Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 128/ШШ2016/0401

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Насандэлгэр даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Б*******, нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.П*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н нарыг оролцуулан Д******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2014 оны 04 дугаар сарын 29-ний өдрийн А/350 дугаартай "Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн талбайн хэмжээ, зориулалт өөрчлөх, байршил шилжүүлэх тухай" захирамжийн 1 дүгээр заалтаар баталсан хавсралтын 13-т "Д*******" ХХК-д холбогдох заалт, уг захирамжийн 3 дугаар заалтын "Нийслэлийн Засаг даргын 2010 оны 744 дүгээр захирамжийн "Д*******" ХХК-д хамаарах заалтыг хүчингүй болсонд тооцсугай" гэснийг тус тус хүчингүй болгуулах, манай компанийн газар эзэмших эрхийн гэрчилгээгээр эзэмшиж буй газрыг Худалдаа үйлчилгээний зориулалтын дагуу ашиглуулахаар шинээр эрх зүйн акт гаргуулахаар даалгах шаардлага бүхий захиргааны хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.

Нэхэмжлэгч: Д******* ХХК.

Хаяг: Б,,..

Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга.

 Хаяг: Чингэлтэй дүүрэг,  1 дүгээр хороо, Хангарьд ордон.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2014 оны 04 дугаар сарын 29-ний өдрийн А/350 дугаартай "Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн талбайн хэмжээ, зориулалт өөрчлөх, байршил шилжүүлэх тухай" захирамжийн 1 дүгээр заалтаар баталсан хавсралтын 13-д "Д*******" ХХК-д холбогдох заалт, уг захирамжийн 3 дугаар заалтын "Нийслэлийн Засаг даргын 2010 оны 744 дүгээр захирамжийн "Д*******" ХХК-д хамаарах заалтыг хүчингүй болсонд тооцсугай" гэснийг тус тус хүчингүй болгуулах, манай компанийн газар эзэмших эрхийн гэрчилгээгээр эзэмшиж буй газрыг Худалдаа үйлчилгээний зориулалтын дагуу ашиглуулахаар шинээр эрх зүйн акт гаргуулахаар даалгах тухай.

Нэхэмжлэлийн утга: Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2014 оны 04 дүгээр сарын 29-ний  өдрийн А/350 дугаартай "Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн талбайн хэмжээ, зориулалт өөрчлөх, байршил шилжүүлэх тухай" захирамжийг дараах үндэслэлээр илт хууль бус болохыг хянуулж ' хүчингүй болгуулахаар Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлд заасны дагуу энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. Үүнд:

Манай компани нь 1996 оны 02 дугаар сарын 13-ны өдөр авто машины худалдааны "Д*******" захыг Засгийн газрын тогтоол, Өмч хувьчлах комиссын шийдвэрийн дагуу нээлттэй дуудлага худалдаагаар хувьчилж авсан. Ингэхдээ төрийн эрх бүхий байгууллагатай байгуулсан гэрээгээр зөвхөн зориулалтаар ашиглах хатуу үүргийг хүлээсэн. Үүний дагуу тус зах, өмчлөх эрхийн гэрчилгээ, үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийн хүрээнд үйл ажиллагаагаа хуулийн дагуу одоо хүртэл явуулж байгаа билээ.

Манай компанид Нийслэлийн Засаг даргын 2010 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн ******* шийдвэрийг үндэслэн, нэгж талбарын 3022/0014 дугаар бүхий 65143 м.кв газрыг 5 жилийн хугацаатай "Худалдаа үйлчилгээ"-ний зориулалтаар эзэмших ******* дугаартай "Газар эзэмших эрхийн гэрчилгээ"-г газрын албаны дарга олгож, эрх бүхий албан тушаалтантай "Газар эзэмшүүлэх гэрээ"-г байгуулсан бөгөөд Газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа нь 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдөр дуусах байсан.

Манай компани 2011 оны 03 дугаар сарын 13-ны өдөр авто худалдаа, үйлчилгээний "Д******* цогцолбор"-ын хэсэгчилсэн Ерөнхий төлөвлөгөө, зураг төслөө 11 сая төгрөгөөр хийлгэж Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газарт хүргүүлсэн боловч холбогдох албаны албан тушаалтнууд манай хүсэлтийг хүлээн аваад шийдвэрлэхгүй хоёр жил болсон. Улмаар Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөөний дагуу манай компанийн газрын зориулалт дээр нэмж сургууль, цэцэрлэг, орон сууц барих төлөвлөгөөг тусгахыг шаардсаны дагуу арга буюу барилга барих талаар зарим өөрчлөлтийг оруулахаар 2014 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Нийслэлийн өмчийн харилцааны газарт "Газрын зориулалтыг нэмүүлэх, гэрээний хугацааг сунгуулах тухай" албан бичгийг илгээсэн.

Мөн Нийслэлийн Засаг даргын 2014.04.29-ний өдрийн А/350 дугаартай "Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн талбайн хэмжээ, зориулалтыг өөрчлөх, байршил шилжүүлэх тухай" захирамжаар өмнөх газрын зориулалт болох Худалдаа үйлчилгээ гэснийг орон сууц, үйлчилгээ, сургууль," цэцэрлэг гэж өөрчилсөн боловч манайд мэдэгдэлгүй нуун дарагдуулсан.

 Ингээд Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчин, газар, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагч Т.О*******, Байгаль орчны хяналтын улсын байцаагч Э.Ц******* нарын 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 02-04-128/1673 дугаартай Газрын зориулалтын тухай дүгнэлтийг 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр манай компанид ирүүлснээр бид мэдсэн.

Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт албан бичиг хүргүүлснээр энэхүү Засаг даргын 2014 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн А/350 дугаартай "Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн талбайн хэмжээ, зориулалтыг өөрчлөх, байршил шилжүүлэх тухай" захирамжийг 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр гаргаж авсан.

Энэхүү   захирамж   нь   манай  компанийн   газрын   зориулалтыг   үндсээр   нь өөрчилсөн тул хууль бус байна.

Иймд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2014 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн А/350 дугаартай "Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн талбайн хэмжээ, зориулалт өөрчлөх, байршил шилжүүлэх тухай" захирамжийн 1 дүгээр заалтаар баталсан хавсралтын 13-д "Д*******" ХХК-д холбогдох заалт, уг захирамжийн 3 дугаар заалтын "Нийслэлийн Засаг даргын 2010 оны 744 дүгээр захирамжийн "Д*******" ХХК-д хамаарах заалтыг хүчингүй болсонд тооцсугай" гэснийг тус тус хүчингүй болгуулах, манай компанийн газар эзэмших эрхийн гэрчилгээгээр эзэмшиж буй газрыг Худалдаа үйлчилгээний зориулалтын дагуу ашиглуулахаар шинээр эрх зүйн акт гаргуулахаар  аалгаж өгнө үү. гэжээ. 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд "Д*******" ХХК-ний гаргасан нийслэлийн Засаг даргын 2014 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн А/350 дугаар захирамжийн "Д*******" ХХК-д холбогдох заалт, уг захирамжийн 13 дугаар заалтын "нийслэлийн Засаг даргын 2010 оны 744 дүгээр захирамжийн "Д*******" ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болсонд тооцсугай гэснийг тус тус хүчингүй болгуулах, тус компанийн газар эзэмших эрхийн гэрчилгээгээр эзэмшиж буй газрыг худалдаа үйлчилгээний зориулалтын дагуу ашиглуулахаар шинээр эрх зүйн акт гаргуулахаар даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагад дараах тайлбарыг гаргаж байна.

Нийслэлийн Өмчийн харилцааны газарт 2014 оны 03 дугаар сарын 17-ны өдөр "Д*******" ХХК-ний захирал Ц.А******* нь орон сууц, сургууль, цэцэрлэгийн барилга барихаар төлөвлөж байгаа тул гэрээнд орон сууц, сургууль, цэцэрлэг гэсэн газрын зориулалтыг нэмүүлэх, газрын гэрээний хугацааг 15 жилээр сунгуулах тухай хүсэлтийг гаргаж 14 хуудас материалыг бүрдүүлж өгсөн байна.

Уг хүсэлтийн дагуу Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын дэргэдэх техникийн зөвлөлийн 2014 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн хурлаас Баянзүрх дүүргийннд байрлах "Д*******" ХХК-ний 2063116 дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээтэй 65143 м2 газрын зориулалтыг орон сууц, үйлчилгээ, сургууль, цэцэрлэгийн зориулалттай болгон өөрчилж газар эзэмшүүлэх хугацааг 15 жилээр сунгах дүгнэлтийг гаргасны дагуу нийслэлийн Засаг даргын газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн талбайн хэмжээ, зориулалт өөрчлөх, байршил шилжүүлэх тухай 2014 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн А/350 дугаар захирамжаар "Д*******" ХХК-д холбогдох газар эзэмшүүлэх гэрээний зориулалтыг өөрчилж, хугацааг 15 жилээр сунгаж, 2014 оны 05 дугаар сарын 05-ны өдөр газар эзэмшүүлэх гэрээг байгуулж, 000306076 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг олгосон байна.

"Д*******" ХХК-ийн гаргасан газар эзэмшүүлэх гэрээний зориулалтыг өөрчилж, хугацааг сунгуулах тухай хүсэлтийн дагуу нийслэлийн Засаг даргын 2014 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн А/350 дугаар захирамжаар уг газрын зориулалтыг өөрчилж, газар эзэмших хугацааг сунгаж, гэрээ байгуулж гэрчилгээ олгосон нь хууль ёсны дагуу байх бөгөөд Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд тухайн байршил нь орон сууц, үйлчилгээ, сургууль, цэцэрлэгийн зориулалттайгаар тусгагдсан байх тул Д******* ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүрэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. гэжээ.

                                                ҮНДЭСЛЭХ НЬ;

Д******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.П******* Нийслэлийн Засаг даргын 2014 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн талбайн хэмжээ, зориулалт өөрчлөх, байршил шилжүүлэх тухай А/350 дугаар захирамжийн 1 дүгээр заалтаар баталсан хавсралтын  Д******* ХХК-д холбогдох заалт, уг захирамжийн 3 дугаар заалтын ..Нийслэлийн Засаг даргын 2010 оны 744 дүгээр захирамжийн Д******* ХХК-д хамаарах заалтыг хүчингүй болсонд тооцсугай гэснийг тус тус хүчингүй болгуулах, нэхэмжлэгч компанийн газар эзэмших эрхийн гэрчилгээгээр эзэмшиж буй газрыг худалдаа үйлчилгээний зориулалтын дагуу ашиглуулахаар шинээр акт гаргахыг даалгах шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

Д******* ХХК 1991 онд Нийслэлийн Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны шийдвэрээр байгуулагдаж, Монгол улсын Засгийн газрын өмч хувьчлалын комиссын 1995 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 23 дугаар тогтоолоор Баянзүрх дүүргийнны нутаг дэвсгэрт 65143 м.кв талбай бүхий техникийн Д******* захыг техникийн худалдаа, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар хувьчилж авчээ.

Д******* ХХК-ийн захирал Ц.А******* 2014 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 1-038 дугаар албан бичгээр Нийслэлийн өмчийн харилцааны газарт Худалдааны төвөө шинэчлэн барилгажуулж, Д******* худалдаа, үйлчилгээний цогцолбор байгуулах ерөнхий төлөвлөгөөнд үйлчилгээний төв, орон сууц, сургууль, цэцэрлэгийн барилга барихаар төлөвлөж байгаа тул гэрээнд газрын зориулалтыг нэмэгдүүлж, газрыг 15 жилийн хугацаагаар сунгуулах хүсэлт гаргасныг хариуцагч Худалдаа, үйлчилгээ гэсэн зориулалтыг өөрчилж захирамж гаргасан нь компанийн эрх ашгийг зөрчсөн гэж маргажээ.

Маргаан бүхий газрыг Нийслэлийн засаг даргын 2010 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 744 дүгээр захирамжаар 65143 м.кв газрыг худалдаа, үйлчилгээний зориулалтаар, 5 жилийн хугацаагаар эзэмшүүлснийг 2014 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн А/350 дугаар захирамжаар газрын зориулалтыг орон сууц, үйлчилгээ, сургууль цэцэрлэг болгон өөрчилсөн бөгөөд ингэхдээ Д******* ХХК-ийн захирал Ц.А*******гийн 2014 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 1-038 дугаар албан бичгээр ирүүлсэн хүсэлтийг үндэслэсэн гэж тайлбарлажээ.

Хариуцагч Д******* ХХК-ийн эзэмшлийн дээрх газрын зориулалтыг өөрчлөхдөө Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 21.2.4-т заасныг баримталсан хэдий ч 21.2.3-т ......Уг асуудлыг шийдвэрлэхэд холбогдох дүүргийн Засаг даргын саналыг авсан байна. гэснийг зөрчсөн гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлтэй байна.

Учир нь нэхэмжлэгч тухайн газрыг хувьчилж авсан үеэсээ авто машины худалдаа, үйлчилгээний зориулалтаар ажиллуулах үүргийг гэрээгээр хүлээсэн бөгөөд энэ үндсэн үйл ажиллагаагаа явуулахын зэрэгцээ нийгмийн хариуцлагаа нэмэгдүүлж Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөөний дагуу газрын зориулалт дээр нэмж сургууль, цэцэрлэг, орон сууц барихаар төлөвлөж газрын зориулалт нэмүүлэх, гэрээний хугацаа сунгуулах тухай хүсэлтийг гаргасан байхад компанийн үндсэн үйл ажиллагааны худалдаа, үйлчилгээ-ний зориулалтыг өөрчилж шийдвэрлэсэн Нийслэлийн засаг даргын  А/350 дугаар захирамж хуульд нийцээгүй байна.

Тодруулбал хариуцагч Нийслэлийн засаг дарга Д******* ХХК-ийн ...газрын зориулалтыг нэмэгдүүлэх... хүсэлтийг шийдвэрлэхдээ ...худалдаа, үйлчилгээ... гэсэн зориулалтыг хассанаараа компанийн үндсэн үйл ажиллагаа болох авто машины худалдаа, үйлчилгээ эрхлэх-ийг болиулж зөвхөн сургууль, цэцэрлэг, орон сууц барих зориулалтаар газар эзэмшүүлсэн гэж тайлбарлаж байгаа хэдий ч  2014 оны А/350 дугаар захирамжийг үндэслэн олгосон 000306076 дугаар бүхий Газар эзэмших эрхийн гэрчилгээ-г худалдаа, үйлчилгээ, сургууль, цэцэрлэг, орон сууцны зориулалтаар олгож, 2014 оны 05 дугаар сарын 05-ний өдрийн 15 жилийн хугацаатай байгуулсан, одоо хүчин төгөлдөр байгаа ...газар эзэмшүүлэх гэрээ-ний 2 дахь хэсгийн 2.1-т газар эзэмших зориулалтыг мөн дээрх нөхцөлөөр тодорхойлж, энэхүү гэрээний 3 дахь хэсгийн 3.2-т заасан газрын хэмжээ, зориулалтыг өөрчлөхгүй байх гэсэн газар эзэмшүүлэгчийн үүргээ зөрчсөн хууль бус шийдвэр болсон байна.

Өөрөөр хэлбэл Д******* ХХК Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-т заасан маргаан бүхий газрын хууль ёсны эзэмшигч болохын тухайд авто машины худалдаа, үйлчилгээ эрхлэх зориулалтаа өөрчлөх хүсэлт гаргаагүй, харин ...сургууль, цэцэрлэг, орон сууц барих.. зориулалтыг нэмүүлэх хүсэлт гаргасныг хариуцагч өөрчилснийг хууль бус гэж маргасан нэхэмжлэгчийн шаардлага үндэслэлтэй байна.

Нөгөө талаар хариуцагч А/350 дугаар захирамжийн 1 дүгээр хавсралтын 13-т  Д******* ХХК-ийн эзэмшиж байгаа газрын зориулалтыг өөрчилсөн шийдвэр  гаргасан тухай мэдэгдээгүй нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байх тул Газрын харилцаа геодези зураг зүйн газрын даргын 2008 оны 83 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журам-ын 8 дахь хэсгийн 3-т Засаг даргын шийдвэрээр өргөдөлд дурдсан нөхцөлүүд өөрчлөгдсөнийг өргөдөл гаргагч зөвшөөрөхгүй тохиолдолд шийдвэрийг хүчингүй болгож, газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас батлагдсан загвар Хариу өгөх мэдэгдэл-ээр мэдэгдэж өргөдлийг хаана. гэж зохицуулсныг шүүх шийдвэрийнхээ нэг гол үндэслэл болгож шийдвэрлэв.

Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-т ....газар эзэмшүүлэх тухай шийдвэрийг үндэслэн.....тухайн аж ахуйн нэгжтэй газар эзэмших гэрээ байгуулж, гэрчилгээ олгоно., энэ хуулийн 34 дүгээр зүйлийн 34.8-т Газар эзэмших гэрээ нь эрхийн гэрчилгээний хамт хүчин төгөлдөр байх... гэж тус тус зааснаас үзэхэд А/350 дугаар захирамжийг үндэслэн худалдаа, үйлчилгээ, сургууль, цэцэрлэг, орон сууцны зориулалтаар олгосон Газар эзэмших эрхийн гэрчилгээ, 2014 оны 05 дугаар сарын 05-ний өдрийн газар эзэмшүүлэх гэрээ нь дээрх хуулийн зохицуулалттай нийцэж байгаа бөгөөд гэрчилгээ болон гэрээний газар эзэмших зориулалт Засаг даргын А/350 дугаар захирамжид нийцүүлэн өөрчилж бичигдэх ёстой гэсэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар үндэслэлгүй байна.

Иймд Нийслэлийн Засаг даргын 2014 оны А/350 дугаар захирамжийн Д******* ХХК д холбогдох хэсэг холбогдох хууль, журамд нийцээгүй байх тул Худалдаа, үйлчилгээ-ний зориулалтаар газраа эзэмших газар эзэмшигчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэв.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 70.2.1, 70.2.4-т заасныг баримтлан ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 21.2.4, 27 дугаар зүйлийн 27.1, 34 дүгээр зүйлийн 34.1, 34.8 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Нийслэлийн Засаг даргын 2014 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн талбайн хэмжээ, зориулалт өөрчлөх, байршил шилжүүлэх тухай А/350 дугаар захирамжийн 1 дүгээр заалтаар баталсан хавсралтын 13-д Д******* ХХК-д холбогдох заалт, уг захирамжийн 3 дугаар заалтын ..нийслэлийн засаг даргын 2010 оны 744 дүгээр захирамжийн Д******* ХХК-д хамаарах заалтыг хүчингүй болсонд тооцсугай гэснийг тус тус хүчингүй болгож, тус компанийн газар эзэмших эрхийн гэрчилгээгээр эзэмшиж буй газрыг худалдаа үйлчилгээний зориулалтын дагуу ашиглуулахаар шинээр акт гаргахыг Нийслэлийн Засаг даргад даалгасугай.

2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 70200 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  А.НАСАНДЭЛГЭР