороод буцаад болихоор нь би хажуугаар нь зөрөөд өнгөрөх үед гэнэт хажуу талаас орж ирээд мөргөгдсөн. Тухайн үед ойролцоогоор 50-60 км/цаг хурдтай явж байсан. Ослын улмаас машины урд салхины шил хагарсан. Машинд мөргөгдөөд хохирогч ойролцоогоор 4-5 м зайд унасан байсан. Хохирогчийг эмнэлэгт хэвтэж байхад нь уулзаж, уучлалт гуйсан. Би явган хүний гарц гарамтай хэсгээр өнгөрөх үедөө явган зорчигчийг мөргөсөн осол гаргаж, хүндэвтэр гэмтэл учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хэрэгт нэхэмжилсэн хохирол төлбөрийг бүрэн төлсөн. Би өөрөө 552.605 төгрөг, Даатгалаас 4,418.405 төгрөг төлөгдсөн. Цаашид эмчилгээ хийлгээд зардал гарвал баримтаар нь төлнө. Цалин орлогод нэхэмжилж байгаа 4.500.000 төгрөгийг төлөхөд хүндрэлтэй, чадахгүй байх. Би өндөр настай тэтгэвэрт гарсан ээжийнхээ хамт амьдардаг. Дуудлагын жолоочоор ажилладаг байсан, энэ хэрэгт холбогдоод ажлаасаа гараад, одоо ажилгүй байгаа. Амьдралын хувьд хэцүү байдаг. Гэм буруугаа ойлгож, их гэмшиж байна. Ослын улмаас учирсан гэмтлийн хохирлыг цаашид төлнө.” гэсэн мэдүүлэг,

 

2. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Г.З-ын өгсөн:

“...Би 2017 оны 08 сарын 05-ны өдөр ажлаа дуусгаад 22-ын товчоон дээр 1200 мкв талбайн шаврын ажил Буянт-Ухаад байдаг найзтайгаа авсан юм. Тэгээд найзтайгаа хийх ажлаа үзчихээд, 1 шил 0.75 гр архи 4-үүлээ хувааж уусан. Мөн хахарсан 5-6 литр айраг байсныг уугаад согтсон байсан. Тухайн үед Г.Т-ыг хурдаа хасаад ирэхээр нь зогсох гэж байгаа юм байна гэж ойлгоод урагшаа алхсан чинь тэр чигээрээ орж ирээд мөргөчихсөн. Тэгээд ухаан алдсан, юу болсныг мэдээгүй, нэг мэдэхэд эмнэлэгт сэрсэн. Осолд орсноос хойш “Мөнгөн гүүр” эмнэлэгт хоёр шууны булчингийн хагалгаа хийлгэсэн. Чихэн дээрээ оёдол тавиулж, өвдөгний хагалгаанд  орсон. Одоо миний хөл өвдөж, нүд бүрэлзээд байгаа, байнга нурууны бүс зүүж явдаг болсон. Ослоос болж удаан зогсож, явж болохгүй, нуруу хөшиж өвддөг болсон. Ард даатгалаас надад 4.418.405 төгрөг, шүүгдэгчээс өөрөөс нь гарсан баримттай зардал 552.600 төгрөг төлснийг хүлээн зөвшөөрч байгаа. Эмчилгээний зардал төлөгдсөн гэж үзэж байгаа. Би осолд орохоос өмнө ажил хөдөлмөр хийж, эхнэр хүүхдээ тэжээдэг байсан. Сард 1.200.000 төгрөг, өдрийн 40.000 төгрөгөөр ажилладаг байсан.

2017 оны 08 сарын 05-ны өдрөөс 2017 оны 11 сарын 05 хүртэл цалинд 3.600.000 төгрөг, хоол унааны мөнгө 450.000 төгрөг, бригадын даргын нэмэгдэл 450.000 төгрөг, нийт 4.500.000 төгрөг одоо нэхэмжилж байгааг шүүгдэгчээс гаргуулж өгнө үү. Миний ажиллаж байсан компани “Агьт” ХХК юм. Тус компанид би 2017 оны 6 сарын 2-нд ажилд ороод 2017 оны 08 сарын 05 хүртэл, осолд орох хүртлээ ажиллаж байсан. “Агьт” компани нь 3 компанитай байж байгаад нэгдээд компанийн нэр “Си Би Эс” ХХК гэдэг нэртэй болсон цалингийн тодорхойлолт баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Осол болох үед харанхуй, үзэгдэх орчин хязгаарлагдмал байсан. Надад цалингийн тодорхойлолт баримтаас өөр баримт алга. Компанийн удирдлагаас баримтаа авах гэтэл захирал нь хөдөө явсан гээд холбогдох баримтуудыг гаргаж өгч чадаагүй байна. Би Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын ****** тоотод оршин суух бүртгэлтэй, Улаанбаатар хотод шилжиж ирсэн бүртгэл хийгдээгүй, Сонгинохайрхан дүүргийн 31-р хороо, ******* тоотод айлын хашаанд гэрээ бариад амьдарч байсан учир Улаанбаатар хотод өрхийн болон дүүргийн эрүүл мэндийн төвийн эмчийн хяналтад орж чадахгүй байгаа, одоогоор хийлгэж байгаа эмчилгээ байхгүй байна. Би эрүүл саруул ажлаа хийгээд явж байсан, гэтэл осолд орж эрүүл мэндээрээ хохирлоо. Цаашид ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй боллоо, гэр бүлээ яаж тэжээх вэ, гомдолтой байна.” гэсэн мэдүүлэг,          

 

Эрүүгийн 1703000010043 дугаартай хэргээс:

 

1. Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 8-15х/,

 

2. Гэрч Б.Э-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“...2017 оны 08 дугаар сарын 05-ны өдөр Г.З-ын хамт найз С-ын хүүхдийн үсний найранд Буянт-Ухаа 2 хотхонд очоод 19:00 цаг өнгөрч байхад гэрээс нь гараад хотхоны зүүн талд байрлах машин замаар баруунаас зүүн тийшээ явган хүний гарцаар зам гарсан. Зам гарахаас өмнө би бие засчихаад ирэхэд Г.З- эхний урсгалаар эхлээд зам гарсан, тэгээд би араас нь зам гараад тусгаарлах зурвас дээр байрлах явган хүний зам дээр очиход Г.З- ахиад цаад талын урсгалын зам гарахаар 2, 3 алхаад явж байтал Солонгос улсад үйлдвэрлэсэн, мөнгөлөг саарал өнгийн суудлын автомашин зүүн урд талын хэсгээрээ мөргөсөн. Машин мөргөх үедээ тоормос гишгэсэн гэж бодож байна, мөргөхөөс өмнө ямар ч чимээ сонсогдоогүй, жолооч нь Г.З-ыг мөргөөд 5-6 метр яваад зогссон. Г.З- машины урд 4-5 метрийн цаана доошоо хараад хэвтэж байсан. Жолооч өөрөө Замын цагдаа болон түргэн тусламж руу залгаж дуудлага өгсөн. Түргэн тусламжийн автомашин ирээд Г.З-ыг авч явсны дараа Замын цагдаагийн бүрэлдэхүүн ирж хэмжилт хийсэн. Г.З-, бид хоёр тухайн үед хоёр найзын хамт, дөрвүүлээ 0,75 литрийн савлагаатай 1 шил архи уусан байсан. Би ослын газар болон мөргүүлсэн А цэгийг өөрөө зааж өгсөн. Мөргүүлэх үед нь би харж байсан юм. Ослын үед мөргөсөн автомашины урд салхины шил нь хагарсан байсан...” гэсэн мэдүүлэг /хэргийн 72х/,

 

3. Гэрч С.Т-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“...2017 оны 08 сарын 05-ны өдөр 21:00 цаг өнгөрч байхад Буянт-Ухаа-2 хорооллоос гэрээсээ найз Г.Т-, С.А- нарын хамт Нисэхийн тойрог орох замд урдаасаа хойшоо чиглэлтэй замд Г.Т-ын Самсунг-5 маркийн ***** улсын дугаартай машинтай явж байсан. Замын зүүн талын тусгаарлах зурвас дээр явган хүний замын шонгийн цаана 2 хүн бие биенээ түшсэн зогсож байсан. Тэр үед Г.Т- хурдаа сааруулаад явж байсан боловч зам гарахгүй байхаар нь хөдөлгөөнөө хэвийн үргэлжлүүлээд явж байтал нэг хүн нь шууд зам руу гуйваад ороод ирсэн. Би тэр хүнийг зам руу орч ирэхэд 6 м орчим зайнаас хараад хөөе гэж орилтол Г.Т- тормосоо гишгэсэн боловч явган зорчигч машины зүүн урт талаар мөргүүлж газар шидэгдэж унасан. Машин явган зорчигчийг мөргөөд 3-4 метр яваад зогссон, явган зорчигч машинаас 2 метр орчимын цаана хэвтэж байсан.

Явган зорчигч замын голын тусгаарлах хэсэг дээр гарцны харалдаа зогсож байгаад бид нарыг тулаад ирэх үед гуйваад зам руу ороод ирсэн. Тэгээд мөргүүлсэн.  Хохирогч 2-уулаа явж байсан ба нэг найз нь цуг явж байгаад тэр нь замын голд үлдчихсэн. Г.Т- тухайн үед согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй, ойролцоогоор 60 орчим км/цаг хурдтай явж байсан. Хохирогчийг мөргөхөөс өмнө тормос гишгэсэн боловч зогсож амжаагүй. Ослын улмаас миний биед гэмтэл учраагүй. /хэргийн 76-77х/,

 

4. Гэрч С.А-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“...2017 оны 05 сарын 05-ны өдөр 21 цаг өнгөрч байхад найз Г.Т-, С.А- нарын хамт Буянт-Ухаа-2 хорооллоос гэмтлийн эмнэлэг орох гээд Нисэхийн тойргийн урдаасаа хойшоо чиглэлтэй замд Г.Т-ын Самсунг-5 маркийн ***** улсын дугаартай машинтай явж байтал тусгаарлах зурвас дээр хоёр хүн бие биенийгээ түшсэн, нилээн согтуу байдалтай баруунаас зүүн тийш зам гарах гээд явж байсан. Миний харснаар явган зорчигч нар тусгаарлах зурвас дээр ташуулдаад явж байсан. Тэр 2 хүнийг хараад Г.Т- хурдаа сааруулаад явж байтал тэр 2 хүн зам гарах гэж байснаа болиод зогсоход хөдөлгөөнөө хэвийн үргэлжлүүлээд ойролцоогоор 50-60 км/цаг хурдтай явж байтал нэг хүн нь шууд урагшаа зам руу гуйваад орж ирсэн. Гэнэт машины дугуй чихрах чимээ гараад явган зорчигч мөргүүлж 4 метр хиртэй газар шидэгдэж унасан. Осол болсны дараа машинаас буугаад явган зорчигч дээр очтол ухаан алдсан байдалтай байсан. Машин явган зорчигчийг мөргөөд 2-3 метр орчим яваад зогссон. Осол болох үеийн нөхцөл байдал цаг агаар тогтуун, үзэгдэх орчин чөлөөтэй, зорчих хэсэг гэрэлтүүлэгтэй, автомашины хөдөлгөөн сийрэг байсан. Нэг урсгалдаа 3 эгнээ замтай, бид нар 3 дугаар эгнээгээр явж байсан ба осол болсон газар явган хүний гарцтай газар байсан. Машин жолоодон явсан жолооч болон зорчигч нар сотгууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Осол болсон газар нь явган хүний гарцтай гарамтай газар байсан боловч явган зорчигч нар гарцаар зам гараагүй, гарцны цаагуур 50 см орчим гарцнаас зайтай гарсан байх. Гэхдээ шөнө байсан болохоор би сайн хараагүй.” гэсэн мэдүүлэг  /хэргийн 74х/,

 

5. ШШҮХ-ийн шинжээчийн 2017 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 10070 тоот дүгнэлтэд:

1. Г.З-ын биед бүсэлхийн 5-р нугалмын баруун хөндлөн сэртэнгийн хугарал, зүүн чамархайн хуйх, зүүн хацар, баруун чихний дэлбэн, баруун чамархайн хуйханд шарх, баруун хацар, шанаа, баруун чихний дэлбэн, дух, хамрын нуруу, баруун мөр, ташаа, баруун шуу, бугалга сарвуу, зүүн бугалга, шуу, хэвлий, зүүн гуя, баруун өвдөгт зулгаралт, баруун өвдөг, шилбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо.

2.3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлэр үүсгэгдэх бөгөөд тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

5. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй..” гэсэн дүгнэлт /хэргийн 81х/,

 

6. ШШҮХ-ийн химийн шинжээчийн 2017 оны 08 сарын 11-ны өдрийн 7623 дугаартай дүгнэлтэд:

1. Шинжилгээнд ирүүлсэн “Г.З- 32 нас” гэж хаягласан 4 мл орчим цусыг хуруу шилэнд хийж битүүмжлэн ирүүлсэн байсан ба шинжилгээнд тэнцэнэ.

2. Шинжилгээнд ирүүлсэн “Г.З- 32 нас” гэж хаягласан цусанд 3,7 промилли спиртийн агууламж илэрч байна.

3. Цусан дахь 3,7 промилли нь согтолтын хүнд зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт /хэргийн 85х/,

 

7. Автотээврийн Үндэсний төвийн Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 058913 тоот дүгнэлтэд:

1. Samsung маркийн ***** улсын дугаартай автомашин нь техникийн бүрэн бүтэн байдал стандартын шаардлага хангахгүй байна.

2. Уг автомашины урд салхины шил хагарч байхгүй болсон нь стандартын шаардлага хангахгүй байна.

3. Уг эвдрэл гэмтэл нь зам тээврийн ослын үед үүссэн.

4. Уг тээврийн хэрэгсэл нь зам тээврийн осол гарахад нөлөөлөх эвдрэл гэмтэлгүй болно.

5. Уг тээврийн хэрэгсэл нь шингэн дамжуулагатай, ABS системтэй.

6. Тоормосны систем нь стандартын шаардлага хангаж байна гэсэн дүгнэлт /хэргийн 89-96х/,

 

8. Замын цагдаагийн албаны Техникийн шинжээчийн 2017 оны 09 сарын 01-ний өдрийн 376 тоот дүгнэлтэд:

1. Samsung SM маркийн ***** улсын дугаартай автомашины жолооч Г.Т- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.1. “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна.

2. Явган зорчигч Г.З- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.9. “Явган зорчигчид дор дурдсан зүйлийг хориглоно: г/ өөрийгөө хянаж, жолоодох чадваргүй үедээ зорчих хэсгээр явах.” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. гэсэн дүгнэлт /хэргийн 98х/,

 

9. Хохирогч Г.З-оос мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“...2017 оны 08 сарын 05-ны өдөр найз С-ынд Б.Э-тай очсон. Найзынд очиход гэрт нь нэг танихгүй ах байсан. Бид 4-үүлээ 0.75 литрийн архи, бас 7 литр орчим айраг уусан. Орой 21.00 цагийн орчимд Б.Э- бид хоёр Буянт-Ухаа 2 хорооллоос гарч, спорт цогцолборын баруун урд талын явган хүний гарцаар зам гарахаар явсан. Бид 2 баруунаас зүүн гар тийш явган хүний гарцаар зам гарахаар эхний урсгалаар зам гараад, дараагийн урсгалаар нь зам гарах гэж явж байгаад суудлын автомашинд мөргүүлсэн. Ослын талаар өөр надад санах юм алга байна. Нэг мэдсэн Гэмтлийн эмнэлэгт ухаан орсон. Ослын улмаас нүүрний баруун хэсэг шалбарсан, баруун чих сэтэрсэн, эмч дарж оёно гэсэн. Зүүн талын шанаанд оёдол тавьсан, зүүн нүд юм харахаар бүрэлзээд хэцүү байх болсон, хоёр гарын шуу дээр оёдол тавьсан, баруун гарт 3 оёдол, зүүн гарт 8 оёдол тавьсан. Ташааны толгой дээр шалбарсан, баруун мөр шалбарсан, баруун хөл хугарсан зүйл байхгүй ч эмч хагалгаанд орно гэсэн.

Тухайн үед би согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан болохоор осол болсон замын нөхцлийг сайн мэдэхгүй байна. Ямар ч байсан явган хүний гарцаар зам гарч байснаа сайн мэдэж байна. Одоогийн байдлаар эмчилгээнд манай гэрээс 1.436.000 төгрөг зарцуулж байна, жолоочийн талаас 208.000 төгрөг зарцуулсан. Би сард 1.200.000 төгрөгийн цалинтай байсан, “Агьт” ХХК-д ажилд ороод 2 сар болж байсан. Түүнээс өмнө хувиараа ажил хийж байхдаа ер нь сард 1.0 сая орчим төгрөгийн орлоготой байсан. Өвчтэй байх хугацааны сарын цалин орлого, өөрсдийн гаргасан эмчилгээний зардал, цаашид хийгдэх эмчилгээний зардлыг нэхэмжилнэ. Би нийгмийн даатгал төлдөггүй байсан, гэхдээ “Агьт” ХХК-иас надад итгэмжлэл хийж өгнө гэсэн.  Би гомдолтой байна” гэсэн мэдүүлэг /хэргийн 69-70х/,

 

10. Түргэн тусламжийн болон ЦЕГ-ын мэдээлэл шуурхай удирдлагын төвийн дуудлага хүлээн авч бүртгэсэн тухай баримтууд /хэргийн 113х, 116х/,

 

11. Шүүгдэгч Г.Т- урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас баримт /хэргийн 119х/,

 

12. Хохирогч Г.З-ын осол гэмтлийн улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн өвчний түүх, хохирол нэхэмжлэхтэй холбоотой гаргасан баримтын товъёог, хохирлын баримтууд /хэргийн 31-54х, 55-65х/, “Си Би Эй” ХХК-ийн тодорхойлолт, хохирогчийн боловсрол, мэргэжлийн гэрчилгээний хуулбар баримт /шүүх хуралдаанд шинээр гаргасан/

 

13. Шүүгдэгч Г.Т-оос хохирогчиийн эмчилгээний төлбөрт төлсөн төлбөрийн баримтууд /хэргийн 126-129х/ болон “Ард Даатгал” ХХК-иас хохирогч Г.З-ийн ХААН банк дахь дансанд Самсунг 5 маркийн ***** улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолоочийн хариуцлагын даатгалын нөхөн төлбөрт 4.418.405 төгрөгийг 2017 оны 10 сарын 10-ны өдөр нөхөн төлсөн талаархи банк хоорондын шилжүүлгийн мэдээлэл баримт /шүүх хуралдаанд шинээр гаргасан баримт/

   

14. Шүүгдэгч Г.Т-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“...2017 оны 08 сарын 05-ны өдрийн 21:00 цагийн орчимд Буянт-Ухаа хорооллоос Нисэхийн тойрог орох замд буюу урдаасаа хойшоо өөрийн эзэмшлийн Самсунг 5 маркийн ***** улсын дугаартай автомашинтай, 2 найзын хамт явж байхад явган хүний зам дээр 2 хүн зам гарах гээд зогсож гэж байсан. Би тэр 2 хүнийг 50-60 метрийн зайнаас хараад хурдаа хасаад явж байтал зам гарахгүй зогсоод байсан болохоор нь зам гарахаа больж байгаа юм байх гэж бодоод хаазаа нэмээд хажуугаар нь гарах гэсэн боловч нэг явган зорчигч нь шууд зам гараад миний машины урд копутан дээгүүр даваад урт салхины шил мөргөж 2 метр зайд шидэгдээд унасан. Явган зорчигч согтуу байсан болохоор хөл нь тэнцвэр алдаад зам руу орсон байх гэж  бодож байна. Явган зорчигч замын голд тусгаарлах хэсэг дээр зогсож байгаа харагдсан. Хамт явж байсан хүн нь зам гараагүй үлдсэн. Явган зорчигч зам дээр 10 метр орчмын зайнд орж ирэхэд нь би тоормосоо тултал нь гишгэсэн боловч чигээрээ яваад явган зорчигчийг машиныхаа гол хэсгээр мөргөчихсөн.

Явган зорчигч явган хүний гарцтай хэсгээр баруунаас зүүн зүгт зам хөндлөн гарч байсан. Замын 3-р эгнээнд мөргөсөн. Тэгээд машинаасаа буугаад явган зорчигч дээр очиход ухаангүй хэвтэж байсан ба өөрийнхөө 88838583 дугаарын утсаар түргэн тусламж дуудаж, цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. Удалгүй Нисэхийн тойргийн цагдаагийн постоос эргүүлийн цагаа ирж түргэн тусламж хурдан ирүүл гэж мэдэгдсэн.

Тухайн үед цаг агаар тогтуун, үзэгдэх орчин чөлөөтэй, замын зорчих хэсэг гэрэлтүүлэгтэй, эсрэг урсгалтай 6 эгнээ замтай, зорчих хэсэг дээр автомашины хөдөлгөөн сийрэг байсан. Явган хүний гарц, тэмдэг тэмдэглэгээтэй зам байсан. Би явган зорчигчийг зам гарахад нь баруун тийшээ дараад тойроод гарах гэсэн боловч хажуу талд машин явж байсан. Би тээврийн хэрэгсэл жолоодох эрхтэй, машины ойрын гэрэл асаасан явж байсан. Ослын улмаас явган зорчигчийн нурууны сэртэн яс хугарсан,  хамар нь хугарсан, тархи доргилттой, царх ихтэй, хөл, гар зөөлөн эдийн гэмтэлтэй гэсэн. Миний зүгээс хохирогчийн эмчилгээ шинжилгээний зардалд одоогоор 500.000 төгрөг зарцуулаад байна. Эмчилгээний зардлыг бүрэн гүйцэт төлөөгүй байна. Хохирогчийн эмчилгээний зардлыг төлж барагдуулна. Миний машинд сууж явсан зорчигч нарт гэмтэл бэртэл учраагүй, машины урд салхины шил хагарсан эвдрэл учирсан. Сонсгож байгаа ял, хуулийн зүйл ангийг ойлгож, хүлээн зөвшөөрч байна.” гэсэн мэдүүлэг /хэргийн 104-106х/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, шүүх эмнэлгийн болон техникийн шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлага бүхий, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвартай, эрх бүхий мэргэжлийн шинжээчид гаргасан байх тул үнэн зөвд тооцож, Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Г.Т-ын гэм буруутай эсэхэд эрх зүйн дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэсэн болно.  

 

Хэргийн талаархи шүүхийн дүгнэлт:

 

1.1. Гэм буруугийн хувьд:

 

Шүүгдэгч  Г.Т- нь 2017 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 21 цаг 15 минутын үед Нийслэлийн Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр, Буянт-Ухаа цогцолборын зүүн урд замд өөрийн өмчлөлийн Самсунг 5 маркийн ***** улсын дугаартай автомашин жолоодон явахдаа явган хүний зохицуулдаггүй гарцаар зам гарч явсан явган зорчигч Г.З-ыг мөргөж биед нь  “...бүсэлхийн 5-р нугалмын баруун хөндлөн сэртэнгийн хугарал, зүүн чамархайн хуйх, зүүн хацар, баруун чихний дэлбэн, баруун чамархайн хуйханд шарх, баруун хацар, шанаа, баруун чихний дэлбэн, дух, хамрын нуруу, баруун мөр, ташаа, баруун шуу, бугалга сарвуу, зүүн бугалга, шуу, хэвлий, зүүн гуя, баруун өвдөгт зулгаралт, баруун өвдөг, шилбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт” бүхий эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан:,

- Уг зам тээврийн осол нь хэрэг Самсунг 5 маркийн ***** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явсан шүүгдэгч Г.Т- “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө” гэсэн Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.1 дэх заалтыг зөрчсөн шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой болох нь:

- Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 8-15х/,

- Г.З-ын биед бүсэлхийн 5-р нугалмын баруун хөндлөн сэртэнгийн хугарал, зүүн чамархайн хуйх, зүүн хацар, баруун чихний дэлбэн, баруун чамархайн хуйханд шарх, баруун хацар, шанаа, баруун чихний дэлбэн, дух, хамрын нуруу, баруун мөр, ташаа, баруун шуу, бугалга сарвуу, зүүн бугалга, шуу, хэвлий, зүүн гуя, баруун өвдөгт зулгаралт, баруун өвдөг, шилбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо, дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой, Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна, цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй..” гэсэн ШШҮХ-ийн шинжээчийн 2017 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 10070 тоот дүгнэлт /хэргийн 81х/,

- “Samsung SM маркийн ***** улсын дугаартай автомашины жолооч Г.Т- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.1. “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй гэсэн Замын цагдаагийн албаны Техникийн шинжээчийн 2017 оны 09 сарын 01-ний өдрийн 376 тоот дүгнэлт /хэргийн 98х/,

- гэрч Б.Э-ын: “...2017 оны 08 дугаар сарын 05-ны өдөр найз Г.З-ын хамт ...Буянт-Ухаа 2 хотхонд очоод 19:00 цаг өнгөрч байхад гэрээс нь гараад хотхоны зүүн талд байрлах машин замаар баруунаас зүүн тийшээ явган хүний гарцаар зам гарсан. Зам гарахаас өмнө би бие засчихаад ирэхэд Г.З- эхний урсгалаар эхлээд зам гарсан, тэгээд би араас нь зам гараад тусгаарлах зурвас дээр байрлах явган хүний зам дээр очиход Г.З- ахиад цаад талын урсгалын зам гарахаар 2, 3 алхаад явж байтал Солонгос улсад үйлдвэрлэсэн, мөнгөлөг саарал өнгийн суудлын автомашин зүүн урд талын хэсгээрээ мөргөсөн. Машин мөргөх үедээ тоормос гишгэсэн гэж бодож байна, мөргөхөөс өмнө ямар ч чимээ сонсогдоогүй, жолооч нь Г.З-ыг мөргөөд 5-6 метр яваад зогссон. Г.З- машины урд 4-5 метрийн цаана доошоо хараад хэвтэж байсан. Жолооч өөрөө Замын цагдаа болон түргэн тусламж руу залгаж дуудлага өгсөн. Түргэн тусламжийн автомашин ирээд Г.З-ыг авч явсны дараа Замын цагдаагийн бүрэлдэхүүн ирж хэмжилт хийсэн. ...Би ослын газар болон мөргүүлсэн А цэгийг өөрөө зааж өгсөн. Мөргүүлэх үед нь би харж байсан юм. Ослын үед мөргөсөн автомашины урд салхины шил нь хагарсан байсан...” гэсэн мэдүүлэг /хэргийн 72х/,

- гэрч С.Т-ын: “...2017 оны 08 сарын 05-ны өдөр 21:00 цаг өнгөрч байхад Буянт-Ухаа-2 хорооллоос гэрээсээ найз Г.Т-, С.А- нарын хамт Нисэхийн тойрог орох замд урдаасаа хойшоо чиглэлтэй замд Г.Т-ын Самсунг-5 маркийн ***** улсын дугаартай машинтай явж байсан. Замын зүүн талын тусгаарлах зурвас дээр явган хүний замын шонгийн цаана 2 хүн бие биенээ түшсэн зогсож байсан. Тэр үед Г.Т- хурдаа сааруулаад явж байсан боловч зам гарахгүй байхаар нь хөдөлгөөнөө хэвийн үргэлжлүүлээд явж байтал нэг хүн нь шууд зам руу гуйваад ороод ирсэн. Би тэр хүнийг зам руу орч ирэхэд 6 м орчим зайнаас хараад “хөөе” гэж орилтол Г.Т- тормосоо гишгэсэн боловч явган зорчигч машины зүүн урт талаар мөргүүлж газар шидэгдэж унасан. Машин явган зорчигчийг мөргөөд 3-4 метр яваад зогссон, явган зорчигч машинаас 2 метр орчимын цаана хэвтэж байсан. Явган зорчигч замын голын тусгаарлах хэсэг дээр гарцны харалдаа зогсож байгаад бид нарыг тулаад ирэх үед гуйваад зам руу ороод ирсэн. Тэгээд мөргүүлсэн.  Хохирогч 2-уулаа явж байсан ба нэг найз нь цуг явж байгаад тэр нь замын голд үлдчихсэн. Г.Т- тухайн үед согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй, ойролцоогоор 60 орчим км/цаг хурдтай явж байсан. Хохирогчийг мөргөхөөс өмнө тормос гишгэсэн боловч зогсож амжаагүй. Ослын улмаас миний биед гэмтэл учраагүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 76-77х/,

 

- гэрч С.А-ийн: “...2017 оны 05 сарын 05-ны өдөр 21 цаг өнгөрч байхад найз Г.Т-, С.А- нарын хамт Буянт-Ухаа-2 хорооллоос гэмтлийн эмнэлэг орох гээд Нисэхийн тойргийн урдаасаа хойшоо чиглэлтэй замд Г.Т-ын Самсунг-5 маркийн ***** улсын дугаартай машинтай явж байтал тусгаарлах зурвас дээр хоёр хүн бие биенийгээ түшсэн, нилээн согтуу байдалтай баруунаас зүүн тийш зам гарах гээд явж байсан. Миний харснаар явган зорчигч нар тусгаарлах зурвас дээр ташуулдаад явж байсан. Тэр 2 хүнийг хараад Г.Т- хурдаа сааруулаад явж байтал тэр 2 хүн зам гарах гэж байснаа болиод зогсоход хөдөлгөөнөө хэвийн үргэлжлүүлээд ойролцоогоор 50-60 км/цаг хурдтай явж байтал нэг хүн нь шууд урагшаа зам руу гуйваад орж ирсэн. Гэнэт машины дугуй чихрах чимээ гараад явган зорчигч мөргүүлж 4 метр хиртэй газар шидэгдэж унасан. Осол болсны дараа машинаас буугаад явган зорчигч дээр очтол ухаан алдсан байдалтай байсан. Машин явган зорчигчийг мөргөөд 2-3 метр орчим яваад зогссон. Осол болох үеийн нөхцөл байдал цаг агаар тогтуун, үзэгдэх орчин чөлөөтэй, зорчих хэсэг гэрэлтүүлэгтэй, автомашины хөдөлгөөн сийрэг байсан. Нэг урсгалдаа 3 эгнээ замтай, бид нар 3 дугаар эгнээгээр явж байсан ба осол болсон газар явган хүний гарцтай газар байсан. ...Осол болсон газар нь явган хүний гарцтай гарамтай газар байсан боловч явган зорчигч нар гарцаар зам гараагүй, гарцны цаагуур 50 см орчим гарцнаас зайтай гарсан байх.” гэсэн мэдүүлэг  /хэргийн 74х/,

 

- хохирогч Г.З-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2017 оны 08 сарын 05-ны өдөр найз Сайнжаргалынд Б.Э-тай очсон. Найзынд очиход гэрт нь нэг танихгүй ах байсан. Бид 4-үүлээ 0.75 литрийн архи, бас 7 литр орчим айраг уусан. Орой 21.00 цагийн орчимд Б.Э- бид хоёр Буянт-Ухаа 2 хорооллоос гарч, спорт цогцолборын баруун урд талын явган хүний гарцаар зам гарахаар явсан. Бид 2 баруунаас зүүн гар тийш явган хүний гарцаар зам гарахаар эхний урсгалаар зам гараад, дараагийн урсгалаар нь зам гарах гэж явж байгаад суудлын автомашинд мөргүүлсэн. Ослын талаар өөр надад санах юм алга байна. Нэг мэдсэн Гэмтлийн эмнэлэгт ухаан орсон. ...Тухайн үед би согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан болохоор осол болсон замын нөхцөлийг сайн мэдэхгүй байна. Ямар ч байсан явган хүний гарцаар зам гарч байснаа сайн мэдэж байна.” гэсэн мэдүүлэг,

 

- шүүгдэгч Г.Т-ын мөрдөн шалгах ажиллаганы явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:

“...2017 оны 08 сарын 05-ны өдрийн 21:00 цагийн орчимд Буянт-Ухаа хорооллоос Нисэхийн тойрог орох замд буюу урдаасаа хойшоо өөрийн эзэмшлийн Самсунг 5 маркийн ***** улсын дугаартай автомашинтай, 2 найзын хамт явж байхад явган хүний зам дээр 2 хүн зам гарах гээд замын голд тусгаарлах хэсэг дээр зогсож байгаа харагдсан. ...Тэдгээр хүмүүс согтуу зам гарах гээд, буцаж болиод, найгасан, бие биенийгээ түшсэн байдалтай явж байсан. Замын зорчих хэсэг лүү Г.З- нь нэг алхаж ороод буцаад болихоор нь би зам гарахаа больж байгаа юм байх гэж бодоод хаазаа нэмээд хөдөлгөөнөө үргэлжлүүлээд хажуугаар нь гарах гэсэн боловч нэг явган зорчигч нь буюу хохирогч ах шууд зам руу орж ирээд миний машинд мөргөгдөөд, урд копутан дээгүүр даваад, урд салхины шил мөргөөд ойролцоогоор 4-5 м зайд унасан байсан. Тухайн үед би ойролцоогоор 50-60 км/цаг хурдтай явж байсан. Хамт явж байсан хүн нь зам гараагүй үлдсэн. Явган зорчигч зам дээр 10 метр орчим зайнд орж ирэх үед нь би машины тоормосоо тултал нь гишгэсэн боловч чигээрээ яваад, явган зорчигчийг машиныхаа гол хэсгээр мөргөчихсөн. Ослын улмаас машины урд салхины шил хагарсан. Хохирогчийг эмнэлэгт хэвтэж байхад нь уулзаж, уучлалт гуйсан. Би явган хүний гарц гарамтай хэсгээр өнгөрхдөө явган зорчигчийг мөргөсөн осол гаргаж, хүндэвтэр гэмтэл учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байна. Хэрэгтбаримтаар нэхэмжилсэн эмчилгээний зардал хохирлыг бүрэн төлсөн. Би өөрөө 552.605 төгрөг, Даатгалаас 4,418.405 төгрөг тус тус төлөгдсөн. Хохирогч цаашид эмчилгээ хийлгээд зардал гарвал баримтын дагуу төлнө.” гэсэн мэдүүлэг болон   Түргэн тусламжийн болон ЦЕГ-ын мэдээлэл шуурхай удирдлагын төвийн дуудлага хүлээн авч бүртгэсэн тухай тэмдэглэл /хэргийн 113х, 116х/ зэрэг хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.

 

Түүнчлэн хохирогчийн биеэс авсан цусанд 3,7 промилли спиртийн агууламж  илэрсэн, Г.З- нь зам тээврийн осолд өртөх үедээ хүнд зэргийн согтолттой, “өөрийгөө хянаж, жолоодох чадваргүй үедээ замын зорчих хэсгээр явах”-ыг хориглосон Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.9 дэх хэсгийн “г” заалтыг зөрчсөн зохих буруутай байдал хэрэгт авагдсан Техникийн шинжээчийн 2017 оны 09 сарын 01-ний өдрийн 376 тоот дүгнэлт /хэргийн 98х/, ШШҮХ-ийн химийн шинжээчийн 2017 оны 08 сарын 11-ны өдрийн 7623 дугаартай дүгнэлт /хэргийн 85х/, гэрч Б.Энхбаатар, хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон тул тухайн зам тээврийн осол хэрэг гарахад хохирогчийн зохих буруутай байдал нөлөөлсөн шалтгаан нөхцөлтэй гэж үзнэ. 

 

Хохирогчийн өмгөөлөгчөөс шүүгдэгч нь бурэн бус, стандартын шаардлага хангаагүй тээврийн хэрэгсэлтэй хөдөлгөөнд оролцсон нь хэрэгт авагдсан Авто тээврийн Үндэсний төвийн Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 058913 тоот дүгнэлтэд Samsung маркийн ***** улсын дугаартай автомашин нь техникийн бүрэн бүтэн байдал стандартын шаардлага хангахгүй байна гэсэн дүгнэлтээр тогтоогдсон хэмээн маргаж буй хэдий ч “уг дүгнэлтэд автомашин нь техникийн бүрэн бүтэн байдал, стандартын шаардлага хангахгүй байгаа нь дүгнэлтийн 2-рт заасан автомашины урд салхины шил хагарч байхгүй болсонтой холбоотой, уг эвдрэл гэмтэл нь зам тээврийн ослын үед үүссэн” гэж, тухайн тээврийн хэрэгсэл зам тээврийн осол гарахад нөлөөлөх эвдрэл гэмтэлгүй, тоормосны систем нь стандартын шаардлага хангасан байна” гэж дүгнэснээс /хэргийн 89-96х/ шүүгдэгч бүрэн бус, стандартын шаардлага хангахгүй тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцсон гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байгааг тэмдэглэх нь зүйтэй.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүй болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт хуульчилан тогтоосон бөгөөд шүүгдэгч Г.Т- тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан Захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.1. “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөнөөс зам тээврийн осол гарч, уг ослын улмаас хүний /хохирогч Г.З-од/ эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангажээ.  

 

Тээврийн прокурорын газраас шүүгдэгч Г.Т-ын гэмт үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байх тул түүнийг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчсөний улмаас Хүний эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцох эрх зүйн үндэслэлтэй. 

 

1.2. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигийн талаар:

 

Дээрх зам тээврийн осол хэргийн улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан нь энэ гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу хохиролд, хохирогч Г.З- өөрийн эрүүл мэндэд учирсан хүндэвтэр гэмтлийг эмчлүүлэхтэй холбоотой гарсан зардал болон эрүүл мэндийн байдлаас шалтгаалан ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй болж олох байсан орлого, хөдөлмөрийн хөлс, бусад зардал зэрэг нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагавар буюу хор уршигт тус тус тооцогдох юм. 

 

“Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, хиймэл эд эрхтэн хийлгэх, нэмэгдэл хоол тэжээл, сувиллын газарт сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг гэм буруутай этгээд нөхөн төлөх үүрэгтэй” талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зохицуулсан. 

 

Хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд хохирогчийн талаас хэрэгт гаргасан баримт бүхий /хэргийн 55-65х/ хохирлын нэгтгэсэн дүнг улсын яллагчийн яллах дүгнэлтийн хавсралтын 4-рт 4.165.530 төгрөг гэж тодорхойлсон бөгөөд шүүгдэгч, түүний өмгөөлөгч нараас хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон 4.165.530 төгрөгийг бүрэн нөхөн төлсөн, Тодруулбал: нэхэмжилсэн 4.165.530 төгрөгөөс хохирогчийн эмчилгээ үйлчилгээнд бэлэн болон бэлэн бусаар зарцуулж, бүгд 552.605 төгрөгийг шүүгдэгч өөрөө төлсөн,  Ард даатгал ХХК-иас жолоочийн хариуцлагын даатгалын гэрээний дагуу шүүгдэгчийн бусдад учруулсан хохирлын нөхөн төлбөрт тооцож 4.418.405 төгрөгийг хохирогч Г.З-ын Хаан банк дахь харилцах дансанд 2017 оны 10 сарын 10-ны өдөр шилжүүлсэн учир нийт 4.971.010 төгрөг гэм хорын хохиролд нөхөн төлөгдсөн, даруй 805.480 төгрөг хэрэгт нэхэмжилсэн дүнгээс илүү төлөгдсөн гэж, 

 

Хохирогч, түүний өмгөөлөгчөөс хэргийн 55-65 дугаар талд авагдсан хохирлын баримтыг буруу тооцож, нэхэмжилж буй хохирлыг 4.165.530 төгрөг гэж дутуу тодорхойлсон байна, дээрх баримтууд дахь мөнгөн дүнгийн нийлбэр нь бүгд 4.907.360 төгрөг байх тул төлөгдсөн мөнгийг хасч тооцоход эмчилгээний зардлын зөрүү 489.360 төгрөгийн хохирол төлөгдөөгүй, мөн Г.З- осолд орохын өмнө “Агь” ХХК-д сарын 1.500.000 төгрөгийн цалинтай ажил эрхэлж байсан, тус компани салбар 3 компанитайгаа нэгдэж нэг компани болж өөрчлөн зохион байгуулагдаж, одоо “Си Би Эй” ХХК нэртэй болсон тул компанийн захирал нь тодорхойлолт гаргаж өгсөн юм, осолд орсноор биедээ гэмтэл авч эмчилгээ хийлгүүлэн, ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй болсон тул ажилгүй байсан 3 сарын хугацааны цалинд 4.500.000 төгрөг, нийт 4.989.360 төгрөг шүүгдэгчээс нэхэмжилнэ гэж тус тус маргаж мэтгэлцсэн. 

 

Хохирогч Г.З- нь осол гэмтлийн улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн эмчилгээний зардалд тооцон нийт 4.165.529 төгрөг нэхэмжилсэн, нэхэмжлэлд холбогдох баримтыг хохирогчийн гэр бүлээс хэрэгт гаргаж өгснийг хэргийн 55-65 дугаар талд хавсаргасан байх ба эдгээр баримтыг шүүх нэг бүрчлэн судлан шинжлэхэд бүгд 5.007.088 төгрөгийн үнийн дүн бүхий баримт байна.

- Үүнээс хүнсний сүлжээ дэлгүүрээс хоол, хүнсний зүйл худалдан авсан, мөн шатахууны үнэ гэх баримттай 111.708 төгрөгийн  зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагавар буюу хор уршигт орж тооцогдохгүй, худалдан авч хэрэглэсэн гэх хүнсний зүйлс нь өвчтөнд зайлшгүй хэрэглэвэл зохих нэмэгдэл хоол тэжээлд орохгүй, хүний өдөр тутмын хэрэглээний зүйлсд хамаарах, шатахуун худалдан авсан гэх баримтын хувьд ямар зориулалт шаардлагын улмаас шатахууны авсан эсэх байдал тодорхой бус байх тул хохирогчийн нэхэмжилж буй хохирлын дүнгээс 111.708 төгрөгийг  хасч тооцох үндэслэлтэй.   

- Мөн 56 дугаар талд авагдсан 90.500 төгрөгийн, 59 дүгээр талд 78.500 төгрөгийн, 57 дугаар талд 510.000 төгрөгийн, нийт 679.000 төгрөгийн баримтууд нэгтгэгдэж, хэргийн 61 дүгээр талд авагдсан 679.000 төгрөгийн баримттай давхардсан байх тул нэхэмжилж буй  дүнгээс давхардуулж тооцсон 679.000 төгрөгийг,

- мөн шүүгдэгч Г.Т-оос хохирогчийн эмчилгээний зардлын зарим хэсгийг нөхөн төлсөн гэх 552.605 дүнд оруулан тооцож буй хэргийн 128 дугаар талд авагдсан Капитрон банк худалдан авалтын 27.000 төгрөгийн зориулалт тодорхойгүй, уг баримт нь Дондогийн Чинбат гэх хүн гүйлгээ хийснийг баталгаажуулсан баримт байх тул шүүгдэгчийн хохирогч талд нөхөн төлсөн гэх 552.605 төгрөгөөс тус тус хасч тооцогдох бөгөөд хэргийн 41-42 талд авагдсан эм тарианы зардлын 22.152 төгрөг, эмнэлэгт хэрэглэгдсэн эм тарианы зардлын 252.490 төгрөг /хэргийн 33х/-ийг тус тус тооцолгүй орхигдуулсныг шүүх хохирлын дүнд оруулан тооцсон болно.  

 

Хохирогч Г.З-ын эмчилгээний зардалд зарцуулагдсан баримт бүхий хохирлын мөнгөн дүн 4.491.022 төгрөг болж байх ба шүүгдэгч Г.Т-оос хохирогчийн эмчилгээнд зарцуулсан мөнгөн дүн 525.605 төгрөг, Ард даатгал ХХК-иас нөхөн төлөгдсөн хохирлын дүн 4.418.405 төгрөг, нийт 4.944.010 төгрөг гэм хорын хохиролд нөхөн төлөгдсөн гэж үзэхээр байх тул хохирогч, түүний өмгөөлөгч нараас гаргасан эмчилгээний зардлын төлбөрийн зөрүү 489.360 төгрөгийн хохирол төлөгдөөгүй байгаа гэх хохирогч, түүний өмгөөлөгчийн тайлбар, дүгнэлтийн үндэслэл үгүйсгэгдэж байна.

 

Ажилгүй байсан 3 сарын хугацааны цалин олговорт 4.500.000 төгрөг нэхэмжилсэн шаардлагын тухайд хохирогч зам тээврийн осолд өртөхөөс өмнө  “Агьт” ХХК-д ажиллаж сарын 1.500.000 цалин авдаг байсан, тус компанийн нэр өөрчлөгдөж “Си Би Эй” ХХК болсон хэмээн тайлбарлаж, тус компанийн захирлын тодорхойлолт баримтыг шүүх хуралдаанд гаргасан бөгөөд шүүх уг тодорхойлолт баримтаар хохирогчийг сар бүр 1.500.000 төгрөгийн цалин орлоготой ажиллаж байсан гэх байдлыг бүрэн тогтоож, тодорхойлох боломжгүй юм.

Учир нь:  Хохирогч Г.З- нь 2017 оны 08 сарын 17-ны өдөр хэрэгт хохирогчоор мэдүүлэг өгөхдөө /хэргийн 69-70х/ “...би сард 1.200.000 төгрөгийн цалинтай байсан, өвчтэй байх хугацааны сарын орлого нэхэмжилж авна...” гэж мэдүүлж байсан ба шүүх хуралдаанд сард 1.500.000 төгрөгийн цалин авдаг талаар “Си Би Эй” ХХК-ийн захирлын гарын үсэг бүхий тодорхойлолт баримт гаргаж буй нь өөр хоорондоо зөрүүтэй, мөн түүний ажиллаж байсан гэх “Агьт” ХХК нь нэрээ өөрчилж “Си Би Эй” ХХК болсон гэх байдлыг нотлох баримтыг хохирогч, түүний өмгөөлөгч нараас хэрэгт  гаргаж өгөөгүй, мөн хохирогчийн ажиллаж байсан гэх байдлыг тодруулахад ач холбогдол бүхий ажил олгогчийн ажилд авсан тушаал, ажил олгогчоос ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээ, эсхүл хөлсөөр ажиллах гэрээ, Нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр, түүний хуулбар, цалин хөдөлмөрийн хөлс авч байсан талаархи тухайн байгууллагын санхүүгийн албанаас гаргасан санхүүгийн тамга тэмдэг бүхий баримт, цалингийн цэс, цалингийн дансны хуулга гэх зэрэг нотлох баримтын бүрдэл хангалтгүй байх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүх уг шаардлагад хамаарах нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч Г.З- нь өвчтэй, ажилгүй байсан хугацааны цалин орлогод  хамаарах болон цаашид гарах эмчилгээний зардал, төлбөртэй холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг тэмдэглэх нь зүйтэй. 

Дээр дурьдсан үндэслэлээр эрүүгийн хэргийн хамт шүүгдэгч Г.Т-ос гаргуулвал зохих баримт бүхий хохирол төлбөргүй гэж шүүх дүгнэв.

 

1.3. Эрүүгийн хариуцлагын талаархи:

 

Шүүгдэгч Г.Т-ыг Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэм буруутай болохыг шүүх нэгэнт тогтоосон учир эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлж  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй. 

 

Шүүгдэгч Г.Т- урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь хэргийн 119 дугаар талд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас баримтаар тогтоогдсон тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэх үндэслэл болох юм. 

 

Зам тээврийн осол хэрэг нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгддэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь  мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн “хөнгөн” ангилалд хамаарах бөгөөд шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагавар буюу хор уршгийг нөхөн төлсөн, тухайн осол хэрэгт хохирогчийн зохих буруутай байдал тогтоогдсон, шүүгдэгч хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж буй хувийн байдал зэргийг харгалзан шүүхээс шүүгдэгч Г.Т-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан торгох ялыг оногдуулах нь зүйтэй гэж үзлээ. 

 

Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болно.

 

1.4. Шүүх шийдвэрлэвэл зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаан дахь  бусад асуудлаар:

 

“Хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгуулах болон хөрөнгө, орлого хураах албадлагын арга хэмжээ хангах зорилгоор яллагдагч, шүүгдэгчийн эд хөрөнгийг битүүмжлэх”-ээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бөгөөд  шүүгдэгч Г.Т-ын тухайд эрүүгийн хэргийн хамт нэг мөр шийдвэрлэвэл зохих баримт бүхий хохирол, төлбөргүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт прокурорын 2017 оны 09 сарын 27-ны өдрийн 28 дугаартай тогтоолоор битүүмжлэгдсэн ***** улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжлэлээс чөлөөлж, хэрэгт хураагдан ирсэн №******** дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ баримт, №****** дугаартай тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн түр зөвшөөрөл баримтыг Г.Т-д буцаан олгохоор шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг,  36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг,  36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон      

                                                          ТОГТООХ нь:

 

1. Я овогт Г-ын Т-ыг Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөнөөс хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Т-д 800 нэгж буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Г.Т- нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 /ер/ хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт хураагдан ирсэн №******** дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ баримт, №****** дугаартай тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн түр зөвшөөрөл баримт, прокурорын 2017 оны 09 сарын 27-ны өдрийн 28 дугаартай тогтоолоор битүүмжлэгдсэн ***** улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжлэлээс чөлөөлж Г.Т-д буцаан олгосугай. 

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар хохирогч Г.З-од гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигийн нөхөн төлбөрт бүгд 4.944.010 төгрөг нөхөн төлөгдсөнийг тэмдэглэж, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардал болон цалин, хөдөлмөрийн хөлстэй холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэйг тайлбарласугай.

 

6. Энэ хэрэгт Г.Т- нь цагдан хоригдоогүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Г.Т- төлбөл зохих баримт бүхий хохирол төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.    

 

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, хохирогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан, эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

8. Эрх бүхий этгээд шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд ялтан Г.Т-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.

 

 

 

 

 

 

                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         С.БАЗАРХАНД