Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 08 өдөр

Дугаар 314

 

Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж,

нарийн бичгийн дарга Л.Содномдорж,

улсын яллагч Ц.Мөнхжаргал

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Р.Б-, түүний өмгөөлөгч Ц.Нарангарав,

иргэний хариуцагч Ц.О-,

шүүгдэгч Б.Г-, түүний өмгөөлөгч Д.Өлзийхишиг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Тээврийн прокурорын газраас шүүгдэгч Ц овогт Б-ийн Г-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1703000010041 дугаартай хэргийг 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1998 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 19 настай, эрэгтэй бүрэн дунд боловсролтой, СУИС-ийн 02 дугаар курсын оюутан,  ам бүл 5, ээж, дүү нарын хамт Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо ******** тоотод түр оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай Ц овогт Б-ийн Г.

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Б.Г- нь 2017 оны 06 дугаар сарын 18-ны өдөр 19 цаг 10 минутын орчим Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр, Буянт-Ухаа хорооллын 1016 дугаар байрны замд Ц.О-ын эзэмшлийн Хонда-фит маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-д заасан заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч 05 настай С.М-ыг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.

      

ТОДОРХОЙЛОХ нь:

                  

Нэг:  Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч, иргэний хариуцагч, шүүгдэгч нарын мэдүүлсэн мэдүүлэг:

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Р.Б-: “...Тухайн үед манай хүүхэд гадагшаа гараад удаагүй байсан бөгөөд хамт гарсан хүүхэд нь буцаж орж ирээд “гадаа нэг юм болчихлоо” гэж айсан байдалтай хэлсэн. Тэгээд гадагш гарахад манай хүүхэд явган хүний зам дээр “ээжээ, ёо ёо” гээд хөлөө барьчихсан, хөл хэсэг нь цус болчихсон, битүү хавдартай, хөлийн шагайн хэсгээр мурийсан байдалтай байсан. Тухайн үед би хүүхдээ тэврээд сууж байхад шүүгдэгч гэрч эмэгтэйтэй маргалдаж байгаад хохино ш дээ гэж хэлсэн. Энэ үг надад их эмзэг туссан. Тэр үед гэрч гэх эмэгтэй чи хүний нялх үрийг машинаараа дайрчихаад хохино гэж хэлдэг чинь ямар учиртай юм бэ гэж хэлсэн. Тэр хооронд нэг эмэгтэй ирээд хүүхдийн хөлийг үзье гэхээр нь түргэний эмч ирсэн байна гэж бодоод үзүүлэх гэхэд шүүгдэгч Б.Г- энэ хүн манай ээж гэсэн. Тэгэхээр нь би хүүхдийн хөлийг үзүүлээгүй, удалгүй түргэн тусламж ирсэн. Хохирогчийн бие одоохондоо гайгүй бага зэргийн хазагнаж хөлөө чирсэн байдалтай явж байгаа. Хүүхэд гадуур явахдаа машинаас айгаад, машин харахаар гараас чирээд дороо дэвхцээд байдаг болсон. Энэ талаар эмчээс асуухад айдсыг дарах хэрэгтэй, Шар хадны эмнэлэгт очиж үзүүл гэсэн. Ойрын үед хүүхдийнхээ айдсыг нь арилгахын тулд эмчийн зөвлөсөөр машин зам болон явган хүний замаар хөтлөж явах арга хэмжээ авч байна...” гэв.

 

Иргэний хариуцагч Ц.О-: “...2017 оны 06 дугаар сарын 19-ний өдөр Б.Г- дүү нартайгаа хамт миний машиныг унаад гарсан, би гэртээ бага хүүхэдтэйгээ үлдсэн. Удалгүй хамт явсан дүү нь гэрт орж ирээд агаа хүүхэд мөргөчих шиг боллоо, та оч гэж хэлсэн. Би өөрөө хүүхдийн эмч болохоор мөргүүлсэн хүүхдийг ямар байдалтай байгааг нь харахаар очиход хүүхэд уйлчихсан, ээж нь хүүхдээ тэврээд сууж байсан. Хүүхдийн ерөнхий байдлыг нь ажиглахад өвдөлтөндөө уйлсан байдалтай, нэг хөлийн шилбийг нь нойтон давуугаар боочихсон, амьсгал хэвийн харагдсан. Би хөлийг нь үзье гэж хэлэхэд ээж нь надад үзүүлэхгүй гээд намайг түлхэхээр нь би больсон, удалгүй цагдаа ирсэн. Цагдаагийн гадаа Б.Г- бид хоёр машинаа хараад зогсож байхад тал талаас дөрөв, таван хүн миний хүүг загнаад нэг нь хажуунаас нь цохиод байхаар нь би манай хүүхэд хүнтэй хэрэлддэггүй юм аа гэж хэлэхэд чи хүүхдээ өмөөрлөө гээд бөөн хэрүүл болсон. Цаашид гарах эмчилгээний зардлыг би хариуцаж төлнө...” гэв.

 

Шүүгдэгч Б.Г-: “...Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж хэлэх зүйл байхгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү...” гэв.

 

Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд:

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Р.Б- мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...Манай төрсөн дүү Э-ын охин У-ын хүү болох С.М-ыг 03 настай байхад нь өөр дээрээ авсан. Түүнээс хойш би ээж нь гэж явдаг юм. ...Би осол хэрэг гарсан талаар тэр дор нь мэдсэн. Осол гардаг өдөр манай хүү С.М-  байрны гадаа машинд дайруулчихлаа гээд хэлэхээр нь гэрээс гараад иртэл явган хүний зам дээр хөлөө барьчихсан байдалтай сууж байсан. ...Аав нь гэдэг хүн олдохгүй байгаа учраас би өөр дээрээ авч чадаагүй. Түүнээс биш дээр үед л авчих байсан юм...” /хх-ийн 20/ гэсэн,

 

Иргэний хариуцагч Ц.О- мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...Уг тээврийн хэрэгсэлийг би 2014 оны 07 дугаар сард 5.000.000 төгрөгөөр худалдаж авч байсан ба миний өөрийн нэр дээр байдаг авто машин байгаа юм. ...Би тэр өдөр өөрийн том хүү болох Б.Г-ыг ойрхон газар дүү нартайгаа гараад ирье  гэхээр нь түлхүүрээ өгөөд явуулсан юм. Тэгээд эргэж ирж байгаад машинаа тавих гээд зогсоол хайж байгаад уг зам тээврийн осол хэрэг гарсан байна лээ. ...Миний хүү ер нь их зөөлөн зантай, хүүхдээрээ, сургууль номондоо сайн, аав нь Цагдаагийн байгууллагад ажиллаж байгаад зуурдаар нас барчихсан учраас гэр орныхоо ажлыг хийж, ар гэрээ зохицуулж явдаг юм...” /хх-ийн 36/ гэсэн,

 

Шинжээч Л.Нанзад мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...Хэргийн газрын фото зургийн №1 Хэргийн газрын ерөнхий байдал, №2 хүн мөргөсөн гэх, хүн унасан эг гэсэн зургуудад 5.16 тэмдэг тодорхой харагдаж байгаа. Би тухайн тэмдэгтийн зургыг аваагүй. ...Бид осол хэргийн газарт очоод ахлах мөрдөгчийн удирдлага зааврын дагуу ажилладаг. Тухайн хороолол руу орох гарцанд 5.30 тэмдэг байсан...” /хх-ийн 21-22/ гэсэн,

 

Шүүгдэгч Б.Г- мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2017 оны 06 дугаар сарын 18-ны өдөр 19 цаг 10 минутын үед Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Буянт ухаа хорооллын урд замаар зүүнээс баруун гар тийш ойролцоогоор 5 орчим км цагийн хурдтай явж байхад урдаасаа хойшоо гүйж явсан нэг жаахан хүүхэд машины зүүн урд дугуйны хэсэгт мөргүүлээд газарт унасан. Тэгээд нөгөө хүүхэд газарт унасан, би машиныхаа арааг салгаад буугаад очиход нөгөө хүүхэд уйлаад байсан ба хүүхдийг хүмүүс өргөөд замаас гаргасан. Тэгээд би өөрөө цагдаа, түргэн дуудаад, цагдаа ирж хэмжилт хийсэн. ...Машинуудын голоор гарч ирээд машинд мөргүүлэх үед л хүүхдийг харсан. ...Би огт согтууруулах ундаа хэрэглэдэггүй...” /хх-ийн 72-73/ гэсэн мэдүүлгүүд,

 

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 8080 тоот дүгнэлт: “...Дүгнэлт: 1.С.М-ын биед зүүн шилбэ яс доод 1/3 хэсгээр олон хэлтэрхийт хугарал, тахилзуурын их биеийн доод 1/3-т цууралт үүсчээ.

2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэг болно.

4. Цаашид эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...”  /хх-ийн 42/ гэсэн,

 

- Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн шинжээчийн дүгнэлтэд: “...Дүгнэлт 1. Уг тээврийн хэрэгслийг Швед улсад үйлдвэрлэгдсэн тоног төхөөрөмж дээр шалгаж үзэхэд урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ -2.8 мм/м, тэнхлэг тохиргоо хэвийн. Швед улсад үйлдвэрлэсэн тээврийн хэрэгслийг EWJ94060 маркын тоног төхөөрөмж дээр шалгаж үзэхэд урд дугуйн тоормосны хүч зүүн талдаа 1,60кН, баруун талдаа 1,60кН, зөрүү нь 0% (стандарт <20%), хойд дугуйн тоормосны хүч зүүн талдаа 1,10кН, баруун талдаа 1,0кН зөрүү 9,09% (стандарт <30%) ажлын болон зогсоолын тоормос хэвийн ажиллаж байна.

БНСУ-д үйлдвэрлэгдсэн MQD-ЗС маркын Headlight tester багажаар шалгаж үзэхэд зүүн гар талын гэрлийн тусгалын чадал хол дээрээ 12000 сd, баруун гар талын гэрлийн тусгалын чадал хол дээрээ 14500 сd, тусгалын тохиргоо хэвийн байв. (стандарт10.000-250.000 сd) харин баруун гар талын ойрын гэрлийн чийдэн асахгүй байна. Швед Улсад үйлдвэрлэгдсэн STENHOJ Т-71096 хайчин өргүүр дээр STENHOJ Микро-20/26 хий шингэн, тосон хосолмол шахуургатэй өргөгч /домкрат/ ашиглан хөдөлгүүр, хурдны хайрцаг, хүч дамжуулах анги, жолооны механизм, явах эд ангийн үзлэг хийхэд хөдөлгүүрийн тосны шүүрнээс тос хөлөрсөн, хурдны хайрцаг, ерөнхий дамжуулгаас тос гоожоогүй, хурдны хайрцаг, кардан дамжуулгын бэхэлгээ хэвийн, холхио ороогүй хэвийн байна. Харин урд буфер зүүн урд хэсэгтээ будаг нь халцарсан сэвтэй, хойд буфер баруун хойд булан хэсэгтээ будаг халцарсан сэвтэй, багааж өөр өнгөтэй, баруун урд оврын гэрэл, баруун хойд оврын гэрэл, баруун гар талын дугаарын гэрэл, баруун талын ойрын гэрэл, баруун талын тоормосны гэрлийн чийдэн тус тус асахгүй, хөдөлгүүрийн тосны шүүрээр тос хөлөрсөн зэрэг эвдрэл гэмтэлтэй байна.

2. Урд буфер зүүн урд хэсэгтээ будаг нь халцарсан сэвтэй, хойд буфер баруун хойд булан хэсэгтээ будаг нь халцарсан сэвтэй, багааж өөр өнгөтэй, баруун урд оврын гэрэл, баруун хойд оврын гэрэл, баруун гар талын дугаарын гэрэл, баруун талын ойрын гэрэл, баруун талын тоормосны гэрлийн чийдэн тус тус асахгүй, хөдөлгүүрийн тосны шүүрээр тос хөлөрсөн зэрэг эвдрэл гэмтэлтэй байна.

3.4 Урд буфер зүүн урд хэсэгтээ будаг нь халцарсан сэвтэй, хойд буфер баруун хойд булан хэсэгтээ будаг нь халцарсан сэвтэй, багааж өөр өнгөтэй, баруун урд оврын гэрэл, баруун хойд оврын гэрэл, баруун гар талын дугаарын гэрэл, баруун талын ойрын гэрэл, баруун талын тоормосны гэрлийн чийдэн тус тус асахгүй, хөдөлгүүрийн тосны шүүрээр тос хөлөрсөн зэрэг эвдрэл гэмтэл нь ослын өмнө ашиглалтын явцад үүссэн байж болох ба тухайн зам тээврийн осол хэрэг гарахад нөлөөлөхгүй.

5. Уг автомашин нь шингэн дамжуулгын АВS бүхий тоормосны системтэй. Тухайн автомашины ажлын болон зогсоолын тоормос бүрэн ажиллаж байна.

6. Тухайн автомашины дугуй нь зуны улиралд ашиглагдах зориулалттай урсгал хээтэй дугуйтай. Зам тээврийн осолд нөлөөлсөн байх үндэслэлгүй...” /хх-ийн 48-50/ гэсэн,

 

- Техникийн шинжээчийн 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 292 тоот дүгнэлтэд: “...Дүгнэлт 1. Хонда Пит маркийн ******* дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Баянмөнх овогт Б.Г- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1 “5.30 тэмдгээр тэмдэглэгдсэн хорооллын доторхи хөдөлгөөнд явган зорчигч явган хүний зам буюу зорчих хэсгээр явж болно” гэсэн заалтыг зөрчсөн байх гэх үндэслэлтэй байна.

2. Явган зорчигч 5-настай С овогт М- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэг зүйл заалтыг зөрчсөн гэх үндэслэлгүй байна...” /хх-ийн 56/ гэсэн дүгнэлтүүд, 

 

- Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 5-8/,

- Б.Г-ын иргэний үнэмлэх, жолооны үнэмлэхний хуулбар, хорооны тодорхойлолт /хх-ийн 62, 64-66/,

- Шүүгдэгч Б.Г-ы ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 63/,

- Хохирлын баримтууд /хх-ийн 27-30, 80-85/,

- Хохирлын мөнгө хүлээн авсан тухай баримт /хх-ийн 86/ зэрэг болно.

 

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.

 

I. Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б.Г- нь 2017 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 19 цаг 10 минутын орчим Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр, Буянт-Ухаа хорооллын 1016 дугаар байрны замд Ц.О-ын эзэмшлийн Хонда-фит маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-д “...5.30 тэмдгээр тэмдэглэгдсэн хорооллын доторхи хөдөлгөөнд явган зорчигч явган хүний зам буюу зорчих хэсгээр явж болно...” гэж заасан заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч 05 настай С.М-ыг мөргөж, түүний эрүүл мэндэд “зүүн шилбэ яс доод 1/3 хэсгээр олон хэлтэрхийт хугарал, тахилзуурын их биеийн доод 1/3-т цууралт” бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Р.Б-, иргэний хариуцагч Ц.О-, шинжээч Л.Нанзад нарын мэдүүлгүүд, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 8080 тоот, техникийн шинжээчийн 292 тоот дүгнэлтүүд, шүүгдэгч Б.Г-ы мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, фото зураг зэрэг хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Тээврийн прокурорын газраас шүүгдэгч Б.Г-ыг Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

I-А. Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар:

Гэмт хэргийн улмаас хохирогч С.М-ын биед “...зүүн шилбэ яс доод 1/3 хэсгээр олон хэлтэрхийт хугарал тахилзуурын их биеийн доод 1/3-т цууралт...” бүхий  хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан ба хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Р.Б- хохиролд 14.900.000 төгрөг нэхэмжилж холбогдох баримтуудыг /хх-ийн 29-30, 80-85/ хэрэгт хавсаргажээ.

Хохиролтой холбоотой баримтуудаас дүгнэхэд мэс заслын наалт, эм, живх, бинт, тариа, хөлний зураг авахуулсан, эрүүл мэндийн үйлчилгээ авсан зэрэг эмчилгээтэй холбоотой гарсан зардал /хх-ийн 27, 29, 82, 83/ 433.360 төгрөг, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн үзлэгийн хураамж 3.000 төгрөг /хх-ийн 40/, хохирогчийг эмнэлэгт хүргэх тээврийн үйлчилгээний хөлс 280.000 төгрөг /хх-ийн 84/, шатахууны зардал 174.600 төгрөг, нийт 890.960 төгрөгийг гэм буруутай этгээдээс гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгох нь зүйтэй байна.

Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4 дэх хэсэгт “Тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй.” гэж заажээ.

Хонда Фит маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгсэл иргэн Ц.О-ын эзэмшлийх болох нь хавтаст хэргийн 39 дүгээр талд авагдсан тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбараар тогтоогдож, мөрдөн байцаалтын шатанд Ц.О-ыг иргэний хариуцагчаар татаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан, мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлэгт иргэний хариуцагч Ц.О- нь өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгслийг Б.Г-д шилжүүлсэн тухайгаа мэдүүлсэн байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг Иргэний хуульд заасны дагуу иргэний хариуцагч Ц.О-аас гаргуулж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иргэний хариуцагч нь мөрдөн байцаалтын шатанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Р.Б-д хохиролд 640.000 төгрөг төлсөн болох нь хэрэгт авагдсан баримт /хх-ийн 86/ болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлгээр тогтоогдож байх тул 890.960 төгрөгөөс хасаж тооцон, үлдэх 250.960 төгрөгийг иргэний хариуцагч Ц.О-аас гаргуулж шийдвэрлэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Р.Б-гийн нэхэмжилсэн хүүхдийн асаргаатай холбоотой зардал 4.500.000 төгрөг /хх-ийн 32-33, 80/, сэтгэл санааны хохиролтой холбоотой 10.000.000 төгрөгийн зардал /хх-ийн 80/ нь баримтаар тогтоогдохгүй, хүнсний бүтээгдэхүүн худалдаж авсан 144.753 төгрөгийг /хх-ийн 30, 83/ гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой холбоотой гэж үзэх боломжгүй, 37.726 төгрөгийн /хх-ийн 28/ шатахууны баримт давхардсан байх тул хангахгүй орхиж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь гэмт хэргийн улмаас учирсан гэмтэлтэй холбоотой эмчилгээ, сувилгааны зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.

 

II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Б.Г-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тогтоогдож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Дээрх хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал болон шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн хувийн байдал, шүүгдэгч Б.Г- нь хөдөлмөр эрхлэж, тогтсон орлогогүй, түүний ар гэрт хөдөлмөр эрхэлдэг нэг хүн байдаг нь иргэний хариуцагч Ц.О- байх тул шүүгдэгчид торгуулийн ял оногдуулах зохимжгүй гэж үзэн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Бусад асуудлын талаар:

Эрүүгийн 1703000010041 тоот хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдав.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

      

1. Шүүгдэгч Ц овогт Б-ийн Г-ыг авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Г-д 400 /дөрвөн зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч Б.Г-д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г- нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлын нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.4, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар иргэний хариуцагч Ц.О-аас 250.960 /хоёр зуун тавин мянга есөн зуун жар/ төгрөгийг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Р.Б-д олгож,  хохирогчийн хууль ёсны төлөөлөгч гэмт хэргийн улмаас эмчилгээ сувилгаатай холбоотой гарсан зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг тайлбарласугай.

 

6. Эрүүгийн 1703000010041 тоот хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Г-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Г-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                  Д.АЛТАНЖИГҮҮР