Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 128/ШШ2016/0398

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Оюумаа даргалж тус шүүхийн Б танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: , лол,,, М ХХК,

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, Их тойруу 80/1 тоот хаягт, Худалдан авах ажиллагааны газар,

Гуравдагч этгээд: Сүхбаатар дүүрэг, ,,, О ХХК,

Нэхэмжлэлийн шаардлага: Худалдан авах ажиллагааны газраас зарласан Түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй XIII.1.3. Хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд боловсруулах үйлдвэрийн цэвэрлэх байгууламж /Ховд/ ажлын зураг төсөл боловсруулах, барилга угсралтын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендерт шалгарсан О ХХК-ийг захиалагчтай гэрээ байгуулах эрх олгосон Худалдан авах ажиллагааны газрын 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 1/1968 дугаар зөвлөмжийг хүчингүй болгуулах

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Д, Б.П, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.И, Т.С, С.О, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц, Ө.М, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Ч.Э*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Н******* нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Монгол менежмент төв ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Б******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

...Монгол менежмент төв ХХК нь Худалдан авах ажиллагааны газрын шийдвэртэй санал нийлэхгүй байгаа ба дараах үндэслэлээр уг актыг хүчингүй болгуулахаар энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна.

Үүнд: Тус компани нь 2015 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Худалдан авах ажиллагааны газраас зарласан Түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй XIII.1.3. Хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд боловсруулах үйлдвэрийн цэвэрлэх байгууламж /Ховд/ ХААГ-2015/ХIII.1.3. дугаартай тендерт материалаа бэлтгэн өгч оролцсон. 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн тендерийн нээлтэд О ХХК, Х******* ХХК болон Монгол менежмент Төв ХХК оролцсон. Тендерийн материалыг нээхэд Х******* ХХК-ийн ирүүлсэн тендерийн баталгаа шаардлага хангаагүй байсан.

Худалдан авах ажиллагааны газраас 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр ирүүлсэн 1/1922 тоот албан бичигт үнийн саналын зөрүүгээр манай тендерээс татгалзсаныг мэдэгдсэн. Энэхүү шийдвэртэй санал нийлэхгүй байгаа тухайгаа 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Сангийн яамны Хууль, худалдан авах ажиллагааны бодлогын газрын дарга Э.Хангайд 072/15 тоот албан бичгээр гомдол гаргасан билээ. Уг гомдолд О ХХК-ийн Барилга угсралтын ажлын тусгай зөвшөөрөлтэй холбоотой баримт бичгийг хуурамчаар үйлдсэн гэх үндэслэлийг дараах байдлаар нотолж, тайлбарлаж өгсөн болно. Үүнд:

1. 2015 оны 07 дугаар сарын 19-ний өдөр: О ХХК-ийн Барилга угсралтын ажлын тусгай зөвшөөрөл дууссан огноо. /хавсралт-1/

2. 2015 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр: О ХХК Барилга угсралтын ажлын тусгай зөвшөөрлөө сунгуулах болон нэмэлт ажилбар авах тухай хүсэлтийг Тусгай зөвшөөрөл олгох асуудлаар урьдчилсан дүгнэлт гаргах ажлын хэсэг-ийн 25/15 хуралдааны урьдчилсан дүгнэлтээр дэмжээгүй буцсан болно. /хавсралт-2/

3. 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдөр: О ХХК-ийн барилга угсралтын тусгай зөвшөөрөл сунгуулах нэмэлт ажилбар авах хүсэлтийг дэмжсэн огноо. /хавсралт-3/

4. 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдөр: Тендер хүлээн авсан эцсийн хугацаа.

Нотлох баримт тодорхой байхад бидний гаргасан гомдлыг хянан үзээд Сангийн яам 6/7170 тоот албан бичгээр хариуг ирүүлсэн болно.

Барилгын хөгжлийн төвийн цахим хуудсанд тавигдсан хурлын шийдвэрүүдийг дүгнэхэд О ХХК нь тендерийн материал хүлээн авсан эцсийн хугацааны дараа тусгай зөвшөөрөл авсан нь тодорхой байна. О ХХК Барилга угсралтын ажлын тусгай зөвшөөрлийн дуусах хугацааг засварлаж 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдөр болгон хуурамчаар үйлдэн тендерт оролцсон байна. Мөн тендерт заасан Барилга угсралтын ажлын тусгай зөвшөөрлийн зарим заалтуудыг нөхөн авсан. Тендерт тусгай зөвшөөрөлгүй оролцсон нь батлагдаж байна.

О ХХК-н Барилга угсралтын ажлын тусгай зөвшөөрөл сунгуулах хүсэлтийг тусгай зөвшөөрөл олгох асуудлаар урьдчилан дүгнэлт гаргах ажлын хэсэг-ийн хуралдаанаар дэмжээгүй байхад Барилгын хөгжлийн төвийн 2015 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 2/2375 тоот албан бичиг гаргасан нь хуурамч буюу авилга, ашиг сонирхлын зөрчилтэй байна. Үүнийг бид тендерийн баримт бичиг хуурамчаар үйлдсэн, авилгын үүдэлтэй албан тушаалаа ашиглан гаргасан үйлдэл гэж үзэж байна.

Мөн Сангийн яамнаас ирүүлсэн 6/7170 тоот албан бичигт дахин үнэлгээ хийж сонгон шалгаруулалт хийх үүрэг өгсөн боловч дахин үнэлгээ хийж, зохих хариуг өгөлгүйгээр шууд О ХХК-г шалгаруулсан нь өөрөө зөрчилтэй үйлдэл юм

Иймд Худалдан авах ажиллагааны газраас зарласан Хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд боловсруулах үйлдвэрийн цэвэрлэх байгууламж /Ховд/ Худалдан авах ажиллагааны газрын 2015/XIII.1.3 дугаар бүхий тендерийн 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн болон О ХХК-нд гэрээ хийх эрх олгосон шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа тодруулахдаа: Худалдан авах ажиллагааны газраас зарласан Түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй XIII.1.3. Хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд боловсруулах үйлдвэрийн цэвэрлэх байгууламж /Ховд/ ажлын зураг төсөл боловсруулах, барилга угсралтын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендерт шалгарсан О ХХК-ийг захиалагчтай гэрээ байгуулах эрх олгосон Худалдан авах ажиллагааны газрын 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 1/1968 дугаар зөвлөмжийг хүчингүй болгуулах гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж байна гэв.

Хариуцагч Худалдан авах ажиллагааны газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.О******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

...Захиргааны хэргийн шүүхэд Монгол менежмент төв ХХК-иас тендер шалгаруулалтанд барилга угсралтын ажлын тусгай зөвшөөрөл дууссан О ХХК-ийг шалгаруулсан Худалдан авах ажиллагааны газрын актыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй холбогдуулан уг нэхэмжлэлийг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэн дараах хариу тайлбарыг хүргүүлж байна.

Худалдан авах ажиллагааны газар Монгол Улсын 2014 оны Төсвийн тухай хууль, Засгийн газрын 2015 оны 42 дугаар тогтоолоор батлагдсан Түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй XIII.1.3. Хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд боловсруулах үйлдвэрийн цэвэрлэх байгууламж (Ховд) ажлын зураг төсөл боловсруулах, барилга угсралтын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах төсөл арга хэмжээний тендер шалгаруулалтыг зохион байгуулах үүрэг бүхий Үнэлгээний хороог Худалдан авах ажиллагааны газрын даргын 2015 оны А/73 тушаалаар байгуулж Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу Үнэлгээний хороо 2015 оны 08 дугаар сарын 25-ны өдөр нээлттэй тендер шалгаруулах журмын дагуу зарласан.

Уг тендер шалгаруулалтад оролцохыг сонирхогч этгээдээс гаргасан гомдлын дагуу Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас 2015 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр тендер шалгаруулалтыг түр хугацаагаар түдгэлзүүлэх 1/1004 дугаартай албан бичгийг ирүүлсний дагуу Худалдан авах ажиллагааны газар 2015 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 1/1735 дугаар албан бичгээр тендерийн нээлтийг тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан. Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар 2015 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 1/1023 дугаар албан бичгээр тендер шалгаруулалтыг хянан үзсэнийг мэдэгдэж, Үнэлгээний хороо хуралдан тендерийн баримт бичигт өөрчлөлт оруулан 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 14.30 цагт тендерийн нээлт хийхэд нийт 3 компани тендерийн баримт бичиг ирүүлснийг Үнэлгээний хороо хянан үзэж Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлд заасны дагуу үнэлгээ хийж 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр тендерт оролцогчдод мэдэгдэл хүргүүлсэн.

Тендерт оролцогч Монгол менежмент төв ХХК тендер шалгаруулалттай холбоотой гомдол гаргасныг Сангийн яаманд хянаад О ХХК-ийн БУ16-601/10 дугаартай барилга угсралтын 2.2.1, 2.2.3, 2.2.5 заалтын дагуу ажил, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл нь 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдөр дуусгавар болсон бөгөөд энэ нь тухайн тендерийн нээлт хийх өдөр буюу 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хүчинтэй байсан. Түүнчлэн уг зөвшөөрлийг сунгуулах өргөдөл нь Тусгай зөвшөөрөл олгох асуудлаар урьдчилсан дүгнэлт гарах ажлын хэсэг-ийн хуралдаанаар дэмжигдсэн тухай Барилгын хөгжлийн төвийн 2015 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 2/2357 тоот албан бичгийг материалдаа хавсаргасан байна. Эндээс үзэхэд М ХХК-ийн гаргасан гомдол үндэслэлгүй байна. гэдгийг мэдэгдсэний дагуу үнэлгээний хороо энэхүү асуудлыг хэлэлцээгүй болно.

О ХХК-иас 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдөр ирүүлсэн тендерийн баримт бичгийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2.2 дах хэсэгт заасны дагуу хянан үзэхэд Барилгын хөгжлийн төвөөс ирүүлсэн 2015 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 2/2357 тоот албан бичгээр О ХХК-ийн барилга угсралтын тусгай зөвшөөрлийг сунгахаар дэмжигдсэн нь нотлогдсон.

Дээрх тайлбар болон нотлох баримтуудыг үндэслэн Монгол менежмент төв ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2.9 дэх хэсэгт заасныг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээд О ХХК-ийн Ерөнхий захирал Л.М******* шүүхэд ирүүлсэн тайлбартаа:

...О ХХК болон Байгууламж ХХК-тай түншлэлтэйгээр 2015 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Худалдан авах ажиллагааны газраас зарласан Түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй 13.1.3 Хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд боловсруулах үйлдвэрийн цэвэрлэх байгууламж /Ховд/ ажлын зураг төсөл боловсруулах барилга угсралтын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендерт оролцсон.

Худалдан авах ажиллагааны газрын 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 1/1921 дугаартай албан бичигт манай О ХХК болон Байгууламж ХХК-ийн түншлэлтэй тендерийн материал Хамгийн сайн үнэлэгдсэн тендерээр шалгарч гэрээ байгуулах эрх олгосон мэдэгдлийг авсан.

Дээрх мэдэгдлийн дагуу захиалагч Аж үйлдвэрийн яамны төрийн нарийн бичгийн дарга Д.Н*******тэй уулзахад гэрээ байгуулахгүй гэсэн хариу амаар өгсөн. Ингээд Худалдан авах ажиллагааны газарт хүсэлт гаргахад тус газраас 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 1/1968 дугаартай албан бичгээр Аж үйлдвэрийн яамны төрийн нарийн бичгийн дарга Д.Н*******д тендерт шалгарсан компанитай гэрээ байгуулах тухай зөвлөмж хүргүүлсэн байдаг.

Мөн Сангийн яамнаас 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 6/7619 тоот албан бичгээр Аж үйлдвэрийн яаманд тендер хүчинтэй байх хугацаанд гэрээ байгуулахыг мэдэгдсэн байна. Аж үйлдвэрийн яам одоо болтол гэрээ байгуулахгүй байгаа тул манай компани Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргасан байгаа.

Худалдан авах ажиллагааны газар тендерт оролцогчдод өгөх зааварчилгааны дагуу тендерт гэрээ хэрэгжүүлэх чадвар гэсэн үнэлгээнд заасан хуулийн этгээдийн бүртгүүлсэн газар бизнесийн үйл ажиллагааны чиглэл хаяг тодорхойлсон улсын бүртгэлийн гэрчилгээ болон тусгай зөвшөөрлийн дагуу хийгдэх ажлын тухайд уг ажлыг гүйцэтгэх тусгай зөвшөөрлийн эхээс хийсэн хуулбар зэргийг бүрдүүлсэн байгаа.

Хэдийгээр О ХХК-ийн Барилга угсралтын ажлын тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан байсан боловч Барилгын хөгжлийн төвд сунгуулах хүсэлтээ өгсөн талаар тендерийн баримт бичигт хавсаргасан нь хууль зөрчөөгүй гэж үзэж байна.

Мөн 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн хурлаар тусгай зөвшөөрлийг (сунгаж 3 жилийн хугацаатай олгосон. /тусгай зөвшөөрлийг хавсаргав/

Манай компани 1991 онд байгуулагдсан дулаан цахилгаан, сантехник, цэвэрлэх байгууламжийн барилга угсралтын чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байгаа, олон жилийн туршлагатай компани бөгөөд тэр шалгуураараа тендерт оролцсон.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ, худалдан авах тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 32.2.2-д зааснаар хамгийн бага үнийн санал болгосон, хамгийн сайн үнэлгээтэй тендерт шалгарсан тул гэрээ байгуулах эрх олгосон. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Монгол менежмент төв ХХК-ийн Худалдан авах ажиллагааны газраас зарласан Түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй XIII.1.3. Хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд боловсруулах үйлдвэрийн цэвэрлэх байгууламж /Ховд/ ажлын зураг төсөл боловсруулах, барилга угсралтын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендерт шалгарсан О ХХК-ийг захиалагчтай гэрээ байгуулах эрх олгосон Худалдан авах ажиллагааны газрын 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 1/1968 дугаар зөвлөмжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хэргийн оролцогчдын тайлбар, мэдүүлэг зэргийг үндэслэн доорх нөхцөл байдал тогтоогдсон тул нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэлээ.

Худалдан авах ажиллагааны газар нь Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 42 дугаар тогтоолоор батлагдсан Түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй XIII.1.3. Хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд боловсруулах үйлдвэрийн цэвэрлэх байгууламж (Ховд) ажлын зураг төсөл боловсруулах, барилга угсралтын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах төсөл арга хэмжээний тендер шалгаруулалтыг зохион байгуулах үүрэг бүхий Үнэлгээний хороог байгуулж, Үнэлгээний хороо 2015 оны 08 дугаар сарын 25-ны өдөр нээлттэй тендер шалгаруулалтыг зарласан байна.

Үүний дагуу 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдөр тендерийн нээлт хийхэд О ХХК, Байгууламж ХХК-иудын түншлэл, Х******* ХХК, Монгол менежмент төв ХХК зэрэг компаниуд тендерт оролцох саналаа ирүүлсний дагуу Тендерийн үнэлгээний хороо Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлд заасны дагуу үнэлгээ хийж, О ХХК, Байгууламж ХХК-иудын түншлэлтэй гэрээ байгуулах зөвлөмжийг захиалагчид хүргүүлсэн байна.

Харин тендерт оролцогч Х******* ХХК-ийн тендерийн баталгааны хүчинтэй хугацаа нь захиалагчийн тавьсан шаардлагад нийцээгүй, Монгол менежмент төв ХХК нь шаардлагад нийцсэн тендер ирүүлсэн хэдий ч Хамгийн сайн үнэлэгдсэн тендерт оролцогчоос өндөр үнийн санал ирүүлсэн гэх үндэслэлээр тус тус татгалзаж шийдвэрлэжээ.

Гэтэл нэхэмжлэгч Монгол менежмент төв ХХК нь 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдөр буюу тендерийн нээлт хийх өдрийн байдлаар тендерт шалгарсан О ХХК-ийн Барилга угсралтын ажлын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусгавар болсон байсан гэх үндэслэлээр гэрээ байгуулах эрх олгосон шийдвэрийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан байна.

Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 42 дугаар тогтоолоор батлагдсан Түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй XIII.1.3. Хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд боловсруулах үйлдвэрийн цэвэрлэх байгууламж (Ховд) ажлын зураг төсөл боловсруулах, барилга угсралтын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах төсөл арга хэмжээний тендер шалгаруулалтад:

- О ХХК нь Зам тээвэр, хот байгуулалтын яамнаас олгосон барилга угсралтын БУ16-601/10 дугаар гэрчилгээ /2010 оны 10 дугаар сарын 19-ний өдрөөс 5 жилийн хугацаатай/,

- Барилгын хөгжлийн төвийн 2015 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 2/2357 дугаар О ХХК-ийн 2015 оны 10 дугаар сарын 02-ны өдөр ирүүлсэн барилгын ажил эрхлэх тусгай зөвшөөрөл сунгуулах өргөдөл нь Тусгай зөвшөөрөл олгох асуудлаар урьдчилсан дүгнэлт гаргах ажлын хэсэг-ийн хурлаар дэмжигдсэн болно гэсэн агуулга бүхий албан бичиг, бусад холбогдох бичиг баримтуудыг хавсаргасан хүргүүлсэн байна.

Шүүх нотлох баримт цуглуулах ажиллагааны хүрээнд Барилгын хөгжлийн төвөөс шүүхэд ирүүлсэн 2016 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 1/1034 дүгээр албан бичигт:

... Манай төвийн 2015 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 2/2357 тоот албан бичигт О ХХК-ийн Тусгай зөвшөөрөл олгох асуудлаар урьдчилан дүгнэлт гаргах ажлын хэсэг-ийн хурлаар хэлэлцэгдэхээр хүлээгдэж байгаа болно гэж дурдсан байна...

- О ХХК-ийн БУ16-601/10 дугаартай тусгай зөвшөөрлийн хугацаа 2015 оны 7 дугаар сарын 19-ний өдөр дууссан гэж үзнэ. 2010 оны 7 дугаар сарын 19-ний өдөр 5 жилийн хугацаагаар олгосон гэрчилгээний хуулбарыг хүргүүлэв гэжээ.

Мөн О ХХК-ийн 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн ******* дугаар бүхий барилгын тусгай зөвшөөрөлд дээрх ажил гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийн баримт бичигт дурдсан Барилга угсралтын ажил гүйцэтгэгч байгууллагын шаардлага хангах барилгын угсралтын 2.2.1, 2.2.2, 2.2.3, 2.2.4, 2.3.1, 2.3.2 заалтын дагуу ажил үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг нэмж олгосон нь тухайн тендерийг нээх өдөр буюу 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдөр О ХХК нь барилгын тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан, тусгайлсан шаардлага бүхий ажил үйлчилгээ эрхлэх зөвшөөрөлгүй байсан тул хариуцагчийн ...О ХХК-ийн Барилга угсралтын ажлын тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан байсан боловч Барилгын хөгжлийн төвд сунгуулах хүсэлтээ өгсөн талаар тендерийн баримт бичигт хавсаргасан нь хууль зөрчөөгүй гэж үзэж байна... гэсэн тайлбарыг хүлээж авах боломжгүй юм.

Барилга хот байгуулалтын сайдын 2013 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 89 дүгээр тушаалаар баталсан Хот байгуулалтын баримт бичиг боловсруулах, барилга, байгууламжийн зураг төсөл боловсруулах, барилга угсралтын ажил гүйцэтгэх, өргөх байгууламж, түүний эд ангийн үйлдвэрлэл, угсралт, засвар үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл олгох журам-ын 4.1-д Тусгай зөвшөөрлийн хүчинтэй байх хугацаа дуусахаас ажлын 30-аас доошгүй хоногийн өмнө тусгай зөвшөөрөл эзэмшигч нь өргөдлөө Барилгын хөгжлийн төв ТӨҮГ-т гаргана гэж заасан бөгөөд О ХХК нь тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах, тусгай зөвшөөрөлд нэмэлт ажлын төрөл авах хүсэлтээ 2015 оны 6 дугаар сарын 19-ний өдрөөс өмнө холбогдох байгууллагад гаргаагүй бөгөөд Барилгын хөгжлийн төвийн өргөдөл материал, шинэчилсэн бүртгэлээр 2015 оны 7 дугаар сарын 27-ны өдөр барилга угсралтын тусгай зөвшөөрөл авахаар хүргүүлсэн нь тогтоогдож байна.

Мөн Барилгын хөгжлийн төвийн 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн Хот байгуулалтын баримт бичиг, барилга, байгууламжийн зураг төсөл боловсруулах, барилгын ажил гүйцэтгэх, өргөх байгууламж, түүний эд ангийн үйлдвэрлэл, угсралт, засвар үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл олгох асуудлаар урьдчилсан дүгнэлт гаргах ажлын хэсгийн 26/15 дугаар хурлын тэмдэглэл, дүгнэлт зэргээр тогтоогдож байна.

Өөрөөр хэлбэл Худалдан авах ажиллагааны газар нь Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 42 дугаар тогтоолоор батлагдсан Түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй XIII.1.3. Хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд боловсруулах үйлдвэрийн цэвэрлэх байгууламж (Ховд) ажлын зураг төсөл боловсруулах, барилга угсралтын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах төсөл арга хэмжээний тендер шалгаруулалтыг зохион байгуулах үүрэг бүхий Үнэлгээний хороо нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д заасан Тендерт оролцогчдыг тэгш боломжоор хангаж, шударга өрсөлдөх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор тендер шалгаруулалтад оролцохыг сонирхсон этгээдүүдийн ерөнхий ... үзүүлэлтээр хянан үзэж магадална гэснийг баримтлалгүй, зөрүүтэй болон хуурамч нотлох баримтад тулгуурлан тендерийн үйл ажиллагааг зохион байгуулсан байх тул дээрх тендерийг хүчингүй болгох нь зүйтэй байна.

Хэдийгээр хариуцагч Худалдан авах ажиллагааны газар нь Сангийн сайдын 2013 оны 07 дугаар тушаалаар баталсан Цахим тендер шалгаруулалт зохион байгуулах журам-д заасны дагуу зохион байгуулсан оролцогч байгууллагууд цахим хэлбэрээр нотлох баримтуудыг ирүүлдэг учир үнэн худлыг шалгах боломжгүй гэж тайлбарлаж байгаа ч энэхүү журмын 3.1.2-т Худалдан авах ажиллагааны мэргэжлийн байгууллага тендерт оролцогчийн бүртгүүлэх хүсэлтийг ажлын 3 хоногт багтаан хянаж, үнэн зөв баримт бүрдүүлэн ирүүлсэн этгээдийг цахим системд бүртгэнэ гэсний дагуу холбогдох төрийн байгууллагын цахим сүлжээнд оролцогч байгууллагын талаар нийтэд ил байх мэдээлэлтэй харьцуулан нягтлах үүргээ хангалтгүй биелүүлжээ. Өөрөөр хэлбэл Барилгын хөгжлийн төвийн цахим сүлжээнд О ХХК-ийн барилгын тусгай зөвшөөрлийн тухай дэлгэрэнгүй мэдээллийг үзэх боломжтой байсан байна.

Түүнчлэн О ХХК нь Худалдан авах ажиллагааны газрын Тендерийн үнэлгээний хороонд Барилгын тусгай зөвшөөрлийн хугацаа нь 2010 оны 7 дугаар сарын 19-нээс 5 жилийн хугацаатай олгосон нь 2015 оны 7 дугаар сарын 19-ний өдөр дууссан байхад 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдөр дууссан мэтээр хуурамч барилгын тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, мөн Барилгын хөгжлийн төвийн 2015 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 2/2357 тоот албан бичигт О ХХК-ийн Тусгай зөвшөөрөл олгох асуудлаар урьдчилан дүгнэлт гаргах ажлын хэсэг-ийн хурлаар хэлэлцэгдэхээр хүлээгдэж байгаа болно гэсэн албан бичгийг дэмжигдсэн болно гэх байдлаар зөрүүтэй нотлох баримтуудыг бүрдүүлэн хүргүүлсэн байхад хариуцагч байгууллага Хамгийн сайн үнэлэгдсэн тендерээр шалгаруулж, захиалагчид гэрээ байгуулах зөвлөмжийг хүргүүлсэн нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 12 дугаар зүйлийн 12.1, 27 дугаар зүйлийн 27.1.1, 27.1.3-д заасныг ноцтой зөрчсөн үйлдэл болжээ.

Иймд Монгол менежмент төв ХХК-ийн Худалдан авах ажиллагааны газраас зарласан Түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй XIII.1.3. Хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд боловсруулах үйлдвэрийн цэвэрлэх байгууламж /Ховд/ ажлын зураг төсөл боловсруулах, барилга угсралтын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендерт шалгарсан О ХХК-ийг захиалагчтай гэрээ байгуулах эрх олгосон Худалдан авах ажиллагааны газрын 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 1/1968 дугаар зөвлөмжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Харин Тендерийн үнэлгээний хороо Монгол менежмент төв ХХК-д 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 1/1922 дугаар албан бичигт Худалдан авах ажиллагааны газраас 2015 оны 08 дугаар сарын 25-ны өдөр зарласан Түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй XIII. 1.3. Хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд боловсруулах үйлдвэрийн цэвэрлэх байгууламж (Ховд) ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийн шалгаруулалтад танай компанийн ирүүлсэн тендер шаардлагад нийцэж байгаа боловч Хамгийн сайн үнэлэгдсэн тендер оролцогчоос өндөр үнийн санал ирүүлсэн тул Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28.7.3-т заасны дагуу татгалзаж байна гэсэн байна.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.7.4. хамгийн бага харьцуулах үнэтэй тендерийг хамгийн сайн үнэлэгдсэн тендер гэж үзнэ гэж заасан, мөн хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-д Хамгийн сайн үнэлэгдсэн тендер ирүүлсэн оролцогч гэрээ байгуулахаас татгалзсан, эсхүл энэ хуулийн 20.7.2-т заасан нөхцөл үүссэн бол түүнд олгосон гэрээ байгуулах эрхийг захиалагч хүчингүй болгож удаах хамгийн сайн үнэлэгдсэн тендер ирүүлсэн оролцогчтой энэ хуульд заасны дагуу гэрээ байгуулах бөгөөд ийм оролцогч байхгүй бол тус хуулийн 30 дугаар зүйлийн 30.4-д заасан шийдвэрийн аль нэгийг гаргана гэж заасан байна.

Тендерийн үнэлгээний хорооны гаргасан шийдвэрт тендерт оролцогч Монгол менежмент төв ХХК нь хамгийн сайн үнэлэгдсэн биш харин тендерийн шаардлагад нийцсэн баримт бичиг ирүүлсэнд тооцож, зохих шийдвэрээ гаргасан нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-д заасан нөхцөл үүсээгүй байх тул Худалдан авах ажиллагааны газар тендер шалгаруулалтыг хууль, журамд нийцүүлэн дахин зохион байгуулах нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 70.2.1-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 12 дугаар зүйлийн 12.1, 27 дугаар зүйлийн 27.1.1, 27.1.3-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Монгол менежмент төв ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Худалдан авах ажиллагааны газраас зарласан Түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй XIII.1.3. Хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд боловсруулах үйлдвэрийн цэвэрлэх байгууламж /Ховд/ ажлын зураг төсөл боловсруулах, барилга угсралтын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендерт шалгарсан О ХХК-ийг захиалагчтай гэрээ байгуулах эрх олгосон Худалдан авах ажиллагааны газрын 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 1/1968 дугаар зөвлөмжийг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ОЮУМАА