Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 23 өдөр

Дугаар 2017/ШЦТ/73

 

Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхмандах даргалж,

нарийн бичгийн дарга Э.Оюунсүрэн

улсын яллагч Э.Нэргүй,

шүүгдэгч Т.Батсэрээтэр ,

хохирогч Д.Ганзориг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

 

Говьсүмбэр аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Шарнууд овгийн Тойвын Батсэрээтэрт холбогдох эрүүгийн 1717000600026   дугаартай хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд 1986 оны 02 дугаар сарын 04-ний өдөр төрсөн, 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, жүжигчин найруулагч мэргэжилтэй, Дуу бүжгийн Боржигон чуулгад ерөнхий найруулагч ажилтай, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум, 3 дугаар баг, Баянбулагийн 10-1007 тоотод оршин суух,  улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Шарнууд овгийн Тойвын Батсэрээтэр /РД:ЙЮ86020477/

 

Холбогдсон хэргийн талаар:

/яллах дүгнэлтэд дурдсанаар/

 

Яллагдагч Т.Батсэрээтэр нь 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр Боржигон чуулгын хашаан дотор иргэн Д.Ганзоригтой маргалдан түүнийг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Шүүгдэгч Т.Батсэрээтэр нь 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр байрлах Дуу бүжгийн Боржигон чуулгын хашаан дотор хохирогч Д.Ганзоригтой маргалдан түүнийг зодож хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

 

1.1. Шүүгдэгч Т.Батсэрээтэр шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

 

Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн болохоор шаардлагагүй байх... гэв

 

1.2. Хохирогч Д.Ганзориг шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

 

2017 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 15 цагийн үед манай найруулагч биднийг дуудаж хуралдан арын хашаанд байгаа тайзыг хураах хэрэгтэй байна тоос шороонд дарагдаад хуучин анонсууд нь муудчихлаа гэсэн үүрэг даалгавар өгсөн. Тэр үүрэг даалгаврын дагуу бид гарч ажилласан. 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдөр учиртай 3 толгой дуурь тавигдсан. 09 дүгээр сарын 20-доор би одоо хураах гэж байгаа тайзыг тайзны зураачийнхаа хувьд будаж сэргээж янзалж, тоос шороог нь угааж арчсан. Тоглолт дуусаад тэр тайзыг гаргаад хураачих гэхээр нь дөнгөж янзалсан юм чинь гаргаж яах юм бэ, дахиад тоос шороонд дарагдаж эвдэрч гэмтвэл хэн засч сэргээх юм бэ гэхэд чи хариуцаж авснаараа сэргээнэ гэхээр нь би яахаараа чиний гаргаж тоосонд даруулсан юмыг сэргээдэг юм бэ гээд бид 2 маргаан эхэлсэн. Гэхдээ миний ажлын байрны тодорхойлолтон дээр энэ энэ тайзыг хариуцна гэсэн зүйл байхгүй. Сэргээн засварлах, тайзны скиз гаргах гэсэн зүйлс л ажлын байрны тодорхойлолтон дээр байдаг. Надад хариуцуулж өгсөн тайз биш. Гэхдээ би ажлынхаа чиг үүргийн дагуу сэтгэлээрээ сэргээн засварласан. Буцаагаад гаргаж байгаа асуудал нь надад таалагдаагүй. Тэгээд бид маргалдаад би тайзан дээрээс бууж ирсэн. Намайг цохих гэхээр нь би гараараа түлхэхэд эргэж ирээд миний зүүн шанаанд цохиод авсан. Тэгэхээр нь би яаж байгаа юм бэ гээд бээлий, куртикээ тайлаад зүүн гараараа цохих гэхэд ардаас Соёл-Эрдэнэ намайг өчиж аваад Батсэрээтэр намайг дахин цохисон. Тэгэхэд нь би Соёл-Эрдэнийг тавиулаад нөгөө гараараа салгах гэхэд Эрдэнэчулуун намайг дахин барьж авсан. Тэгээд би тавиулаад Батсэрээтэр бид 2 зодолдсон. Зодолдож байхдаа би 1 өшиглөсөн. Тэгэхэд биднийг салгах гээд дуучин Батболд ах голоор орж ирэхэд би ойчсон. Намайг ойчсон байхад Батсэрээтэр миний хүзүү рүү өшиглөсөн. Дахин босоод зодолдох гэхэд зүүн гараас бүжигчин Дашням барьж авахад Батсэрээтэр намайг үсдэж чирээд доогуур өшиглөсөн. Миний энд одоо сорви нь байгаа. Тэгээд би цагдаа дуудсан. Тэгэхэд Батсэрээтэрийн эхнэр нь наад хүн чинь согтуу байна наад хүнээ аваад яв гэж 2 удаа цагдаа руу болон над руу хашгирч дайрсан. Цагдаа дээр очиход цагдаа үлээлгэе гэхээр нь би архи уугаагүй гэж хэлсэн. Бид 2 тухайн үед хоёулаа архи уугаагүй байсан. Толгой руугаа өшиглүүлснээс хойш 4-5 хоногийн дараанаас баруун талаараа харж унтахад толгой халуу оргиж, хөл орших гэж ярьдаг шиг оршоод байдаг болсон. Үе үе өвддөг. Гэхдээ өвдөх нь гайгүй. Би томографын зураг авахуулъя гэж бодож санал гомдол гаргаж байгаа гэв.

 

1.3. Гэрч Г.Соёл-Эрдэнэ мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

 

Батсэрээтэр бол миний төрсөн дүүгийн нөхөр байгаа юм. 2017 оны 10 сарын 12-ны өдөр Боржигон чуулгад намайг ажил дээрээ байж байхад арын хашаанд гадаа талбайд манай ажилчид тайз хурааж байхад манай байгууллагын ерөнхий найруулагч Батсэрээтэр зураач Ганзориг 2 тайзнаас болж хоорондоо маргалдсан. Найруулагч учиртай 3 толгой дуурийн эсгийтэй тайзыг гадаа гаргаж тавина гэхэд Ганзориг гадаа тавьбал муухай болно, хэрэв гадаа тавиад муухай болсон тохиолдолд би хариуцахгүй гэж хэлсэн. Харин Батсэрээтэр энэ чиний хийх ажил юм байгаа биз дээ гээд хоорондоо маргалдсан. Тэгтэл Ганзориг Батсэрээтэрийн өөдөөс дөхөж очоод салаавч гаргаад би тайзыг гадаа тавьбал хариуцаж чадахгүй гэж хэлэхэд Батсэрээтэр өөдөөс нь очоод цаашаа түлхсэн. Чиний хийх ажил биз дээ гээд түүнийг баруун гараараа нүүрнийх нь орчим нэг удаа цохиход Ганзориг зууралдаад авсан. Мөн Ганзориг хөлөөрөө өшиглөж байгаа харагдсан. Тэгээд тэр 2 нэг нэгийгээ заамнаас бариад боолцоод байхаар нь би салгасан... гэсэн мэдүүлэг. /хх-ийн 12 дугаар хуудас/

 

1.4. Гэрч Б.Лхагвасүрэн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

 

2017 оны 10 дугаар сарын 12-ны өдөр манай чуулгын арын хашаанд байдаг тоглолтын тайзыг бороо шорооноос хамгаалж хурааж хулдаасан хэвлэлээр бүтээж янзалсан. Энэ ажлыг үйлдвэр аж ахуйн ангийн хүмүүс хийж гүйцэтгэсэн. Би тухайн өдөр жижүүрт гарч байсан. Тайзыг гадаа хурааж байхад 16 цаг 30 минутын үед ерөнхий найруулагч Батсэрээтэр гарч ирээд учиртай 3 толгой дуурийн тайзыг  гадаа гаргаж энэ хурааж байгаа тайзууд дотроо нийлүүлж хураа гэхэд Ганзориг тэр тайзыг гадаа хураавал өнгө алдаж гундана, саяхан засч янзалсан гэж хэлэхэд Батсэрээтэр хулдаасан хэвлэлээр сайн янзлаад хучвал гайгүй шүү дээ гэхэд тэгвэл би хураахгүй, энэ ажлыг чинь хийж чадахгүй гэхэд яахаараа чи чаддаггүй юм бэ гэхэд Батсэрээтэр Ганзоригийг нүүрэнд гараараа цохиод авсан. Тэгэхэд нь хажууд нь байсан Соёл-Эрдэнэ дундуур нь орж салгасан гэсэн мэдүүлэг. /хх-ийн 13 дугаар хуудас/

 

1.5. Гэрч С.Ганбаяр мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

 

2017 оны 10 дугаар сарын 12-ны өдөр манай чуулгын арын хашаанд байдаг тоглолтын тайзыг бороо шорооноос хамгаалж хурааж хулдаасан хэвлэлээр бүтээж янзалсан. Батсэрээтэр Ганзориг 2 хоорондоо маргадсан. Би тухайн үед грашид машиндаа юм янзлаад байж байсан. Тэр 2-г муудахаар нь явж очоод больцгоо ажлаас болж муудацгаагаад байхдаа яадаг юм гэхэд миний үгэнд орох шинжгүй байсан. Намайг очиход Соёл-Эрдэнэ тэр 2-г салгаад Ганзоригийг хориод байж байсан гэсэн мэдүүлэг. /хх-ийн 14 дүгээр хуудас/

 

1.6. Говьсүмбэр аймаг дахь шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 365 дугаартай дүгнэлтэд: 

- Д.Ганзоригийн биед хүзүүнд, цээжинд зүүн талаар, зүүн шилбэнд цус хуралт гэмтэл учирчээ.

- Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгднэ.

- Дээрх гэмтэл нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

- Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Дүгнэлт гаргасан Говьсүмбэр аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Л.Жаргалтогтох гэжээ. /хх-ийн 21 дүгээр хуудас/

 

1.7. Говьсүмбэр аймаг дахь шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 370 дугаартай дүгнэлтэд: 

- Т.Батсэрээтэрийн биед гэмтэл тогтоогдсонгүй.

Дүгнэлт гаргасан Говьсүмбэр аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Л.Жаргалтогтох гэжээ. /хх-ийн 23 дугаар хуудас/

 

Иймд шүүгдэгч Т.Батсэрээтэрийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

2. Шүүгдэгч Т.Батсэрээтэрт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг судлав. Үүнд:

2.1. Гэрч Г.Соёл-Эрдэнийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

...Т.Батсэрээтэр нь Өвөрхангай аймгийн харьяат манай хүргэн болсноос хойш таньдаг болсон. Манай төрсөн дүүгийн нөхөр байгаа юм. Дүүтэй суугаад 7 жил гаран болж байна. 2 хүүхэдтэй. Хувь хүнийхээ хувьд архи дарс хэрэглэдэггүй. Агсам согтуу тавиал байдаггүй. Төлөв даруу зантай, боловсролтой, хүнтэй зөв боловсон харьцдаг, ажлын хамт болон найз нөхдийн дунд нэр хүнд сайтай. Олон удаа байгууллагын аврага болж байсан. Мөн шагнал урамшуулал олныг авч байсан. Хань ижил үр хүүхэддээ халамж анхаарал сайн тавьдаг. Дуулах жүжиглэх авъяастай сайн залуу байгаа юм даа... гэсэн мэдүүлэг /хх-ийн 12 дугаар хуудас/

2.2. Гэрч Б.Лхагвасүрэн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

...Ганзориг яг ямар хүн бэ? гэдгийг би сайн мэдэхгүй байна. Манай байгууллагад урд нь ажиллаж байгаад гараад 6-н сараас хойш ажиллаж байгаа юм. Харин Батсэрээтэр бид 2 чуулгад хамт 3 жил ажиллаж байна. Батсэрээтэр ер нь зарчимч, шудрага манай чуулгын уран бүтээлийн ажлыг гардан зохион байгуулж хийдэг хүн байгаа юм. Хувь хүн талаасаа тэвчээртэй, хүлээцтэй зантай яаран тийм амар уурлахаар хүн биш юм. Хамт олны нэр хүнд сайтай манай байгууллагын дуирдах ажилтан байгаа юм... /хх-ийн 13 дугаар хуудас/

2.3. Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 27-28 дүгээр хуудас/

2.4. Шүүгдэгч Т.Батсэрээтэрийн ажил байдлын тодорхойлолт /хх-ийн 29 дүгээр хуудас/

 

Шүүгдэгч Т.Батсэрээтэр нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Иймд шүүгдэгч Т.Батсэрээтэрийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Харин хохирогч Д.Ганзориг нь тархины компьютер томографын зураг авахуулах шаардлагатай байна гэж байгаа боловч энэ талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй учраас цаашид гарах эмчилгээний зардлаа баримтаар бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу жич нэхэмжлэх эрхтэй болно.

Шүүгдэгч Т.Батсэрээтэр нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг биелүүлээгүй бол уг ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг дурьдах нь зүйтэй байна.

Мөн шүүгдэгч Т.Батсэрээтэр нь тогтмол орлоготой ажил хөдөлмөр эрхэлдэг байдлыг нь харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгч Т.Батсэрээтэр нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдлаа.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Шарнууд овгийн Тойвын Батсэрээтэрийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Т.Батсэрээтэрийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч Т.Батсэрээтэр нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурьдсугай.

 

4. Шүүгдэгч Т.Батсэрээтэр нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг биелүүлээгүй бол уг ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг мэдэгдсүгэй.  

 

5. Шүүгдэгч Т.Батсэрээтэр нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

6. Хохирогч Д.Ганзориг нь өөрт учирсан хохиролоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.

 

7. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Батсэрээтэрт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                       

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Т.ЭНХМАНДАХ