Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Батсүрэнгийн Ундрах |
Хэргийн индекс | 101/2014/4759/и |
Дугаар | 001/ХТ2016/00882 |
Огноо | 2016-07-01 |
Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2016 оны 07 сарын 01 өдөр
Дугаар 001/ХТ2016/00882
Б.Бурмаагийн нэхэмжлэлтэй,
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 101/ШШ2016/01195 дугаар шийдвэртэй,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 794 дүгээр магадлалтай,
Нэхэмжлэгч Б.Бурмаагийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч Л.Жаргалсайханд холбогдох,
20.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,
Нэхэмжлэгчийн гаргасан хяналтын гомдлоор
Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Бурмаа, түүний өмгөөлөгч Д.Цэндсүрэн, хариуцагч Л.Жаргалсайхан, нарийн бичгийн даргад Б.Хүрэлтулга нар оролцов.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Шуурхай зар сонины 2014.05.31-ний өдрийн 141 дугаар дээр үйл ажиллагаа нь тогтсон, бүх бичиг баримт бүрэн, караокены тохижилт хямд зарах буюу түрээслүүлнэ гэсэн зар байсан тул очиж уулзаж худалдан авсан. Энэхүү зар нь дээр тохижилт гэдэг үг орж ирсэн байна. Тэр тохижилт нь хариуцагчийн өөрийнх нь хийсэн тохижилт гэж ойлгосон. Худалдаж авсан эд зүйлийг 10.400.000 төгрөгөөр үнэлүүлсэн. Дараа нь шүүхийн шатанд шинжээч томилж 15.254.307 төгрөгөөр үнэлсэн байсан. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд хариуцагч нь өмчлөлийн зүйлсийг худалдсан байна. “Ундрага” ХХК болон Л.Жаргалсайхан нарын хооронд байгуулсан 2013.01.13-ны өдрийн түрээсийн гэрээ байгаа. Тус гэрээний 1.6 дахь хэсэгт зааснаар гуравдагч этгээдэд дамжуулан түрээслэхгүй гэж заасан. Мөн түрээсийн гэрээний 1.9 дэх хэсэгт зааснаар тохижилт гэдэг зүйл нь түрээслүүлэгчийн өмчлөлд үлдэнэ гэдгийг мэдсээр байж зарсан нь хууль бус юм. Бусдын эд хөрөнгийг хууль бусаар зарж борлуулсан байна. 2013.6.07-ны өдөр эд зүйл болон тохижилтыг нийт 30.400.000 төгрөгөөр худалдаж авсан. Тухайн үед хариуцагч Л.Жаргалсайхан нь “...энэ талбай нь өмнө нь биллъярд ажилладаг байсан, хоосон заал байсан. Заалных нь түрээс 1.700 ам.доллар, би бүх тасалгааг нь хийж, таазанд нь дуу тусгаарлагч, цахилгааны монтаж, лангуу, тавиур, бие засах өрөө хийж тохижуулсан ба засварт нийт 30.000.000 төгрөг орсон. Сарын орлого 15.000.000-17.000.000 төгрөг, үүнээс ашиг 70 хувь цэвэр байдаг...” гэж хэлж байсан. Тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаар өөрийн нэр дээр авч өгнө, гэх зэргээр өөрийнх нь эзэмшилд байгаагүй эд хөрөнгийг хууль бусаар зарсан байсан. 2014.12.28-ны өдөр тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан бөгөөд энэ хугацаанд түрээсийн төлбөрийг нь төлж байсан. Тухайн үед түрээсийн гэрээгээ харуулж байсан боловч тэр түрээсийн гэрээн дээр “..тухайн обьектод хийсэн засвар үйлчилгээ нь түрээслүүлэгчийн өмчлөлд үлдэнэ...” гэсэн заалт байсныг санахгүй байна. Зар дээр үйл ажиллагаа бүрдсэн бүх зүйл бэлэн гэж байсан боловч эдгээр нь худлаа байсан. Хариуцагч өөрөө алдагдалтай ажиллаж байсан учраас зарсан юм байна. Л.Жаргалсайхан түрээсийн гэрээгээ зөрчиж тохижилт зарсан тул 20.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Би тухай үед хоёр караоке ажиллуулж байсан. Олон жил шөнийн цагаар нойргүй явсаар өвчтэй болж цаашид шөнө ажиллах боломжгүй болсон тул караоке-н тохижилтоо зарсан. Би зар дээр энэ талаар бичсэн. Ингээд нэхэмжлэгч Б.Бурмаад караокены тохижилт зарах гэж байгаа тухай, давхар түрээслүүлэхгүй байх гэрээний заалттай тул түрээсийн гэрээний нэр шилжүүлэх боломжгүй, гэрээний хугацаа дуусч цааш сунгахааргүй тохиолдолд тохижилтыг “Ундрага” компанийн мэдэлд үлдээх нөхцөлтэй тухай түрээсийн гэрээний мэдээллийг өгч гэрээг үзүүлэхэд Б.Бурмаа уншиж танилцаад авахаар шийдсэн. Бид хоорондоо худалдах-худалдан авах гэрээ байгуулж, нотариатаар баталгаажуулсан. Караоке хүлээлгэж өгөхдөө тусгай зөвшөөрлийн хуулбар, “Ундарга” ХХК-тай хийсэн түрээсийн гэрээ зэргийг хүлээлгэж өгсөн. Өмнөх шүүх хуралдаан дээр гэрчээр асуугдсан хүүхэд нь би хичээл тараад 9-12 цагийн хооронд ажилладаг байсан гэж хэлсэн. Би тус газрыг өглөөний 12 цагаас эхлээд шөнийн 00 цаг хүртэл ажиллуулдаг байсан. Ийм бага цагаар ажиллаад, мөн караокед хүмүүс ихэвчилэн хосоороо ордог байхад энд тэндгүй камер тавьчихсан байхад хүмүүс үйлчлүүлэхгүй. Ингэж өөрийн буруугаас ашиггүй ажиллачихаад одоо надаас эргүүлж мөнгө нэхэмжилж байгааг зөвшөөрөхгүй. Надаас хойш түрээсийн төлбөрийг “Ундрага” ХХК-нд төлж байсан. Өөрөө тухайн үед зөвшөөрөөд гэрээ хийгээд худалдаж авсан. Би энэ хүнийг хуурч мэхэлсэн зүйл байхгүй. Зар дээр би караокены тохижилт болон эд зүйлийг зарна гэж зар өгсөн. Зарын дагуу ирэхэд нь хүртэл түрээсийн гэрээгээ үзүүлээд ярилцаж тохироод худалдах худалдан авах гэрээ байгуулсан. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 101/ШШ2016/01195 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 255 дугаар зүйлийн 255.1, 255.1.1-д зааснаар Л.Жаргалсайханд холбогдох “Тохижилт худалдан авсны төлбөр 20.000.000 төгрөг гаргуулах тухай” Б.Бурмаагийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон байна.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 794 дүгээр магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.
Хариуцагч хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүх нь нэхэмжлэгч намайг Иргэний хуулийн 255.1, 255.1.1-д зааснаар " эд хөрөнгө хүлээж авах үедээ уг эд хөрөнгийг доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байхад хүлээж авсан" байгаа тул шаардлага гаргах эрхээ алдсан гэж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болсон гэж үзэж байна. Шүүх нь хариуцагч Л.Жаргалсайханыг нэхэмжлэгч Б.Бурмаа надад эрхийн доголдолтой эд хөрөнгийг худалдсан гэж үзсэн атлаа Б.Бурмаа нь шаардлага гаргах эрхээ алдсан байх тул гэж мөн хуулийн 255.1.1-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй юм. Учир нь Иргэний хуулийн 255.2 дахь хэсэгт зааснаар " худалдагч эд хөрөнгийг шилжүүлэх үед түүний доголдлыг мэдсээр байж нуун дарагдуулсан бол тус хуулийн 255.1 хамаарахгүй гэж заасан ба хариуцагч Л.Жаргалсайхан нь нэхэмжлэлийг гардан авч шүүхэд өгсөн хариу тайлбартаа " Л.Жаргалсайхан нь караокены тохижилтыг зарсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн байдаг, мөн караокены тохижилт хямд зарна гэсэн өөрийн утасны дугаар бүхий хавтаст хэрэгт авагдсан Шуурхай зар сонины 2015.05.31-ний өдрийн 141 дугаарт "Үйл ажиллагаа нь тогтворжсон, бух бичиг баримт бурэн. караокены тохижилт хямд зарах буюу турээслуулнэ" гэсэн зар сонины баримт болон гэрчийн мэдүүлгээр тус тус хариуцагч нь эд хөрөнгийг шилжүүлэх үедээ түүний доголдлыг мэдсээр байж нуун дарагдуулсан нотлогдох учир Иргэний хуулийн 255.2-д зааснаар 255.1 хамаарахгүй юм. Тиймээс нэхэмжлэгч Б.Бурмаа миний бие Иргэний хуулийн 255.1.1-д зааснаар шаардлага гаргах эрхээ алдсан гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байх тул, шүүх нь нэхэмжлэгч миний гаргасан нэхэмжлэлийн бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй болсон байна. Мөн Л.Жаргалсайхан нь анх гэрээ хийхдээ Б.Бурмаа надад караокены үйл ажиллагаа их ашигтай, орлого сайтай сард 15-17 сая төгрөгийн орлого олдог үүнээс цэвэр ашиг 70 хувь буюу 10-12 сая төгрөгийн ашигтай байдаг гэж надад хэлж, хуурч мэхлэн бодит байдлыг нуун дарагдуулж, итгэл үнэмшил төрүүлж, караокены тусгай зөвшөөрлийн хугацаа 2013.12.28-ны өдөр дуусахыг Л.Жаргалсайхан анхнаасаа хэлж сунгуулж өгнө, гэрээний хугацаанд хүчин төгөлдөр байлгаж чадна гэж намайг хуурсан, ингээд 2014 оны 01 дүгээр сараас эхлэн тусгай зөвшөөрлийг үргэлжлүүлэн сунгуулж чадаагүйн улмаас үйл ажиллагааг тасралтгүй тогтмол явуулж чадахгүйд хүрсэн мөн нэхэмжлэгч миний орлого зарлагын баримтуудаар ашиггүй ажиллаж байсан тухай баримт хэрэгт авагдсан, гэрч Болдбаатар болон "Ундарга" ХХК-ийн албан бичгүүд, менежерийн мэдүүлгүүд зэрэг нотлох баримтуудыг шүүх огт үнэлж, дүгнэсэнгүй хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна гэжээ.
ХЯНАВАЛ:
Б.Бурмаа нь Л.Жаргалсайханаас 20.000.000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч зөвшөөрөхгүй маргажээ.
Нэхэмжлэгчийн гомдлыг хангах боломжгүй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Б.Бурмаа нь хариуцагчаас 20 сая төгрөг гаргуулахыг шаардахдаа зохигчдын хооронд 2013 оны 6 дугаар сарын 07-ны өдөр байгуулагдсан “Караокены машин, эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ”-г үндэслэсэн бөгөөд гэрээний дагуу Б.Бурмаа 30.400.000 төгрөг төлсөн талаар маргаангүй байна.
Нэхэмжлэгч нь хариуцагчтай харилцан тохиролцсоны дагуу хөрөнгө худалдан авсан байх бөгөөд түрээсийн төлбөрийг “Ундарга” ХХК-д төлж байсан нь тогтоогдсон, 2013 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн “Караокены машин, эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ”-д 30.400.000 төгрөгөөс 20.000.000 төгрөг нь тохижилтынх гэж зааглан тусгаагүй тул нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй.
Л.Жаргалсайханд холбогдох хэргийг хоёр шатны шүүх шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу явуулсан, Иргэний хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдээнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 101/ШШ2016/01195 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 794 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхисугай.
2. Нэхэмжлэгч хяналтын шатны журмаар гомдол гаргахдаа Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 101/ШЗ2016/21509 дугаар захирамжаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР
ШҮҮГЧ Б.УНДРАХ