Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 2022/ДШМ/592

 

 

О.Бхолбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Түвшинбаяр,  

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Дарьсүрэн даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 2022/ШЦТ/394 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Г.Түвшинбаярын бичсэн 2022 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 27 дугаартай эсэргүүцлийг үндэслэн О.Бхолбогдох эрүүгийн 2209 00000 дугаартай хэргийг 2022 оны 5 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.  

О.Б, 

Шүүгдэгч О.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр 19 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 2 дүгээр хороо, Алтайн 0 дугаар гудамжны 35 тоотод хохирогч Т.Бхувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, түүний нүүр хэсэгт 2-3 удаа гараараа цохих, өгзөг хэсэг рүү нь хөлөөрөө өшиглөх зэргээр зодож, биед нь ахар сүүлний 1,2,3 дугаар нугалмын их бие, бүсэлхийн 1 дүгээр нугалмын их биеийн шахагдсан хугарал, баруун нүдний ухархайн дотор ханын хугарал, зовхинд цус хуралт, хэл уруулд язарсан шарх бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: О.Бийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Т.Бхүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б500 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажпыг 1 хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг анхааруулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулж, шүүгдэгч О.Б нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар хохирогч Т.Б нь өөрийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсантай холбоотой цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэжээ.

Прокурор Г.Түвшинбаяр бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2022 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр О.Бхолбогдох эрүүгийн 2209000000278 дугаартай хэргийг хянан хэлэлцээд гаргасан анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:  

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын ТОГТООХ хэсгийн 1 дэх заалтад шүүгдэгч О.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон. 2 дахь заалтад шүүгдэгч О.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсэн" гэмт хэрэг үйлдсэн гэж үзэн 500 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсэн байна. Гэтэл прокуророос О.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаж яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн байхад шүүхээс шүүгдэгч О.Бийг “үйлдээгүй гэмт хэргийг” үйлдсэн мэтээр шийтгэх тогтоол тусгасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “...шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэсэн хуулийн шаардлага хангагдаагүй, өөрөөр хэлбэл шүүгдэгч О.Бүйлдээгүй гэмт хэргийг үйлдсэн мэтээр бичсэн нь эргэлзээтэй нөхцөл байдал үүсэж, хэргийн бодит байдалтай нийцээгүй байх тул Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 2022/ШЦТ/394 дугаартай шийтгэх тогтоолыг зөвтгөж өөрчлөлт оруулж өгнө үү.” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ прокурор Г.Түвшинбаярын бичсэн эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч О.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр 19 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 5 дүгээр хороо, Алтайн 1 дугаар гудамжны 5 тоотод хохирогч Т.Бхувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, түүний нүүр хэсэгт 2-3 удаа гараараа цохих, өгзөг хэсэг рүү нь хөлөөрөө өшиглөх зэргээр зодож, биед нь ахар сүүлний 1,2,3 дугаар нугалмын их бие, бүсэлхийн 1 дүгээр нугалмын их биеийн шахагдсан хугарал, баруун нүдний ухархайн дотор ханын хугарал, зовхинд цус хуралт, хэл уруулд язарсан шарх бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Т.Бын “...О.Б нь миний нүүрний баруун талын хацар хэсэг рүү гараараа хэд хэдэн удаа цохисон, мөн миний өгзөг хэсэг рүү хэд хэдэн удаа хөлөөрөө өшиглөсөн. Бх бид 2 хамт архи уусан. Бид 2 ярихдаа М гэх охин миний нэр дээр байдаггүй, мөн манай авгайд тийм юм байхгүй гэх мэт зүйл хоорондоо ярьсан. Тэгээд О.Б уурлаж улмаар бид хоёрын дунд маргаан үүсэж намайг зодсон.” /хх 20/,

гэрч Б.Г “...Манай нөхөр О.Б нь надад хэлэхдээ Т.Б манай эхнэр Б.Гийг С гэх хүнтэй миний хоёр дахь охин Мийг холбосон. Тэгээд би зөрүүлээд аавыг хоёр удаа гараараа шувтарч цохисон гэсэн. Аав Т.Бын бие ядарсан, хөдөлж чадахгүй, зүүн талын нүдний цөцгий нь улайсан, баруун талын нүдний дээд талд хөхөрсөн байсан. Би нөхрийнхөө өмнөөс аав Т.Б болон түүний эхнэр Өд уучлалт хүсэж байна. Дахиж ийм асуудал гаргахгүй.” /хх 30-31/,

гэрч Д.Өийн “...намайг ороход манай нөхрийн хамарнаас цус гарсан, зүүн нүд нь хавдсан, орон дээр хэвтэж байсан. О.Б миний охин Мийг надаар овоглодоггүй гэх мэт зүйл ярьж уурлаад байсан. Тэгээд хоорондоо маргалдсан юм байна лээ. Би энэ талаар сүүлд нөхрөөсөө асууж мэдсэн.” /хх 34-35/,

шүүгдэгч О.Бийн “...2022 оны 1 дүгээр сарын 06-ны өдөр орой 19 цагийн үед Сүхбаатар дүүргийн 3 дүгээр хороонд байрлах 10 дугаар гудамжны 305 тоот байранд байрлах хадам аав болох Бын гэрт би очсон. Би очихдоо замаараа нэг шил цагаан архи аваад очсон. Тэгээд архиа хувааж ууж байгаад надад чиний Мөнхчимэг гэх нэртэй хоёр дахь охин чинь чиний хүүхэд биш, танай эхнэр чинь чамайг хөдөө явсан хойгуур чиний эхнэр хажуу айлд амьдарч байсан Сэ гэх хүнтэй бэлгийн харьцаанд орсон, чиний хүүхэд биш, с-н хүүхэд гэх мэт зүйл ярьж орилоод байсан. Тэгээд би балмагдаж уурлаж эхэлсэн. Би уурандаа гараараа 2 удаа нүүр рүү нь савсан. Дараа нь Баасанбат нь орон дээрээ сууж байхдаа унах гээд байсан болохоор би түүний нуруу руу баруун талын өвдгөөрөө 2 удаа ор руу унагаах зорилгоор өвдөглөсөн.” /хх 68-69/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 1501 дугаартай:

1. Т.Бын биед ахар сүүлний 1,2,3-р нугаламын их бие, бүсэлхийн 1-р нугаламын их биеийн шахагдсан хугарал, баруун нүдний ухархайн дотор ханын хугарал, зовхинд цус хуралт, хэл, уруулд язарсан шарх гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ.

3. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Дээрх гэмтлүүд нь шинэ гэмтэл байна...” гэх дүгнэлт /хх 38-39/ зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба уг нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч О.Бийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Прокуророос О.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж хэргийг шүүхэд шилжүүлсэн байх бөгөөд анхан шатны шүүхээс түүнийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэм буруутай гэж тооцож дүгнэсэн атлаа тогтоох хэсгийн 2 дахь заалтад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн байх тул энэхүү магадлалаар зөвтгөн шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх шүүгдэгч О.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон болох нь 2022 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэл болон шүүх хуралдааныг завсарлуулах тухай шүүгчийн захирамж /хх 96/, 2022 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн шүүх хуралдааны тэмдэглэл /хх 101/, шийтгэх тогтоол, прокурорын тайлбар зэргээр тус тус тогтоогдож байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүхийн шийдвэрт үг, үсэг, тоо, тооцооны зэрэг техникийн шинжтэй гарсан алдааг залруулах талаар улсын яллагчийн санал, шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч хүсэлт шүүхэд гаргаж, эсхүл шүүх өөрийн санаачилгаар залруулж болно.” гэж заасны дагуу шийтгэх тогтоолд тоо, тооцооны техникийн шинжтэй гаргасан дээрхи алдааг залруулахаар залруулга хийлгэх боломжтой болохыг прокуророос цаашид анхаарвал зохино.    

Иймд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 2022/ШЦТ/394 дугаартай шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулж, прокурор Г.Түвшинбаярын бичсэн 2022 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 27 дугаартай эсэргүүцлийг хүлээн авах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 2022/ШЦТ/394 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б500 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.” гэснийг “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б500 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.” гэж өөрчилсүгэй.

2. Прокурор Г.Түвшинбаярын бичсэн 2022 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 27 дугаартай эсэргүүцлийг хүлээн авч, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй. 

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг болохыг дурдсугай.

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ж.ЭРДЭНЭЧИМЭГ              

           

 

                        ШҮҮГЧ                                                             Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

 

 

                        ШҮҮГЧ                                                            Б.АРИУНХИШИГ