Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Амгалангийн Насандэлгэр |
Хэргийн индекс | 128/2016/0184/З |
Дугаар | 128/ШШ2016/0394 |
Огноо | 2016-05-30 |
Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 05 сарын 30 өдөр
Дугаар 128/ШШ2016/0394
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Насандэлгэр даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Булган, нэхэмжлэгчийн төлөөлөгч О.Мөнх-Эрдэнэ, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Батбаяр, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ганхөлөг нарыг оролцуулан Даяар хас ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох Нийслэлийн Засаг даргын 2012 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн А/455 дугаар захирамжийн Эс Жи Би Юу ХХК-д холбогдох 1000 м.кв газар эзэмшүүлсэн хэсгийг хүчингүй болгож, Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, Төв вокзал-ын баруун талд орших 13775.7 м.кв газрыг Даяар хас ХХК-ийн эзэмшилд олгохыг Нийслэлийн Засаг даргад даалгах шаардлага бүхий захиргааны хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй хийв.
Нэхэмжлэгч: Даяар хас ХХК.
Хаяг: Баянгол дүүрэг, 8 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 11-252 тоот.
Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга.
Хаяг: Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Хангарьд ордон.
Гуравдагч этгээд: Эс Жи Би Юу ХХК.
Хаяг: Сүхбаатар дүүрэг, 2 дугаар хороо, Монре оффис 202 тоот.
ТОДОРХОЙЛОХ нь:
Даяар хас ХХК-ийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлдээ: ... Манай компани 2004 оны 6 сараас эхлэн Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг Төв вокзал-ын баруун талд орших 13775.7 м.кв задгай талбайд авто машины зогсоолын үйл ажиллагааг 2 жил гаруй ямар нэгэн төлбөргүйгээр явуулж байтал 2007 онд УБТЗ-ын хүмүүс ...энэ манай газар баримтууд нь бүгд байгаа... гэсээр ирсэн тул Улаанбаатар төмөр замтай газрыг түр ашиглах гэрээг өнөөдрийг хүртэл байгуулан нийтдээ 11 жилийн турш тухайн газрыг өөрийн өмчлөлийн зүйл мэт арчилж хамгаалан ашиглан идэвхтэй үйл ажиллагаа явуулж ирсэн. Манай компанийн эзэмшиж байсан газар нь Иргэний хуулийн 115 дугаар зүйлийн 115.1 дэх хэсэгт зааснаар эзэмшигч, өмчлөгчгүй газар байсан болохыг тэр үед манай компани мэдээгүй байсан.
Өмнөх цаг үеүдэд манай газрыг Улаанбаатар төмөр замынхан ...энэ газар бидний газар... өмчлөгч нь бид байна... хэмээн ямар нэгэн бичиг баримт үзүүлэлгүйгээр, гаднах байдлаараа итгэл үнэмшил төрүүлэн худлаа ярьж, ноцтой төөрөгдүүлж, ...газрын төлбөрөө төл хэмээн газар ашиглах гэрээ гэгчийг байгуулан манай компаниас төлбөр авдаг /ИХ-ийн 58.3.3./ байсан.
Тэр үед бидний эзэмшиж буй газрын жинхэнэ өмчлөгч нь төмөр зам л юм байх гэж бодож байсан ба энэ тухай мэдэх боломжгүй байсан маань Иргэний хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсгийн заалттай нийцэж байгаа. Тэгээд ч Улаанбаатар төмөр зам нь хуульд заасан газар өмчлөх, эзэмших, ашиглах эрх зүйн баталгаажуулсан бичиг баримтгүй газартай хамааралгүй этгээд байсныг саяхан мэдлээ.
2015 оны 9 дүгээр сараас эхлэн Эс Жи Би Юу ХХК ...бид энэ газрын өмчлөгч мөн байна. Газрыг минь чөлөөл... хэмээн Нийслэлийн Засаг даргын 2012 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн А/455 тоот захирамж гаргаж ирэн биднийг ... манай газраас зайл..талбай чөлөөл... гэж шаардан шүүхэд хандсанаар бид ч газар маань өөр эзэнтэй болсон тухай мэдэж маргаан эхэлсэн. Нэхэмжлэгч өөрийн газрыг эзэмших, өмчлөх зорилгоор 2015 онд эрх бүхий байгууллагаар кадастрын зураг хийлгэж үзэхэд манай газар нь ямар ч эзэнгүй газар байсан байна. Бид ч газраа давуу эрхээр өөрийн эзэмшилд авах тухай хүсэлтээ Нийслэлийн Өмчийн харилцааны газраар дамжуулан гаргахад ...маргаантай газар нь төмөр замынх байна... гэсэн мөртлөө түүнийгээ баталгаажуулсан газрын эзэн төмөр зам мөн болохыг гэрчилсэн эрх зүйн баримт бичиг гаргаж үзүүлэхгүй байгаа нь энэхүү газар төмөр замын эзэмшлийнх биш болохыг харуулж байна.
Иргэн бүр хууль шүүхийн өмнө эрх тэгш байх зарчимтай. Нийслэлийн Засаг дарга биднийг ялгаварлан гадуурхаж, газар өмчлөх ямар нэгэн давуу эрх үүсээгүй Эс Жи Би Юу ХХК-д манай газраас 1000 м.кв газар олгосон нь буруу байна. Дээрх нэр бүхий компани нэхэмжлэгчийг Баянгол дүүргийн иргэний хэргийн шүүхэд 2015 оны 11 дүгээр сарын 4-ний өдөр газрыг албадан чөлөөлүүлэх... тухай нэхэмжлэл гарган биднийг хуралд оролцоогүй, мэдээгүй байхад 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдөр шийдвэр гаргуулсан нь одоо давж заалдах шатанд байгаа. Хуралд гуравдагч этгээдээр төмөр зам татагдан оролцохдоо шүүх хуралдаанд ...манай газар Эс Жи Би Юу ХХК-ийн газартай давхацсан эсэхийг мэдэхгүй байна... гэсэн нь манай компанийг олон жил ...энэ 13775.7 м.кв газар бидний хууль ёсны газар... хэмээн мэхэлж ирснийг нотолсон үйл явдал болсон. Манай компани уг газрыг 11 жилийн турш эзэмшиж тухайн газрын төлбөрийг цаг тухайд нь газрын эзэн гэж худал төөрөгдүүлж байсан Улаанбаатар төмөр замын нийгэмлэгээр дамжуулан Нийслэлийн Өмчийн харилцааны газарт төлж ирсэн нь баримтаар нотлогдож байх тул уг газрыг Иргэний хуулийн 104 дүгээр зүйлийн 104.1, 105 дугаар зүйлийн 105.1-д зааснаар үл хөдлөх эд хөрөнгө буюу маргаан бүхий газрыг өмчлөх эрхийг тэргүүн ээлжид олж авах хуулиар олгогдсон давуу эрх үүссэн төдийгүй уг газрын хууль ёсны өмчлөгч мөн байхад Нийслэлийн Засаг дарга А/455 тоот захирамжийн Эс Жи Би Юу ХХК-д холбогдох хэсгийн заалтаараа нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг зөрчлөө.
Өмнө нь энэ газрыг хэн ч эзэмшиж, ашиглаж байгаагүй эзэнгүй хог новшиндоо дарагдсан газар байсныг бид өөрсдийн хөрөнгө мөнгөөр засаж янзлан 11 жилийн турш тасралтгүй ил шударга аргаар олж өөрийн өмчлөлийн зүйлийн адил өмчилж, эзэмшиж, ашиглаж ирсэн нь Иргэний хуулийн 104 дүгээр зүйл Эзэмшилд байх хугацаанаас шалтгаалж өмчлөх эрх олж авах 104 дүгээр зүйлийн 104.1-д Эзэнгүй эд юмсыг илээр, шударга аргаар олж авснаас хойш өөрийн өмчлөлийн зүйлийн адил 5 жил тасралтгүй илээр эзэмшсэн этгээд тухайн эд хөрөнгийг өмчлөх эрхийг олж авна мөн хуулийн 105 дугаар зүйл Эд хөрөнгө өмчлөх эрхийг олж авах давуу эрх 105 дугаар зүйлийн 105.1-д Хууль болон гэрээнд өөрөөр заагаагүй бол эд хөрөнгийг арав буюу түүнээс дээш жилийн турш хууль ёсоор эзэмшиж, ашиглаж байсан эзэмшигч уг эд хөрөнгийг өмчлөх эрхийг тэргүүн ээлжид олж авах давуу эрхтэй байна гэсэнтэй нийцэж байхад А/455 тоот захирамж энэхүү хуулиар олгогдсон өмчлөх эрхийг маань ноцтой зөрчлөө.
Нэхэмжлэгч тал хэргийг урьдчилан шийдвэрлэх хүрээнд эрх бүхий байгууллагуудад удаа дараа гомдол хүсэлтээ гаргасан боловч хүсэлт гомдлыг маань эс хүлээн зөвшөөрч байна. Бидний хууль ёсны эрх, ашиг сонирхлыг зөрчсөн албан тушаалтны хууль бус актыг 2015 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлээс олж мэдсэн даруй Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт заасныг баримтлан 2015 оны 10 дугаар сарын 7-ны өдөр Баянгол дүүргийн Засаг даргад хандахад 2015 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн 01/0014 тоот мэдэгдлээр ... Эс Жи Би Юу ХХК-д Нийслэлийн Засаг даргын 2011 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 951 дүгээр захирамжаар 1000 м.кв газар эзэмшүүлсэн байна.. гэсэн хариу өгсөн нь Нийслэлийн Засаг даргын А/455 тоот захирамж хууль бусаар олгогдсон гэдгийг нотолж байна. Ингээд нэхэмжлэгч Нийслэлийн Засаг даргад хандан 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдөр А/455 тоот захирамжийг ...хүчингүй болгож өгөхийг хүсэхэд... Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсгийг зөрчин хариу өгөлгүй албан тушаалын хүнд суртал гарган эс үйлдэхүй үйлдэж байсан тул 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр тухайн маргаан бүхий газрыг хүчингүй болгож, уг газрыг Даяар Хас ХХК-ний нэр дээр гаргаж өгөхийг хүсэхэд мөн л хариу өгөлгүй Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4 дэх хэсгийг зөрчиж байна. Иймд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.3 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэл гаргаж байна.
Маргаан бүхий газрыг нэхэмжлэгчид давуу эрхээр олгох нь зүйтэй байна. Нийслэлийн Засаг даргын А/455 тоот захирамжаар Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь хэсгийн заалтуудыг зөрчиж газар олгосон нь бидний хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хохироож байна. Нийслэлийн Засаг дарга захирамжаа гаргахдаа хууль ёсны өмчлөх эрх үүссэн байгаа нэхэмжлэгч талд мэдэгдэн дуудлага худалдаанд давуу эрхээ эдлэн оролцох боломжоор ч хангаагүй нь биднийг энэ олон жил төөрөлдөн, захиргааны акт гарсныг мэдээгүй явах гол нөхцөл болсон байна.
Иймд Нийслэлийн Засаг даргын 2012 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн А/455 дугаар захирамжийн Эс Жи Би Юу ХХК-д холбогдох 1000 м.кв газар эзэмшүүлсэн хэсгийг хүчингүй болгож, Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, Төв вокзал-ын баруун талд орших 13775.7 м.кв газрыг Даяар хас ХХК-ийн эзэмшилд олгохыг Нийслэлийн Засаг даргад даалгаж өгнө үү гэжээ. гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: Даяар хас ХХК-ийн Нийслэлийн Засаг даргын 2012 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн А/455 дугаар захирамжийн Эс Жи Би Юу ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Маргаан бүхий газрыг анх 2011 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 951 дүгээр захирамжийн Засаг даргын захирамжаар иргэн Я.Сайнболдод Баянгол дүүргийн 4 дүгээр хороонд 1000 м.кв талбай бүхий газрыг үйлчилгээний зориулалтаар 5 жилийн хугацаатай эзэмшүүлсэн байна.
Иргэн Я.Сайнболд газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх гэрээ хийж хүсэлт гаргасныг үндэслэн Эс Жи Би Юу ХХК-д 2012 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн Нийслэлийн Засаг даргын А/455 дугаар захирамжаар Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 1000 м.кв талбай бүхий газрыг эзэмших эрх олгож шийдвэрлэсэн байна.
Энэ захирамж нь Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 4 дэх заалтын дагуу газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлсэн шийдвэр бөгөөд Даяар хас ХХК хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Даяар хас ХХК-ийн захирал О.Мөнх-Эрдэнэ Нийслэлийн засаг даргын 2012 оны 06 дугаар сарын 22-ний өдрийн А/455 дугаар захирамжийн Эс Жи Би Юу ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, Баянгол дүүргийн 4 дүгээр хороо Төв вокзал-ын баруун талд орших 13775.7 м.кв газрыг Даяар хас ХХК-ийн эзэмшилд олгохыг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Даяар хас ХХК 2004 оны 06 дугаар сараас Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Төв вокзал-ын баруун талд орших 13775.7 м.кв задгай талбайг арчлан хамгаалж, өөрийн хөрөнгөөр тохижуулж, хур хогийг зайлуулан автомашины зогсоолын зориулалтаар 11 жил тасралтгүй ашиглахдаа Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн газар гэж итгэн энэ байгууллагатай Талбай түр ашиглах гэрээ байгуулан түрээсийн төлбөрийг төлж маргаангүй ашиглаж байтал 2015 оны 09 дүгээр сард Эс Жи Би Юу ХХК манай газар гэж биднийг газар чөлөөлөхийг шаардаж байгаа нь Газрын тухай хуулийн дагуу газрыг давуу байдлаар эзэмших бидний эрхийг зөрчиж байна гэж маргажээ.
Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д Иргэн, аж, ахуйн нэгж байгууллага газар эзэмших тухай хүсэлтээ тухайн шатны Засаг даргад газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас баталсан загварын дагуу гаргана гэж заасны дагуу Даяар хас ХХК газар эзэмших хүсэлтээ гаргаж байгаагүй бөгөөд маргаан бүхий газрыг Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн газар гэж итгэн ашиглаж байсан нь нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэл болохгүй байх тул шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Даяар хас ХХК нь газар эзэмших хүсэлт гаргаагүй шалтгаанаа Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн газар гэж мэдээгүй, мөн тухайн газрыг хэн ч эзэмшиж, өмчлөөгүй гэдгийг мэдэх боломжгүй байсан учраас газар эзэмших хүсэлтээ албан ёсоор гаргаагүй гэж тайлбарлаж байгаа хэдий ч маргаан бүхий газрыг Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ. гэж заасны дагуу эзэмшүүлээгүй нь нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашиг зөрчигдсөн гэж үзэхээргүй байна.
Манай компани маргаан бүхий газрыг олон жилийн турш эзэмшиж, газрын төлбөрийг төлж ирсэн бөгөөд хэн ч эзэмшиж ашиглаж байгаагүй эзэнгүй хог новшиндоо дарагдсан газар байсныг өөрсдийн хөрөнгөөр засаж ил шударгаар өөрийн өмчлөлийн зүйлийн адил хамгаалж, ашиглаж иргэн нь Иргэний хуулийн 104 дүгээр зүйлийн 104.1, 105 дугаар зүйлийн 105.1-д зааснаар газрыг өмчлөх эрхийг тэргүүн ээлжид олж авах давуу эрхтэй гэсэн нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн тайлбар үндэслэлгүй байна.
Иргэний хуулийн 102 дугаар зүйлийн 102.5-д ...газрыг...эзэмших, ашиглахтай холбоотой харилцааг хуулиар зохицуулна. гэж зааснаар ....газрыг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах болон түүнтэй холбоотой бусад харилцааг 2002 оны 08 дугаар сарын 07-ны өдөр батлагдаж 2003 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдсөн Газрын тухай хууль-аар зохицуулж байгаа бөгөөд Иргэний хуулийн өмчийн харилцааг тодорхойлсон 12 дугаар бүлгийн эд хөрөнгө өмчлөх эрх олж авах энэ хуулийн104 дүгээр зүйл, эд хөрөнгийг давуу эрхээр олж авах мөн хуулийн 105 дугаар зүйл заалтууд газрын эзэмших, ашиглахтай холбоотой харилцаанд хамааралгүй юм.
Нийслэлийн Засаг даргын 2011 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 951 дүгээр захирамжаар иргэн Я.Сайнболдод Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 1000 м.кв талбай бүхий газрыг үйлчилгээний зориулалтаар 5 жилийн хугацаагаар газар эзэмших эрхийн 0348971 дугаарын гэрчилгээ олгож, газар эзэмшигчийн хүсэлтээр уг газрыг 2012 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн А/455 дугаар захирамжаар Эс Жи Би Юу ХХК-ийн нэр дээр шилжүүлсэн байна.
Хариуцагч Нийслэлийн засаг дарга Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.1-т нутаг дэвсгэртээ газрын талаар төрөөс явуулах нэгдсэн бодлого, газрын тухай хууль тогтоомж, тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийн хэрэгжилтийг зохион байгуулж хангах; мөн хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1-т ....газрыг эзэмшүүлэх тухай шийдвэрийг ..нийслэл..ийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталсан газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу тухайн шатны Засаг дарга гаргана. гэсэн бүрэн эрхээ хэрэгжүүлж газар эзэмшигч иргэн Я.Сайнболдын хүсэлтээр Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 1000 м.кв газрыг Эс Жи Би Юу ХХК-ийн нэр дээр шилжүүлсэн А/455 дугаар захирамж хууль зөрчөөгүй байна.
Энэ хэргийн гуравдагч этгээд Эс Жи Би Юу ХХК Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д заасан газар эзэмшигчийн хувьд энэ хуулийн 38 дугаар зүйлийн 38.2, 38.3-т заасан шаардлагыг хангаж уг газрыг шилжүүлж авсан ба газраа эзэмших, ашиглахтай холбоотой зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар шаардах эрхтэй байна.
Нэхэмжлэгч Даяар хас ХХК нь маргаан бүхий 13775.7 м.кв газрыг түүний дотор Эс Жи Би Юу ХХК-ийн эзэмшлийн 1000 м.кв газрыг эзэмших, ашиглах эрх хуулиар үүсээгүй хэдий ч Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.5-д ....газрыг өөрийн хүч, хөрөнгөөр нөхөн сэргээсэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад тухайн газрыг эзэмшүүлж болно. гэж заасны дагуу энэ хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т зааснаар Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн болон Эс Жи Би Юу ХХК-ийн эзэмшлийн газартай давхцуулахгүйгээр хил хязгаарыг ялгамжтай тогтоож үлдсэн газрыг эзэмших хүсэлтээ холбогдох эрх бүхий байгууллагад хандаж шийдвэрлүүлэх эрхтэй болно.
Эс Жи Би Юу ХХК өөрийн эзэмшлийн газраа зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасныг зөрчсөн байхад хариуцагчаас газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохгүй байгаа нь хууль зөрчиж байна гэсэн нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн тайлбар үндэслэлгүй бөгөөд газрыг хууль, тогтоомж, гэрээний дагуу үр ашигтай, зохистой ашиглаж, хамгаалж байгаад хяналт тавих, зөрчлийг арилгах, шийдвэр гаргах эрх хэмжээ Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.2-т зааснаар Нийслэлийн засаг даргын бүрэн эрхэд хамаарч байна.
Иймд Даяар хас ХХК-ийн Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр Төв вокзал-ын баруун талд байрлах авто зогсоолын зориулалтаар ашиглаж байгаа 13775.7 м.кв газрыг эзэмших эрх зөрчигдсөн үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 70.2.9-д заасныг баримтлан ТОГТООХ нь:
1. Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.1, 20.2.2, 27 дугаар зүйлийн 27.1, 31 дүгээр зүйлийн 31.3, 32 дугаар зүйлийн 32.1, 38 дугаар зүйлийн 38.2, 38.3-т заасныг тус тус баримтлан Нийслэлийн засаг даргын 2012 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн А/455 дугаар захирамжийн Эс Жи Би Юу ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, Баянгол дүүргийн 4 дүгээр хороо Төв вокзал-ын баруун талд орших 13775.7 м.кв газрыг Даяар хас ХХК-ийн эзэмшилд олгохыг даалгах Даяар хас ХХК-ийн захирал О.Мөнх-Эрдэнийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.НАСАНДЭЛГЭР