Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 183/ШШ2024/02054

 

 

 

2024 оны 05 сарын 08 өдөр                     Дугаар 183/ШШ2024/02054                           Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Төрболд даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, ** дугаар хороо, ** дугаар байр, ** тоот хаягт оршин суух **** овогт Б*******гийн Б******* (РД:*******)-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, ** дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө, Барилга архитектур корпорацийн байранд байрлах “Ш*******” ХХК (РД:******)-нд холбогдох

 

60,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болорчимэг нар оролцов.

 

Шүүх нэхэмжлэлийг 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авсан болно.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Б.Б******* нь хариуцагч “Ш*******” ХХК-нд холбогдуулан 60,000,000 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1.Хан-Уул дүүргийн * дүгээр хороонд байрлах “Д*******”-ны *а блок буюу *** дугаар байрны ** дүгээр давхар, * тип бүхий 55.95 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг худалдаж авахаар “Ш*******” ХХК-ийн захирал Д.Б*******тай 20** оны 01 дүгээр сарын 13-ны өдөр ******* дугаар “Орон сууцны хөрөнгө оруулалтын гэрээ” байгуулж, 50,000,000 төгрөгийг Хаан банк дахь ******* дугаар дансанд шилжүүлсэн. 20** оны 05 дугаар сард дээр дурдсан орон сууцыг давхар зарж борлуулах гэж байсныг фэйсбүүкээс олж мэдсэн, улмаар “А********” ХХК-ийн борлуулалтын менежерээс тодруулахад өөр иргэнд зарагдсаныг мэдсэн.

1.2.Гэрээг цуцалж, гэрээний алдангийн хамт нийт 55,000,000 төгрөгийг 20** оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн дотор төлөхөөр Д.Б*******тай тохиролцсон боловч уг хугацаанд төлөөгүй учир 20** оны 09 дүгээр сарын 28-ны өдөр “Төлбөр барагдуулах гэрээ” байгуулж, 60,000,000 төгрөгийг 20** оны 10 дугаар сарын 12-ны өдөр барагдуулахаар тохиролцсон. Одоог хүртэл төлбөрөө төлөөгүй гэжээ.

 

2.Хариуцагч “Ш*******” ХХК-ийн төлөөлөгч нь нэхэмжлэлийн хувийг 20** оны 04 дүгээр сарын 12-ны өдөр гардан авсан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт “Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй” гэж заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтыг ирүүлээгүй, мөн шүүх хуралдааныг товыг 20** оны 05 дугаар сарын 03-ны өдөр хариуцагчийн төлөөлөгч Д.Б*******ы ******* дугаар утсаар холбогдож мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй болно.

3.Нэхэмжлэгч талаас хавтаст хэрэгт улсын тэмдэгтийн хураамж төлсөн тухай баримт, “Орон сууц хөрөнгө оруулалтын гэрээ”-ний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, “2066-р орлогын баримтын тасалбар” гэх баримтын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Голомт банкны төлбөрийн баримтын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, “Гэрээ цуцлах тухай” гэх баримтын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 20** оны 07 дугаар сарын 20, 20** оны 09 дүгээр сарын 28-ны өдрүүдийн “Төлбөр барагдуулах гэрээ”-ний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар,

Хариуцагч талаас итгэмжлэлийг тус тус нотлох баримтаар гаргаж өгсөн болно.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч Д.Б*******гийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

2.Нэхэмжлэгч нь хариуцагчид холбогдуулан төлбөр барагдуулах гэрээний дагуу 60,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороонд байрлах “Д*******”-ны ** блок буюу *** дугаар байрны ** дүгээр давхар, * тип бүхий 55.95 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг худалдаж авахаар “Ш*******” ХХК-тай 20** оны 01 дүгээр сарын 13-ны өдөр ******* дугаар “Орон сууцны хөрөнгө оруулалтын гэрээ” байгуулж, 50,000,000 төгрөгийг Хаан банк дахь ******* дугаар дансанд шилжүүлсэн боловч тус орон сууцыг өөр иргэнд зарагдсаныг мэдсэн. Ийнхүү гэрээг цуцалж, гэрээний үнэ, алдангийн хамт нийт 55,000,000 төгрөгийг 20** оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн дотор төлөхөөр Д.Б*******тай тохиролцсон боловч уг хугацаанд төлөөгүй учир 20** оны 09 дүгээр сарын 28-ны өдөр “Төлбөр барагдуулах гэрээ” байгуулж, 60,000,000 төгрөгийг 2*** оны 10 дугаар сарын 12-ны өдөр барагдуулахаар тохиролцсон ч мөн төлөөгүй гэж тайлбарлажээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс шүүх хуралдаан давхацсан учир өөрийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг шүүхэд бичгээр ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

3.Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа хуульд заасан хугацаанд шүүхэд ирүүлээгүй, “Ш*******” ХХК-ийн 20** оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 08 дугаар албан бичгээр итгэмжлэгдсэн төлөөлөгч томилон ирүүлсэн боловч тухайн албан бичигт хэн гарын үсэг зурсан нь тодорхойгүй байх тул тус итгэмжлэлийг Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2.1-т “итгэмжлэлд төлөөлүүлэгч гарын үсэг зурсан байх, хуулийн этгээдийн итгэмжлэлд эрх баригч гарын үсэг зурж, тамга, тэмдэг дарсан байх” гэж заасныг хангасан, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт “Шүүхэд эрхээ өөрөө хэрэгжүүлэх буюу төлөөлөгчөөр дамжуулан гүйцэтгүүлэх чадварыг иргэний эрх зүйн бүрэн чадамжтай этгээд эдэлнэ” гэж заасан этгээдээс олгосон гэж үзэх боломжгүй байна. Иймд хариуцагчийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүхэд ирээгүй гэж үзнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3 дахь хэсэгт “Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ”, 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт “Хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ” гэж тус тус заасны дагуу хавтаст хэрэгт авагдсан баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байх тул хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

4.Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт, хэргийн оролцогчдын шүүхэд гаргасан тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

4.1.Зохигч талуудын хооронд ирээдүйд баригдаж, ашиглалтад орох Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороонд байрлах “Д*******”-ны ** блок буюу *** дугаар байрны ** дүгээр давхар, * тип бүхий 55.95 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг 50,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авах нөхцөл бүхий “Орон сууцны хөрөнгө оруулалтын гэрээ” бичгээр байгуулагдсан. (хавтаст хэргийн 4-6 дахь тал)

4.2.Дээрх гэрээний дагуу нэхэмжлэгч Б.Б******* нь 50,000,000 төгрөгийг 20** оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн дотор Хаан банк дахь Д.Б*******ы эзэмшлийн ******* дугаар дансанд шилжүүлсэн. (хавтаст хэргийн 8-9 дэх тал)

4.3.Дээрх гэрээг 20** оны 07 дугаар сарын 20-ны өдөр гэрээний зүйлийг өөр этгээдэд худалдсан үндэслэлээр цуцласан. (хавтаст хэргийн 10 дахь тал)

4.4.Гэрээ цуцлагдсантай холбоотойгоор худалдагч талаас худалдан авагч талд 5,000,000 төгрөгийн алдангийг 20** оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн дотор төлөхөөр тооцоо нийлсэн. (хавтаст хэргийн 10 дахь тал)

4.5.Гэрээ цуцлагдсантай холбоотойгоор гэрээний үнэ, алданги нийт 55,000,000 төгрөгийг төлж барагдуулах талаар “Төлбөр барагдуулах гэрээ” байгуулсан. (хавтаст хэргийн 11-12 дахь тал)

4.6.Хариуцагч “Ш*******” ХХК нь дээр дурдсан төлбөр барагдуулах гэрээг зөрчиж 20** оны 09 дүгээр сарын 20-ны өдөр төлбөрийг төлөөгүй учир 20** оны 09 дүгээр сарын 28-ны өдөр дахин “Төлбөр барагдуулах гэрээ” байгуулж, 20** оны 10 дугаар сарын 12-ны өдрийн дотор гэрээний үнэ 50,000,000 төгрөг, алданги 10,000,000 төгрөг, нийт 60,000,000 төгрөгийг төлж барагдуулахаар харилцан тохиролцсон. (хавтаст хэргийн 13 дахь тал)

 

5.Зохигч талуудын хооронд ирээдүйд баригдаж, ашиглалтад орох Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороонд байрлах “Д*******”-ны ** блок буюу *** дугаар байрны ** дүгээр давхар, * тип бүхий 55.95 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг 50,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авах нөхцөл бүхий Иргэний хуулийн 269 дүгээр зүйлийн 269.1 дэх хэсэгт заасан ирээдүйд эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан.

 

6.Дээрх гэрээний худалдагч тал болох хариуцагч “Ш*******” ХХК нь худалдсан зүйлийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүргээ зөрчсөний улмаас 20** оны 07 дугаар сарын 20-ны өдөр нэг талын санаачилгаар буюу худалдан авагчийн санаачилгаар гэрээг цуцлаж, гэрээ цуцлагдах өдрийн байдлаарх алдангийг 5,000,000 төгрөг гэж тооцсон нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт “Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй”, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт Гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй”, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт “Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй” гэж тус тус заасанд, улмаар “Төлбөр барагдуулах гэрээ” байгуулсан нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт “Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй” гэж заасанд тус тус нийцсэн мөн хуулийн 189 дүгээр зүйлийн 189.5 дахь хэсэгт заасан нэрлэгдээгүй гэрээ байна.

 

7.Зохигч талуудын хооронд 20** оны 07 дугаар сарын 20-ны өдөр байгуулагдсан “Төлбөр барагдуулах гэрээ”-нд тухайн төлбөрийг тохиролцсон хугацаанд алданги төлөх талаар тусгаагүй байх тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.7 дахь хэсэгт “Үүрэг гүйцэтгэгч үүргээ хугацаанд нь биелүүлээгүй тохиолдолд анз төлөхөөр гэрээнд заагаагүй бол үүрэг гүйцэтгүүлэгч анз шаардах эрхгүй…” гэж зааснаар тус төлбөр барагдуулах гэрээний үүргийг зөрчсөн үндэслэлээр нэхэмжлэгч Б.Б*******гийн зүгээс хариуцагч “Ш*******” ХХК-аас алданги шаардах эрхгүй.

 

8.Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д “хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл” гэж зааснаар зохигч талуудын хооронд 20** оны 09 дүгээр сарын 28-ны өдөр байгуулагдсан “Төлбөр барагдуулах гэрээ”-ээр алданги 5,000,000 төгрөгийг нэмж гаргуулахаар харилцан тохиролцсоныг хүчин төгөлдөр бус гэж үзнэ.

 

9.Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч “Ш*******” ХХК-аас 55,000,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Б*******д олгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх 5,000,000 төгрөгийн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

10.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 457,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 432,950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор хуваарилав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.5, 232 дугаар зүйлийн 232.6, 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч “Ш*******” ХХК-аас 55,000,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Б*******д олгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх 5,000,000 төгрөгийн хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 457,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 432,950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Б*******д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Г.ТӨРБОЛД