Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 2022/ДШМ/557

 

 

 

 

 

 

  2022             05              24                                        2022/ДШМ/557

 

 

Б.Б-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүгч М.Алдар, Ж.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Н.Н,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Ц,

яллагдагч Б.Б, түүний өмгөөлөгч О.С,

нарийн бичгийн дарга Т.Цэрэнсоном нарыг оролцуулан,          

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 4 дүгээр сарын 6-ны өдрийн 2022/ШЗ/640 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Ц-гийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Б.Б-д холбогдох эрүүгийн 1711000060953 дугаартай хэргийг 2022 оны 5 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч Ж.Э-ийн илтгэснээр хянан хэлэлцэв.

А овгийн Б.Б 1962 оны 5 дугаар сарын 21-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 59 настай, эрэгтэй, дээд боловсролтой, улс төрч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт -, ял шийтгэлгүй, /РД:-/;

Яллагдагч Б.Б нь өөрийн эзэмшил газрын хил заагийг зөрчиж хашаа хатгасны улмаас 2017 оны 6 дугаар сарын 29-ний өдөр 13-14 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Их бүрд зочид буудлын баруун талын төмөр хашаанд А.С нь тогонд цохиулж нас барсан нь хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актаар хүлээсэн үүргээ биелүүлээгүй улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: Б.Б-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс: Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан бичгийн нотлох баримт болон шүүх хуралдаанд талуудаас гаргасан тайлбар, хүсэлтээс үзэхэд 2017 оны 6 дугаар сарын 29-ийн өдөр Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Их бүрд” зочид буудлын төмөр хашааны завсраар гарч байсан А.С нь цахилгаан хүчдэлд цохиулж зүрх нь зогсож нас барсан байна.

“Их бүрд” зочид буудлын төмөр хашааны доогуур байрлах өндөр хүчдэлийг 2009 оны 8 дугаар сард захиалагч болох “М А” ХХК буюу “С М Г” ХХК гүйцэтгэгч болох “Э” ХХК гэрээ байгуулан хийж гүйцэтгэн, сүлжээнд оруулсан байна. 2016 онд Б.Б-ын эзэмшлийн блокон хашааг машин мөргөж нурааснаас болж уг төмөр хашааг хатгаж хашаалахдаа өндөр хүчдэл бүхий кабель утсан дээр таарч, утас шалбаран хашаа цахилгаанжсан байна. Шинжээчийн дүгнэлтээс үзэхэд өндөр хүчдэлийг журмын дагуу тавиагүй, түүнийг улсын комисс хүлээн авч цахилгаан гүйдэлд холбосон байна.

Прокуророос яллагдагч Б.Б-ыг өөрийн эзэмшил газрын хил заагийг зөрчиж хашаа хатгасны улмаас А.С нь тогонд цохиулж нас барсан, энэ нь хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актаар хүлээсэн үүргээ биелүүлээгүй улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэж яллагдагчаар татаж яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Яллах дүгнэлт хуульд заасан шаардлагыг хангахгүй байна. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжийг бүрэн тодорхойлоогүй, гэмт хэргийн шинж нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заагдсан ямар зүйл заалтаар зүйлчлэгдэхийг тодорхой бичих байтал үүнийг бүрэн тодорхойлоогүй байгаа нь мөрдөн шалгах ажиллагааг бүрэн гүйцэт явуулаагүйтэй холбоотой байна. Яллагдагч Б.Б нь хилийн заагийг зөрчиж хашаа барьсан гэж улсын яллагчаас үзсэн ба үүнийг дүгнэхдээ шинжээчийн дүгнэлтийг үндэслэсэн гэж тайлбарласан.

Гэвч шинжээч нар хилийн заагийг зөрчсөн гэж дүгнэлт гаргахдаа баримталсан баримт материал өөрөө эргэлзээтэй байна. Учир нь ямар кадастрын зураг, захирамжаар хил хязгаар нь тодорхойлогдож байгаа, ямар багажаар, яаж хэмжилт хийж хилийн заагийг зөрчсөн болохыг тодруулах шаардлагатай бөгөөд яллагдагч нь ямар хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актаар хүлээсэн үүргээ биелүүлээгүй болохыг тодорхойлох шаардлагатай юм.

Иймд яллагдагч Б.Б-аас 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Б.Н, Г.Ц, Б.Н нарын гаргасан дүгнэлтээр хилийн заагийг зөрчсөн гэж үзэж байгаа боловч энэ нь бусад баримтыг үндэслэн хилийн заагийг зөрчсөн эсэхийг дахин шалгуулах тухай хүсэлт гаргасныг шүүх хүлээн авах үндэслэлтэй байна гэж үзлээ. Шинжээч, гэрч нарыг дахин асууж тодруулж хилийн заагийг зөрчсөн, эс зөрчсөн талаарх дүгнэлтийг эргэлзээгүй зөв тогтоох нь зүйтэй байна.

Мөн түүнчлэн нас барсан гэх Н.Г, Б нарыг буруутай гэж үзэн компаниудыг иргэний хариуцагчаар татжээ. Тухайн гэрээ болон зургийн дагуу ажил гүйцэтгээгүй байгаа нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байгаа боловч зөвхөн Н.Г, Б нарыг буруутай гэж үзсэн нь учир дутагдалтай. Учир нь тэднээс гадна уг ажлыг хийж гүйцэтгэсэн бусад инженер болон тухайн ажилчид хэний, ямар заавраар хийсэн талаар асууж тодруулсан гэрчийн мэдүүлэг, бусад нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй, журмын дагуу хийж гүйцэтгээгүй ажлыг хүлээж авсан төрийн байгууллага, хашаа цахилгаанжсан гэдгийг хүмүүс мэдсэн байтал “ЦТС”-аас аюулгүй болгоогүй байгааг шалгаагүй байна.

Иргэний хариуцагчаар татсан прокурорын тогтоолуудад гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих хуулийн этгээдийг зөв тогтоогоогүй. Иргэний хариуцагчийн нэрийг буруу бичсэнээс болж сүүлд гарах үр дагаврыг засаж залруулах боломжгүй юм. Үүнийг прокурор шүүх хуралдаанд техникийн шинжтэй алдаа гэж тайлбарласан боловч шүүхээс зөвтгөж шийдвэрлэх боломжгүй юм.

Дээрх ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй бөгөөд нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх шаардлагатай байх тул яллагдагч, түүний өмгөөлөгчөөс гаргасан хүсэлтийг хүлээн авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан үндэслэлээр хэргийг прокурорт буцаахаар шийдвэрлэсэн. Яллагдагч Б.Б-д холбогдох эрүүгийн хэргийг Чингэлтэй дүүргийн прокурорын газарт буцааж, Б.Б-д авсан хувийн баталгаа гаргах талсан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Ц давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2017 оны 6 дугаар сард А.С нь Их бүрд цогцолборын эзэмшилд тогонд цохиулан амь насаараа хохирсон. Уг хэргийг 5 жилийн турш мөрдөх үйл ажиллагаагаа явуулж, мэргэжлийн хяналтын 3 удаагийн дүгнэлт гарсан байгааг бид мөрдөх ажиллагаа хангалттай явагдсан гэж үзэж байна. Иймд хэргийг анхан шатны шүүхээр шийдвэрлүүлэхийг хүсэж байна. Уг хэргийг прокурорт буцааж байгаад гомдолтой байна” гэв.

Яллагдагч Б.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хохирогчийн ар гэрт тохиосон энэ уй гашууг би чин сэтгэлээсээ ойлгож байгаа. Хэрэг гарсан өдрөөс хойш хохирогчийн ар гэрийнхэнтэй тогтмол уулзсан. Би 755 дугаартай дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг дэмжиж байна” гэв.

Яллагдагч Б.Б-ын өмгөөлөгч О.С тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэлтэй гэж үзэж байна. Миний үйлчлүүлэгч Нийслэлийн мэдээллийн санг сайн тайлбарлахгүй байна. Нийслэлийн мэдээллийн сан нь Кадастрын тухай хууль, Газрын тухай хууль, Цахилгаан түгээх сүлжээний тухай хуулиар тухайн цахилгаан шугам татаж байгаа хувь хүн, хуулийн этгээдүүд улсын мэдээллийн санд хэдэн метр шугамыг агаараар, эсвэл газраар тавьснаа зураг төсөл болон бусад материалуудын хамт Цахилгаан түгээх сүлжээнд бүртгүүлж энэ мэдээллийн сан үүсдэг. Гэтэл “С М” ХХК хууль бусаар шугам татсан учир энэ мэдээллийн санд мэдээлэл нь байдаггүй. Мөн миний үйлчлүүлэгчийг кадастрын зургаасаа хэтрүүлэн хашаа барьсан гэж дүгнэсэн. Кадастрын тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д ”эргэлтийн цэг” гэж нэгж талбарыг хязгаарласан хилийн шугамын нугаралтыг газар дээр нь болон кадастрын зураг дээр тодорхойлсон цэгийг гэж заасан байдаг. Кадастрын албанаас эргэлтийн цэгийн актыг үйлдэж газар эзэмшигчид хүлээлгэж өгөх ёстой, ингэж хүлээлгэж өгөөд хүлээн авсан тал гарын үсэг зурж баталгаажсаны дараа тухайн хашааны хүрээ өөрчлөгдвөл эргэлтийн цэг хэтэрсэн гэж үздэг. Гэтэл миний үйлчлүүлэгчид 2014 оноос хойш энэхүү актыг үйлдэж өгөхгүй байсаар 2017 оны 12 дугаар сарын 12 буюу хэрэг гарснаас 5 сарын дараа эргэлийн цэгийг хүлээлгэн өгсөн акт үйлдэж өгсөн. Мөн “ГХ” ХХК нь эргэлтийн цэг гэсэн ойлголтгүйгээр кадастрын зургийг хэтрүүлсэн гэх дүгнэлт гаргасан нь үндэслэлгүй. Хохирогч 3 удаагийн шинжээчийн дүгнэлт ижилхэн гарсан гэж тайлбарласан. Гэтэл шинжээчийн дүгнэлтүүд маш зөрүүтэй гарснаас гадна Шүүхийн шинжилгээний тухай хуулийн дагуу шинжээчийн ур чадварыг нотолсон баримт байхгүй, тамга тэмдэггүй, зөвхөн гарын үсэг зураад ирүүлсэн байдаг. “ГХ” ХХК-ийн бичиг баримт нь шаардлага хангахгүй, гаргасан дүгнэлт нь үндэслэлгүй. Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид яллах дүгнэлт ойлгомжгүй, тодорхой бус байгаа талаар дурдсан. Яллах дүгнэлтийн тогтоох хэсэгт “...хууль, түүнд нийцүүлэн гаргасан...” гэсэн байдаг нь ямар хуулийг үндэслэж байгаа нь ойлгомжгүй. Мөн мөрдөн шалгах ажиллагаа дутуу хийгдсэн гэж үзэж байна. Хэрэгт татаж оруулах ёстой этгээдүүд болох төрийн чиг үүргийг хэрэгжүүлж байгаа Мэргэжлийн хяналтын газар, Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээний инженерүүдийг иргэний хариуцагчаар эсвэл холбогдогчоор татах ёстой. Учир нь хохирогчид учирсан хохирлыг хариуцах эзэн нь тодорхой байх ёстой. Эдгээр нөхцөл байдлуудыг дутуу шалгасан гэж анхан шатны шүүхээс дүгнэсэн нь үндэслэлтэй байх тул анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Прокурор Н.Н тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Анхан шатны шүүхээс 2022 оны 4 дүгээр сарын 6-ны өдөр 2022/ШЗ/640 дугаартай шүүгчийн захирамж гарсан. Энэ захирамжид прокурор эсэргүүцэл бичээгүй. Учир нь шүүгчийн захирамжид дурдсан асуудлууд нь үндэслэлтэй, прокурор дутуу ажиллагаа хийсэн байхыг үгүйсгэхгүй байна. Яллах дүгнэлтийн 3 дугаар хуудсанд гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтэд “байршлын 2, 3 дугаар цэг баруун тийшээ сунасан” гэж байх ба 3 удаагийн шинжээчийн дүгнэлтүүд адилхан гарсан. Яллах дүгнэлтийн тогтоох хэсэгт ямар хуульд үндэслэсэн гэдгийг тодорхой бичээгүй ч яллах дүгнэлтийн 4 дүгээр хуудсанд яллагдагчийг Эрчим хүчний тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийг зөрчсөн талаар, хил заагийг зөрчиж хашаа хатгасан үйлдлийг Зөрчлийн тухай хуулийн 12.3 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т заасныг зөрчсөн гэж дүгнэсэн. Яллагдагч Б.Б нь 2007 онд энэ газрыг өөрийн нэр дээр авч байсан. 2009 онд тус газарт “СМ” ХХК нь “МА” ХХК-тай хамтран цахилгааны шугам татсан. 2021 оны 11 дүгээр сард хэргийн оролцогчдыг хэргийн материалтай танилцуулсан. Үүнээс өмнө яллагдагч Б.Б Нийслэлийн мэдээллийн санд үндэслэн хашаагаа сунгасан гэж огт яриагүй. Хэрэг гарахын өмнө Нийслэлийн мэдээллийн санд мэдээллээ бүртгүүлээгүй байсан ба хэрэг гарсаны дараа зориулалтын дагуу шугам татуулаад, ямар нэгэн байдлаар мэдээллийн санд оруулсан. Он, онуудын зургуудаас харахад Б.Б-ын эзэмшлийн хашаа олон удаа өөрчлөгдсөн. 2015, 2018 онуудын зургаас үзэхэд хашаа баруун тийш сунгагдсан нь харагддаг. Мөн Газрын албаны эрх бүхий албан тушаалтны мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргээр Б.Б-ыг хилийн зааг зөрчсөн гэдэг нь нотлогддог. Иймд дээрх баримтуудыг үндэслэн шүүгчийн захирамжийн энэ хэсгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид “...хашаа цахилгаанжсан гэдгийг хүмүүс мэдсэн байтал ЦТГ ТӨХК-аас аюулгүй болгоогүй байгааг шалгаагүй байна.” гэсэн байна. Тухайн үед гэрчүүд хашаанд хүрэхэд тог цохиж байсан, энэ талаар байгууллагынхаа удирдах албан тушаалтанд хэлсэн талаараа мэдүүлдэг. Энэ байгууллагын удирдах албан тушаалтан нь Б.Б бөгөөд хашаа цахилгаанжсан асуудлыг зохих байгууллагад мэдэгдээгүй нь хохирогчийн амь нас хохироход нөлөөлсөн. Яллагдагчийн өмгөөлөгчөөр хууль бус шугам татсаныг хүлээн авсан Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээг хэрэгт татаж оруулах нь зүйтэй гэж ярьсан. Тухайн үед тог татах ажлыг тусгай зөвшөөрөлтэй компани гүйцэтгэж, энэ компанийн эрх бүхий албан тушаалтнууд ажлын тайлангаа тодорхой бичиж, үүнд хяналт тавьж байсан. “СМ” ХХК-ийн эрх бүхий албан тушаалтан ажлын тайланг хүлээн авч акт үйлдсэн. Энэхүү актын дагуу ЦТС зөвхөн тог залгах ажлыг гүйцэтгэсэн. Тэгэхээр, ЦТС-ийн албан хаагчдыг хэрэгт оролцуулах нь үндэслэлгүй” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Б.Б-ыг өөрийн эзэмшил газрын хил заагийг зөрчиж хашаа хатгасны улмаас 2017 оны 6 дугаар сарын 29-ний өдөр 13-14 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Их бүрд” зочид буудлын баруун талын төмөр хашаанд А.С нь тогонд цохиулж нас барсан нь хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актаар хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн эсэхийг тогтоолгож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байх ба шүүх, урьдчилсан хэлэлцүүлгээр хэргийг хэлэлцэж хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа хийлгүүлэхээр прокурорт буцааж шийдвэрлэжээ.

Энэ шийдвэрийг эс зөвшөөрч “шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг хэлэлцүүлэх” тухай хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Ц-гийн гаргасан гомдлын дагуу хэргийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэлэлцээд шүүгчийн захирамжийг үндэслэлтэй гэж үзлээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор нь яллагдагч Б.Б-ад холбогдох хэрэгт үйлдсэн яллах дүгнэлт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлд заасан хууль ёсны шаардлагыг хангаагүй талаар бичсэн шүүгчийн захирамжийн заалтыг хүлээн зөвшөөрч байгаа тул эсэргүүцэл бичээгүй гэж тайлбарласан болно.

Иймд прокурор эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт, зарчимд нийцүүлэн шүүгчийн захирамжид дурдсан асуудлуудыг тодруулах ажиллагааг зайлшгүй нэмж хийсэний дараа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлд заасан шаардлагын дагуу яллах дүгнэлт үйлдэх шаардлагатай гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Хэргийг прокурорт буцаасан тул хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Ц-гийн гаргасан давж заалдах гомдолд хууль зүйн дүгнэлт хийгээгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 6-ны өдрийн 2022/ШЗ/640 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, яллагдагч Б.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Б.АРИУНХИШИГ

 

                    ШҮҮГЧ                                                                        М.АЛДАР

                    ШҮҮГЧ                                                                        Ж.ЭРДЭНЭЧИМЭГ