Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 27 өдөр

Дугаар 943

 

“Ж” ХХК-ийн нэхэмжлэлтэй                                                                                               иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч Б.Нармандах, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 183/ШШ2020/00574 дугаартай шийдвэртэй, нэхэмжлэгч “Ж” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч О.Д-д холбогдох

Гэрээний үүргийн гүйцэтгэлд 6 903 705 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Жавхланбаяр, хариуцагч О.Д-, хариуцагчийн өмгөөлөгч Г.Буянбадрал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Долгорсүрэн нар оролцов.

 

Нэхэмжлэгч “Ж” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Жавхланбаяр шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ж” ХХК нь харилцагч О.Д-тэй худалдааны хамтын ажиллагааны гэрээний хүрээнд бараа, бүтээгдэхүүн нийлүүлж хамтран ажилласан. Энэ гэрээнээс үүссэн 5.250.120 төгрөгийн төлбөрийг төлж барагдуулах зорилгоор талууд 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр төлбөр барагдуулах гэрээ байгуулсан. Гэвч хариуцагч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгууллагын хэвийн үйл ажиллагаанд саад учруулсан. Иймд үлдэгдэл төлбөр 4.602.470 төгрөг, гэрээний 2.4-т зааснаар төлөгдөөгүй үүргийн гүйцэтгэлийн үнийн дүнгээс өдрийн 0.5 хувиар алданги тооцож 2.301.235 төгрөг, нийт 6.903.705 төгрөгийг хариуцагчаас гаргуулж байгууллагыг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч О.Д- шүүх хуралдаанд  гаргасан тайлбартаа: “Ж” ХХК болон “Кинг говь” ХХК-ийн хооронд худалдааны хамтын ажиллагааны гэрээ байгуулагдаж, хамтран ажиллаж байсан нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар харагдаж байна. 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр талуудын хамтын ажиллагааг дуусгавар болгоход нэхэмжлэлд дурдсан үнийн дүнгээр 5.250.120 төгрөгийн төлбөрийн үлдэгдэл “Кинг говь” ХХК-д үүссэн бөгөөд 2018 оны 5 дугаар сарын 08-ны өдөр “Ж” ХХК нь “Кинг говь” ХХК-иас уг төлбөрийг гаргуулахаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандсан боловч хаяг тодорхойгүй гэж хэргийг хэрэгсэхгүй болгосон. Иймээс уг хэргийн хариуцагч нь О.Д- биш, харин “Кинг говь” ХХК байгаа юм. Мөн хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна. Иймээс нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 243 дугаар зүйлийн 243.1,                 232 дугаар зүйлийн 232.6 дах хэсэгт заасныг баримтлан “Ж” ХХК-ийн нэхэмжлэлтэй, О.Д-д холбогдох, гэрээний үүргийн гүйцэтгэлд 6.903.705 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч “Ж” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр төлсөн 125.410 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Жавхланбаяр давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгч “Ж” ХХК, “Кинг говь” ХХК 2015 оны 7 дугаар сарын 01-ний өдөр “Худалдааны хамтын ажиллагааны гэрээ” байгуулж хамтарч ажилласан. Тухайн гэрээгээр талуудын бүтээгдэхүүн нийлүүлэх, түүний төлбөрийг  төлөхтэй холбоотой харилцааг зохицуулсан гэрээ юм. Тухайн гэрээний нэг тал болох “Кинг говь” ХХК-ийг төлөөлж итгэмжлэлгүй төлөөлөх эрх бүхий субъект болох гүйцэтгэх захирал О.Д- Худалдааны хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулсан. “Кинг говь” ХХК-ийг төлөөлж гэрээнд гарын үсэг зурсан гүйцэтгэх захирал О.Дуламсурэн нь “Кинг говь” ХХК-ийн манай байгууллагад үүссэн нийт өр төлбөрийг өөрөө хариуцаж хувь хүнээрээ хэсэгчилж төлж барагдуулна гэж санал гаргасны дагуу 2016 оны 01 дүгээр сарын 04 өдөр 110/03 дугаар бүхий “Төлбөр барагдуулах гэрээг нэг талаас “Ж” ХХК, түүнийг төлөөлж супервизар Б.Баасан /Менежер/ нөгөө талаас иргэн О.Д- гэсэн талууд харилцан тохирч байгуулсан байдаг. Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, 187 дугаар зүйлийн 187.1, 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт тус тус зааснаар иргэн О.Д- нь нэхэмжлэгч “Ж” ХХК-тай байгуулсан 2016 оны 01 дүгээр сарын 04 өдрийн 110/03 дугаар бүхий “Төлбөр барагдуулах гэрээ”-ний үүрэг гүйцэтгэгч, хариуцагч мөн юм. “Төлбөр барагдуулах гэрээ”-ний баталгаажих хэсэгт дурдагдсан “Фамили март” гэсэн нь хариуцагч О.Д-гийн хувиараа ажиллуулж байсан дэлгүүрийн нэр болохоос гэрээний нэг тал болж оролцсон О.Д-гээр төлөөлүүлэх хуулийн этгээд, эсхүл үүрэг хүлээгч биш. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч “Ж” ХХК, иргэн О.Д-тэй харилцан тохиролцож байгуулсан “Төлбөр барагдуулах гэрээний” үүргийг хангуулах тухай нэхэмжлэх гаргасан байхад шүүгч нотлох баримтыг буруу үнэлж 2016 оны 01 дүгээр сарын 04 өдөр 110/03 дугаар бүхий төлбөр барагдуулах гэрээг нэхэмжлэгч “Ж” ХХК нь “Фамили март” ХХК төлөөлөгч О.Д-тэй байгуулсан гэж үзсэн нь хэргийг шийдвэрлэсэн нотлох баримтыг буруу үнэлсэн шийдвэр юм. Иймд шийдвэрийг хүчингүй болгож О.Д-гээс төлбөр барагдуулах гэрээний үүргийн гүйцэтгэлд төлөгдөх 6.903.705 төгрөгийг гаргуулж байгууллагыг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй.

 

Нэхэмжлэгч “Ж” ХХК нь хариуцагч О.Дуламмсүрэнд холбогдуулан гэрээний үүргийн гүйцэтгэлд 6.903.705 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

“Кинг говь” ХХК,  “Ж” ХХК-ийн хооронд 2015 оны 7 дугаар сарын 01-ний өдөр байгуулагдсан “худалдааны хамтын ажиллагааны гэрээ” гэсэн нэртэй гэрээгээр “Ж” ХХК нь бараа бүтээгдэхүүнийг бэлэн мөнгөөр болон зээлээр нийлүүлэх, борлуулагч “Кинг говь” ХХК нь 2015 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд бараа бүтээгдэхүүнийг бэлэн мөнгөөр болон 3.000.000 төгрөгөөс хэтрэхгүй хэмжээний зээлээр худалдан авч, төлбөрийг тухайн сарын 30-ны өдрийн дотор төлөх, хугацаа хэтрүүлсэн тохиолдолд хоног тутамд төлөгдөөгүй төлбөрийн үнийн дүнгийн 0.5 хувиар тооцож алданги төлөхөөр тус тус тохиролцсон, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоосон байна. /хх-ийн 42, 43/

Зохигчид дээрх гэрээний дагуу худалдан авсан бүтээгдэхүүний үнэ төлөх үүрэг хариуцагч О.Д-д шилжсэн эсэх талаар маргажээ.

 

Хэрэгт авагдсан бичгийн баримтаас үзэхэд нэхэмжлэгч  “Ж” ХХК нь хариуцагч О.Д-тэй 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 110/03 тоот төлбөр барагдуулах гэрээг бичгээр байгуулж, уг гэрээгээр төлбөрийн үлдэгдэл 5.250.120 төгрөг төлөхийг хариуцагч хүлээн зөвшөөрч, төлбөр төлөх хуваарийг харилцан тохиролцож хавсралтаар баталгаажуулсан ба хугацаа хэтрүүлсэн тохиолдолд хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувийн алданги төлөхөөр тохиролцсон болох нь тогтоогдсон байна. Төлбөр барагдуулах 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 110/03 тоот гэрээнд гэрээний талуудыг “Ж” ХХК, О.Д- гэж тодорхойлж хариуцагчийн регистрийн дугаарыг тусгасан,  гэрээнд хариуцагч О.Д- гарын үсэг зурсан талаар маргаагүй зэргээс үзэхэд энэ хэргийн зохигчдын хооронд мөнгөн төлбөрийн  үүрэг үүссэн гэж үзэх үндэслэлтэй. /хх-ийн 6/

 

Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.8, 124 дүгээр зүйлийн 124.1 дэх хэсэгт тус тус зааснаар “Кинг говь” ХХК-ийн  “Ж” ХХК-д төлөх өр төлбөр хариуцагч О.Д-д шилжсэн гэж үзнэ. Иймээс Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Ж” ХХК нь хариуцагч О.Д-гээс төлбөрийн үлдэгдэл 5.250.120 төгрөгийг төлөх үүргийг шаардах эрхтэй.

 

Гэтэл анхан шатны шүүх энэ хэрэгт хамааралгүй “Фамили март” ХХК-ийн талаар болон хариуцагч О.Д- нь нэхэмжлэгч “Ж” ХХК-ийн өмнө үүрэг хүлээгээгүй гэх  үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна.

 

Мөн дээрх гэрээнд анзын талаар заасан тохиролцоо нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3, 232.6 дах хэсэгт нийцсэн байх тул нэхэмжлэгч нь алданги шаардах эрхтэй байна.

 

Иймд Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 232 дугаар зүйлийн 232.6 дах хэсэгт тус тус зааснаар хариуцагчийн гүйцэтгээгүй үүрэгт 4.602.470 төгрөг, алданги 2.301.235 төгрөг, нийт 6.903.705 төгрөгийг хариуцагч О.Д-гээс гаргуулж нэхэмжлэгч “Ж” ХХК-д олгохоор шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 183/ШШ2020/00574 дүгээр шийдвэрийн ТОГТООХ хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 232 дугаар зүйлийн 232.6 дах хэсэгт тус тус зааснаар хариуцагч О.Д-гээс 6 903 705 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Ж” ХХК-д олгосугай” гэж, 2 дах заалтын “хэвээр үлдээсүгэй” гэснийг “хэвээр үлдээж, хариуцагч О.Д-гээс 125 410 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Ж” ХХК-д олгосугай” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 125 410 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ч.ЦЭНД

                                         ШҮҮГЧИД                                     Б.НАРМАНДАХ

                                                                                               Н.БАТЗОРИГ