Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 875

 

Магадлал

2020.04.17                                                 № 875

 

 

 

 

 

 

Э.Т-ийн нэхэмжлэлтэй                                                                                          иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Ш.Оюунханд, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 2 дугаар сарын 03-ны өдрийн 102/ШШ2020/00407 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Э.Т-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч “АФ” ХХК-д холбогдох

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, ажиллаж байх хугацаанд болон түүнээс хойшхи хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг             3 138 732 төгрөгөөс тооцож нөхөн төлөхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Амарсайхан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөлөөгч Ц.Чингүнбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Эрхэмбаяр нар оролцов.

Нэхэмжлэгч Э.Т- шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Амарсайхан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Э.Т- миний бие “АФ” ХХК-д нягтлан бодогчийн албан тушаалд 2018 оны 3 дугаар сарын 15-ны өдөр ажлаа хүлээн авч, 2018 оны 3 дугаар сарын 18-ны өдрөөс үүрэгт ажилдаа орон ажиллаж эхэлсэн. Ажиллах хугацаандаа ямарваа нэг алдаа дутагдалгүй, компанийн дотоод журмын зөрчил гаргалгүй ажиллаж байхад урьдчилан мэдэгдэж, сануулсан зүйлгүйгээр 2019 оны 7 дугаар сарын 26-ны өдөр үүрэгт ажпаас чөлөөлөх тухай захирлын тушаалыг гардуулж ажлаас халагдсан тухай надад мэдэгдсэн. Шударгаар өөрийн үүрэгт ажлаа гүйцэтгэж байхад минь ямар нэг шалтгаангүйгээр, хэлж мэдэгдэлгүйгээр ажлаас гэнэт чөлөөлсөн нь хууль бус гэж үзэж байна. Иймд нягтлан бодогчийн албан тушаалд минь эргүүлэн томилохыг даалгаж өгөхийг хүсэж байна. Цалин олгох хугацаа болоход ажил олгогч нь ...гэрээ шинэчилж амжаагүй байгаа тул нийгмийн даатгалын шимтгэлийг 320.000 төгрөгөөсөө төлье, харин Э.Т-ийн цалинг тохирсон ёсоороо гар дээр 2.500.000 төгрөг байна гээд Э.Т-ийн дансанд цалинг шилжүүлж байсан. Нэхэмжлэгч нь ийм байдал удаа дараа давтагдахад энэ байдал засрахгүйг ойлгож, нийгмийн даатгалын шимтгэлийг багасган төлж болохгүй талаар компанийн ерөнхий менежирт хэлэхэд цалинтай холбоотой асуудлаар компанийн зөвлөх Ц.Чингүнбатад хандахын зөвлөсний дагуу Ц.Чингүнбатад хэлсэн. Тэгэхэд Ц.Чингүнбат хэд хоногийн дараа компанид аудит орж байгаа талаар хэлж, түүний дараа Э.Т-ийг ямар ч бодит шалтгаангүйгээр ажлаас халсан. Иймд Э.Т- нь “АФ” ХХК-д нягтлан бодогчийн алабан тушаалд ажиллаж байхдаа сард гар дээрээ 2.500.000 төгрөгийн цалин буюу сард үндсэн цалин татвар тооцолгүйгээр 3.138.732 төгрөг авдаг байсныг тогтоож өгнө үү. Э.Т- нь “АФ” ХХК-д нягтлан бодогчоор ажиллах үед цалин 1 сард 3.138.732 төгрөг авдаг байсан ба нийгмийн даатгал илүү бага үнийн дүнгээс төлөгддөг байсан тул Э.Т-ийн ажиллаж байсан саруудын болон ажлаас үндэслэлгүй алагдсанаас эргэн ажилд орох өдөр хүртэлх нийгмийн даатгалын шимтгэлийг 3.138.732 төгрөгөөс тооцож нөхөж төлөхийг “АФ” ХХК-д даалгаж өгнө үү. Э.Т- нь “АФ” ХХК-д нягтлан бодогчийн албан тушаалд ажиллаж байхдаа үндсэн цалин 3.138.732 төгрөгийн цалин авдаг байсныг тогтоох, Э.Т-ийн “АФ” ХХК-д ажиллаж байсан хугацааны болон ажлаас үндэслэлгүй халагдсанаас эргэн ажилд орох өдөр хүртэлх нийгмийн даатгалын шимтгэлийг 3.138.732 төгрөгөөс тооцож, нөхөж төлөхийг “АФ” ХХК-д даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагч “АФ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Чингүнбат шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ерөнхий менежерээр ажиллаж байсан Т.Гочоосүрэн нь Миний дотны найз Э.Т-, манай байгууллагад нягтлан бодогчоор ажиллахыг зөвшөөрч байна, гэж надад уламжилсан бөгөөд үүний дагуу: Эрх зүйн хүрээнд Хөдөлмөрийн дотоод журмыг шинэчлэн батлах тухай “АФ” ХХК-ийн захирлын 2019 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн А/01 тоот тушаалын хавсралт 1 хөдөлмөрийн дотоод журмын 11 дүгээр зүйлийн дагуу “АФ” ХХК-ийн захирлын үүрэгт ажлыг хүлээлцүүлэх тухай 2019 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн тушаал гарсан ба уг тушаалын гуравт, үүрэгт ажлыг нь хүлээн авах ажлыг хэрэгжүүлэхийг ерөнхий менежер /Т.Гочоосүрэн/, аудитор /Э.Т-/ нарт даалгасугай хэмээн заасан. Улмаар, Ажилд томилох тухай. 2019 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 11 тоот тушаалын 4 дүгээр заалтанд Үүрэгт ажлыг хүлээлцүүлэх тухай 2019 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 9 дугаартай тушаалаар ажил хүлээлцэх комиссын гишүүнээр ажилласан аудитор Э.Т-тэй нягтлан бодогчийн үүрэгт ажлыг тохиролцон цагийн ажлаар гүйцэтгүүлж, 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн Э.Т-ийг нягтлан бодогчийн албан тушаалд томилж ажиллуулсугай гэж даалгаж Э.Т-ийг олон жил худалдааны байгууллагад нягтлан бодогчоор ажилласан туршлагыг нь харгалзан, “АФ” ХХК-д нягтлан бодогчоор 4 дүгээр сарын 01-ний өдрөөс шууд жинхэлсэн ажилтан буюу нягтлан бодогчийн албан тушаалд томилсон. Ерөнхий менежерээр ажиллаж байсан Т.Гочоосүрэнд хүний нөөцийн эрхэлсэн үүрэгт ажлын дагуу нь, ажилд авсан тушаалын дагуу Маш яаралтайгаар Хөдөлмөрийн гэрээ, Ажлын байрны тодорхойлолтыг нь шинэчлэн боловсруулж гаргуул, нэхэмжлэгчтэй батлуул хэмээн удаа дараа шаардаж, сануулж, мэдэгдсэн боловч Бүү санаа зов, бүгдийг нь хийчихсэн байгаа, манай байгууллагад талаас бүх зүйлийг хийж гүйцэтгээд батлуулна хэмээн итгэл төрөхүйц ярьж, итгүүлсэн ба миний бие 4 дүгээр сарын 13-ны өдрөөс 5 дугаар сарын 6-ны өдрийг дуустал гадаад улсад 24 хоногийн томилолтоор ажиллахаар явсан юм. 2019 оны 5 дугаар сарын 07-ны өглөө томилолтоос ирсний дараа нэхэмжлэгчийн ажлаа таслах, даалгасан хугацаат үүрэг даалгаврыг удаа дараа хэрэгжүүлэхгүй байх, 7 хоногийн ажлын тайлангаа гаргаж өгөхгүй байх, удирдлагад санхүүгийн мэдээлэл огт өгөхгүй байсан. Т.Гочоосүрэнд энэ талаар дотныхоо найзыгаа үүрэгт ажлыг нь хийлгүүлэх талаар нь мөн л удаа дараа сануулж, хэлж, шаардаж байсан. “АФ” ХХК-ийн нягтлан бодогчийн үүрэгт ажлаас өөр ажил гүйцэтгэдэг нь удаа дараа надад мэдэгдэж, давхар ажил хийдэг талаараа надад тайлбар өгөхөөс татгалзаж, энэ талаар нийт 3 удаа аман сануулга авсан. Компанийн Хөдөлмөрийн дотоод журам-ын 6.17, 7.7-д тус тус заасныг нэхэмжлэгчийн хувьд хэзээ ч хэрэгжүүлж биелүүлж байгаагүй, албан ёсоор тайлбарлахыг хүсэхэд тайлбар өгч байгаагүй. 2019 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 11 тоот тушаалд заасан хөдөлмөрийн гэрээг байгуулж, ажил үүргийн хуваарь болон заалтын биелэлтийг нь хянах зорилгоор нэхэмжлэгчийн ажилд орох анкет хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт зэргийг нь компанийн дотоод бичиг баримтуудыг хариуцсан ажилтнаас татан авч үзэхэд маш ноцтой зөрчлүүд илэрсэн. Үүнд: нэхэмжлэгчийн ажилд орохоор бөглөсөн анкет нь 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдөр бөглөж нэхэмжлэгч гарын үсгээ зурж баталгаажуулсан байсан бөгөөд Хөдөлмөр эрхлэлтийн байдалд “Гендекс” ХХК-д гүйцэтгэх захирлын албыг 2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн ажиллаж 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдөр ажлаасаа гарсан гэж нэхэмжлэгч батлан бичиж гарын үсгээ зурж баталгаажуулсан байсан. Нэхэмжлэгч нь өөр компанид ажил эрхэлдэг байсан бөгөөд үүнийгээ нуун дарагдуулж, компанийн удирдлагыг хуурч, мэхэлж төөрөгдүүлж байсан байна. “АФ” ХХК-ийн хөдөлмөрийн дотоод журмын 6.13-д заасан. Ажилд томилох тухай 2019 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн нягтлан бодогчийн албан тушаалд 4 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн ажиллахаар тушаал гарсан байтал 2019 оны 3 дугаар сарын 11-ний өдөр нэхэмжлэгчтэй хөдөлмөрийн гэрээ байгуулсан гэрээ байгуулсан ажил олгогч Ц.Халиуны гарын үсгийг хуурамчаар дуурайлган зурж, байгууллагын тамгыг хазгай дарж баталгаажуулсан. “АФ” ХХК-ийн захирал Ц.Халиун нь 2018 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр удаан хугацааны томилолтоор Япон Улс руу яваад, 2019 оны 6 дугаар сарын 15-нд Монгол Улсад ирсэн. “АФ” ХХК нь, хэзээ ч эрдэм шинжилгээний ажлыг эрхэлж байгаагүй, байгууллагын албан хаагч гэж ажилтнуудаа нэрлэдэггүй, компанийн ажилтнууд гэж хөдөлмөрийн дотоод журамд нэрлэж заасан. Нэхэмжлэгчтэй байгуулсан хуурамч хөдөлмөрийн гэрээ нь, уг гэрээний 3.2, 8.2.2-т заасан заалтуудаар давхар батлагдаж байна. Манай компани нь, эрдэм шинжилгээний ажил эрхэлдэггүй, их сургуулийн статусгүй, аж ахуйн нэгж байгууллага юм. Нэхэмжлэгчийн ажлын байрны тодорхойлолт, захиргаа, удирдлагын хэлтэс гэж заасан ч ийм хэлтэс гэж байгаагүй. Нэхэмжлэгч нь ажлын байрны тодорхойлолтыг ерөнхий менежерээр ажиллаж байсан дотны найз Т.Гочоосүрэнтэйгээ хуурамчаар батлан байгуулжээ. Байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 11.6-р заалтад 11.б.ё, 11.6-д заасныг тус тус зөрчсөн байна. Нэхэмжлэгчийн нягтлан бодогчийн үүрэгт ажлаа огт хэрэгжүүлдэггүй, наад захын бэлэн мөнгөний орлогын, зарлагын баримт болон ажилтнуудын цалин, цагийн бүртгэлийг танилцуулж цалингийн бодолтыг огт хийхгүй удирдах албан тушаалтнаар гарын үсэг зуруулж баталгаажуулахгүй байх, компанийн 7 хоногийн орлого, зарлагын мэдээг хийж гүйцэтгэж танилцуулахыг хүсэхэд огт хийхгүй өөр тайлбар гарган эсэргүүцэх, 7 хоногийн ажлын тайлангаа огт өгөхгүй байх, өөрийн дотны найз Ерөнхий менежерээр ажиллаж байсан Т.Гочоосүрэн нь, удирдах албан тушаалтны тушаал шийдвэргүйгээр, компанийн орлогыг өөрийн хувийн дансаар авах үйлдлийг зогсоохыг хориглохгүй, өөрт нь огт хамаагүй мэтээр тайлбарлаж хууль бус үйлдлийг далдуур хөхүүлэн дэмжих, нягтлан бодогчийн үүрэгт ажилд хамаарах эдгээр энгийн үйл ажиллагааг хэрэгжүүлэхийг сануулж шаардахад цааргалах, эсэргүүцэх байдлыг Ерөнхий менежерээр ажиллаж байсан Т.Гочоосүрэнтэй нэхэмжлэгч нь хамтран байнга гаргах болсон. Үүнтэй холбогдуулан “АФ” ХХК-ийн санхүүгийн байдлын тайлан, орлогын дэлгэрэнгүй тайлан, мөнгөн гүйлгээний тайлан, тодруулга тайлангуудын нягтлан бодох бүртгэлийг нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийг дагуу хэрэгжүүлж буйд эргэлзэж, улмаар 2019 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 29 тоот тушаалын дагуу 7 дугаар сарын 01-ний өдрөөс байгууллагын санхүүд аудитын шалгалт оруулсан. 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн өглөө нэхэмжлэгч нь 2019 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 29 тоот тушаал, тооллогын ажлын удирдамжтай танилцсан талаарх гарын үсгээ зурж баталгаажуулаад ямарваа нэг тайлбар, шалтгаан хэлэлгүйгээр мөн 7 дугаар сарын 02-ны өглөө ажилдаа ирж үзэгдээд шууд ажлаа таслаад явсан. Нийт 2 хоног ажлаа таслаад огт хэл сураггүй алга болж, Т.Гочоосүрэнд хатуу сануулж даалгасны дагуу нэхэмжлэгч ажилдаа ирсэн бөгөөд аудитын шалгалтаар ажиллаж буй аудитын байгууллагын ажилтнуудын шаардсан санхүүгийн мэдээ, тооцоо, тооцоолол, авлага, өглөгийн бүртгэл, бараа материалын бүртгэл, мөнгөн хөрөнгийн бүртгэл, цалингийн бүртгэл, үндсэн хөрөнгийн бүртгэлийг огт өгөөгүй бөгөөд шалгалтын явцад эдгээр санхүүгийн баримт, бүртгэлүүдийг нэхэмжлэгч нь огтоос хөтөлж, бүртгэж байгаагүй нь илэрсэн. Япон улсад томилолтоор ажиллах тухай 2019 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 18 тоот тушаалын дагуу ерөнхий менежерээр ажиллаж байсан Т.Гочоосүрэнг 4 хоногийн хугацаатайгаар томилон ажиллуулах, холбогдох зардлыг компани хариуцан төлбөр тооцоог гүйцэтгэхийг нягтлан бодогчид даалгаж, Япон Улсад томилолтоор ажилласан тайлангаа компанид хүлээлгэн өгөхийг Т.Гочоосүрэнд даалгасан тушаал гарсан. Үүний дагуу, нягтлан бодогчийн албан үүргийг гүйцэтгэж буй нэхэмжлэгчээс, ерөнхий менежерээр ажиллаж байсан Т.Гочоосүрэнд 700.000 төгрөг, замын зардал болох 3 сая төгрөгийг хүлээлгэн өгсөн бэлэн мөнгөний зарлагын баримттай танилцахыг нягтлан бодогчоос удаа дараа хүсэхэд баримтыг огт үзүүлэхгүй байсан. Уг хууль бус үйлдэлдээ нэхэмжлэгч огт гэмшиж санаа зовсон зүйлгүй, байсан. Компанийн 2018 оны, 2019 оны 3 дугаар сарын 11-ний өдрийг хүртэлх, харилцагч байгууллагуудаас “АФ” ХХК-ийн авах ёстой 255 сая төгрөгийн авлагын баримтыг ... би наад авлагын баримтаас чин зарим нэг тоог хараад буцааж өгнө гэж хэлж аваад буцааж өгөөгүй бөгөөд буцааж байгууллагад тушаахыг шаардахад... би хэзээ ч аваагүй... хэмээн улайм цайм худлаа хэлж, хулгайлсан. Компанийнн санхүүгийн программын 2019 оны 3 дугаар сарын 11-ний өдрөөр тасалбар болгосон тогтмол байх ёстой авлагийн тоо ихээхэн хэмжээгээр нийт 4 удаа нэмэгдэх байдлаар нэмэлт, өөрчлөлтийг нэхэмжлэгч санхүүгийн программд зориуд оруулсан байна. Нэхэмжлэгч нь авлага барагдуулалтын талаарх мэдээллийг аудитын байгууллагаас нуун дарагдуулах, будилиулах бодитой хувийн ашиг сонирхолтой байна гэсэн дүгнэлтэд аудитын байгууллага хүрсэн. Компанийн харилцагч ихэнх байгууллагуудад, ерөнхий менежерээр ажиллаж байсан Т.Гочоосүрэнгийн хувийн харилцах дансаар төлбөр тооцоог хийхийг шахаж шаардсан, үүнийг хийхгүй бол компаниас бүтээгдэхүүн нийлүүлэхгүй болохыг шахаж, дарамталсан зэрэг үйлдлүүд аудитын шалгалтын явцад олноор илэрсэн. Харилцагч байгууллагуудаас, ямар албан тушаалтай, хэн үүнийг хэлж, шахсан бэ? гэж тодруулахад бүх харилцагч байгууллагууд танай ерөнхий менежер, нягтлан бодогч гэж хариу өгсөн болно. Удаа дараа ажлаа тасалдаг, үүрэгт ажлаа огт хэрэгжүүлээгүй мөртлөө өөрсдөдөө 100 хувиар цалингаа бодож, хуйвалдаж цалингийн санхүүжилтээ авдаг хууль бус үйлдлүүдийг нэхэмжлэгч болон ерөнхий менежерээр ажиллаж байсан Т.Гочоосүрэн нар цаашид гаргасаар байх юм байна гэсэн дүгнэлтэд компанийн зүгээс хүрсэн. Захирлын зохих тушаал шийдвэргүйгээр, эрх зүйн баталсан баримт бичиггүйгээр, Ерөнхий менежерээр ажиллаж байсан Т.Гочоосүрэнгийн үгээр 300 сая төгрөгийн зээлийг компанийн санхүүгээс өөртөө авч, 3 сая төгрөгийн зээлийг компанид буцаан тушаасан талаар ямар нэгэн бэлэн мөнгөний орлогын баримтыг огт үйлдээгүй байна. Өмнө нь нягтлан бодогчоор ажиллаж байсан Т.Одгэрэлээс, 2019 оны 3 дугаар сарын 11- ний өдөр ажил хүлээлцсэн актанд, 966 мянга орчим монгол төгрөгийн ханш бүхий ОХУ-ын 24.151 рублийг, ажил хүлээлцсэн нэхэмжлэгчид хүлээлгэн өгсөн. 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн тооллогоор энэ 966 мянга орчим монгол төгрөгийн ОХУ-ын 24.151 рублийг нэхэмжлэгч нь тооллогын комисст хүлээлгэн өгөөгүй байна. Үүнийг хүлээн авч хариуцаж байсны хувьд нэхэмжлэгч нь хувьдаа ашигласан гэж компанийн зүгээс үзсэн. Дээр дурдсан үүрэгт ажлуудыг нэхэмжлэгч хэзээ ч биелүүлээгүй, батлуулаагүй болно. Дээр дурдсан нэхэмжлэгчийн үйлдсэн бодитой, ноцтой, баримттай, ажил олгогчийн итгэлийг алдсан, хууль бус үйлдлүүдийн улмаас, ажлаас чөлөөлөх тухай 2019 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 37 тоот тушаалыг баталж, нэхэмжлэгчийг ажлаас нь чөлөөлсөн. Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5-д заасан заалтыг үндэслэн нэхэмжлэгчийг ажлаас халаагүй шалтгаан нь, компанийн зүгээс, нэхэмжлэгчийг цаашид өөр байгууллагад ажиллах карьерт нь саад болж болохгүй хэмээн хүнлэг шийдвэрт гаргасанд оршино. Нэхэмжлэгч нь хөдөлмөрийн гэрээний хувийг хүссэн бол компанийн зүгээс нэхэмжлэгчийн хуурамчаар байгуулсан хөдөлмөрийн гэрээг нь хувилаад өгөхөд ямар ч асуудалгүй байсан. Манай компани нь ажилтнуудын цагийн бүртгэлийн төхөөрөмжинд хадгалагдаж буй цагийн бүртгэлийн мэдээллийн талаар мэргэжлийн байгууллагад хандан цагийн бүртгэлийн файлыг гаргуулахаар хандсан. Харамсалтай нь, ажилтнуудын цагийн бүртгэлийн файлуудыг бүрэн устгаж, хоёрхон файл үлдсэнийг сэргээснийг бидэнд албан тоотоор мэдэгдсэнийг хавсаргав. Устгагдаагүй үлдсэн цагийн бүртгэлийн файлыг харахад л нэхэмжлэгч нь ямар ажлын горимтой, хэрхэн шударгаар ажиллаж байсан нь харагдана. Нийгмийн даатгалын тухай хуульд заасны дагуу компанийн ажилтнуудын сар бүрт баталгаажуулж байх ёстой нийгмийн даатгалын дэвтрийг нэхэмжлэгч нь дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэсд очиж огт баталгаажуулж байгаагүй байна. Нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын дэвтэрт 2019 оны 3, 4, 5, 6-р саруудад “АФ” ХХК-д ажиллаж, улмаар даатгуулагчаас шимтгэл төлсөн мэдээлэл огт байхгүй байна. Нийгмийн даатгалын тухай хуулийн 4, Иргэний хуулийн 343, 359 дүгээр зүйлд заасан. Нэхэмжлэгчийн Үндсэн ажлаас гадуур гүйцэтгэсэн ажил, үйлчилгээний орлогоос төлсөн шимтгэлийг бүртгэх хуудсыг судалж үзэхэд “АФ” ХХК-ийн нягтлан бодогчийн үндсэн ажил нь нэхэмжлэгчийн үндсэн ажлаас гадуур гүйцэтгэсэн, ажил, үйлчилгээ болсон байна гэж бид үзэж байна гэжээ.

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт заасныг баримтлан Э.Т-ийн 2019 оны 4, 5, 6, 7 дугаар саруудад авсан цалингийн хэмжээнд нийцүүлэн төлвөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг тооцож өмнө төлөгдсөн шимтгэлийг хасаж тооцон нийгмийн даатгалын шимтгэлийн зөрүүг төлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагч “АФ” ХХК-д даалгаж, ажилд эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай хариуцагч “АФ” ХХК-д холбогдох нэхэмжлэгч Э.Т-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 44 дүгээр зүйлийн 44.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140.400 төгрөгийг улсын орлогоос гаргуулан нэхэмжлэгч Э.Т-т буцаан олгож, хариуцагч “АФ” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Амарсайхан давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Э.Т- нь Хөдөлмөрийн тухай хуульд болон “АФ” ХХК-ийн дотоод журамд заасан ажлаас халах үндэслэл бүхий зөрчил гаргаагүй байхад ажлаас халсан, ажилтан мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон гэж үэзж ажлаас халсан. Гэвч Хөдөлмөрийн тухай хуулийн 40.5 дах хэсэгт ажил олгогч энэ хуулийн 40.1.1, 40.1.2-т заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэхээр заажээ заасны дагуу “АФ” ХХК-д мэдэгдэх үүргээ биелүүлээгүй. Иймд шийдвэр нь хэрэглэх ёстой хууль хэрэглэж шийдвэр гаргаагүй гэж үзэж байна. Мөн Э.Т- нь компаний захирал н.Халиун болон компаний ерөнхий менежер н.Гочоосүрэнгээс шууд үүрэг даалгавар авч ажилдаг байсан нь баримтаар нотлогдож байхад компаний удирдлагын өгсөн үүрэг даалгаварыг биелүүлээгүй гэж үзэх нь нотлох баримтыг тал бүрээс нь шинжпэн судлаагүйг харуулж байна. Иймд нэхэмжпэгчийн гаргасан нэхэмжпэлийн шаардлагын бүрэн хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцэхгүй байна.

 

Нэхэмжлэгч Э.Т- нь хариуцагч “АФ” ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, ажиллаж байх хугацаанд болон түүнээс хойшхи хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг 3.138.732 төгрөгөөс тооцож нөхөн төлөхийг даалгуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн оролцогчийн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дах хэсэгт заасан эрхийн дагуу хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай гэх үндэслэлээр “...Э.Т-ийн захирал Ц.Халиунтай харилцсан файлууд зарлагын баримтуудад...” “...2019 оны 5, 6 сарын санхүүгийн анхан шатны баримтуудад... үзлэг хийлгэх” хүсэлт гаргасныг шүүх 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр, 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр тус тус хангаж шийдвэрлэсэн. /2хх-ийн 132, 3хх-ийн 50 /

 

Шүүх 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдөр үзлэг хийж, энэ тухай тэмдэглэл үйлдсэн боловч хөндлөнгийн 2 гэрчийг байлцуулж түүнд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2, 48.3 дах хэсэгт зааснаар эрх үүрэг, хүлээлгэх хариуцлагыг урьдчилан сануулаагүй, мөн хуулийн 51 дүгээр зүйлийн 51.5 дах хэсэгт заасан шаардлагыг зөрчсөн байна.

 

Шүүх нотлох баримт бүрдүүлэхтэй холбоотой хуульд заасан дээрх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хуулиар тогтоосон журам зөрчигдсөн байхад уг үзлэгийн тэмдэглэлийг шүүх шийдвэрийнхээ  үндэслэлээ болгосон нь  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дах хэсэгт заасныг зөрчжээ.

 

Түүнчлэн, ажил олгогч хөдөлмөрийн гэрээг 2019 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 37 дугаар тушаалаар цуцласан байх боловч нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн аль заалтад зааснаар ямар зөрчил гаргасан болох нь тодорхойгүй байна. Мөн хариуцагч байгууллагын цагийн бүртгэлийн баримтад /файл/  3 дугаартай ажилтан нь хэн болохыг тодорхой болгоогүй байхад Э.Т-ийг ажил тасалсан сахилгын зөрчил гаргасан гэж дүгнэж, уг нотлох баримтыг үндэслэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь буруу болжээ. /хх-ийн 125- 126, 2хх-ийн 91-93/

 

Ажил олгогчийн санаачилгаар ажлаас буруу халсан болохыг тодорхойлохын тулд талуудын тайлбарын аль нь үндэслэлтэй болохыг хэрэгт авагдсан нотлох баримтыг бүх талаас нь харьцуулан судлаж үзсэний үндсэн дээр дүгнэх шаардлагатай.

Анхан шатны шүүхийн алдааг давж заалдах шатны шүүх залруулах боломжгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 2 дугаар сарын 03-ны өдрийн 102/ШШ2020/00407 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар дээрх хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     А.МӨНХЗУЛ

                                         ШҮҮГЧИД                                      Ш.ОЮУНХАНД

                                                                                               Н.БАТЗОРИГ