Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 229

 

М.Г, Б.Ө, Б.Ч

 нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн  танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Д.Дамдинсүрэн, шүүгдэгч нарын өмгөөлөгч Д.Дарьсүрэн, Х.Отгонжаргал, Ч.Энхжин, нарийн бичгийн дарга М.Билгүтэй нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 122 дугаар шийтгэх тогтоол, Дундговь аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 05 дугаар магадлалтай, М.Г, Б.Ө, Б.Ч нарт холбогдох 201512000131 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч М.Ганбаатрын өмгөөлөгч Д.Дарьсүрэнгийн гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч Ч.Хосбаярын танилцуулснаар хянан хэлэлцэв.

1.Монгол Улсын иргэн, 1975 онд төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ял шийтгэлгүй, Т овогт М-ын Г,

2. Монгол Улсын иргэн, 1982 онд төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй,

2010 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-д зааснаар 3 жил 1 сар хорих ял шийтгүүлж, уг ялыг тэнсэж 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

2014 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 3 жил хорих ял шийтгүүлж, уг ялыг тэнсэж 2 жилийн хугацаагаар хянан харгалзаж байсан Х овогт Б-ын Ө нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4 дэх хэсэгт заасан “Орон байранд нэвтэрч, машин механизм ашиглаж бусдын эд хөрөнгийг хулгайлах” гэмт хэрэгт,

3. Монгол Улсын иргэн, 1984 онд төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, ял шийтгэлгүй, Н овогт Б-ийн Ч нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан “Давтан үйлдлээр бусдын орон байранд нэвтэрч эд хөрөнгийг хулгайлсны улмаас үлэмж хэмжээний хохирол учруулах”, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4 дэх хэсэгт заасан “Орон байранд нэвтэрч, машин механизм ашиглаж бусдын эд хөрөнгийг хулгайлах” гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-д заасныг баримтлан шүүгдэгч Б.Ч-д холбогдуулан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан гэмт хэрэгт ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4 дэх хэсэг болгон зүйлчилж, М.Г, Б.Ч, Б.Ө нарыг орон байранд нэвтэрч, машин механизм ашиглаж бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4-д зааснаар М.Г-т 2 жил, Б.Ө-ад 3 жил, Б.Ч-д 4 жил хорих ял шийтгэж, ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Дундговь аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэсэн үндэслэлээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаажээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч М.Г-ын өмгөөлөгч Д.Дарьсүрэн гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “Давж заалдах шатны шүүх шүүгдэгч М.Г, Б.Ө, Б.Ч нарт холбогдох хэргийг хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэсэн байна. Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон үндэслэлдээ: “Б.Ө- нь гэмт хэрэг үйлдсэн гэх цаг хугацаанд буюу 2019 оны 06 сарын дундуур найз Р.Бат-Эрдэнийн хамт Улаанбаатар хотод айлын зуслангийн байшингийн дээвэр хийж байсан, мөн Б.Ч- нь Улаанбаатар хотод ажиллаж байсан талаар мэдүүлдэг. ...шүүхийн шийтгэх тогтоолд гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн болох талаар хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийлгүйгээр нотлох баримтуудыг жагсаан бичиж, шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг нотлогдож байна хэмээн дүгнэж, нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн үндэслэлээ шийтгэх тогтоолд бичээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.3, 2.4 дэх заалтуудыг зөрчсөн хэмээн дүгнэлт хийжээ. Шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалдсан нотлох баримтуудыг жагсаан бичиж, шүүгдэгч М.Г, Б.Ч, Б.Ө нар нь санаатай нэгдэж, бүлэглэн Дундговь аймгийн Адаацаг сумын 4 дүгээр баг “Эхэн урсгалын бууц” гэх газарт байрлах Ц.Д-ийн өвөлжөөн дээрх ёмкость болон модон амбаараас эд зүйл хулгайлсан гэх гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгч М.Г, хохирогч Ц.Д, Т.Л, гэрч Б, С.А, Б.Д, Ж.Т, Д.М нарын мэдүүлэг, таньж олуулах ажиллагааны тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна хэмээн хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийж мэдүүлэг болон тэмдэглэлийн агуулгыг тодорхой тусгасан байна. Гэтэл давж заалдах шатны шүүхээс зөвхөн нотлох баримтыг жагсаан бичиж хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт хийсэн гэдэг нь ойлгомжгүй байна. Шүүгдэгч Б.Ө, Б.Ч нар нь М.Г-тай хулгайн гэмт хэрэг үйлдэхэд хамтран оролцоогүй, тухайн цаг хугацаанд өөр ажил эрхэлж байсан тухай шүүгдэгч нар болон зарим гэрчүүд мэдүүлдэг. Дээрх гэрчүүд нь шүүгдэгчийн ойр дотны хүмүүс бөгөөд тэрээр 2016 оны 06 дугаар сарын 13-наас 21-ний хооронд ямар ажил хаана хийж байсан талаар л мэдүүлдэг. Харин энэ хугацаанд Улаанбаатар хотоос огт гараагүй гэх талаар нотолсон баримт байхгүй байна. Хулгайлах гэмт хэрэг нь нууц аргаар үйлдэгддэг ба хамтран үйлдсэн этгээд болох шүүгдэгч М.Г-ын бусад шүүгдэгч нарын гэм буруутай үйлдлийн талаар мэдүүлсэн мэдүүлэг нь хуулийн дагуу бэхжүүлж авсан нотлох баримт тул нотлох баримтаар үнэлж хэргийг шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй юм.

Б.Ө нь өөрийгөө өмгөөлж байсан өмгөөлөгч Д.С, С.Т нараас 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдөр татгалзаж,  Ч.Э өмгөөлөгчөөр авах хүсэлт гаргасныг хүлээн авахаас татгалзсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.2 дугаар зүйлийн 1.4 дэх заалтуудыг зөрчсөн байна гэж дүгнэжээ. Анхан шатны шүүх хуралдаанаас М.Г нарыг гэм буруутайд тооцсон шийдвэр гарсан ба шүүгдэгч Б.Ө болон бусад шүүгдэгч нараас өмгөөлөгчөөсөө татгалзах хүсэлт гаргаагүй. Гэтэл эрүүгийн хариуцлага хүлээлгэх хуралдаанаас Б.Ө нь өмгөөлөгч нараасаа татгалзаж, өмгөөлөгч Ч.Э-ээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой хүсэлт гаргасныг шүүх хүлээн аваагүй нь хууль зүйн үндэслэлтэй ба үүнийг дээрх заалтыг зөрчсөн гэж үзэхгүй юм.

М.Г, Б.Ө, Б.Ч нарт холбогдох хэргүүд нь 2015 оны 06  дугаар сарын 13-наас 21-ний өдөр хүртэл, 2015 оны 09  дүгээр сарын 29-ний өдрүүдэд үйлдэгдсэн талаар хохирогч, шүүгдэгч нар маргадаггүй. Иймээс 2015 оны Өршөөл үзүүлэх тухай хуульд хамаарагдах эсэхийг шүүх анхаарвал зохино гэжээ. 2015 оны 06 дугаар сарын 21-ний өдөр Т.Л-ийн бууцан дээр байх ёмкость, модон амбаараас эд зүйл хулгайд алдагдсан гэх асуудалд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар хэрэг үүсгэж мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж, М.Г-ыг 2016 оны 02 дугаар сарын 03-ны өдөр яллагдагчаар татан байцаалт авсан байна. Мөрдөн байцаалтын явцад хохирлын хэмжээнээс шалтгаалан 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдөр ял өөрчлөн 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллагдагчаар татаж холбогдох ажиллагааг явуулж байгаад 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн прокурорын тогтоолоор шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэж, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татах тогтоолд өөрчлөлт оруулан шийдвэрлэсэн байна. 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь 2015 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3 дахь хэсэгт зааснаар өршөөлд хамаараахгүй нөхцөл байдалд хамаарч байна. Мөн Б.Ч нарын үйлдсэн гэх 2015 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн үйлдэл нь мөн хуулийн 3.1 дүгээр зүйлд “Энэ хууль нь 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө гэмт хэрэг үйлдсэн хүнд хамаарна” гэж заасан заалтад хамааралгүй байхад давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийг дээрх асуудлыг анхаараагүй хэмээн үзсэн нь үндэслэлгүй байна. Иймд давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон тул магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд шүүгдэгч Б.Ч-ын өмгөөлөгч Х.Отгонжаргал хэлсэн саналдаа “Давж заалдах шатны шүүхийн магадлал нь хууль зүйн үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээх саналтай байна гэв.

Мөн хуралдаанд шүүгдэгч Б.Ө-ын өмгөөлөгч Ч.Энхжин хэлсэн саналдаа “Шүүгдэгч М.Г-ын өмгөөлөгчийн гаргасан гомдол нь хууль зүйн үндэслэлгүй байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон давж заалдах шатны шүүхийн магадлал үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээж өгнө үү”  гэв.

Мөн хуралдаанд хяналтын прокурор Д.Дамдинсүрэн гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “Шүүгдэгч Б.Ө, Б.Ч, М.Г нарын үйлдсэн хулгайлах гэмт хэрэг нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулсан, бэхжүүлсэн нотлох баримтуудаар тогтоогджээ. Анх энэ хэрэгт 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдөр 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн бөгөөд хэрэг шүүхээс шүүхийн хооронд дамжсаар 2018 онд прокурорт буцаж ирээд дахин яллах дүгнэлт үйлдэгдсэн байна. Хэргийн материалаас харахад шүүх урьдчилсан хэлэлцүүлэг хийхдээ хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зүйл, хэсгүүдийг хэрхэн зөрчсөн болохыг шүүх хуралдааны тэмдэглэлээс харж болохоор байна. Тухайлбал хэргийг дангаараа шийдвэрлэж байгаа шүүгчийг өмнө нь хэргийг шийдвэрлэж байсан үндэслэлээр оролцогч татгалзах хүсэлт гаргахад ерөнхий шүүгчид танилцуулахгүйгээр өөрөө хүсэлтийг шийдвэрлэсэн шүүгчийн захирамж гаргаж хууль зөрчсөн байдаг. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч М.Г-ын өмгөөлөгч Д.Дарьсүрэнгийн гаргасан гомдлыг үндэслэн М.Г, Б.Ө, Б.Ч нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх болон шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Прокуророос шүүгдэгч М.Г, Б.Ө, Б.Ч нарыг бүлэглэн, бусдын орон байранд нэвтэрч, тээврийн хэрэгсэл ашиглаж 2015 оны 06 дугаар сарын 13-ны өдрөөс 21-ний өдрийн хооронд Дундговь аймгийн Адаацаг сумын 4 дүгээр баг, “Эхэн урсгалын бууц” гэх газраас Ц.Д-ийн өвөлжөөний ёмкост болон модон амбаарын цоожийг эвдэж хууль бусаар нэвтрэн мөнгөн тоноглолтой эмээл 5 ширхэг, мөнгөн хул 3 ширхэг, мөнгөн аяга 13 ширхэг, 30 кг үхрийн борц зэрэг 24 нэр төрлийн эд зүйлийг хулгайлж, 47,127,000 төгрөгийн хохирол учруулсан хэмээн 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4 дэх хэсэгт зааснаар,

Шүүгдэгч Б.Ч-ыг давтан үйлдлээр, шунхайн сэдэлтээр, ашиг олох зорилгоор тээврийн хэрэгсэл ашиглан 2015 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс 09 дүгээр сарын 29-ний хооронд Дундговь аймгийн Гурвансайхан сумын “Шар хадны бууц” гэх газраас Г.О-ийн байшингийн цоожийг эвдэн хууль бусаар нэвтэрч 10 ширхэг мөнгөн аяга, цахилгаан үүсгэгч мотор 1 ширхэг зэрэг эд зүйлийг хулгайлж 3,720,000 төгрөг,

мөн өдөр Гурвансайхан сумын 3 дугаар багийн “Тахилт” гэх газраас С.Э-ны өвөлжөөний байншингийн цоожийг эвдэн хууль бусаар нэвтэрч мотор, ааруул, “Болор” нэртэй архи зэрэг эд зүйлийг хулгалж 1,938,000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн хэмээн 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг анхан шатны шүүх хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна.  

Шүүгдэгч Б.Ч нь М.Г, Б.Ө нартай бүлэглэн хохирогч Ц.Д-ийн эд зүйлийг хулгайлсны дараа дангаараа хохирогч Г.О, С.Э нарын эд зүйлийг хулгайлсан байх бөгөөд хэдийгээр энэхүү гэмт хэргүүд нь бие даасан эхлэл төгсгөлтэй, цаг хугацааны завсарлагатайгаар, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан нэг төрлийн объектод халдах замаар үйлдэгдсэн хэдий ч хохирлыг нэгтгэн дүгнэж аль хүнд төрлийн нэг гэмт хэргээр зүйлчлэх ёстой байтал прокурор үйлдэл бүрийг тус тусдаа гэмт хэрэгт тооцож, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэн ял сонсгож, яллах дүгнэлт үйлдсэнийг анхан болон давж заалдах шатны шүүх зөвтгөж засуулалгүй хэргийг хянан шийдвэрлэжээ.

Мөн шүүгдэгч Б.Ч-ын үйлдсэн дээрх гэмт хэргүүдийн улмаас бусдад учруулсан хохирол нийт 52,785,100 төгрөг буюу 2015 оны Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан их хэмжээний хохиролд тооцогдохоор байхад прокуророос шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дээрдүүлсэн шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэж яллах дүгнэлт үйлдэхдээ уг хүндрүүлэх шинжийг орхигдуулсан байхад анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн байна.

2015 оны Эрүүгийн хуульд их хэмжээний эд хөрөнгийг хулгайлсан тохиолдолд зүйлчлэлийг хүндрүүлэхээр хуульчилсан тул дээрх хууль хэрэглээний алдааг хяналтын шатны шүүх нөхөн гүйцэтгэх боломжгүй учир хэргийг прокурорт буцаасан өөрчлөлтийг давж заалдах шатны шүүхийн магадлалд оруулахаар шийдвэрлэв.

Анхан шатны шүүх М.Г, Б.Ө, Б.Ч нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлтүүд үндэслэлтэй болжээ.

Тухайлбал, шүүгдэгч Б.Ө нь 2014 онд хулгайлах гэмт хэргээр хорих ял шийтгүүлж, уг ялыг тэнсэж 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан хугацаанд шинээр хулгайлах гэмт хэрэг үйлдсэн бөгөөд шүүх өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг нэгтгэж шийдвэрлээгүйгээс гадна тэнссэн ял нь 2015 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамрагдсан эсэх талаар дүгнэлт хийгээгүй байна. 

Мөн шүүгдэгч Б.Ө нь шүүгчийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмнө нь оролцож байсан гэсэн үндэслэлээр татгалзан гаргах хүсэлт гаргасан ба хэргийг дангаар шийдвэрлэж байгаа тохиолдолд шүүгч шүүх хуралдааныг хойшлуулж, уг асуудлыг тухайн шүүхийн Ерөнхий шүүгчид танилцуулж шийдвэрлүүлэх байтал өөрөө шийдвэрлэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг зөрчсөн талаарх давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэжээ.

Харин шүүгдэгч Б.Ө нь өөрийн сонгож авсан өмгөөлөгч нараас татгалзаж, шинээр өмгөөлөгч авах хүсэлт гаргасныг анхан шатны шүүх хуулиар зөвшөөрөөгүй гэсэн үндэслэлээр хүсэлтийг хэрэгсэхгүй болгосныг давж заалдах шатны шүүх шүүгдэгчийн хуулиар олгосон эрхийг хязгаарласан гэж дүгнэсэн нь буруу гэж үзлээ.

Учир нь өмгөөлөгчөөс татгалзах үндэслэл, шалтгаан нь шүүгчийг татгалзах үндэслэлийн адил шүүх хуралдааны явцад илрэх, бий болох боломжгүй, ямагт шүүх хуралдаан эхлэхээс өмнө тодорхой байдаг тул шүүх хуралдааны явцад татгалзлыг шийдвэрлэх журмыг хуульд тусгаагүй. Иймээс шүүгдэгч өөрийгөө өмгөөлөх, эсхүл өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах, сонгон авсан өмгөөлөгчөө солих, нэмж өмгөөлөгч авах талаар хүсэлтээ хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдаан эхлэхээс өмнө шүүхэд гаргах бөгөөд шүүх хуралдааны явцад гаргасан хүсэлтийг шүүх хүлээн аваагүйг буруутгах хууль зүйн үндэслэлгүй болно.

Шүүгчийг татгалзан гаргах асуудлыг мөн л шүүх хуралдаан эхлэхээс өмнө шийдвэрлэх бөгөөд шүүх хуралдаан эхэлснээс хойш татгалзан гаргах үндэслэл буюу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд шүүгч оролцож болохгүй болон шүүгч дахин оролцож болохгүй байдал мэдэгдвэл татгалзах хүсэлтийг шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөх тасалгаанд орохоос өмнө гаргах боломжтой.

Иймд шүүгдэгч М.Г-ын өмгөөлөгч Д.Дарьсүрэнгийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгон, давж заалдах шатны шүүхийн магадлалд хэргийг прокурорт буцаах тухай өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Дундговь аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 05 дугаар магадлалын тогтоох хэсгийн  1 дэх заалтын “хэргийг шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай” гэснийг “хэргийг прокурорт буцаасугай” гэж өөрчилж магадлалын бусад заалтыг хэвээр үлдээн, шүүгдэгч М.Г-ын өмгөөлөгч Д.Дарьсүрэнгийн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

                       

             ДАРГАЛАГЧ                                                 Б.ЦОГТ

             ШҮҮГЧ                                                          Б.БАТЦЭРЭН

                                                                                   Д.ГАНЗОРИГ

                                                                                   Ч.ХОСБАЯР

                                                                                   Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН