| Шүүх | Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гөлгөөгийн Давааренчин |
| Хэргийн индекс | 148/2020/00179/И |
| Дугаар | 37 |
| Огноо | 2020-04-29 |
| Маргааны төрөл | Нас тогтоолгох, |
Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 04 сарын 29 өдөр
Дугаар 37
З.Ц-ы хүсэлттэй
иргэний хэргийн тухай
Хэргийн индекс: 148/2020/00179/И
Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:
Даргалагч, шүүгч Б.Батзориг
Шүүгчид Д.Буянжаргал
Г.Давааренчин
Оролцогчид
Хүсэлт гаргагч З.Ц
Хүсэлт гаргагчийн өмгөөлөгч А.О
ШШүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхзул нарыг оролцуулж, Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 240 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч бичсэн хүсэлт гаргагчийн давж заалдсан гомдлоор З.Ц-ы “нас тогтоолгох” тухай хүсэлттэй иргэний хэргийг 2020 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч танилцаад, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Хүсэлт гаргагч З.Ц анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: ...
миний бие 1959 онд Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын нутаг Засагт нуур гэдэг газар малчин ард З-ын 2 дахь хүүхэд болж төрсөн юм. Би эгч 4 дүүтэй. Эгч З.Ц нь 1957 онд төрсөн. Миний дүү З.Ц нь 1961 онд төрсөн юм. ... Би 1959 онд төрсөн боловч улсын иргэний бүртгэлд 1961 оны 12 дугаар сарын 16-ны өдөр гэж бичсэн байдаг бөгөөд өөрийн төрсөн дүү З.Ц-ээс 10 сараар дүү болж алдаатай бичигдсэн байдаг юм. Иргэний бүртгэлд ямар шалтгаанаар алдаатай бичигдсэн болохыг сайн мэдэхгүй байна. Одоо миний бие 60 нас гарч өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэж байгаа тул насыг минь тогтоож, намайг 1959 оны 12 дугаар сарын 16-ны өдөр төрсөн болохыг тогтоож өгнө үү гэжээ.
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 240 дугаартай шийдвэрээр:
“1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.13 дахь хэсэгт зааснаар З-ын Ц-ы 1959 оны 12 сарын 16-нд төрсөн болохыг тогтоолгохоор гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй...” гээд, эрх бүхий этгээд хуульд заасан үндэслэлээр давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.
Хүсэлт гаргагч болон түүний өмгөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
...Миний бие З.Ц нь 1959 онд Баян-Өлгий аймгийн Цэнгэл суманд малчин ард Заяатын гэр бүлд 2 дахь хүүхэд нь болж мэндэлсэн. Эгч З.Ц нь 1957 онд миний бие 1959 онд, дүү З-н Ц 1961 онд мөн Баян-Өлгий аймгийн Цэнгэл суманд төрсөн. Бид эхээсээ хоёр хоёр жилийн зайтай төрсөн байдаг юм. Энэ талаар холбогдох бароимтыг шүүхэд ирүүлсэн боловч анхан шатны шүүх Улсын бүртгэлийн төв архивын лавлагааг зөвхөн 1959 оны төрөлтийн бүртгэлд бүртгэгдээгүй гэсэн лавлагааг мушгин тайлбарлаж миний хуулиар олгогдсон, хөндөгдсөн эрх ашгаа сэргээлгэх боломжийг үгүй болгон шийдвэрлэснийг нь хүлээн зөвшөөрөхгүй, гомдолтой байна.
Иймд хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж иргэн З.Ц намайг 1959 оны 12 дугаар сарын 16-ны өдөр төрсөн болохыг тогтоож, анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 240 дугаартай шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй боловч давж заалдах шатны шүүхээс зохих дүгнэлт хийж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Иргэн З.Ц нь нас тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргасан ба шүүх түүний хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг хүсэлт гаргагч эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан байна.
Хүсэлт гаргагч З.Ц давж заалдах гомдлын үндэслэлээ анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй гэжээ.
Хэргийг судлан үзвэл: Баян-Өлгий аймаг Цэнгэл сумын харьяат М-гийн З, Ж-ын Ц нар нь таван хүүхэд төрүүлсэн байх ба хүсэлт гаргагч З-ын Ц нь тэдгээрийн хоёр дахь хүүхэд болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иргэний улсын бүртгэлд иргэн З-ын том охин Ц нь 1958 оны 11 сарын 29-ний өдөр төрсөн, хоёр дахь хүү Ц нь 1961 оны 12 сарын 16-ны өдөр, гурав дахь хүү Ц нь 1961 оны 03 сарын 06-ны өдөр тус тус төрсөн ба хүсэлт гаргагч З.Ц нь төрсөн дүү З.Ц-тэй нэг онд буюу 1961 онд төрсөн, дүүгээсээ 09 сарын дараа төрсөн гэж бүртгэгджээ.
Баян-Өлгий аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтсийн 2020 оны 01 сарын 13-ны өдрийн 1/34 тоот лавлагаа болон Улсын бүртгэлийн төв архивын 2020 оны 03 сарын 09-ний өдрийн 05/005472 дугаартай төрөлт бүртгэл гараагүй тухай лавлагаа зэргээр 1958-1961 онуудын төрөлт бүртгэлд З.Ц-ыг төрсөн тухай бүртгэл гаргахгүй байна гэжээ.
Дээрхи баримтууд болон улсын бүртгэлийн төрсний бүртгэлийн лавлагаанууд болон гэрч З.Ц, З.Ц, Л.Б нарын мэдүүлэг зэргээс дүгнэн үзвэл хүсэлт гаргагчийн төрсний бүртгэл нь улсын иргэний бүртгэлд ташаа бүртгэгдсэн байх боломжтой юм.
Өөрөөр хэлбэл хүсэлт гаргагч З.Ц нь төрсөн дүү З.Ц-тэйгээ нэг онд төрсөн дүүгээсээ даруй 09 сарын дараа төрсөн байх боломжгүй бөгөөд хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд давж заалдах шатнээс дүгнэлт хийж түүний нас тогтоолгох тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иймд хүсэлт гаргагчийн эгч З.Ц нь 1958 оны 11 сарын 29-ний өдөр төрсөн, дүү З.Ц нь 1961 оны 03 сарын 06-ны өдөр төрсөн, ах дүү нар хоорондоо хоёр, хоёр насны зөрүүтэй төрсөн байна гэж үзэж, хүсэлт гаргагч З.Ц-ыг 1959 оны 12 сарын 16-ны өдөр төрсөн 2020 оны 03 сарын 25-ны өдрийн байдлаар 60 нас 03 сар 09 хоногтой болохыг тогтоож, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 сарын 25-ны өдрийн 240 дугаартай шийдвэрийн “Тогтоох” хэсгийн
1 дэх заалтыг:
“1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.13 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Заяатын Цогцагааны 1959 оны 12 сарын 16-нд төрсөн, 2020 оны 03 сарын 25-ны өдрийн байдлаар 60 нас 03 сар 09 хоногтой болохыг тогтоосугай.” гэж өөрчлөн, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хүсэлт гаргагч З.Цогтцагаанаас давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ Б.БАТЗОРИГ
ШҮҮГЧИД Д.БУЯНЖАРГАЛ
Г.ДАВААРЕНЧИН