Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 2022/ДШМ/626

 

 

 

 

        2022           6             16                                    2022/ДШМ/626

 

Д.С, П.Э, А.П нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүгч Б.Батзориг, Ш.Бат-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор С.Болорзул,  

шүүгдэгч Д.Сгийн өмгөөлөгч Б.Батцэнгэл,

шүүгдэгч Д.С, А.П нарын өмгөөлөгч Б.Б,

шүүгдэгч П.Эы өмгөөлөгч Т.Мөнхтуяа,

нарийн бичгийн дарга Т.Цэрэнсоном нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж, шүүгч А.Алтанхуяг, Ц.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2022 оны 4 дүгээр сарын 7-ны өдрийн 48 дугаартай шүүхийн тогтоолыг эс зөвшөөрч прокурор С.Болорзулын бичсэн 2022 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 26 дугаартай прокурорын эсэргүүцлээр шүүгдэгч Д.С, П.Э, А.П нарт холбогдох 1902000000217 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 5 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч Ш.Бат-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.      

1. Д.С нь ганцаараа үргэлжилсэн үйлдлээр:

1. 2016 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт "Э" ББСБ-д барьцаанд тавих зорилгоор 00-88 УБВ улсын дугаартай Тоёото ланд крузер-200 загварын автомашины хуурамч гэрчилгээ ашиглаж, 20.000.000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулан залилан  18.730.000 төгрөгийн хохирол учруулсан,

2. 2015 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр Сонгинохайхан дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 1 дүгээр хорооллын 14 дүгээр байрны 224 тоот 4 өрөө орон сууцны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг хуурамчаар үйлдэн ашиглаж, Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт "М" ХЗХ-д барьцаанд тавьж 20.000.000 төгрөг залилсан,

3. 2015 оны 7 дугаар сард Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Хангарьд ордны гадаа "Нийслэлийн автозамын газраас захиалсан 560 сая төгрөгийн төсөвтэй замын нөхөөсний ажил байна, урьдчилгаа мөнгө өгсөн хүнд ажил авч өгч чадна" гэж хуурч мэхлэх аргаар хохирогч И.Дгаас 13.000.000 төгрөг залилсан,

4. 2016 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр хуурамч тээврийн хэрэгслийн гэрчилгээгээр 00-88 УБВ улсын дугаартай Ланд Круйзер-20 загварын автомашиныг “Д” ББСБ-д барьцаалж 15.000.000 төгрөгийг залилсан,

5. 2017 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр иргэн Б.Мянганбаярын өмчлөлийн Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт орших 44/1 дүгээр байрны 32 тоот 2 өрөө орон сууцыг давхар түрээслэж иргэн А.Быг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 13.000.000 төгрөг залилсан,

6. 2016 оны 12 дугаар сарын 9-нөөс 28-ны өдрийн хооронд Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Н.Мд “Ногоон төгөл” хотхоны 73 дугаар байрны 50 тоот 2 өрөө орон сууцыг өөрийн эзэмшлийн байр гэж худал хэлж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож 23.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

7. Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Ханын материалын эцэст баригдаж буй Хайрхан хотхонд байрны захиалга авч байна гэж хохирогч Б.Сыг хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан хуурамч гэрээ байгуулан 2015 оны 08 дугаар сарын 05-ны өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 20.425.000 төгрөг, мөн 2016 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр 3.400.000 төгрөгийг тус тус шилжүүлэн авч залилан  нийт 23.825.000 төгрөгийн хохирол учруулсан,

8. 2018 оны 5 дугаар сарын 9-нөөс 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл хугацаанд Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, ‘'Хоймор" төвийн байрны 405 тоот өрөөг түрээслэн “Кореа Хаппи трейвэл” гэх визний зуучлалын компани байгуулан Бүгд найрамдах Солонгос улс руу аяллаар явах виз гаргаж өгнө гэж хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж:

- хохирогч Ч.Оээс 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдөр 3.000.000 төгрөг,

-  хохирогч Ж.Ааас 2018 оны 6 дугаар сарын 10-ны өдөр 2.000.000 төгрөг,

- хохирогч Н.Өээс 2018 оны 5 дугаар сарын 15-ны өдөр 3.000.000 төгрөг,

- хохирогч Л.Дгаас 2018 оны 5 дугаар сарын 8-ны өдөр 3.000.000 төгрөг,

- хохирогч Б.Лас 2018 оны 6 дугаар сарын 5-ны өдөр 2.800.000 төгрөг,

- хохирогч Н.Дгээс 2018 оны 5 дугаар сарын 20-ны өдөр 3.000.000 төгрөг,

- хохирогч С.Паас 2018 оны 5 дугаар сарын 11-ний өдөр 3.000.000 төгрөг,

- хохирогч Э.Бгээс 2018 оны 5 дугаар сарын 13-ны өдөр 3.000.000 төгрөг,

- хохирогч Г.Өаас 2018 оны 5 дугаар сарын эхээр 3.000.000 төгрөг,

- хохирогч Б.Эаас 2018 оны 5 дугаар сарын 10-ны өдөр 3.000.000 төгрөг,

- хохирогч Б.Бгаас 2018 оны 5 дугаар сарын 11-ний өдөр 3.000.000 төгрөг,

- хохирогч Т.Цоос 2018 оны 5 дугаар сарын 15-ны өдөр 3.000.000 төгрөг,

- хохирогч А.Эоос 2018 оны 5 дугаар сарын 15-ны өдөр 3.000.000 төгрөг,

- хохирогч Ч.Роос 2018 оны 5 дугаар сарын 15-ны өдөр 3.000.000 төгрөг,

- хохирогч Р.Лоос 2018 оны 5 дугаар сарын 20-ны өдөр 3.000.000 төгрөг,

- хохирогч Б.Цаас 2018 оны 5 дугаар сарын 8-ны өдөр 3.000.000 төгрөг,

- хохирогч Б.Оаас 2018 оны 5 дугаар сарын 20-ны өдөр 3.000.000 төгрөг,

- хохирогч Д.Даас 2018 оны 5 дугаар сарын 12-ны өдөр 3.000.000 төгрөг,

- хохирогч Ц.Баас 2018 оны 5 дугаар сарын 10-ны өдөр 3.000.000 төгрөг,

- хохирогч Э.Маас 2018 оны 6 дугаар сарын 10-ны өдөр 2.800.000 төгрөг,

- хохирогч Г.Уаас 2018 оны 5 дугаар сарын эхээр 3.000.000 төгрөг,

- хохирогч З.Чгаас 2018 оны 5 дугаар сарын эхээр 3.000.000 төгрөг,

- хохирогч Э.Оаас 2018 оны 5 дугаар сарын эхээр 3.000.000 төгрөг,

- хохирогч О.Цгаас 2018 оны 5 дугаар сарын сүүлээр 3.000.000 төгрөг,

- хохирогч Т.Бгаас 2018 оны 5 дугаар сарын 9-ний өдөр 3.000.000 төгрөг,

- хохирогч Ж.Згаас 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдөр 3.000.000 төгрөг,

- хохирогч Т.Гаас 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдөр 3.000.000 төгрөг,

- хохирогч М.Өаас 2018 оны 5 дугаар сарын 16-ны өдөр 3.000.000 төгрөг,

- хохирогч А.Нээс 2018 оны 6 дугаар сарын сүүлээр 3.000.000 төгрөг,

- хохирогч А.Бгаас 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдөр 3.000.000 төгрөг,

- хохирогч Э.Огээс 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдөр 3.000.000 төгрөг,

- хохирогч Э.Эгаас 2018 оны 5 дугаар сарын 15-ны өдөр 3.000.000 төгрөг,

- хохирогч Ж.Соос 2018 оны 5 дугаар сарын 15-ны өдөр 3.000.000 төгрөг,

- хохирогч Б.Бээс 2018 оны 5 дугаар сарын 15-ны өдөр 3.000.000 төгрөг,

- хохирогч Б.Нээс 2018 оны 5 дугаар сарын 15-ны өдөр 3.000.000 төгрөг,

- хохирогч Н.Эаас 2018 оны 5 дугаар сарын 15-ны өдөр 3.000.000 төгрөг,

- хохирогч Д.Эаас 2018 оны 5 дугаар сарын 11-ний өдөр 3.000.000 төгрөг,

- хохирогч Б.Агаас 2018 оны 5 дугаар сарын 22-ны өдөр 3.000.000 төгрөг,

- хохирогч Д.Маас 2018 оны 6 дугаар сарын 8-ны өдөр 3.000.000 төгрөг,

- хохирогч Э.Жаас 2018 оны 5 дугаар сарын 20-ны өдөр 3.000.000 төгрөг,

- хохирогч Ц.Баас 2018 оны 5 дугаар сарын 10-ны өдөр 3.000.000 төгрөг,

- хохирогч Б.Баас 2018 оны 5 дугаар сарын 10-ны өдөр 3.000.000 төгрөг,

- хохирогч Б.Маас 2018 оны 5 дугаар сарын 15-ны өдөр 3.000.000 төгрөг,

9. 2016 оны 6 дугаар сарын 24-ний өдөр Т.У, Д.С, Ё.Ц нар нь “Д” ХХК-ийн захирал Бөөс “түлш авах уу” гэж хуурч мэхлэн худал хэлж итгүүлэн “У” ХХК-ны Голомт банкны 1185002851 дугаарын данс руу түлшний мөнгө гэж 58.622.400 төгрөгийг Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Голомт банкны Шинжлэх ухаан технологийн тооцооны салбараар дамжуулан авч залилсан,

Ё.Цтай бүлэглэн, үргэлжилсэн үйлдлээр:

1. 2013 оны 10 дугаар сард Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт "банкны зээл чөлөөлж өгнө" гэсэн зарын дагуу холбогдсон Х.Гийн 5.000.000 төгрөгийн зээлийг чөлөөлж өгч, нэмж 3.000.000 төгрөгийн зээл өгнө гэж төөрөгдөлд оруулан хуурч хохирогч Х.Гээс түүний барьцаа болгон Баянгол дүүргийн 1 дүгээр хороо 49-68 тоотод байх 70.000.000 төгрөгийн /хохирогч 110.000.000 төгрөгийн үнэлгээтэй гэж маргадаг/ 3 өрөө орон сууцны захиран зарцуулах эрхийг итгэмжлэл хийлгэн авч, бусдад захиран зарцуулж залилсан,

2. 2013 оны 10 дугаар сард хохирогч Х.Гийн өмчлөлийн Баянгол дүүргийн 1 дүгээр хороо 49-68 тоотод байх 3 өрөө орон сууцыг "Г миний нөхөр, энэ байрыг танд барьцаалуулан тавьж зээл авъя" гэж хуурч мэхлэх аргаар иргэн Ц.Эаас 60.000.000 төгрөг залилсан,

3. 2014 оны 7 дугаар сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт Төрийн банкны салбарт "АНУ-ын визэнд орох гэсэн чинь банкны дансанд мөнгө байрлуулах хэрэгтэй байна" гэж иргэн А.Цаас хуурч мэхлэх аргаар 40.000.000 төгрөгийг Д.Сгийн дансанд хийлгэж залилсан,

4. 2014 оны 5 дугаар сард ‘‘хямд үнэтэй шатахуун нийлүүлнэ” гэж Б.Баас хуурч мэхлэх аргаар Хаан банкны дансаар дамжуулан 14.657.200 төгрөгийг залилсан,

5. 2014 оны 2 дугаар сарн 21-ний өдөр зээлийн болон барьцааны гэрээ байгуулан Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, 14 дүгээр байрны 224 тоот 4 өрөө орон сууцны Ү-2201008099 улсын бүртгэлийн гэрчилгээг хуурамчаар үйлдэн зохиомол байдлыг зориудаар бий болгон, хохирогч О.Дг хуурч, зээлийн болон барьцааны гэрээгээр халхавчлан хуурч мэхлэх аргаар 30.000.000 төгрөг залилсан,

6. хохирогч О.Гд хямд үнээр шатахуун нийлүүлнэ гэж итгэлийг нь олж, эхний ээлжний түлшийг нийлүүлэн, үлдэгдэл түлшийг нийлүүлэхгүй алдагдалд орсон гэж төлөхөөс зайлсхийн 2016 оны 6 дугаар сарын 6-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах "Дорны-Их транс" ХХК-ний дансаар 29.755.000 төгрөг шилжүүлэн авч залилсан,

М.Гтэй бүлэглэн, үргэлжилсэн үйлдлээр:

1. 2011 оны 11 дүгээр 10-ны өдөр хохирогч Д.Дд хуурамч газар эзэмших гэрчилгээ барьцаанд тавьж зээлэх нэрийдлээр 3.500.000 төгрөг, 2014 оны 11 дүгээр сард түүний эзэмшлийн 16-06 УНА улсын дугаартай Тоёото ланд крузер-80 загварын автомашиныг худалдан авна гэж хуурч 19.500.000 төгрөгийн хохирол учруулсан /М.Г нь 3.500.000 төгрөгийг буцаан төлж, 2015 оны Өршөөлийн хуульд хамрагдан тээврийн хэрэгслийг буцаан өгч хохирол төлөгдсөн/,

2. 2011 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр иргэн Б.Ад иргэн Д.Дгийн эзэмшлийн 16-06 УНИ улсын дугаартай Тоёото Ланд крузер-80 загварын автомашиныг хуурамч худалдах, худалдан авах гэрээгээр халхавчлан давхар худалдах худалдан авах гэрээ хийж, уг автомашиныг Бу.Ад 14.500.000 төгрөгөөр зарж залилсан /М.Г нь 4.000.000 төгрөгийг буцаан төлж, 2015 оны Өршөөлийн хуульд хамрагдсан/,

3. 2011 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр М.Гтэй бүлэглэн "Б" ББСБ-д хохирогч Д.Дгийн эзэмшлийн 16-06 УНИ улсын дугаартай Ланд крузер-80 загварын автомашиныг хуурамч худалдах, худалдан авах гэрээгээр халхавчлан бусдад барьцаалан залилан  6.000.000 төгрөгийн хохирол учруулсан /М.Г нь 3.000.000 төгрөгийг буцаан төлж, 2015 оны Өршөөлийн хуульд хамрагдсан/,

И.Дтай бүлэглэн, үргэлжилсэн үйлдлээр:

1. 2015 оны 6 дугаар сарын 18-ны өдөр Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Голомт хотхоны нотариат дээр Ө.А, Д.Д нарт "авто замын ажил олж өгнө" гэж итгэл үнэмшил төрүүлэн хохирогч Д.Даас 15.900.000 төгрөгийг залилан  авсан,

С.БС.Т нартай бүлэглэн, үргэлжилсэн үйлдлээр:

1. 2015 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 136 дугаар байрны 8 тоот орон сууцны гэрчилгээг зээлийн барьцаанд тавих зорилгоор хуурамч итгэмжлэл үйлдэн Б.Уын нэр дээр шилжүүлэн, улмаар өөрийгөө Б.Уа нэрээр танилцуулан иргэн Ц.У Ишээс 40.000.000 төгрөгийн зээлийн гэрээгээр халхавчлан залилсан,

С.Ттай бүлэглэн, үргэлжилсэн үйлдлээр:

1. С.Т нь өөрийгөө Солонгос улсын виз гаргадаг ажил эрхэлдэг, Д.Сг элчин сайдын яаманд ажилладаг гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож 2016 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах нотариатын газарт зээлийн гэрээгээр халхавчлан "Солонгос улсын виз гаргаж өгнө" гэж итгүүлэн Б.Эгаас 2.500.000 төгрөг, Б.Төрсайхан, Б.Эрдэнэбилэг нараас 2.020.000 төгрөг залилан  нийт 4.520.000 төгрөгийн хохирол учруулсан,

А.Птай бүлэглэн, үргэлжилсэн үйлдлээр:

1. Монгол банкнаас зээл гаргуулж өгнө хэмээн Д.Лдоржийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 2017 оны 4 дүгээр сарын 18-ны өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр хүртэлх хугацаанд нийт 97.000.000 төгрөгийг бэлнээр болон дансаар авч залилсан,

Д.Этай бүлэглэн, үргэлжилсэн үйлдлээр:

1. хохирогч П.Гантогтохыг “Буянт-Ухаа” 2 хороололд түрээсийн байранд оруулж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 2019 оны 6 дугаар сарын 17-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, Урт цагаан худалдааны төвийн замын урд байрлах нотариатаар орж, 7.000.000 төгрөгийг зээлийн гэрээ байгуулан, Хаан банкны дансаар 5.000.000 төгрөг, бэлнээр 2.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилж нийт 7.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

2. Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “Нийслэлийн орон сууцны корпораци нь бүх ажилчдадаа орон сууц өгсөн, орон сууцтай хүмүүс нь эрхийн бичгээ зарж байгаа юм” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож, бусдыг төөрөгдөлд оруулж хохирогч С.Эаас 2019 оны 8 дугаар сарын 30-ны өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 2-ны өдрийг хүртэл нийт 80.500.000 төгрөгийг бэлнээр шилжүүлэн авч залилсан,

Б.У, М.Ичинхорлоо нартай бүлэглэн, үргэлжилсэн үйлдлээр:

1. "Г" ХХК-ийн захирал Д.Цт 128.000 литр түлш худалдахаар 2016 оны 7 дугаар сарын 8-ны өдөр тохирч, түүнээс урьдчилгаа 17.500.000 төгрөгийн төлбөрийг Хаан банкны дансаар авсаны дагуу 14.000 литр түлш нийлүүлэн итгэл олж, 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдөр "түлш хямд үнээр зарна" гэж хуурч мэхлэх аргаар Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооллын Хас банкны дансаар 70.000.000 төгрөг шилжүүлэн авч, дангаараа болон бусадтай бүлэглэж, нэр бүхий 67 хохирогчоос үргэлжилсэн үйлдлээр хуурч, баримт бичиг ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, бусдад 934.423.000 төгрөг буюу их хэмжээний хохирол учруулж залилсан, энэ гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэрээ болгосон гэмт хэрэгт,

2. П.Э нь Д.Стай бүлэглэн:

1. хохирогч П.Гантогтохыг “Буянт-Ухаа” 2 хороололд түрээсийн байранд оруулж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 2019 оны 6 дугаар сарын 17-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, Урт цагаан худалдааны төвийн замын урд байрлах нотариатаар орж, 7.000.000 төгрөгийг зээлийн гэрээ байгуулан, Хаан банкны дансаар 5.000.000 төгрөг, бэлнээр 2.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилан  нийт 7.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

2. Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “Нийслэлийн орон сууцны корпораци нь бүх ажилчдадаа орон сууц өгсөн, орон сууцтай хүмүүс нь эрхийн бичгээ зарж байгаа юм” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож бусдыг төөрөгдөлд оруулж хохирогч С.Эаас 2019 оны 8 дугаар сарын 30-ны өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 2-ны өдрийг хүртэл нийт 80.500.000 төгрөгийг бэлнээр шилжүүлэн авч, бүлэглэж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, бусдад 87.500.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулж залилсан гэмт хэрэгт,

3. А.П нь Д.Стай бүлэглэн, Монгол банкнаас зээл гаргуулж өгнө хэмээн Д.Лдоржийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж 2017 оны 4 дүгээр сарын 18-ны өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр хүртэлх хугацаанд нийт 97.000.000 төгрөгийг бэлнээр болон дансаар авч, бүлэглэж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, бусдад 97.000.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулж залилсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Д.Сгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар,

П.Эы үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар,

А.Пын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар тус тус зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

Улсын яллагч М.Анхбаяр нь “...шүүгдэгч А.П нь өөр гэмт хэрэгт холбогдон яллагдагчаар татагдаж Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар 2022 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байх тул шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр нэг яллах дүгнэлтийн хүрээнд хэргийг шийдвэрлэх нь ач холбогдолтой тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.18 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар шүүгдэгч А.Пд холбогдох хэргийг тусгаарлан шийдвэрлүүлэх...” саналыг,

мөн шүүгдэгч А.Пын өмгөөлөгч Д.Бнь “...шүүгдэгч А.П нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэгт Эрүүгийн 2111011039488 дугаар хэрэгт яллагдагчаар татагдан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авагдан шалгагдаж байгаа. Энэ нь нэг төрлийн гэмт хэрэг учир шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлэх үүднээс тусгаарлаж шийдвэрлэж өгнө үү...” гэх саналыг тус тус гаргалаа.

Улсын яллагч М.Анхбаяр, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Бнарын гаргасан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.18 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар шүүгдэгч А.Пд холбогдох хэргийг тусгаарлан шийдвэрлүүлэх санал гаргасан боловч шүүгдэгч А.П нь ямар нэг хүндэтгэн үзэх шалтгаанаар шүүх хуралдаанд оролцох боломжгүй болсон нөхцөл байдал тогтоогдоогүй тул түүнд холбогдох хэргийг тусгаарлан шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй гэж шүүх үзлээ.

2022 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийн 2022/ШЗ/55-1 дугаартай Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаас үзэхэд шүүгдэгч А.П нь Чингэлтэй дүүргийн прокурорын газрын тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэгдэж, яллагдагчаар татагдаж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан нь түүний эрх зүйн байдал дордох нөхцөл байдлыг бий болгож байна.

Иймд шүүгдэгч А.Пд холбогдох эрүүгийн хэргүүдийг Эрүүгийн хуулийн хүрээнд түүний эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр нэгтгэн шалгаж, шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 5-д “нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулах”-аар заасан шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Шүүгдэгч А.П нь Д.С нарт холбогдох 1902000000217 дугаар хэрэг мөн Эрүүгийн 2111011039488 дугаар хэргүүдэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ижил төрлийн гэмт хэрэгт холбогдсон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...нэг яллагдагч хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн бол хэргийг нэгтгэж мөрдөн байцаалт явуулж болно” гэж заасны дагуу шүүгдэгч А.Пд холбогдох дээрх хэргүүдийг мөрдөн байцаалтын шатанд бүхэлд нь нэгтгэж мөрдөн шалгах ажиллагаа явуулж,

шүүгдэгч А.Пын үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдлээр хангаж буй эсэхийг шалгаж тогтоосны эцэст шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр шүүгдэгч А.Пд холбогдох хэргийг нэг яллах дүгнэлтийн хүрээнд, нэг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, гэм буруугийн асуудлыг нэг мөр шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй юм.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар шүүгдэгч Д.С, П.Э А.П, нарт холбогдох эрүүгийн 1902000000217 тоот хэргийг Сүхбаатар дүүргийн прокурорын газарт буцааж, хэрэг прокурорт очтол шүүгдэгч Д.С, П.Э, А.П нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Прокурор С.Болорзул бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүхээс "шүүгдэгч А.Пд холбогдох эрүүгийн хэргүүдийг Эрүүгийн хуулийн хүрээнд түүний эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр нэгтгэн шалгаж шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 5-т заасан нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулахаар заасан шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ. .” хэмээн шийдвэрлэснийг эс зөвшөөрч байна.

Учир нь, анхан шатны шүүх нь хэргийн бодит байдлыг хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэн сэргээн тогтоохдоо прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, хэрэгт хамааралтай бүхий л нөхцөл байдлыг үнэлж, дүгнэдэг бөгөөд нотолгооны ач холбогдолтой, хэрэгт хамааралтай баримт нэг бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянах үүрэгтэй юм.

Ийнхүү үнэлж, дүгнэхдээ нотлох баримтуудыг харьцуулах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргыг ашиглах бөгөөд харьцуулсан, магадалсан үндэслэлээс шалтгаалан няцаасан эсхүл баталсан дүгнэлтийг хийдэг бөгөөд анхан шатны шүүх шүүгдэгч Д.С нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ үйл баримтыг бодитой, зөв тогтоогоогүйн улмаас эрх зүйн алдаатай дүгнэлт хийсэн гэж үзэв.

Эрүүгийн хуульд тодорхойлсон гэмт хэргийн бүх шинжийг агуулж буй үйлдэл хийсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг бөгөөд эрүүгийн эрх зүйн онол болон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны практикт гэмт хэргийн шинж гэдэгт тодорхой нийгэмд аюултай үйлдлийг гэмт хэрэг гэж тодорхойлж буй Эрүүгийн хуульд заасан объектив болон субъектив шинжүүдийн нэгдлийг ойлгохоор тодорхойлсон байдаг.

Залилах гэмт хэргийн хувьд гэмт этгээд өөрийн үйлдлийг хууль ёсны гэсэн хуурамч сэтгэгдлийг өмчлөгчид төрүүлж, эд хөрөнгийг нь сайн дурын үндсэн дээр өөртөө шилжүүлэн авдаг бөгөөд ингэхдээ гэмт үйлдлээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө тухайн эд хөрөнгө, түүнийг эзэмших, өмчлөх эрхийг буцааж өгөхгүй байх, хариу төлбөрийг хийхгүй байх санаа зорилгыг агуулдаг байхаар тодорхойлсон.

Өөрөөр хэлбэл, гэмт этгээд бусдыг хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авдаг болно.

Шүүх хэргийн үйл баримтад шүүгдэгч А.П нь Д.С нарт холбогдох 1902000000217 дугаар хэрэг мөн Эрүүгийн 2111011039488 дугаар хэргүүдэд эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 заасан эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ижил төрлийн гэмт хэрэгт холбогдсон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгтнэг яллагдагч хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн бол хэргийг нэгтгэж мөрдөн байцаалт явуулж болногэж заасны дагуу шүүгдэгч А.Пд холбогдох дээрх хэргүүдийг мөрдөн байцаалтын шатанд бүхэлд нь нэгтгэж мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж, гэм буруугийн асуудлыг нэг мөр шийдвэрлэх үндэслэлтэй юм гэжээ.

Гэтэл Эрүүгийн 1902000000217 дугаартай яллагдагч Д.С, А.П, П.Э нарт холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.2 дугаар зүйлд заасны дагуу яллагдагчийг шүүхэд шилжүүлж, Д.С, А.П, П.Э нарыг шүүгдэгчийн эрх, үүргийг хүлээж энэ хүрээнд шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох боломжтой болсон.

Шүүхээс тодорхойлсноор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгтнэг яллагдагч хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн бол хэргийг нэгтгэж мөрдөн байцаалт явуулж болногэж заасан хуулийн зохицуулалтыг хэрэглэх боломжгүй бөгөөд энэ тохиолдолд яллагдагч, шүүгдэгч нарын хэргийг нэгтгэж, шалгах зохицуулалтыг хуульд хуульчилж заагаагүй байна.

Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйл “анхан шатны журмаар хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаан: 1-т Анхан шатны журмаар хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанаар шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг тогтоосны дараа гэм буруутай бол эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх, гэм буруугүй бол цагаатгах асуудпыг шийдвэрлэнэ” гэж заасан бөгөөд шүүх хэргийг хянан хэлэлцэж хэрэгт авагдсан нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргыг ашиглах бөгөөд харьцуулсан, магадалсан үндэслэлээс шалтгаалан няцаасан эсхүл баталсан дүгнэлтийг хийхгүйгээр шүүгдэгчийг яллагдагчаар татсан баримт байхгүй энэ талаар прокурорын шийдвэр тогтоол шинжлэн судлагдаагүй байхад хэргийг хэт ерөнхий дүгнэлт хийж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд нийцээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар яллагдагчаар татах хүн тодорхой бол прокуророос эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах прокурорын шийдвэр гаргаж, мөрдөн шалгах ажиллагаа явуулахаар хуульчилсан.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.34-т зааснаар “прокурорын шийдвэр” гэж прокурорын тухай хуулийн 31.1-д заасныг ойлгохоор заажээ.

Дээрх хуулийн шаардлагад нийцсэн прокурорын шийдвэр анхан шатны шүүхээр хэлэлцэгдээгүй, хэрэгт авагдаагүй, шүүгдэгч А.Пыг прокуророос эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан шийдвэргүй байхад дээрх агуулгаар дүгнэлт хийсэн нь үндэслэл бүхий болоогүй байна.

Мөн анхан шатны шүүх хэргийн бүх нотлох баримтыг шинжлэн судлах энэ нь хууль ёсны үндэслэл бүхий шийдвэр гаргах нөхцөл чухал баталгаа болно. Үүний агуулга нь шүүх хуралдааны явцад нотолбол зохих бүхий л асуудлыг шинжлэн судлах, хэрэгт байгаа бүх нотлох баримтыг шалгаж, нягтлан үзэх, дүгнэлтээ зөвхөн шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хөдөлбөргүй нотлох баримтуудаар үндэслэх цогц ажиллагаа болдог.

Шүүх хуралдаан дээр мөрдөн шалгах ажиллагааны явцад авагдсан шүүгдэгч, хохирогч, гэрчийн болон бусад оролцогчдын мэдүүлгийг зөвхөн хуульд заасан үндэслэл, журмын дагуу уншиж, сонсгодог, нотлох баримтыг иж бүрнээр нь шалгаж буй ажиллагаа юм.

Анхан шатны журмаар хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаан явуулахгүйгээр хэргийг прокурорт буцаасан байдал нь хэт ерөнхий дүгнэж, хэргийг прокурорт буцаасан хуульд нийцээгүй шийдлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Өөрөөр хэлбэл: энэ талаарх шүүхийн шийдвэр нь Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “...шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна...” гэж заасан зохицуулалтад нийцээгүй гэж үзнэ.

Иймд шүүгдэгч Д.С нарт холбогдох эрүүгийн 1902000000217 дугаартай хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн 2022 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 48 дугаартай шүүхийн тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр тус шүүхэд буцаалгахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эсэргүүцэл бичсэн. ...” гэв.

Шүүгдэгч Д.С, А.П нарын өмгөөлөгч Б.Бтус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэргийг прокурорт буцааж, шүүгдэгч А.Пд холбогдох хэргүүдийг нэмж нэгтгэх нь миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлэх учир хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий тогтоол гарсан гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

Шүүгдэгч П.Эы өмгөөлөгч Т.Мөнхтуяа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх хуралдаанд өмгөөлөгч Б.Баас А.П нь өөр гэмт хэрэгт цагдан хоригдсон талаар шүүгчийн захирамжийг гаргаж өгсөн бөгөөд тус шүүх хуралдаанд хэргийн оролцогчид хуульд заасны дагуу хэргийг тусгаарлах, нэгтгэх талаар мэтгэлцсэний үр дүнд анхан шатны шүүхээс хэргийг прокурорт буцааж, А.Пын хэргийг нэгтгэж ирүүлэх нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэсэж шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаж байх тул анхан шатны шүүхийн тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

Шүүгдэгч Д.Сгийн өмгөөлөгч Б.Батцэнгэл тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгчийн зүгээс шүүхийн тогтоолыг үндэслэл бүхий гарсан гэж үзэж байна. Учир нь, шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг үндэслэн хэргийг нэгтгэж мөрдөн шалгах ажиллагаа хийх шаардлагатай гэж үзсэн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно. ...”, 1.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “...Нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулна. ...” гэж тус тус хуульчилсан байна. Шүүгдэгч А.Пд Чингэлтэй дүүргийн прокурорын газраас эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан, цагдан хорисон болох нь шүүгчийн захирамжаар тогтоогдсон. Үүнийг анхан шатны шүүхээс нотлох баримтын хэмжээнд үнэлж “нэгтгэн шалгах нь зүйтэй” гэх дүгнэлтийг хийсэн нь үндэслэлтэй гэж үзэж байна. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...Шүүх гаргах гэж байгаа шийдвэр, яллагдагчийн гэм буруутай эсэх асуудлаар байр суурь, саналаа урьдчилан илэрхийлэх, шүүх, прокурор, өмгөөлөгч, мөрдөгч, шинжээч, мэргэжилтэн хуулийн хүчин төгөлдөр шийдвэр гарах хүртэл яллагдагчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж олон нийтэд мэдээлэхийг хориглоно. ...” гэсэн заалтаас үзэхэд анхан шатны шүүх нэгтгэх, тусгаарлах асуудлыг шийдвэрлэх үедээ тухайн хэргийн талаар байр сууриа илэрхийлэх шаардлагатай болоод байсан. Учир нь, прокурор Н.Анхбаяраас “А.П нь дахин гэмт хэрэгт холбогдсон байх тул хэргийг нэгтгэн шалгах нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлнэ. Иймд шүүгдэгч А.Пд холбогдох хэргийг тусгаарлаж өгнө үү. ...” гэх саналыг гаргасан бөгөөд үүнээс харахад хэрэв нэгтгэж шийдвэрлээгүй тохиолдолд шүүгдэгчийн эрх зүйн байдал дордоно гэдгийг прокурор хүлээн зөвшөөрч байсан. Прокурорын энэ саналын хүрээнд шүүх нэгтгэх, тусгаарлах асуудлыг шийдвэрлэхээр хэргийн оролцогчид санал, хүсэлтээ хэлж байсан бөгөөд энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан шүүх байр сууриа урьдчилан илэрхийлэх нөхцөл байдал үүсэж байна гэж өмгөөлөгчийн зүгээс харж байсан. Тэгээд гэм буруугийн хуралдаан болсон ч гэсэн шүүхээс хэргийг прокурорт буцаах шийдвэр гарах учраас хэргийг урьдчилан шийдвэрлэх шаардлагагүй гэж үзэн хэргийг нэгтгэн шалгуулахаар прокурорт буцааж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд “ялтан” гэж тодорхойлсон бөгөөд анхан шатны шүүхээр хэрэг нь хянан шийдвэрлэгдсэний дараа өөр хэрэг нь илэрсэн, эсхүл дахин гэмт хэрэг үйлдсэн байхыг ойлгоно. Мөн А.Пын тухайд ижил төрлийн гэмт хэрэг үйлдсэн байх бөгөөд Эрүүгийн хуульд ижил төрлийн хэргийг нэг гэмт хэрэг гэж үзнэ гэж зохицуулсан байхад өөр төрлийн гэмт хэрэг байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийг хэрэглэх боломжтой гэж прокурор тайлбарлаж байгаатай санал нийлэхгүй байна. Иймд прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд заасан асуудлуудаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэхэд Д.С, П.Э, А.П нарт холбогдох хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шүүхийн тогтоол үндэслэлтэй болжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй.” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно. ...” гэж тус тус заасан зохицуулалтын хүрээнд мөрдөгч, прокурор хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй.

2022 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийн 2022/ШЗ/55-1 дугаартай Чингэлтэй дүүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаас үзэхэд шүүгдэгч А.П нь Чингэлтэй дүүргийн прокурорын газрын тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэгдэж, яллагдагчаар татагдаж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байх бөгөөд шүүгдэгч А.Пын холбогдсон эдгээр хэргүүд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан нэг төрлийн гэмт хэрэг байх тул тэдгээрийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нэгтгэж шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “...Нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулна. ...” гэх шударга ёсны зарчимд нийцнэ.

Шүүгдэгч А.Пын үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдлээр хангаж буй эсэхийг шалгаж тогтоосны эцэст шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр шүүгдэгч А.Пд холбогдох хэргийг нэг яллах дүгнэлтийн хүрээнд, нэг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, гэм буруугийн асуудлыг нэг мөр шийдвэрлэх нь зүйтэй, энэ талаар дүгнэсэн шүүхийн тогтоол үндэслэлтэй болжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.18 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “...яллах дүгнэлтэд заасан шүүгдэгчийн холбогдох зарим гэмт хэргийг тухайн шүүгдэгч үйлдсэн нь нотлогдоогүй бол. ....”, 1.2 дахь заалтад “...зарим шүүгдэгч хүндэтгэн үзэх шалтгаанаар шүүх хуралдаанд оролцох боломжгүй болсон ба түүнд холбогдох хэргийг тусгаарлаж, хэргийг хянан шийдвэрлэх нь хэргийн байдлыг бүрэн бодитойгоор тогтооход нөлөөлөхөөргүй байвал шүүх эрүүгийн хэргийг тусгаарлах тухай улсын яллагчийн санал, өмгөөлөгчийн хүсэлтийг үндэслэн эрүүгийн хэргийг тусгаарлаж, шүүх хуралдааныг үргэлжлүүлж хэргийг эцэслэн шийдвэрлэнэ. ...” гэж тус тус хуульчилснаас үзэхэд уг хэрэгт дээрх нөхцөл байдлууд тогтоогдохгүй байх тул шүүгдэгч А.Пд холбогдох хэргийг тусгаарлан шийдвэрлэх үндэслэлгүй байна.

Түүнчлэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн, эсхүл шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно. ...” гэж хуульчилснаас үзэхэд энэ нь шүүгдэгчид холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэж, шийтгэх тогтоол гарсны дараа буюу ялтан ялаа эдэлж байх үед өөр гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон байх талаар буюу “ялтан”-д холбогдох зохицуулалт тул эцэслэн шийдвэрлэгдээгүй байгаа уг хэргийн хувьд энэ зохицуулалтыг хэрэглэх хууль зүйн үндэслэлгүй байна.

Иймд прокурор С.Болорзулын бичсэн 2022 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 26 дугаартай прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 7-ны өдрийн 48 дугаартай шүүхийн тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 7-ны өдрийн 48 дугаартай шүүхийн тогтоолыг хэвээр үлдээж, прокурор С.Болорзулын “хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр” бичсэн 2022 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 26 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай

 

 

                                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Б.АРИУНХИШИГ

 

                                  ШҮҮГЧ                                                              Б.БАТЗОРИГ

                                  ШҮҮГЧ                                                              Ш.БАТ-ЭРДЭНЭ