Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 2022/ДШМ/549

 

 

Ч.Ат холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор А.Азжаргал,

шүүгдэгч Ч.А, түүний өмгөөлөгч Г.Т,

нарийн бичгийн дарга Т.Цэрэнсоном нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Ариунболд даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 2022/ШЦТ/225 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ч.А, түүний өмгөөлөгч Г.Тамир нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн Ч.Ат холбогдох эрүүгийн 2111 00031 дугаартай хэргийг 2022 оны 5 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 Ч.А,

Шүүгдэгч Ч.А нь  хэрэгтэй тэмцэх хэлтсийн ахлах мөрдөгчийн ажил үүргийг гүйцэтгэж байхдаа тус хэлтэст шалгагдаж байсан хүчиндэх гэмт хэргийн хохирогч болох насанд хүрээгүй хохирогч Х.Аг 2020 оны 7 дугаар сарын 22-ны өдөр хохирогчоор тогтоох тухай мөрдөгчийн тогтоол, насанд хүрээгүй хохирогчоос мэдүүлэг авсан тэмдэглэл зэргийг хуурамчаар үйлдэж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.У насанд хүрээгүй хохирогч Х.Агарын үсгийг дуурайлган зуруулж хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн, хуурамч гэдгийг мэдсээр байж хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлсэн гэмт хэрэгт холбогджээ. 

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: Ч.Аын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Цэмбэл овгийн Чулуунгэрэлийн Ч.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хууль сахиулагч хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт хуурамчаар үйлдсэн, хуурамч болохыг мэдсээр байж прокурор, шүүхэд гаргаж өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Ат 7000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 7.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулж, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Ч.А давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Ч.А миний бие Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 2022/ШЦТ/225 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Үүнд:

1. Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн

2. Шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлд зааснаар нотлох баримтыг үгүйсгэж няцаасан үндэслэлийг заагаагүй, хууль зүйн дүгнэлт хийгээгүй,

3. Мөрдөн байцаалтын ажиллагаа дутуу хийгдсэн, хэргийг тал бүрээс нь бүрэн бодитой шалгаж тогтоогоогүй.

1. Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн талаар:

Хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт болох насанд хүрээгүй хохирогч Х.А2020 оны 7 дугаар сарын 22-ны өдөр өгсөн мэдүүлэг авсан тэмдэглэлийг хуурамчаар үйлдсэн гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэхээр прокуророос яллах дүгнэлт үйлдсэнийг шүүхээс гэм буруутайд тооцсон нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна гэж үзэж байна. Учир нь насанд хүрээгүй хохирогч Х.А нь өөрийн хууль ёсны төлөөлөгч Б.Уранчимэгтэй ирж мэдүүлэг өгөх үедээ сэтгэл санааны байдал хүнд өөдөөс хэргийн талаар ярихгүй байсан бөгөөд түүний өмнө Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст өгсөн мэдүүлгийг уншиж өгөн мэдүүлгийг авч хэвлэн гаргаад тухайн мэдүүлэгтэйгээ танилцах боломжоор хангаж цаасаар нь өгч орхин түр хугацаанд гарчихаад ирсэн бөгөөд эргэж ирэхэд мэдүүлэгт гарын үсэг зурагдаж баталгаажсан байсан тул хавтаст хэрэгт хавсаргасан, гарын үсгийг хуурамч талаар мэдээгүй талаараа мөрдөн байцаалтын явцад мэдүүлдэг. Энэ үйл явдлаас хохирогчийн мэдүүлэг нотлох баримт мөн биш гэж маргах гэсэнгүй уг мэдүүлгийг бэхжүүлэхдээ ажилдаа хайнга хандсан нь буруу болохоос мэдүүлгийн утга агуулга нь хуурамч биш /санаанаасаа зохиогоогүй/ болох нь Отгонбаатарт холбогдох 2005020591123 дугаартай хэрэгт насанд хүрээгүй хохирогч Х.Насанжаргалын гэрчээр өгсөн мэдүүлэг нь 2020 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн хуурамч гэх хохирогчийн мэдүүлэгт авагдсан мэдүүлэгтэй утга агуулгын зөрүү байхгүй байгаа нь тогтоогдсон байдаг. Өөрөөр хэлбэл болсон зүйлийг болоогүй, болоогүй зүйлийг болсон болгож бодит үйл явдлын агуулга, утга санааг өөрчилсөн, талуудын хэн нэгний ашиг сонирхолд нийцүүлж шийдвэрлэх гэсэн зорилгогүй байгаа нь харагдаж байна. Мөн эрүүгийн 20 дугаартай хэрэгт От нь өөрийн дагавар охин Х.Аг согтуурсан үедээ хүч хэрэглэж хүчиндсэн үйлдэл нь хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар хангалттай тогтоогддог. Өөрөөр хэлбэл намайг буруутгаж байгаа үйлдлийн улмаас хэн нэгний эрх ноцтой зөрчигдсөн, эсхүл ял завшсан, хэн нэгэнд үндэслэлгүй ял оноох эрсдэл нөхцөл байдлыг бий болгосон эсэхэд хууль зүйн дүгнэлт огт хийгээгүй. Мөн насанд хүрээгүй хохирогч Х.А2020 оны 7 дугаар сарын 22-ны өдөр өгсөн мэдүүлгийн тэмдэглэлд зурагдсан гарын үсэг ШШҮХ-ийн шинжээчийн дүгнэлтээр түүний хууль ёсны төлөөлөгч Б.Ур бичгийн хэвтэй таарсан байдаг бөгөөд хэрэв тухайн мэдүүлгийг хуурамч гэж үзэж байгаа бол Б.Уранчимэг нь гарын үсэг зурсанаараа ямар оролцоотой вэ гэдэгт хууль зүйн дүгнэлт хийгээгүй орхигдуулсан. Мөн Монгол Улсын Дээд Шүүхийн Хяналтын шатны Эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар “нотлох баримт гэх ойлголтод хэргийн хохирогч, гэрчээс гаргаж өгсөн баримт, сэлт, мэдээлэл хамаарахаар байгаа бөгөөд түүнийг гаргаж өгөхөөс өмнө урьдчилан үнэлж нотлох баримтаар тооцсон байх боломжгүй тул ийм нөхцлийг шаардахгүй, харин хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий байх нь гол шалгуур шинж байхаар байна” гэжээ. /2019.01.25 №51/

Хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримт гэж Эрүүгийн, Иргэний, Захиргааны хэргийг хянан шийдвэрлэхэд үндэслэл болсон буюу шүүх, прокурорын байгууллагаас шийдвэр гарахад нөлөөлөхүйц ач холбогдолтой нотлох баримт /прокурорын хэрэг бүртгэлтийн хэрэг хаах, хэргийг хэрэгсэхгүй болгох шийдвэр гаргахад нөлөөлсөн байж болно/ байхаар ойлгогдож байна. Мөн хянан шийдвэрлэх ач холбогдолтой гэдэгт тухай нотлох баримт байгаа эсэхээс хамаарч хэрэг эцэслэн шийдвэрлэгдэх эсэх тодорхойлогдоно гэж бас үзэх үндэслэлтэй юм. Өөрөөр хэлбэл тухайн хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримт нь ач холбогдлоороо хэн нэгэнд албадлага хэрэглэх, аливаа ач холбогдолтой хууль зүйн үр дагавар бий болгож гэмээнэ ач холбогдолтой гэх шинжийг агуулах хуулийн үзэл санаа байна гэж харж байна. Анхан шатны шүүхээс надад гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр уг гэмт хэргийг үйлдсэн бөгөөд тухайн нотлох баримтыг шүүх шийдвэрийнхээ үндэслэл болгосон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан гэжээ. Гэтэл Эрүүгийн эрх зүйн шинжлэх ухаанд гэм буруугийн шууд санаатай хэлбэр нь тухайн гэмт этгээд өөрийн үйлдлийн нийгмийн аюулын шинжийг ухамсарлан ойлгож, нийгмийн аюулын хор уршгийг гарцаагүй эсхүл учирч болзошгүйг мэддэг, тухайн хор уршгийг хүсэж үйлддэгээр тодорхойлогддог. Гэтэл миний үйлдэл нь шууд санаатай гэхээс илүүтэйгээр болгоомжгүй буюу зохих журмын дагуу ажил үүргээ гүйцэтгээгүй хөнгөмсөгөөр найдсан, тодорхой зорилгод тэмүүлээгүй нь хавтаст хэргээс харагддаг. Чингэлтэй дүүргийн анхан шатны шүүхээс уг мэдүүлэг хуульд заасан үндэслэл журмын дагуу нотлох баримтыг цуглуулж бэхжүүлээгүй буюу албан үүргээ зохих ёсоор биелүүлээгүй боловч мэдүүлгийн агуулга хуурамч биш, ямар нэгэн зорилгод тэмүүлээгүй болох нь тогтоогдож байхад хохирогчийн мэдүүлгийн ач холбогдол бүхий шинжид хууль зүйн дүгнэлт хийгээгүй шийдвэрлэсэн байгаа тул хууль зүйн дүгнэлт хийж өгнө үү хэмээн хичээнгүйлэн хүсч байна.

2. Мөрдөн байцаалтын ажиллагаа дутуу хийгдсэн, хэргийг тал бүрээс нь бүрэн бодитой шалгаж тогтоогоогүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр, хор уршгийн шинж ч Ч.А, хэр хэмжээ”-г тогтоогоогүй байна. Үүнд:

Би хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.-эй удаа дараа утсаар холбогдож байсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад тухайн үед миний ашиглаж байсан 99767549 дугаарын утасны лавлагааг аваагүй, зөвхөн 911910 дугаарын лавлагааг авсан. Миний бие ажлын шугамаар иргэд рүү ихэвчлэн 997549 дугаарыг ашигладаг байсан бөгөөд уг дугаарын лавлагааг авч хэрэгт хавсаргахыг прокурорт удаа дараа хүсэлт өгч байсан. Тухайн үед Ц.Урийг өөрийн охин Х.Атай хамт миний өрөөнд сууж байсныг харсан гэрч байдаг бөгөөд тухайн гэрчээс мэдүүлэг авахуулахаар хүсэлт гаргаж байсан боловч хангаагүй. Хавтаст хэргийн материалыг бүрдүүлэхдээ хэт нэг талыг барьж бүрдүүлсэн. Эрүүгийн 200502059 дугаартай хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэрэгт хавсаргаагүй, учир нь уг шийдвэрт энэхүү хуурамч гээд байгаа мэдүүлгийг нотлох баримтаар шинжлэн судлаагүй байдаг. Мөн насанд хүрээгүй хохирогч Х.А нь шүүхээс хэрэг нэмэлт мөрдөн байцаалтад буцсанаас хойш хэргийн талаар болсон асуудлаа юу гэж хэлсэн талаар тодруулахаар дахин өгсөн мэдүүлгийг хуулбарлан хэрэгт хавсаргуулах. Ингэснээрээ насанд хүрээгүй хохирогч Х.Ахохирогчоор өгсөн мэдүүлэгээс шалтгаалан хэргийн шийдвэрлэлтэд нөлөө үзүүлсэн эсэхийг тогтооход ач холбогдолтой. Иймд дээрх ажиллагааг хийж гүйцэтгэснээр энэ гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр, гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг тодорхой болох тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдлыг гаргаж байна.” гэв.  

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Тамир давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 2022/ШЦТ/225 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдлыг дараах үндэслэлээр гаргаж байна.

Нэг. Шүүхийн шийтгэх тогтоол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлд заасан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гомдлын тухайд:

Шүүгдэгч болон өмгөөлөгч нарын хувьд анхан шатны шүүх хуралдаанд шүүгдэгчийг гэм буруугүйд тооцох, шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан боловч ялимгүйн учир гэмт хэрэг биш учраас цагаатгах талын байр суурнаас хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, мэтгэлцэж оролцсон. Гэтэл шүүхийн шийтгэх тогтоолд шүүгдэгч түүний өмгөөлөгч нарын үндэслэлээ болгож байгаа нотлох баримтыг үгүйсгэж няцаасан үндэслэлийг заагаагүй, хууль зүйн дүгнэлт хийгээгүйд гомдолтой байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1-д “дараах нөхцөл байдлын аль нэг нь тогтоогдвол шүүх шийдвэр гаргахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн гэж үзнэ.” гэж хуульчилсан. Шүүхийн 225 дугаартай шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2-т Шүүгдэгчийн гэм буруутайд тооцох хэсэгт дараах зүйлийг тусгана: 2.1-д “гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөл, гэм буруугийн хэлбэр, ...шинжийг тогтоосон хэргийн талаарх нөхцөл байдал”, мөн 2.3 дахь хэсэгт "...шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгчийн саналын үндэслэл болгосон баримт,....дүгнэлтийг няцаан үгүйсгэсэн үндэслэл”-г, 2.4 дэх хэсэгт “шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлт”-г тусгаж өгөхөөр заасан. Гэтэл шүүхийн шийтгэх тогтоолд шүүгдэгч түүний өмгөөлөгч нарын хэргийн бодит байдлыг тогтоохын тулд шүүх хуралдаанд үндэслэл болгосон нотлох баримтуудыг няцааж, үгүйсгэсэн үндэслэлээ заагаагүй, мөн шүүхээс шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдалд хууль зүйн дүгнэлт хийгээгүй байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.

Хоёр. Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гомдлын тухайд:

Шүүхийн шийтгэх тогтоолд шүүгдэгч Ч.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хууль сахиулагч хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн, хуурамч болохыг мэдсээр байж прокурор, шүүхэд гаргаж өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн, хуурамч болохыг мэдсээр байж гаргаж өгсөн үйлдлийг гэмт хэргийн шинж байхаар хуульчилсан. Монгол Улсын Дээд Шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 256 дугаар тогтоолд “нотлох баримтыг хуурамчаар үйлдэх гэмт хэргийн шинжид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ач холбогдол бүхий шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон баримт сэлтийг хуурамчаар үйлдэхийг хамруулан ойлгодог...” гэж тайлбарласан. Шүүгдэгч Ч.Аын үйлдэл нь насанд хүрээгүй хохирогч Х.Ахууль ёсны төлөөлөгч Ц.гийн хамт өгсөн мэдүүлгийг хуулбарлан гаргаж, хууль ёсны төлөөлөгч нь зөвшөөрсний үндсэн дээр хууль ёсны төлөөлөгч Ц.У гарын үсгээ зурсан байдаг. Үүнийг хуурамчаар нотлох баримт үйлдсэн гэж үзэхгүй. Харин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах журмыг зөрчсөн гэж үзэхээр байна. Өөрөөр хэлбэл, хууль ёсны төлөөлөгч Ц. гарын үсэг зурсан байдаг. Насанд хүрээгүй хохирогч Х.Ахууль ёсны төлөөлөгч Ц.Угт мэдэгдэлгүйгээр шүүгдэгч Ч.А насанд хүрээгүй хохирогчийн мэдүүлгийг өөрчилж, өөрөө аль эсвэл өөр бусад хүнээр дуурайлган гарын үсгийг зуруулсан бол хуурамчаар нотлох баримт үйлдэх гэмт хэргийн шинжийг хангана. Гэтэл насанд хүрээгүй хохирогчийн урьд өгсөн мэдүүлгийг хууль ёсны төлөөлөгч Ц.У уншуулан танилцуулж, гарын үсэг зуруулсан нь хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн биш харин насанд хүрээгүй хохирогчоос мэдүүлэг авахаар хуульд заасан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн үйлдэл байна. Мөн дээрх нотлох баримт нь шүүгдэгч А.Отгт холбогдох эрүүгийн 20050205 дугаартай хэргийг шийдвэрлэхэд шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон чухал ач холбогдолтой нотлох баримт болоогүй байдаг. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 834 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч А.Отгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, 18 жилийн хугацаагаар хорих ял оноосон. Мөн Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 181 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч А.Отгрыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, 18 жилийн хугацаагаар хорих ялыг оноосон ямар ч өөрчлөлт ороогүй байдаг. Энэ хавтас хэрэгт нотлох баримтаар авагдсан анхан шатны шүүх хуралдаанд шинжлэн судалсан байдаг.

Иймд шүүгдэгч Ч.А нь хүчиндэх гэмт хэргийн насанд хүрээгүй хохирогч Х.Аг хохирогчоор тогтоох тогтоол, мэдүүлэг авсан тэмдэглэлд насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Ут мэдэгдэж, уншиж танилцуулсаны үндсэн дээр хууль ёсны төлөөлөгч Ц.У гарын үсэг зурсаныг мэдсээр байж хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлсэн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан боловч Эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрх ашигт бодит хохирол, хор уршиг учруулаагүй байх тул шүүгдэгчийн хувийн байдал, үйлдлийн нийгмийн аюулын хэр хэмжээ зэргийг харгалзан үзэж өгч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 хэсэгт зааснаар шүүгдэгчид ашигтай байдлаар хэргийг гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

Прокурор А.Азжаргал тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь Х.Атай адил эрх эдэлж, үүрэг хүлээхээр хуульчлагдсан ч, хохирогчийн өмнөөс гарын үсэг зурж, мэдүүлэг өгөх этгээд биш юм. А.Орт холбогдох хэрэг нь бага насны хүүхдийн эсрэг хүчиндэх гэмт хэрэг юм. Энэ төрлийн хэргийн гол ач холбогдол бүхий нотлох баримт нь хохирогчийн мэдүүлэг байдаг. Гэтэл үүнийг хэрэгт ач холбогдолтой нотлох баримт биш гэж үзэж байгаа нь үндэслэлгүй. Мэдүүлгийг насанд хүрээгүй хохирогч Х.Агаас аваагүй, дуудаж байлцуулаагүй.  Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Уранцэцэг “...намайг гарын үсэг зурчих гэхээр нь зурсан, мэдүүлгийг уншиж танилцаагүй, Ч.А мөрдөгч мэдүүлэг авахаар намайг дуудсан, Х.Атай хамт очоогүй...” гэж мэдүүлсэн. Анхан шатны шүүхээс хэрэгт авагдсан нотлох баримтууд болон талуудын тайлбар, мэдүүлгийг дүгнэж Ч.Аыг насанд хүрээгүй хохирогч Х.Аг 2020 оны 7 дугаар сарын 22-ны өдөр хохирогчоор тогтоох тухай мөрдөгчийн тогтоол, насанд хүрээгүй хохирогчоос мэдүүлэг авсан тэмдэглэл зэргийг хуурамчаар үйлдэж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.У насанд хүрээгүй хохирогч Х.Агын гарын үсгийг дуурайлган зуруулж хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн, хуурамч гэдгийг мэдсээр байж хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон. Анхан шатны шүүх энэ шийдвэрийг гаргахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлд заасан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна. Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад Ч.Аын компьютерт үзлэг хийсэн тухай мөрдөгч Эрдэнэсайханы тэмдэглэлийг хавтаст хэрэгт хавсаргасан байгаа. Уг тэмдэглэлд Х.Агаас насанд хүрээгүй хохирогчоор авсан мэдүүлэг нь комьпютерт хадгалагдаагүй байсан тухай бичсэн байдаг. Түүнчлэн насанд хүрээгүй хохирогч Х.А энэхүү мэдүүлэг үйлдэгдэх үед байгаагүй гэдэг нь гэрч Тогтуунжаргалын “...тухайн өдөр хүүхдүүдийг зуслан явуулах гээд хамаатны айлаасаа авахаар очиход Х.А үеэлтэйгээ хамт байсан...” гэх мэдүүлэг болон хүүхдүүдийн зуслан явсан бүртгэл, зуслангийн төлбөрийн баримтаар нотлогддог, мөн тухайн өдөр буюу 2020 оны 7 дугаар сарын 22-ны өдөр Ц.Уранцэцэг Ч.Аын ажлын байранд очоогүй гэдэг нь тухайн байгууллагын орсон, гарсан хүмүүсийн бүртгэл болон бусад нотлох баримтуудаар нотлогддог. 2020 оны 7 дугаар сарын 22-ны өдөр хохирогчоор тогтоож мөрдөн шалгах ажиллагаа явуулаагүй байсан бөгөөд хохирогчоор тогтоож мэдүүлэг авахдаа гэрчээр өгсөн мэдүүлгийг хуулж тавиад хууль ёсны төлөөлөгчөөр нь гарын үсэг зуруулсан үйлдлээ хуулаад тавьсан учир хууль зөрчсөн үйлдэл биш гэж тайлбарлаж байгаа нь илт үндэслэлгүй. Иймд анхан шатын шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч Ч.А, түүний өмгөөлөгч Г.Тамир нарын гаргасан давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй байна. 

Учир нь, Шүүхийн шийдвэр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон шаардлагыг бүрэн хангахаас гадна, шүүхээс хийсэн дүгнэлт нь хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн тохиолдолд хууль ёсны ба үндэслэл бүхий болдог учиртай.

Анхан шатны шүүх хэргийн бодит байдлыг хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэн нөхөн тогтоохдоо нотлох баримтын нотлогооны ач холбогдол, хамаарал, хууль ёсны байдлыг дүгнэн цэгнэж, харьцуулан шинжилж, харилцан эсрэг болон нэгдмэл сонирхолтой байж болох этгээдүүдийн мэдүүлгийн үнэн зөв байдлыг нотломжийн түвшин, агуулга зэрэгт эрх зүйн ухамсрыг удирдлага болгон үнэлж хэргийн үйл баримтыг сэргээн тогтоох учиртай.

Өөрөөр хэлбэл, хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой байж болох нотлох баримтуудыг хэргийн нөхцөл байдалтай харьцуулан судалж, нягтлан шалгаагүй, эдгээрээс аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн үндэслэлээ заалгүйгээр нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоогоогүйгээр шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 9 дэх хэсэг “Хавтаст хэрэгт авагдаагүй нотлох баримт шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй.” гэж, мөн зүйлийн 13 дахь хэсэг  “Шүүх прокурор, мөрдөгч тухайн хэрэгт хамааралтай энэ хуульд заасны дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтыг хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай эсэхийг бүхэлд нь үнэлнэ” гэж тус тус заажээ.

Анхан шатны шүүх шүүгдэгч Ч.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хууль сахиулагч хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт хуурамчаар үйлдсэн, хуурамч болохыг мэдсээр байж прокурор, шүүхэд гаргаж өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэв.

Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т “... дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй бол …” гэж заасан нөхцөл байдал нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байх үндэслэлд хамаарна.

Учир нь, анхан шатны шүүх хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хэргийн бодит байдлыг тогтооход онцгой ач холбогдолтой байж болохоор гэрч Ц.Уйн “...2020 оны 7 дугаар сарын 23-ны өдөр надтай утсаар ярьж мэдэгдсэний дагуу 2020 оны 7 дугаар сарын 24-ний өдөр хүүхдээ сэтгэцийн эмнэлэгт үзүүлж шинжилгээ хийлгэсэн. Өөрөөр очиж уулзаж байгаагүй.  ... 2020 оны 7 дугаар сарын 23-ны өдөр манай охиныг сэтгэцийн шинжилгээнд хамруулна гэсэн. Тэр өдөр би ажилтай болоод амжихгүй байсан ба өдөр 11 цаг болж байхад Сүхбаатарын талбайн урд талын номын сангийн орчимд байдаг “КFС” /Ки эф си/-ийн ойролцоо Ч.А мөрдөгчтэй уулзсан. Тэр үед уулзахад өнөөдөр сэтгэцийн шинжилгээ хийлгэнэ гэсэн. Би ажилтай амжихгүй байна 14 цагаас ажилчдын хоол өгчихөөд 15 цагаас үзүүлж болох уу гэхэд мөрдөгч Ч.А 15 цагаас эмнэлэг үзэхгүй, одоо амжихгүй боллоо маргааш үзүүлье гэж хэлээд салсан. Тэр үедээ манай охин Х.Атай анх уулзсан. .../1хх 130-132/,

насанд хүрээгүй гэрч Х.А “...Анх хаана хэн гэдэг мөрдөгч дээр мэдүүлэг өгсөнөө санахгүй байна. Уг мөрдөгч дээр мэдүүлэг өгсөний дараа намайг ээжийн ажил дээр байж байхад Ч.А гэх мөрдөгч ах ээж бид хоёрыг утсаар дуудсан. Тэгээд Ч.А гэх мөрдөгч ахын ажлын өрөөнд очоогүй. Гадаа түргэн хоолны газрын орчим /хаана байдгийг нь мэдэхгүй байна./ дуудаж уулзсан. Тэгээд Ч.А гэх мөрдөгч ах намайг Шар хадны эмнэлэгт очиж үзүүлэх шаардлагатай гэж ээжид хэлчихээд, тэгээд ээж бид 2-ыг явуулсан. Үүнээс хойш Ч.А мөрдөгч ахтай дахин уулзаагүй....” /1хх 239-241/ гэх мэдүүлгүүд цаг хугацаа, орон зайн хувьд зөрүүтэй байхад анхан шатны шүүхээс дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй, мөн шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт хуурамчаар үйлдсэн, хуурамч болохыг мэдсээр байж прокурор, шүүхэд гаргаж өгсөн” гэмт хэргийн шинжэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт мөн эсэхэд үндэслэлтэй дүгнэлт хийгээгүй байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад “шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгч, иргэдийн төлөөлөгчийн саналыг няцаан үгүйсгэсэн үндэслэл”-ийг шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт тусгахаар, мөн хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дэх заалтад “дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй бол” анхан шатны шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзнэ” гэж тус тус заажээ.

Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүхээс хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгчийн гэм буруутайг  хөдөлбөргүй нотолсон гэм буруугийн талаарх үндэслэлээ хангалттай дүгнэлт хийж бичээгүй, шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн саналыг няцаан үгүйсгэж байгаа үндэслэлээ тодорхойлоогүй нь шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт тусгах бүрдэл хангагдаагүй гэж үзэхээр байна.

Иймд шүүгдэгч Ч.А, түүний өмгөөлөгч Г.Тамир нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хүлээн авч, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 2022/ШЦТ/225 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Ч.Ат холбогдох хэргийг анхан шатны шүүхээр дахин хянан хэлэлцүүлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

Хэргийг анхан шатны шүүхээр дахин хянан хэлэлцүүлэхээр буцаасантай холбогдуулан шүүгдэгч Ч.Ат урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 2022/ШЦТ/225 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Ч.Ат холбогдох хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

2. Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцтэл Ч.Ат урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     М.АЛДАР

 

ШҮҮГЧ                                                            Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

 

            ШҮҮГЧ                                                            Б.АРИУНХИШИГ