Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цолмонгийн Сайхантуяа |
Хэргийн индекс | 128/2017/0074/З |
Дугаар | 221/МА2017/0737 |
Огноо | 2017-10-19 |
Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 10 сарын 19 өдөр
Дугаар 221/МА2017/0737
Д.О-ын нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Билгүүн даргалж, шүүгч Б.Тунгалагсайхан, Ц.Сайхантуяа нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Гангэрэл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Н, түүний өмгөөлөгч Ж.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 128/ШШ2017/0506 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, Д.О-ын нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Ц.Сайхантуяагийн илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 128/ШШ2017/0506 дугаар шийдвэрээр: “Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 29.3, Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1, Эрчим хүчний тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д заасныг тус тус баримтлан Д.О-ын Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Нийслэлийн Засаг даргын 2015 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 483 дугаар захирамжийн иргэн Д.О-т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Н нь давж заалдах гомдолдоо: “...Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад захиргааны хэргийн анхан шатны шүүхээс Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар болон Эрчим хүчний яамнаас шинжээч томилон маргаан бүхий газарт дүгнэлт гаргуулсан боловч тэрхүү мэргэжлийн байгууллагын дүгнэлтийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч надад танилцуулаагүй байж шүүх хуралдааныг явуулж шийдвэр гаргасанд гомдолтой байна. Ж.Н миний бие Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргаж, хүсэлт гаргасан шалтгаанаа өмгөөлөгч авч шүүх хуралдаанд оролцох эрхийг минь хангаж өгөхийг шүүгч Ц.Одмаагаас хүссэн билээ. Гэтэл энэ хүсэлтийг хангах арга хэмжээ авалгүй тэр өдрийн шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулсан. Нэхэмжлэгч Д.О нь төр, захиргааны байгууллага, түүний удирдлагын эрх мэдэл бүхий албан тушаалтны буруутай үйл ажиллагаанаас болж 2010 оноос хойш 3 удаа газар эзэмших эрхээ нэг олж авч, дахин алдаж асар их хохирол амсаж байгаа бодит байдлыг харгалзан үзэлгүйгээр нэг талыг барьсан шийдвэрийг захиргааны хэргийн шүүхээс гаргаж байгаад иргэн Д.О-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие мөн гомдолтой байна.
Иймд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх нэг талыг барилгүй хууль ёсны шийдвэр гаргаж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 128/ШШ2017/0506 дугаар шийдвэрийн үйлчлэлийг зогсоож, захиргааны байгууллагын албан тушаалтны эргэж, буцсан туйлбаргүй шийдвэрээс болж иргэн Д.О-т учирсан нөхцөл байдлыг арилгах арга хэмжээ авч өгнө үү” гэв.
ХЯНАВАЛ:
Шүүх бүрэлдэхүүн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д заасны дагуу нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын хүрээнд анхан шатны шүүхийн шийдвэрийг хянахад шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байна.
Баянгол дүүргийн Засаг даргын 2010 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 276 дугаар захирамжаар Д.О-т тус дүүргийн 3 дугаар хороо, Хараагүйчүүдийн нийгэмлэгийн урд үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар 310 м.кв газрыг 5 жилийн хугацаатайгаар эзэмшүүлсэн байх бөгөөд мөн дүүргийн Засаг даргын 2013 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн А/813 дугаар захирамжаар дээрх газрыг Газрын тухай хууль болон Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 10/01 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх гэсэн үндэслэлээр хүчингүй болгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч Д.О нь Г.Хэрлэнчимэгтэй 2014 оны 10 дугаар сарын 03-ны өдөр газар эзэмшүүлэх эрх шилжүүлэх гэрээг байгуулж, Баянгол дүүргийн Өмч, газрын харилцааны албанд хүсэлт гаргасны дагуу тус дүүргийн Засаг даргын 2014 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн А/896 дугаар захирамжаар Д.О-т Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Хараагүйчүүдийн нийгэмлэгийн урд талд байрлалтай 400 м.кв газрыг үйлчилгээтэй орон сууц зориулалтаар 5 жилийн хугацаатайгаар олгож, 2014 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 000519282 дугаар гэрчилгээг олгосон байна.
Нийслэлийн Засаг даргын 2015 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн А/483 дугаар захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 29.3, Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1, Эрчим хүчний тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1, Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2014 оны Журам батлах тухай 5/14 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт Хараагүй хүмүүсийн хөдөлмөр сургалтын үйлдвэр ТӨҮААТҮГ-ын эзэмшил газрын урд талд дулааны шугам сүлжээ болон түүний хамгаалалтын бүсэд үйлчилгээний орон сууцны зориулалтаар газар эзэмшүүлсэн гэдэг үндэслэлээр Баянгол дүүргийн Засаг даргын 2014 оны А/896 дугаар захирамжийн Д.О-т холбогдох хэсгийг хүчингүй болгожээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Н нь давж заалдах гомдолдоо “...Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн шүүх хуралдааныг өмгөөлөгч авах шалтгаанаар хойшлуулах хүсэлт гаргасан боловч энэ хүсэлтийг хангах арга хэмжээ авалгүй шүүх хуралдааныг үргэлжлүүлж шийдвэрлэсэн...” гэж дурдсан байх бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 2017 оны 06 дугаар сарын 14-ний өдөр “иргэн Д.О-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Н миний бие 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийн шадар туслахаар ажиллаж хөдөө орон нутгаар явж байгаа тул 2017 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн зарласан шүүх хуралдааныг хойшлуулж өгөхийг хүсье” гэх хүсэлтийг гаргасны дагуу анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 128/ШЗ2017/3997 дугаар захирамжаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Н-ын шүүх хуралдаан хойшлуулах хүсэлт, өмгөөлүүлэх эрхээр нь тус тус хангаж, нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарыг шүүх хуралдаанд зайлшгүй оролцуулах шаардлагатай гэсэн үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулж, 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 16 цаг 00 минутад товлон зарласан байна.
Улмаар анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 1/8524 дүгээр албан бичгээр Д.О, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Н нарт “...цаашид шүүх хуралдааныг удаа дараа хойшлуулах боломжгүй тул товлогдсон шүүх хуралдаанд итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчийг оролцуулж, шүүх хуралдаанаас өмнө хэргийн материал болон шинжээчийн дүгнэлттэй танилцах” талаар мэдэгдэл хүргүүлсэн байх бөгөөд 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй, өмгөөлөгч авах хүсэлтийг шүүхэд гаргаагүй ба анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.5-д заасны дагуу шүүх хуралдааныг үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн нь нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд оролцох, өмгөөлөгч авах, мэтгэлцэх эрхийг зөрчөөгүй байна.
Нөгөө талаар мэтгэлцэх зарчим нь хэргийн оролцогчдыг шүүх хуралдаанд заавал оролцуулах бус, харин хэргийн оролцогчдыг маргааны үйл баримтыг нотлох болон үгүйсгэх, шүүх хуралдаанд оролцох, тайлбар өгөх, нотлох баримт гаргах тэгш эрхээр хангах тухай хуулийн ойлголт юм.
Мөн захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д “Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо дараахь эрх эдэлнэ”, 20.1.2-т “хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн шаардлага, тайлбар, нотлох баримт, хэргийн материалтай танилцах, тэмдэглэл, хуулбар хийх, тэдгээрт тайлбар өгөх, шүүх хуралдаанд оролцох” гэж тус тус заасан бөгөөд анхан шатны шүүхээс шинжээчийн дүгнэлт болон хэргийн материалтай танилцах талаар мэдэгдэж байсан болох нь шүүгчийн туслахын утсаар ярьсан тэмдэглэл, шүүхээс нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт явуулж байсан албан бичгүүдээр тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Н-ын “...шинжээчийн дүгнэлттэй танилцаагүй...” гэх тайлбар шүүхийг буруутгах үндэслэл болохгүй.
Хариуцагч маргаан бүхий захирамжийг гаргахдаа Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг баримтлан Баянгол дүүргийн Засаг дарга Газрын тухай хууль тогтоомж зөрчин, Д.О-т газар эзэмшүүлэх шийдвэр гаргасныг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.
Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3-т зааснаар “энэ хуулийн 21.2.3-т зааснаас бусад газрыг дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу энэ хуулийн 21.2.2-т заасныг баримтлан, дүүргийн хэмжээнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэж, зохион байгуулах” эрхийг дүүргийн Засаг дарга хэрэгжүүлэхээр байна.
Гэтэл Баянгол дүүргийн Засаг дарга Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3-т заасан хотын суурьшлын бүсийн инженерийн шугам, сүлжээ бүхий хамгаалалтын зурвас газарт давхцуулан газар эзэмшүүлэх шийдвэр гаргасан нь хуулиар олгосон эрх хэмжээгээ хэтрүүлсэн үйлдэл байх бөгөөд үүнийг хариуцагч Нийслэлийн Засаг дарга шийдвэрлэж, зөвтгөсөн нь хууль тогтоомжид нийцжээ.
Ийнхүү маргаан бүхий актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөөгүй, энэ талаар анхан шатны шүүх зөв дүгнэж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, мөн анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх тухай нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Н-ын гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН
ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН
ШҮҮГЧ Ц.САЙХАНТУЯА