Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Оюунбатын Оюунгэрэл |
Хэргийн индекс | 128/2016/0049/З |
Дугаар | 128/ШШ2016/0402 |
Огноо | 2016-05-31 |
Маргааны төрөл | Ашигт малтмал, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 05 сарын 31 өдөр
Дугаар 128/ШШ2016/0402
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Оюунгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 902 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, тус компанийн Төв аймгийн Архуст, Эрдэнэ сумдын нутаг дахь Хар толгой нэртэй газарт ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч гаргасан ХА-******* /*******/ дугаартай өргөдлийн дагуу хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг даалгах шаардлага бүхий Н******* ХХК-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Н******* ХХК-ийн өмгөөлөгч Т.Ц*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ашигт малтмалын газрын Эрх зүйн хэлтсийн ахлах мэргэжилтэн М.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.О******* нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Н******* ХХК-ийн захирал болон түүний өмгөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Манай компани Төв аймгийн Архуст, Эрдэнэ сумдын нутагт оршин Хар толгой нэртэй газарт ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч, Ашигт малтмалын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 17 дугаар зүйлийн 17.1, 17.2, 17.3, 18 дугаар зүйлийн 18.1, 18.2-т заасан бүхий л шаардлагуудыг бүрэн хангаж, зохих журмын дагуу Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст өргөдөл гаргаж, 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдөр ХА-0197001-001-NE /*******/ дугаар авсан.
Гэтэл Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 6/8325 дугаар албан бичгээр ...тус хэлтсийн даргын мөн өдрийн 902 дугаар шийдвэрээр ...өргөдөлд тусгагдсан талбай нь Монгол Улсын Засгийн газраас солбилцлоор тогтоож, нийтэд мэдээлсэн хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой талбайд хамрагдаагүй, талбайн хэлбэр хуулийн шаардлага хангаагүй гэх үндэслэлээр тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан тухай манайд мэдэгдсэн.
Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 239 дүгээр тогтоолоор хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой талбайг тогтоосон боловч манай компанийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн дээрх талбайд урьд нь Х******* ХХК хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаад 2015 оны 3 дугаар сарын 14-ний өдөр тусгай зөвшөөрлийн хугацаа дуусгавар болсон байна. Үүнээс үзэхэд манай компанийн өргөдөл гаргасан дээрх талбай нь Засгийн газрын 2014 оны 239 дүгээр тогтоолоор тогтоосон талбайд ороогүй ч Х******* ХХК нь уг талбайд тусгай зөвшөөрөл эзэмшиж, үйл ажиллагаа явуулж байгаад 2015 оны 3 дугаар сарын 14-ний өдөр тусгай зөвшөөрлийнх нь хугацаа дуусч, талбайг хүлээлгэн өгсөн байхад дээрх үндэслэлээр тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан нь Ашигт малтмалын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.4-т Тусгай зөвшөөрөл дуусгавар болоход түүнийг эзэмшиж байсан этгээд тусгай зөвшөөрлийг төрийн захиргааны байгууллагад буцааж өгөх бөгөөд уг талбайд энэ хуульд заасны дагуу тусгай зөвшөөрөл шинээр олгож болно гэж заасныг зөрчсөн гэж үзэж байна.
Түүнчлэн Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 239 дүгээр тогтоолоор тогтоосон талбайгаас бусад талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгохгүй гэх боловч уг тогтоол гаргах үед Х******* ХХК нь тусгай зөвшөөрлөө эзэмшсэн хэвээр байсаар хуульд зааснаар тусгай зөвшөөрөл нь дуусгавар болсон байх тул төрийн захиргааны байгууллагаас нэгдүгээрт Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.14-т хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй холбоотой үйл ажиллагаанд нэгдсэн хяналт тавих гэж заасан эрх, үүргээ биелүүлээгүй, хоёрдугаарт мөн хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д Энэ хуулийн 53.1., 56.1.3-56.1.5-д заасан үндэслэлээр тусгай зөвшөөрөл нь дуусгавар болсон, цуцлагдсан бол төрийн захиргааны байгууллага доор дурдсан журмын дагуу сонгон шалгаруулалт явуулж тусгай зөвшөөрлийг шинээр олгоно, 53 дугаар зүйлийн 53.1-д тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа дууссан гэж тус тус заасныг зөрчиж, хууль бус үйлдэл гарган манай компанийн өргөдлийн дагуу тусгай зөвшөөрөл олгохоос татгалзаж байна.
Мөн манай компани Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 17.2-т заасан хайгуул хийх талбайн байршил, түүний булангийн цэгийг төрийн захиргааны байгууллагаас гаргасан нэг загварын газрын зураг дээр тэмдэглэж, солбилцлуудыг градус, минут, секундээр тодорхойлж бүхий л шаардлагыг хангасан өргөдлийг хамгийн түрүүнд гаргаж, бүртгүүлээд байгаа билээ.
Манай өргөдөлд дурдсан талбай нь тусгай хэрэгцээний газартай хиллэж байгаа учир өргөдлийн талбайн хойд хэсгийг шулуун шугамаар тодорхойлоогүй бөгөөд энэ нь Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3-т Энэ хуулийн 17.2.2, 17.2.3-т заасан давхцал гаргахгүйн тулд өргөдөлд дурдсан талбай нь...тусгай хэрэгцээний газартай ...хиллэж байгаа хэсэг нь шулуун шугам биш байж болно гэсэнтэй нийцэж байгаа болно.
Тус компани нь улсын хил, нөөцөд авсан талбай, тусгай хэрэгцээний газар, хайгуулын талбайд хамруулах боломжгүй гэж үзсэн нуур, цөөрөм зэрэг байгалийн тогтоц газартай давхцуулахгүй байх шаардлагыг хангаж, тусгай хэрэгцээний газартай хиллэх хэсгээр шулуун биш, өргөдөлд хавсаргасан талбайн хэлбэрээр зураг гаргуулсан байхад нэхэмжлэгчийн хүсэж буй газрыг дөрвөн өнцөгт хэлбэртэй байх гэдэг үндэслэлээр татгалзаж шийдвэрлэсэн нь хууль бус бөгөөд хариуцагч байгууллага нь өөр олон аж ахуйн нэгжийн олон өнцөг гаргасан талбайн хэлбэр бүхий зургийг хуульд нийцсэн гэж үзэн хүлээн авч хайгуулын тусгай зөвшөөрөл олгож байсан атлаа манай компанид энэ үндэслэлээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзаж байгаа нь үндэслэлгүй.
Түүнчлэн дээрх хуулийн заалтын хувьд хайгуулын тусгай зөвшөөрөл нь өнцөгийн хувьд дөрөв гэсэн тоогоор хязгаарлахгүй өнцөг үүсгэсэн хэлбэртэй, эхлэл төгсгөл нь нийлсэн дундаа тасраагүй байхыг ойлгохоор байхад тусгай хэрэгцээний газартай хиллүүлж гаргасан манай компанийн талбайн зургийг шаардлага хангаагүй гэх үндэслэлгүй бөгөөд төрийн захиргааны байгууллагаас манай компанид тэгш бус, ялгавартайгаар хандаж байгаа нь төрийн үйл ажиллагааны хууль дээдлэх, тэгш хандах зарчмыг илт зөрчсөн үндэслэлгүй шийдвэр болсон байна.
Дээрх байдлуудаас харахад Кадастрын хэлтэс бол Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлд зааснаар тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээж аваад анхан шатны шүүлт хийсний дараа хүсэлтэд дурдсан талбай нь ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хязгаарласан буюу хориглосон, тусгай хэрэгцээ, нөөцөд авсан, түүнчлэн хайгуулын тусгай зөвшөөрлөөр нэгэнт олгогдсон буюу түрүүлж ирүүлсэн өргөдөлд дурдсан талбайтай давхцаж байгаа эсэхийг тогтоож, уг шаардлагуудад нийцэхгүй тохиолдолд зөвхөн олгох боломжгүй байхад хуулийн энэхүү заалтаас өөр үндэслэлээр манай компанийн гаргасан өргөдлийг хүлээж авахаас татгалзаж байгаа нь хуульд нийцэхгүй гэж үзэж байна.
Иймд Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 902 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, тус компанийн Төв аймгийн Архуст, Эрдэнэ сумын нутаг дахь Хар толгой нэртэй газар ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч гаргасан өргөдлийн дагуу хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст даалгаж өгнө үү гэв.
Хариуцагч Ашигт малтмалын Кадастрын хэлтсийн дарга Н.Ч*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд ирүүлсэн тайлбартаа:
Н******* ХХК-аас шүүхэд Төв аймгийн Архуст, Эрдэнэ сумын нутаг Хар толгой нэртэй талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч Ашигт малтмалын газарт 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдөр өргөдөл гаргасан. Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэс өргөдлийг хүлээн авч Ашигт малтмалын тухай хуулийн 17, 18 дугаар зүйлд заасан анхан шатны шүүлтийг хийсэн.
Ийнхүү хуульд заасан шаардлага хангаж байгаа эсэхийг шалгаж үзэхэд Н******* ХХК-ийн гаргасан 026683 дугаартай өргөдлийн талбай нь Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.1-д заасан дөрвөн өнцөгт хэлбэртэй байх бөгөөд түүний хил нь уртраг, өргөргийн дагуух давхацсан шулуун шугамаар хүрээлэгдсэн байх шаардлагыг хангаагүй байсан. Тодруулбал, Н******* ХХК-ийн өргөдлийн талбай нь олон өнцөгт хэлбэртэй байсан бөгөөд энэ нь дээрх хуульд заасан шаардлагыг хангаагүй байна.
Монгол Улсын Ашигт малтмалын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д Монгол Улсын газрын гадаргуу болон түүний хэвлийд байгалийн байдлаараа оршиж байгаа ашигт малтмал төрийн өмч мөн, мөн хуулийн 5.2-д Төр өмчлөгчийн хувьд энэ хуульд заасан нөхцөл, шаардлага, журмын дагуу ашигт малтмал эрэх, хайх, ашиглах эрхийг бусад этгээдэд олгох эрхтэй гэж заасан байдаг.
Монгол Улсын Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.11-т зааснаар геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайг солбилцлоор тогтоож, нийтэд мэдээлэх бүрэн эрх Засгийн газарт олгосон.
Энэ бүрэн эрхийн хүрээнд Монгол Улсын Засгийн газар 2014 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 239 дүгээр тогтоолоор ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой талбайг солбилцлоор тогтоож, нийтэд мэдээлсэн.
Засгийн газрын 2014 оны 239 дүгээр тогтоолд зааснаар, хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайн солбилцлыг тухай бүр нийтэд мэдээлэн, уг тогтоолд дурдсан талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох ажлыг хуулийн дагуу зохион байгуулахыг Уул уурхайн сайдад үүрэг болгосон.
Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага буюу Ашигт малтмалын газрын чиг үүргийг Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.16-д ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн авч бүртгэх, шийдвэрлэх, мөн хуулийн 11.1.25-д ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой талбайг солбилцлоор тодорхойлох гэж тус тус заасан. Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэс дээрх хуульд заасны дагуу Засгийн газрын 2014 оны 239 дүгээр тогтоолоор тогтоосон талбайд хамаарагдаж байгаа эсэхийг хянаж үзсэн бөгөөд Н******* ХХК-ийн өргөдлийн талбай нь төрөөс тогтоосон хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайд багтаагүй болно.
Дээр дурдсан 2 үндэслэлээр Н******* ХХК-ийн хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн авч хянаад, хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзаж шийдвэрлэсэн Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 902 дугаар шийдвэр хууль зүйн үндэслэлтэй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгчийн өмгөөлөгч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг хянаад дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч Н******* ХХК нь 2015 оны 10 дүгээр сарын 22-ны өдөр Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст хандан Төв аймгийн Архуст, Эрдэнэ сумдын нутагт Хар толгой нэртэй газарт ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл авахаар хүсэлт гаргасан байх бөгөөд тус газрын Кадастрын хэлтсээс ашигт малтмалын тухай хуулийн 17, 18 дугаар зүйлд заасан анхан шатны шүүлтийг хийгээд ....дөрвөн өнцөгт хэлбэртэй байх бөгөөд түүний хил нь уртраг, өргөргийн дагуух давхацсан шулуун шугамаар хүрээлэгдсэн байх шаардлагыг хангаагүй, мөн төрөөс тогтоосон хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайд багтаагүй гэх үндэслэлээр Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйл, 17 дугаар зүйлийн 17.2.1-д заасан шаардлагад нийцэхгүй байна гэж үзжээ.
Дээрх шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчээс гомдлын хариуд Ашигт малтмалын газраас ...маргаан бүхий шийдвэрээр тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан нь хууль зүйн үндэслэлтэй тул нэхэмжлэгчийн өргөдлийн эрхийг сэргээх талаар боломжгүй талаар хариу өгчээ.
1. Нэхэмжлэгчийн өргөдөл гаргаж, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл авахыг хүсэж буй талбай нь зураг зүйн шүүлт хийсэн зургаас үзэхэд өргөдөлд дурдсан талбай нь тусгай хэрэгцээний газартай хиллэж байгаа бөгөөд нэхэмжлэгч нь талбайн хойд хэсгийг шулуун шугамаар тодорхойлоогүй нь Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3-т Энэ хуулийн 17.2.2, 17.2.3-т заасан давхцал гаргахгүйн тулд өргөдөлд дурдсан талбай нь ...тусгай хэрэгцээний газартай...хиллэж байгаа хэсэг нь шулуун шугам биш байж болно гэсэн хуулийн шаардлагыг хангасан байна.
Өөрөөр хэлбэл тус компани нь улсын хил, нөөцөд авсан талбай, тусгай хэрэгцээний газар, хайгуулын талбайд хамруулах боломжгүй гэж үзсэн нуур, цөөрөм зэрэг байгалийн тогтоц газартай давхцуулахгүй байх шаардлагыг хангасан, тусгай хэрэгцээний газартай хиллэх хэсгээр нь шулуун биш, өргөдөлд хавсаргасан талбайн хэлбэрээр зураг гаргуулсан байхад нэхэмжлэгчийн хүсэж буй газрыг дөрвөн өнцөгт хэлбэртэй байх гэдэг үндэслэлээр татгалзаж шийдвэрлэсэн нь хууль бус болсон байна.
2.Засгийн газрын 2014 оны 239 дүгээр тогтоолоор тогтоосон талбайд нэхэмжлэгчийн гаргасан өргөдлийн талбай нь нийтэд мэдээлсэн хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой талбайд хамрагдаагүй гэх үндэслэлийн талаар:
Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 239 дүгээр тогтоолоор хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой талбайг тогтоосон байх бөгөөд нэхэмжлэгчийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн дээрх талбайд урьд нь Х******* ХХК хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаад 2015 оны 3 дугаар сарын 14-ний өдөр тусгай зөвшөөрлийн хугацаа дуусгавар болсон болох нь хавтаст хэрэгт авагдсан Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 299 дүгээр Тусгай зөвшөөрөл цуцлах тухай шийдвэр, тусгай зөвшөөрлийн гэрчилгээний 1, 2 дугаар хавсралт, нэхэмжлэгчийн өмгөөлөгч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаан дээр гаргасан тайлбараар нотлогдож байна.
Үүнээс үзэхэд нэхэмжлэгчийн өргөдөл гаргасан дээрх талбай нь Засгийн газрын 2014 оны 239 дүгээр тогтоолоор тогтоосон талбайд ороогүй хэдий ч Х******* ХХК нь уг талбайд тусгай зөвшөөрөл эзэмшиж, үйл ажиллагаа явуулж байгаад 2015 оны 4 дүгээр сарын 21-ны өдөр тусгай зөвшөөрлийн хугацаа нь цуцлагдсан, талбайг хүлээлгэн өгсөн байхад дээрх үндэслэлээр тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан нь Ашигт малтмалын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.4-т Тусгай зөвшөөрөл дуусгавар болоход түүнийг эзэмшиж байсан этгээд тусгай зөвшөөрлийг төрийн захиргааны байгууллагад буцааж өгөх бөгөөд уг талбайд энэ хуульд заасны дагуу тусгай зөвшөөрөл шинээр олгож болно гэж заасан хуулийн шаардлагыг зөрчсөн байна.
Иймд нэхэмжлэгч Н******* ХХК-ийн Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 902 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, тус компанийн Төв аймгийн Архуст, Эрдэнэ сумын нутаг дахь Хар толгой нэртэй газар ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч гаргасан ХА-0197001-001-NE /*******/ дугаартай өргөдлийн дагуу хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж дүгнэв.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 70.2.4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3, 53 дугаар зүйлийн 53.4 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 902 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, тус компанийн Төв аймгийн Архуст, Эрдэнэ сумдын нутаг дахь Хар толгой нэртэй газарт ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч гаргасан ХА-0197001-001-NE /*******/ дугаартай өргөдлийн дагуу хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг даалгасугай.
2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ОЮУНГЭРЭЛ