Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 2017/ШЦТ/72

 

Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхмандах даргалж,

нарийн бичгийн дарга Б.Чанцалдулам

улсын яллагч Э.Нэргүй,

шүүгдэгч Ч.Саранхүү нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

 

Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж Монгол Улсын Дээд шүүхээс харьяалал тогтоон ирүүлсэн Өөлд овгийн Чулуундоржийн Саранхүүд холбогдох эрүүгийн 1703000010042 дугаартай хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, Өмнөговь аймгийн Мандал-Овоо суманд 1982 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр төрсөн, 35 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, 5 хүүхдийн хамт /17 наснаас 1 нас 5 сартай хүүхдүүдийн хамт/ Говьсүмбэр аймаг, Шивээговь сум, 2 дугаар баг, Сүүжийн 2 дугаар гудамж 5 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Өөлд овгийн Чулуундоржийн Саранхүү /РД:УС82040929/

 

Холбогдсон хэргийн талаар:

/яллах дүгнэлтэд дурдсанаар/

 

Яллагдагч Ч.Саранхүү нь 2017 оны 07 дугаар сарын 02-ны шөнө 23 цаг 35 минутын үед Улаанбаатар - Замын-Үүд чиглэлийн 276 дугаартай галт тэрэг Чойр өртөө хүрэх замд 16 дугаар вагонд хамт зорчиж явсан зорчигч Л.Цагаанцоожийг ариун цэврийн өрөө орохоор явсан хойгуур гар цүнхнээс 4013 юань, 190.000 төгрөгийг хулгайлж, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч бага хэмжээний буюу 1.580.464 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Шүүгдэгч Ч.Саранхүү нь 2017 оны 07 дугаар сарын 02-ны шөнө 23 цаг 35 минутын үед Улаанбаатар - Замын-Үүд чиглэлийн суудлын 276 дугаартай галт тэрэг Чойр өртөө хүрэх замд 16 дугаар вагонд хамт зорчиж явсан зорчигч Л.Цагаанцоожийг ариун цэврийн өрөө орохооор явсан хойгуур гар цүнхнээс 4013 /дөрвөн мянга арван гурав/ юань, 190 000 /нэг зуун ерэн мянга/ төгрөгийг хулгайлж, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч бага хэмжээний буюу 1 580 464 /нэг сая таван зуун наян мянга дөрвөн зуун жаран дөрөв/ төгрөгний хохирол учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

 

1.1. Шүүгдэгч Ч.Саранхүү шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

 

Би хоёр хүүхэдтэйгээ хамт 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Улаанбаатар хот орсон. Гэтэл ахын маань бие өвдөөд 2017 оны 07 дугаар сарын 02-ны өдөр эргээд Шивээговь сум руу явах замдаа ийм хэрэг хийсэн гэв

 

1.2. Хохирогч Л.Цагаанцоож мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

 

…Би 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Ховд аймгийн Мөнххайрхан сумаас Улаанбаатар хотод ирээд найз Б.Алтанцэцэгийнд 2 хоноод 2017 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Алтанцэцэгтэй хамт БНХАУ-н Эрээн хот руу явах гээд вокзал дээрээс Улаанбаатар - Замын-Үүд чиглэлийн суудлын галт тэрэгний 16-р вагоны 46 дугаар местэнд суугаад Чойр өртөө орох гэж байхаар нь бие засах гээд ариун цэврийн өрөөнд ороод буцаж ирээд утсаар ярих гээд цүнхээ аваад үзтэл цүнхэнд байсан 190.000 төгрөг болон 4000 юань алга болчихсон байхаар нь вагоны цагдаад мэдэгдсэн. Миний хажуу талд сууж явсан махлагдуу бор цариатай 40-45 орчим насны эмэгтэй хүнийг сэжиглэж байна. Тэр хүн 16-17 орчим насны, 9 орчим насны 2 хүүхэдтэй явж байгаад Шивээговь дээр буух байсан мөртлөө Чойр өртөөнд буугаад явсан. Энэ хүнийг сэжиглэж байна... гэсэн мэдүүлэг. /хх-ийн 31-32 дүгээр хуудас/

 

1.3. Гэрч Б.Алтанцэцэг мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:

 

...Манай аавын төрсөн дүүгийн хүүхэд болох Цагаанцоож бид хоёр 2017 оны 04 дүгээр сард утсаар ярьж байгаад ноолуур гарах үеээр урагшаа Эрээн гарчихаад ирье гэж ярьж байтал 2017 оны 06 дугаар сарын сүүлээр утсаар яриад би маргааш Ховдоос гарлаа шүү хоёулаа Эрээн гараад ирье гэж над руу яриад хүрээд ирсэн. Тэгээд манайд 2 хоноод 2017 оны 07 дугаар сарын 02-ны өдөр бид хоёр 16 цагийн үед Урт цагааны урд талын Хаан банкны АТМ-аас Цагаанцоож мөнгө аваад бөмбөгөр худалдааны төв ороод 10 гаруй минут болоод вокзал ороод 17 цаг 20 минутын үед Улаанбаатар - Замын-Үүд чиглэлийн суудлын галт тэргэнд суухад бид 2-н сууж явсан мест хүнгүй байсан ба удалгүй 2 хүүхэд дагуулсан 40-45 орчим насны эмэгтэй хүн орж ирсэн. Тэгээд араас нь 30 орчим насны 3 охин орж ирсний дараа би Бага хангай өнгөрөөд 2 давхарын сандал дээр гараад хэвтэж байсан унтчихсан байсан. Тэгээд Чойр өртөө ороод вагон зогсож байхад манай найз Цагаанцоож намайг сэрээгээд миний цүнхэнд байсан мөнгө алга болчихсон байна гэхээр нь цагдаа дуудаж ойр орчинд байсан хүмүүсийг шалгуулсан гэсэн мэдүүлэг. /хх-ийн 41 дүгээр хуудас/

                                                       

1.4. Гэрч Б.Дөлгөөн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:

 

2017 оны 07 дугаар сарын 02-ны өдөр хувийн ажлаар Улаанбаатар хотоос Замын-Үүд орохоор суудлын галт тэргээр явж байсан юм. Хотоос хөдлөөд явж байтал манай местэнд Амгалан өртөөнөөс 40 гаруй насны бор хүүхэн 2 хүүхдийн хамт суусан. Тэр эгчтэй юм ярьж байхад эгч нь Шивээговь орно гэж ярьж байсан. Тэгээд явсаар орой 22 цагийн үед Чойр дээр ирээд галт тэрэг зогссон. Би гадаа гараад байж байтал нөгөө эмэгтэй хүүхдүүдээ дагуулаад их хурдан буугаад гүйгээд явж байгаа харагдсан. Тэгтэл манай местэнд байсан баруун аймгийн эмэгтэй миний цүнхэнд байсан мөнгө алга болчихлоо гээд цагдаа дуудсан. Миний чемадонд 3956 юань байсан. Тэр хүн миний мөнгийг чи авсан байна гээд над руу дайрсан. Би таны мөнгийг аваагүй хотоос олон улсын билетийн кассны валютын цэгээс солиулж авсан гэдгээ хэлсэн. Цагдаа нар шалгаж намайг холбогдолгүй юм байна гээд явуулсан... гэсэн мэдүүлэг. /хх-ийн 45 дугаар хуудас/

 

1.5. Насанд хүрээгүй гэрч С.Ууганбаяр мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:

 

...Ээж дүү бид гурав 7 сарын эхээр хот ороод буцсан. Шивээд гэртээ очсон хойноо манай ээж надад манай найз өгсөн юм гээд 1600 юань гаргаж ирсэн. Энэ мөнгөнөөс 600 юаныг нь Чойрт солиулсан, үлдсэн мөнгийг нь хотод очоод Нарантуул зах дотор солиулсан. Тэр мөнгөөр ээж надад болон манай 4 дүүд гутал авч өгсөн. Надад нэг женсэн өмд авч өгсөн гэсэн мэдүүлэг. /хх-ийн 49 дүгээр хуудас/

 

1.6. Гэрч Ж.Гансүх мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:

 

...2017 оны 07 дугаар сарын 02-ны өдөр хувийн ажлаар Улаанбаатар хотоос Замын-Үүд орохоор суудлын галт тэргээр явж байсан юм. Хотоос хөдлөөд явж байтал манай местэнд Амгалан өртөөнөөс 40 гаруй насны бор хүүхэн 2 хүүхдийн хамт суусан. Тэр эмэгтэй билет шалгуулж байхад Шивээговь орно гэж байсан. Тэгээд явсаар орой 22 цагийн үед Чойр дээр ирээд галт тэрэг зогссон. Нөгөө эмэгтэй хүүхдүүдээ дагуулаад гэнэт буугаад явчихсан. Тэр эмэгтэйг бууснаас хойш манай местэнд явсан баруун аймгийн нэг эмэгтэй миний цүнхэнд байсан мөнгө алга болчихлоо гээд цагдаа дуудсан. Цагдаа ирж манай местэнд явсан хүмүүсийн цүнх савыг үзээд бид нараас тодорхойлолт бичүүлээд аваад явсан... гэсэн мэдүүлэг. /хх-ийн 51 дугаар хуудас/

 

1.7. Гэрч Ч.Дашдэмбэрэл мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:

 

...Би 2017 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Улаанбаатар - Замын-Үүд чиглэлийн суудлын 276 дугаар галт тэргэнд үүрэг гүйцэтгэж байхад Чойр өртөө хөдлөөд байж байтал нэг эмэгтэй хүн 16 дугаар вагонд зорчин явж байгаад 4000 юань, 190.000 төгрөгөө алдсан гэсэн дуудлага ирсэн. Үүний дагуу хамт үүрэг гүйцэтгэж байсан цагдаагийн хамт 16 дугаар вагонд очиж ойр орчмын байсан зорчигч нарыг шалгаж үзэхэд тэнд байсан хүмүүсээс ямар нэгэн сэжигтэй зүйл илрээгүй, харин тухайн нийтийн вагоны харалдаа местэнд зорчиж явсан 2 хүүхэдтэй эмэгтэй Чойр өртөөн дээр буусан байсан. Үүний дагуу тухайн эмэгтэйн мэдээллийг цуглуулахад Шивээговь өртөөн дээр буух байсан 40 гаруй насны эмэгтэй Чойр өртөөн дээр буусан байсаныг илтгэх хуудас болгон бичсэн гэсэн мэдүүлэг. /хх-ийн 54 дугаар хуудас/

 

Иймд шүүгдэгч Ч.Саранхүүг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч бага хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

2. Шүүгдэгч Ч.Саранхүүд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг судлав. Үүнд:

2.1. Гэрч С.Сарантуяа мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:

... Ч.Саранхүү нь 01-17 насны 5 хүүхэдтэй өрх толгойлсон эмэгтэй. Эрхэлсэн тодорхой ажилгүй хог түүж амьдардаг хүн байгаа юм. Барилга байшин баригдаад барилгын ажил олдвол барилгын засал чимэглэлийн ажил хийдэг. Нөхөр нь салаад явчихсан, мөрөөрөө нэг ядарсан эмэгтэй байгаа юм гэсэн мэдүүлэг. /хх-ийн 47 дугаар хуудас/

 

2.2. Гэрч Ш.Төгстуяа мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:

... Ч.Саранхүү бид 2 олон жил барилгын ажил хамт хийж Шивээговьд хамт амьдарч байсан танилууд. Би Саранхүүг 10 жилийн өмнөөс танина. Нөхөр нь салаад явихсан, бага насны 5 хүүхэдтэй өрх толгойлсон эмэгтэй. Саранхүү өөрөө эрхэлсэн тодорхой ажилгүй, Шивээговийн хуучны оросын хог түүж амьдардаг юм гэсэн мэдүүлэг. /хх-ийн 53 дугаар хуудас/

 

  2.3. Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 60 дүгээр хуудас/

 

Иймд шүүгдэгч Ч.Саранхүүгийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан 250 /хоёр зуун тавь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч Ч.Саранхүү нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол уг ялын ажлын найман цагийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг дурьдах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Ч.Саранхүү нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдлаа.

Эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 0103219, 0103220 дугаартай тасалбарыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хэргийн хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт хадгалах нь зүйтэй байна.

            Шүүгдэгч Ч.Саранхүү нь хохирогч Л.Цагаанцоожид учруулсан хохирлоос 450 000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн төлж барагдуулсан байх бөгөөд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар үлдэгдэл 1 130 464 /нэг сая нэг зуун гучин мянга дөрвөн зуун жаран дөрөв/ төгрөгийг шүүгдэгч Ч.Саранхүүгээс гаргуулж хохирогч Л.Цагаанцоожид олгох нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

           

1. Шүүгдэгч Өөлд овгийн Чулуундоржийн Саранхүүг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Саранхүүг 250 /хоёр зуун тавь/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч Ч.Саранхүү нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Л.Цагаанцоожид 450 000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөг төлсөн, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

4. Эд мөрийн баримтаар хураагдсан 0103219, 0103220 дугаартай тасалбарыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хэргийн хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт хадгалсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Саранхүү нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Саранхүүгээс 1 130 464 /нэг сая нэг зуун гучин мянга дөрвөн зуун жаран дөрөв/ төгрөгийг гаргуулж хохирогч Л.Цагаанцоожид олгосугай.

 7. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Саранхүүд урьд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Т.ЭНХМАНДАХ