Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 313

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж,

нарийн бичгийн дарга Л.Содномдорж,

улсын яллагч Н.Пүрэвтогтох,

шүүгдэгч Х.Я-, түүний өмгөөлөгч Д.Ганхуяг /ҮД: 2110/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч З овогт Х-ийн Я-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201626030405 дугаартай хэргийг 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

            Монгол Улсын иргэн, 1995 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, ****** тоотод оршин суух бүртгэлтэй, одоо Багахангай дүүргийн 02 дугаар хороо, ****** тоотод оршин суух, урьд нь 2014 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 682 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 3 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 10 дугаар захирамжаар Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар эдлээгүй үлдсэн 01 жил, 08 сар, 17 хоногийн хорих ялыг хасч ялаас чөлөөлөгдсөн, улсаас авсан гавъяа шагналгүй, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, З овогт Х-ийн Я.

 

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч Х.Я- нь 2016 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Хан-Уул дүүргийн 02 дугаар хорооны нутагт 65 дугаар цэцэрлэгийн орчим гудамжинд эд хөрөнгийг нь авах зорилгоор иргэн М.Э-т хүч хэрэглэн цээж орчим нь гараараа цохиж “I phone 5” маркийн гар утсыг дээрэмдэн авч 280.000 төгрөгийн,

 

2016 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Хан-Уул дүүргийн 02 дугаар хорооны нутагт байх Хүрэл хөшөөтэй буудлын орчимд иргэн М.Б-ыг “I phone 5” маркийн гар утсаа өг гэж дарамталж, улмаар хүч хэрэглэхээр заналхийлж, ална шүү гэж айлган сүрдүүлж гар утсыг нь дээрэмдэн авч 300.000 төгрөгийн буюу бусдад нийт 580.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн мэдүүлсэн мэдүүлэг:

 

Шүүгдэгч Х.Я-: “...Мэдүүлэг өгөхгүй, мөрдөн байцаалтын шатанд сүүлд өгсөн мэдүүлэг үнэн зөв, нэмж хэлэх зүйл байхгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна, хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү...” гэв.

 

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд:

 

Хохирогч М.Б- мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...2016 оны 2 дугаар сарын 27-ны өдөр Хан-Уул дүүргинй 1 дүгээр хороо, 120 мянгатын “BET” нэртэй тоглоомын газар тоглоод байж байхад 16 цагийн орчим хуучин манай 52 дугаар дунд сургуулийн дээд ангид сурдаг байсан Х.Я- гээд залуу гараад ир гэж дуудахаар яваад очсон. Би гараад Х.Я-тай уулзахад утсаар чинь ганц яриад өгье гэж хэлсэн. Тухайн үед би өөрийн утсыг гаргаж өгсөн чинь халаасандаа хийчихээд гаргаж өгөхгүй байсан. Миний утсыг өгөхгүй байсан учраас Х.Я- намайг дагуулаад явсан. Тэгээд үйлдвэр комбинатын хөшөөтэй буудал дээр байдаг ломбардны гадаа ирээд ломбард руу ороод би араас нь орох гэж байсан чинь шууд зугтаагаад гүйсэн. Би араас нь хөөсөн чинь машин нь ч алга болсон байсан. Х.Я- тухайн үед машин дотрооо өөрөөсөө гадна 1 эмэгтэй, 2 залуугийн хамт явж байсан. Би өөрийн гар утсыг 2015 онд 500,000 төгрөгөөр авч байсан. Х.Я- тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Хамт явж байсан хүмүүсийн нэг нь согтуу байсан. Намайг цохиж биед ямар нэгэн гэмтэл учруулаагүй. ...Х.Я-тай хамт явсан хүмүүс болиулах гэж оролдож байсан болохоос миний утсыг авах гэж оролдоогүй. Мөн айлгаж дарамталсан зүйл байхгүй. ...Миний гар утсыг авах үед Д.Ам- гээд залуу урд талын суудал дээр хараад сууж байсан. Д.Ам- гээд залуу нь Х.Я-д хандаад болиоч дээ яах гээд байгаа юм бэ гэж хэлсэн. Д.Ам- гээд залуугийн хувьд оролцоогүй. ...Одоо нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй..” /1хх-ийн 30-31, 2хх-ийн 183 / гэсэн,

 

Хохирогч М.Э- мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...2016 оны 02 дугаар сарын 27-ны өдөр 09 цагт Х.Я- миний утас руу залгаад байрны гадаа гараад ир гэж хэлэхээр нь би гэрээсээ гараад Х.Я-тай уулзсан чинь хоёулаа хамт Өнөр зочид буудал ороод ирье гэж хэлээд би хамт явсан. Өнөр зочид буудал руу явж байхад Х.Я- надаас гар утсаа өгч бай утсаар ярих гэсэн юм гээд миний гар утсыг авсан. Тэгээд миний гар утсаар яриад байсан. ...Зочид буудлын өрөөнд орсон чинь Х.Я-ын найз охин болон Д.Ам- гэх эрэгтэй нар байсан. Х.Я- надаас 10,000 төгрөг асуухаар нь байхгүй гэж хэлсэн чинь олоод өгчих, өгөхгүй бол гар утсыг чинь өгөхгүй, би чиний гэрээс мэднэ, хаанаас бол хаанаас олно, алчихаж чадна гэж айлгаад байхаар нь би гэр лүүгээ явж эмээгээсээ 10,000 төгрөг авч Өнөр зочид буудал орж Х.Я-д өгсөн. Д.Ам- гэдэг найз нь миний мөнгөн дээр мөнгө нэмж өгөөд Х.Я- дэлгүүр лүү явж том савтай Нийслэл пиво авчиран тэр хоёр ууцгаасан. Удалгүй Х.Я-ын найз Э- ирж бид нар хамтдаа зочид буудлаас гарч би явах гэсэн чинь Д.Ам- миний хувцаснаас татан машиндаа суулгаад ХУД-ийн нутаг дэвсгэр 19 дүгээр хороолол орсон. ...19 ороод РС тоглоомын газар орсон, Х.Я- доошоо нэг саарал байр луу найзтайгаа уулзана гээд явахад нь би хамт явсан, тэгээд гарч ирэхдээ миний цээж рүү цохиод утсыг аваад Д.Ам-ы машинд суугаад явсан. ...Х.Я- миний гар утсыг авахдаа гэдэсрүү элэгдээд миний халааснаас авсан байгаа. Гэдэс рүү нэг удаа хүчтэй цохисон. Тухайн үед гэдэс рүү цохиход өвдөж байсан. Тэрнээс биш ямар нэг байдлаар гэмтэл учраагүй. ...Одоо ямар нэгэн нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй...” /1хх-ийн 33-34, 2хх-ийн 63, 181/ гэсэн,

 

Гэрч Ч.Э- мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...2016 оны 02 дугаар сарын сүүлээр байх Х.Я- миний утас руу залгаад завтай бол машин бариад өгөөч гэж хэлэхээр нь надад машин барьсан хөлс өгөх юм уу гэхэд өгнө гэж хэлсэн. ...Саппарогийн ар талын эгнэсэн буудлууд дээр очоод ...нэг өрөөнд ороход Х.Я-аас гадна хоёр эрэгтэй, нэг эмэгтэй байсан. Намайг ороход тэд нар пиво ууж байгаад ууж байсан пивоо үлдээгээд буудлаас гарсан. Тэгээд хамт явж байсан хүний ногоон өнгийн аксент маркийн машиныг нь барихад машины тоормос муу, асахгүй машин байхаар нь Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороонд байрлах байрнууд дунд байх РС тоглоомын газар очоод Х.Я- нөгөө өндөр залуугийн хамт буугаад нилээд удаж байгаад Х.Я- хүмүүсийн хамт гарч ирэхээр нь уурлаад явмаар байна гэж хэлсэн. Тэгээд Х.Я- ганцаараа машинд ирж суугаад нөгөө өндөр банди үлдээд тэндээс хөдлөөд үйлдвэр комбинатын автобусны буудал дээр ирж зогсоод би тэндээс орой 17 цагаас ажилчид явдаг учраас шууд яваад өгсөн. ...Намайг машин барьж байхад Х.Я- ямар нэгэн хүний гар утас булаасан зүйл болоогүй. РС тоглоомын газраас хөдлөх үед  машины эзэн гээд хар залуу, тарган эмэгтэй, Х.Я- нар байсан. ...Х.Я- өндөр залууд хандаад ахдаа гар утсаа өгчих ломбарданд тавьчихъя гэж хэлж байсан... Би Х.Я-, Д.А-, Д.Ам- нартай хамт Теди төв ороогүй...” /2хх-ийн 65, 186/ гэсэн,

 

Гэрч Д.А- мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “... 2016 оны 02 дугаар сарын сүүлээр байх найз залуу Х.Я-, Д.Ам- бид гурав буудалд ороод тэр хоёр 0,75 литрийн архи нэг шилийг хувааж уугаад унтсан. Өглөө сэрсэн чинь Х.Я-ын дүү гээд хүүхэд ирсэн байсан. ...Буудлаас гарах болсон чинь Х.Я- Хан-Уул дүүргийн 19 орж хүнээс мөнгө авах ёстой машинаа уначих хамт явъя гэсэн чинь би согтуу, машин унамааргүй байна гэж хэлсэн Тэгсэн Х.Я- би хүн дуудъя гээд Э-ийг дуудсан. ...Э- машиныг нь унаад тавуулаа Хан-Уул дүүргийн 120 мянгат орчим ирсэн. Х.Я- нөгөө зулуугийн хамт тоглоомын газар луу орсон. Энэ үед Э- би явлаа гээд яваад өгсөн. Д.Ам- арай гайгүй болоод өөрөө машинаа барина гэж байсан. Энэ үед Х.Я- тоглоомын газраас гарч ирээд нэг байрны орц руу ороод тэр чигтээ алга болсон. Би тухайн үед Д.Ам-тай машин дотор байсан. 2 цаг орчим хүлээгээд Х.Я- гарч ирэхгүй болохоор нь нөгөө хүнээсээ мөнгөө аваад алга болчихлоо гэж бодоод тарцгаасан. Тухайн үед Д.Ам-ы машин эвдрээд найзыгаа дуудсан. Би гэртээ хариад Яармагт байж байхад Х.Я- залгаад намайг хүрээд ир гэхээр очиж чадахгүй ирээд ав гэсэн чинь манай гэрт ирээд авсан. Намайг аваад Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах буудалд ирээд архи уугаад намайг зодоод байхаар нь би яваад өгсөн. ...Би гар утас авсан талаар бол мэдэхгүй байна. Д.Ам- утас авч байхад оролцоогүй машин дотор сууж байсан...” /1хх-ийн 207/ гэсэн,

 

Гэрч Б.Н мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...2016 оны 2 дугаар сарын сүүлээр найз Д.Ам- над руу залгаад Хан-Уул дүүргийн 120 мянгат орчим байна ирээд аваадах гэж хэлсэн. ...Би гэрээс гараад 19-ийн үйлчилгээний төвийн  хойд талын замын орчим найз Д.Ам-тай уулзаад машиныг унаад явах гэсэн чинь машины тоормос болохгүй болохоор нь машиныг нь тэнд үлдээгээд Д.Ам-ыг аваад Хайлаастад байх гэрт нь хүргэж өгсөн. Хайлааст руу явж байх замдаа Х.Я- цуг явж байсан хүүхдийн утсыг нь авсан байна. Аав нь над руу залгаад байна гэж хэлэхээр нь тухайн үед Д.Ам- жаахан уусан байсан болохоор нь тэр үгийг нь яриа болгоогүй юм...” /1хх-ийн 238/ гэсэн,

 

Д.Ам- мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...Х.Я- намайг 120 мянгат хүргээд өг гээд байхаар нь Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 120 мянгатад найз охиных нь хамт хүргэж өгчихөөд яваад өгсөн. Гар утас авахад нь оролцоогүй, Х.Я- М.Э-тай хамт явсан. 19-ийн үйлчилгээний төвөөс Д.А- бид хоёр салаад, би найзыгаа дуудаад явсан. ...Х.Я-тай хамт Теди төв ороогүй, гар утас авсан талаар мэдээгүй. Х.Я-ыг 120 мянгатад хүргээд өг гэхээр нь хүргэж өгсөн, машины тормоз ажиллахгүй байсан болохоор машинаа үлдээгээд явсан, утас зарсан мөнгөнөөс авсан зүйл байхгүй...” /1хх-ийн 65-66/ гэсэн,

 

Шүүгдэгч Х.Я- мөрдөн байцаалтын шатанд сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2016 оны 02 дугаар сарын 26-ны өдөр байх найз Д.Ам-тай Сонгинохайрхан дүүрэг, Саппород байдаг буудалд хамт хоноод маргааш өглөө нь зүс таних залуутай Саппорогийн Өнөр буудалд пиво уугаад байж байхад Д.Ам- надад хандаад машины оношилгооны мөнгө байхгүй, чи тусал гэхээр нь пивоо ууж дуусаад Д.Ам- машинаа барьж чадахгүй байна гэсэн. Би Э- гээд залууг дуудаад машиныг бариулаад бид нар хамт Д.Ам-ийн ******* дугаартай ногоон өнгийн аксент машинаар Хан-Уул дүүрэгт байрлах best  нэртэй тоглоомын газар зүс таних М.Э-ын хамт ирээд хайсан хүн байхгүй болохоор Эрдэнээг суулгаа 75 дугаар  сургуулийн уулзвар дээр ирээд байж байхад Д.Ам- наад хүүхдийнхээ утсыг авчих  гэхээр нь утсыг нь аваад машинаад сууж ярих гэж байгаа юм болод шууд тэндээс хөдлөөд явсан. Ингээд Теди төв ороод 80,000 төгрөгөөр танихгүй хүнд зарж борлуулсан. Буцаад үйлдвэр комбинатад ирээд нэг шил 0,75 литрийн архи аваад машин дотроо ууж байгаад өглөө орсон Best тоглоомын газар орсон чинь Бадрах гээд манай 52 дугаар сургуульд хамт сурдаг байсан хүүхэд зогсож байхаар нь юу байна ахын дүү гэсэн. ...Д.Ам- утсаа өгч бай гээд утсаар нь яриад буцаагаад өгсөн. Ингээд машинтайгаа хөдлөөд Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Чүн ломбардны гадаа ирээд 20,000 төгрөгөөр утсыг нь тавих гэхэд авахгүй гэсэн. М.Б- гадаа байж байхад машинд очиж суугаад ирэхгүй болохоор нь Д.Ам- явъя гээд байхаар нь авч яваад Теди тов ороод утсыг нь 100,000 төгрөгөөр танихгүй хүнд зараад үйлдвэр комбинатад байдаг Tse нэртэй бааранд ороод хоол идээд пиво ууж байгаад нэг мэдсэн тасраад өглөө сэрсэн. ...М.Э-ын утсыг авахад Д.Ам- хамт байгаагүй. ...Би өөрийн хийсэн хэрэгтээ гэмшиж байна, тийм болохоор намайг ойлгож дахин боломж олгохыг та бүхнээс гуйж байна...” /1хх-ийн 72-73, 77-79, 226, 2хх-ийн 75, 3хх-ийн 31/ гэсэн,

 

- Эрүүгийн хэрэг нэгтгэх тогтоол /1хх-ийн 5/,

- Хохирогч М.Б-, М.Э- нарын цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /1хх-ийн 12, 17/,

- Шийтгэх тогтоолын хуулбарууд /1хх-ийн 81-84/,

- Эд зүйлийн үнэлгээ /1хх-ийн 87, 88/

            - Шүүгдэгч Х.Я-ын иргэний үнэмлэхийн лавлагаа, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1хх-ийн 89, 112/,

            - Тээврийн хэрэгслийн лавлагаа /1хх-ийн 115/ зэрэг болно.

 

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх тэдгээрийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.

 

I. Гэм буруугийн болон гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар:

Шүүгдэгч Х.Я- нь 2016 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Хан-Уул дүүргийн 02 дугаар хорооны нутаг, 65 дугаар цэцэрлэгийн орчим гудамжинд эд хөрөнгийг нь авах зорилгоор иргэн М.Э-т хүч хэрэглэн цээж орчим нь гараараа цохиж “I phone 5” маркийн гар утсыг дээрэмдэн авч, 280.000 төгрөгийн,

2016 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Хан-Уул дүүргийн 02 дугаар хорооны нутаг, Хүрэл хөшөөтэй буудлын орчим иргэн М.Б-ыг “I phone 5” маркийн гар утсаа өг гэж дарамталж, улмаар хүч хэрэглэхээр заналхийлж, “ална шүү” гэж айлган сүрдүүлж гар утсыг нь дээрэмдэн авч, 300.000 төгрөгийн буюу бусдад нийт 580.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогч М.Э-, М.Б-, гэрч Ч.Э-, Д.А- нарын мэдүүлгүүд, эд зүйлийн үнэлгээ, шүүгдэгч Х.Я-ын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Х.Я-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байна.

 

Шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу  2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж, дагаж мөрдсөн 2015 оны Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг шүүх буцаан хэрэглэнэ” гэж,

Мөн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй” гэж тус тус заажээ.

 

2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүнийг “...Энэ хэргийг давтан, бүлэглэж буюу урьдчилан үгсэж тохиролцсон бүлэг, урьд энэ гэмт хэрэгт болон булаах, далайлган сүрдүүлэх гэмт хэрэгт шийтгүүлсэн этгээд үйлдсэн, эсхүл зэвсэг, зэвсгийн чанартай бусад зүйл хэрэглэсэн, энэ хэргийн улмаас бусдад их хэмжээний хохирол учирсан бол эд хөрөнгийг хураах буюу хураахгүйгээр таваас дээш арван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ...” гэж, 

2015 оны Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүнийг “...Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ...” гэж тус тус заажээ.

 

2002 он, 2015 оны Эрүүгийн хуульд заасан бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэргийн шинж, түүнд оногдуулах ял хариуцлагын байдлаас дүгнэхэд шүүгдэгч Х.Я-д 2015 оны Шинэчилсэн найруулсан Эрүүгийн хуулийг хэрэглэх нь түүний эрх зүйн байдлыг дордуулахгүй байх тул энэ хуульд зааснаар ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Гэмт хэргийн улмаас хохирогч М.Э-т 280.000 төгрөгийн, хохирогч М.Б-д 300.000 төгрөгийн хохирол учирсан ба хохирлыг мөрдөн байцаалтын шатанд төлж барагдуулсан болох нь хохирогч М.Э-ын “...Одоо гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй” /2хх-ийн 181/ гэсэн, хохирогч М.Б-ын “...Нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй...” /2хх-ийн 183/ гэсэн мэдүүлгүүдээр тогтоогдож байх тул энэ шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх хохиролгүй байна          

 

II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Х.Я- нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг мөрдөн байцаалтын шатанд төлж барагдуулсан, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэрэг түүний хувийн байдлыг харгалзан шүүхээс 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэв.

 

Дээрх нөхцөл байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Я-т оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэв.

 

2015 оны Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Я- 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрөөс 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүртэл /2хх-ийн 69, 195/ 183 хоног,

2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн өнөөдрийг хүртэл 43 хоног,  нийтдээ 227 хоног цагдан хоригдсоныг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох нь зүйтэй байна.

 

Бусад асуудлын талаар:

Эрүүгийн 201626030405 тоот хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хохирогч нар гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдав.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.3, 36.7, 36.8 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч З овогт Х-ийн Я-ыг бусдын эд хөрөнгийг хууль бусаар, хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч З овогт Х-ийнХ.Я-т 03 /гурав/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.  

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Я-т оногдуулсан 03 /гурав/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Я-ын цагдан хоригдсон 227 /хоёр зуун хорин долоо/ хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

 

5. Эрүүгийн 201626030405 тоот хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч М.Э-, М.Б- нар гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Х.Я-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Я-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                Д.АЛТАНЖИГҮҮР