Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 2022/ДШМ/591

 

Б.Бхолбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ц.Хулан,

хохирогч “Л”-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Одончимэг,

шүүгдэгч Б.Б,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Ариунболд даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 2022/ШЗ/698 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Бын гаргасан давж заалдах гомдол, дээд шатны прокурор Б.Чинбатын бичсэн 2022 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 10 дугаартай эсэргүүцлийг тус тус үндэслэн Б.Бхолбогдох эрүүгийн 2211 00193 дугаартай хэргийг 2022 оны 5 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Олхон овгийн Б.Б, 

Шүүгдэгч Б.Б нь 2021 оны 01 дүгээр сараас 9 дүгээр сарын хооронд Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Л” ХК-ийн мэдээлэл технологийн инженерээр ажиллаж байх хугацаандаа ажлын байрны тодорхойлолтоор итгэмжлэн хариуцуулж өгсөн компанийн эзэмшлийн 12.069.894 төгрөгийн үнэлгээ бүхий 13 ширхэг компьютерын процессор, 2 ширхэг компьютерын дэлгэц зэргийг завшсан гэмт хэрэгт холбогджээ. 

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: Б.Бын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Чингэлтэй дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.Бхолбогдох хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, 4.6 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон эсэх нөхцөл байдал хангагдаагүй гэж үзэж эрүүгийн 2211 000517 дугаартай хэргийг Чингэлтэй дүүргийн прокурорт буцааж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.Б давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие өөрийн хийсэн буруу үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа ба тус байгууллагад учирсан хохирлыг төлж барагдуулсан. Мөн прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаа. Шүүх хуралдааны үеэр миний бие шүүгчээс яллах дүгнэлттэй холбоотой “миний хэрэг цаашид ял эдэлж шийтгэгдсэн байсан гэж эсвэл торгуулж байсан гэж гарч ирдэг юм болов уу” гэж тодруулж асуулт асуухад шүүгч хэргийг прокурорт буцаасан. Энэ асуултанд маань яллах дүгнэлтийг эсэргүүцсэн зүйл байхгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.” гэв. 

Дээд шатны прокурор Б.Чинбат бичсэн эсэргүүцэлдээ:: “...Шүүгчийн захирамжийг 2022 оны 5 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч танилцаад шүүхийн шийдвэр үндэслэлгүй, хуулийн шаардлагад нийцээгүй гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд: Шүүхээс хэргийг прокурорт буцаахдаа ЗАХИРАМЖЛАХ хэсгийн 4 дэх заалтад “прокурор, түүний дээд шатны прокурор шүүгчийн захирамжийг хүлээн авснаас хойш ажлын 5 хоногт багтаан Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай” гэж яллагдагч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийн гомдол гаргах эрхийг хязгаарлаж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг ноцтой зөрчсөн шийдвэр гаргажээ. /2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

Мөн хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал бүрэн хангагдсан буюу Б.Бын гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч, хохирол төлбөрийг төлж барагдуулсан, яллагдагчийн хэргийг хялбаршуулан шийдвэрлүүлэх хүсэлтийн дагуу прокурортой хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг тохиролцож хүлээн зөвшөөрсөн, шүүх хуралдааны явцад шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтээсээ татгалзаагүй болно.

Харин шүүгдэгч Б.Б нь шүүх хуралдаан дээр “Цагдаагийн байгууллагаас ял шийтгэгдсэн гэдэг тодорхойлолт гардаг эсэх, ял шийтгэгдэж байгаагүй гэж гарах боломжтой эсэх, энэ талаар ямар нэгэн мэдээлэлгүй байгаа талаар мэдүүлсэн” нь шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон эсэх” нөхцөл хангагдаагүй гэж дүгнэн хэргийг прокурорт буцаах үндэслэл болохгүй гэж үзэж байна. Иймд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 2022/ШЗ/698 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү.” гэжээ.

Хохирогч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Одончимэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Б.Б гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирлоо төлсөн. Одоо гомдол, санал байхгүй.” гэв.

Прокурор Ц.Хулан тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Дээд шатны прокурор Б.Чинбатын бичсэн эсэргүүцлийг дэмжиж байна. Анхан шатны шүүх хуралдаанд шүүгч шүүгдэгч Б.Баас “шүүх хуралдаанд хэлэх зүйл байна уу” гэж асуухад “би ял шийтгэлтэй гэж мэдээллийн санд бүртгэгдэх болов уу, надад энэ талаар мэдээлэл байхгүй байна” гэж хэлсэнээс болж хэргийг буцаасан байдаг. Энэ байдал нь гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хүсэлтээсээ татгалзсан үндэслэлд хамаарахгүй учраас анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр хэргийг буцааж өгнө үү.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ дээд шатны прокурор Б.Чинбатын бичсэн 2022 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 10 дугаартай эсэргүүцэл, шүүгдэгч Б.Бын гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Анхан шатны шүүхээс “шүүгдэгч Б.Бхолбогдох хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, 4.6 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон эсэх нөхцөл байдал хангагдаагүй” гэсэн үндэслэлээр Б.Бхолбогдох хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Тодруулбал:

Прокуророос Б.Быг 2021 оны 01 дүгээр сараас 9 дүгээр сарын хооронд Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Л” ХК-ийн мэдээлэл технологийн инженерээр ажиллаж байх хугацаандаа ажлын байрны тодорхойлолтоор итгэмжлэн хариуцуулж өгсөн компанийн эзэмшлийн 12.069.894 төгрөгийн үнэлгээ бүхий 13 ширхэг компьютерын процессор, 2 ширхэг компьютерын дэлгэц зэргийг завшсан гэмт хэргийг үйлдсэн гэж үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн, гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, ажил хөдөлмөр эрхэлдэг зэрэг байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналын хамт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана”, мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана.” гэж тус тус заасны дагуу хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийж, нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн, бодитой шалгаж хянасны үндсэн дээр хэргийг прокуророос шилжүүлсэн хэмжээнд бодит байдлыг тогтоон шүүгдэгчийн гэм буруугийн асуудалд хууль зүйн дүгнэлт хийх боломжтой.  

Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх прокурорын саналын хүрээнд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжгүй гэх нөхцөл байдал тогтоогдож байна гэж үзвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахад энэ хуульд заасан ердийн журмаас гадна энэ бүлэгт заасан тусгай журмыг баримтална” гэж заасны дагуу хэргийг ердийн журмаар шийдвэрлэх боломжтой болохыг дурдах нь зүйтэй байна.   

Тодруулбал, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжгүй гэх нөхцөл байдал шүүхийн хэлэлцүүлгийн явцад шүүгдэгч “Цагдаагийн байгууллагаас ял шийтгэгдсэн гэдэг тодорхойлолт гардаг эсэх, ял шийтгэгдэж байгаагүй гэж гарах боломжтой эсэх, энэ талаар ямар нэгэн мэдээлэлгүй байгаа талаар” тодруулан асуусныг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.6-д заасан “гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон эсэх” нөхцөл байдал хангагдаагүй гэж үзэхгүй ба цаашид прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасан нөхцөл бүрдсэн эсэхэд хяналт тавиагүйн улмаас шүүгдэгчийн хувьд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн болон гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон эсэх нөхцөл байдал хангагдаагүй мэт ойлгогдохоор байгааг прокуророос анхаарвал зохино.

Иймд дээд шатны прокурор Б.Чинбатын бичсэн эсэргүүцэл, шүүгдэгч Б.Бын гаргасан давж заалдах гомдлыг тус тус хүлээн авч, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 2022/ШЗ/698 дугаартай захирамжийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Хэргийг анхан шатны шүүхээр дахин хянан хэлэлцүүлэхээр буцаасантай холбогдуулан шүүгдэгч Б.Бурьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх хүртэл хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 2022/ШЗ/698 дугаартай захирамжийг хүчингүй болгож, Б.Бхолбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

2. Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх хүртэл шүүгдэгч Б.Бурьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

                                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

 

                                   ШҮҮГЧ                                                    Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

 

                        ШҮҮГЧ                                                   Б.АРИУНХИШИГ