Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 485

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Адъяасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “2” дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Х******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч нарт холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: “Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагчийн 2015 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 6/16 дугаар дүгнэлт, мөн өдрийн 6/42 дугаар албан шаардлага, 2015 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 0000309, 0000310 дугаар шийтгэврийг илт хууль бус акт болохыг тогтоолгох”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч З.С*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ж******* нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Х******* ХХК-аас шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:“

“2015 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагчийн 6/16 дугаар дүгнэлт, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагчийн 6/42 дугаар албан шаардлага тус тус гарсан байдаг. 

Дүгнэлт, албан шаардлагад гомдол гаргах хуульд заасан хугацаа дуусаагүй байхад буюу 2015 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагчийн 2015 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 0000310 дугаар шийтгэвэр гарч, Х******* ХХК-ийг Өрсөлдөөний тухай хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэж үзэн, нийт 6.500.000.000,00 төгрөгөөр торгосон.

Х******* ХХК нь Э******* ХХК-д 2010 оноос эхлэн зээл олгож, үүнийгээ холбогдох хууль тогтоомжийн дагуу гэрээ, бусад бичиг баримтаар баталгаажуулсан билээ. Гэтэл Э******* ХХК зээлийн гэрээний үүргээ удаа дараа ноцтойгоор зөрчиж, зээлээ төлөх график алдагдуулсаар ирсэн. Тодруулбал, тус компанид олгосон зээл муу гэсэн ангилалд шилжсэн юм. Энэ үед Э******* ХХК Хөгжлийн банкны санхүүжилттэй зээлийг манай банкаар дамжуулах асуудал яригдаж, тус банкнаас өмнө авсан зээлийн асуудлыг шийдвэрлэх, гэрээний үүргээ биелүүлэх талаар санал тавьсан юм. Э******* ХХК энэ талаар ямар нэгэн гомдолтой байгаа бол байгуулсан гэрээнд заасан журмаар асуудлыг шийдвэрлэх ёстой байсан. Өөрөөр хэлбэл, тус компанитай холбоотой үүссэн харилцаа бол гэрээний эрх зүйн харилцаа юм. 

Гэтэл иргэний болон хувийн эрх зүйн бусад хууль тогтоомжоор зохицуулагдах харилцаанд нийтийн эрх зүйн этгээд болох Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар хөндлөнгөөс оролцон, Өрсөлдөөний тухай хууль зөрчсөн гэх үндэслэлээр хяналт шалгалтын үйл ажиллагаа явуулах (компанийн гомдлыг хүлээн авах, шалгах удирдамж гаргах, тус компанид олгосон зээлийн материалыг шалгах, улсын байцаагчийн дүгнэлт гаргах, албан шаардлага тавих, торгох тухай шийтгэвэр гаргах гэх мэт) хууль зүйн үндэслэл байхгүй гэж үзэж байна. 

Гаргасан шийдвэрийн агуулгыг үзэхэд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар хохирол тогтоогч байгууллага болж хувиран шүүхийн эрхлэн явуулах ажлыг хийж, иргэний эрх зүйн харилцаанд оролцогчдын нэгийг нь хохирогч болгож, нөгөөг нь санаанд орсон тоогоор торгож, өрсөлдөөнийг хамгаалах биш харин ч бүр эсрэгээрээ нухчин дарсан байх юм. Энэ бол уг байгууллагын чиг үүрэгт огтоос хамаарахгүй бөгөөд үүнийг захиргааны дур зоргийн, хуульгүй үйл ажиллагаа гэж үзэхээс өөр арга байхгүй. 

Дүгнэхэд, зээлийн гэрээгээр зохицуулсан хувийн эрх зүйн харилцаанд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар оролцох, тэр тусмаа хохирлыг тогтоох, гэрээ байгуулахыг шаардах гэх мэт эрх хэмжээ хуулиар олгогдоогүй болно. 

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагчийн 2015  оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 6/16 дугаар дүгнэлт илт хууль бус акт болох тухайд:

Дээр дурдсан дүгнэлтийг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3 (эрх хэмжээ олгогдоогүй этгээд гаргасан), 9.1.7 (эрх зүйн үндэслэлгүй акт) гэсэн үндэслэлүүдээр захиргааны илт хууль бус акт гэж үзэж байна. Учир нь, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч банкнаас зээл олгох үйл ажиллагаанд хяналт шалгалтын үйл ажиллагаа явуулах, дүгнэлт гаргах, тэр тусмаа хохирол тогтоох эрх хэмжээгүй этгээд мөн. Тиймээс ирүүлсэн гомдлыг эрх бүхий байгуулагад нь шилжүүлэх, эсхүл буцаах ёстой байсан. 

Улсын байцаагчийн дүгнэлтэд дурдагдсан Өрсөлдөөний тухай хуулийн 7 дугаар зүйл заалт субьектийн хувьд ч, бодит нөхцөл байдлын хувьд ч манай банкинд хамаатуулан хэрэглэх заалт биш. Иймээс уг зүйлийн 7.1.3, 7.1.5, 7.1.7, 7.1.11 дэх заалтуудыг хэрэглэсэн талаар тайлбарлах шаардлагагүй юм. Энэ үндэслэлээр улсын байцаагчийн дүгнэлтийг эрх зүйн үндэслэлгүй акт гэж үзэх бүрэн үндэстэй юм.

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагчийн 2015  оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 6/42 дугаар албан шаардлага илт хууль бус акт болох тухайд:

Албан шаардлагаар (1) Э******* ХХХ-д олгох ... гэрээ болон холбогдох барьцаа, баталгааны гэрээг тус тус байгуулах, (2) ... Э******* ХХК-ийн зээлүүдийн эргэн төлөх хугацааг 24 сар хүртэл сараар сунгах, (3) ... газруудыг барьцаанаас чөлөөлөхөд уг газруудад холбогдолгүй гэрээний үүргийг биелүүлсэн байх нөхцөл, болзлыг шаардахгүй байх, (4) ... газруудыг барьцаанаас чөлөөлж уг газрууд дээр баригдаж буй барилгуудад хөрөнгө оруулалт хийх, улмаар ашиглалтанд оруулах, ашиг орлого олох боломжийг нь хууль бусаар хязгаарлахгүй байх шаардлага тавьсан байдаг.

Ийм шаардлага тавих эрх хэмжээ олгосон хуулийн заалт байхгүй, мөн нарийвчилсан болон захиргааны ерөнхий хуулиар ийм шаардлага тавих эрх зүйн зохицуулалт байхгүйгээс гадна  уг шаардлагыг хууль бус үйлдэл хийхийг шаардсан акт гэж үзэж байна.

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагчийн 2015  оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 0000310 дугаар шийтгэвэр илт хууль бус акт болох тухайд:

Захиргааны зөрчил гарсан тохиолдолд торгууль хүлээлгэх захиргааны шийтгэл ногдуулах нэг хэлбэр нь шийтгэвэр мөн. Шийтгэвэр ногдуулах болсон тохиолдолд зөрчлийг шалгах, шийдвэрлэх ажиллагаанд шууд баримтлах хууль нь Захиргааны хариуцлагын тухай хууль болно. Тэгвэл Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч Ж.О******* шийтгэвэр ногдуулахдаа уг хуулийн дагуу хэрхэн яаж шалгасан, ямар үндэслэлээр ийнхүү торгох болсон, торгуулийн дүнгийн үндэслэл юу болох гэх зэрэг олон зүйлээр илтэд үндэслэлгүй шийдвэр гаргасан гэж үзэхээр байна. Тодруулбал, Өрсөлдөөний тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.5-д заасны дагуу зөрчлийг шалгах ажиллагаа явуулах, уг хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1-д зааснаар гагцхүү гэм буруу нь нотлогдвол түүнд захиргааны шийтгэл ногдуулах ёстой атал эдгээр бүх үйл ажиллагааг явуулаагүй байж ийм шийтгэвэр гаргасныг хүлээн зөвшөөрөх боломжгүй.

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч 2015 оны 3 дугаар сарын 27-ны өдөр огноог нь алдаатай бичсэн 6/46 дугаар албан шаардлага гаргаж түүгээр Х******* ХХК-аас 2014 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн дотор Монгол Улсын Хөгжлийн банкнаас 2014 онд Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 212 дугаар тогтоолын дагуу экспортыг дэмжих, импортыг орлох үйлдвэрлэлийн төслийн санхүүжилтийн хүрээнд Х******* ХХК-аар дамжуулан аж ахуй эрхлэгчдэд зээлдүүлсэн зээлийн хэмжээ болон аж ахуй эрхлэгчдээс Х******* ХХК-д төлсөн нийт хүү, бусад орлогын хэмжээ зэрэг мэдээллийн гаргаж өгөхийг шаардсан. Х******* ХХК-аас 2015 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 06/2457 дугаар албан бичгээр дээрх шаардлагын хариуд Банкны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.1-д тухайн этгээд өөрийн нууцыг задруулахыг бичгээр зөвшөөрсөнөөс бусад тохиолдолд бусдад гаргаж өгөх, задруулах, ашиглахыг хориглоно гэж заасны дагуу Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагчийн шаардсан мэдээллийг гаргаж өгөх боломжгүй талаар шаардлагатай мэдээллийг тус банкнаас биш Монгол Улсын Хөгжлийн банкнаас авах бололцоотойг илэрхийлсэн болно. 

Х******* ХХК-ийн дээрх мэдэгдлийн дагуу Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагчийн 2015 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр 0000309 дүгээр шийтгэврийг Х******* ХХК-д ногдуулсан байдаг. Х******* ХХК-ийн зүгээс энэхүү шийтгэвэр ногдуулж байгаа үйл ажиллагаа нь хууль зөрчсөн үйлддэл гэж үзэж байна. Учир Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт шийтгэвэрт дурдсан мэдээллийг арилжааны банкнаас гаргуулан авах эрх хэмжээ байхгүй, арилжааны банк нь Банкны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т заасан харилцагчийн нууц мэдээллийг Банкны тухай хуулийн 7.2.1-7.2.7-д заасан журмын дагуу мэдээлэл авах эрх бүхий байгууллагуудад гаргаж өгөх боломжтой, банкнаас мэдээлэл шаардах эрх бүхий этгээдийн жагсаалтад Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар ороогүй байна. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас шаардсан мэдээллийг Х******* ХХК тус байгууллагад гаргаж өгснөөр Банкны тухай хуулийг ноцтой зөрчих, улмаар холбогдох харилцагчдаас гомдол маргаан гарах нөхцөл бү*******дэх байсан болно. Дээрхээс гадна 0000309 дүгээр шийтгэвэрт зөрчил гаргасан этгээдийн гомдол гаргах эрхийн талаар огт дурдаагүй байгаа нь зөрчилд гомдол гаргах эрхийг бүдүүлгээр зөрчсөн уг шийтгэврийн эрх зүйн наад захын шаардлагыг хангаагүй болохыг харуулж байна. 

Х******* ХХК-ийн зүгээс Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагчийн 2015 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 0000309 дүгээр шийтгэврийг хууль бус гэж үзэж Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт 2015 оны 4 дүгээр сарын 14-ний 29/2752 дугаар албан бичгээр гомдол гаргасан. Х******* ХХК-ийн гомдлыг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга бөгөөд улсын ерөнхий байцаагч 2015 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 1/27 дугаар улсын байцаагчийн дүгнэлтээр үндэслэлгүй хэмээн хэрэгсэхгүй болгосон. Улсын ерөнхий байцаагчийн гаргасан энэхүү дүгнэлтийг судалж үзэхэд Өрсөлдөөний тухай хуулийг зөрчсөн дор дурдсан үйлдлүүд илэрч байгаа болно.

Өрсөлдөөний тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.16-д улсын байцаагчийн шийдвэрт гаргасан гомдлыг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас хянан шийдвэрлэх гэж заасан байх бөгөөд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга бөгөөд улсын ерөнхий байцаагчид зөвхөн өөрт нь тусгайлан улсын байцаагчийн шийдвэрт гаргасан гомдлыг хянан шийдвэрлэх эрх хэмжээг олгоогүй байна. 

Өрсөлдөөний тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын шийдвэр гаргах үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь хуралдаан байна гэж заасан байна. Уг хуулинд хуралдаанаас өөр байдлаар Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын шийдвэр гаргах үйл ажиллагааг зааж өгөөгүй байна. 

Өрсөлдөөний тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.3-д Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын хуралдааны хэлбэрээр гаргасан шийдвэрт тус газрын дарга гарын үсэг зурна гэж зааснаас бус тус газрын дарга өөрөө шууд хянан шийдвэрлэж гарын үсэг зурж шийдвэрлэх талаар заагаагүй байна. 

Өрсөлдөөний тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.8-д хуралдаанаас гаргасан шийдвэр тогтоол хэлбэртэй байна гэж заасан байхад тус газрын дарга дүгнэлт гэж бичсэн байх нь уг хуулинд заагаагүй, байхгүй ойлголтыг гаргаж ирсэн байна. 

Өрсөлдөөний тухай хуулийн 19 дүгээр зүйлд дурдсан Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргын бүрэн эрхийг зааж өгсөн зохицуулалтанд улсын байцаагчийн гаргасан шийтгэвэрийг уг газрын даргын хувиар хянан шийдвэрлэх эрх хэмжээг хуулиар олгоогүй байна. 

Өрсөлдөөний тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3-т Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт гомдол гаргах, 26.1.4-т Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын гаргасан шийдвэрийг гэж заасан болохоос тус газрын даргын гаргасан шийдвэр, дүгнэлт гэж байхгүй байна.  

Өрсөлдөөний тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга улсын ерөнхий байцаагч байх бөгөөд тэрээр улсын ахлах байцаагч, улсын байцаагчийг томилж, чөлөөлнө гэж зааснаас бус улсын ерөнхий байцаагчид аливаа давж заалдсан гомдлыг хянан шийдвэрлэх эрх хэмжээг олгоогүй байна. 

Дээрхийг дүгнэн үзэхэд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга нь Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргын буюу улсын ерөнхий байцаагчийн хувиар гомдлыг дангаараа хянан шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй байна. 

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас Х******* ХХК-ийн гомдлыг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4-д заасны дагуу 30 хоногийн дотор шийдвэрлэх ёстой байтал уг хугацаанаас хойш 11 хоногийн дараа буюу 2015 оны 5 дугаар сарын 25-ны өдөр шийдвэр гаргасан нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4-т заасныг ноцтой зөрчсөн үйлдэл болсон. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас гомдлыг шийдвэрлэхээр хугацаа сунгасан эсэх талаар Х******* ХХК-д мэдэгдэл өгөөгүй байна” гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэл нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль үйлчилж байхад гарсан. Тийм учраас илт хууль бус болохыг тогтоолгохдоо захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй гэдгийг баримталсан байгаа. Өмнөх хуулийн хүрээнд илт хууль бус гэдэг нь ямар хүрээнд байсан тэр хүрээгээр нэхэмжлэлийг авч үзэх нь зүйтэй гэж үзэж байна. Хувийн эрх зүйн харилцаа буюу зээлдэгч зээлдүүлэгч хоёрын хоорондын харилцаанд зээл хүсэгчийн гомдлыг үндэслэн Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас илт үндэслэлгүй акт, албан шаардлага, дүгнэлт гаргасан асуудал үүссэн. Э******* ХХК БҮК-1 төслөө хэрэгжүүлэх зээлээ аль ч банкаар дамжуулан авах эрхтэй бөгөөд энэ талаар баримтууд хэрэгт авагдсан байгаа. Хамгийн сүүлд тус шүүхэд Монгол Улсын Хөгжлийн банкнаас бичиг ирсэн. 2015 оны 3 дугаар сарын 26-ны өдөр акт, албан шаардлага тавьсан байдаг. 2015 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр шийтгэвэр тавьсан. Э******* ХХК 2014 оноос 2015 оны 10 сар хүртэл зээлээ аваад явж байсан. Өнөөдрийн байдлаар зээлээ төлөхгүй 153 хоногийн хугацаа хэт*******ттэй байна. Х******* ХХК-ийн зүгээс гэрээний үүргээ биелүүлдэггүй учраас олгохоос татгалзсан, өмнөх зээлээ төлөхийг шаардсан байгаа. Энэ нь Өрсөлдөөний тухай хуулийн зөрчсөн хэн нэгэнд давамгай байдал олгосон зүйл байхгүй. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас шүүхийн чиг үүрэгтэй хохирол учруулсан байна гэдэг дүгнэлт хийж байгаа нь үндэслэлгүй юм. Нэхэмжлэлийн шаардлагын хувьд өмнөх эрх зүйн орчноороо агуулга нь тайлбарлагдахаас өөр арга байхгүй гэж үзэж байгаа. Зээлийн харилцаа бол талуудын э*******т хэрэгцээ хүсэлтийг үндэслэж тухайн банк зээл нь судлагдаж шаардлага хангаж байгаа бол зээл олгох асуудлыг шийдвэрлэнэ. Захиргааны актад эрх зүйн үндэслэл байхгүй. Нийслэлд давамгай байдалтай аж ахуйн нэгж биш. Давамгай байдалтай гэж гаргасан тогтоол нь цаг хугацааны хувьд акт гарсанаас хойш гарсан байна гэдгийг хариуцагч хүлээн зөвшөөрөөд хэрэгт авагдсан нотлох баримтаас хасуулсан байгаа. Тийм учраас давамгай байдалтай биш аж ахуйн нэгжид давамгай байдлын зохицуулалтыг хэрэглээд шийтгэвэр ногдуулж байгаа нь эрх зүйн үндэслэлгүй. Сүүлд давамгай гэж тогтоосон тогтоолыг давж заалдах шатны шүүхээр хууль бус болохыг тогтоож шийдвэрлэсэн байгаа. Иймд захиргааны байгууллага хэт хувийн эрх зүйн харилцааны асуудалд оролцсон эрх зүйн үндэслэлгүй, хууль бус акт гаргасан энэ байдалд үнэлэлт дүгнэлт өгч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү. Зээлийн гэрээний үүргээ биелүүлэх шаардлагыг тавьдаг. Хөгжлийн банкнаас мөн асуудлыг хөндсөн байдаг. Дараагийн санхүүжилтийг тавих асуудал хувийн эрх зүйгээр тодорхойлогдоно, хууль бус гэж үзэх үндэслэл байхгүй. Энэ харилцаанд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар оролцоод байгаа нь туйлын зохимжгүй юм. Иргэний хэргийн шүүх дээр дүгнэлтээр гарч ирж байгаа хохирлыг яаж тодорхойлсон талаар асуудал тавихад Э******* ХХК бид өөрсдөө тодорхойлсон гэдэг. Гэтэл тэнд тавьж байгаа хохирлын шаардлага энд тавьж байгаа дүгнэлт дээр бичсэн үнийн дүн 2 таардаг. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас энэ хохирлын дүнг хэрхэн тодорхойлсон баримтыг гаргуулая гэхэд гаргаж өгсөн зүйл байхгүй, тайлбар ирсэн байгаа. Э******* ХХК-ийн тодорхойлж гаргаж өгсөн үнийг дүнг шууд тавьж, ийм хэмжээний хохирол учирсан байна гэж бичиж байгаа нь үндэслэлгүй. Хууль зүйн талаасаа эрх зүйн үндэслэл байхгүй. БҮК-1 төслийн хүрээнд Хөгжлийн банкны 2016 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн албан бичигт БҮК-1 төслийн хүрээнд 12.2 сая еврогийн зээл, 9 сая ам.долларын зээлийг тус тус Э******* ХХК-ийн хэрэгжүүлж буй БҮК-1 төслийг хэрэгжүүлэхээр олгосон гэж байгаа. Хөгжлийн банкнаас зээл авчихаад Х******* ХХК-аас давхардуулж зээл авах холбогдож давхардуулж авах гээд байгаа нь нийтээр хүлээн зөвшөөрсөн эрх зүйн хэм хэмжээг зөрчиж, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэлүүдийг бий болгож байна. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1-д захиргааны акт утга агуулгын хувьд илэрхий алдаатай гэдгийг захиргааны байгууллага, албан тушаалтны хүсэлт зориг тухайн актад бүрэн гүйцэд илэрхийлэгдээгүй гэж тайлбарлаж байгаа. Захиргааны байгууллагын хүсэл сонирхол алдаа дутагдалтай бол хариуцлага хүлээлгэх болохоос хувийн эрх зүйн харилцаанд оролцох хүсэл сонирхол байх ёсгүй.  Эрх хэмжээгээ хэтрүүлж захиргааны акт гаргасан. Зээлийн харилцаа бол зээлдэгч, зээлдүүлэгч 2 талын хооронд явагдана. Шууд өрсөлдөөний харилцаа болгоод хариуцлага ногдуулж байгаа нь тогтсон хэмжээг илт зөрчсөн хууль зүйн асуудал байна. Захиргааны байгууллага хуулиар тогтоосон хязгаарлалтыг зөрчих ёсгүй. Өрсөлдөөний тухай хуульд заасан давамгайн зохицуулалтыг хэрэглэж байгаа нь эрх зүйн үндэслэлгүй. Маргаан бүхий захиргааны актыг харилцагчийн нууцтай холбоотой баримтуудыг гаргаж өгөхгүй байгаа тохиолдолд шийтгэвэр тогтоосон нь эрх зүйн ноцтой зөрчил гэж үзэж байна. Х******* ХХК-ийн зүгээс боломжтой гэж бүх баримтуудаа гаргаж өгсөн” гэв.

Хариуцагч Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч нар шүүхэд гаргасан тайлбартаа: “Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын даргын 2015 оны 3 дугаар сарын 10-ны өдөр баталсан 1/11 дүгээр удирдамжийн дагуу Х******* ХХК-ийн Э******* ХХК-д зээл олгохтой холбогдох үйл ажилллагаа нь Өрсөлдөөний тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжид нийцэж байгаа эсэхэд хяналт шалгалтын ажлыг хийсэн. Хяналт шалгалтаар Х******* ХХК-ийн зүгээс Өрсөлдөөний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3, 7.1.5, 7.1.9, 7.1.11, 12 дугаар зүйлийн 12.1.10 дахь заалтыг тус тус зөрчсөн болохыг тогтоож улсын байцаагчийн 2015 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 6/16 дугаар дүгнэлтийг гаргасан.

Улсын байцаагчийн дүгнэлтийн нэг дэх хэсэгт Монгол 888 төслийн хүрээнд хэрэгжүүлэх БҮК-1 төслийн санхүүжилтийн эх үүсвэр болох 13 тэрбум төгрөгийн зээлийг Э******* ХХК-д олгохгүй байгаа гэх асуудлыг судлан шалгахад нөхцөл байдал тогтоогдсон. Э******* ХХК нь Байшин үйлдвэрлэх комбинат-1 төслийг хэрэгжүүлэхэд шаардлагатай санхүүгийн эх үүсвэрүүдийг шийдвэрлүүлэх зорилгоор Экспортыг дэмжих, импортыг орлох барилгын материалын үйлдвэрлэлийн төслүүдийн нээлттэй хэлэлцүүлэг-2-т уг төслөө танилцуулан дэмжлэг авсан байна. Улмаар дэмжигдсэн Монгол 888 төслийн хүрээнд хэрэгжүүлэх БҮК-1 төслийн санхүүжилтэнд шаардлагатай зээлийг Хөгжлийн банкны эх үүсвэрээс Х*******аар дамжуулан авахаар уг арилжааны банкинд хүсэлт тавьжээ.

Х******* ХХК-ийн Төв банкны зээлийн хороо 2014 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 833а дугаар шийдвэрээр 13 тэрбум төгрөгийг 60 сараар, жилийн 9 хувийн хүүтэйгээр, эхний 12 сар хүү төлөх нөхцөлтэй зээл олгохыг зөвшөөрч зээлийн гэрээ байгуулах, зээл олгохын өмнөх дараахь шаардлагуудыг зээл хүсэгчид тавьсан байна. 

Үүнд: 

1. Цементийн агуулахыг нэмж барьцаалах

2. Банкны зөвшөөрөлгүй ногдол ашиг хуваарилахгүй байх

3. БҮК-1 төслийн борлуулалтын орлогоос Х*******ны зээлийг төлүүлэх

4. БҮК-1 төслийн үйл ажиллагаанд хяналт тавих

Э******* ХХК-ийн хүсэлтийн дагуу зээлийг Х*******аар дамжуулан олгохыг зөвшөөрсөн тухай Хаан төв банкны зээлийн хорооны 2014 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн шийдвэрийг Х******* ХХК-ийн Байгууллагын банк хариуцсан захирал 2014 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 11/9233 дугаар албан бичгээр хүргүүлсэн бөгөөд уг зээлийг олгоход зээлийн хорооны шийдвэрт дурдсанаас гадна Х******* ХХК-д үлдэгдэлтэй зээлүүдийн хугацаа хэтэрсэн зээлийн өр төлбөрийг төлөх гэсэн шаардлагыг нэмж тавьсан байна. 

Х******* ХХК-ийн 11/9233 дугаар албан бичигт дээр дурдсан шаардлагууд биелсэн үед Х*******ин дахь Э******* ХХК-ийн зээлүүдийн эргэн төлөх хугацааг 24 хүртэл сараар сунгахаар шийдвэрлэсэн байдаг. 

Х******* ХХК нь Хөгжлийн банктай байгуулсан “Дамжуулан зээлдүүлэх гэрээ”-ний хүрээнд Э******* ХХК-д 13 тэрбум төгрөгийн зээлийг үндсэн тоног төхөөрөмж худалдан авахад зориулж олгохоор шийдвэрлэсэнтэй холбогдуулж уг зээлийн эх үүсвэрийг Х*******ны холбогдох дансанд шилжүүлэх хүсэлтийг Хөгжлийн банкинд хүргүүлсэн болох нь нотлогдсон. 

Түүнчлэн Э******* ХХК-ийн хэрэгжүүлэх БҮК-1 төслийг Засгийн газрын 2015 оны 1 дүгээр сарын 07-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэн уг төслийн төсөвт өртгийн нэмэгдсэн үндэслэлийг нягтлан шалгаж, мэргэжлийн шинжилгээ дүгнэлт гаргуулахыг Барилга хот байгуулалтын сайд, Хөгжлийн банкинд даалгаж мэргэжлийн байгууллагаас гаргасан дүгнэлтийг үндэслэн нэмэлт санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэхийг Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлд даалгасан байдаг. 

Барилга хот байгууллалтын яамны салбарын Шинжлэх ухаан технологийн зөвлөл БҮК-1 төслийн нэмэлт санхүүжилтийн төсөвт өртгийн дүгнэлтийг гарган, төслийг санхүүжүүлж өгөх хүсэлтийг Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлд хүргүүлсэн. 

Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Төлөөлөн удирдах зөвлөлийн 2015 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 10 тоот тогтоолын дагуу төслийн санхүүжилтийг дэмжиж, дэд зээлдэгч буюу Э******* ХХК-тай зээлийн болон холбогдох барьцаа баталгааны гэрээнүүдийг байгуулан зохих газруудад бүртгүүлэн ирүүлэхийг Х******* ХХК-д мэдэгдсэн байна.

Х******* ХХК-ийн зүгээс 2015 оны 02 дугаар сарын 04-ны өдрийн 19/1003 19/1004 дугаар Зээлийн ерөнхий нөхцөлийн маягтаар өөрийн Төв банкны зээлийн хорооны 2014 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 833а дугаар шийдвэрээр тавьсан гэрээ байгуулахын өмнөх шаардлагыг нэмэгдүүлж “Х*******анд үлдэгдэлтэй дэд хөтөлбөрийн зээлээс бусад зээлүүдийг бүрэн төлж хаасан байх”, “Барьцаанд байгаа хоёр газрыг зарж борлуулах тохиолдолд зээлээс 2 тэрбум төгрөг төлүүлэх.Зээлийн хугацаа хэтэрсэн тохиолдолд банк оролцож зарж борлуулан зээлийг төлүүлэх” гэсэн болзол нөхцөлүүдийг тавьсан байна. 

Харин Э******* ХХК нь Х*******ны зүгээс анх тавьсан болзол, шаардлагаа зөрчин “Х******* ХХК-д үлдэгдэлтэй дэд хөтөлбөрийн зээлээс бусад зээлүүдийг бүрэн төлж хаасан байх” гэсэн шаардлагыг тавьж байгаа нь зээлдэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэн Монгол банкинд гомдол гаргасан.

Монгол банк гомдлын дагуу асуудлыг хянаад Х*******ны зүгээс эргэн төлөгдөх хугацаа нь дуусаагүй зээлийг бүрэн төлүүлэх шаардлага тавьж байгаа нь харилцагчийн эрх ашгийг зөрчсөн, холбогдох хууль тогтоомжид нийцээгүй алхам болсон гэж дүгнэсэн байна. 

Дээр дурдсан нөхцөл байдлыг хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан дүгнэн үзвэл дараахь зөрчил бүхий үйлдлүүд тогтоогдсон. Үүнд : 

1. Х******* ХХК-ийн зүгээс өөрийн гаргасан 2014 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 833а дугаар шийдвэрийг зөрчин, Хөгжлийн банкны эх үүсвэрээс Э******* ХХК-д олгох БҮК-1 төслийн 13 тэрбум төгрөгийн санхүүжилтийг өөрийн банкаар дамжуулан зээлдүүлэхэд “Х******* ХХК-д үлдэгдэлтэй дэд хөтөлбөрийн зээлээс бусад зээлүүдийг бүрэн төлж хаасан байх” Барьцаанд байгаа хоёр газрыг зарж борлуулах тохиолдолд зээлээс 2 тэрбум төгрөг төлүүлэх. Зээлийн хугацаа хэтэрсэн тохиолдолд Банк оролцож зарж борлуулан зээлийг төлүүлэх” гэсэн шаардлагуудыг нэмж тавьсан, уг шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд зээл олгохгүй байхаар шийдвэрлэсэн зэрэг нь Өрсөлдөөний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3-т “аж ахуй эрхлэгчээс борлуулалтын нэмэлт нөхцлийг шаардах.....үндэслэлгүйгээр борлуулалт хийхээс татгалзах” 7.1.5-д “эдийн засгийн болон техникийн бодит үндэслэлгүйгээр аж ахуйн бусад харилцаа тогтоохоос татгалзах, үндэслэлгүйгээр шалгуур үзүүлэлт тогтоох”, 7.1.9-д аж ахуй эрхлэгчээс санхүүгийн хэрэгсэл эд хөрөнгө тэдгээрийн эрх....зэргийг өөртөө шилжүүлэхийг үндэслэлгүйгээр шаардах” 7.1.11-д “тодорхой төрлийн бараа бүтээгдэхүүний талаар хийж байгаа гэрээ хэлэлцээрт гэрээний зүйлд хамаарахгүй нөхцөлийг гэрээнд тусгахыг тулган шаардах” 12 дугаар зүйлийн 12.1.10-д “Хууль ёсны ашиг сонирхолд харшлах болон хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх”-ийг хориглоно гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн гэх үндэслэл болно.

2. Х******* ХХК-ийн Байгууллагын банк хариуцсан захирал 2014 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 11/9233 дугаар албан бичгээр Х******* ХХК дахь Э******* ХХК-ийн зээлүүдийн эргэн төлөх хугацааг 24 хүртэл сараар сунгахаар шийдвэрлэсэн боловч уг үүргээ үл биелүүлэн холбогдох зээлүүдийн эргэн төлөх хугацааг сунгаагүй байгаа нь Өрсөлдөөний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3-т “аж ахуй эрхлэгчээс борлуулалтын нэмэлт нөхцлийг шаардах.., үндэслэлгүйгээр борлуулалт хийхээс татгалзах” 7.1.5-д “эдийн засгийн болон техникийн бодит үндэслэлгүйгээр аж ахуйн бусад харилцаа тогтоохоос татгалзах,үндэслэлгүйгээр шалгуур үзүүлэлт тогтоох”-ыг хориглоно гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн гэх үндэслэл болсон. 

3. Түүнчлэн Хөгжлийн банкнаас БҮК-1 төслийн 13 тэрбум төгрөгийн зээлийн гэрээг Э******* ХХК-тай байгуулж ирүүлэхийг Х******* ХХК-д мэдэгдсэн боловч гэрээг өнөөдрийг хүртэл байгуулаагүй буюу зээлийг олгоогүй бөгөөд үүний улмаас Э******* ХХК-ийн БҮК-1 төслийн хэрэгжилтийг 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдрөөс 3 дугаар сарын 19-ний өдөр хүртэл хугацаанд зогсоосон байх тул энэ нь уг компанид 1797297328,00 төгрөгийн хохирол, гэм хор учруулсан гэх үндэслэл болсон.

Э******* ХХК-ийн өөрийн эзэмшлийн хоёр газрыг Х*******ны барьцаанаас чөлөөлүүлэх хүсэлт бүхий асуудлыг судлан шалгахад дараах нөхцөл байдал тогтоогдсон.

Э******* ХХК нь өөрийн эзэмшлийн 0232350, 0348975 дугаар эзэмших эрхийн гэрчилгээтэй газруудад үйлчилгээний зориулалтаар барилга барихаар төлөвлөж Х*******наас уг ажилд шаардлагатай 15 тэрбум төгрөгийн санхүүжилтийг зээлэх хүсэлтийг тавьсны дагуу Х*******тай 2011 оны 7 дугаар сарын 19-ны өдөр 11/165 дугаар зээлийн гэрээг байгуулан 5 тэрбум төгрөгийг гаргуулан авч барилга барих ажлыг эхлүүлжээ.

Э******* ХХК нь дээр дурьдсан барилгын ажилд шаардлагатай санхүүжилтийн үлдсэн 10 тэрбум төгрөгийн зээл олгохыг Х*******наас хүссэн боловч банкны зүгээс үл хөдлөх хөрөнгөнд зээл олгохоо больсон гэх шалтгаанаар зээл олгохоос татгалзсан гэжээ.

Түүнчлэн дээр дурьдсан барилгуудын газруудыг Х******* ХХК-тай байгуулсан 2013 оны БГ-13/109 дугаар барьцааны гэрээгээр барьцаалуулсан байна.

Харин Э******* ХХК нь дээрх нөхцөл байдлын улмаас хоёр барилгыг барьж дуусган ашиглалтанд оруулан, улмаар ашиг олох боломж нь хязгаарлагдсан тул уг барилгуудын газруудыг барьцаанаас чөлөөлүүлж, бусад эх үүсвэрээс санхүүжилт олох, улмаар барилгуудыг барьж дуусган эдийн засгийн эргэлтэнд оруулж түүнээс олох зорилгоор зээлүүдээ эргэн төлөхөөр төлөвлөжээ.

Х******* ХХК-наас 3.5 тэрбум төгрөгийн зээлийг хаасны дараа уг газруудыг барьцаанаас чөлөөлөнө гэсэн хариу өгсөн байна. Дээр дурьдсан нөхцөл байдлыг хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан дүгнэн үзвэл дараахь зөрчил бүхий үйлдэл тогтоогдсон байна. Үүнд: 

1. Х******* ХХК нь 0232350, 0348975 дугаар эзэмших эрхийн гэрчилгээтэй газруудыг барьцаанаас чөлөөлөхөд уг барьцааны зүйлүүдэд хамаарахгүй гэрээний үүргийг биелүүлсэн байх нөхцлийг тулгаж байгаа нь Өрсөлдөөний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3-т “аж ахуй эрхлэгчээс борлуулалтын нэмэлт нөхцлийг шаардах....,” 7.1.5-д “....үндэслэлгүйгээр шалгуур үзүүлэлт тогтоох”, 7.1.9-д “аж ахуй эрхлэгчээс санхүүгийн хэрэгсэл, эд хөрөнгө, тэдгээрийн эрх,....зэргийг өөртөө шилжүүлэхийг үндэслэлгүйгээр шаардах”, 7.1.11-д “тодорхой төрлийн  бараа бүтээгдэхүүний талаар хийж байгаа гэрээ, хэлэлцээрт гэрээний зүйлд хамаарахгүй нөхцлийг гэрээнд тусгахыг тулган шаардах” 12 дугаар зүйлийн 12.1.10-т “Хууль ёсны ашиг сонирхолд харшлах болон хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх”-ийг хориглоно гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн гэх үндэслэл болжээ. 

2. Мөн түүнчлэн Х******* ХХК нь Э******* ХХК-ийн 0232350, 0348975 дугаар эзэмших эрхийн гэрчилгээтэй газруудыг барьцаанаас чөлөөлөөгүй буюу уг газрууд дээр баригдаж буй барилгуудад хөрөнгө оруулалт хийх барьж ашиглалтанд оруулах , улмаар эдийн засгийн эргэлтэнд оруулах боломжийг нь хязгаарласнаар уг компанид 2015 оны 3 дугаар сарын байдлаар 5.421.240.000.00 төгрөгийн хохирол, гэм хор учруулсан гэж үзэх үндэслэл болж байна.

Улмаар улсын байцаагч бид гаргасан дүгнэлтийнхээ дагуу дараах арга хэмжээг авч хэрэгжүүлсэн. Үүнд :

1. Х******* ХХК-д Өрсөлдөөний тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2, 20.3.1-т заасныг тус тус үндэслэн дээр дурдсан зөрчлийг арилгахыг 2015 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 6/42 дугаар албан шаардлагаар Х******* ХХК-д үүрэг болгосон.

2. Х******* ХХК-д Өрсөлдөөний тухай хуульд заасны дагуу 2015 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр 0000310 дугаар шийтгэвэр захиргааны шийтгэл ногдуулсан.

Харин Х******* ХХК нь улсын байцаагчийн 2015 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 6/16 дугаар дүгнэлт, 6/42 дугаар албан шаардлага зэрэгт хуульд заасан хугацаанд урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар гомдол гаргаагүй боловч шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 12 дугаар зүйлийн 12.1-т заасанд тус тус нийцээгүй байна. 

Мөн түүнчлэн шүүгчийн зүгээс урьдчилан шийдвэрлүүлэх шаардлага биелүүлээгүй шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа нь хэтэрсэн нэхэмжлэлийг хүлээн авч хэрэг үүсгэсэн нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.3, 34.1.8 дахь заалтыг зөрчсөн гэж үзэж байна.

Шүүгчийн зүгээс дээр дурьдсанчлан урьдчилан шийдвэрлүүлэх шаардлага биелүүлээгүй, шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа нь хэтэрсэн “улсын байцаагчийн 2015 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 6/16 дугаар дүгнэлт, 6/42 дугаар албан шаардлагыг илт хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах ёстой юм.

Улсын байцаагчийн 2015 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр 0000310 дугаар шийтгэврээр ногдуулсан торгуулийн хувьд Х******* ХХК-иас эс зөвшөөрч 2015 оны 4 дүгээр 15-ны өдрийн 01/2797 дугаар албан бичгээр урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт гомдол гаргасан байдаг. 

Харин уг гомдлыг Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын дарга , улсын ерөнхий байцаагч хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж гомдлыг хангах боломжгүй тухай шийдвэрийг 2015 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 1/26 дугаар дүгнэлтээр хүргүүлсэн байдаг. 

Харин улсын байцаагчийн 2015 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр 0000310 дугаар шийтгэвэр нь хуулийн хүчин төгөлдөр болсон улсын байцаагчийн 2015 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 6/16 дугаар дүгнэлтээр тогтоосон зөрчлийн дагуу авсан арга хэмжээ байх тул Х******* ХХК-ийн хувьд түүний хууль зүйн үндэслэлийг маргах эрхгүй гэж үзэж байна. 

Иймд дээр дурьдсан үндэслэлүүдээр Х******* ХХК-аас гаргасан “улсын байцаагчийн 2015 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 6/16 дугаар дүгнэлт, 6/42 дугаар албан шаардлагыг илт хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, “улсын байцаагчийн 2015 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр 0000310 дугаар шийтгэврийг илт хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Гуравдагч этгээд Э******* ХХК болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: “Өрсөлдөөний эрх зүйн зохицуулалтын дагуу хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах, зах зээлд ноёлох өрсөлдөөнийг чөлөөт эдийн засаг бизнесийн тэгш эрхийг хангах, зах зээлийн шударга өрсөлдөөнийг бий болгох үүднээс шаардлагатай тохиолдолд төрийн эрх бүхий байгууллага оролцож тэгш эрхийг хангаж, Өрсөлдөөний тухай хуулиар хэрхэн оролцож бусдын зөрчигдсөн эрхийг хамгаалах талаарх харилцааг зохицуулж өгсөн байдаг. Энэхүү эрх зүйн зохицуулалтын онцлог үйл ажиллагааны чиглэл зорилго нь хувийн эрх зүйн харилцаанд оролцогчдод нэгэн адил үйлчлэхээр зохицуулагдсан бөгөөд энэхүү үүргээ Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар биелүүлж дээрх улсын байцаагчийн дүгнэлтийг гаргасан болно. 

Х******* ХХК нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ хувийн эрх зүйн харилцаанд орлоцогч этгээдүүдийн хооронд үүссэн иргэний эрх зүйн харилцаанд оролцож нийтийн эрх зүйн этгээд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар нь хөндлөнгөөс оролцох, хяналт шалгалт явуулах, дүгнэлт, шаардлага, торгох эрх олгогдоогүй гэж үндэслэлээ тодорхойлсон нь энэ талаарх эрх зүйн зохицуулалтыг нэхэмжлэгч мэдэхгүй байна уу эсхүл санаатай мэдэн будилж үзээгүй мэтээр тайлбар гаргаж байгаа нь дараах үндэслэлээр няцаагдах юм. Үүнд:

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар хувийн эрх зүйн харилцаанд хөндлөнгөөс оролцох эрхтэй эсэх.

Өрсөлдөөний тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1-т Өрсөлдөөний тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Иргэний хууль, энэ хууль болон эдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомж эрх зүйн актаас бүрдэнэ гэсэн нь Өрсөлдөөний эрх зүй нь хувийн эрх зүйн тулгуур иргэний хуулийг зүй ёсоор хэрэглэх, түүний хэрэгжилтэд мөн зах зээл дэх эдийн болон эдийн бус баялагтай холбоотой эрх зүйн харилцаанд оролцогчийн тэгш эрхийг хангах үүргийг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар хүлээсэн зохицуулалт бөгөөд Х******* ХХК болон Э******* ХХК-ийн хооронд үүссэн харилцаанд оролцох эрхгүй гэсэн нэхэмжлэгчийн тайлбар бүхэлдээ няцаагдаж зогсохгүй энэ талаарх нарийвчлан зохицуулагдсан Өрсөлдөөний тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.3-т Өрсөлдөөний тухай хуулийг Иргэний хуулийн 3.3-т заасны дагуу өрсөлдөөний харилцааг илүү нарийвчлан зохицуулсан хууль гэж үзнэ. Мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-т энэ хуулийн үйлчлэлд аж ахуй эрхлэгч Х******* ХХК ... хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т аж ахуй эрхлэгч гэж Монгол Улсад бүртгэлтэй аж ахуй эрхэлж байгаа ашгийн төлөө болон ашгийн бус хуулийн этгээдийг хэлнэ гэж зохицуулсан зохицуулалтын дагуу Х******* ХХК нь зүй ёсны энэхүү хуулийн үйлчлэл, зохицуулалтаар зохицуулагдахаар хуульчлагдсан бөгөөд Х******* ХХК Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын хоорондох эрх зүйн харилцаа хуулиар нээлттэй байгаа бөгөөд энэ талаарх харилцааг зохицуулагдахгүй гэсэн хориглосон хязгаарлалт байхгүй болно. 

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар хяналт шалгалт хийх, дүгнэлт акт үйлдэх торгох эрхтэй эсэх.

Өрсөлдөөний тухай хуулийн 20 дугаар зүйл Улсын байцаагчийн бүрэн эрхийг хуульчилж өгсөн 20 дугаар зүйлийн 20.3.1 өрсөлдөөний тухай хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих, захиргааны шийтгэл ногдуулах эрхтэй энэхүү эрхээ хэрэгжүүлэн ажилласан хуулиар олгосон эрх хэмжээгээ хэтрүүлэн хэрэглэсэн зүйлгүй, эрх хэмжээгүй этгээд захиргааны акт гаргаагүй байна. Мөн хуулийн 20 дугаар зүйлийн 20.2-т Улсын байцаагч нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлд заасан эрх үүргийг хэрэгжүүлэх ... эрхийг иш татан зохицуулсан Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.8-т хяналт шалгалтын явцад илэрсэн зөрчил дутагдлыг таслан зогсоох, түүний шалтгаан нөхцөлийг арилгах талаар холбогдох байгууллага, аж ахуйн нэгж, иргэн, албан тушаалтанд шаардлага тавьж, хугацаатай үүрэг даалгавар өгч биелэлтийг хангуулах, зэрэг бүхий л бүрэн эрхийг хуулиар олгосон бүрэн эрхийн дагуу хяналт шалгалт хийсэн, хугацаатай шаардлага хүргүүлж, шийтгэвэр гаргасан үйлдлийг буруутгах үндэслэлгүй бөгөөд хууль зүйн дагуу гаргасан дүгнэлт, шаардлага, шийтгэвэр болно. 

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ зээлийн гэрээгээр зохицуулагдсан хувийн эрх зүйн харилцаанд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар орролцох, тэр тусмаа хохирлыг тогтоох, гэрээ байгуулахыг шаардах гэх мэт эрх хэмжээ хуулиар олгогдоогүй юм гэжээ. 

Өрсөлдөөний тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-т ... Улсын байцаагч хохирлын хэмжээг харгалзан дараах захиргааны шийтгэл ногдуулна гэсний дагуу Х******* ХХК-ийн хууль бус үйл ажиллагаа өрсөлдөөнийг хязгаарлан, үүнээс учирсан хохирол тогтоож байж шийтгэл ногдуулах эрхийг зохицуулсан нь хохирлын хэмжээг урьдчилан тогтоох эрх бүхий этгэд мөн гэдэг нь тогтоогдож байна. 

Улсын байцаагчийн дүгнэлт, шаардлагааар зах зээлд Х******* ХХК ноёлох үйл ажиллагаа явуулахыг хориглосон зохицуулалтууд Өрсөлдөөний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3, 7.1.5, 7.1.7, 7.1.11 дэх заалтуудыг зөрчиж зээл олгох шийдвэрээ Х******* ХХК гаргаж улмаар гэрээ байгуулах мөчид үндэслэлгүйгээр шалгуур үзүүлэлт тогтоож, харилцагч Э******* ХХК-ийн барьцааны эрхийг шийлжүүлэхийг хууль бусаар шаардсан зэрэг нь Өрсөлдөөний тухай хууль зөрчсөн талаар Х******* ХХК-ийн өөрсдийн гаргасан шийдвэр нь нотолж өгдөг. Улсын байцаагч энэхүү хориглолтыг зөрчсөн Х******* ХХК-д урьд гаргасан шийдвэрээ хэрэгжүүлэхийг шаардсан өөрөөр хэлбэл 2014 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн Х******* ХХК-ийн төв зээлийн хорооны зээл 13 тэрбум төгрөгийг олгохыг шийдвэрлэсэн 833а шийдвэрээ хэрэгжүүлэхийг шаардсан болохоос Х******* ХХК ямар ч зээлийн хорооны шийдвэр гаргаагүй байхад Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар зээл олго гэж шаардаагүй болно. 

Улсын байцаагчийн дүгнэлт, шаардлага, шийтгэвэр нь хууль зүйн үндэслэлтэй, хэрэглэх ёстой хуулийг хэрэглэж гаргасан, эрх хэмжээ хэтрүүлэн хэрэглээгүй тул Х******* ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ. 

ҮНДЭСЛЭХ нь:

           Нэхэмжлэгч Х******* ХХК-иас “Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагчийн 2015 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 6/16 дугаар дүгнэлт,  6/42 дугаар албан шаардлага, 2015 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 0000309, 0000310 дугаар шийтгэврийг илт хууль бус акт болохыг тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

         Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, хэргийн оролцогчдын тайлбар зэргийг шүүх хуралдаанаар хэлэлцээд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын даргын 2015 оны 3 дугаар сарын 10-ны өдөр баталсан 1/11 дүгээр  удирдамжийн дагуу хийсэн хяналт шалгалтаар Х******* ХХК-ийг Өрсөлдөөний тухай хуулийг зөрчсөн гэж үзэн, улсын байцаагчийн 2015 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 6/16 дугаар дүгнэлт, өдрийн 6/42 дугаар албан шаардлагыг гаргаж,  2015 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 0000309, 0000310 дугаар шийтгэврээр захиргааны хариуцлага ногдуулжээ.

Э******* ХХК-ийн Байшин үйлдвэрлэх комбинат-1 төсөл Экспортыг дэмжих, импортыг орлох үйлдвэрлэлийн 888 төсөлд хамрагдаж, Засгийн газрын 2015 оны 1 дүгээр сарын 07-ны өдрийн хуралдаанаар  нэмэлт санхүүжилтийн асуудлыг судалж, шийдвэрлэхийг Барилга, хот байгуулалтын яам, Хөгжлийн банкинд даалгаснаар Хөгжлийн банк, арилжааны банкуудтай 2014 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр байгуулсан Хамтран ажиллах санамж бичгийг  байгуулж, экспортыг дэмжих хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх Засгийн газрын тогтоолоор баталсан төслүүдэд Засгийн газрын үнэт цаасыг арилжиж бүрдүүлсэн хөрөнгөөс болон Хөгжлийн банкны өөрийн эх үүсвэрээс арилжааны банкуудаар дамжуулан зээл олгох талаар харилцан тохиролцсон бөгөөд уг санамж бичигт Х******* оролцож, 2014 оны 7 дугаар сарын 24-ний өдөр Хөгжлийн банктай дамжуулан зээлдүүлэх гэрээ байгуулсан байна. 

Уг Хамтран ажиллах санамж бичгийн 2.5-д “Санамж бичгийн 2 дугаар зүйлд заасан ерөнхий нөхцөлөөс бусад нөхцөлийг арилжааны банк нь өөрийн зээлийн бодлого журмын дагуу тогтоох ба төслүүдийг судалж зээл олгох, зээлийн явцын хяналтыг хийх зэргээр эргэн төлөлтийн эрсдлийг Хөгжлийн банкны өмнө бүрэн хариуцна”, 2.6-д “Санамж бичигт заасан ерөнхий нөхцөл болон Арилжааны банкны бусад нөхцөлийг хангасан төслийг дахин санхүүжүүлж болно”, 4.1.8-д Арилжааны банк төсөл хэрэгжүүлэгчид олгосон зээлийн эргэн төлөлтийн эрсдлийг Хөгжлийн банкны өмнө бүрэн хариуцах”-аар заажээ.

Э******* банк уг төслийн санхүүжилтэнд шаардлагатай зээлийг Хөгжлийн банкны эх үүсвэрээс Х*******аар дамжуулан авахаар уг банкинд хүсэлт тавьснаар   Х*******ны зээлийн хорооны 2014 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 833а  шийдвэрээр Х*******аар дамжуулан зээл олгохыг зөвшөөрсөн тухай Х******* ХХК-ийн Байгууллагын банк хариуцсан захирал 2014 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 11/9233 дугаар  албан бичгээр мэдэгдсэн боловч Х******* ХХК-ийн 2015 оны 2 дугаар сарын 04-ны өдрийн 19/1002,19/1003, 19/1004 дугаар  Зээлийн ерөнхий нөхцөлөөр “Х*******инд үлдэгдэлтэй дэд хөтөлбөрийн зээлээс бусад зээлүүдийг бүрэн төлж хаасан байх”, “Барьцаанд байгаа хоёр газрыг зарж борлуулах тохиолдолд зээлээс 2 тэрбум төгрөг төлүүлэх. Зээлийн хугацаа хэтэрсэн тохиолдолд банк оролцож зарж борлуулан зээлийг төлүүлэх” гэсэн болзол нөхцөлүүдийг тавьсан нь дээр дурдсан санамж бичигт заасан эрхийн хүрээнд явагдсан үйл ажиллагаа гэж үзэхээр байна. 

Түүнчлэн Хөгжлийн банкнаас Х******* ХХК-д хүргүүлсэн 2015 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн 2/126 дугаар  албан бичигт “...Э******* ХХК-ийн Байшин үйлдвэрлэх комбинат-1 төслийн хөрөнгө оруулалтад зарцуулсан Хөгжлийн банкинд төлөгдвөл зохих зээлийн хүүгийн төлбөр, шимтгэлийн өр, торгуулийн хүү болон бусад зардлаар хийсэн хөрөнгө оруулалтын дахин санхүүжилтийг суутган төлүүлэх “Гурван талт гэрээ”-г баталгаажуулснаар зээлийг олгоход татгалзах зүйлгүй”, түүнчлэн Хөгжлийн банкны 2016 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 6/537 дугаар албан бичигт “... 2016 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн байдлаар Хөгжлийн банкнаас Байшин үйлдвэрлэх комбинат -1 төсөлд зориулан олгосон зээлийн үлдэгдэл 23.0 сая доллар болон 12.2 сая евро, зээлийн хүүгийн хуримтлагдсан дүн 2.8 сая ам доллар болон 799.3 мянган евро, холбогдох бусад төлбөрийн үлдэгдэл 9.2 мянган евро байна. Э******* ХХК нь дээрх гэрээнүүдийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу үндсэн зээлийн төлбөрийг 2016 оны 7 дугаар сараас эхлэн төлөх хуваарьтай бөгөөд өнөөдрийн байдлаар ...зээлийн гэрээний дагуу төлөх зээлийн хүүгийн төлбөр 358.910.82 ам долларыг хугацаанд нь төлөөгүй, 153 хоног хэт*******ттэй байна.” гэсэн албан бичгийг ирүүлж байсныг дурдах нь зүйтэй.

Улсын байцаагчийн 0000309 дүгээр шийтгэврээр Х******* ХХК-ийг Өрсөлдөөний тухай хуулийн 26.1.1, 26.1.2-т заасныг зөрчсөн гэж үзэн торгууль ногдуулсан нь  Банкны тухай хуулийн 7.2-т Банк, түүний харилцагч болон гуравдагч этгээд нууц гэж үзсэн аливаа мэдээллийг энэ заалтад зааснаас бусад тохиолдолд бусдад гаргаж өгөхийг хориглосон зохицуулалттай зөрчилджээ.

Дээрх байдлуудыг дүгнэж үзэхэд хариуцагчаас Э******* ХХК-ийн гомдлын дагуу хяналт шалгалт хийж Х******* ХХК нь 2014 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 833а дугаар шийдвэрээ зөрчин, Хөгжлийн банкны эх үүсвэрээс Э******* ХХК-д олгох Байшин үйлдвэрлэх комбинат-1 төслийн 13 тэрбум төгрөгийн санхүүжилтийг өөрийн банкаар дамжуулан зээлдүүлэхэд нэмэлт шаардлагыг тавьж, уг шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд зээл олгохгүй байхаар шийдвэрлэсэн нь Өрсөлдөөний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3-т “аж ахуй эрхлэгчээс борлуулалтын нэмэлт нөхцлийг шаардах.....үндэслэлгүйгээр борлуулалт хийхээс татгалзах” 7.1.5-д “эдийн засгийн болон техникийн бодит үндэслэлгүйгээр аж ахуйн бусад харилцаа тогтоохоос татгалзах, үндэслэлгүйгээр шалгуур үзүүлэлт тогтоох”, 7.1.9-д аж ахуй эрхлэгчээс санхүүгийн хэрэгсэл эд хөрөнгө тэдгээрийн эрх....зэргийг өөртөө шилжүүлэхийг үндэслэлгүйгээр шаардах” 7.1.11-д “тодорхой төрлийн бараа бүтээгдэхүүний талаар хийж байгаа гэрээ хэлэлцээрт гэрээний зүйлд хамаарахгүй нөхцөлийг гэрээнд тусгахыг тулган шаардах” 12 дугаар зүйлийн 12.1.10-д “Хууль ёсны ашиг сонирхолд харшлах болон хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх”-ийг хориглоно гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн гэж үзсэн нь үндэслэлгүй бөгөөд Х******* ХХК нь Э******* ХХК-д зээл олгоогүйгээс Э******* ХХК-д хохирол учирсан гэж үзэн хохирлын хэмжээг  тогтоосноороо улсын байцаагчид олгогдоогүй эрх хэмжээг хэрэгжүүлсэн гэж үзлээ. 

Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-т “тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан” бол илт хууль бус захиргааны акт гэж үзэхээр зохицуулсан байна. 

Мөн хариуцагчаас Х******* ХХК-ийг Өрсөлдөөний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д заасан Давамгай байдалтай аж ахуй эрхлэгч дараах ноёлох үйл  ажиллагаа явуулахыг хориглосон заалтуудыг зөрчсөн гэж үзсэн боловч Шудрага бус өрсөлдөөнийг хянан зохицуулах зөвлөлийн 2007 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 01 дүгээр тогтоолоор Х******* нь зөвхөн орон нутагт давамгай байдалтай аж ахуй нэгжийн жагсаалтад орсон бөгөөд Монгол улсын хэмжээнд болон Улаанбаатар хотод давамгай байдалтай аж ахуйн нэгжээр тогтоогдоогүй бөгөөд Өрсөлдөөний тухай хуулийн 12.1-д заасан “өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн үйл ажиллагаа явуулсан гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Х******* ХХК нь улсын байцаагчийн 2015 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 6/16 дугаар дүгнэлт, 6/42 дугаар албан шаардлагад хуульд заасан хугацаанд урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар гомдол гаргаагүй, шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа нь хэтэрсэн нэхэмжлэлийг хүлээн авч хэрэг үүсгэсэн нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.3, 34.1.8 дахь заалтыг зөрчсөн гэх хариуцагчийн тайлбар үндэслэлгүй гэж үзлээ.

Учир нь Х******* ХХК нь улсын байцаагчийн 2015 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 6/16 дугаар дүгнэлт, 6/42 дугаар албан шаардлагыг эс зөвшөөрч 2015 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 06/2228 дугаар албан бичгийг Шудрага өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт хүргүүлсэн, 0000309 дүгээр шийтгэврийг эс зөвшөөрч, 2015 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр, 0000310 дугаар шийтгэврийг эс зөвшөөрч 2015 оны 4 дүгээр 15-ны өдрийн 01/2797 дугаар албан бичгээр Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт гомдол гаргасан бөгөөд тус газрын даргын 2015 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 1/26 дугаар дүгнэлтээр Х******* ХХК-ийг Өрсөлдөөний тухай хуулийг зөрчсөн гэж үзсэн улсын байцаагчийн шийдвэрийг захиргааны журмаар урьдчилан шийдвэрлэжээ. 

Энэхүү захиргааны хэргийг хэлэлцэх шүүх хуралдааныг 2013 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 10 цагт явуулахаар товлосон тухай хэргийн оролцогчдод мэдэгдсэн боловч хариуцагч, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хү*******цэн ирээгүй, Э******* ХХК-ийн өмгөөлөгч 2016 оны 6 дугаар сарын 16-ны өдөр, 7 дугаар сарын 01-ний өдөр тус тус товлогдсон шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт, томилолтын хуудас ирүүлсэнийг хүндэтгэн үзэх шалтгааныг нотолсон баримт гэж үзэхээргүй байх тул түүнийг байлцуулахгүйгээр шүүх хуралдааныг явуулах боломжтой гэж үзсэн болно.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.2, 106.3.12  дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

 

1. Өрсөлдөөний тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, Банкны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-т заасныг тус тус баримтлан Х******* ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагчийн 2015 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 6/16 дугаар дүгнэлт,  6/42 дугаар албан шаардлага, 2015 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 0000309, 0000310 дугаар шийтгэврийг тус тус илт хууль бус акт болохыг тогтоосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийн улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 70200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд тэдгээрийн тгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл, гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      Б.АДЪЯАСҮРЭН