Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 128/ШШ2016/0395

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Одмаа даргалж, тус шүүхийн “Б” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “Г******* групп” ХХК /РД: /-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Нийслэлийн худалдан авах ажиллагааны газар, Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн авто замын газарт тус тус холбогдох

Гуравдагч этгээд: “Э*******” ХХК /РД: /,

Нэхэмжлэгч шүүх хуралдааны үед нэхэмжлэлийн шаардлагаа тодруулахдаа: “...Чингэлтэйн гудамж, 7 буудлын уулзвараас Чингэлтэйн эцэс хүртэлх 3.3 км авто замын өргөтгөл, шинэчлэлтийн авто замын барилгын ажил гүйцэтгэгч шалгаруулах тендер шалгаруулалт хууль зөрчин, илтэд нэг талыг барьсан шийдвэр гаргасан гэж үзэж байгаа тул тендер шалгаруулалтыг хүчингүйд тооцуулах”  тухай нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.И, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Б, хариуцагч Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б, хариуцагч Нийслэлийн авто замын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Т, нарийн бичгийн дарга Б.Батжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Г******* групп” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.И, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Б нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

“Тус компани нь Нийслэлийн худалдан авах ажиллагааны газраас 2015 оны 05 дугаар сарын 18-ны өдөр зарласан Чингэлтэйн гудамж, 7 буудлын уулзвараас Чингэлтэйн эцэс хүртэлх 3.3 км авто замын өргөтгөл, шинэчлэлтийн авто замын барилгын ажлын гүйцэтгэгч сонгон шалгаруулах цахим тендерт бодит байдал дээр болон тендерийн баримт бичгийн бүх шаардлагыг маргаангүй бусдаас илүү хангуулан хамгийн бага үнийн санал хүргүүлэн оролцсон.

Тэгтэл Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын 2015 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 2/792 дугаар албан мэдэгдлээр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14.1 2, 16.1.2, 16.1.4, 16.1.5, Нийгмийн даатгалын тухай хуулийн 16.3 дахь заалтуудын шаардлагыг хангаагүй тул тус компанийн тендерт шалгараагүйг мэдэгдсэн.

Үүний хариуд тус компани нь дээрх бүх заалтуудыг хангаж буйг нотолсон 54 хуудас бүхий баримтууд хавсаргасан 2015 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 135 дугаар албан бичгээр Сангийн яаманд гомдол хүргүүлсэн. Тус компанийн гомдлын хариуд Монгол Улсын Сангийн яамнаас 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 6/4158 дугаар албан бичгээр Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газарт хандан:

“Г******* групп” ХХК нь 2015 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн байдлаар нийгмийн даатгалын шимтгэлийн өргүй тухай тодорхойлолтыг ирүүлсэн хэдий ч хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.2-т заасан шалгуур үзүүлэлтийг хангаагүй гэж татгалзсан захиалагчийн шийдвэр үндэслэлгүй байна. Түүнчлэн тендерт оролцогчийн үндсэн машин механизм нь тендерийн баримт бичгийн ТШӨХ-ийн ТОӨЗ 5.3.в-д заасан шалгуур үзүүлэлтийг хангаж байгаа эсэхийг тендерийн материалд хавсарган ирүүлсэн фидуцийн гэрээний дагуу тодруулж үнэлгээг дахин хийх нь зүйтэй байна гэсэн чиглэл хүргүүлсэн боловч, Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газарт уг асуудлын талаар удаа дараа очиж уулзахад тодорхой хариулт өгөхгүй байсны эцэст 2015 оны 07 дугаар сарын 16-ны өдөр уг тендерийн дахин үнэлгээ хийх асуудал 2015 оны 08 дугаар сарын 02-ны өдөр хүртэл хойшлогдсон гэж мэдэгдсэн. Тухайн өдрөөс эхлэн асуухад хариугүй байснаа Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас 2015 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 2/1028 дугаар албан бичгээр Тендерийн баримт бичгийн ТШӨХ-ийн ТОӨЗ.б.З.в-д заасан шаардлага хангаагүй тул тус компанийн тендер шалгараагүй гэсэн мэдэгдэл ирүүлсэн.

Өөрөөр хэлбэл Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын 2015 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 2/792 дугаар албан мэдэгдлээр ирүүлсэн 5-н дутагдлаас зөвхөн Тендерийн баримт бичгийн ТШӨХ-ийн ТОӨЗ.б.З.в “Үндсэн машин механизмын 50-иас доошгүй хувь нь өөрийн байна” гэсэн 1 шаардлага хангаагүй гэж дурдсан байна. Дээрх болсон ойлгомжгүй байдлын улмаас үүссэн нөхцөл байдлыг тус байгууллага нь доорх үндэслэлээр хүлээн зөвшөөрөх боломжгүй байна:

А. Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын 2015 оны 06 дугаар сарын19-ний өдрийн 2/792 дугаар, 2015 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 2/1028 дугаар албан мэдэгдлүүдэд тус компанийг ямар нэгэн байдлаар шалгаруулахгүй гэсэн оролдлогоос;

В. Сангийн яам нь 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 6/4158 дугаар албан бичгээр Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газарт “Г******* групп” ХХК нь 2015 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн байдлаар нийгмийн даатгалын шимтгэлийн өргүй тухай тодорхойлолтыг ирүүлсэн хэдий ч хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.2-т заасан шалгуур үзүүлэлтийг хангаагүй гэж татгалзсан захиалагчийн шийдвэр үндэслэлгүй байна. Түүнчлэн тендер оролцогчийн үндсэн машин механизм нь тендерийн баримт бичгийн ТШӨХ-ийн ТОӨЗ 5.3(в)-д заасан шалгуур үзүүлэлтийг хангаж байгаа эсэхийг тендерийн материалд хавсарган ирүүлсэн фидуцийн гэрээний дагуу тодруулж үнэлгээг дахин хийх нь зүйтэй байна” гэсэн чиглэл хүргүүлээд байхад Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55.2 дахь заалтыг зөрчсөн “дээрх машин механизм нь уг гэрээний дагуу Хас банкны нэр дээр шилжиж өмчлөл үүссэн нь Тендерийн баримт бичигт шаардсан “үндсэн машин механизмын 50-иас доошгүй хувь нь өөрийн байна” гэсэн шаардлагыг хангахгүй байгаа тул танай компанийн саналыг шаардлагад нийцсэн тендер гэж үнэлэх боломжгүйг үүгээр мэдэгдэж байна” гэсэн Нийслэлийн Худалдан авах ажиллагааны мэдэгдэлээс;

С. Тендерийн баримт бичгийн ТОӨЗ 5.3(в)-д “Тендерт оролцогч гэрээг гүйцэтгэхэд зайлшгүй шаардлагатай үндсэн тоног төхөөрөмж, машин механизмууд: Тендерт оролцогч гэрээг гүйцэтгэхэд зайлшгүй шаардлагатай үндсэн тоног төхөөрөмж, машин механизмуудын жагсаалтыг ирүүлнэ. Түрээсээр хэрэглэх бол гэрчилгээний хуулбар, түрээсийн гэрээг хавсаргана. Үндсэн машин механизмын 50%-иас доошгүй нь өөрийн байна.” гэж өөрийн эзэмшлийнх уу? өмчлөлийнх уу? гэдгийг нь тодорхой зааж өгөөгүй байна. “Заалтад тендерт оролцогчийн санал болгосон машин механизм нь тухайн хуулийн этгээдийн өөрийн нэр дээр байх, өмчлөл бүхий машин механизмыг ойлгохоор тусгасан” гэх байдлаар бичгээр тавьсан шаардлагаа зөвхөн хэн нэгний ойлголтоор, зөвхөн хэн нэгэнд ашигтай байдлаар тайлбарлаж байгаагаас;

D. Тендерийн баримт бичгийн ТОӨЗ 5.3(в)-д “Тендерт оролцогч гэрээг гүйцэтгэхэд зайлшгүй шаардлагатай үндсэн тоног төхөөрөмж, машин механизмууд...”-гүй, өмчлөлдөө 2015 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар Монгол Улсын тээврийн хэрэгслийн бүртгэлийн нэгдсэн санд буй) 4-н механизм, 3-н том оврын 2 бага оврын ачааны тээврийн хэрэгсэлтэй, өөрөөр хэлбэл уг гэрээний дагуу ажил гүйцэтгэхэд зайлшгүй шаардлагатай үндсэн тоног төхөөрөмж, машин механизмуудын хаана ч хүрэхгүй “Э*******” ХХК-ийн тендер шалгаруулснаас;

Е. тус компанид 2015 оны 08 дугаар сарын 02-ны өдөр “хариу өгнө” гэсэн атал Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйл (Гэрээ байгуулах эрх олгох)-ийн 29.2-т “Гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдсэнээс хойш ажлын 5-аас доошгүй хоногийн дараа, тендер хүчинтэй байх хугацаанд багтааж гэрээ байгуулна” гэж заасныг зөрчин байж 2015 оны 07 дугаар сарын 29-ний өдөр “Э*******” ХХК-тай Чингэлтэйн гудамж, 7 буудлын уулзвараас Чингэлтэйн эцэс хүртэлх 3.3 км авто замын өргөтгөл, шинэчлэлтийн авто замын барилгын ажил гүйцэтгэх НХААГ15/0045 тоот гэрээ байгуулснаас;

F. Тендер нээгдэхээс өмнө уг “тендерт “Э*******” ХХК ялна” гэсэн цуу яриа байснаас тус тус харахад бусдаас хамгийн бага үнийн санал өгсөн, тухайн тендерт оролцогчдоос хавгүй илүү туршлагатай, бодит байдал дээр болон тендерийн баримт бичгийн тухайд бүх шаардлагыг маргаангүй бусдаас илүү хангасан тус компанийг уг тендерт шалгаруулахгүй, харин тендер шалгаруулалтын үр дүнд илүү өндөр үнийн саналтай, туршлагаараа дутуу, 3.3 км авто замын өргөтгөл, шинэчлэлтийн автозамын барилгын ажил гүйцэтгэхэд зайлшгүй шаардлагатай үндсэн машин механизмгүй “Э*******” ХХК-ийг энэхүү тендерт шалгаруулсан нь хэсэг албан тушаалтны захиалгат, хууль зөрчсөн үйл ажиллагаа гэж үзэж байна.

Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын 2015 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 2/1028 дугаар албан бичгийн хариуд 2015 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 164 дугаар албан бичгээр дахин гомдол хүргүүлсэн байгаа бөгөөд одоогоор хариугүй байна.

Иймд Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын Чингэлтэйн гудамж, 7 буудлын уулзвараас Чингэлтэйн эцэс хүртэлх 3.3 км авто замын өргөтгөл, шинэчлэлтийн авто замын барилгын ажил гүйцэтгэгч шалгаруулах тендер шалгаруулалтыг хүчингүйд тооцож өгнө үү” гэв.

Хариуцагч Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын дарга Ю.Идэрцогт болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...“Г******* групп” ХХК-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэрэгт “Чингэлтэйн гудамж, 7 буудлын уулзвараас Чингэлтэйн эцэс хүртэлх 3.3 км авто замын өргөтгөл, шинэчлэлтийн авто замын барилгын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах” тендер шалгаруулалтыг хүчингүйд тооцуулах, Нийслэлийн Авто замын газрын “Э*******” ХХК-тай байгуулсан 2015 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн гэрээг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь:

Нэг. Чингэлтэйн гудамж, 7 буудлын уулзвараас Чингэлтэйн эцэс хүртэлх 3.3 км замын өргөтгөл, шинэчлэлийн ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хороог Нийслэлийн Засаг Даргын 2015 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн А/272 дугаар захирамжаар байгуулсан ба үнэлгээний хороо нь 2015 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 12.00 цагт тендерийн нээлтийг хийхээр товлож тендерийн урилгыг өдөр тутмын хэвлэлүүд, вэб сайтуудаар тус тус зарлан мэдээлсэн байна.

Тендерийн нээлтэд 11 компани оролцож тендерийн материал ирүүлсэн.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу тендерт оролцогч нь тендер нээсэн өдөр татвар, хураамж, төлбөрөө бүрэн төлж барагдуулсан өр төлбөргүй байхыг хууль тогтоомжоор шаарддаг тул Нийслэлийн худалдан авах ажиллагааны газраас 2015 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 2/570 дугаартай албан бичгээр тендерт оролцогч компаниудыг 2015 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн байдлаар нийгмийн даатгалд өр төлбөртэй эсэх талаарх лавлагааг тодруулахад Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2015 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 8/1090 дугаартай албан бичгээр “Г******* групп” ХХК нь 2015 оны 01, 02, 03, 04 дүгээр саруудын төлбөрийн үлдэгдэлтэй өртэй гэсэн лавлагаа ирсэн учир “Г******* групп” ХХК-ийг тендер нээсэн өдөр өр төлбөргүй байсан гэж үзэх боломжгүй байсан байна.

Хоёр. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.5 дахь хэсэгт “Тендер нээснээс хойш тухайн тендер шалгаруулалтыг 45 хоногт багтаан зохион байгуулж дуусгах бөгөөд уг хугацаанд тендер хүчинтэй байна” гэж заасны дагуу тендерийн хүчинтэй хугацааг 2015 оны 05 дугаар сарын 18-ны өдөр тендер нээснээс хойш 45 хоног тоолоход 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдөр дууссан тул Сангийн яамны 2015 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 6/4188 дугаар албан бичгээр тендерийн хүчинтэй хугацааг 30 хоног сунгасан байна.

Тендерийн хүчинтэй хугацаа нь 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс хойш 30 хоног сунгагдаж 2015 оны 08 дугаар сарын 01-ний өдөр дууссан байтал Сангийн яам 2015 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 6/4956 дугаар албан бичигт “...тендер шалгаруулалтын хүчинтэй хугацаа 2015 оны 07 дугаар сарын 22-ны өдөр дуусгавар болсон...” гэж үзэн тендерийн хүчинтэй хугацааг хууль тогтоомжийн дагуу үнэн зөв тоололгүй буруу тоолж, хууль зүйн үндэслэлгүй хууль бус шийдвэр гаргасан.

Тендерийн хүчинтэй хугацааг 2015 оны 08 дугаар сарын 01-ний өдөр дууссан ба энэ хугацаанд багтааж 2015 оны 07 дугаар сарын 29-ний өдөр Нийслэлийн Авто замын газар болон “Э*******” ХХК-уудын хооронд гэрээ байгуулагдсан байна.

Тухайн тендер шалгаруулалтыг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулиар тендерийн хүчинтэй хугацааг зохицуулсан зүйл заалтын дагуу тендерийн хүчинтэй хугацааг тоолж, хугацааг 1 удаа 30 хоногоор сунгуулан хууль тогтоомжийн дагуу худалдан авах ажиллагааг зохион байгуулсан тул дээрх хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1, 29.2 дахь заалтуудыг ноцтой зөрчсөн гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна.

Гурав. “Г******* групп” ХХК нь Нийслэлийн Авто замын газрын 2015 оны 03 дугаар сарын 13-ны өдөр баталсан “Техникийн тодорхойлолт”-д “Үндсэн машин механизмын 50 хувиас доошгүй нь өөрийн байна” гэсэн шаардлагыг хангаагүй байсан байна.

“Г******* групп” ХХК-ийн Хас Банктай байгуулсан фидуцийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт “фидуцийн хөрөнгийг энэхүү гэрээ хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш ажлын 3 хоногийн дотор Банкны өмчлөлд шилжүүлнэ” гэж заасан, мөн гэрээний 3 дугаар зүйлийн 3.2.8 дахь хэсэгт “үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд банкны шаардсан үед фидуцийн хөрөнгийг үл маргах журмаар банкны эзэмшилд шилжүүлэх,...” гэж тус тус үүргийг заасан байдаг.

Фидуцийн гэрээнд тусгасан машин механизмыг “Г******* групп” ХХК өмчлөх, ашиглах эрхтэй байсан байна гэж үзэх боломжгүй, Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.2 дахь хэсэгт “...Шилжүүлсэн эд хөрөнгийг үүрэг хүлээгч ашиглах эрхтэй байхаар гэрээнд зааж болно” гэж заасан заалтыг тусгасан, дээрх эрхийг эдэлж хөрөнгийг үүрэг хүлээгч “Г******* групп” ХХК өмчлөх, ашиглах эрхтэй байсан байна гэж үзэхэд учир дутагдалтай байсан байна.

Мөн ТШӨХ-ийн ТОӨЗ 5.3 (в)-д заасан шалгуур үзүүлэлтийг хангаж байгаа эсэхийг тодруулах үүднээс тендерт оролцогч компаниудын эзэмшлийн машин механизмын лавлагааг Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын 2015 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 2/631 дугаартай албан бичгээр тодруулахад Авто Тээврийн Үндэсний Төвийн 2015 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 2/922 дугаар албан бичигт “Г******* групп” ХХК-ийн эзэмшилд ТШӨХ-ийн ТОӨЗ 5.3 (в)-д заасан машин механизм байхгүй тухай тодруулга ирсэн тул “Г******* групп” ХХК-ийг ТШӨХ-ийн ТОӨЗ 5.3 (в)-д заасан шалгуур үзүүлэлтийг хангасан гэж үзэх боломжгүй байсан байна. Иймээс хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Хариуцагч Нийслэлийн Авто замын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

“...Чингэлтэйн гудамж, 7 буудлын уулзвараас Чингэлтэйн эцэс хүртэлх 3.3 км авто замын өргөтгөл шинэчлэлийн ажлын сонгон шалгаруулалт нь Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/10 дугаар захирамжийн 2 дахь заалтад заасны дагуу худалдан авах ажиллагааг холбогдох хууль, журамд нийцүүлэн зохион байгуулахыг Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын дарга Ю.И даалгасан байдаг.

Энэ захирамжийн дагуу 2015 оны Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/272 дугаар захирамжийн 2 дахь хавсралтаар үнэлгээний хороог байгуулж 3 дахь заалтад энэхүү захирамжийн хэрэгжилтэд хяналт тавин, гүйцэтгэл үр дүнг Нийслэлийн Засаг даргын өмнө хариуцан ажиллахыг Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын дарга Ю.И даалгасугай гэсэн.

Дээрхи хоёр захирамжаас үзэхэд энэхүү гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажил нь Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар болон үнэлгээний хорооны эрх хэмжээний асуудал болох нь харагдаж байна.

2. Нийслэлийн Авто замын газар нь гүйцэтгэгчийг сонгон шалгаруулсан үнэлгээний хорооны 2015 оны 06 дугаар сарын 16-ны №01 дугаартай зөвлөмжийн дагуу “Э*******” ХХК-д 2015 оны 06 дугаар сарын 19-ний 2/945 дугаартай гэрээ байгуулах мэдэгдлийг хүргүүлсэн.

Гэтэл үнэлгээний хорооны нарийн бичгийн дарга Н.Б нь тус газрын гэрээний мэргэжилтэн М.С*******д маргаан гарсан тул гэрээ байгуулахыг холбогдох эрх бүхий газраас хариу иртэл түр хүлээхийг утсаар ярьж мэдэгдсэн. 2015 оны 07 дугаар сарын 27-ны өдөр Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас 2/981 дугаартай албан бичгээр “Э*******” ХХК-тай гэрээ байгуулах нь зүйтэй байна гэсэн. Энэхүү гэрээ байгуулах албан бичгийн дагуу 2015 оны 07 дугаар сарын 29-ний өдөр НХААГ-15/0045 дугаартай гэрээ байгуулсан болно.

Иймд Нийслэлийн авто замын газар нь эрх хэмжээгээ хэтрүүлж дур мэдэн гүйцэтгэгчтэй гэрээ байгуулаагүй болох нь холбогдох албан бичгүүдээр нотлогдохоос гадна “Г******* групп” ХХК-аас тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн агуулга болон нэхэмжлэлийн шаардлагадаа Нийслэлийн авто замын газрыг буруутай, хууль ёсны эрх ашгийг нь ноцтойгоор зөрчсөн гэх талаар дурдаагүй болно” гэв.

Хариуцагч Тендерийн үнэлгээний хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

“...Нийслэлийн Засаг Даргын 2015 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн А/272 дугаар үнэлгээний хороо байгуулах захирамжаар Чингэлтэй гудамж, 7 буудлын уулзвараас Чингэлтэйн эцэс хүртэлх 3,3 км авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хорооны гишүүнээр орж ажилласан болно.

Худалдан авах ажиллагааг холбогдох хууль, журамд нийцүүлэн зохион байгуулах ажлыг Нийслэлийн худалдан авах ажиллагааны газар зохион байгуулж ажилласан бөгөөд тухайн үнэлгээний хорооны гишүүний хувьд үнэлгээний хорооны хурал 2015 оны 04 дүгээр сарын 16, 2015 оны 05 дугаар сарын 18, 2015 оны 06 дугаар сарын 16, 2015 оны 07 дугаар сарын 09-ний өдөр дөрвөн удаа хуралд оролцсон. 2015 оны 06 дугаар сарын 04-ний өдөр хуралд ажил давхацсан тухай мэдэгдэж оролцоогүй.

2015 оны 05 дугаар сарын 18-ны өдөр нийт оролцсон 11 компаний төлөөллийг байлцуулан цахим тендерийг нээхэд “Г******* групп" ХХК нь 4.668,096,799 төгрөгний саналаар доороосоо хоёрдугаарт жагсаж байсан.

Дараагийн хурлуудаар үнэлгээний хорооны нарийн бичгийн дарга Н.Б цахим тендерийн материал ирүүлсэн компаниудын бичиг баримтын бүрдэл, тэдгээртэй холбоотой лавлагаа, тодорхойлолтуудыг гишүүдэд танилцуулах журмаар сонгон шалгаруулалтын үнэлгээ хийгдэж, 2015 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн №4 хурлаар гишүүдийн 100 хувь саналаар “Э*******” ХХК шалгарсанд тооцохоор дэмжиж шалгараагүй компаниудын мэдэгдэл, шалгарсан . компанид зөвлөмж хүргүүлэхээр шийдвэрлэсэн.

Иймд “Г******* групп" ХХК-ийн нэхэмжлэлийг хүчингүй болгож өгнө үү” гэв.

Гуравдагч этгээд “Э*******” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Т шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

“...“Э*******” ХХК-г гүйцэтгэгчээр сонгон шалгаруулах үйл ажиллагаа холбогдох хууль тогтоомжийн дагуу, шударга, үнэн, хөндлөнгийн нөлөөлөлгүйгээр ашиг сонирхлын зөрчилгүйгээр тендер шалгаруулах хуулийн хугацаанд бүрдүүлж ирүүлсэн материалыг үндэслэн явагдсан тул хууль ёсны шалгаруулалт мөн юм.

Тендерийн гүйцэтгэлийн ажиллагааг явуулах тухай гэрээ эрх бүхий этгээдүүдийн хооронд байгуулагдаж одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа.

Дээрхи шалгаруулалт болон гэрээг хүчингүй болгуулахаар зүтгэж байгаа “Г*******” ХХК болон түүнтэй ашиг сонирхол нэгтэй, харин хот нийтийн ашиг сонирхолтой зөрчил бүхий байр суурьтай, хамаатан садан худ ургийн холбоо сүлбээгээ албан хамааруулан ашиглагч, албан тушаалтан болон түүний өгсөн үүрэг даалгаврыг сохроор даган биелүүлж хууль ёсыг гажуудуулахыг санаархагч ажилтнуудын явуургүй ажиллагааг шүүх шударгаар таслан зогсоож нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэж байна.

Энэхүү явуургүй зарга нь зөвхөн манай компанийг хохироогоод зогсохгүй нийтийн эрх ашигт харшилж, аль хэдийн дулааны улиралд яаралтай тавигдах байсан авто замын ажлыг тасалдуулан хот нийтийг хохироолоо.

Манай компанийн зүгээс өөрийнхөө хөрөнгөөр ажлынхаа 30 хувийг гүйцэтгэж тэрбум гаруй төгрөг зарцуулаад явж байна.

Нийгмийн даатгалын ерөнхий газраас авсан тодорхойлолтод дээр “Г******* групп” ХХК өртэй гарсан. Өртэй байсан мөртлөө төлсөн бөгөөд энэ тендерт хамааралгүй юм. Тендерийн үнэлгээний хорооны олонхийн саналаар “Э*******” ХХК-ийг шалгаруулсан энэ дүн бол хуулийн хүчин төгөлдөр, хугацаандаа хийгдсэн хууль зүйн үндэслэлтэй юм. Хууль зүйн үндэслэл нь юу байна вэ гэхээр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.2 дахь хэсэгт Монгол Улсын, эсхүл үүсгэн байгуулагдсан улсын хуулийн дагуу татвар, хураамж, төлбөрөө төлөөгүй гэж үзэж “Г******* групп” ХХК-ийг хассан, мөн хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.4 дахь хэсэгт тендерт оролцогчийн багаж, техник хэрэгслийн 50 хувиас доошгүйг өөрийн байн гэдгийг хангаагүй. Иймээс “Г******* групп” ХХК-ийг үнэлж үнэлгээ хийсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна. Зарим гишүүдийн гарын үсэн дутуу байгаа талаар нэхэмжлэгч тал маргаж байна. Энэ дээр бол шалгаруулалтын өдөр буюу 2015 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн хуралдаан дээр бүгд гарын үсэг зурсан байгаа нь харагдаж байна. Дараа маргаан үүсэж Сангийн яамнаас бичиг ирэхэд дахиж үнэлгээ гаргахад үнэлгээний хойно 2 гишүүн гарын үсэг зураагүй байдаг. Энэ нь онцын шаардлагагүй зүйл юм. Үнэлгээ хүчингүй болох нь тогтоогдохгүй байгаа учраас үнэлгээ хэвээр байгаа. Тендерийн үнэлгээний хорооны үнэлгээг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх журмаар хүчингүй болгуулах гээд одоо нэхэмжлэлийн шаардлага гаргаж явж байгаа нь өөрөө үндэслэлгүй шаардлага гарч байна гэж үзэж байна.” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг хянаад нэхэмжлэгч “Г******* групп” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

1.Маргаан бүхий актын талаар

Чингэлтэйн гудамж, 7 буудлын уулзвараас Чингэлтэйн эцэс хүртэлх 3,3 км авто замын өргөтгөл, шинэчлэлтийн авто замын барилгын ажлын гүйцэтгэгч сонгон шалгаруулах тендерт “Э*******” ХХК-ийн сонгон шалгаруулсан тендер шалгаруулалтыг хүчингүй болгуулах.

2.Хөөн хэлэлцэх хугацаа болон урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагааны талаар:

“Г******* групп” ХХК нь Чингэлтэйн гудамж, 7 буудлын уулзвараас Чингэлтэйн эцэс хүртэлх 3,3 км авто замын өргөтгөл, шинэчлэлтийн авто замын барилгын ажлын гүйцэтгэгч сонгон шалгаруулах тендер шалгаруулалтын үнэлгээний хорооны дүгнэлтийг эс зөвшөөрч хүчингүй болгуулахаар Сангийн яаманд 2015 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 135 дугаар албан бичгээр гомдол гаргаж, Сангийн яамнаас 2015 оны 07 дугаар сарын 02-ны өрийн 6/4158 дугаар албан бичгээр “...”Г******* групп” ХХК нь 2015 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн байдлаар нийгмийн даатгалын шимтгэлийн өргүй тухай тодорхойлолтыг ирүүлсэн хэдий ч хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.2-т заасан шалгуур үзүүлэлтийг хангаагүй гэж татгалзсан захиалагчийн шийдвэр үндэслэлгүй байна. Түүнчлэн тендерт оролцогчийн үндсэн машин механизм нь тендерийн баримт бичгийн ТШӨХ-ийн ТОӨЗ 5.3.в-д заасан шалгуур үзүүлэлтийг хангаж байгаа эсэхийг тендерийн материалд хавсарган ирүүлсэн фидуцийн гэрээний дагуу тодруулж үнэлгээг дахин хийх нь зүйтэй байна” гэх хариуг Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газарт хүргүүлсэн байна.

Нийслэлийн худалдан авах ажиллагааны газраас 2015 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 2/1028 дугаар албан бичгээр “...Сангийн яамны 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 6/4158 дугаар албан бичгийн дагуу Тендерийн үнэлгээний хороо дахин хуралдаж дахин үнэлгээ хийн Тендерийн баримт бичгийн ТШӨХ-ийн ТОӨЗ.5.3.в “Үндсэн машин механизмын 50-иас доошгүй хувь нь өөрийн байна” гэсэн заалтад тендерт оролцогчдын санал болгосон машин механизм нь тухайн хуулийн этгээдийн өөрийн нэр дээр байх, өмчлөл бүхий машин механизмыг ойлгохоор тусгажээ. Харин тухайн тендерт оролцогч “Г******* групп” ХХК нь тендерийн материалд шаардсан холбогдох машин механизм нь Хас банкны нэр дээр шилжиж, өмчлөл үүссэн нь тендерийн баримт бичигт шаардсан “Үндсэн машин механизмын 50-иас доошгүй хувь нь өөрийн байна” гэсэн шаардлагыг хангаагүй байгаа тул танай компанийн саналыг шаардлагад нийцсэн тендер гэж үнэлэх боломжгүйг үүгээр мэдэгдэж байна” гэх хариуг “Г******* групп” ХХК-д хүргүүлсний дагуу тус шүүхэд 2015 оны 08 дугаар сарын 10-ны өдөр нэхэмжлэл гаргасан байна.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1-т “...Тендер шалгаруулалттай холбогдуулан хүлээсэн үүргээ захиалагч зөрчсөн гэж үзвэл тендерт оролцогч энэ тухай мэдсэнээс хойш ажлын 5 хоногийн дотор захиалагчид бичгээр гомдол гаргаж болох бөгөөд гомдолд зөрчлийг нотлох баримтыг хавсаргана.”, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-т “Хуульд өөрөөр заагаагүй бол иргэн, хуулийн этгээд захиргааны байгууллага, албан тушаалтны захиргааны хууль бус акт нь түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзвэл холбогдох захиргааны актыг хүлээн авснаас, эсхүл мэдсэнээс хойш 30 хоногийн дотор тухайн байгууллага, албан тушаалтныг шууд харьяалах дээд шатны захиргааны байгууллага, албан тушаалтанд гомдлоо гаргана.”, 12 дугаар зүйлийн 12.1.2-т “Иргэн, хуулийн этгээд дараах тохиолдолд энэ хуулийн 6.1-д заасан хугацаанд захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй: дээд шатны захиргааны байгууллага, албан тушаалтнаас энэ хуулийн 8 дугаар зүйлд заасны дагуу гаргасан шийдвэрийг эс зөвшөөрсөн” гэж тус тус заасны дагуу нэхэмжлэл гаргасныг хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлгүй.

3.Маргаан бүхий актын үндэслэлийн талаар

Нийслэлийн Засаг даргын 2015 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн А/10 дугаар захирамжаар Чингэлтэйн гудамж, 7 буудлын уулзвараас Чингэлтэйн эцэс хүртэлх 3,3 км авто замын өргөтгөл, шинэчлэлтийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Үнэлгээний хороог байгуулан, худалдан авах ажиллагааг холбогдох хууль, журамд нийцүүлэн зохион байгуулахыг Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар /Ю.Идэрцогт/-т даалгасан байна.

Нийслэлийн Засаг даргын 2015 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн А/272 дугаар захирамжаар Чингэлтэйн гудамж, 7 буудлын уулзвараас Чингэлтэйн эцэс хүртэлх 3,3 км авто замын өргөтгөл, шинэчлэлтийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Үнэлгээний хороог байгуулж, уг тендерийн үнэлгээний хороо 2015 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн хуралдаж тендерийн нээлтийг хийхээр товлож тендерийн урилгыг өдөр тутмын хэвлэлүүд, вэб сайтуудаар тус тус зарлан мэдээлсэн байна.

Мөн Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/272 дугаар захирамжаар батлагдсан Тендерийн үнэлгээний хороо 2015 оны 05 дугаар сарын 18-ны өдөр тендерийн нээлтийг хийсэн байх бөгөөд уг тендерт 11 компани материалаа ирүүлжээ.

Тендерийн үнэлгээний хороо холбогдох байгууллагуудаас тендерт оролцогч компаниудын талаарх лавлагааг гаргуулж, 2015 оны 06 дугаар сарын 16-ны өдөр хуралдаж үнэлгээний хорооны гишүүдийн 5 хүний саналаар “Э*******” ХХК-ийг сонгон шалгаруулж, Нийслэлийн Автозамын газарт зөвлөмж хүргүүлж, Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас 2015 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 2/792 дугаар албан бичгээр “Г******* групп” ХХК-ийг тендерт шалгараагүй талаар мэдэгдэл хүргүүлсэн байна.

“Г******* групп” ХХК нь уг тендертэй холбогдуулан 2015 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 135 дугаар албан бичгээр Сангийн яаманд гомдол гаргасны дагуу Сангийн яамнаас 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 6/4158 дугаар албан бичгээр Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газарт “...Г******* групп” ХХК нь 2015 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн байдлаар нийгмийн даатгалд өргүй гэх тодорхойлолтыг ирүүлсэн хэдий ч хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т заасан шалгуур үзүүлэлтийг хангаагүй гэж татгалзсан захиалагчийн шийдвэр үндэслэлгүй, фидуцийн гэрээний дагуу тодруулж үнэлгээг дахин хийх нь зүйтэй” гэх хариуг ирүүлсэн байна.

Энэхүү албан бичгийн дараа Тендерийн үнэлгээний хороо 2015 оны 07 дугаар сарын 09-ний өдөр хуралдан “Э*******” ХХК-ийг дахин шалгаруулжээ.

Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас 2015 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 2/835 дугаар албан бичгээр Монгол Улсын Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргад хандан “...НХААГ-15/0045 дугаар бүхий “Чингэлтэй гудамж, 7 буудлын уулзвараас Чингэлтэй эцэс хүртэлх 3.3 км автозамын өргөтгөл, шинэчлэлт”-ийн ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулалтын хүчинтэй байх хугацааг сунгах” зөвшөөрөл хүссэн байх бөгөөд Сангийн яамны 2015 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 6/4188 дугаар албан бичгээр тендерийн хүчинтэй хугацааг 30 хоног сунгасан байна.

Нэхэмжлэгч уг тендерийг хууль бус гэж үзэж буй үндэслэлээ “...Үндсэн машин механизмын 50%-иас доошгүй нь өөрийн байна.” гэж өөрийн эзэмшлийнх уу? өмчлөлийнх уу? гэдгийг нь тодорхой зааж өгөөгүй, хугацааны хувьд гэрээ байгуулах эрх олгохдоо тендерийн хуулийг зөрчсөн, тендер шалгаруулалтын үр дүнд илүү өндөр үнийн саналтай, туршлагаараа дутуу, 3.3 км авто замын өргөтгөл, шинэчлэлтийн автозамын барилгын ажил гүйцэтгэхэд зайлшгүй шаардлагатай үндсэн машин механизмгүй “Э*******” ХХК-ийг энэхүү тендерт шалгаруулсан нь хууль зөрчсөн” гэж, хариуцагчаас уг тендерт “Г******* групп” ХХК-ийг шалгаруулаагүй үндэслэлээ “...“Г******* групп” ХХК нь Нийгмийн даатгалын байгууллагад 2015 оны 01, 02, 03, 04 дүгээр саруудын төлбөрийн үлдэгдэлтэй байсан, Нийслэлийн Авто замын газрын 2015 оны 03 дугаар сарын 13-ны өдөр баталсан “Техникийн тодорхойлолт”-д “Үндсэн машин механизмын 50 хувиас доошгүй нь өөрийн байна” гэсэн шаардлагыг хангаагүй байсан” гэж тус тус тодорхойлон маргаж байна.

Нэг. Үндсэн машин механизмын 50%-иас доошгүй нь өөрийн байна.” гэж өөрийн эзэмшлийнх уу? өмчлөлийнх уу? гэдгийг нь тодорхой зааж өгөөгүй гэх тайлбарын тухайд:

Захиалагч Нийслэлийн Авто замын газраас 2015 оны 03 дугаар сарын 13-ны өдөр баталсан “Техникийн тодорхойлолт”-д Тендерт оролцогч гэрээг гүйцэтгэхэд зайлшгүй шаардлагатай үндсэн машин механизмийн жагсаалтад “... Автогрейдер-1, хүчин чадал нь 140 м.х-с дээш, Экскаватор-2, хүчин чадал нь 0,75 м3, Авто ачигч-1 хүчин чадал нь 1,5-3 м3, Индүү /гөлгөр булт/-1, хүчин чадал нь 5-12тн, индүү /доргиурт/-1, хүчин чадал нь 12-20тн, Индүү /Хийн дугуйт/-1, 14-16 тн, Асфальт дэвсэгч-1, хүчин чадал нь 7-9 м, хүчин чадал нь Автогудронатор-1, 6000л, Автосамосвал-8, хүчин чадал нь 7 м3, Усны машин-1, хүчин чадал нь 5тн, Ачааны машин-1, хүчин чадал нь 3-5 тн байх бөгөөд үндсэн машин механизмын 50 хувиас доошгүй нь өөрийн байна гэх шаардлагыг тавьжээ.

Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас 2015 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 2/631 дугаар албан бичгээр Авто тээврийн үндэсний төвд хандан тендерт оролцогч байгууллагуудын нэр дээрх машин механизмуудын талаар тодруулга авахаар албан бичиг хүргүүлсэн байх бөгөөд Авто тээврийн үндэсний төвөөс 2015 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 2/922 дугаар албан бичгээр тендерт оролцогч байгууллагуудын машин механизмын лавлагааг гаргаж ирүүлсэнд “Г******* групп” ХХК нь өөрийн нэр дээр 12 машин бүртгэлтэй бөгөөд үүнээс 2 машин нь техникийн тодорхойлтод заасан машин механизм болох нь тогтоогдож байна.

“Г******* групп” ХХК нь 2015 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Хас банктай Фидуцийн гэрээ байгуулж уг гэрээний хөрөнгийн жагсаалтад Замын хар дэвсэгч-1, Өөрөө буулгагч-3, Авто ачигч-1 бүртгэлтэй байна.

Нэхэмжлэгч фидуцийн гэрээний дагуу энэхүү машин механизмыг манайх эзэмшиж, ашиглах эрхтэй техникийн тодорхойлтод заагдсан машин механизмын 50 хувиас доошгүй нь өөрийн гэдэг хамаарна гэж маргаж байгаа хэдий ч Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3-т “...Тендерт оролцогч тендерийн баримт бичигтэй холбоотой тодруулга, нэмэлт мэдээллийг тендер хүлээн авах эцсийн хугацаанаас ажлын таваас доошгүй хоногийн өмнө захиалагчаас авах хүсэлтийг бичгээр гаргаж болно” гэж заасны дагуу “Г******* групп” ХХК нь машин механизмыг 50-иас доошгүй хувь өөрийн гэдэгт Фидуцийн гэрээгээр эзэмшиж, ашиглаж байгаа машин механизм нь хамаарах эсэхийг тодруулах боломжтой байхад тодруулаагүйгээр тендерт оролцсон тул Фидуцийн гэрээний дагуу нэхэмжлэгчийн өмчлөлийн бус гэж үзсэн үндэслэлээр хариуцагчийг буруутгах боломжгүй байна.

Хоёр: Хугацааны хувьд гэрээ байгуулах эрх олгохдоо тендерийн хуулийг зөрчсөн гэх тайлбарын тухайд:

Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас 2015 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 2/835 дугаар албан бичгээр Монгол Улсын Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргад хандан “...НХААГ-15/0045 дугаар бүхий “Чингэлтэйн гудамж, 7 буудлын уулзвараас Чингэлтэй эцэс хүртэлх 3.3 км автозамын өргөтгөл, шинэчлэлт”-ийн ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулалтын хүчинтэй байх хугацааг сунгах” зөвшөөрөл хүссэн байх бөгөөд Сангийн яамны 2015 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 6/4188 дугаар албан бичгээр тендерийн хүчинтэй хугацааг 30 хоног сунгасан байна.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.5-т “Тендер нээснээс хойш тухайн тендер шалгаруулалтыг 45 хоногт багтаан зохион байгуулж дуусгах бөгөөд уг хугацаанд тендер хүчинтэй байна” гэж заасны дагуу тендерийн хүчинтэй хугацааг 2015 оны 05 дугаар сарын 18-ны өдөр тендер нээснээс хойш 45 хоног тоолоход 2015 оны 07 дугаар сарын 03-ны өдөр дууссаныг Сангийн яамнаас зөвшөөрсний дагуу 30 хоногоор сунгаж, 2015 оны 08 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл уг тендерт хүчинтэй байсан байна.

Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас 2015 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 2/981 дугаар албан бичгээр Нийслэлийн Авто замын газарт “...НХААГ-15/0045 тоот тендерийн үнэлгээний хорооны 2015 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хурлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулж, гэрээ байгуулах дүгнэлтийг Нийслэлийн Автозамын газарт хүргүүлсэн бөгөөд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т заасны дагуу гэрээ байгуулах нь зүйтэй” гэх албан бичгийг хүргүүлсний дагуу 2015 оны 07 дугаар сарын 29-ний өдөр Нийслэлийн Авто замын газар болон “Э*******” ХХК-уудын хооронд гэрээ байгуулагдсан байна.

Иймд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулиар тендерийн хүчинтэй хугацааг зохицуулсан зүйл заалтын дагуу тендерийн хүчинтэй хугацааг тоолж, хугацааг 1 удаа 30 хоногоор сунгуулсан байх бөгөөд энэ хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1, 29.2 дахь заалтуудыг зөрчсөн гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй байна.

Гурав: Тендер шалгаруулалтын үр дүнд илүү өндөр үнийн саналтай, туршлагаараа дутуу, 3.3 км авто замын өргөтгөл, шинэчлэлтийн автозамын барилгын ажил гүйцэтгэхэд зайлшгүй шаардлагатай үндсэн машин механизмгүй “Э*******” ХХК-ийг энэхүү тендерт шалгаруулсан нь хууль зөрчсөн гэх тайлбарын тухайд:

Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2015 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 8/1090 тоот албан бичгийн 16 дугаар хавсралтад “Э*******” ХХК нь нийгмийн даатгалд өр төлбөргүй, Авто тээврийн үндэсний төвийн 2015 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 2/922 дугаартай албан бичгээр тендерт ялагч “Э*******” ХХК нь техникийн тодорхойлтод заагдсан автомашинтай болох нь хэрэгт цугларсан баримтаар тус тус тогтоогдож байна.

Нийслэлийн Автозамын газраас 2015 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 1/731 дугаар албан бичигт тендерт оролцогч компаниудаас долоон компани буюу “Н*******” ХХК, “О*******” ХХК, “Э*******” ХХК, “А*******” ХХК, “Т*******” ХХК, “Т*******” ХХК, “М*******” ХХК-иуд 2012, 2013, 2014 онуудад захиалгаар ажил гүйцэтгэсэн байх бөгөөд “Э*******” ХХК нь 2012 онд Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо Хүчит шонхор захаас Хувьсгалчдын гудамжны уулзвар хүртэлх 1.6 км авто замын барилгын ажил, 2013 онд Олимпийн гудамжны 1.1 км автозамын шинэчлэлт, Төв замын урсгал засвар, Энхтайваны гүүрний засвар, 2014 онд Хувьсгалчдын гудамж, Зурагтын эцсийн буудлаас Баянхошууны тойргын уулзвар хүртэлх 4.6 км өргөтгөл, шинэчлэлтийн ажил зэргийг хийж гүйцэтгэсэн байсан туршлагатай гэдэг нь тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн дээрх тайлбар үндэслэлгүй байна.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь үндэслэлтэй байна.

Хэдийгээр нэхэмжлэгч тендерт оролцохдоо Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3-т “...Тендерт оролцогч тендерийн баримт бичигтэй холбоотой тодруулга, нэмэлт мэдээллийг тендер хүлээн авах эцсийн хугацаанаас ажлын таваас доошгүй хоногийн өмнө захиалагчаас авах хүсэлтийг бичгээр гаргаж болно” гэж заасны дагуу машин механизмыг 50-иас доошгүй хувь өөрийн гэдэгт Фидуцийн гэрээгээр эзэмшиж, ашиглаж байгаа машин механизм нь хамаарах эсэхийг тодруулах боломжтой байсан хэдий ч хариуцагч Нийслэлийн Автозамын газар техникийн тодорхойлолтоо бэлтгэхдээ энэ хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-т заасан шаардлагыг хангаагүй, ерөнхий нэр томъёо хэрэглэж гаргасан нь хуульд нийцээгүй байна.

Нийгмийн даатгалын шимтгэлийн өртэй талаар лавлагааны тухайд нэхэмжлэгч өргүй байсан нь хэрэгт цугларсан баримтаар тогтоогдож байгаа бөгөөд сүүлд дахин тендер шалгаруулахдаа зөвхөн Фидуцийн гэрээг үндэслэж татгалзсан тул энэ үндэслэлд тайлбар дэлгэрэнгүй хийх шаардлагагүй тухай дурдах нь зүйтэй.

Мөн нэхэмжлэгчээс гаргасан “...Чингэлтэйн гудамж, 7 буудлын уулзвараас Чингэлтэйн эцэс хүртэлх 3.3 км авто замын өргөтгөл, шинэчлэлтийн авто замын барилгын ажил гүйцэтгэгч шалгаруулах тендер шалгаруулалт хууль зөрчин, илтэд нэг талыг барьсан шийдвэр гаргасан гэж үзэж байгаа тул тендер шалгаруулалтыг хүчингүйд тооцуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага нь хариуцагчаар тодорхойлсон Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн авто замын газруудын ямар үйлдэл, эс үйлдэхүйтэй холбоотой болох нь тодорхойгүй байх бөгөөд эдгээр хариуцагч нартай холбоотой нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй тул шүүхээс дүгнэлт хийгээгүй болно.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 70.2.9-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.4, 16.2, 28 дугаар зүйлийн 28.11, 29 дүгээр зүйлийн 29.1, 29.2, 29.5, 47 дугаар зүйлийн 47.7-т тус тус заасныг баримтлан “...Чингэлтэйн гудамж, 7 буудлын уулзвараас Чингэлтэйн эцэс хүртэлх 3.3 км авто замын өргөтгөл, шинэчлэлтийн авто замын барилгын ажил гүйцэтгэгч шалгаруулах тендер шалгаруулалт хууль зөрчин, илтэд нэг талыг барьсан шийдвэр гаргасан гэж үзэж байгаа тул тендер шалгаруулалтыг хүчингүйд тооцуулах” тухай “Г******* групп” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Ц.ОДМАА