Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 09 өдөр

Дугаар 317

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батболор даргалж,

           шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Сайнзаяа,

           улсын яллагч Г.Ганчимэг,

шүүгдэгч Н.О- нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт Н-ын О-д холбогдох эрүүгийн 1710000000149 дугаартай хэргийг 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол Улсын иргэн, 1989 оны 11 дүгээр сарын 07-нд Ховд аймагт төрсөн, 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, инженер мэргэжилтэй, “SRP” ХХК-д зөвлөх инженер ажилтай, ам бүл 3, эцэг, эхийн хамт Ховд аймгийн Дөргөн сум, ******** газарт оршин суух, ял шийтгэлгүй, Х овогт Н-ын О

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Н.О- нь 2017 оны 9 дүгээр сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Говь ХХК-ны үйлдвэрийн ойролцоо зам дээр иргэн Ц.Д-гийн нүүрэн тус газар нь мөргөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд: Шүүгдэгч Н.О- нь 2017 оны 9 дүгээр сарын 22-ноос 23-нд шилжих шөнө хохирогч Ц.Д-, гэрч Б.Э-, Г.М-, Б.Э-, А.О- нартай машинд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэн явж байхдаа хохирогчтой “Грэйгүүс” нэртэй архинаас болж маргалдан Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Говь ХХК-ны үйлдвэрийн ойролцоо машинаас бууж зам дээр хохирогчийн нүүрэн тус газарт нь толгойгоороо мөргөж биед нь хөнгөн гэмтэл учруулсан болох нь:

1. Шүүгдэгч Н.О-ийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргийн талаар мэдүүлсэн: ”...Манай ажил 14 хоног ажлаад 2 хоног амардаг. 2017 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр бид нарын амралтын өдөр байсан. Тухайн өдөр А гэх залуугийн төрсөн өдөр болсон. Бүгдээрээ сайн дуулж чадахгүй юм чинь сайн дуулдаг найзуудаа дуудъя гээд  Б.Э-, Г.М- нарыг дуудсан. Тэгээд Б.Э- 23:00 цаг өнгөрөөд 00:00 цагийн үед караоке хааж бид нарыг гарч байхад ирсэн. Мөн Ц.Д- дуулдаг гэх хоёр эмэгтэйтэй ирсэн. Тэгээд манайхан хэдүүлээ дуулсан юм чинь ганц юм ууя гэсэн. Тэгээд бид нар 1 шил архи ууж суусан. Миний бодлоор Ц.Д- Г.М- нар өмнө нь хоорондоо таарамжгүй харилцаатай байсан. Ц.Д- Г.М- нарыг хоорондоо таарамжгүй харилцаатай байсан гэдгийг би мэдээгүй. Ц.Д- Г.М- хоёрыг юм ярихаар нь би архи уусан байсан учраас өөртөө тусгаж авсан байсан. Тухайн үед шар Чингис гээд ярьж байтал Ц.Д- миний гэдэс гүйлгэнэ, хурцдана, “Грэйгүүс” нэртэй архи гэхэд “Грэйгүүс” нэртэй архи ууж үзээгүй, цахлайтай архи уу гэх зүйл ярьсан. Тэгээд би Ц.Д-г “чи тоглоод байгаа юм уу” гээд маргаан болсон. Тэгээд би Ц.Д-г мөргөсөн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Хохирогч Ц.Д- нь хамрын хагалгаанд орсон, эмчилгээний зардлыг төлж барагдуулсан” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/    

            2. Хохирогч Ц.Д-гийн мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар мэдүүлсэн: “…2017 оны 9 дүгээр сарын 22-ноос 23-нд шилжих шөнө 24 цаг өнгөрч байхад Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 19 үйлчилгээний төвийн ард Б.Э-ын машинд Б.Э-, Н.О-, Г.М- бид дөрөв архи хувааж ууж байсан юм. Ингээд архиа хувааж ууж дуусаад манай ажил руу хөдөлсөн юм. Тэгээд үл ойлголцох асуудал үүсээд би Н.О-дай маргалдаж муудалцсан юм, тэгсэн Г.М- миний 2 гарыг ард бариад тэвэрээд зогсоод байхад нь Н.О- хүрч ирэнгүүтээ толгойгоороо нүүр хамар мөргөчихөөр нь би нүүрээ бариад доошоо суусан. Хугалчихлаа шдээ, хэдүүлээ гэмтэл ороод энэ хамар тэгшилчихдэг юмаа очоод эмчлүүлчихье, би хоёрын хооронд гомдол тэмцэл гаргахгүй гэж хэлсэн юм. Тэгсэн чинь гэмтэл дээр Б.Э-, Н.О-, Г.М- гурав намайг ганцааранг маань орхиод Б.Э-, Н.О- хохь чинь гэж хэлэхээр нь би гомдсондоо ирж цагдаад мэдэгдэж байна...Н.О- надад хандаж чам шиг юманд Грэйгүүс архи аваад өгөх үү гэж надад томорсон юм тэгэхээр нь би өөдөөс нь үг сөрж Грэйгүүс гэж ямар архи байдаг юм бэ шувуу нисэж байгаа зурагтай архи мөн үү гэж асуусан юм үүнээс болж маргаан үүсч намайг зодсон юм...Эмчлгээний зардлуудыг найз Н.О- төлж өгсөн...Гомдолгүй байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 5-6, 7/

            3. Гэрч Б.Э-ын мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар мэдүүлсэн: “…2017 оны 9 дүгээр сарын 22-ны орой...машин дотор Ц.Д-, Ч, Н.О-, Г.М- дөрөв авсан архиа хувааж уусан. Тэгээд удалгүй Ч нь архиа дуусгаад харилаа гээд харьсан. Бид хэд явах гээд байж байтал хэнийг нь сайн санахгүй байна нэг нь шар Чингис энэ тэр гээд юм ярьсан чинь Н.О- би Грэйгүүс архи аваад өгөх үү гэхэд Ц.Д- Грэйгүүс гэж ямар архи байдаг юм шувуутай архи уу гэхээр нь тийм ээ шувуутай архи байдаг юм гээд тоглоом хийгээд ярьцгааж байтал Ц.Д- би тийм архи ууж үзээгүй, миний гэдэс гүйлгэнэ, хурцдана гээд байсан. Тэгж байснаа Н.О-ийн дургуй нь хүрсэн юм шиг чи ер нь яах гээд байгаа юм гээд маргалдахаар нь зодолдох нь гэж бодоод машинаа асаагаад Ц.Д-г хүргэж өгье гээд говийн замаар явж байтал ард Ц.Д- Н.О- хоёр зодолдоод эхлэхээр нь зогсоод машинаас хоёуланг нь татаж буулгаад хоёуланг нь Г.М- бид хоёр нэг нэгээр нь салгахад...Би тоглолтын бүстэй явж байсан тэр нь мултраад байхаар нь тайлаад Б.Э-т өгч байхад Ц.Д-г Г.М- барьчихсан Н.О- нь чи яах гээд байгаа юм гэж дөхөж байснаа нэг удаа нүүрэнд нь мөргөчих шиг болсон...Намайг харж байхад нэг удаа л мөргөсөн. Өөр зүйл болоогүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 8-9/

            4. Гэрч Г.М-ын мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар мэдүүлсэн: “…2017 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр...Тэгээд бүгд нийлээд машин дотор нь караокеныхоо үүдэнд Н.О-ийн авч өгсөн 0,75 литрийн Чингис архийг хоёр эмэгтэй, Ц.Д-, Н.О-, Ч бид хэд уусан. Тэгээд архи дуусаж байхад Н.О-, Ц.Д- хоёр үл ялих шалтгаанаар маргалдсан. Маргалдсан шалтгаан нь Н.О- Грэйгүүс гэх архийг авч өгье гэхэд тэр нь ямар архи байдаг юм баярхлаа л гэж маргасан...Машин дотор хоёр талаас хоорондоо заамдалцаад зодолдох гээд барьцалдаад авсан...Тэгээд би Ц.Д-г бариад Б.Э- Н.О-ийг барьж байсан чинь л Н.О- гэнэт яасныг нь мэдэхгүй Ц.Д-г хүрч ирээд цохьсон юм шиг байгаа юм...Б.Э-аас бусад нь бүгд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 10-11/

            5. Гэрч Б.Э-ынн мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар мэдүүлсэн: “…2017 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр... Н.О- Г.М- өөр нэг залуу гурвуулаа байсан. Би тэрийг нь танихгүй. Тэгээд тэр хэд хамтдаа нэг шил архи хувааж уугаад харихаар болсон. Тэгээд замдаа явж байгаад Н.О- Ц.Д-а хоёр Greygoose гэдэг нэртэй архины талаар яриад маргалдаад байсан. Тэгээд Говийн тэнд явж байгаад Н.О- Ц.Д-а хоёр муудалцаад машинаас буусан. Гадаа хүйтэн байсан учир Олонбаяр бид хоёр буухгүй машиндаа үлдсэн. Гадаа юу болсон талаар мэдэхгүй байна. Удалгүй тэр хэд орж ирж суухдаа Н.О- Ц.Д-ыг мөргөчихсөн гэж ярьж суугаад ГССҮТ дээр очихоор нь бид хоёр гэрлүүгээ харьчихсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 14/

            6. Гэрч А.О-ын мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар мэдүүлсэн: “…2017 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр...Б.Э-, Б.Э- бид гурав уулзаад...19-ийн үйлчилгээний төвийн хажууд ирсэн чинь хүмүүс нь тараад явчихсан гээд Н.О- Г.М- өөр нэг залуу гурвуулаа байсан. Тэгээд Н.О- Г.М- нартай тэр өдөр танилцсан. Өмнө нь таньдаггүй байсан. Тэгээд тэр хэд хамтдаа нэг шил архи хувааж уугаад харихаар болсон. Тэгээд Говийн замаар нэг нэгээр нь гэрт нь хүргэж өгөх гээд замдаа явж байгаад Н.О- Ц.Д-а хоёр Greygoose гэдэг нэртэй архины талаар яриад маргалдаад байсан. Тэгээд Говийн тэнд явж байгаад Н.О- Ц.Д-а хоёр муудалцаад барилцаад авахаар нь машинаас буулгасан. Гадаа хүйтэн байсан бас тэр хэд хоорондоо зодолдох гээд зууралдаад байхаар нь айгаад байсан учир Б.Э- бид хоёр машинруугаа яваад орсон...тэгээд цааш гадаа юу болсон талаар мэдэхгүй байна. Удалгүй тэр хэд орж ирж суугаад Ц.Д миний хамарнаас цус гараад байна хамар гэмтчихлээ гэхээр нь сальфетка өгөөд ГССҮТ рүү яваад тэндээсээ бид хоёрыг харь харь гээд явуулсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 15/

            7. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /№12121/-ний дүгнэлт:

                        -Ц.Д-гийн биед хамар яс болон хамрын таславчийн хугарал, мурийлт, зөөлөн эдийн няцрал, нэг шүдний сулрал, хоёр шүдний дотор буланд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

                        -Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

                        -Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

                        -Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна. /хх-ийн 17/

            8. “Натур” эмнэлгийн компьютер томографийн оношлогоо: “...Хамар ясны баруун хажуу хана цөмөрсөн, зүүн хажуу хана зөрүүтэй хугаралтай бөгөөд салст хавагнаж зузаарсан. Хамрын таславч урд 1/3 хэсгээрээ 2-лосон хугаралтай бөгөөд S хэлбэртэй мурийсан ба салст хавагнаж зузаарсан. Хамрын хэлбэр алдагдан деформацлагдсан...” /хх-ийн 18/

            9. Яллагдагч Н.О-ийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2017 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр буюу 5 дахь өдөр орой нь амраад хотод орж ирсэн чинь манай цуг амарсан найзын төрсөн өдөр нь болж таараад 19-н үйлчилгээний төвийн Центро гэх нэртэй караокед ажлынхаа 5 залуутай орсон. Тэгээд 10-н жилийн найз Б.Э- болон Г.М- нарыг хүрээд ирээч ээ хамт дуулъя гээд 19:00 цагийн үед залгасан чинь Г.М- түрүүлж ирээд...Тэгээд тэндээ бид нар долуулаа хоёр шил Ивок гэх нэртэй 0,75 литрийн архи уусан. Тэгээд тэндэхийн цаг нь дуусаад хүмүүс тарж байхад Б.Э- хоёр эмэгтэй Ц.Д-тай дөрвүүлээ Центро гэх караокены гадаа ирсэн. Тэгээд найзуудтайгаа уулзсан гээд 1 шил шар Чингис архи аваад Б.Э-гаас бусад нь бүгд уусан. Тэгээд ууж байхдаа Ц.Д- бид хоёр нисдэг цахлайтай архи ямар архи билээ гэхээр нь тоглоод чи тэрийг уух юм уу гэж ярилцаж байсан. Тэрнээс болоод хоёулаа маргалдаад машинаас буугаад ирсэн чинь бид хоёрыг Б.Э- Г.М- хоёр нэг нэгээр нь бариад авсан. Тэгээд Г.М- намайг бариад Б.Э- Ц.Д-г барьж байснаа удалгүй тавьчихсан тэгээд Ц.Д- над руу дайрах гэхэд нь Г.М- намайг тавиад Ц.Д-г барьж авах хооронд би эргэж хараад Ц.Д-г мөргөсөн...ГССҮТ рүү явъя миний хамар нэг болохгүй байна гэхээр нь Ц.Д- бид хоёр гэмтэл дээр очоод үзүүлсэн чинь хамар чинь хугарсан байна Мөнгөнгүүр дээр оч гээд тийшээ очсон чинь ажиллахгүй байхаар нь буцаад гэмтэл дээр ирсэн чинь...зураг авахуулчихаад явах гэсэн чинь Ц.Д- цагдаад бүртгүүлье гэхээр нь за за чи бүртгүүлчих би лав харьж унтлаа шүү гээд орхичихоод Б.Э-гийнд очоод унтсан. Тэгээд маргааш нь ажил руугаа явсан...Хоорондоо хэрүүл маргаан хийж байгаад мөргөчихсөн...Би өөр нэг ч гар хүрээгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 28-29/ гэх зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.

            Шүүгдэгч Н.О- нь урьд ял шийтгэл хүлээж байгаагүй болох нь ял шалгах хуудас /хх-ийн 30/-аар тогтоогдлоо.

            Шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1, 25.1 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал хангалттай хийгдсэн, хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /№12121/-ний дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байна.

Учир нь шүүгдэгч Н.О- нь 2017 оны 9 дүгээр сарын 22-ноос 23-нд шилжих шөнө хохирогч Ц.Д-, гэрч Б.Э-, Г.М-, Б.Э-, А.О- нартай машинд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэн явж байхдаа хохирогчтой “Грэйгүүс” нэртэй архинаас болж маргалдан Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Говь ХХК-ны үйлдвэрийн ойролцоо машинаас бууж зам дээр хохирогчийн нүүрэн тус газарт нь толгойгоороо мөргөж биед нь хамар яс болон хамрын таславчийн хугарал, мурийлт, зөөлөн эдийн няцрал, нэг шүдний сулрал, хоёр шүдний дотор буланд цус хуралт бүхий хөнгөн гэмтэл учруулсныг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч Н.О-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулах үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгчийн анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохиролд хохирогч Ц.Д-д 963.500 төгрөгийг нөхөн төлсөн, хохирогчийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...миний бие найз Н.О-дай...сайн дурын үндсэн дээр эвлэрсэн. Н.О- эмчилгээний зардал хохирлыг барагдуулсан тул гомдол санал байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 39/, утсаар ярьсан тэмдэглэл /хх-ийн 59/ зэргийг харгалзан Н.О-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг 1 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох нь  зохимжтой гэж үзлээ.

Шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Х овогт Н-ын О-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Х овогт Н-ын О-ийг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Н.О-д оногдуулсан 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг 1 /нэг/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4.  Н.О-д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар сольж эдлүүлдэг болохыг сануулсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7.  Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

8. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Н.О-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              Б.БАТБОЛОР