Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 13 өдөр

Дугаар 318

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж8 хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Б овогт Н-ийн Н.С-т холбогдох эрүүгийн 1710000000163 дугаартай хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Улсын яллагч С.Болорчулуун, шүүгдэгч Н.С- нарыг оролцуулан, нарийн бичгийн дарга Д.Чойжилсүрэн шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1994 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Увс аймгийн Зүүнговь суманд төрсөн, эрэгтэй, 23 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “АПУ” ХХК-ийн спиртийн үйлдвэрт ачигч ажилтай, Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, ****** тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Б овогт Н-ийн С,  

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/

 

Шүүгдэгч Н.С- нь 2017 оны 09 сарын 24-ний өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг 19-ын автобусны буудлын баруун талын явган хүний зам дээр Б.Ж-ыг цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлаад

                                                   

                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Н.С- нь өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй шүүх хуралдаанд оролцох хүсэлтээ бичгээр гаргасан тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэг болон Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт зааснаар түүний “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь шүүх хангасан болохыг тэмдэглэв. 

 

1.  Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.С-ын өгсөн:  

“...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж ярих зүйлгүй. Хохирогчид хохирол төлбөрийг төлсөн, согтуугаар гудамж талбайд зохисгүй үйлдэл гаргасан нь миний буруу. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байна. Одоо би “АПУ” ХХК-ийн спиртийн үйлдвэрт ажиллаж байгаа. Сарын цалин 500.000-600.000 төгрөг байдаг...” гэсэн мэдүүлэг,

 

Эрүүгийн 1710000000163 дугаартай хэргээс:

 

1. Хохирогч Б.Ж-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“...Би 2017 оны 09 сарын 24-ний өдөр 17:00 цагийн орчим Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 19-ийн хүрэл хөшөөтэй автобусны буудлын баруун талын явган хүний замаар 6 болон 3 насны хоёр зээ охиноо хөтлөөд явж байхад үл таних 20-25 орчим насны залуу явган хүний зам дээр өөдөөс хараад шээгээд зогсож байхаар нь очоод “чи шээхээ болиоч ээ” гэж хэлсэн чинь “өө уучлаарай ахаа” гэж хэлснээ,  нүүр лүү нэг удаа гараараа цохисон. Тэгэхээр нь би биеэ хамгаалж цохих гэж оролдсон.

Тэгсэн тэр залуу намайг дахин цохих гэхээр нь би хоёр гарыг нь барьж авахад нөгөө залуу “за за, та миний аав шиг хүн байна, би цохихгүй” гэж хэлэхээр нь би гарыг нь тавьсан чинь шууд баруун гараараа нэг удаа нүүр лүү цохиход нь би газар унасан. Тэр замаар явж байсан хүмүүс “болиоч” гэж хэлсэн чинь зугтаад явчихсан. Тэгээд би араас нь явж байгаад цагдаад дуудлага өгсөн. Одоогоор миний биед хоёр шүд хөдөлчихсөн, хамар хөндүүртэй зэрэг гэмтэл учирсан байна...” гэсэн мэдүүлэг /хэргийн 7-9х/,

 

2. ШШҮХ-ийн шинжээчийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 12171 тоот дүгнэлтэд:

1. Б.Ж-ын биед буйланд цус хуралт, 2 шүдний сулрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ.

3. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заагдсанаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.

5. Дээрхи гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна.” гэсэн дүгнэлт /хэргийн 12х/,

 

3. Шүүгдэгч Н.С-ын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн:

“...2017 оны 09 сарын 23-нд манай ажлын газрын хүмүүс Тэрэлж рүү салхинд гараад, маргааш нь буюу 24-ний өдөр Улаанбаатар хотод ирсэн. Ирэхдээ би нилээд уучихсан согтуу байсан. Ингээд Тэрэлж явсан автобус нь 19-н автобусны буудал дээр ажлын хүмүүсийг буулгасан. Тэгээд би 19-н автобусны буудлын баруун талын явган хүний зам дагуу мод руу шээж байсан чинь нэг ах, 2 хүүхэд хөтөлчихсөн хүрч ирээд надад уурлаад “чи болилдоо, хаана шээгээд байгаа юм бэ” гэж надад шаардлага тавьсан. Тэгэхээр нь би өнөөх ахад “би одоо дууслаа” гэж хэлээд шээж дуусаад эргээд хартал нөгөө ах явалгүй намайг загнаад байсан.

Тэгж байснаа миний нүүр лүү гараараа нэг удаа цохисон. Тэгэхээр нь би өнөөх ахыг гараараа түүний нүүр орчим газар нь цохисон. Тэрнээс хойш болсон асуудлыг санахгүй байна. Гэм буруугаа ойлгож байна...” гэсэн мэдүүлэг /хэргийн 19-20х/ зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.   

 

Шүүгдэгч Н.С- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч Б.Ж- нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй талаарх хүсэлтээ тус тус прокурорын хяналтын шатанд гаргаж, шүүгдэгч нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг Прокурорын 2017 оны 11 сарын 08-ны өдрийн 63 дугаартай тогтоолоор хүлээн авч ханган, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд ирүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, зохицуулалтад нийцсэн байна. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн оролцогч талуудын эрхийг хязгаарласан болон зөрчсөн зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлууд тогтоогдсон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэрэгт цугларсан нотлох баримтад үнэлэлт дүгнэлт өгч хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ. 

 

Шүүгдэгч Н.С- нь 2017 оны 9 сарын 24-ний өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг 19-н автобусны буудлын баруун талын явган хүний зам дээр хууль ёсны шаардлага тавьсан иргэн Б.Ж-ыг эсэргүүцэн цохиж, түүний биед “буйланд цус хуралт, 2 шүдний сулрал” бүхий хөнгөн гэмтэл учруулсан болох нь  хохирогч Б.Ж-ын мэдүүлэг, ШШҮХ-ийн шүүх эмнэлгийн шинжээчийн 12171 тоот дүгнэлт, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэпүүлсэн мэдүүлэг зэрэг шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан, хэрэгт авагсан нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

Хан-Уул дүүргийн Прокуророос Н.С- нь хохирогч Б.Ж-ыг зодож биед нь “буйланд цус хуралт, 2 шүдний сулрал” бүхий хөнгөн гэмтэл учруулсан гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан байна.

 

Энэ хэргийн хохирогч Б.Ж- нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй  тухай хүсэлтээ илэрхийлсэн /хэргийн 34х/ тул шүүгдэгч Н.С-ыг гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршигт тооцож төлөх төлбөргүй гэж дүгнэв.  

 

Шүүгдэгч Н.С- нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болно.

 

Иймд шүүгдэгч Н.С-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд тооцож, улсын яллагчаас гаргасан саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ял оногдуулж шийдвэрлэв. 

 

Энэ хэрэгт Н.С- нь цагдан хоригдоогүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчээс гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөр байхгүй, хохирогч Б.Ж- нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг болон шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус шийтгэх тогтоолд дурьдаж шийдвэрлэх нь зүйтэй.     

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг,  36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон                                              

 

ТОГТООХ нь:

 

1. Б овогт Н-ийн С-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Н.С-ыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгж буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт тус тус зааснаар Н.С- нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 /ер/ хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

4. Энэ хэрэгт Н.С- нь цагдан хоригдоогүй, эрүүгийн хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, хохирогч Б.Ж- нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус тэмдэглэсүгэй.

 

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, хохирогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан, эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

6. Эрх бүхий этгээд шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд ялтан Н.С- урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.  

 

 

 

 

 

             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             С.БАЗАРХАНД