Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 36

 

“С А” ХХК-ийн нэхэмжлэлтэй

                           иргэний хэргийн тухай

 

 

                                                                           Хэргийн индекс: 150/2020/00039/И

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

                            Даргалагч, шүүгч                    Б.Батзориг

                             Шүүгчид                                       Д.Буянжаргал

                                                                             Г.Давааренчин

 

                                ШШүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхзулыг  оролцуулж,  Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 57 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч бичсэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдсан гомдлоор “С А” ХХК-ийн нэхэмжлэлтэй Г.З-д холбогдох “эд хөрөнгөд учруулсан хохирол 9.012.550 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч танилцаад, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч: “С А” ХХКомпани анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “...манай “С-А” ХХК Сэлэнгэ аймгийн Сант сумын нутаг дэвсгэрт газар тариалангийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. 2018 оны 09 дүгээр сарын 01-ээс 02-нд шилжих шөнө 100 гаруй тооны адуу манай компанийн улаан буудай тарьсан талбай руу орж, 6.5 га газрын улаан буудайг идэж сүйтгэснийг 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр хохирлын хэмжээг тогтоолгоход 03 дугаар Таримал ургамлын хохирлын актаар 9.012.550 төгрөгийн хохирол учирсан болохыг тогтоож өгсөн юм.

Иргэн Г.З-ийн 100 тооны адуу талбайд орж 9.012.550 төгрөгийн хохирол учруулсан болохыг 2018 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 03 дугаар хохирлын акт, 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 5/44 дугаар Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай прокурорын тогтоол, Сант сумын мэргэжлийн хяналтын эрх бүхий албан тушаалтны 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн хүсэлтийг хангахаас татгалзсан тухай 06 дугаар тогтоол зэрэг нотлох баримтуудаар тогтоосон болно. ...иргэн Г.З Зөрчлийн тухай хуулиар хариуцлага хүлээхээргүй болсон боловч компанид учруулсан хохирлоос чөлөөлөгдөх үндэслэл болохгүй учраас хохирлоо иргэний журмаар хохирол 9.012.550 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгааг  хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

 

Хариуцагч Г.З анхан шатны шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ... “СА” ХХК-ийн тариан талбайд миний адуу, мал ороогүй. Надад олон тооны адуу байхгүй. Би “СА” ХХК-ийн манаач дээр очиж манай адуу танайд байхгүй. Хэрвээ байгаа бол танайх камертай юм байна. Камерыг чинь шалгаж үзье гэж хэлсэн. Тэгэхэд манаач нь дугараагүй. Манайд ойролцоо байдаг айлууд манайхыг хэр зэрэг адуу, малтайг хэлнэ. Би унааны 2 морь, 4 гүү, 1 азаргатай. Над дээр Энхболд гэдэг хүний 10 адуу байсан. Тэдний адуу тариан талбайд орсон. ...“С-А” ХХК нь хэнийх нь мэдэгдэхгүй 100 гаран адуу хашчихаад чинийх гэж дайраад байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 57 дугаартай шийдвэрээр:

“1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар нэхэмжлэгч “С-А” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Г.З-д холбогдох тариалангийн талбайд учруулсан гэм хорын хохирол 6.100.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч “С-А” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 159.150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй...” гээд, эрх бүхий этгээд хуульд заасан үндэслэлээр давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: ...анхан шатны шүүх нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, эргэлзээгүй үнэн зөв талаас нь үнэлээгүй, нотлох баримт бүрдүүлэх гаргах, цуглуулах журмыг зөрчсөн, хуулиар тогтоосон журмыг зөрчиж хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж, хэргийг эцэслэн шийдвэрлэсэн гэж үзэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 161 дүгээр зүйлд зааснаар гомдол гаргаж байна.

1 Хуулиар тоггоосон журам зөрчин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан талаар: Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйл, 108.2-дахь хэсэгт зохигчийн тайлбараас 108.2.3, 108.2.4-д заасан шүүх хуралдаанд оролцогчид асуулт тавьж мэтгэлцэхээр хуульчилсан байхад зохигч хооронд асуулт тавьж мэтгэлцүүлэлгүйгээр шүүх хурлыг хийж хуулиар тогтоосон журмыг зөрчсөн. Зохигч нарын хооронд бие биенээсээ тавих асуулт байгаа эсэхийг асууж тодруулалгүйгээр хуулиар тогтоосон журам зөрчиж хурал удирдаж байгаа нь шүүх хурлын дүрс бичлэгт тодорхой бичигдсэн байгаа болно.

2. Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, эргэлзээгүй үнэн зөв талаас нь үнэлээгүй талаар: анхан шатны шүүхийн 57 дугаар шийдвэрийн 4 дэх тал, доороосоо 3-дахь догол мөрөнд: “ ...Энэ тогтоолд Г.З-ийн 100 орчим тооны адууг хашаанд хашсан байна. Ингэхдээ улаан хээр зүсмийн даагыг буцааж хүлээлгэж өгсөн нь тогтоогдож байна.” гэж иргэн Г.З-ийн 100 орчим тооны адуу тариалангийн талбайд орсон үйл баримтыг прокурор тогтоосныг дурдсан мөртлөө шүүх өөрөө нэгэнт тогтоогдсон үил гуйвуулан: “ Ингэж дүгнэхдээ С А ХХК-ийн тариан талбайд орсон 100 орчим тооны адуу Г.З-ийнх мөн эсэх талаар тодорхой дүгнэлт хийгээгүй...” гэж иргэн Г.З-ийн 100 адуу мөн гэдгийг тогтоочихоод байхад баримтын эсрэг дүгнэлт хийж, хэт нэг талыг барьсан, нотлох баримтыг эргэлзээгүй үнэн зөв талаас нь дүгнэлгүйгээр хэрэг хянан шийдвэрлэсэн байна.

3. Нотлох баримт бүрдүүлэх гаргах, цуглуулах журмыг зөрчсөн талаар: С А ХХК-ийн тариалангийн талбайд 100 орчим тооны адуу орж, тарьсан улаан буудайг идэж сүйтгэн 9 гаруй сая төгрөгийн хохирол учруулсныг тогтоолгохоор Сант сумын хохирлын комисст мэдэгдэхэд Таримал ургамлын хохирлын 03 дугаартай актыг гаргаж өгсөн байдаг юм.

Гэтэл анхан шатны шүүх 57 дугаар шийдвэрийнхээ Үндэслэх нь хэсэгт: “Нэхэмжлэгч С А ХХК нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан үүргээ хэрэгжүүлээгүйн улмаас шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа нотолж чадахгүй байна.” гэж дүгнээд “ Малчид тариаланчдын зохицлыг хангах журам”-ын Сумын хохирол тогтоох комисст хаммааралтай заалтуудыг дурдаад эдгээр заалтуудыг хэрэгжүүлээгүй тул тариалангийн талбайд учирсан хохирол тогтоох ажиллагаа хийгдсэн гэж үзэх үндэслэлгүй байна гэж Сумын хохирол тогтоох комисс хэргийн оролцогч мэтээр дүгнэж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. С А ХХК-ийн тариан талбайд иргэн Г.З-ийн 100 тооны адуу орсон нь үнэн, энэ үйл баримтыг прокурор тогтоосон, тариалангийн талбайд хохирол учирсан үйл баримтыг Сумын хохирол тогтоох комисс тогтоосон байдаг. Анхан шатны шүүхээс нэмэлтээр шаардаад байгаа баримтыг Сумын хохирол тогтоох комисс С А ХХК-д өгөөгүй, мэдээж Сумын хохирол тогтоох комисс хууль журмаа баримтлан ажиллаж, тэдэнд шүүхээс шаардаж байгаа нотлох баримтууд байсаар байхад шүүх эдгээр баримтуудыг төрийн эрх бүхий байгууллагаас шаардалгүйгээр дутуу нотлох баримтаар хэргийг эцэслэн шийдвэрлэж, манай компанийн зөрчигдсөн эрхээ сэргээлгэх хуулиар олгогдсон боломжийг хязгаарласан байна.

Иймд Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн 2020 оны 03 дутаар сарын 09-ний өдрийн 57 дугаар шийдвэрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167.1.5-д зааснаар хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна. 

 Нэхэмжлэгч  “С-А” ХХК нь хариуцагч Г.З-д холбогдуулан эд хөрөнгөд учруулсан гэм хорын хохирол 9.012.550 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл  гаргасныг хариуцагч  нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй  гэж маргасан ба шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 Тус шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  анхан шатны шүүх нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, эргэлзээгүй үнэн зөв талаас нь үнэлээгүй, нотлох баримт бүрдүүлэх гаргах, цуглуулах болон хуулиар тогтоосон журмыг зөрчсөн гэсэн үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан байна.

 

Хэргийг судлан үзвэл: Нэхэмжлэгч “С-А” ХХК нь Сэлэнгэ аймгийн Сант сумын нутагт газар тариалангийн үйл ажиллагаа явуулдаг ба 2018 оны 09 дүгээр сарын 01-нээс 02-нд шилжих шөнө тухайн компаний тариан талбайд 100 орчим тооны адуу орж, идэж сүйтгэснээр зохигчдын хооронд хохирол учруулсан гэм буруугийн талаар  маргаан гарсан байна.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй талаар заажээ.

 Энэхүү гэм хорыг хариуцах  үүрэг үүсэхийн тулд  хариуцагчийн  хууль бус үйлдэл, гэм буруу учирсэн гэм хор, гэм буруутай үйлдэл болон гэм хорын хооронд  шалтгаант холбоо тогтоогдсон  байх шаардлагатай.

 

Нэхэмжлэгч нь Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын прокурорын газрын 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 5/44 тоот Хэрэг бүртгэлийн хэргийг хаах тухай” прокурорын тогтоол, 2018 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 03 дугаартай Таримал ургамлын хохирлын акт зэргээр  нэхэмжлэлийн шаардлагаа  нотлож байгаа гэж тайлбарлажээ.

 Хэргийн үйл баримтаар  нэхэмжлэгчийн  талбайд  2018 оны 09 дүгээр сарын 01-нээс 02-нд шилжих шөнө тухайн компаний тариан талбайд орсон  100 орчим тооны адууг компаний ажилчид хашсан бөгөөд түүнийг 3 морьтой хүн ирж хашааг эвдэн гаргаж явахдаа тус компаний хашаанд байсан  даага  алдагдсан, алдагдсан даага нь  хариуцагчийн адуунд байсан тул  Г.З-г даага хулгайлсан гэсэн “С А” ХХКомпаний гомдлын дагуу түүнд хэрэг бүртгэлтийн хэрэг үүсгэн шалгаж, хулгайлах гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдоогүй гэсэн үндэслэлээр  Прокурор хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай тогтоол гаргасан байна.

Прокурорын 2019 оны 06 сарын 28-ны өдрийн 5/44 дугаартай Хэрэг бүртгэлийн хэргийг хаах тухай” тогтоол нь хариуцагчийг гэмт хэрэг үйлдсэн эсэх асуудлыг шийдвэрлэсэн болохоос  нэхэмжлэгчийн тариан талбайд  хохирол учруулсан эсэх болон түүний гэм буруутай эсэх  асуудлыг шийдвэрлэсэн гэж үзэхгүй.

 

Нэхэмжлэгч нь өөрийн тариан талбайд орж сүйтгэсэн гэх 100 тооны адуу  хариуцагч Г.З-гийх мөн  гэдгийг  хэрхэн тогтоосон талаар  шүүхэд баримт ирүүлээгүй  ба хариуцагч Г.З-ийн  “...өөр иргэдийн адуу талбайд орсон,  би унааны 2 морь, 4 гүү, 1 азаргатай. Нэхэмжлэгчийн хэлээд байгаа шиг 100 гаруй тооны адуу байхгүй. Харин  Э гэдэг хүний 10 адуу над дээр байсан. Тэдний адуу тариан талбайд орсныг Э торгуулиа төлөөд адуугаа авсан гэсэн...” тайлбарыг үгүйсгэж чадаагүй байна.

Хэрэгт авагдсан  нотлох баримтаас үзвэл  нэхэмжлэгчийн талбайд хэд хэдэн иргэдийн адуу орсон, тухайн адууг компаний ажилчид хашаанд хашиж, зарим иргэдээс нь зохих төлбөр авч адууг нь өгсөн үйл баримт харагддаг ба тариан талбайд  хохирол  учирсан нь  хариуцагчийн  гэм буруутай үйлдэл нь  тогтоогдоогүй тохиолдолд  түүнийг  Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар  түүнд гэм хорыг арилгах үүрэг үүсэхгүй юм.

 Өөрөөр хэлбэл хариуцагчийн хууль бус үйлдэл, гэм буруугаас нэхэмжлэгчид хохирол учирсан гэх үндэслэл тогтоогдоогүй тул нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй.

Иймд анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй, хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байх тул, нэхэмжлэгчийн давж заалдах  гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сэлэнгэ аймаг  Сайхан  дахь сум дундын шүүхийн 2020 оны 03 дугаар  сарын 09-ний өдрийн 57 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид төлсөн 112.550 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй. 

 

 

 

                                        ДАРГАЛАГЧ                           Б.БАТЗОРИГ

                                        ШҮҮГЧИД                               Д.БУЯНЖАРГАЛ

                                                                                   Г.ДАВААРЕНЧИН