Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 27 өдөр

Дугаар 942

 

З.Б-гийн нэхэмжлэлтэй                                                                                               иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч Б.Нармандах, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 182/ШШ2020/00507 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч З.Б-гийн нэхэмжлэлтэй, хариуцагч “Т банк” ХХК-д холбогдох

 

Урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор гаргуулах, Нийгмийн даатгал, Эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг ажил олгогчид даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ариунтунгалаг, түүний өмгөөлөгч П.Еркебулан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Эрдэмбилэг, Х.Мөнхзул, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

 

Нэхэмжлэгч З.Б- шүүхэд гаргасан нэхэмжлэл  болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ариунтунгалаг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Т банк” ХХК-д 2013 оны 7 дугаар сарын 23-ны өдрөөс 2017 оны 2 сарын 15-ны өдөр хүртэл хугацаанд Занабазар бизнес төвийн захирлаар, 2017 оны 2 дугаар сарын 15-ны өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд Арслантай гүүр салбарт захирлаар ажилласан. Энэ хугацаанд хариуцсан салбар, нэгжийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдлагаар хангах, бизнесийн үйл ажиллагааг сайжруулах, зээлийн багц, мөнгөн хадгаламж болон татан төвлөрүүлсэн хөрөнгийн хэмжээг өсгөх замаар банкны ашигтай ажиллагааг нэмэгдүүлэх үйлсэд өөрийн эрдэм мэдлэг, авьяас чадвар, бүх нөөц, боломжоо дайчлан зүтгэж ирсэн. Гэтэл Т банкны гүйцэтгэх захирлын 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Б/1682 тоот хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах тухай тушаалаар хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасныг үндэслэн ажил тасалсан, зөрчил, алдаа, дутагдалд хяналт тавиагүй, зөрчлийг илрүүлэх, арилгах арга хэмжээ аваагүй, ажлын байрны тодорхойлолтоор хүлээсэн үүргээ биелүүлж ажиллаагүй, дүрэм журмыг зөрчсөн зэрэг хууль бус үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалж ажлаас халсан. Ажлаас халсан үндэслэлүүд нь хууль зүйн хувьд үндэслэлгүй бөгөөд хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчилд хамаарахгүй, миний бие сахилгын зөрчил гаргаж байгаагүй тул Т банкны гүйцэтгэх захирлын 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Б/1682 тоот Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах тухай тушаалыг хууль бус шийдвэр гэж үзэж байна. Иймд урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор гаргуулах, Нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг ажил олгогч “Т банк” ХХК-д даалгаж өгнө үү гэжээ.    

 

Хариуцагч “Т банк” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Мөнхзул, Ц.Эрдэмбилэг нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Т банк” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Б/1682 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан үндэслэлээр ажил олгогчийн санаачлагаар ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг нэг талын санаачлагаар цуцалсан. “Т банк” ХХК-ийн Сүхбаатар дүүрэг салбарын харьяа Арслантай гүүр салбарын захирал ажиллаж байх хугацаандаа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр, шууд удирдлагадаа урьдчилан мэдэгдэлгүй ажлын 2 буюу түүнээс дээш өдөр ажил тасалсан, Арслантай гүүр салбарын харьяа Гурван яам тооцооны кассын ахлах теллерээр ажиллаж байсан С.Дуламцуу нь банканд 450.639.503,85 төгрөгийн бодит хохирол учруулсан байхад салбарын захирлын зүгээс зөрчлийг илрүүлэх, арилгах арга хэмжээ аваагүй зэрэг нь ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.4.1, 7.4.3, 7.4.18, Хөдөлмөрийн дотоод журмын 5 дугаар зүйлийн 5.28.1, 5.28.3, 5.28.17 дахь хэсэгт заасныг зөрчиж сахилгын ноцтой зөрчил гаргасан байдаг. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй байх тул хариуцагч “Т банк” ХХК-нд холбогдох урьд эрхэлж байсан “Т банк” ХХК-ийн Сүхбаатар дүүрэг салбарын Арслантай гүүр салбарын захирлын ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговорт 7.260.253 төгрөг гаргуулах, Нийгмийн даатгал, Эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг ажил олгогчид даалгах тухай нэхэмжлэгч З.Б-гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-т зааснаар нэхэмжлэлийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ариунтунгалаг давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Хөдөлмөрийн тухай хуулийн зарим, зүйл заалтыг тайлбарлах тухай Улсын дээд шүүхийн 2006 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 33 дугаар тогтоолын 15 дугаар зүйлд “Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлахад хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан үндэслэлүүдийн аль нэгийг баримтална. Гэтэл ажил олгогч хөдөлмөрийн гэрээг цуцалсан тушаалдаа ажилтан хөдөлмөрийн гэрээг цуцлах ямар зөрчлүүдийг гаргасан, эдгээр нь хэрхэн тогтоогдсон зэрэг ажлаас халсан үндэслэлээ тодорхой заагаагүй, Т банкны ажлаас чөлөөлсөн тушаал эрх зүйн акт болохын хувьд түүнд тавигдах шаардлагыг хангаагүй, үндэслэлгүй тушаалыг зөвтгөж нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь хууль бус байна. Түүнчлэн ажлаас халсан тушаалд Хөдөлмөрийн гэрээнд нэрлэн заасан ямар ноцтой зөрчил гаргасан талаар тодорхойгүй бөгөөд ажлаас халсан тушаалд тусгагдсан ‘‘...зөрчил, алдаа, дүтагдалд хяналт тавиагүй, зөрчлийг илрүүлэх арга хэмжээ аваагүй, ажлын Сайдын тодорхойлолтод заасан ажил үүргээ 2 ба түүнээс дээш удаа биелүүлээгүй" гэснийг хөдөлмөрийн гэрээнд “ноцтой зөрчил” гэж харилцан тохиролцож тусгаагүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3 дахь хэсэгт заасны дагуу нотлох үүрэгтэй. Хяналт шалгалтын тайлан нь хэдийгээр нотариатаар батлуулсан байх боловч Т банкны албан ёсны ямар нэг тамга, тэмдэггүй бөгөөд эх хувь болон хуулбар гэж үзэхэд эргэлзээтэй бөгөөд, өөрсдийн хууль зөрчин гаргасан тушаалаа зөвтгөх зорилгоор үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй. Нэхэмжлэгч нь ажил үүргээ гүйцэтгэж байх хугацаандаа өөрийн хариуцсан салбарт хийгдэж буй гүйлгээний баримтууд болон өдрийн баримтуудад тухай бүрт хяналт тавьж, гарын үсэг зурж баталгаажуулж байсан учир тайланд дурдсан хяналт шалгалт хэрэгжүүлээгүй гэж үзсэн өдрүүдийн ашиглалтын гүйлгээний баримтууд болон өдрийн баримтуудыг өөрийн зүгээс гаргаж өгөх боломжгүй учир хариуцагч Т банкнаас гаргуулахаар 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр шүүхийн журмаар нотлох баримт гаргуулах хүсэлт гаргасан боловч, шүүхийн зүгээс эдгээр хүсэлтэд дурдагдаж буй баримт нь хэрэг хянан шийдвэрлэхэд хамааралгүй гэж үзэн хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн атлаа энэ үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна. Харин нэхэмжлэгчийн зүгээс өөрсдийн шаардлагыг нотлох зорилгоор Арслантай гүүр салбарын захирлаар ажиллаж байх хугацаандаа ашиглангийн гүйлгээ хийгдсэн өдрийн баримт, үлдэгдэл тэнцэл, гүйлгээ журнал, арилжааны ашиг алдагдлын тайлан, кассын үлдэгдлийн мэдээ, теллерийн кассын тайлан зэрэг өдрийн баримтуудыг хянаж, баталгаажуулж гарын үсэг зурж байсныг холбогдох өдрүүдийн  баримтуудыг хуульд заасан нотлох баримтын шаардлага хангасан байдлаар хэргийн материалд хүргүүлж нотолсон. Мөн С.Дуламцуугийн банкинд хохирол учруулсан гэх асуудлаар Т банкнаас Улсын мөрдөн байцаах газрын харьяа Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст өргөдөл гарган шалгагдаж байгаа бөгөөд эцэслэн тогтоогдоогүй болно. Хөдөлмөрийн гэрээний 7.4.18-д заасан үүргээ хэрэгжүүлээгүй гэж дүгнэсэн нь хэргийн нөхцөл байдал болон хавтаст хэрэгт авагдсан баримтуудыг хэрэгт хамааралтай талаас нь дүгнээгүй гэж үзэхээр байна. Ажилтан З.Б- нь 2019 оны 1 болон 2 дугаар улирлын салбарын үйл ажиллагааны төлөвлөгөө, үр дүнгийн тайлан, мөн салбарын ажилтан тус бүрээр улирал бүрийн гүйцэтгэсэн ажпын тайланг нь гаргуулж, дээд шатны байгууллагад хүргүүлж байсан баримтууд хэргийн материалд авагдсан боловч анхан шатны шүүхийн шүүгч эдгээр баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлж, дүгнэлт хийгээгүй байна. Сахилгын шийтгэл ногдуулах хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2, Хөдөлмөрийн дотоод журмын 13 дугаар зүйлийн 13.8-д тус тус заажээ. Нэхэмжлэгч З.Б-г “...С.Дуламцуугийн 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс 2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр хүртэл хугацаанд хийсэн ашиглангийн гүйлгээ хянаагүй” гэсэн үндэслэлээр буруутгаж, ажлаас халсан. Энэхүү зөрчлийг Т банкны дотоод хяналт шалгалтын газрын хянагч шалгагч нар 2019 оны 8 дугаар сарын 15-ны өдрөөс 2019 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн хооронд илрүүлсэн байна гэж үзэхээр байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 131.2, Хөдөлмөрийн дотоод журмын 13.8-д зааснаар шалгаж илрүүлсэн 2019 оны 9 дүгээр сарын 17-ны өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн дотор, зөрчил гаргасан гэх сүүлийн хугацаа 2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн дотор сахилгын шийтгэл ногдуулах байтал 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр ажлаас халж, Хөдөлмөрийн тухай хуулийн 131.2, Хөдөлмөрийн дотоод журмын 13.8 дах заалтыг тус тус ноцтойгоор зөрчсөн байхад эдгээр үйл баримтыг хянаж тодруулалгүйгээр, сахилгын шийтгэл ногдуулах хөөн хэлэлцэх хугацааг дууссан болохыг анхааран үзээгүйд гомдолтой байна. Иймд шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан, тухайн хэрэгт хамааралтай ач холбогдолтой талаас нь үнэлж, Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зүйл, заалтуудыг зөв тайлбарлан хэрэглэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч З.Б- нь хариуцагч “Т банк” ХХК-д холбогдуулан урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг ажил олгогчид даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч байгууллага эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч З.Б- нь 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хариуцагч “Т банк” ХХК-ийн Хүний нөөцийн газрын захиралтай хөдөлмөрийн гэрээ байгуулан, Арслантай гүүр салбарын захирлын албан тушаалд ажиллаж байгаад тус компанийн гүйцэтгэх захирлын 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Б/1682 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3, Хөдөлмөрийн дотоод журмын 5 дугаар зүйлийн 5.16.1, 5.24.7, 5.28.1, 5.28.3, 5.28.17, Хүний нөөцийн хорооны 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 63 дугаар хурлын шийдвэрийг тус тус үндэслэн З.Б-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж ажлаас халсан байна. / хх-ийн 10, 11 /

 

Нэхэмжлэгч дээрх тушаалыг эс зөвшөөрч 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дах хэсэгт нийцсэн байна.

 

Хариуцагч байгууллагын гүйцэтгэх захирлын 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Б/1682 тоот тушаал болон хариуцагчийн тайлбараас үзэхэд нэхэмжлэгч З.Б-г хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр, шууд удирдлагадаа урьдчилан мэдэгдэлгүй ажлын 2 буюу түүнээс дээш өдөр ажил тасалсан ноцтой зөрчил гаргасан, мөн  ажлын байрны тодорхойлолтод тусгагдсан ажил үүргээ 2 ба түүнээс дээш удаа биелүүлээгүй ноцтой зөрчил гаргасан  гэж  ажил олгогч үзжээ.

 

Ажил олгогч, ажилтны хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээний 7.4.1-д зааснаар ажилтан “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр, шууд удирдлагадаа урьдчилан мэдэгдэлгүй ажлын 2 буюу түүнээс дээш өдөр ажил тасалсан”, мөн 7.4.18-д зааснаар “ажлын байрны тодорхойлолтод тусгагдсан ажил үүргээ 2 ба түүнээс дээш удаа биелүүлээгүй”  бол  Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалтыг үндэслэн ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлахаар тохиролцжээ. /хх-ийн 4-6/

 

Анхан шатны шүүх хариуцагч “Т банк” ХХК нь ажилтан З.Б- нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр, шууд удирдлагадаа урьдчилан мэдэгдэлгүй ажлын 2 буюу түүнээс дээш өдөр ажил тасалсан болохыг бусад баримтаар хангалттай нотлох чадаагүй” буюу З.Б-г хөдөлмөрийн гэрээний 7.4.1-д заасан ноцтой зөрчил гаргасан болох нь нотлогдоогүй гэж дүгнэсэнд хариуцагч давж заалдах гомдол гаргаагүй тул шүүхийн энэ дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ.

 

Т банкны “Арслантай гүүр” салбар тооцооны төвийн захирал З.Б-гийн ажлын байрны тодорхойлолтод тусгагдсанаар тэрээр салбар нэгжийн үйл ажиллагааг нэгдсэн удирдлагаар хангах, өдөр тутмын ажилд хяналт тавих, ажлыг хуваарилах, зохион байгуулах, үүрэг даалгавар өгөх, гүйцэтгэлийн үнэлж эргэх холбоотой ажиллах, банкны дотоод журам, зааврыг цаг хугацаанд нь танилцуулан мөрдүүлэх, бэлэн мөнгө, үнэ бүхий зүйлийн хадгалалт, хамгаалалт бүрэн бүтэн байдалд хяналт тавих, салбар нэгжийн төлбөрийн чадвар, бэлэн мөнгөний нөөцийн хүрэлцээ, кассын лимитэд хяналт тавьж, зузаатгал авах тэгшитгэл хүргүүлэх ажлыг зохион байгуулах, удирдах, салбар нэгжийн үйл ажиллагааг зохих заавар журмын дагуу явагдаж байгаа эсэхэд өдөр тутмын хяналт тавих, давхар болон дараалсан хяналтын системийг мөрдүүлэх, үйл ажиллагааг сайжруулах арга хэмжээг төлөвлөх, хэрэгжүүлэх, салбар тооцооны төвийн өдөр тутмын нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагаанд тавих хяналтыг тус тус хэрэгжүүлэх  үүрэгтэй байна. /хх-ийн 7-8/

Хариуцагч “Т банк” ХХК-ийн Сүхбаатар дүүрэг салбарын “Арслантай гүүр” салбарын харьяа Гурван яам тооцооны касст ээлжит, иж бүрэн шалгалтыг 2019-08-15-наас 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн хооронд явуулсан ба уг шалгалтаар “...“Арслантай гүүр” салбарын харьяа Гурван яам тооцооны кассын ахлах теллер С.Дуламцуу нь ажлын байрны давуу байдлыг ашиглан харилцагч байгууллагуудын свифт гадаад гуйвуулгаар болон банк хоорондын гүйлгээгээр шилжих ёстой байсан төслийн санхүүжилтийн ам.долларыг олон удаагийн үйлдлээр хувьдаа тодорхой хугацаанд авч ашигласан, Касс үнэт зүйлсийн албанаас ирүүлсэн зузаатгалыг Гурван яам тооцооны кассын дотоодын дансанд овердрафт буюу улайлтын эрх үүсгэх замаар ашигласан. Уг ашиглалтын үйлдлээ нуун дарагдуулах, хариуцсан кассын үлдэгдлийг тааруулах зорилгоор Гурван яам тооцооны кассын дотоодын болон түр дансыг ашиглаж, банкинд 2019 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн байдлаар 126.443,73 ам.доллар /ам.долларыг төгрөгт хөрвүүлснээр 337.851.753,42 төгрөг/ бодит хохирол учруулсан бол шалгалтын явцад Гадаад харилцааны яамны төрийн сан банкны 100900011085 тоот Засгийн газрын нөөц сангийн дансанд зээлийн төлбөр хэлбэрээр 2019 оны 7 дугаар сарын 02, 2019 оны 7 дугаар сарын 19-ний өдөр, 2019 оны 8 дугаар сарын 02-ны өдрүүдэд тушаасан гэх 3 удаагийн нийт 143.543.250 төгрөгийн зээлийн төлбөрийн гүйлгээг бүртгэл огт хийлгүйгээр хуурамч баримт үйлдэх замаар хувьдаа авч ашигласан нь тус тус тогтоогдсон. Мөн “Арслантай гүүр” салбарын захирал З.Б- нь 7 удаагийн нийт 716.290,22 ам.долларын ашиглангийн үйлдлийн 3 удаагийн нийт 497.928,05 ам.долларын гүйлгээ хийгдсэн өдрийн баримт, үлдэгдэл тэнцэл, гүйлгээ журнал, арилжааны ашиг алдагдлын тайлан, кассын үлдэгдлийн мэдээ, теллерийн кассын тайлан зэрэг өдрийн баримтуудыг хянаж, баталгаажуулж гарын үсэг зураагүй байгаа нь Т банкны теллерийн системийн багц журмын 3.2.3, 3.2.4, 3.2.6, 3.2.10 гэсэн заалтуудыг ноцтойгоор зөрчсөн. 4 удаагийн нийт 218.362,17 ам.долларын гүйлгээ хийгдсэн өдрийн баримт, үлдэгдэл тэнцэл, гүйлгээ журнал, арилжааны ашиг алдагдлын тайлан, кассын үлдэгдлийн мэдээ, теллерийн кассын тайлан зэрэг өдрийн баримтуудыг хянаж гарын үсэг зурж баталгаажуулсан боловч зөрчлийг илрүүлээгүйгээс ашиглалтыг эрт үед нь таслан зогсоох боломжийг алдсан.

Мөн салбарын захирал З.Б- нь Теллерийн системийн багц журам-ын 6.1.14, 6.1.14.2, 6.1.14.4 гэсэн заалтуудыг зөрчиж 7 удаагийн нийт 716.290,22 ам.долларын ашиглангийн гүйлгээний баримтуудыг хянаж гарын үсэг, тэмдэгээр баталгаажуулаагүй, тооцооны кассын дотоодын худалдаж авсан замын чек данс 2019 оны 4 дүгээр сарын    30-ны өдрөөс 2019 оны 8 дугаар сарын 14-ний өдөр хүртэл хугацаанд 131.000 ам.долларын үлдэгдэлтэй байхад тулган хянаагүй байгаа нь шат дараалсан хяналтыг хангалтгүй хэрэгжүүлсэн. Ахлах теллер С.Дуламцуугийн өдрийн гүйлгээний баримтыг түүвэрлэн шалгахад байгууллагын данснаас гүйлгээ хийхдээ зарлагын баримтанд байгууллагын тамгаар баталгаажуулаагүй, чекээр гүйлгээ хийхдээ нэгдүгээр гарын үсэг зуруулалгүй гаргасан. 86.830.154,80 төгрөгийн орлогын гүйлгээ болон 28.833.240 төгрөгийн зарлагын гүйлгээ 462.914,86 ам.долларын орлого, зарлагын гүйлгээг хийхдээ гүйлгээний баримтыг өдрийн баримтад хавсаргаагүй, гарын үсгийн загвар нь Грейпбанк программд бүртгэлтэй баталгаат гарын үсгийн бүртгэлээс зөрүүтэй байхад орлого, зарлагын гүйлгээг хийсэн зэрэг зөрчилтэй байхад ахлах теллерийн өдрийн гүйлгээний баримтыг кассын гүйлгээний мэдээтэй тулгаж шалгадаггүй, Сүхбаатар дүүрэг салбарын Арслантай гүүр салбараас тавигдах шат дараалсан хяналтыг хангалттай хэрэгжүүлдэггүй байдлаас үүдэн дээрх ашиглангийн үйлдэл гарсан....”  гэж дүгнэжээ. / хх-ийн 86-100 /

 

“Арслантай гүүр” салбарын ахлах теллер С.Дуламцуугийн ажлын байрны тодорхойлолтод зааснаар  түүний шууд харьяалагдах ажлын байр нь Салбар тооцооны төвийн захирал буюу нэхэмжлэгч З.Б- байна. /хх-ийн 84/

 

Дээрх байдлаас үзэхэд “Арслантай гүүр” салбарын ахлах теллер С.Дуламцуу нь 716.290,22 ам.доллар болон 343.543.250 төгрөгийг хувьдаа авч ашигласан, банкинд 450.639.503,85 төгрөгийн хохирол учирсан гэх асуудалд салбарын захирал З.Б- нь өдрийн баримт, үлдэгдэл, тэнцэл, гүйлгээ журнал, арилжааны ашиг, алдагдлын тайлан, кассын үлдэгдлийн мэдээ, теллерийн кассын тайлан зэрэг өдрийн баримтуудыг хянаж баталгаажуулаагүй, Теллерийн системийн багц журмын 6.1.14, 6.1.14.2, 6.1.14.4 заалтуудыг зөрчиж, зөрчлийг илрүүлэх, таслан зогсоох арга хэмжээ аваагүй, түүний ажлын байрны тодорхойлолтод заасан “салбар нэгжийн үйл ажиллагаа зохих заавар журмын дагуу явагдаж байгаа эсэхэд өдөр тутмын хяналт тавих, давхар болон дараалсан хяналтын системийг мөрдүүлэх, үйл ажиллагааг сайжруулах арга хэмжээг төлөвлөх хэрэгжүүлэх”  үндсэн үүргээ биелүүлээгүйтэй холбоотой  гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2 дах хэсэгт “Сахилгын зөрчил гаргаснаас хойш зургаан сар, илрүүлснээс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэл ногдуулна” гэж  заасан.

 

Нэхэмжлэгч тал “....зөрчил гаргасан гэх сүүлийн хугацаа 2019 оны 4 дүгээр сарын  16-ны өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн дотор сахилгын шийтгэл ногдуулах байсан…” гэж тайлбарлаж байгаа боловч Гадаад харилцааны яамны 2019 оны 7 дугаар сарын 02-ны өдөр, 2019 оны 7 дугаар сарын 19-ний өдөр, 2019 оны 8 дугаар сарын 02-ны өдрүүдэд тушаасан гэх 3 удаагийн нийт 143.543.250 төгрөгийн зээлийн төлбөрийн гүйлгээг бүртгэл огт хийлгүйгээр хуурамч баримт үйлдэх замаар хувьдаа авч ашигласан гэх ахлах теллер С.Дуламцуугийн зөрчилтэй үйл ажиллагаанд салбарын захирал З.Б- нь ажлын байрны тодорхойлолтод заасан өдөр тутмын хяналт тавих, давхар болон дараалсан хяналтын системийг мөрдүүлэх үүргээ 2 ба түүнээс дээш удаа биелүүлээгүйтэй холбоотой болох нь Т банкны Дотоод хяналт, шалгалтын газрын тайлангаар тогтоогдсон тул Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2 дах хэсэгт заасан сахилгын зөрчил гаргаснаас хойш зургаан сарын сахилгын шийтгэл ногдуулна гэснийг ажил олгогч зөрчөөгүй байна.

 

Сахилгын зөрчил илрүүлснээс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэл ногдуулах  хугацааг хэтрүүлсэн гэж үзэхгүй талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий  болсон байна.

 

  Иймд анхан шатны шүүх нэхэмжлэгчийг шууд болон шууд бус харьяалах ажилтанд давхар болон дараалсан хяналтын системийг мөрдүүлэх үүргээ хэрэгжүүлээгүй, ноцтой зөрчил гаргасан,  хариуцагч Т банкны гүйцэтгэх захирлын 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Б/1682 дугаар тушаалыг Хөдөлмөрийн тухай хуульд нийцсэн үндэслэлтэй гэж дүгнэж, урьд эрхэлж байсан “Т банк” ХХК-ийн Сүхбаатар дүүрэг салбарын Арслантай гүүр салбарын захирлын ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговорт 7.260.253 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг ажил олгогчид даалгах тухай нэхэмжлэгч З.Б-гийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн    167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.  Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 182/ШШ2020/00507 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасан нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурьдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ч.ЦЭНД

                                         ШҮҮГЧИД                                     Б.НАРМАНДАХ

                                                                                               Н.БАТЗОРИГ