| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дарамбазарын Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 182/2022/04429/И |
| Дугаар | 183/ШШ2024/02933 |
| Огноо | 2024-07-02 |
| Маргааны төрөл | Үндэслэлгүйгээр хөрөнгөжих, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 07 сарын 02 өдөр
Дугаар 183/ШШ2024/02933
2024 оны 07 сарын 02 өдөр Дугаар 183/ШШ2024/02933 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, дугаар хороо, Ривер хилсс тоот хаягт оршин суух, М ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүрэг, дүгээр хороо, Зайсан тэнгэр рашаан гудамж, дүгээр байрны тоот хаягт оршин суух, Т овогт, М. А /РД-д холбогдох,
Үндэслэлгүй хөрөнгөжсөн 9 622 306 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э, хариуцагч М.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Шинэжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Нэхэмжлэгч ******* Фостерын хувьд өмгөөллийн ******* ХХН-тэй 2014 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулсан байдаг. Гэрээнд Нөхөрлөлийн захирал Ц.М төлөөлж, хариуцагч М.А гарын үсгээ зураад, мөн нөхөрлөлийн тамгаар баталгаажуулсан байдаг. Тус гэрээгээр тухайн өмгөөллийн Цэрэн Монгол партнер ХХН бүхэлд нь нэхэмжлэгчийг төлөөлж, нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэгч буюу ******* Фостерын нэхэмжлэлтэй ******* холбогдох иргэний хэрэгт хууль зүйн туслалцаа үзүүлэхээр тохиролцсон. ******* холбогдох иргэний хэргийн тодорхой харилцаануудад ******* Фостерыг төлөөлөөд, ******* оролцоно гэсэн итгэмжлэлийг 2014 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 1 жилийн хугацаагаар үйлдэж, олгосон байдаг. Уг итгэмжлэлийн хүрээнд дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд ******* Фостерыг төлөөлөөд, 177 122 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргаад, шүүх хуралдаанд ******* оролцсон байдаг. 2014 оны 08 дугаар сарын 06-ны өдөр анхан шатны шүүхийн шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон ч гэсэн давж заалдах шатын шүүхэд *******, ******* өмгөөлөгч нар гомдол гаргасан. Энэ давж заалдах шатын шүүх хуралдаан дээр ******* болон ******* нар эвлэрлийн гэрээ байгуулсан. Өөрөөр хэлбэл ******* нь нэхэмжлэгч ******* Фостерыг тухайн үед төлөөлөөд, тухайн үеийн хэргийн хариуцагч Б.Т эвлэрлийн гэрээ байгуулсан. Ингээд эвлэрлийн гэрээгээр нийтдээ 64 610 000 төгрөгийг 10 сарын хугацаанд сар бүр 6 461 000 төгрөгөөр төлөхөөр тохирсон. Улсын тэмдэгтийн хураамжтайгаа нийлээд нийт хариуцагч ******* нь нэхэмжлэгч ******* Фостерт 65 131 780 төгрөгийг төлөх үүрэг хүлээсэн. Эвлэрлийн гэрээ байгуулснаас хойш буюу 2014 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдрийг дуусталх хугацаанд нийтдээ ******* Фостерын данс руу 25 867 280 төгрөгийг шилжүүлсэн байдаг. ******* тухайн үед ******* Фостерыг төлөөлж байсан төлөөлөгч учраас 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдрөөс эхлээд ******* нь М.А Худалдаа хөгжлийн банкны данс руу ******* Фостерт өгөх мөнгөө шилжүүлж байсан. 2015 оны 01 дүгээр сарын 30-ний өдрөөс 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдрийг дуусталх хугацаанд Б.Т М.А данс руу нийтдээ 39 384 000 төгрөг шилжүүлсэн боловч ******* энэ хүлээж авсан мөнгөнөөсөө ******* Фостерт нийт 22 991 626.25 төгрөгийг төлсөн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчаас 875 ам долларыг шилжүүлсэн баримтыг гаргаж өгсөн. Уг баримтыг үндэслэн анх гаргасан шаардлагаас 1 770 921.25 төгрөгийг хасч тооцсон байгаа. Хариуцагч ******* нь нийт 16 392 073.75 төгрөгийг нэхэмжлэгч ******* Фостерт шилжүүлээгүй байна. Үүнээс хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1-д заасан үйлчилгээний төлбөр дутуу байсан. Тухайн хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1-д заасны дагуу хууль зүйн үйлчилгээний төлбөр 9 769 767 төгрөг авахаас урьдчилаад 3 000 000 төгрөгийг нь 2014 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр ******* Фостер төлсөн байдаг. Энэ хууль зүйн үйлчилгээний үлдэгдэл төлбөрийг ******* өгөх ёстой мөнгөө бүгдийг нь өгчихсөн учраас хууль зүйн үйлчилгээгээ бүрэн авлаа гэж хүлээн зөвшөөрөөд, 6 769 767 төгрөгийг *******гийн өгөх ёстой мөнгөнөөс хасаад 9 622 306.75 төгрөгийг ******* Фостер нь М.А нэхэмжилж байгаа. Уг нь талуудын тохиролцоогоор ******* хүлээж авсан мөнгөө ******* Фостерт шилжүүлэх ёстой байсан боловч ямар нэгэн үндэслэлгүйгээр шилжүүлээгүй. Өөрийнхөө хүлээж авах ёстой төлбөр мөнгө биш байхад хууль зүйн болоод гэрээний ямар нэгэн үүргийг хүлээн авч үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байна гэж үзэж байгаа. Тийм учраас *******гаас үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 9 622 306.75 төгрөгийг гаргуулж өгнө үү... гэв.
2. Хариуцагч шүүхэд бичгээр хариу тайлбар гаргаагүй бөгөөд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Энэ нь бүгдээрээ баримтаар тогтоогдоно. Тогтоогдсон үнийн дүнд зөрүү гарвал түүнийг би өгнө. ******* нь М эхнэрийнх нь эгч нь байсан. Ингээд зөвшөөрөөд эвлэрлийн гэрээ байгуулсан. Би гүйцэтгэх хуудас бичээд албадуулах гэсэн чинь өөрөө зөвшөөрсөн. Сүүлийн төлбөрийн тооцоо дутуу байсан. Тэр дээрээ тооцоо нийлээд, үлдэгдэл зөрүүг нь би шилжүүлээд яваад байсан. Ерөөсөө авч үлдэж байсан удаа байхгүй. Би ирэхийг нь хүлээж байсан. Өөрөө ковидын үеэр гадагшаа гараад, эргэж ирээд гэнэт өмгөөлөгчтэйгөө ороод ирсэн. Би юу болсон бэ, сүүлд цувуулаад ийм төлбөр авсан, би чам руу шилжүүлээд, хоёулаа гэрээгээ дүгнэх ёстой биз дээ гэсэн чинь надтай ерөөсөө ярихгүй, манай өмгөөлөгчтэй харьц гэсэн. Би өмгөөлөгчтэй нь уулзаад, хэрэгт авагдсан дансны хуулгаа аваачиж, үзүүлээд тооцоо нийлсэн юм. ******* Фостер эхний төлбөрийг гэрээгээрээ 15 хувь гэж тохирсон. ******* Фостер шүүхийн шийдвэр гаргуулаад, өөрөө Вьетнам явчхаад, төлбөрөө төлөхгүй байсан. Тэгэхээр нь би гүйцэтгэл дээр чинь албадах ёстой бол яваад өгье гэсэн чинь төлбөр ирж байгаа эхний 4 сарын төлбөрөө авчихсан гэсэн. Төлбөр төлөгч нь сайн дураараа төлөөд байсан байгаа юм. Тэгээд асуудал болоод, төлбөрөө төлөхөө больчихсон чинь над руу чи дараагийн төлбөрөө өөрөө өмгөөллийнхөө хөлсөнд ав, чи энэ хэрэг дээр анхаараад өгөөч гэсэн. Би ажлаа дуусгаагүй юм чинь өө тэгэлгүй яах вэ гээд зөвшөөрсөн. Би мөнгөө алдчихсан хүнд тусалж байгаа хүн шүү дээ. Эхний төлбөр буюу 10 хувийг тэгж авсан. Цаана нь 64 610 000 төгрөгөөс 5 хувь буюу 3 000 000 гаруй төгрөгийн тооцоо үлдэж байгаа юм. Үүнийг үлдэгдэл төлбөрөөс суутгаж авсан удаа байхгүй. Имэйлээр харьцаад, би тооцоогоо тэмдэглээд, шилжүүлгээр явж байгаад дунд нь 4 билүү 5 дахь төлөлт дээр өөрөө ирээд, бэлнээр манай ажлын хажуу талын Голомт банк билүү Худалдаа хөгжлийн банкнаас аваад, би гарын үсэг зуруулж авсан байдаг. Энэ тооцоо дутуу байгаа. Би тэрийг үнэхээр олсонгүй. Ямар ч байсан баримтаар тогтоогдоно. Надад өгсөн гээд 100 доллароор, 90 доллароор, 200 доллароор гэсэн баримт байгаа. Үүнийг 1 нь улсын тэмдэгтийн хураамж байгаа байх. Давж заалдахад над руу шилжүүлээд би тушаасан. Холбогдох шүүхийн шийдвэр дээр улсын тэмдэгтийн хураамжийг гаргуулахыг давхар надаас нэхсэн байж магадгүй. Үүнийг анхаарах нь зүйтэй. *******гаас орж ирсэн мөнгө дээр тооцоо нийлчихсэн учраас би хэлж мэдэхгүй байна. Миний дансны хуулга дээр *******гаас гээд өөрийнх нь дугаартай гүйлгээнүүд орж ирсэн. Тэрийг би ******* Фостер руу шилжүүлсэн. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ярьж байгаа үнийн дүнг мэдэхгүй. Миний дансаар орж ирсэн *******гаас өгсөн төлбөрүүд тодорхой байгаа. Би яг хэд орж ирснийг хэлж мэдэхгүй байна гэв. Жишээ нь сүүлд гэхэд 500 000 төгрөг орж ирж байгаа юм. Гадагш нь шилжүүлэхэд 500 000 төгрөг чинь ханш нь унаад шилжүүлгээрээ 100 хэдэн доллар болчихно. Өөрөө ч гэсэн бөөнөөр нь 1 сараар нь багцлаад явуул гэсэн. Миний тооцоогоор сүүлд орж ирсэн 3 000 000 л шилжүүлээгүй байсан юм. Одоо тооцооноос гараад ирнэ. Би тэр дор нь цаашаа шилжүүлж байсан. Хувьдаа аваад ашиглаж байсан юм байхгүй. ******* Фостер миний үйлчлүүлэгч өөрийнх нь хүсэлтийн дагуу би аваад шилжүүлж байсан... гэв.
3. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл, 2014.04.29-ны өдрийн хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, 2014.04.30-ны өдрийн ******* Фостероос *******д олгосон итгэмжлэл, Шүүхийн тусгай архивын 2022.04.21-ний өдрийн 1/1072 дугаар албан бичиг, Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн 2014.10.15-ны өдрийн 980 дугаар магадлал, Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014.08.06-ны өдрийн 3582 дугаар шийдвэр, ******* Фостерын Голомт банк дахь ******* тоот дансны хуулга, эдгээр баримтыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн.
Хариуцагчаар оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, Худалдаа хөгжлийн банкны 2016.04.11-ний өдрийн гадаад шилжүүлгийн даалгавар, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018.03.07-ны өдрийн 183/ГХ2018/00268 дугаар гүйцэтгэх хуудас, эдгээр баримтыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн.
Нэхэмжлэгч, хариуцагч нарын хүсэлтээр Худалдаа хөгжлийн банкнаас хариуцагч *******гийн , тоот дансны хуулга, Голомт банкнаас нэхэмжлэгч ******* Фостерийн , тоот дансны хуулгыг тус тус шүүх нотлох баримтаар бүрдүүлсэн болно.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
2. Нэхэмжлэгч ******* Фостер нь хариуцагч *******д холбогдуулан 9 622 306 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан. Шаардлагын үндэслэлээ ...******* нь хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, итгэмжлэлийн дагуу ******* Фостер шүүхэд төлөөлж оролцсон ба төлбөр төлөгч *******гаас төлсөн 16 392 073.75 төгрөгийг нэхэмжлэгч ******* Фостерт шилжүүлээгүй. Тухайн шилжүүлээгүй дүнгээс хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний төгрөгийг хасч тооцвол хариуцагч нь 9 622 306 төгрөгөөр үндэслэлгүй хөрөнгөжсөн... гэж тайлбарлав.
3. Хариуцагч нь нэхэмжлэгч ******* Фостерийн нэрийн өмнөөс төлбөр төлөгч Б.Ттөлбөрийг хүлээн авч, нэхэмжлэгчид шилжүүлж байсан үйл баримтын талаар маргаагүй. 3 000 000 төгрөгийг шилжүүлээгүй, бусад төлбөрийг шилжүүлсэн гэж нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг эс зөвшөөрч маргасан.
4. Хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
4.1. Нэхэмжлэгч ******* Фостер нь ******* ХХН-тэй 2014 оны 04 дүгээр сарын 29-ны өдөр ******* холбогдох иргэний хэрэгт хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулсан. Уг гэрээнд өмгөөлөгчийн төлөөлөн ******* гарын үсэг зурж баталгаажуулжээ.
4.2. Улмаар ******* Фостерийн нэхэмжлэлтэй, хариуцагч ******* холбогдох иргэний хэрэгт ******* нь нэхэмжлэгчийг төлөөлж шүүх хуралдаанд оролцсон болох нь Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 3582 дугаар шийдвэр, Иргэний хэргийн Давж заалдах шатны 10 дугаар шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 980 дугаар магадлалаар тус тус тогтоогдож байна.
4.3. Иргэний хэргийн Давж заалдах шатны 10 дугаар шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 980 дугаар магадлалаар хариуцагч ******* нь 35 000 ам.доллар буюу 64 610 000 төгрөгийг 10 сарын хугацаанд сар бүр 6 461 000 төгрөгийг ******* Фостерт төлж барагдуулахаар эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
4.4. Хариуцагч *******гийн Худалдаа хөгжлийн банк дахь , тоот дансны хуулгаар *******гаас орлого гэх утгаар нийт 38 884 000 төгрөгийг шилжүүлснээс хариуцагч нь нэхэмжлэгч ******* Фостерт 22 991 921 төгрөгийг шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан дансны хуулга, гадаад шилжүүлгийн баримтаар тогтоогдож байна.
4.5. Хариуцагч *******гийн Худалдаа хөгжлийн банк дахь тоот дансны хуулганд 2015 оны 07 дугаар сарын 06-ны өдөр 6 461 000 төгрөгийг Саруулаас өглөг гэх утгаар орлого орж ирсэн байгааг төлбөр төлөгч *******гаас шилжүүлсэн гэх үндэслэл хэргийн бусад баримтаар тогтоогдоогүй болно.
4.6. Иймд хариуцагч ******* нь төлбөр төлөгч *******гаас шилжүүлсэн 38 884 000 төгрөгөөс 15 892 079 төгрөгийг нэхэмжлэгч ******* Фостерт шилжүүлээгүй нь хэргийн баримтаар тогтоогдож байна.
4.7. Нэхэмжлэгч ******* Фостер нь ******* ХХН-тэй 2014 оны 04 дүгээр сарын 29-ны өдөр байгуулсан хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний дагуу урьдчилгаа 3 000 000 төгрөгийг 2014 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр *******д хүлээлгэн өгсөн болох нь 1 дүгээр хавтаст хэргийн 10-11 дүгээр талд авагдсан баримтаар нотлогдож байна.
4.8. Уг гэрээний 4.3-т ...үйлчлүүлэг нь шүүхийн шийдвэрээр хангагдсан төлбөр төлөгдсөн тохиолдолд энэ өдрөөс хойш ажлын 3 хоногийн дотор тус хэрэгт хамаарах үлдэгдэл 15 хувь төлбөрийг өмгөөлөгчид төлнө... гэж заасан байна. Нэхэмжлэгч нь Иргэний хэргийн Давж заалдах шатны 10 дугаар шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 980 дугаар магадлалаар нэхэмжлэгч ******* Фостерт олгохоор шийдвэрлэсэн 64 610 000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 521 780 төгрөг, нийт 65 131 780 төгрөгийн 15 хувь буюу 9 769 767 төгрөгийг хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний төлбөрт тооцож, хариуцагч *******д төлөх үүрэгтэй. Уг төлбөрийг хасч тооцно гэж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарласан болно.
4.9. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-т бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэг этгээдэд хөрөнгө шилжүүлсэн эдгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө буцаан шаардах эрхтэй, 492.1.1-т хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон тохиолдолд хөрөнгөө буцаан шаардах эрхтэй гэж заасан.
4.10. Дээр дүгнэсэнчлэн хариуцагч *******гийн нэхэмжлэгч ******* Фостерт шилжүүлээгүй 15 892 079 төгрөгөөс хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний дагуу нэхэмжлэгчийн төлөх төлбөр 9 769 767 төгрөгийг хасч, үлдэх 6 122 311 төгрөгөөр хариуцагч ******* нь үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэх тул нэхэмжлэгч нь хариуцагчаас 6 122 311 төгрөгийг буцаан шаардах эрхтэй.
4.11. Иймд хариуцагч *******гаас 6 122 311 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* Фостерт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3 499 995 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.
5. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1-т заасныг тус тус баримтлан хариуцагч *******гаас 6 122 311 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* Фостерт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3 499 995 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 216 130 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******гаас улсын тэмдэгтийн хураамжид 112 907 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******* Фостерт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХЦЭЦЭГ