| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Г.Төрболд |
| Хэргийн индекс | 183/2023/03878/И |
| Дугаар | 183/ШШ2024/01854 |
| Огноо | 2024-04-26 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 04 сарын 26 өдөр
Дугаар 183/ШШ2024/01854
2024 оны 04 сарын 26 өдөр Дугаар 183/ШШ2024/01854 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Төрболд даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 6 дугаар танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, ** дүгээр хороо, * дугаар хороолол /14180/, ногоон нуур гудамж, *** байр, ** тоот хаягт оршин суух ******* овогт О*******ын Т******* (РД:********)-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянзүрх дүүрэг, ** дугаар хороо, Парк сайд, ******** тоот хаягт оршин суух ******* овогт И*******гийн М******* (РД:*********)-нд холбогдох
Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 21,250,464 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б*******,
Хариуцагч И.М*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болорчимэг нар оролцов.
Нэхэмжлэлийг 2023 оны 07 дугаар сарын 24-ний өдөр хүлээж авав.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч О.Т******* нь хариуцагч И.М*******д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 21,250,464 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1.20** оны 04 дүгээр сарын 20-ны үед өөрийн өмчлөлийн орон сууцанд засвар, тохижилт хийлгэхээр И.М*******тэй холбогдож, гэрийн интерьер зураг гаргуулж, гал тогооны тавилга, стенк, хүүхдийн унтлагын өрөөнд шкаф, ком ор хийлгэхээр тохиролцсон. Ажлын хөлсөнд нийт 33,750,000 төгрөг төлсөн.
1.2.Гэтэл зарим ажлыг хугацаандаа хийж, гүйцэтгээгүй, улмаар 20** оны 04 дүгээр сараас утсаа авахгүй, шилжүүлсэн мөнгөнд тохирсон ажлыг гүйцэтгэсэн гэж хэлсэн. Иймд “И*******” ХХК-аар И.М*******ийн гүйцэтгэсэн ажлыг үнэлүүлэхэд 14,599,536 төгрөг гэж үнэлсэн учир илүү төлсөн 19,150,464 төгрөг, үнэлгээ хийлгэсний зардал 600,000 төгрөг, зургийн хөлс 1,500,000 төгрөг, нийт 21,250,464 төгрөгийг гаргуулахаар шаардаж байна гэжээ.
2.Хариуцагч И.М******* нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд:
2.1.О.Т******* нь 20** оны 03 дугаар сард надтай холбогдож орон сууцны интерьер зураг төслийг зуруулж, зураг төслийн дагуу засварын ажлын үнийг тохиролцож 20** оны 03 дугаар сарын 23-ны өдөр ажлыг эхлүүлсэн. Анх засварын ажлыг 30 хоногт гүйцэтгэхээр тохиролцсон боловч нэмэлт ажил гарч 4 хоног хоцорсон. Ажлын сүүлийн шатны плинтус хийгдэж байхад нэхэмжлэгч ажиллаж байсан хүмүүсийг гаргасан.
2.2.Засварын болон тавилгын үнийн санал гэж тусдаа санал гаргасан. Засварын хувьд 33,745,980 төгрөг, тавилгын хувьд 18,500,000 төгрөг байсан. Бидний гүйцэтгэсэн ажил шилжүүлсэн 33,745,980 төгрөгт таарч байгаа. Зураг төслийг нь стандартын дагуу гаргаж өгсөн гэв.
3.Нэхэмжлэгч талаас хавтаст хэрэгт Худалдаа хөгжлийн банктай байгуулсан зээлийн гэрээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, “И*******” ХХК-ийн үнэлгээний тайлан, Худалдаа хөгжлийн банк дахь Т******* О******* эзэмшигчтэй ********** дугаар дансны 20** оны 02 дугаар сарын 28-ны өдөр болон 20** оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 20** оны 04 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх хугацааны хуулгыг нотлох баримтаар гаргаж өгсөн болно.
Нэхэмжлэгч талаас шүүхэд гаргаж өгсөн фэйсбүүк хуудсанд нийтэлсэн хэрэглэгчдийн нийтлэл, сэтгэгдлийн талаарх фото зураг, хариуцагч талаас гаргаж өгсөн нэхэмжлэгчтэй фэйсбүүк хаягаар харилцсан зурвасын фото зураг нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй тул нотлох баримтаар үнэлээгүй болно.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
2.Нэхэмжлэгч О.Т******* нь хариуцагч И.М*******д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 21,250,464 төгрөг гаргуулах шаардлага гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ 20** оны 04 дүгээр сард өөрийн өмчлөлийн орон сууцанд засвар тохижилтын ажил гүйцэтгүүлэхээр хариуцагчтай харилцан тохиролцож ажлын хөлсөнд 33,750,000 төгрөг төлсөн боловч хариуцагч нь зарим ажлыг хугацаанд хийж гүйцэтгээгүй тул гүйцэтгэсэн ажлын үнэлгээг “И*******” ХХК-аар үнэлүүлэхэд 14,599,536 төгрөг гэж дүгнэсэн тул зөрүү 19,150,464 төгрөг, үнэлгээ хийлгэсний зардал 600,000 төгрөг, зургийн хөлс 1,500,000 төгрөг, нийт 21,250,464 төгрөгийг гаргуулах шаардаж байна гэж тодорхойлжээ.
3.Хариуцагч И.М******* нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ манай ажлын хөлс 12,000,000 төгрөг гэж ярьсан нэхэмжлэгч өөрөө үнийн саналтай танилцсан, манайхаас зураг төслөө боловсруулж ажлыг гүйцэтгэсэн. Гүйцэтгэсэн ажлын зардал шилжүүлсэн үнийн дүнтэй таарч байгаа гэж тайлбарлаж байна.
4.Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт, хэргийн оролцогчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.
4.1.Нэхэмжлэгч О.Т*******, хариуцагч И.М******* нарын хооронд нэхэмжлэгчийн өмчлөлийн ****** дүүрэг, ** дүгээр хороо, ногоон нуур гудамж, *** дугаар байрны ** тоот, 66.79 м.кв орон сууцанд гал тогооны тавилга, стенк, хүүхдийн унтлагын өрөөнд шкаф, ком ор хийлгэхээр тохиролцсон.
4.2.Нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчийн *********дугаар данс руу 20** оны 02 дугаар сарын 28-ны өдөр 1,500,000 төгрөгийг “orlogo” гэх утгаар, 20** оны 03 дугаар сарын 24-ний өдөр 5,000,000 төгрөгийг “temuulen *********” гэх утгаар, 20** оны 03 дугаар сарын 27-ны өдөр 5,000,000 төгрөгийг “бараа” гэх утгаар, 5,000,000 төгрөгийг “baraa” гэх утгаар, 5,000,000 төгрөгийг “baraa” гэх утгаар, 20** оны 04 дүгээр сарын 08-ны өдөр 3,750,000 төгрөгийг “temuulen *******” гэх утгаар, 20** оны 04 дүгээр сарын 12-ны өдөр 5,000,000 төгрөгийг “temuulen zasvariin mungu”, 5,000,000 төгрөгийг “temuulen zasvariin mungu” гэх утгаар тус тус шилжүүлж, нийт 35,250,000 төгрөгийг шилжүүлсэн. (хавтаст хэргийн 33-41, 94 дэх тал)
4.3.Талуудын хоорондын хэлцлийн дагуу нэхэмжлэгчийн өмчлөлийн дээр дурдсан орон сууцанд уналттай тааз хийсэн, эмульсдсэн, паркетан шал шахсан, хананы обой хууль эмульсдсэн, засварын ажилд зүлгүүр 30 ширхэг, эмульс 11 сав, эмульсийн суурь 4 сав, замаска 6 уут, гоёлын хулсан рек 19 ширхэг, гибсэн хавтан 26 ширхэг, С төмөр 50 ширхэг, бэхэлгээ 90 ширхэг, түгжээ дэгээ 90 ширхэг, түгжээ чих 180 ширхэг, түгжээ эмээл 90 ширхэг, паркет 54.33 м.кв, паркетны суурь дэвсгэр 54.33 м.кв, зэс утас 100 метр, нүдэн гэрэл 34 ширхэг зарцуулагдсан. (хавтаст хэргийн 14-15 дахь тал)
4.4.Ажлын нийт хөлс 33,750,000 төгрөг болох талаар зохигч талууд маргаагүй.
5.Нэхэмжлэгчийн зүгээс 20** оны 02 дугаар сарын 28-ны өдөр хариуцагчийн *********дугаар данс руу “orlogo” гэх утгаар 1,500,000 төгрөг, 20** оны 03 дугаар сарын 24-ний өдөр 5,000,000 төгрөгийг “temuulen ********” гэх тус утгаар тус тус шилжүүлсэн үйл баримт, хариуцагчийн “...1,500,000 төгрөг гэж тохиролцож зураг төслийг гаргасан...” гэх тайлбарыг харьцуулан үзэхэд зохигч нарын хооронд 20** оны 02 дугаар сарын 28-ны өдөр орон сууцны дотор тохижилтын интерьер зураг зурах, 20** оны 03 дугаар сарын 24-ний өдөр тус зургийн дагуу засвар тохижилтын ажил гүйцэтгэхээр Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүсжээ.
6.Нэгэнт нэхэмжлэгч нь хариуцагчийн зурсан зургийн дагуу засвар, тохижилтын ажил гүйцэтгүүлэхээр 20** оны 03 дугаар сарын 24-ний өдөр харилцан тохиролцсон буюу Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.1-д “үүрэг гүйцэтгэгч үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн” гэж зааснаар үүрэг дуусгавар болсон байх тул нэхэмжлэгчийн “интерьер зураг гаргаагүй” гэх үндэслэлээр шаардсан 1,500,000 төгрөгийн шаардлага үндэслэлгүй, Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь шаардах эрхгүй юм.
7.Хариуцагчийн зүгээс шүүх хуралдаанд гэрээний хугацааг 1 сар гэж тохирсон, гэрээний хугацааг 8 хоног хэтрүүлсэн талаар тайлбарлаж байх бөгөөд хэрэгт авагдсан “И*******” ХХК-ийн үнэлгээний тайланд 20** оны 05 дугаар сарын 11-ний өдөр хөрөнгийн байдалтай танилцсан талаар дурдсан байх тул нэхэмжлэгчийг Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт “Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй” гэж заасны дагуу 2023 оны 05 дугаар сарын 11-ний өдөр хариуцагчтай байгуулсан гэрээнээс татгалзсан гэж үзлээ.
8.Иймд Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт “Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй”, 205 дугаар зүйлийн 205.2.1-д “гүйцэтгэсэн үүргийн шинж чанараас шалтгаалан биет байдлаар эргүүлж өгөх боломжгүй”, 205.2.2-т “үүргийн гүйцэтгэлийг хүлээн авсан тал нь түүнийг ашиглаж байгаа буюу бусдын өмчлөлд шилжүүлсэн, эсхүл бусдын эрхээр хязгаарласан, түүнчлэн түүнийг боловсруулах, дахин боловсруулах замаар өөрчилсөн” гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгч нь гүйцэтгэсэн ажлыг буцаан шилжүүлэх эсхүл ажлын хөлсний зөрүүг хариуцагчаас шаардах, мөн хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт “Гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй” гэж заасны дагуу гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг шаардах эрхтэй.
9.Нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ нотолж “И*******” ХХК-аар хариуцагчийн гүйцэтгэсэн ажлын гүйцэтгэлд үнэлгээ хийлгэсэн байх бөгөөд тус үнэлгээнд хөдөлмөрийн хөлсийг 6,069,457 төгрөг гэж зах зээлийн дундаж үнээр тооцон үнэлснийг шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ харгалзаж үзэх нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт “Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй” гэж заасанд нийцэхгүй буюу гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээний агуулгаа өөрсдөө тодорхойлсон үнийг шүүх харгалзаж үзэх нь зүйтэй.
10.Зохигч талуудын тайлбар, “И*******” ХХК-ийн үнэлгээний тайлан зэргээс үзэхэд талуудын хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээний үнэ нь ажил гүйцэтгэхэд шаардагдах бараа материалын зардал, засварын зардал буюу хөдөлмөрийн хөлс, тээвэр болон бусад зардал зэргээс бүрдэж байх бөгөөд хэрэгт нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн дансны хуулгад дурдсанаар нэхэмжлэгчийн зүгээс “temuulen ********”, “бараа”, “temuulen zasvariin mungu” гэх утгуудаар шилжүүлэг хийж байсан, хариуцагчийн зүгээс ажлын хөлсийг 12,000,000 төгрөг байхаар тохиролцсон гэж татгалзлын үндэслэлээ тайлбарласан зэрэг үйл баримтыг харьцуулан дүгнэхэд 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр “temuulen zasvariin mungu” гэх утгаар нийт 10,000,000 төгрөг шилжүүлснийг талуудын хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээний үнийн “хөдөлмөрийн хөлс”-ний дүн гэж шүүх үзлээ. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь хөдөлмөрийн хөлсний зардлыг 6,069,457 төгрөгөөр тооцож нэхэмжлэлийн шаардлага гаргасан нь үндэслэлгүй байна.
11.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх” гэж зааснаар хариуцагч нь “И*******” ХХК-ийн үнэлгээний тайлангаар тодорхойлсон материалын зардал 7,834,863 төгрөг, тээвэр болон бусад зардал 695,216 төгрөгийн үнийн дүнг няцааж, холбогдох нотлох баримтыг шүүхэд гарган мэтгэлцээгүй учир хариуцагчийн гүйцэтгэсэн ажлын материалын болон тээвэр бусад зардлыг тайланд тусгагдсан дүнгээр тооцох нь зүйтэй юм.
12.Мөн Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт зааснаар үнэлгээ хийлгүүлэхтэй холбоотой “И*******” ХХК-нд нэхэмжлэгчийн төлсөн 600,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй байна.
13.Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч И.М*******ээс 14,781,007 (21,250,464-4,969,457-1,500,000=14,781,007) төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч О.Т*******д олгож, нэхэмжлэлийн шаардлагын 6,469,457 төгрөгийн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
14.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 256,702 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 231,855.03 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс 7,500.3 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжид нөхөн гаргуулж, төрийн сангийн 100200100941 тоот дансанд төлүүлэхээр хуваарилав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 205 дугаар зүйлийн 205.1, 205.2.1, 205.2.2, 189 дүгээр зүйлийн 189.1, 225 дугаар зүйлийн 225.1, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч И.М*******ээс 14,781,007 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч О.Т*******д олгож, нэхэмжлэлийн шаардлагын 6,469,457 төгрөгийн хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 256,702 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 231,855.03 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс 7,500.3 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжид нөхөн гаргуулж, төрийн сангийн 100200100941 тоот дансанд төлүүлсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, хуульд заасан хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ТӨРБОЛД