| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Г.Төрболд |
| Хэргийн индекс | 183/2024/03466/И |
| Дугаар | 183/ШШ2024/03184 |
| Огноо | 2024-08-02 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 08 сарын 02 өдөр
Дугаар 183/ШШ2024/03184
2024 оны 08 сарын 02 өдөр Дугаар 183/ШШ2024/03184 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Төрболд даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, ** дүгээр хороо, ** мянгат, Энхтайван хотхон, ** байр ** тоотод оршин суух хаягтай ********* овогт В.М (РД:**************)-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүрэг, ** дугаар хороо, KH апартмент ** байр, ** тоотод оршин суух хаягтай ******* овогт Г.Б (РД:***********)-нд холбогдох
Гэрлэлт цуцлуулах, Б.Б*******, Б.Е*******, Б.Т*******, Б.Д*******, Б.Х******* нарыг өөрийн асрамжид авч, тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч В.М*******,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.З*******,
Хариуцагч Г.Б*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Түмэндэмбэрэл нар оролцов.
Нэхэмжлэлийг 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авав.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч нь хариуцагчид холбогдуулан гэрлэлт цуцлуулах, Б.Б*******, Б.Е*******, Б.Т*******, Б.Д*******, Б.Х******* нарыг өөрийн асрамжид авч, тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлээ: Г.Б*******тэй 2006 онд танилцаж, хамт амьдарч 20** оны 04 дүгээр сарын 12-ны өдөр охин Б.Б*******г төрүүлж, 20** оны 05 дугаар сарын 14-ний өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн. 20** оны 08 дугаар сарын 08-ны өдөр охин Б.Е*******, 20** оны 12 дугаар сарын 04-ний өдөр хүү Б.Т*******, 20** оны 06 дугаар сарын 08-ны өдөр хүү Б.Д*******, 20** оны 01 дүгээр сарын 28-ны өдөр охин Б.Х******* нар төрсөн. Г.Б*******тэй гэр бүл болсноос хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд зан харилцаа, үзэл бодол, хувь хүний хандлага, удаа дараа гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэж байсан зэрэг олон зүйл дээр таарч тохирохгүй маргалддаг байсан ба хүүхдүүддээ болон надад байнгын бие махбоди, сэтгэл зүйн хүчирхийлэл үйлдэж ирсэн. Үүнээс үүдэн хүүхдүүд маань сэтгэл зүй нь аавыгаа харах төдий айж, байнгын сэтгэл түгшилтэй айдастай болж, зан харилцаа, өөртөө итгэх итгэл, сурлага хүмүүжил, хүн болж төлөвшихөд нь сөргөөр нөлөөлж, сүүлийн 10 гаруй жил гэр бүлийн халуун дулаан уур амьсгал үгүй болж, байнгын хэрүүл маргаан, хүчирхийлэл дунд хүүхдүүд маань өсөж торниж байгаад маш их харамсаж, ирээдүйд нь санаа зовинож буй учир 20** оны 03 дугаар сараас эхлэн 6 хүүхэдтэйгээ хамт өнөөдрийг хүртэл байр түрээсэлж тусдаа амьдарч байна гэж тодорхойлжээ.
2.Зохигч талууд 20** оны 07 дугаар сарын 29-ний өдөр байгуулсан эвлэрлийн гэрээндээ: “…Гэрлэгчдийн дундаас төрсөн Б.Б*******, Б.Е*******, Б.Т*******, Б.Д*******, Б.Х******* нарыг эх В.М*******гийн асрамжид үлдээхийг талууд хүлээн зөвшөөрч харилцан тохиролцлоо. Нэхэмжлэгч В.М*******гийн нэхэмжлэлийн шаардлагад дурдсан Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, **-р хороо, KH апартмент * байр, * давхарт ** тоот орон сууц, зуслангийн газар байшин /Улаанбаатар хот, **** дүүрэг, **-р хороо, *** байрлах зуслангийн газар болон байшин/ уг эд хөрөнгүүдийг өөрт болон хүүхдүүдэд ногдох хэсгийг авахаас татгалзаж, эд хөрөнгийн маргаангүй болохыг албан ёсоор баталгаажуулж байна... орон сууц өнөөдрийн байдлаар үлдэгдэл нийт 190,000,000 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байгаа бөгөөд цаашид орон сууцны үндсэн зээл, хүү, алданги төлөх үүргийг хариуцагч Г.Б******* төлж, орон сууцыг өөрийн эзэмшилд байлгахаар талууд тохиролцлоо. Хариуцагч нь Б.Б*******, Б.Е*******, Б.Т*******, Б.Д*******, Б.Х******* нарт хуульд заасан хэмжээгээр тэтгэлэг тогоолгохыг хүлээн зөвшөөрч байгаа болно…” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хүүхдийн асрамж, тэтгэлэг, гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаарх зохигчийн эвлэрлийг баталж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
2.Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болон талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.
2.1.Нэхэмжлэгч В.М*******, хариуцагч Г.Б******* нар нь 20** онд танилцаж, 20** оны 05 дугаар сарын 14-ний өдөр иргэний бүртгэлийн байгууллагад гэрлэлтээ бүртгүүлсэн, тэднийг хамтран амьдрах хугацаанд 20** оны 04 дүгээр сарын 12-ны өдөр охин Б.Б*******, 20** оны 08 дугаар сарын 08-ны өдөр охин Б.Е*******, 20** оны 12 дугаар сарын 04-ний өдөр хүү Б.Т*******, 20** оны 06 дугаар сарын 08-ны өдөр хүү Б.Д*******, 20** оны 01 дүгээр сарын 28-ны өдөр охин Б.Х******* нар төрсөн болох нь зохигчдын тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан гэрлэсний бүртгэлийн лавлагаа, хүүхдийн төрсний бүртгэлийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар зэргээр тогтоогдож байна.
3.Зохигч талууд хүүхдүүд болох Б.Б*******, Б.Е*******, Б.Т*******, Б.Д*******, Б.Х******* нарыг эх В.М*******гийн асрамжид үлдээж, эцэг нь Г.Б******* нь хуульд заасан хэмжээгээр тэтгэлэг төлөх, нэхэмжлэгч нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болох Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, **-р хороо, KH апартмент * байр, * давхарт ** тоот орон сууц, Улаанбаатар хот, ***** дүүрэг, **-р хороо, ***** байрлах зуслангийн газар болон байшингаас өөрт болон хүүхдүүдэд ногдох хэсгийг авахаас татгалзаж, уг орон сууцны зээлийн үлдэгдэл төлбөр нийт 190,000,000 төгрөг, түүний хүү, алдангийг хариуцагч Г.Б******* төлж, орон сууцыг өөрийн эзэмшилд байлгахаар харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулсан нь Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт “Гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний асрамжид үлдээх, түүнийг болон хөдөлмөрийн чадваргүй эхнэр, нөхрөө тэжээн тэтгэх, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө хуваах тухайгаа бие даан, эсхүл эвлэрүүлэн зуучлалын журмаар харилцан тохиролцож болно” гэж заасанд нийцжээ.
4.Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар хүүхдийн тэтгэлэг, гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг хуваах талаар харилцан тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
5.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт “Эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ”, 26.6 дахь хэсэгт “... эцэг эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглоно” гэж заасны дагуу эх В.М******* нь охин Б.Б*******, Б.Е*******, Б.Т*******, Б.Д*******, охин Б.Х******* нарыг эцэг Г.Б*******тэй уулзуулах нөхцөлөөр хангах үүрэгтэйг тайлбарлах нь зүйтэй.
6.Гэр бүлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3 дахь хэсэгт “Гэрлэгчид нь бие биедээ үнэнч байх, хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, гэр бүлийн гишүүд нь бие биеэ халамжлах, хүндэтгэх, тэжээн тэтгэх, туслах, гэр бүлд шаардагдах эдийн засгийн нөхцөлийг бүрдүүлэх, хэн нэгнийхээ эрхийг зөрчихгүй, бие биеэ аливаа хэлбэрээр хүчирхийлэхгүй байх, угийн бичиг хөтлөх үүргийг адил хүлээнэ” гэж зааснаар хариуцагч Г.Б******* нь хэн нэгнийхээ эрхийг зөрчихгүй, бие биеэ аливаа хэлбэрээр хүчирхийлэхгүй байх үүрэгтэй болохыг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар Барнууд овогт Г.Б, В.М нарын гэрлэлтийг цуцласугай.
2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар 2007 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр төрсөн охин Б*******гийн Б*******, 20** оны 08 дугаар сарын 08-ны өдөр төрсөн охин Б*******гийн Е*******, 20** оны 12 дугаар сарын 04-ний өдөр төрсөн хүү Б*******гийн Т*******, 20** оны 06 дугаар сарын 08-ны өдөр төрсөн хүү Б*******гийн Д*******, 20** оны 01 дүгээр сарын 28-ны өдөр төрсөн охин Б.Х нарыг эх В.М*******гийн асрамжид үлдээсүгэй.
3.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 20** оны 01 дүгээр сарын 28-ны өдөр төрсөн охин Б.Х*******г 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 20** оны 12 дугаар сарын 04-ний өдөр төрсөн хүү Б.Т, 20** оны 06 дугаар сарын 08-ны өдөр төрсөн хүү Б.Д, 20 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр төрсөн охин Б.Х нарыг 11-16 нас хэрэв суралцаж байгаа бол 18 нас хүртэл, 20** оны 04 дүгээр сарын 12-ны өдөр төрсөн охин Б.Б, 20** оны 08 дугаар сарын 08-ны өдөр төрсөн охин Б.Е нар нь суралцаж байгаа бол 18 нас хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тус тус тэтгэлэг тогтоож, сар бүр эцэг Г.Б*******гээр тэжээн тэтгүүлсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар гэрлэгчдийн дундаас төрсөн Б.Б*******, Б.Е*******, Б.Т*******, Б.Д*******, Б.Х******* нарыг эх В.М*******гийн асрамжид үлдээж, хуульд заасан тэтгэлгийг эцэг Г.Б******* төлөх, нэхэмжлэгч нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болох Хан-Уул дүүрэг, ** дугаар хороо, КН апартмент, ** байр, * дугаар давхар, ** тоот хаягт байрлах Г.Б*******гийн өмчлөлийн 4 өрөө орон сууцнаас өөрт болон хүүхдүүдэд ногдох хэсгийг гаргуулах шаардлагаас татгалзаж, тус орон сууцны зээлийн үлдэгдэл төлбөрийг цаашид Г.Б******* хариуцан төлөхөөр харилцан тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
5.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.4, 26.6 дахь хэсэгт зааснаар В.М*******, Г.Б******* нар нь хойшид хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх ба хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглосугай.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч В.М*******гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Б*******гээс 35,100 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
7.Гэр бүлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт зааснаар гэрлэлтээ цуцлуулсан хүмүүс эвлэрснээ хамтран илэрхийлж, өөр хүнтэй гэрлээгүй бол гэрлэлтээ сэргээж болохыг дурдсугай.
8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ТӨРБОЛД