Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 13 өдөр

Дугаар 319

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батболор даргалж,

           шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Сайнзаяа,

           улсын яллагч Г.Мөнхбаяр,

хохирогч Ж.Ц-, түүний өмгөөлөгч Т.Баярбат /ҮД:0-717/,

шүүгдэгч С.Б-, түүний өмгөөлөгч Б.Гантөмөр /ҮД:2-143/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд зарим хэсгийг хаалттай хийсэн хуралдаанаар, Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д овогт С-ийн Б-д холбогдох эрүүгийн 201626031109 дугаартай хэргийг 2017 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол Улсын иргэн, 1962 оны 4 дүгээр сарын 21-нд Өвөрхангай аймагт төрсөн, 55 настай, эрэгтэй, дээд боловсролтой, инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт, Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, ******* тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Д овогт С-ийн Б

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч С.Б- нь хамтран амьдрагч Ж.Ц-г 2015 оны 10 дугаар сарын 24-ний өдөр, 2016 оны 8 дугаар сарын 06-ны өдөр, 2016 оны 8 дугаар сарын 27-ны өдрүүдэд Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, ********* тоотод байрлах гэртээ хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж бие махбодид нь хөнгөн хохирол учруулан байнга зодсон, тарчлаан удаа дараагийн бие махбодийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд: Шүүгдэгч С.Б- нь хамтран амьдрагч Ж.Ц-г 2015 оны 10 дугаар сарын 24-ний өдөр, 2016 оны 8 дугаар сарын 06-ны өдөр, 2016 оны 8 дугаар сарын 27-ны өдрүүдэд Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, ********* тоотод байрлах гэртээ хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж бие махбодид нь хөнгөн хохирол учруулан байнга зодсон, тарчлаан удаа дараагийн бие махбодийн хүчирхийлэл үйлдсэн болох нь:

1. Шүүгдэгч С.Б-ын шүүхийн хэлэлцүүлэгт хэргийн талаар мэдүүлсэн: ”...2016 оны 8 дугаар сарын 06, 27-ны өдөр, 2015 оны 10 дугаар сарын 24-ний өдрүүдэд тус тус гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн.  2016 оны 8 дугаар сарын 06, 2016 оны 8 дугаар сарын 27-ны өдрүүдийн үйлдлийн талаар өмнөх шүүх хуралдаанд болон хавтаст хэрэгт мэдүүлэг өгсөн, өөрчлөгдсөн зүйл байхгүй, хэвээрээ байгаа. 2016 оны 8 дугаар сарын 06-ны өдөр хохирогч Ж.Ц-гийн ярьж байгаа шиг зодоон болоогүй. 2016 оны 8 дугаар сарын 06-ны өдөр хохирогч Ж.Ц- хүмүүстэй ноцолдсон нь үнэн, надтай биш хоёр цагдаатай ноцолдсон. 2016 оны 8 дугаар сарын 06-ны өдөр би цагдаа дуудсан  хохирогч Ж.Ц- намайг заазуур бариад ална шүү, гэрээс зайл гээд дайраад ирэхээр нь би унтлагын өрөөнд орж цагдаа дуудсан байгаа. Намайг орон дээр ном уншаад хэвтэж байтал миний цээж гэдсийг улаан алаг болтол нь хумсаараа маажсан, миний номыг урж хаясан. Тэгээд уруулчихаад би хоёр гарыг нь барьж байгаад хаалгаа хаасан. Ж.Ц- гал тогооны өрөө рүү орсон. Тэгээд намайг уранхай номоо бариад номын тавиур дээр тавих гээд сандал дээр зогсож байхад заазуур барьж ирээд миний гарын булчин дээр дарсан. Чамайг гэрээс зайлахгүй бол нэвт шаана шүү гэж хэлсэн. Би эргэж хараад энэ хоёр хүүхдийг бодохгүй байна уу гэж хэлээд эргэж хараад цаашаа явсан. Тэгээд би унтлагын өрөө рүү орж 102 дугаар луу залгаад заазуур бариад танхайраад байна гэсэн дуудлага өгсөн. Тэгээд хоёр цагдаа орж ирсэн, би хаалга онгойлгож өгсөн. Хаалга онгойлгож өгөхөд би цээж нүцгэн байсан. Ж.Ц- том өрөө коридор хоёрын дундах хаалганы тэнд зогсож байсан. Ингээд тэр цагдаа миний хажуу талаар өнгөрөөд за явъя гэхэд Ж.Ц- би явахгүй, чи дуудсан хүнээ аваад яв гэж хэлэхэд цагдаа муу пизда минь чамаар бид нар ажлаа заалгадаг юм уу гэж хэлээд диван орон дээр шууд ар тийш нь дараад авсан. Манайх зочны өрөөндөө хоёр диван ортой, жижиг диван орон дээр нь дээш нь харуулаад дараад авсан. Хоёр цагдаа ноцолдоод манай хүү орилсон. Манай хүү телевиз үзээд том диван орон дээр сууж байсан. Би хүүгээ жаахан тайвшруулах санаатай цонх руу харуулсан. Цагдаа нартай Ж.Ц- ноцолдоод байсан, ойролцоогоор 10 гаруй минут ноцолдож, хаалга онгойлсон. Би хүүхдээ эгчид нь өгчихөөд араас нь гарахад шатны гол хэсэгт очсон Ж.Ц- шатны завсраар хөлөө хийсэн, нэг нь татаж нөгөө нь түлхсэн, Ж.Ц- орилсон байдалтай байсан. Нэг залуу нь над руу хараад хөөе чи яваад гутлыг нь аваад ир гэсэн. Тэгээд би гэр лүү ороод диваны хажуу талаас гутлыг нь аваачиж өгсөн. Тэгээд Ж.Ц- хөлөө гаргаж аваад паарны ард хөлөө хийсэн татсан байдалтай байсан. Тэгээд паарны ард талаас гутлаа гаргаж ирээд миний авчирсан гутлыг өгсөн. Тухайн үед 9 тоотын хаалга онгойгоод нэг залуу гарч ирээд “та нар эмэгтэй хүнийг болиоч” гэсэн. Бид нар ажлаа хийж байна гэсэн. Тэгээд намайг гадаа гараад машин дээр хүлээж бай гэсэн. Би гадаа 20 гаруй минут хүлээсэн. Тэгээд Ж.Ц- цагдаа нартай ноцолдоод 30 гаруй минут болсон. Тэгээд хоёр цагдаа амьсгаадсан гарч ирээд за та Цагдаагийн хэлтэс дээр очоод өргөдлөө өгчих, нөгөө эмэгтэйг авч явж чадсангүй, аймар хүүхэн юм байна гэж хэлээд намайг аваад явсан. Би 2016 оны 8 дугаар сарын 27-ны өдөр Дорнод аймгаас 09:30 минутын үед өглөө ирсэн. Гэртээ ороход хоёр хүүхэд Ж.Ц-, Ж.Ц-гийн ээж нар байсан. Би усанд орчихоод 10:00 цаг өнгөрч байхад бандийгаа аавтайгаа хамт үсээ засуулах уу гэхэд манай банди их айсан, эмээ рүүгээ нэг хараад, ээж рүүгээ харж хялалзаад байсан. Маш их айсан айдастай байсан. Тэгэхээр нь би за хүүхэд дагуулж гарлаа гэж загнах гэж байна. Ж.Ц- нь хүүхдээ аавтайгаа ярьлаа, аавынхаа өрөөнд орлоо, аавтайгаа тоглолоо гэж загнадаг. Тэгээд би үсээ засуулчихаад 12:30 минутын үед орж ирсэн. Тэгээд гэртээ ирэхэд Цагаан гэх Дарханд байдаг Ж.Ц-гийн эгч, дүү нь ирсэн байсан. Тэгээд би шууд угаалгын машинд хувцсаа угааж байтал Ж.Ц-гийн дүү М.Б- надаас хэрүүл өдөөд хаалга нээчихээд зогсоод байсан, би цаашаа бай, юм угааж байна  гэхэд тоохгүй элдэв янзаар хэлээд байсан. Намайг чи гээд хэрүүл өдөөд байсан. Ингээд би гараад явсан. Гэтэл гэнэт цагдаа нар орж ирээд аваад явсан. Энэ хооронд Ж.Ц- цагдаа дуудсан байсан, зодоон цохион байхгүй. 2015 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн хэрэг зохиомол зүйл байна. Хавтаст хэргийн 40 дүгээр хуудсанд Ж.Ц- мэдүүлэгтээ 2016 оны 8 дугаар сарын 06-ны өдөр хоолоо хийж байхад С.Б- бас л согтуу охиныг хэл амаар доромжлоод намайг дуугүй бай даа гэхэд үсдэж чирээд цохиж зодсон. Би гал зуухнаасаа хутгатайгаа буцаж гарч ирээд С.Б- өрөө рүүгээ гүйж ороод цагдаа дуудсан гэсэн байна. Ж.Ц-гийн 2016 оны 8 дугаар сарын 08-ны өдөр өгсөн өргөдөл, 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдөр мэдүүлэг нь эрс зөрүүтэй байгаа. Ж.Ц- анх өргөдлөө С.Б- нүүр рүү  2-3 удаа цохиж, үсдэж унагаасан, өшиглөсөн гэх зүйл ярьж байгаа. Шүүх эмнэлгийн дүгнэлтэд толгой тархинд ямар нэгэн дүгнэлт байхгүй гэж гарсан байгаа. Би эмэгтэй хүний нүүрийг 2-3 удаа цохьсон юм бол нүүрэнд нь сорви байх ёстой, үсдэж чирсэн бол хуйх нь хавдсан байх ёстой. Хавтаст хэргийн 47 дугаар хуудсанд гэрч М.Э- мэдүүлэгтээ С.Б-, Ж.Ц- хоёр хоёулаа эрүүл байсан гэж мэдүүлдэг. Энэ мэдүүлгээр Ж.Ц-гийн мэдүүлсэн С.Б- бас л согтуу охиныг хэл амаар доромжлоод намайг дуугүй бай даа гэхэд үсдэж чирээд цохиж зодсон гэдэг мэдүүлэг үгүйсгэгдэж байна. Гэрч Э.Э-ын мэдүүлэгт М.Э- та хоёрыг ороход Ж.Ц- нь миний тархи толгой өвдөөд байна эсхүл намайг сая үсдчихлээ гэсэн асуудал ярьсан уу гэхэд тийм зүйл яриагүй гэж хариулсан байна. Хавтаст хэргийн 59 дүгээр хуудсанд Ж.Ц- нь тухайн үед ноцолдож байхад би хөл нүцгэн чирэгдээд коридор луу гарсан гэж мэдүүлдэг. Энэ мэдүүлгээр манай гэрт ноцолдоон болсон гэдгийг нотлож байна. Хавтаст хэргийн 160 дугаар хуудсанд Ж.Ц-гийн мэдүүлэгт таны шорт хэр урттай байсан юм бэ гэхэд өвдөгнөөс дээгүүр спорт бариу шорттой байсан гэж хариулсан байна. Спорт шорттой хүн хормойгоо яаж сөхөж харуулах вэ гэтэл цагдаа хормойгоо сөхөж үзүүлсэн гэж байгаа. Хавтаст хэргийн 150 дугаар хуудсанд тухайн үед би айж сандраад ташаа, гуя хөхөрсөн байсныг мэдээгүй. Харин дараа нь манай охин хараад хэлсэн гэж мэдүүлж байгаа. Хавтаст хэргийн 41 дүгээр хуудсанд Ж.Ц- мэдүүлэгтээ би гэрээ цэвэрлэх санаатай алчуур мод бариад явж байтал С.Б- булааж аваад гар луу цохьсон. Тухайн үед гар аймар болсон байсан гэж мэдүүлэг өгсөн байна. Дараа нь өрөөнд нь оруулчихаад хаалгыг нь татсан чинь С.Б- намайг шалны модоор цохих гэсэн юм байна лээ би тухайн үед мэдээгүй, манай дүү таныг шалны модоор цохих гэтэл та гараараа хаасан, таныг шалны модоор цохьсон гэж хэлсэн. Энэ мэдүүлгээр Ж.Ц- нь шалны модоор цохисныг мэдээгүй болчихсон байна. Гэрч М.Б- мэдүүлэгтээ тухайн үед С.Б- шалны мод барьчихаад Ж.Ц- эгчтэй шалны модоо дундаа хийгээд булаацалдсан байдалтай байсан. Мөн шалны мод далайж байгаа харагдсан гэж мэдүүлсэн. Ж.Ц- бид хоёрын дундуур орж салгасан хүн нь Ж.Ц-гийн ээж нь гэсэн. Гэтэл Ж.Ц-гийн ээж нь биеэрээ нэг ч удаа мэдүүлэг өгөөгүй. Ж.Ц- өөрөө мэдүүлгийг нь бичээд гарын үсгийг нь зуруулдаг юм байна лээ. Ж.Ц- 2015 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн хоёр зураг өгсөн. Энэ зураг нь Ж.Ц- аяга угаагчаар нүүрээ үрж байгаад зургаа авахуулсан харагдаж байгаа. Өглөө нүд нь бүлцгэр босч ирсэн янзтай зураг байгаа. 2015 оны 10 дугаар сарын 26-ны өдөр өрхийн эмчид үзүүлсэн бичиг байгаа. Тухайн эмчийн үзлэгээр баруун нүдний эргэн тойронд хөхрөлттэй, шилэнд зүсэгдсэн 3 зулгаралттай гэж оношилсон байгаа. 2015 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн хоёр зураг дээр баруун нүдний эргэн тойронд хөхрөлттэй, шилэнд зүсэгдсэн зүйл байхгүй байна. Шилэнд зүсэгдсэн зүсэлт арилдаггүй, хэрвээ байгаа бол Ж.Ц-д байх л ёстой. Бас нэг зураг дээр Ж.Ц- нь уруул дээрээ хөх тен тавьсан байгаа. Уруул хөхөрдөггүй, язардаг. Хоёр зургийг харьцуулж харвал солгой гартаа хүн цохьсон байх ёстой. Би баруун гараараа цохих боломжтой. Эрсдэлийн үнэлгээг 2017 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хийсэн. Эрсдэлийн үнэлгээгээр 9 гарсан байсан. Эрсдэлийн үнэлгээг яаж гаргасан талаар Сарангэрэл гэх хүнээс асууж байсан. Эрсдлийн үнэлгээг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэж байна. 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр мэдүүлэг өгөхдөө гэмтэл бэртэл авах үедээ эмийн сангаас эмч авч уусан. Цуглуулсан нотлох баримт байхгүй гэж мэдүүлж байсан хүн энэ зурагнуудыг яаж олж ирсэн нь эргэлзээтэй байгаа. Миний хадам ээж гэх хүн намайг үсдэж чирч, хөгшин гичий минь ална шүү гэж хэлдэг. Манай хүүхэд надаас айгаад ширээн доогуур ордог гэж мэдүүлсэн нь ор үндэслэлгүй зүйл. Ж.Ц- нь хүүхдийг 20-30 минут зодсон байгаа. Хүүхдийг битгий айлгаж ичээ гэж хэлж байсан. Гэрч Энхтуяа манайд нэг ч удаа ирж байгаагүй, намайг харж байгаагүй хүн. Хавтаст хэргийн 69 дүгээр хуудсанд гэрч Энхтуяа мэдүүлэгтээ С.Б- нь хүн харахад их л гайгүй, өөрийнхөө нэр төрийг их хамгаалсан, Манж зантай гэхээр хүн байгаа юм. Дөлгөөн юм шиг мөртлөө хүйтэн хөндий хүн байгаа юм. Хүн гаднаас гэрт нь орж ирж байхад халуун дулаан уур амьсгалтай биш, яах гэж манайд орж ирсэн юм гэх мэтээр их уур уцаартай хүйтэн хөндий хүн байсан гэж дүгнэсэн байна. Ж.Ц- намайг хаалга эвдэж орж ирээд зодсон гэсэн тийм асуудал огт байхгүй. Би гүтгэгдэж хоёр удаа цагдаа руу явж байсан. Би нэг удаа орцны үүдэн дээр бананы хальс дээр гишгэж унахдаа хашлага мөргөсөн байгаа. Тэгээд би өөрөө түргэн дуудаж, цусаа оёулаад байж байхад цагдаа дуудсан байгаа. Би мах гишгэж байгаад хуруугаа хэрчсэн байгаа. Би 2009 оны эхээр Ж.Ц-гийн ажил дээр сургалт хийхээр очсон. Ж.Ц- тухайн компанийн менежер байсан. Би сургалт хийж явчихаад жил гаруй дараа Ж.Ц- над руу утасдаад сургалтын талаар ярилцаж манайд ирсэн. Тэгээд Ж.Ц- тухайн үед надад зовлонгоо ярьж байсан. Ганц охинтой нөхөртэй нөхөр нь хардаж ажил дээр ирж толгойтой үснээс нь зулгайж, дэвсдэг байсан болохоор нь хөөгөөд явуулсан гэж ярьж байсан. Ж.Ц- надад өөрийгөө боловсролтой гэж хэлсэн. Тэгээд би Ж.Ц-г чи нарийн мэргэжлийн эмчид үзүүлчихээд ир гэхэд 2,3 хоногийн дараа эмчид үзүүлсэн байсан. Би гэртээ байна, чи намайг хөөх эрхгүй гэж Ж.Ц-д нэг л удаа хэлж байсан. 2015 оны 03 дугаар сард Ж.Ц-гийн ээж намайг хаалга эвдсэн гэж гүтгээд 10 хоног баривчлуулсан. Тэгээд би гараад ирсэн чинь хүүгийндээ очсон байсан. Тэгээд би Ховд аймаг руу явсан. Тэгээд намайг ирэхэд Ж.Ц-гийн ээж байсан, би таныг төрсөн эх шигээ санаж явсан, та намайг гүтгэж шоронд хийсэн, та хаана очих вэ гэхэд Насанбаярынд очно гэсэн. Би Ж.Ц-гийн ээжтэй 5 жил амьдрахдаа нэг ч удаа ам муруйж үзээгүй. 2016 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр цагдаад мэдүүлэг өгөхдөө анх өргөдөл өгсөн өдрөөс хойш гэртээ ирэхгүй зугтаад байгаа гэж мэдүүлдэг. Би граш дотор 7 хонож, 7 хоног ажилдаа очиж чадаагүй. 13 удаа цагдаа дуудахад намайг 3 удаа саатуулж байсан...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

2. Хохирогч Ж.Ц-гийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргийн талаар мэдүүлсэн: ”...2016 оны 8 дугаар сарын 06-ны өдөр амралтын өдөр байсан. С.Б- гэртээ байх үедээ байнгын согтуу байдаг. Тасарч унтлаа согтоод байдаггүй, өдөрт 500 гр 1 л архийг өдрийн турш ууж байнгын манаралттай байдаг. Тухайн өдөр амралтын өдөр байсан учраас С.Б-оос аль болох хол хөндий байхыг хичээдэг. Би хоёр хүүхдээ хотын төвөөр тоглоомын талбай руу дагуулж гадуур явж байгаад 16:00 өнгөрөөд 17:00 цагийн үед гэртээ ирсэн. Хоёр хүүхэд ядарсан байсан. Хоёр хүүхэд том өрөөнд зурагт үзэх гэж байсан. Би гал тогоо орж хоёр хүүхэддээ хоол хийж өгөхөөр орсон. Тэгээд гал тогооноос хүүхдүүддээ талх цай бэлдэж өгсөн. С.Б- сүүлийн үед хүүхдийг өрөөндөө авч ороод компьютер дээр тоглуулдаг байсан. Тухайн үед С.Б- бага хүүхдийг минь өрөөндөө авч ороод компьютер тоглуулж байсан. Тэгээд би С.Б-д ядарсан байгаа хүүхдийг компьютерын ард суулгалаа гээд өрөөнөөс нь хүүхдээ аваад гарах хооронд чи дандаа хүүхэд ингэж байдаг гээд миний хойноос үсдээд арагшаа унагаасан. Миний хүү яваарай гээд хүүгээ түлхсэн, охин цаанаас дүүгээ авсан. Тэгээд намайг дахиж босох гэтэл намайг дахиж түлхээд би хаалга мөргөж урагшаагаа коридорт байдаг шкаф мөргөж унасан байгаа. Маш хурдан болж өнгөрсөн зүйл. С.Б- намайг барьж авч түлхэж, газар унаад босох гэж байхад дээрээс дарж түлхэж байсан. Тэгээд намжаад  би гал тогооны өрөөнд орж хоёр хүүхдэдээ хоол хийгээд байж байхад хоёр хүүхэд том өрөөндөө зурагт үзээд сууж байхад хоёр хүүхэд рүү С.Б- юм яриад загнаад байсан. Би гал тогоонд хоол бэлдэж байсан. Хүүхэд рүү хашгичаад байхаар нь хутгаа тавихгүйгээр тэр чигээрээ хутгатайгаа юу гэж хүүхэд рүү хашгираад байгаа юм бэ гээд орсон. С.Б- байнга үглэж хэл амаар доромжилж байдаг. Би олон жил хичээж эв эеийг хичээж ирсэн. Тухайн үед цагдаа маш хурдан ирсэн. Би олон удаа  дуудлага өгч байхад цагдаа хурдан ирж байгаагүй. Тэгээд хоёр цагдаа орж ирээд С.Б- гэх хүн дуудлага өгсөн байна, та танхайрсан байна, хүн амины хэрэг үйлдэх гэсэн байна гэхээр нь би хоёр хүүхэд бага байна, хоол хийж байна, хоёр хүүхдийнхээ хоолыг хийж өгчихөөд шаардлагатай бол араас чинь очьё гэсэн. С.Б-ыг авч очиж бай гэхэд үгүй заавал таныг одоо авч явна гэсэн. Хоёр цагдаа авч явна гэсэн. Гэрт зодолдсон ноцолдсон асуудал үүсч байна. Би явахгүй гэж хичээсэн, намайг дуудлага өгөхөд ирдэггүй байж С.Б-ыг дуудлага өгөхөд яасан хурдан ирдэг юм бэ гэж хэлсэн. Тэгээд коридорт би явахгүй гээд шатны бариулаас зуурч байсан. Тухайн үед хөрш айлын 9 тоот залуу гарч ирж шаардлага тавьж байсан. Орцны паарны араар хөл орох зай байхгүй. Тухайн үед миний гутал сугарсан байсан болохоор С.Б-оор авахуулж байсан. Тухайн үед хэл амаа ололцоод яваад очъё гэж хэлж байсан. Би богино, бариу спорт шорттой байсан. Нивсгэр урт майктай байсан. С.Б-той зууралдчихаад цагдаа ирэхээс өмнө миний охин надад таны гар, хөл жигтэйхэн болсон байна гэхээр нь би унахдаа авсан юм болов уу гэж бодсон. Цагдаа нарыг ирэхэд гар хөлөө үзүүлж байсан. Хэвлий ташааг цагдаад үзүүлээгүй. 2016 оны 8 дугаар сарын 06 өдөр өргөдөл өгч, 2016 оны 8 дугаар сарын 09-ний өдөр толгой өвдөөд байхаар нь өрхийн эмнэлэгт очиж үзүүлж байсан. 2016 оны 8 дугаар сарын 27-ны өдөр С.Б- хөдөө явчихаад 09:00 үед ажлаасаа ирсэн. Би ажил руугаа 10:00 цагийн үед гарсан. Би С.Б-той ээж, охин нараа үлдээгээд гарсан. 11:00 цагийн үед миний охин над руу залгаад дүү гараад явчихлаа эмээ бид хоёр гадуур хайж байна гэсэн. Тэгээд 12:00 цагийн үед над руу дүү олдохгүй байна, та ирэхгүй бол болохгүй нь гээд уйлж ярьсан. Тэгээд намайг очиход дүүгээ олсон манай охин эмээтэйгээ хамт орцныхоо үүдэнд байсан. Яасан юм бэ ааваас айгаад дүү гараад гүйсэн эмээ бид хоёр дүүг хайгаад олохгүй байсан чинь өөр орцны хаалганы араар ороод 30-40 минут зогссон байсан гээд уйлсан сууж байсан. Тэгээд тухайн өдөр манай байрны ус тасраад 17:00 цагийн үед ирнэ гэсэн байсан. Тухайн үед сургууль цэцэрлэг орох болсон байсан. 2016 оны 08 дугаар сарын 27-ны өдөр хоёр хүүхэдтэйгээ Сүхбаатарын талбай ороход талбай дээр үзэсгэлэн худалдаа болж байсан. Түүнийг үзэх гээд ээжийгээ гадаа орхичихоод явсан. Бид нар гэртээ 17:00 цагийн үед орсон. Гэртээ ороход С.Б- хувцас хунараа угааж байгаа гээд гэр орноо аймар болгосон байсан. Би тухайн үед юу ч хэлээгүй. Гэтэл гаднаас манай хүргэн, дүү, манай эгч Цагаан орж ирсэн. С.Б- хаалга тайлж өгсөн. Тэгээд С.Б- “яах гэж байгаа юм муусайн юмнууд миний эд хөрөнгөнд шунаж ирээ юу” гээд мэндийн зөрүүгүй хэл амаар доромжилсон. Миний эгч 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдөр хагалгаанд орсон. Байнгын хяналтанд байдаг. Тухайн үед ээжтэй уулзах гэж ирсэн. С.Б-ыг байгаа үед манайхаар манай ах, дүү нар орж ирэхээ больсон. Тэгээд л хаалга онгойлгов уу, үгүй юу С.Б- хашигчаад эхэлсэн би очоод “миний эгч төрсөн ээж дээрээ уулзах гэж ирж байна” гэж хэлсэн. Манай эгч буцаад явах гэхээр нь би “та нар намайг ямар амьдарч байгааг хар ийм л нөхцөлд амьдардаг” гэж хэлсэн. Хүргэн дүүг гаргаад явуулсан. Тэгээд би цагдаа дуудсан. 2015 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн хэрэг нь өвчний картан дээр бичигдсэн байсан. Тухайн үед ажил дээр тийм байдалтай очиж байсан болохоор яасан юм бэ гэдэг асуудал байсан. С.Б- бид хоёр муур хулгана шиг л амьдардаг. Миний ээжийг ч янз бүрээр хэлж байна. Би ээжийгээ байлгахаас ч айдаг настай хүнийг яах ч юм билээ гэж боддог. Миний ээж 85 настай байгаа. Миний ээжийн өгсөн мэдүүлэг үнэн зөв. Мөнхчимэг байцаагчид мэдүүлэг өгч байсан. Би ээжийнхээ байцаалтанд байгаагүй...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

            3. Хохирогч Ж.Ц-гийн мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар мэдүүлсэн: “…2016 оны 8 дугаар сарын 06-ны өдөр 17:00 цагийн үед гадуур явж байгаад 2 хүүхдийнхээ хамт гэртээ ирээд хоол хийх гээд байж байх зуур манай бага хүү орон дээр унтах гээд хэвтэж байхад С.Б- бага хүү Э-ыг орноос нь босгоод өрөөндөө оруулаад компьютер тоглуулж байхаар нь би хүүгээ дуудаад битгий компьютер тоглоод бай гээд цай уулгах гээд өрөөнөөс нь хүүгээ аваад гартал С.Б- араас муу пизда яах гэж дандаа хүүхэд загнаж байдаг юм гээд намайг араас өшиглөөд газар унагаасан. Би газар уначихаад босох гэтэл намайг дахиад цохиж унагаагаад толгойруугаа цохиулахгүй гэж бодоод өөдөөс нь сарвалзсан миний үснээс зулгаагаад толгой руу цохьсон. Энэ үед би гараа өргөөд толгойгоо хамгаалахад миний гар руу цохиод газар унахдаа ташаагаараа хаалганы ирмэг мөргөж унасан. Тэгээд би охиноо 102-т дуудлага өг гэсэн боловч манай охин тухайн үед өгөөгүй. Энэ асуудал хоромхон зуур болоод өнгөрсөн...Миний толгой руу хэд хэдэн удаа гараараа цохьсон. Газар унагаад хөл гар руу өшиглөөд үснээс зулгааж газар унасан байхад дээрээс өшиглөөд байсан...Манай нөхөр С.Б- өөрөө дуудлага өгсөн байсан. Би гал тогооны өрөөнд хоол хийж байхад том өрөөнд манай том охин С-г загнаад байхаар нь би хоол бэлдэж байан хутгатайгаа ороод чи битгий олон юм яриад хүүхэд айлгаад бай гэсэн чинь С.Б- өрөөндөө орсон. Тэрнээс биш би ална гэж хутгаар айлган сүрдүүлсэн асуудал байхгүй...Ингээд удалгүй цагдаа нар ирээд...намайг авч явна гэхээр нь би явж чадахгүй би хүүхдүүддээ хоолыг нь хийж өгч байна шаардлагатай гэвэл хоолоо хийж дуусаад очьё дуудлага өгсөн хүн нь өөрөө очиж өргөдөл гомдлоо гаргана биз гэж хэлсэн чинь С.Б- цагдаа нарыг дагаад гараад явсан. Тухайн үед би цагдаагийн байгууллагад дуудлага өгөөгүй амралтын өдөр байсан учраас өргөдөл өгөөгүй. Нэг дэх өдөр нь буюу 2016 оны 8 дугаар сарын 08-ны өдөр би толгой их өвдөөд байхаар нь өрхийн эмнэлэгтээ үзүүлж миний биед гэмтэл их байсан учраас 2016.08.09-ний өдөр цагдаад өргөдөл гаргаж шүүх эмнэлэгт үзүүлсэн...Бид хоёр нэг гэрт амьдардаг боловч бүх юм нь тусдаа хоёр өөр өрөөнд амьдраад жил гаруй хугацаа өнгөрч байна. Би хоёр хүүхдээ бодоод өдийг хүртэл тэссэн. 2013 оны 01 дүгээр сард хамгийн анх зодож байсан. Энэ явдлаас хойш байнга давтагдах болсон гол шалтгаан нь архинаас болдог. Гэртээ байх хугацаандаа мөнхийн согтуу эрүүл байх нь ховор. Намайг гэртээ байхгүй хойгуур манай ээж охин хоёрыг байнга хэл амаар доромжилж толгой руу нь цохиж ална гэж сүрдүүлдэг. Намайг цагдаад дуудлага өгвөл ална шүү гэж сүрдүүлдэг. Бид хоёр хэрүүл маргаан хийсний дараа С.Б- намайг зодчихоод гараад явчихдаг заримдаа хонохгүй...би өөрөө цагдаад дуудлага өгөхгүй олон удаа зодуулж дарамтлуулж байсан...Би маш их гомдолтой байна. Энэ хүнд хуулийн хариуцлага хүлээлгэх хүсэлтэй байна. Би энэ хүнтэй цаашид хамт амьдарч чадахгүй. Дахин бие махбодийн болон сэтгэл санааны ямар нэг дарамт шахалт хүчирхийлэлд өртөхөөс маш их айж байна тиймээс зохих хариуцлагыг хуулийн дагуу хүлээлгүүлж шийдвэрлүүлэх хүсэлтэй байна...2016 оны 8 дугаар сарын 27-ны өдөр...12 цагийн үед манай охин С- над руу утсаар залгаад дүү алга болчихлоо хайгаад олохгүй байна та ирсэн нь дээр байхаа гэж над руу залгасан...манай хүү ээж охин 3 байрны гадаа уйлчихсан сууж байсан. Юу болсон талаар асуухад С.Б- миний охин ээж хоёрыг хөөгөөд гадаа гаргасан байсан. Тэгээд би гэртээ ороход С.Б- гэртээ байсан намайг янз бүрээр харааж зүхээд байхаар нь 2 хүүхдээ дагуулаад ээжийг гадаа саравчинд суулгачихаад гадуур явж байгаад 17 цагийн үед гэртээ орж ирчихээд байж байтал удалгүй миний араас манай эгч Цагаан, дүү М.Б-, хүргэн Пүрэвцоож нар орж ирэхэд С.Б- шууд хөөгөөд та нар яах гэж манайд ирсэн юм бэ зайл ямар нүүрээрээ миний гэрт ирж байгаа юм гээд гэр рүү оруулахгүй хөөгөөд байхаар нь би чам дээр ирж байгаа биш манай ээжтэй уулзах гэж ирсэн гэрт ор гээд эгч дүү нараа оруулсан. Тэгээд ээжийн өрөөнд ороод юм яриад сууж байхад байн байн өрөөнд нь орж ирээд элдэв янзаар доромжлоод байхаар нь би чи энэ өрөөнөөс гар гээд гарнаас нь таттал намайг зодсон...Архи уугаагүй эрүүл байсан. Миний хэвлийн тус газар гараа зангидаж байгаад нэг удаа цохьсон зүүн гарын шуу хэсэгт шалны модоор нэг удаа цохиод манай ээж дундуур нь ороод эгч дүү нар хажууд байсан болохоор салгасан...Тухайн өдөр би 102 дугаарт залгаж дуудлага өгөхөд Хан-Уул дүүргийн цагдаа нар ирээд С.Б- бид 2-ыг хамт цагдаагийн хэлтэс рүү авч явсан...жижүүрийн ахлах нь таны асуудлыг 1-р хорооны хэсгийн байцаагч шалгаж байгаа бол та дахин өргөдөл өгөх шаардлагагүй байцаагчтайгаа уулз гэж хэлсэн...Тэр өдөр С.Б-ыг эрүүл байна гээд явуулчихсан. Тэр өдрөөс хойш С.Б-той уулзаагүй байна...Миний хэвлий орчмоор өвдөж байна. Зүүн гарын бугуй орчмоор хөндүүрлээд хөхөрч хавдсан байна. Би шүүх эмнэлэгт үзүүлнэ...С.Б-ыг хэзээ ирж зодох бол гэж айгаад гэртээ оруулахгүй хаалганыхаа цоожны голыг солиулсан байгаа...байнга дарамтанд айдастай байдаг хүүхдүүд хүртэл гэртээ амгалан тайван байж чадахгүй байна...би тагнуулын ерөнхий газар танил талтай чи намайг ингэж байгаа бол би танайхныг бүгдийг нь орон гэрээр чинь хүйс тэмтрэнэ гэх мэтээр л байнга ийм зүйл  ярьдаг. Хүүхдүүд хүртэл хаалга тогшихоор аав ирж байна гээд л нүд нь бүлтэгнээд байдаг...Хамгийн анх 2013 оны 01 дүгээр сарын сүүлээр...миний баруун талын нүд рүү гараараа нэг удаа цохиод авсан...Түүнээс хойш байнга л үглэж яншиж зодох гээд байдаг болсон ба байнга л дайрдаг болсон...2013 оны 10 дугаар сарын үед согтуугаар надруу дайраад байхаар нь...цагдаагийн байгууллагад дуудлага өгөөд эрүүлжүүлэхэд өгсөн...2014 оны 03, 04 дүгээр сарын үед байнга л архиа уучихаад агсам согтуу тавиад агсраад байхаар нь цагдаагийн байгууллагад дуудлага өгөөд эрүүлжүүлэхэд өгч явуулчихаад маргааш нь өргөдөл гомдол гаргаад 7 хоног баривчилгаанд явуулсан...дуудлага өгөхөд эрүүлжүүлэх, саатуулах байран дээр ирээд эрүүл мэндийн шаардлага хангахгүй байна гэдгээр хэдэн удаа буцаагдаж байсан...2016 оны  8 дугаар сард намайг зодож энэ асуудлаар цагдаагийн байгууллага дээр өргөдөл өгсөн шалгагдаж байх хугацаанд дахин намайг зодсон...Манай ажлын газрынхан бүгдээрээ л мэднэ. Танай нөгөө хүн чинь цохиж зодоо юу гэдэг болсон. Сүүлийн үед нүүрэндээ гэмтчихээр харж л таарна. Ах дүү нар намайг ер нь гадарлана...2015 оны 10 дугаар сарын 24-ний өдөр С.Б- бас л архи уучихаад намайг зодож миний нүүрэн тус газар гараараа цохиод авахад би нүдний шил зүүдэг болохоор шил хагараад нүдний эргэн тойронд бага зэрэг зүсэгдсэн байсан болохоор би хорооны өрхийн эмнэлэгт очиж өөрийн нүүр, нүдээ үзүүлсэн юм...Миний биед ер нь С.Б- архи согтууруулах унда хэрэглэсэн үедээ олон удаа л гар хүрч байсан...Мөн хорооны нийгмийн ажилтанд хандаж эрсдлийн үнэлгээ гаргуулсан...2016 оны 8 дугаар сарын 06-ны өдөр...С.Б-...хойноос үсдээд татахад би шалан дээр өвдгөөрөө хагас сууж унахад баруун талын гуя руу өшиглөхөөр нь би бостол миний цээж рүү түлхээд би арагшаа коридорын шкаф мөргөөд унахад дээрээс толгойноос үсдээд дарж байхад гарыг нь тавиулах гэтэл баруун, зүүн гарнаас барьчихсан байсан...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 10-12, 13-15, 40-41, 42, 66-67, 181-182/

            4. Гэрч М.Б-ын мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар мэдүүлсэн: “…Ж.Ц- бол манай ээжийн хамгийн бага төрсөн дүү нь юмаа...2016 оны 8 дугаар сарын 27-ны өдөр манай ээж Цагаан эмнэлэгт үзүүлэх гээд Дархан хотоос ирсэн байсан. Манай эмээ Ж.Л- Ж.Ц- эгчтэй хамт амьдардаг. Тэгэд тухайн өдөр манай ээж эмээтэй уулзана гээд 17 цагийн үед манай ээж нөхөр Пүрэвцоож бид 3 Ж.Ц- эгчийн гэрт ирэхэд С.Б- ах бид хэдийг харангуутаа уурлаад та нар миний гэрт яаж ирж чадаж байнаа зайлцгаа гээд хөөхөөр нь бид хэд буцаад явах гэтэл Ж.Ц- эгч С.Б- ахыг чи цаашаа өрөөндөө ор ээжтэй уулзах гэж ирж байхад гэж хэлээд бид хэдийг эмээгийн өрөөнд оруулаад ээж эмээ хоёр юм яриад сууж байхад С.Б- ах байн байн орж ирээд хэрүүл өдөөд та нар сайхан байна уу яах гэж ирсэн юм гээд байн байна орж ирээд байсан. Манай нөхөр Пүрэвцоожийг чи сайн уу гэж асуугаад манай нөхөр сайн гэж хариулахад нь чи сайн уу тэ сайн байгаа байх л даа гээд хэрүүл өдөөд байхаар нь би нөхрөө гадаа гараад хүлээж бай гээд гадагшаа гаргасан. Ж.Ц- эгч бууз хийж байна идчихээд яв гэтэл С.Б- Ж.Ц- эгчийн араас хэрүүл хийгээд байхаар нь өрөөндөө ор гэтэл чи холд гээд Ж.Ц- эгчийг зодсон...Шалны модоор гар руу цохьсон ээж дундуур нь орж салгасан. Тэр хэдийн ноцолдоод зууралдаж байхад С.Б- ахын цамц урагдсан. Тэгээд хэсэг хугацааны дараа цагдаа нар ирээд аваад явсан...Манай эгч Ж.Ц-тэй хамт амьдарч эхэлсэнээс нь хойш сайн мэднэ. Урьд өмнө хэд хэдэн удаа зодож байсан. Тухайн үед Ж.Ц- эгч нуугаад хэлдэггүй байсан...Бид нарт С.Б- Ж.Ц-г зоддог талаар эмээ хэлж байсан. Цагаан сараар Ж.Ц- эгчийн нүүр нь хөхрөөд хавдсан байсан тухайн үед бид нарт юм мөргөөд уначихсан гэж хэлж байсан...Хааяа гэрт нь ирэхэд байнга л согтуу байж байдаг. Энэ хүнээс айгаад манай эмээ хамт амьдарч чадахгүй айл, айл хэсээд явж байгаа. Ж.Ц- эгч бас ялгаа байхгүй амралтын өдөр гэртээ байхаар С.Б- хэрүүл хийгээд байна гээд ах дүү нарындаа очдог. Том охин С- нь 2016 оны 8 дугаар сарын 27-ны өдөр бид нарыг очиход өрөөндөө ганцаараа ааваас айгаад байна гээд уйлчихсан сууж байсан...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 16-18/

            5. Гэрч Ж.Л-гийн мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар мэдүүлсэн: “…Би Багануурт 5 хоноод ирэхэд миний охин Ж.Ц-гийн гар хөл нь нил хөхөрсөн байсан манай хүргэн С.Б- миний охин Ж.Ц-г байнга л зоддог үснээс нь зулгаагаад газар унагааж өшиглөөд толгой руу нь цохиод гар хөлнөөс нь чирдэг. Би болиоч хүүхэд аллаа гэж орилоод хашгираад ч нэмэр байхгүй ойртохоор цаашаа би хөгшин гичий ална шүү гээд цохих гээд байдаг...Бид нар олон удаа цагдаад дуудлага өгч байсан. Манай хүргэн гэртээ байх хугацаандаа эрүүл өдөр гэж бараг байхгүй байнга л их бага хэмжээгээр архи уусан байдаг. Тэгээд бид нарыг янз бүрээр хэлээд байнга орилж чарлаж хөөж туудаг...Миний охин Ж.Ц-г олон удаа зодож байгаа цагдаад хэлбэл та нарыг бүгдийг чинь ална шүү гэж айлгадаг. Ж.Ц-гийн нүдийг нь тэс цохиод хавдсан байсан хэдэн өдөр ажилдаа явж чадаагүй энэ талаар цагдаад хэлж байгаагүй. Зодох үедээ байнга л үснээс нь зулгаадаг. Миний бага зээ ааваасаа айгаад зугтаад ширээн доогуур орчихдог эсвэл хажуу айлынх руу гүйгээд ордог. Бид нарт нэр гэж байхгүй байнга л гичийнүүд манайхаас зайлаад өг гэж хэлдэг. Миний охин Ж.Ц-гийн том охин болох С- нь С.Б-ын дагавар хүүхэд одоо 13 настай охиныг минь байнга л ад үзээд хэцүү байдаг. Бид нар тэр гэрт байнгын дарамтанд амьдарч байна. Хичээл хийгээд сууж байхад нь хүртэл чи ямар их хичээл хийдэг юм боль зайл ална шүү гэж элдэв янзаар хараадаг...Гол шалтгаан архинаас болдог...Архи уулаа гэж хэлэхээр бөөн хэрүүл зодоон болдог...Бид нар сүүлийн 2 жилийн хугацаанд байнгын дарамтанд амьдарч байна...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 19-21/

            6. Гэрч Б.Г-н мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар мэдүүлсэн: “…С.Б- бид 2 тусдаа өссөн гэхдээ нэг эцэг эхийн төрсөн ах дүү 2 байгаа юмаа...Ж.Ц- гэх хүүхэнтэй 4-5 жил хамт амьдарч байгаа байх дундаас нь нэг хүүхэд гарсан. Тэр хүүхэн бас нэг дагавар охинтой юм байна лээ ингээд 2 хүүхэдтэй гэсэн. Би гэрт нь нэг их очиж бариад байдаггүй...Ингээд нөгөө эхнэртэйгээ таарахгүй 2 жилийн өмнөөс хэрүүл хийгээд болохгүй нөгөө Яармагийн хашаа байшингаа зараад...байрны үнэнд өгсөн...Тэгээд цагдаад юм л бол бариад өгчихдөг гээд ярьж байсан. Би за хүнд гар хүрэхгүй шүү гэж л хэлдэг, шоронд оров гэж л хэлдэг юм...Архи уух нь уудаг гэхдээ их бага уудаг талаар би мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 45-46/

            7. Гэрч М.Э-ын мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар мэдүүлсэн: “…Би 2016 оны 8 дугаар сарын 06-ны өдөр ажил үүргээ гүйцэтгэж байхад Арцат-10-аас Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо 32-8 тоотод манай эхнэр танхайраад байна гэсэн дуудлага ирсэн. Ингээд дуудлагын дагуу ахлах ахлагч Э.Э-ын хамт дуудлыг мөрөөр очиж шалгахад нөхөр нь гэх С.Б- бид 2 маргалдаад намайг гэдэснээс маажлаа гээд байж байсан ба тухайн үед эхнэр нь гэх эмэгтэй Ж.Ц- гал тогооны өрөөнд хоолоо хийгээд байж байсан. Ингээд...манай хэлтэс дээр та 2 очиж учраа ол гэж хуулийн шаардлага тавьсан тэр үед эхнэр Ж.Ц- гэх эмэгтэй би хоол хийж байна хүүхдүүддээ хоол хийж өгчихөөд араас чинь яваад очино хамт явж чадахгүй гэхээр нь бид 2 таныг удаахгүй та цагдаад очоод учраа олчих гэхэд байж бай гээд байхаар нь бид 2 гарнаас нь хөтлөөд л аваад гарсан. Тэгсэн нөгөө эмэгтэй та нар намайг нөхөртөө зодуулаад алуулах гээд байж байхад ирдэггүй байж нөхөр цагдаа дуудахаар яасан хурдан ирдэг юм гээд тухайн үед та нар намайг хар гээд хормойгоо сөхөж харуулсан чинь Ж.Ц- гэх эмэгтэйгийн хөл болон гуяны дотор хэсгээр хөхөрч няцарсан байсан тэгэхээр нь Э.Э- бид 2 тухайн эмэгтэйд хуулийн зөвлөгөө өгөөд та цагдаад хандаж болно гэж хэлээд нөгөө эмэгтэйг үлдээгээд нөхөр С.Б- гэх хүнийг хэлтэс дээр авч ирж хошууч Цэрэннадмидад хүлээлгэн өгсөн...Тэр 2 байнга л хэрүүл маргаан хийж зодолддог гэж нөхөр нь ч ярьж байсан эхнэр нь бас л тийм зүйл ярьж байсан. Манай нөхөр байнга дарамтлаж зоддог хэрцгий догшин авирлаж...айлган дарамталдаг гэж байсан...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 47-48/

            8. Гэрч Э.Э-ын мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар мэдүүлсэн: “…Би 2016 оны 8 дугаар сарын 06-ны өдөр ажил үүргээ гүйцэтгэж байхад Арцат-10-аас Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо 32-8 тоотод манай эхнэр танхайраад байна гэсэн дуудлага ирсэн. Ингээд дуудлагын дагуу ахлах ахлагч М.Э-ын хамт дуудлагын мөрөөр очиж шалгахад нөхөр нь гэх С.Б- бид 2 маргалдаад намайг гэдэснээс маажлаа гээд байж байсан ба...эхнэр нь гэх эмэгтэй Ж.Ц- согтууруулах ундаа хэрэглээгүй...хоолоо хийгээд байж байсан. Ингээд...манай хэлтэс дээр та 2 очиж учраа ол гэж хуулийн шаардлага тавьсан тэр үед эхнэр Ж.Ц- гэх эмэгтэй би хоолоо хийж байна хүүхдүүддээ хоол хийж өгчихөөд араас чинь яваад очино хамт явж чадахгүй гэхээр нь бид 2 таныг удаахгүй та цагдаа дээр очоод учраа олчих гэхэд байж бай гээд байхаар нь бид 2 гарнаас нь хөтлөөд л аваад гарсан. Тэгсэн нөгөө эмэгтэй та нар намайг нөхөртөө зодуулаад алуулах гээд байж байхад ирдэггүй байж нөхөр цагдаа дуудахаар яасан хурдаг ирдэг юм гээд...та нар намайг хар гээд хормойгоо сөхөж харуулсан чинь Ж.Ц- гэх эмэгтэйгийн хөл болон гуяны дотор хэсгээр нь хөхөрч няцарсан байсан мөн баруун гарын булчин дотор талдаа хөхөрч няцарсан байсан тэгэхээр нь М.Э- бид 2 тухайн эмэгтэйд хуулийн зөвлөгөө өгөөд та цагдаад хандаж болно гэж хэлээд нөгөө эмэгтэйг үлдээгээд нөхөр С.Б- гэх хүнийг хэлтэс дээр авч ирж хошууч Цэрэннадмидад хүлээлгэн өгсөн...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 49/

            9. Гэрч Ц.Б-гийн мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар мэдүүлсэн: “…Жамбалсүрэн овогтой Ж.Ц-г 2002 оноос хойш таних болсон....2014 оноос Ж.Ц- нь манай “Монамира констракшн” ХХК-д менежерээр ажилд орсон. Тэрнээс хойш хамт ажиллаж байгаа юм...Ж.Ц- нь Хан-Уул дүүргийн 19 дүгээр хороололд ээж, охин, хүүгийн хамт амьдардаг. Одоогоор нөхөртэйгөө маргалдаад тусдаа байгаа юм. Нөхрийг нь С.Б- гэдэг. Нөхөр нь хувийн компанид инженер хийдэг. 2011 оноос цуг амьдарсан. Бага хүү Э- нь 5 настай, том охин С- нь 13 настай...Анх амьдарч байхдаа их л гайгүй байдаг байсан. Сүүлдээ нөхөр нь байнга архи дарс уугаад цохиж зоддог байдалтай гаднаас ажил дээрээ орж ирэхдээ нүүр ам нь хөхөрчихсөн байдалтай орж ирдэг. Тэгэхээр нь өөрөөс нь асуухаар архи уугаад бид хоёр маргалдаад тэгээд надад гар хүрсэн гэж хэлдэг байсан...Ж.Ц- биедээ ил харагдах нүүрэндээ гэмтэлтэй хөхөрчихсөн байдалтай байдаг байсан ба тэрийг нь асуухаар манай нөхөр С.Б- архи уугаад зодчихлоо гэж хэлдэг байсан...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 68/

            10. Гэрч Э.С-ийн мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар мэдүүлсэн: “…Гэр бүлийн хүчирхийлэлд өртөж хохирсон этгээдийн эрсдлийн түвшин, нөхцөл байдлыг тодруулж үнэлдэг. Иргэд болон төрийн байгууллагаас хорооны нийгмийн ажилтанд эрсдэлийн түвшин тогтоолгохоор хүсэлт гаргасны дагуу хүчирхийлэл үйлдэгч болон хүчирхийлэлд өртөгчдийн нөхцөл байдалтай танилцаж үнэлгээг гаргадаг...Ж.Ц- нь хороон дээр нийтдээ 3-4 удаа л ирээд манай нөхөр С.Б- архи их уудаг, агсан согтуу тавьж зодож, нүдээд байна гэж ирж байсан...Эрсдэлийн түвшин 9 оноо гарсан. 0-5 оноо нь бага, 5-11 оноо нь дундаж, 12-оос дээш гарахаар эрсдэл өндөр байдаг...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 183/

            11. Хохирогч Ж.Ц-гийн Хан-Уул дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст гаргасан гомдол /1хх-ийн 2, 29/

            12. Хохирогч Ж.Ц-гийн мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар өгсөн: “…2016 оны 8 дугаар сарын 06-ны өдөр 17 цагийн үед...Тухайн өдөр баруун гуяруу өшиглөсөн, цээж рүү гараараа цохьсон, 2 гарын булчингаас базсан. Үснээс зулгаасан. Тухайн үед хэрүүл зодоон хурдан хугацаанд болж өнгөрсөн...Одоо миний толгой хөл гар өвдөж байна. Би шүүх эмнэлэгт үзүүлнэ...Урьд өмнө олон удаа зодож байсан. 2013 оноос эхлэж зодож эхэлсэн...Энэ асуудал олон жил үргэлжилж байна. Би тэр болгон цагдаагийн байгууллагад хандаад байдаггүй. Энэ дарамтнаас бол даралт ихэсдэг, сэтгэл санааны байнгын хямралтай байна...” гэсэн тайлбар /1хх-ийн 3-4/

            13. Хураан авах тогтоол, хураан авсан тэмдэглэл /1хх-ийн 78, 79-80/

                        14. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /№11111/-ний дүгнэлт:

                        -Ж.Ц-гийн биед баруун, зүүн бугалга, цээж, баруун гуя, баруун ташаа, өвдөгний цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

                        -Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

                         -Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

                        -Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

                        -Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдэх боломжтой. /1хх-ийн 6/

                        15. Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн дүгнэлт №12318:

                        -Ж.Ц-гийн биед зүүн шууны гадна дунд доод хэсгээр цус хуралт зөөлөн эдийн няцрал үүсчээ.

                        -Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

                        -Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хөнгөн зэргийн гэмтэл болно.

                        -Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт тогтонги нөлөөлөхгүй. /1хх-ийн 8/

                        16. Материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №470:

                                    -Хавтаст хэргийн №201626031109 тоот материал, Ж.Ц-гийн амбултороор эмчлүүлэгсдийн картнаас үзэхэд Ж.Ц-гийн биед 2015 оны 10 дугаар сарын 24-ний өдөр баруун нүдний зовхины цус хуралт, зулгаралт гэмтэл учирсан байх боломжтой байна.

                                    -Дээрх гэмтэл нь хатуу мохоо болон ир ирмэг бүхий зүйлийн нэг ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой шинэ гэмтэл байна.

                                    -Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. /1хх-ийн 194-195/

             17. Гэр бүлийн хүчирхийллийн эрсдэлийн нөхцөл байдлыг тодорхойлох үнэлгээний маягт /1хх-ийн 131-134/

            18. Эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл /1хх-ийн 202/

            19. СД-нд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1хх-ийн 203-204/

            20. Шүүгдэгч С.Б-ын эрүүлжүүлэгдсэн, захиргааны журмаар албадан саатуулагдсан, торгуулсан болон түүнд холбогдох гомдол, мэдээлэл, зөрчлийн талаарх баримтууд /1хх-ийн 30-33, 205-219/

            21. Яллагдагч С.Б-ын мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар мэдүүлсэн: “…Би энэ сонсгож буй зүйл ангийг хүлээн зөвшөөрөхгүй байна...хэнийг ч зодож нүдээгүй өөрөө хамтран амьдрагч Ж.Ц-д 2016 оны 8 дугаар сарын 06-нд цээж гэдэсээ самардуулаад дараа нь заазуур тулгуулаад чамайг энэ гэрээс зайлахгүй бол нэвт шаана шүү гэж надад хэлсэн. Энэ асуудал 2 жаахан хүүхдийн дэргэд болсон учир хүүхдүүд айх байх гэж бодоод унтлагын өрөөрүүгээ хурдан орсон. Тэгээд би чи 2 хүүхдээ бодооч гэж хэлээд цагдаа дуудсан. 2016 оны 8 дугаар сарын 27-нд өглөө би 08 цагийн үед Дорнод явж байгаад ирсэн. Ирээд гэртээ усанд орчихоод хүүгээ аваад хамт үсээ засуулах гэсэн чинь манай хүү ээжрүүгээ айсан маягтай хараад байхаар нь би үлдээгээд гараад явсан. Тэгээд үсээ янзлуулаад гэртээ эргэж ирээд хөдөө авч явсан хувцасаа угааж байх үед эгчийнх нь охин Баяраа угаалгын өрөөний хаалга онгойлгоод хэрүүл хийгээд байхаар нь угааж байсан юмаа үлдээгээд гараад явсан. Тэгээд би дахиж гэртээ орж чадаагүй өнөөдрийг хүртэл явж байна даа. Тийм учир би хүн зодоогүй болохоор энэ сонсгож буй зүйл ангийг хүлээн зөвшөөрөхгүй байна...2016 оны 8 дугаар сарын 06-ны өдөр хамтран амьдрагч Ж.Ц- 5 настай хүүг загнаад байхаар нь битгий хүүхэд загнаад бай аймхай болно гэсэн тэгсэн Ж.Ц- чи муу хуцаад бай гээд намайг барьж авсан тэгээд миний цээж гэдэсийг самардсан. Би тухайн үед 2 гарыг урдаа бариад ухраад өөрийн өрөөгүүгээ ороод түлхээд хаалгаа хаасан...манай эхнэр надруу орилж чарлаж дайрч байгаад л цагдаа дууддаг...Би тэр өдөр Ж.Ц-г цохиж зодоогүй хэрүүл ч хийгээгүй тэр өдөр дүү Баяраатай л хэрэлдээд л шууд гараад явсан...Би ерөөсөө түүний биед гар хүрээгүй. Битгий хүүхэд загинаад бай гэж хэлсний төлөө өөрөө маажуулсан...2016 оны 8 дугаар сарын 27-ны...гэртээ иртэл Ж.Ц-, түүний эх Ж.Л-, охин С-, миний хүү Э- нар байсан...дэлгүүрээс идэж уух юм авчихаад эргээд гэртээ орсон чинь Ж.Ц-гийн том эгч охин М.Б- нарын хамт ирчихсэн Ж.Ц- харагдахгүй байхаар нь усны өрөөнд ороод хувцас хунараа угааж байтал М.Б- угаалгын өрөөний хаалга нээчихээд надаас хэрүүл өдөөд байхаар нь угааж байсан зүйлээ хаячихаад гэрээс гараад...би ерөөсөө гэрээс хөөж гаргаагүй...шалны модоор цохьсон, зууралдаж ноцолдсон зүйл байгаагүй, цамц өмсөөгүй, урт ханцуйтай футболктой байсан шууд гэрээс гараад явсан...Би хааяа архи согтууруулах ундаа хэрэглэдэг...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 51-52, 73-74, 199/ гэх зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.

            Шүүгдэгч С.Б- нь урьд ял шийтгэл хүлээж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 28/-аар тогтоогдлоо.

            Шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1, 25.1 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал хангалттай хийгдсэн, хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /№11111/-ний дүгнэлт, шүүх эмнэлгийн үзлэг хийсэн дүгнэлт №12318, шинжээчийн дүгнэлт №470 зэргийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байна.

Учир нь шүүгдэгч С.Б- нь 2015 оны 10 дугаар сарын 24, 2016 оны 8 дугаар сарын 06, 2016 оны 8 дугаар сарын 27-ны өдрүүдэд Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, ********* тоотод байрлах гэртээ хамтран амьдрагч Ж.Ц-тэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж түүнийг хөл, гар хэсэгт нь гараараа цохих, өшиглөх, толгой хэсэгт нь гараараа цохих, хэвлий хэсэгт нь гараараа цохих, гар руу нь шалны модоор цохих зэргээр зодож хохирогч Ж.Ц-гийн биед баруун, зүүн бугалга, цээж, баруун гуя, баруун ташаа, өвдөгний цус хуралт, зүүн шууны гадна дунд доод хэсгээр цус хуралт зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл учруулсныг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, тарчлаасан гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Өөрөөр хэлбэл хохирогч Ж.Ц- нь шүүгдэгч С.Б-той 2011 оноос хамтран амьдарсан, 1 хүүхэдтэй, хэрэг болох үед Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, ********* тоот байранд хамтран амьдарч байсан, мөн хохирогч, шүүгдэгч, гэрч нарын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд, хавтаст хэрэгт авагдсан гэр бүлийн хүчирхийллийн эрсдэлийн нөхцөл байдлыг тодорхойлох үнэлгээний маягт зэргээс шүүгдэгч С.Б- нь хохирогч Ж.Ц-тэй гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай болох нь тогтоогдож байгаа бөгөөд гэр бүлийн хүчирхийлэл гэдгийг Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1 дэх хэсэгт “...энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд /3.1.1...хамтран амьдрагч.../ энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг...” гэж тодорхойлсон ба шүүгдэгч С.Б-ын гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг буюу хамтран амьдрагч Ж.Ц-г хамт амьдарч байх хугацаандаа буюу 2011-2016 оны хооронд удаа дараа хэл амаар доромжилсон, байнгын сэтгэл санааны дарамтанд оруулсан, зодсон зэргийг хүний сэтгэл санаанд дарамт учруулах, бие махбодид халдсан гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэл тогтоогдож байна.

Мөн 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 100 дугаар зүйлийн 100.1 /Тарчлаах/ дэх хэсэгт “...гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ...” гэж хуульчилсан бөгөөд прокуророос 2015 оны Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т “...зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ...” гэж шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлснээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй болжээ.

Иймд шүүгдэгч С.Б-ыг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, тарчлаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан ял оногдуулах үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.

Шүүх хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хавтаст хэргийн хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэв.

Прокуророос шүүгдэгч С.Б-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн боловч уг хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байх ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т “...зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ...” гэж, мөн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон,...гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолно...” гэж тус тус зааснаар шүүгдэгч С.Б-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Тодруулбал шүүгдэгч С.Б- нь 2015 оны 10 дугаар сарын 24, 2016 оны 8 дугаар сарын 06, 2016 оны 8 дугаар сарын 27-ны өдрүүдэд гэмт хэрэг үйлдсэн бөгөөд гэмт хэрэг үйлдэгдснээс хойш /2016.08.27-ноос/ 1 жилийн хугацаа өнгөрсөн буюу хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.

Шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдъя.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан бор өнгийн иштэй, 27.3 см урттай заазуур 1 ширхэг, 102 см урттай шар өнгийн шалны мод 1 ширхэг зэргийг устгуулахаар тус шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлж, диск 1 ширхэгийг уг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж шийдвэрлэх нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1.  Шүүгдэгч Д овогт С-ийн Б-ыг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, тарчлаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

            2. Д овогт С-ийн Б-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 2-т зааснаар хэрэгсэхгүй болгосугай.

 

3. С.Б-д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар тогтоол хүчин төгөлдөр болмогц энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан бор өнгийн иштэй, 27.3 см урттай заазуур 1 ширхэг, 102 см урттай шар өнгийн шалны мод 1 ширхэг зэргийг устгуулахаар тус шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлж, диск 1 ширхэгийг уг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

 

5. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

6.  Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

7. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд С.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.     

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                           Б.БАТБОЛОР