Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 08 өдөр

Дугаар 316

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Буянхишиг хөтөлж,

улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Ганчимэг,

хохирогч П.М-,

гэрч Г.Ц-,

шүүгдэгч Э.Д-, түүний өмгөөлөгч Г.Дашдэмбэрэл нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш овогт Э-ын Д-д холбогдох эрүүгийн 1710000000044 дугаартай хэргийг 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

 Монгол Улсын иргэн, 1986 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Завхан аймгийн Эрдэнэхайрхан суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, “Их бага авгуш” ХХК-нд инженер ажилтай, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Хан-Уул дүүрэг 11 дүгээр хороо, ******** тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, Ш овогтой Э-ын Д

 

Холбогдсон хэргийн талаар

 /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Э.Д-  нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 07 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт  байрлах “UB city” зочид буудлын хажуу талын зам дээр **** улсын дугаартай “Хьюндай соната 5” маркийн тээврийн хэрэгслээр таксинд явж байсан иргэн П.М-тай “Таксинд явсангүй” гэх шалтгааны улмаас маргалдан, улмаар түүнийг зодож биед нь тархинд доргилт, баруун бугалганы зөөлөн эдийн няцрал, үүдэн гурван шүдний сулрал бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч, гэрчийн гаргасан мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан хохирогч, гэрчийн гаргасан мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, таньж олуулах ажиллагаа хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт зэргийг шинжлэн судлав. Үүнд

Шүүгдэгч Э.Д- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Хэрэг гардаг өдөр ресторанд найзуудтайгаа хэсэг сууж байгаад харих гээд такси барихдаа жолоочид нь “Зайсан явна” гэхэд “чамд мөнгө байгаа юу” гэхээр нь “2200 төгрөг байна” гэж хэлсэн. Тэгтэл хойшоо буцаж эргээд хэсэг явж байгаад зогсоод “чиний мөнгө хүрэхгүй байна, чамд өөр юу байна” гэхээр нь “надад карт, гар утас байна. АТМ орж картнаас мөнгө авч болно” гэхэд миний гар утсыг булааж авахаар нь би гар утсаа буцааж авахаар таксины жолоочтой ноцолдсон. Тэрнээс биш таксинд явсангүй гэж П.М-ыг зодож, цохисон зүйл байхгүй. Би П.М-ыг надад байгаа зүйлийг авахаар буцаж эргэсэн гэж ойлгож байгаа. П.М-тай ноцолдсоны улмаас миний нүүрэнд тодорхой гэмтлүүд учирсан. Би 2 км гаран зайтай газар явах байсан. Хэрэв миний мөнгө хүрэхгүй бол би картнаасаа мөнгө авч, эсхүл гэрээсээ мөнгө гаргаж өгөх боломжтой байсан гэв. 

Хохирогч П.М- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би 2017 оны 08 дугаар сарын 26-27-нд шилжих шөнө 01 цагийн үед гэр рүүгээ харихаар эхнэрийн хамт 19 дүгээр хорооллын замаар баруунаас зүүн тийш явах автобусны буудал өнгөрөөд явж байтал Э.Д- нь 19-ийн автобусны буудлын хажуу талын хашлагын төмрийг нэг гараараа бариад, нөгөө гараараа такси зогсоохоор гараа өргөөд зогсож байсан. Манай эхнэр /Г.Ц-/ “битгий ав аа” гэхээр нь би машинаа зогсоогоод Э.Д-ыг суулгаад хаана хүрэхийг нь асуухад “Зайсан явна” гэхээр нь “таксины мөнгө чинь байгаа юу” гэж асуухад 2200 төгрөг гаргаж ирэхээр нь “ах нь явахгүй” гэж хэлээд мөнгийг нь өгтөл миний нүүр рүү цохисон. Тэр үед миний толгой манаралтын байдалтай болсон. Дахиад араас цохиод байхаар нь би Э.Д-тай ноцолдсон. Би тухайн үед аюулгүйн бүсээ зүүсэн байсан. Э.Д- нь миний араас олон удаа цохисон. Би хойшоо эргэж “UB city” зочид буудлын ойролцоо зогссон шалтгаан нь 19-ийн үйлчилгээний төв дээр цагдаа байгаа байх Э.Д-ыг цагдаад хүлээлгэж өгөх зорилготой эргэсэн юм. Манай эхнэр /Г.Ц-/ манаачаар цагдаад дуудлага өгсөн. Тэр үед Э.Д- бид хоёр миний машины арын суудалд ноцолдож байсан. Дуудлагын цагдаа ирэхэд би түүнийг дарсан байдалтай байсан ба цагдаа бид хоёроос болсон асуудлын талаар асуугаад Э.Д-ыг эрүүлжүүлэхийн цагдаад өгч явуулсан. Э.Д- нь надад карт гаргаж үзүүлээгүй, би түүнээс гар утсыг нь аваагүй. Тухайн үед Э.Д-ыг эрүүлжүүлэхэд хийгээд манай эхнэр бид хоёрыг цагдаа “гомдлоо гарга” гэж хэлсэн. Миний үүдэн 4 шүд хөдлөөд 7 хоног юм идээгүй. Шүүх эмнэлэг ортол “Гэмтлийн эмнэлэг орж гэмтлийн зэргээ тогтоолго” гэж хэлэхээр нь гэмтлийн зэргээ тогтоолгосон. Тэр үед эмч “толгойны зураг авахуул, физик эмчилгээ хийлгэ, 7 хоног хэвтрийн дэглэмтэй бай” гэж зөвлөсөн. Би тэр өдрөөс хойш Э.Д-тай уулзаагүй бөгөөд шүүх дээр ирээд уулзаад “ахдаа 300.000 төгрөг өгчих, ах нь 2.000.000-3.000.000 төгрөг нэхэхгүй, миний үүдэн 4 шүд хөдөлсөн. Тэгээд болъё” гэж хэлэхэд миний хэлснийг хүлээн аваагүй. Надад мөнгө байхгүй учраас цагдаагийн хэлснээр толгойн зураг авахуулж, эмчилгээ хийлгэж чадаагүй гэв.

Гэрч Г.Ц- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би 2017 оны 07 дугаар сарын 26-27-нд шилжих шөнө нөхөр П.М-тай хамт таксинд явж байхад согтуу хүн гар өргөхөөр нь нөхөртөө “битгий ав” гэж хэлэхэд зөрүүдлээд авсан юм. Тэгээд хаашаа явахыг нь асуухад “Зайсан явна” гэхээр нь “Зайсан явахгүй, мөнгөө аваад буучих” гэхэд Э.Д- манай нөхөрийг зодоод эхлэхээр нь би нурууны өвчтэй тул нуруугаа хөндөхөөс айгаад цүнхээ ч авч амжилгүй машинаас буусан. Миний гар утас цүнхэнд байсан тул “UB city”-гийн хажууд хүний утасаар цагдаад дуудлага өгсөн. Би тухайн үед Э.Д-ыг гар утастай байсан эсэхийг нь мэдэхгүй байна гэв.

 

Мөн хавтаст хэргээс

1.Шүүгдэгч Э.Д- мөрдөн байцаалтанд 2017.08.16-ны өдрийн яллагдагчаар мэдүүлэхдээ: ...Сонсгож байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрөхгүй байна...гэх мэдүүлэг /хх-ийн 14-р хуудас/,

2017.09.26-ны өдөр мэдүүлэхдээ: ...Би тухайн өдөр нилээн согтуу байсан ба өөрийгөө удирдах чадваргүй байсан болохоор юу болсон талаар санахгүй байна...гэх мэдүүлэг /хх-ийн 39-р хуудас/,

2. Хохирогч П.М- 2017.07.27-ны өдөр мэдүүлэхдээ: ...Би 2017 оны 07 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө эхнэр Г.Ц-гийн хамт таксинд явж байтал 23 цаг 30 минутын орчим Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хүрэл хөшөөтэй автобусны буудлын эсрэг талын автобусны буудлын ойролцоо 30 орчим насны согтуу залуу замын хашлага түшсэн байдалтай гар өргөхөөр нь аваад хаашаа явах талаар асуухад “Зайсан явна” гэхээр нь “чамд мөнгө байгаа юм уу” гэхэд халаасаа ухаж байгаад 2200 төгрөг гаргаж ирэхээр нь “ах нь явахгүй” гээд буцаагаад мөнгийг нь өгөхөд мөнгөө авангуутаа миний араас толгой руу гараараа цохихоор нь “юу болоод байна” гээд эргээд хартал нүүр рүү цохисон. Би машинаа зогсоогоод хөдлөх гэсэн боловч хамгаалалтын бүсээ зүүсэн байсан болохоор хөдөлж чадаагүй. Гэтэл миний араас дахиад гар, толгой, нүүр рүү цохиод байхаар нь арай гэж бүсээ тайлаад машинаасаа бууж тойроод ар талын хаалгыг онгойлгоод “чи чинь яаж байна” гээд ноцолдож байхад цагдаа нар ирээд тэр хүнийг болиулсан. Одоо миний эрүүний үүдэн хоёр шүд хөдөлсөн, толгой өвдөж байна. Баруун гарын булчин эргэсэн хөдөлж болохгүй байгаа. Өөр ямар нэгэн гэмтэл байхгүй. Эдгээр гэмтлүүдийг тэр залуугийн цохилтын улмаас авсан. Би тэр залууг танихгүй. Тэр залуу мөнгөгүй байсан, тэгэхээр нь би хүргэж өгөхгүй гэхээр л намайг зодсон. Би гомдолтой байна...гэх мэдүүлэг /хх-ийн 6-7-р хуудас/,

2017.09.20-ны өдөр мэдүүлэхдээ: ...2017 оны 07 дугаар сарын 26-наас 27-ны шилжих шөнө 03 цаг 00 минут өнгөрч байхад би эхнэр Г.Ц-гийн хамт өөрийн эзэмшлийн ****УНГ улсын дугаартай, “Соната-5” маркийн автомашинтайгаа Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “UB city” зочид буудлын хажуу талын засмал замын дэргэд нэг эрэгтэй хүн гар өргөөд такси барих гэж байгаа бололтой нөгөө гараараа хайлс хашаа түшээд барьчихсан нилээн согтуу байсан. Манай эхнэр “энэ хүн нилээн согтуу юм шиг байна, битгий аваа” гэж хэлэхэд би зөрүүдлээд “энэ хүн нилээн согтчихсон байгаа бололтой, гэрт нь хүргээд өгье” гэж сайхан сэтгэл гаргаж машиндаа суулгасан юм. Тэгсэн тэр залуу машинд суунгуутаа “надад байгаа нь 2200 төгрөг байна” гэж өгөхөөр нь “хаашаа явах юм бэ” гэж асуутал “Зайсан руу явна” гэхээр нь “2200 төгрөгөө аваад буучих” гэж хэлсэн чинь нөгөө залуу мөнгөө халаасандаа хийх гэж байснаа гэнэт миний араас толгой руу хэд хэдэн удаа гараараа цохисон. Би өөрийгөө хамгаалаад нөгөө согтуу залууг барьж аваад доороо дараад суучихсан. Энэ үед манай эхнэр “цагдаа дуудаарай” гэж нэг хүнд хандаж хашгирч байгаа нь сонсогдсон. Тэр хүн цагдаад дуудлага өгсний дагуу цагдаагийн алаг машинтай цагдаа нар ирээд тэр залууг эрүүлжүүлэхээр авч явсан. Ингээд алаг машинтай хүмүүс “та зодуулсан байна, цагдаа дээр очиж өргөдлөө өгөөрэй” гэж хэлсэн. Би тэр шөнөдөө өргөдлөө өгч шалгуулсан...гэх мэдүүлэг /хх-ийн 36-37-р хуудас/,       

3. Гэрч Г.Ц- 2017.07.27-ны өдөр мэдүүлэхдээ: ...Би нөхөр П.М-ын хамт таксинд явж байгаад Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хүрэл хөшөөтэй автобусны буудлын эсрэг талын буудлаас согтуу эрэгтэй хүн гар өргөхөөр нь аваад “Зайсан хүргүүлнэ” гэхээр нь “мөнгө байгаа юу” гэж асуухад 2200 төгрөг гаргаж ирээд өгөхөөр нь манай нөхөр “ах нь больё доо” гээд мөнгийг нь буцааж өгөхөд мөнгөө аваад тэр залуу манай нөхрийн араас толгой руу нь цохиод зодож эхэлсэн. Би машинаасаа буугаад хажууд байсан хүнээр цагдаа дуудуулсан...гэх мэдүүлэг /хх-ийн 8-р хуудас/,

4. Гэрч Б.О 2017.09.26-ны өдөр мэдүүлэхдээ: ...2017 оны 07 дугаар сарын 26-ны шөнө 00.00 цаг болж байсан санагдаж байна. Би Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “UB city” зочид буудлын нэг давхарт байрлах Солонгос хоолны газарт ажлаа дуусгаад гадаа гарч тамхи татаад зогсож байтал нэг настай танихгүй эгч “цагдаа дуудаад өгөөч, нэг согтуу хүн манай нөхрийг зодоод байна” гэж тусламж хүсэхээр нь би өөрийн гар утсаараа цагдаагийн 102 руу залгаж дуудлага өгсөн. Би юу болсныг сонирхож хартал нэг залуу нэг настай ахыг машин дотор нь зодож байгаа харагдсан. Тэр жолооны ард сууж байсан жолооч ах тэр согтуу хүнийг дээрээс нь дарж хөдлөхгүйгээр барьж байсан. Дуудлагын цагдаа нар нь ойролцоогоор 5-10 минутын дараа ирсэн байх, намайг гадаа зогсож байхад цагдаа нар ирээгүй байсан. Би ажил руугаа буцаж ороод ажлаа хаагаад явсан. Намайг гарахад гадаа нөгөө согтуу хүн “ахаа уучлаарай” гээд уйлаад байх шиг байсан. Тэрнээс хойш юу болсныг мэдэхгүй байна...гэх мэдүүлэг /хх-ийн 38-р хуудас/,     

  5. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн Шүүх эмнэлгийн №9598 шинжээчийн дүгнэлтэнд:

1. П.М-ын биед тархи доргилт, баруун бугалганы зөөлөн эдийн няцрал, үүдэн гурван шүдний сулрал бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. /хх-ийн 10-р хуудас/,

6. Таньж олуулах ажиллагаа хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 40-43-р хуудас/,

7. Шүүгдэгч Э.Д-ын хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 15-26-р хуудас/,

8. Шүүгдэгч Э.Д- урьд  ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 27-р хуудас/ зэрэг болно.

 

Шүүхээс шүүгдэгч Э.Д-ыг гэм буруутайд тооцсон үндэслэлийн талаар:

 

Шүүгдэгч Э.Д- нь 2017 оны 07 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “UB city” зочид буудлын хажуу талын зам дээр ****УНГ улсын дугаартай “Хьюндай Соната 5” маркийн тээврийн хэрэгслээр таксинд явж байсан хохирогч П.М-тай “Таксинд явсангүй” гэх шалтгааны улмаас зодож, улмаар түүний биед “...тархи доргилт, баруун бугалганы зөөлөн эдийн няцрал, үүдэн гурван шүдний сулрал” бүхий эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах  хөнгөн хохирол учруулсан болох нь:

1. Хохирогч П.М-ын ...Хүрэл хөшөөтэй автобусны буудлын эсрэг талын автобусны буудлын ойролцоо 30 орчим насны согтуу залуу /Э.Д-/ замын хашлага түшсэн байдалтай гар өргөхөөр нь аваад хаашаа явах талаар асуухад “Зайсан явна” гэхээр нь “чамд мөнгө байгаа юм уу” гэхэд халаасаа ухаж байгаад 2200 төгрөг гаргаж ирэхээр нь “ах нь явахгүй” гээд буцаагаад мөнгийг нь өгөхөд мөнгөө авангуутаа миний араас толгой руу гараараа цохихоор нь “юу болоод байна” гээд эргээд хартал нүүр рүү цохисон. Би машинаа зогсоогоод хөдлөх гэсэн боловч хамгаалалтын бүсээ зүүсэн байсан болохоор хөдөлж чадаагүй. Гэтэл миний араас дахиад гар, толгой, нүүр рүү цохиод байхаар нь арай гэж бүсээ тайлаад машинаасаа бууж тойроод ар талын хаалгыг онгойлгоод “чи чинь яаж байна” гээд ноцолдож байхад цагдаа нар ирээд тэр хүнийг болиулсан. Одоо миний эрүүний үүдэн хоёр шүд хөдөлсөн, толгой өвдөж байна. Баруун гарын булчин эргэсэн хөдөлж болохгүй байгаа. Өөр ямар нэгэн гэмтэл байхгүй. Эдгээр гэмтлүүдийг тэр залуугийн /Э.Д-/ цохилтын улмаас авсан. Би гомдолтой байна...гэх мэдүүлэг /хх-ийн 6-7-р хуудас/,

2017.09.20-ны өдөр: ...“UB city” зочид буудлын хажуу талын засмал замын дэргэд нэг эрэгтэй хүн /Э.Д-/ гар өргөөд такси барих гэж байгаа бололтой нөгөө гараараа хашлаганаас барьчихсан нилээн согтуу байсан. Манай эхнэр “энэ хүн нилээн согтуу юм шиг байна, битгий аваа” гэж хэлэхэд би зөрүүдлээд “энэ хүн нилээн согтчихсон байгаа бололтой, гэрт нь хүргээд өгье” гэж сайхан сэтгэл гаргаж машиндаа суулгасан юм. Тэгсэн тэр залуу /Э.Д-/ машинд суунгуутаа “надад байгаа нь 2200 төгрөг байна” гэж өгөхөөр нь “хаашаа явах юм бэ” гэж асуутал “Зайсан руу явна” гэхээр нь “2200 төгрөгөө аваад буучих” гэж хэлсэн чинь нөгөө залуу /Э.Д-/ мөнгөө халаасандаа хийх гэж байснаа гэнэт миний араас толгой руу хэд хэдэн удаа гараараа цохисон. Би өөрийгөө хамгаалаад нөгөө согтуу залууг барьж аваад доороо дараад суучихсан...гэх мэдүүлэг /хх-ийн 36-37-р хуудас/,      

 

2. Гэрч Г.Ц-гийн ...Хүрэл хөшөөтэй автобусны буудлын эсрэг талын буудлаас согтуу эрэгтэй хүн гар өргөхөөр нь аваад “Зайсан хүгүүлнэ” гэхээр нь “мөнгө байгаа юу” гэж асуухад 2200 төгрөг гаргаж ирээд өгөхөөр нь манай нөхөр “ах нь больё доо” гээд мөнгийг нь буцааж өгөхөд мөнгөө аваад тэр залуу манай нөхрийн араас толгой руу нь цохиод зодож эхэлсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 8-р хуудас/,

 

3. Гэрч Б.О-ын ...тамхи татаад зогсож байтал нэг настай танихгүй эгч /Г.Ц-/ “цагдаа дуудаад өгөөч, нэг согтуу хүн манай нөхрийг зодоод байна” гэж тусламж хүсэхээр нь би өөрийн гар утсаараа цагдаагийн 102 руу залгаж дуудлага өгсөн. Би юу болсныг сонирхож хартал нэг залуу /Э.Д-/ нэг настай ах /П.М-/-ыг машин дотор нь зодож байгаа харагдсан. Тэр жолооны ард сууж байсан жолооч ах /П.М-/ тэр согтуу хүн /Э.Д/-ыг дээрээс нь дарж хөдлөхгүйгээр барьж байсан. Намайг ажлаасаа гарахад гадаа нөгөө согтуу хүн /Э.Д-/ “ахаа уучлаарай” гээд уйлаад байх шиг байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 38-р хуудас/,    

 

4. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн №9598 шинжээчийн дүгнэлтэнд:

1. П.М-ын биед тархи доргилт, баруун бугалганы зөөлөн эдийн няцрал, үүдэн гурван шүдний сулрал бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. /хх-ийн 10-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Э.Д- шүүхийн хэлэлцүүлэгт: “...Би таксинд явсангүй гэж хохирогчийг зодоогүй. Миний гар утсыг П.М- авсан учраас булаацалдаж, улмаар түүнтэй ноцолдсон. Иймд намайг цагаатгаж өгнө үү...” гэж,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Дашдэмбэрэл шүүхийн хэлэлцүүлэгт: ...Миний үйлчлүүлэгч Э.Д- нь бусдын эрхшээлд автах үедээ Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийсэн тул түүнийг цагаатгаж өгнө үү...” гэж тус тус мэтгэлцэв.

            Хавтаст хэрэгт авагдсан: хохирогч П.М-ын “...Э.Д- замын хашлага түшсэн байдалтай гар өргөхөөр нь аваад хаашаа явах талаар асуухад “Зайсан явна” гэхээр нь “чамд мөнгө байгаа юм уу” гэхэд халаасаа ухаж байгаад 2200 төгрөг гаргаж ирэхээр нь “ах нь явахгүй” гээд буцаагаад мөнгийг нь өгөхөд мөнгөө авангуутаа миний араас толгой руу гараараа цохихоор нь “юу болоод байна” гээд эргээд хартал нүүр рүү цохисон. Би машинаа зогсоогоод хөдлөх гэсэн боловч хамгаалалтын бүсээ зүүсэн байсан болохоор хөдөлж чадаагүй. Гэтэл миний араас дахиад гар, толгой, нүүр рүү цохиод байхаар нь арай гэж бүсээ тайлаад машинаасаа бууж тойроод ар талын хаалгыг онгойлгоод “чи чинь яаж байна” гээд ноцолдож байхад цагдаа нар ирээд тэр хүнийг болиулсан. Одоо миний эрүүний үүдэн хоёр шүд хөдөлсөн, толгой өвдөж байна. Баруун гарын булчин эргэсэн хөдөлж болохгүй байгаа. Өөр ямар нэгэн гэмтэл байхгүй. Эдгээр гэмтлүүдийг тэр залуугийн /Э.Д-/ цохилтын улмаас авсан. Би гомдолтой байна” гэх мэдүүлэг,

гэрч Б.О-ын ...тамхи татаад зогсож байтал нэг настай танихгүй эгч “цагдаа дуудаад өгөөч, нэг согтуу хүн манай нөхрийг зодоод байна” гэж тусламж хүсэхээр нь би өөрийн гар утсаараа цагдаагийн 102 руу залгаж дуудлага өгсөн. Би юу болсныг сонирхож хартал нэг залуу нэг настай ахыг машин дотор нь зодож байгаа харагдсан. Тэр жолооны ард сууж байсан жолооч ах тэр согтуу хүнийг дээрээс нь дарж хөдлөхгүйгээр барьж байсан....гэх мэдүүлэг /хх-ийн 38-р хуудас/,    

            гэрч Г.Ц-гийн “... согтуу эрэгтэй хүн гар өргөхөөр нь аваад “Зайсан хүргүүлнэ” гэхээр нь “мөнгө байгаа юу” гэж асуухад 2200 төгрөг гаргаж ирээд өгөхөөр нь манай нөхөр “ах нь больё доо” гээд мөнгийг нь буцааж өгөхөд тэр залуу манай нөхрийн араас толгой руу нь цохиод зодож эхэлсэн” гэх мэдүүлэг,

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжээчийн №9598 шинжээчийн дүгнэлтэнд: Хэсэг газрын үзлэгт: Баруун доод 1-3, зүүн доод 1-р шүдтэй, бусад шүд хиймэл, баруун доод 1,2, зүүн доод 1-р шүд суларсан хөдөлгөөнтэй, баруун гарын бугалганы булчин чангарсан, тэмтрэхэд эмзэглэлтэй. Биед өөр ил харагдах гэмтэлгүй. Дүгнэлт:  П.М-ын биед тархи доргилт, баруун бугалганы зөөлөн эдийн няцрал, үүдэн гурван шүдний сулрал бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх дүгнэлт /хх-ийн 10-р хуудас/ зэрэг баримтуудаас дүгнэхэд: шүүгдэгч Э.Д- гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдалд буюу хохирогч П.М-ын эрхшээлд автсан, түүнчлэн хохирогчийн зүгээс шүүгдэгч Э.Д-ын гар утас болон эд хөрөнгийг авах зорилгоор халдсан гэх нөхцөл байдал хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх тул шүүгдэгч Э.Д-, түүний өмгөөлөгчөөс гаргасан үндэслэл няцаагдаж байна.

           Иймд шүүгдэгч Э.Д-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

           

           Хохирогч П.М- шүүхийн хэлэлцүүлэгт “2017 оны 08 дугаар сарын 26-27-нд шилжих шөнө гэмт хэрэг гарсан” гэж огноог зөрүүтэй мэдүүлсэн хэдий ч тэрээр мөрдөн байцаалтанд хохирогчоор удаа дараа мэдүүлэхдээ 2017 оны 07 дугаар сарын 26-27-нд шилжих шөнө гэмт хэрэг гарсан талаар мэдүүлсэн тул хохирогч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй гэж үзэхгүй юм.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Э.Д- нь 2017 оны 07 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “UB city” зочид буудлын хажуу талын зам дээр ****УНГ улсын дугаартай “Хьюндай Соната 5” маркийн тээврийн хэрэгсэл дотор хохирогч П.М-ыг зодож, бие махбодид хөнгөн хохирол учруулсан болох нь хохирогч П.М-ын мэдүүлэг /хх-ийн 6-7-р хуудас/, гэрч Г.Ц-гийн мэдүүлэг /хх-ийн 8-р хуудас/, гэрч Б.Отгонбатын мэдүүлэг /хх-ийн 38-р хуудас/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжээчийн №9598 дүгнэлт /хх-ийн 10-р хуудас/ зэрэг хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Хохирол төлбөрийн талаар:

Хохирогч нь П.М- нь “...одоогоор эмчилгээ хийлгэж чадаагүй, цаашид эмчилгээ хийлгэх шаардлагатай тул хохирол төлбөрөө нэхэмжилнэ” гэж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлж байх тул хохирогч нь гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан хохирол, хор уршигтай холбоотой зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэв.

          Шүүгдэгч Э.Д- нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн ял хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

 

          Шүүгдэгч Э.Д- нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, иргэний бичиг баримт ирээгүй болохыг тус тус  дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1.4 дэхь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Ш овогт Э-ын Д-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.Д-ыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар  Э.Д-д оногдуулсан 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 1 /нэг/ жилийн дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүхээс оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 1 /нэг/ жилийн хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Э.Д-д мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч Э.Д- нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Хохирогч П.М- нь гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан хохирлоо арилгахтай холбоотой зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар эс зөвшөөрөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Д-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжүүлсүгэй.

                   

 

 

 

 

                          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Х.ОДБАЯР