Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 2022/ДШМ/07

 

Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Г.Тэгшсуурь даргалж, шүүгч Х.Байгалмаа, шүүгч О.Однямаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Э.Н,

шүүгдэгч, хохирогч Б.Б өмгөөлөгч Э.С,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Нямзаяа нарыг оролцуулан,  

Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхмандах даргалж шийдвэрлэсэн 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 2022/ШЦТ/35 дугаар шийтгэх тогтоолтой шүүгдэгч Э.Д, Б.Б нарт холбогдох хэрэгт шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Э.С  нарын давж заалдах гомдлыг 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч О.Однямаагийн  илтгэснээр  хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1997 оны 12 дугаар сарын 24-нд Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд төрсөн, 25 настай, эмэгтэй, дээд боловсролтой, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн инженер мэргэжилтэй, Улаанбаатар хотод байрлах “М П Г салонд гоо сайханч ажилтай, ам бүл 4, охин, нөхрийн хамт Улаанбаатар хот, Баянгол дүүргийн - дүгээр хороо - дүгээр гудамж - тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй гэх Х овогт Э Д /РД: /,

Монгол Улсын иргэн, 1998 оны 10 дугаар сарын 26-нд Говьсүмбэр аймгийн Сүмбэр суманд төрсөн, 24 настай, эмэгтэй, дээд боловсролтой, бага ангийн багш мэргэжилтэй, Говьсүмбэр аймгийн - дүгээр сургуульд бага ангийн багш ажилтай, ам бүл 5, аав, ээж, 2 дүүгийн хамт Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын - дүгээр баг, - тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй гэх Б овогт Б Б /РД: /

Яллагдагч Э.Д нь 2019 оны 08 дугаар сарын 11-ний өдрөөс 12-нд шилжих шөнө Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр Сет баарны гадаа иргэн Б.Б маргалдан түүний нүүр, толгойн тус газар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

Яллагдагч Б.Б нь 2019 оны 08 дугаар сарын 11-ний өдрөөс 12-нд шилжих шөнө Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр Сет баарны гадаа иргэн Э.Д маргалдан түүнийг үстэх, хашлага мөргүүлэх зэргээр цохиж эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Говьсүмбэр аймгийн прокурорын газраас: Э.Д, Б.Б нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 Анхан шатны шүүх: Шүүгдэгч Х овогт Э Д хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч Б овогт Б Б хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, 

шүүгдэгч Э.Д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600 000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар, 

шүүгдэгч Б.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600 000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж,

Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Д, Б.Б нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 600 000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг өршөөн хэлтрүүлж,

шүүгдэгч Э.Д, Б.Б нар нь цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-т зааснаар шүүгдэгч Э.Д, Б.Б нараас улсын төсөвт тус тус төлсөн 600 000 /зургаан зуун мянга/ төгрөгийг шүүгдэгч Э.Д, Б.Б нарт буцаан олгож,

Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж,

Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Д, Б.Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.Б өмгөөлөгч Э.С давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон тайлбартаа: Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 2022/ШЦТ/35 дугаар тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Шүүгдэгч Б.Б Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх буюу 600 000 төгрөгөөр торгох ялыг Өршөөлийн тухай хуулиар өршөөн хэлтрүүлж хянан шийдвэрлэснийг Б.Б эрх зүйн байдлыг дордуулсан хууль хэрэглэсэн гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэг нь 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаас өмнө “Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолно” гэх агуулгатай байжээ. Харин одоо “Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн яллагдагчаар татах хүртэл тоолно” гэх агуулгаар хуульчилсан байна. 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хууль Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 01 дугаар тогтоолоор хүчингүй болсон байхад хуульд зохицуулагдаагүй агуулгаар тайлбар хийсэн. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “...хуулийг тайлбарлах, хэрэглэхэд гарсан эргэлзээг яллагдагч, шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх” гэсэн зохицуулалтыг хэрэглээгүй ба үүнийгээ хэрэг хянагдаж буй цаг хугацаанд мөрдөгдөж байгаа хуулийн заалтыг тайлбарлахад хамааралтай бөгөөд Эрүүгийн болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиуд дахь процессын шинэчлэгдсэн зохицуулалтыг өмнөхтэй нь өрсөлдүүлэн хэрэглэх тухай ойлголтыг агуулаагүй гэж Б.Б эрх байдлыг дордуулж, хүн бүр хууль шүүхийн өмнө тэгш байх шударга ёсны зарчмыг зөрчсөн. Шүүгдэгч Б.Б нь 2019 оны 08 дугаар сарын 11-ний өдрөөс 12-нд шилжих шөнө бусдын биед хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 2, 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.15 дугаар зүйлийн 2 дахь заалтыг үндэслэн эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Прокурор Э.Н давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон дүгнэлтдээ: Аймгийн прокурорын газраас Э.Д, Б.Б нарт холбогдох хэрэгт 2020 оны 10 дугаар сард Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 10 дугаартай дүгнэлтийг үндэслэн шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хэргийг дахин хянан хэлэлцэх тухай дүгнэлтийг бичсэн. Тухайн үйл явдлын дараагаар Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 11 дугаартай тогтоол гарсан. Анхан шатны шүүх хэргийг 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр хянан хэлэлцээд Э.Д, Б.Б нарт холбогдох хэргийг Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулан шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.                           

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд зааснаар давж заалдах гомдол, эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Шүүгдэгч Э.Д, Б.Б нар нь 2019 оны 08 дугаар сарын 11-ний өдрөөс 12-нд шилжих шөнө Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр Сет баарны гадаа маргалдан харилцан зодолдож бие биенийхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан хэргийг шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дах хэсэгт заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан гэж үзэх үндэслэлтэй ба анхан шатны шүүх хэргийг хавтаст хэргийн хүрээнд эцэслэн шийдвэрлэсэн нь зөв болсон байна.

Мөн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх ажиллагаанд Эрүүгийн хэрэг хянан шийдэрлэх хууль зөрчсөн асуудал байхгүй байна гэж үзлээ.

Шүүгдэгч Э.Д нь 2019 оны 08 дугаар сарын 11-ний өдрөөс 12-нд шилжих шөнө Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр Сет баарны гадаа иргэн Б.Б маргалдан түүний нүүр, толгойн тус газар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

Шүүгдэгч Б.Б нь 2019 оны 08 дугаар сарын 11-ний өдрөөс 12-нд шилжих шөнө Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр Сет баарны гадаа иргэн Э.Д маргалдан түүнийг үстэх, хашлага мөргүүлэх зэргээр цохиж эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь гэрч нарын мэдүүлгүүд, бусад нотлох баримтууд болон анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр нотлогдон тогтоогдсон байна.  

Анхан шатны шүүхээс шүүгдэгч нарын үйлдсэн хэргийн талаар үндэслэлтэй зөв дүгнэлт хийсэн бөгөөд шүүгдэгч нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600 000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох жилээр шийтгэж, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх буюу 600 000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг тус тус өршөөлд хамруулан шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

Шүүгдэгч Б.Б өмгөөлөгчийн ... Б.Б нь 2019 оны 08 дугаар сарын 11-ний өдрөөс 12-нд шилжих шөнө бусдын биед хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 2, 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан байх тул .... эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох өгнө үү” гэсэн давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байна. Учир нь:

Тус давж заалдах шатны шүүх нь шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас бичигдсэн прокурорын дүгнэлтийн дагуу тус хэргийг 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хянан хэлэлцээд ‘’ ... хэргийг шийдвэрлэх үед хүчин төгөлдөр үйлчилж байсан хууль дараа нь батлагдсан өдрөөсөө эхлэн хүчингүй болсон нь шүүх хэрэг шийдвэрлэх үед хууль илт буруу хэрэглэгдсэн, энэ шийдвэрийн улмаас хүний эрх ноцтой зөрчигдсөн байгаа нь түүнийг шинээр илэрсэн нөхцөл байдалд тооцох боломжтой” гэж үзэж прокурорын дүгнэлтийг хүлээн авч шийдвэрлэсэн билээ.

Гэтэл Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 11 дүгээр хуралдааны тогтоолоор ‘’ ... гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн яллагдагчаар татах хүртэл тоолох бөгөөд Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хугацааны дотор тухайн этгээдийг яллагдагчаар татсан бол хөөн хэлэлцэх хугацаа зогсох ба энэхүү процессын хэм хэмжээний мөн чанарыг агуулсан зохицуулалт нь хүчин төгөлдөр болж мөрдөгдөж эхэлснээсээ хойш үйлчлэх бөгөөд уг заалт өөрчлөгдөхөөс өмнө мөрдөж байсан зохицуулалтыг буцааж хэрэглэхгүйгэж заасны дагуу шүүгдэгч нарын хэргийг хөөн хэлэлцэх хугацаагаар хэрэгсэхгүй болгох боломжгүй байх бөгөөд харин анхан шатны шүүхээс шүүгдэгч нарыг Өршөөл үзүүлэх тухай хуулийн зохих зүйл заалтанд хамруулан ялыг өршөөн хэлтрүүлсэн нь шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дээрдүүлсэн гэж үзэхээр байна.         

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, Б.Б өмгөөлөгчийн давж заалдсан гомдолыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 2022/ШЦТ/35 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Б өмгөөлөгч Э.С гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

........................ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ......................Г.ТЭГШСУУРЬ

........................ШҮҮГЧИД.......................................Х.БАЙГАЛМАА

............................................................................... О.ОДНЯМАА